Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын, “Бид хамгийн агуу үеийнхэн байлаа,” Mar 2011
Сүмийн Боловсролын Системийн Залуу насанд хүрэгчдийн галын дэргэдэх ярилцлага • 2011 оны 3-р сарын 6 • Бригам Янгийн Их Сургууль
Индэр дээр зогсоод царайлаг, нүдэнд дулаахан залуу насанд хүрэгчид та нарыгаа харахад миний сэтгэл үргэлж догдолдог билээ. Дэлхий даяар хэдэн арван мянган ийм сор болсон сайхан залуус цуглаад байгааг төсөөлөн бодоход хэчнээн бахархалтай билээ.
Та нар бол Сүмийн ирээдүй юм.
Он жилүүд улиран өнгөрөх тусам та нар амьдралынхаа энэ үеийг хамгийн сэтгэл догдлом сайхан үе байсан хэмээн эргэн дурсах болно. Би Сүмийн залуу насанд хүрэгчдэд маш их итгэл хүлээлгэн, найдвар тавьдаг. Европын Төвийн бүсийн тэргүүлэгчээр дуудагдан явахаар бэлтгэж байх үедээ өмнө нь хэзээ ч хүлээн авч байгаагүй хамгийн хүчтэй, тод томруун нэгэн илчлэлт хүлээн авч билээ.
Нэгэн шөнө нойр минь хулжиж элдвийг бодон хэвтэхдээ Европ дахь сүмийн ирээдүй болох залуу насанд хүрэгчдэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн сэтгэгдэл төрсөн юм. Энэ мөч миний урт удаан үйлчлэл дэх хамгийн сайхан үеүдийн нэг байлаа. Та нарын санаа бодлыг сонссон сүүлийн хэдэн жилд сэтгэл баясгам үр дүн гарлаа.
Хамтдаа шүтэн бишрэх найз нөхдөө олноор нь авчрахад та нарт хэрхэн туслах ёстойг бид хамтран сурч мэдлээ. Энэ сүмийн залуу насанд хүрэгчдийн сүнсний хүч, оргилуун сэтгэлийг би харсан. Би та нарын хүч чадлыг мэднэ. Та нар хэрхэн бие биеэ хүчирхэгжүүлж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний мэдлэгт найз нөхдөө авчирч байгааг би харсан.
Та нар залуухан байна. Харин би өтөлжээ. Та нарын болон миний насны ялгаа их байна. Би та нар шиг байхдаа санхүүгийнхээ хичээл дээр логарифмын шугам ашиглан тооцоо хийдэг байлаа. Би та нарт энэ тооцоог хэрхэн хийдэг байснаа харуулъя. Би үг хэлэх үедээ минутанд 140 үг хэлдэг. Хэрэв би хэлэх үгийнхээ тоог логарифмын шугамаар тооцож үзвэл миний хэлэх үг хэчнээн урт болохыг мэдэх болно. Миний хувьд энэ нь орчин үеийн тооцооны ямар ч хэрэгслээс хавьгүй илүү хурдан юм шиг санагдана. Гэвч өнөө үеийн гоц ухаантнуудаас хоцорчихгүйн тулд орчин үеийн тоног төхөрөмж, тооцоолон бодох хэрэгслүүдийг мэддэг байх хэрэгтэй.
Та нартай мөр зэрэгцэн алхахын тулд, хамгийн сүүлийн үеийн технологи ашиглах чадвартай байхын төлөө би олон өөрчлөлтийг хийх болж байна. Би тооны машин, 1401-ын цоолтуурын карт, 360-ын дисктэй компьютер, зөөврийн компьютер, халаасны тэмдэглэл, блакбэрри, iPod, iPhone -ыг ашиглаж сурах шаардлагатай болж байна. Надад одоо iPad байдаг. Дээрх зүйлүүд дээр Facebook, Twitter, blog, YouTube-ийг нэмье. 88 настай хүн та нартай мөр зэрэгцэн алхахад ямар байхыг төсөөлж байна уу?
Та нараас хоцрохгүйг хичээн чармайна гэдэг том сорилт юм даа. Энэ үеийнхэн ямар гээчийн сорилтыг манай үеийнхэнд бүтээчихсэн юм бэ дээ. Гэвч бидэнд та нараас илүү нэг зүйл бий. Бид энэ бүх өөрчлөлтүүдийг даван туулсан бөгөөд өнөө үед ч хуучраагүй үнэт мэдлэгийг олж авсан юм. Та нар энэ тухай зөвхөн уншиж л чадна. Би та нарт хэзээ ч татгалзаж эсвэл хаяж болохгүй эдгээр үндсэн зүйлсийн заримаас нь ярихыг хүсч байна.
Та нар бас хамгийн агуу үеийнхэн бол
Хэдэн жилийн өмнө нэрд гарсан нэг зохиолч миний үеийн зарим эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг “хамгийн агуу үеийнхэн” хэмээн дүрсэлсэн юм. Зохиолч Том Брокав ийн тайлбарлажээ:
“Эдгээр эрэгтэй, эмэгтэйчүүд бол эдийн засгийн хямрал эх орныг минь тахал лугаа адил нөмөрсөн Их уналтын үеийнхэн юм. Эцэг эх нь бизнесээ, фермээ, эрхэлж байсан ажлаа, итгэл найдвараа хэрхэн алдсаныг тэд харж байлаа. Тэд ирээдүйгээ өдөр өдрөөр харж [сурсан] юм. Тэгээд эдийн засаг сэргэх бага зэрэг найдвар бий болтол Европ, Ази хоёр тивд дайн дэгдлээ. … Энэ үеийнхэн жагсаалын талбайд дуудагдан, дайны бэлтгэлд дайчлагдсан юм. Тэд эдлэн газар, төв гудамжин дахь ажлаа, даргын суудлаа орхиж, хөрөнгийн биржийн ажлаасаа татгалзаж, сургуулиа орхин төгсөлтийн хувцсаа цэргийн дүрэмт хувцсаар сольсон юм. …
“Тэд гарцаагүй байдалд орж, Дэлхийн II Дайнд хожуу оролцохдоо, эсэргүүцэж татгалзаагүй билээ. Тэдний амьдралын өдөр, шөнө хайр дурлал, амьдралын ухаанд суралцах зэрэг адал явдлаар дүүрэн байх учиртай байсан ч дайтаж, балар эртний үеийнх шиг олон удаа гардан тулалдаж байлаа. Тэд аймшгаар дүүрэн тэнгэрт өдөр бүр нисч, унасан газар, угаасан уснаасаа алс хол, өстөн дайсны усан хилийн дотор далайд дайтаж байлаа. …
“Дайн дуусахад эрэгтэй, эмэгтэйчүүд баяраа товчхон тэмдэглээд л өөрсдийнхөө хүссэн ертөнцийг болон амьдралаа дахин төвхнүүлэх хүнд хүчир ажлыг эхэлсэн юм. Тэд наснаасаа илүү хал үзэж, хашир суусан, туулсан бүхнээсээ хэрсүүжин, золиосолсон бүхнээс сургамж аван сахилгажсан байв. Тэд гэрлэж … бас нэгэн шинэ үеийнхнийг төрүүлсэн юм. … Тэд хувийн хариуцлага, үүрэг, нэр төр, итгэл бишрэлийн үнэт зүйлстээ үнэнч хэвээр үлдсэн юм.1
Би та нарын насан дээр өнөөгийн та нарын хүсдэг зүйлийг л хүсдэг байсан. Бид хайр сэтгэл, боловсрол, ажил мэргэжил, гал голомтоо бадрааж, өрх гэрээ тэргүүлэхийг мөрөөддөг байлаа. Түүний оронд бид дэлхийн өнцөг булан бүрд илгээгдэн чөлөөтэйгөөр бодож сэтгэх, бүтээх, цугларах болон удирдах, хуулиар хамгаалагдсан эрх чөлөөгөө эдлэх зэрэг бидний үндсэн эрхийг хамгаалах хүнд хэцүү дайнд оролцохоор дайчлагдсан юм. Бид цэрэгт дайчлагдсан нь зөвхөн өөрсдийнхөө төлөө төдийгүй, дараа үеийнхний төлөөх бидний хувь нэмэр байлаа. Бид сайн дураараа цэрэгт явж байлаа. Энэ бол эрэлхэг зориг шаардсан үйл хэрэг байв.
Хэдийгээр би өөрийгөө дөвийлгөх гээгүй ч “хамгийн агуу үеийнхэн” гэж нэрлэгдсэн үеэс үлдсэн хүмүүсийн нэг нь би байна. Би ирээдүйг— та нарын ирээдүйг хараад та нарыг урагш алхалж, өнгөрснөөс өвлөн авсан ариун үүрэг хариуцлагаа та бүхэн биелүүлэхийн төлөө залбирч байна. Та нар ирээдүй үеийнхэнд “Хамгийн агуу үеийнхэн” гэж нэрлэгдээсэй хэмээн би залбирч байна.
Та нарын дайн өөр байх болно. Та нарт тулгарах асуудлууд биднийхээс хамаагүй их байх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бид тулалдааны талбарт дайснаа мэддэг байсан. Яагаад гэвэл дайснууд бидэн уруу буудаж байлаа! Харин өнөөдрийн дайсан илүү их хөнөөлтэй. Тэр биднийг халз тулалдаанд үргэлж дууддаггүй. Харин тэд хүмүүний хэрэглэдэг бүхий л техник тоног төхөөрөмжийн ард нуугдаж байна. Тэдний төлөвлөгөө бол хилэнцэт санаа бодлыг энд тэндгүй цэцэглүүлж, бидний яруу алдарт түүхийн заадаг эрхэм үнэт зүйлсээс биднийг холдуулан буруу замд оруулах явдал мөн. Түүний зальжин төлөвлөгөө Христэд итгэх бидний итгэлийг сулруулах олон арга замтай.
Христэд итгэгчдийн итгэлийн суурийг дэлхий даяар хэрхэн сулруулж байгаа тухай би өнөө орой би та нарт ярихыг хүсч байна.
Аврагчид итгэх итгэлээ бэхжүүл
Та нар Аврагчид болон Түүний сургаалуудад итгэх итгэлээ хөгжүүлж, Христэд итгэгчийн байр сууриндаа эргэж ирэхэд нь Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүдэд туслах үүрэгтэй билээ.
“Ромын пап лам XVI Бенедикт Европ, Австрали болон Нэгдсэн улс дахь сүмүүдийн доройтолд харамсан гашуудахдаа: ‘Бурхан, тэр бүү хэл Христ хэрэгтэй гэсэн баталгаа байхгүй болжээ. … Уламжлалт сүмүүд гэгч нь үхдэл лүгээ адил болжээ’”гэсэн байна.2
Бид уламжлалт сүсэг бишрэлээс холдон хөндийрчээ. Ихэнх хүмүүс шүтлэг бишрэлтэй гэхийн оронд сүнслэг гэж хэлэх болж. Хэрэв сургаал амьдралынх нь хэв маягтай нийцэж байвал хүмүүс түүнийг хүлээн авч, итгэлийнх нь нэг хэсэг болдог байна. Хэрэв нийцэхгүй бол тэд өөрсдийн итгэл үнэмшлийг хөгжүүлдэг. Итгэл болон сүнслэг байдлыг хэрэглээний бүтээгдэхүүн мэтээр үзэж байна. Материализм давамгайлж, Бурханыг орлох боллоо. Хүмүүний итгэл бишрэлийг устгах зорилготой эдгээр аюултай чиг хандлагуудын эсрэг бидний дуу хоолой сонсогдох ёстой.
Бурханд нтгэх итгэлээ мөнх бус зүйлсээр солих гэсэн оролдлогын талаар Мормоны Ном олон дахин сануулсан байдаг. Олон нифайчууд итгэлээсээ ухарч байгааг Мормоны Номонд, “Харин өөрсдийн агуу баялгуудын улмаас сэтгэлдээ хөөрсний учир тэд бардам болжээ; тиймийн тул өөрсдийн нүдэнд тэд баян болж, мөн Бурханы өмнө зөв шударгаар алхуулах тэдний [бошиглогчдын] үгсэд анхаарал тавихгүй байлаа” (Aлмa 45:24) гэжээ.
Залуу анд нар минь, нийгэм дэх Христэд итгэх итгэл доройтохыг хараад та нар итгэлээ улам бат бөх болгох ёстой. “Мөн эдүгээ, хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; иймээс чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд, энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно, та нар дээр нь босгогдсон, бат бөх суурь дээр, хүмүүн нь үүний дээр баривал унах аргагүй суурь болох хадны учир болой” (Хиламан 5:12) гэж тунхагласан билээ.
Нифай бидэнд: “Мөн бидний хүүхдүүд нүглээс ангижрахын тулд ямар сурвалжийг хайж болохыг мэдэж болохын тулд бид Христийн тухай ярьж, бид Христэд баясч, бид Христийн талаар номлож, бид Христийн тухай бошиглож, мөн бид бошиглолуудынхаа дагуу бичдэг болой” гэж сануулсан. … Өөрөөр хэлбэл зөв зам гэдэг нь Христэд итгэх явдал мөн” (2 Нифай 25:26–28).
Ийм шаардлагыг хангах үндэс суурь бидэнд байгаа бил үү?
Христийн золиослолын бэлгэдэл бүх эрин зууны шалгуурыг давсан юм
Бидний Их Эзэн бөгөөд Аврагчийн тухай түүхэнд бичигдсэн хамгийн сайн баримт бол дэлхий дээрх түүний номлол юм. Түүний номлол хүмүүн энэ дэлхийд амьдарч эхэлсэн үеэс хойш бошиглогдсон юм.
Нэг жишээг энд авч үзье. Мосегийн 5-р бүлгээс бид:
“Мөнхүү улиран тохиох дор бибээр, Их Эзэн Бурхан тэднийг хөөсний дараа Их Эзэн түүнд зарлигласанчлан, мөн тэжээмэл бүх амьтдын дээр эзэгнэлтэй байж, мөн духныхаа хөлсийг дуслуулан байж талхаа олж идэхийн тулд Адам газар боловсруулж эхлэв. Мөн эхнэр Ева нь түүнтэй хамт хөдөлмөрлөв. …
“Мөн Адам түүний эхнэр Ева Их Эзэний нэрийг дуудав, мөн тэдэнд хандан өгүүлэх Их Эзэний дуу хоолойг Еденийн Цэцэрлэг уруу хөтлөх замаас тэд сонсов, мөн тэд түүнийг харсангүй, учир нь тэд түүний оршихуйгаас таслагдсан болой.
“Мөн тэд өөрсдийн Бурхан Их Эзэнийг шүтэх ёстой, мөн мал сүргийнхээ ууган төлүүдийг Их Эзэнд барих өргөлийн тулд өргөж байх ёстой хэмээх зарлигуудыг тэрбээр тэдэнд өгчээ. Мөн Адам Их Эзэний зарлигуудад дуулгавартай байв.
“Мөн олон өдрийн дараа Их Эзэний тэнгэр элч Адам дээр хүрч ирэн хэлэв: Чи яагаад Их Эзэнд тахил өргөх болов? Мөн Адам түүнд хэлэв: Их Эзэн зарлигласнаас өөрийг би мэдэх нь үгүй.
“Мөн тэгээд тэрхүү тэнгэр элч ярьж, хэлэв: Энэ зүйл бол ач ивээл хийгээд үнэнээр дүүрэн болох Эцэгийн Төрсөн Ганцын золиослолтой төстэй бөлгөө.
Энэхүү золиослол нь дэлхий дээр санваарын эрх мэдлээр хийгдэн гүйцэтгэгдэж, дэлхийн нүглүүдийн төлөө Амиа өгөх Хүний Хүүгийн ирэх золислолыг төлөөлөх сайн мэдээний ёслол болон тогтсон юм.
Ёслолын хэв маяг нь цаг хугацааны голчид ирэх Их Эзэний золиослолын онцгой шинж тэмдгийг үзүүлдэг билээ. Жишээлбэл: Дээгүүр өнгөрөх баярын өргөл барилтанд ууган толбогүй, гэм сэвгүй эр хургыг өргөл болгон сонгодог байв. Цусыг нь юүлэн, нэг ч ясыг гэмтээлгүй Аврагчийн үхлийн бүх хэв шинжийг төсөөлсөн байна.
Адамын үеэс Аврагчийн үе хүртэл золиослолын өргөл үргэлжилсэн нь надад гайхалтай санагддаг. Хэдийгээр хүн төрөлхтөн олон урвалтын үеүдтэй тулгарч байсан ч Их Эзэн Өөрийн Цорын Ганц Хүүгээрээ дамжуулан хүн төрөлхтний нүглүүдийн төлөө цагаатгал хийх болно мөн Христийн цагаатгалын цус үхэшгүй байдлыг бий болгоно гэсэн найдвар тэдэнд байсаар байжээ.
Золиослолын өргөл нь Аврагч дэлхий дээр ирснээр төгсгөл болсон юм. Тэрбээр дэлхий дээр байж, дэлхий дээрх номлолоо гүйцэлдүүлснийг сануулахын тулд ариун ёслолыг дагалдагчдадаа зориулж, шинээр тогтоосон билээ. Бид Лук 22:19–20-д ийн уншдаг билээ:
“Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө, -Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.
“Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, -Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” гэж уншдагийг та нар санаж байгаа байх. (Лук 22:19–20)
Энэ сануулга урвалтын харанхуй цаг үед ч, эрин үеүдэд олон хэлбэр, арга замаар хийгдэж, сайн мэдээний Сэргээлт болон санваарын хүч сэргээгдэж авралын ариун ёслолуудыг гүйцэтгэгдэх хүртэл байсан нь намайг гайхашруулдаг билээ.
Тэмдэглэгдэн үлдсэн түүхийн бүх үед бид Аврагчийнхаа номлолын тухай сануулгуудыг олдог. Тэр дэлхийд Бурханы бөгөөд хүний гэсэн давхар харьяалалтай нэгэн мэт ирсэн юм. Тэр л Өөрийн агуу золиослолыг бид бүхний төлөө Өөрийн Цагаатгалаар дамжуулан гүйцэтгэж чадах байлаа. Тэр бол Есүс Христ, дэлхийн Аврагч гэдгийг нотлох үүнээс илүү үнэмшилтэй, илүү хүчтэй нотолгоо, тийм сургаал түүхийн бүхий л үед байсан гэж үү? Биднийг дэлхий дээр түр зуур амьдрах хугацаанд удирдан чиглүүлэх сайн мэдээгээ Тэрбээр бидэнд өгсөн билээ.
Есүс Христийн Сайн мэдээ үнэн гэдгийг дэлхийд харуул
Ерөнхийлөгч Давид О.МкКей ийн хэлжээ:
“Дэлхийд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх ёстой хүмүүст нь харуулах хариуцлагыг Есүс Христийн сайн мэдээ хүлээдэг. …Есүс Христийн сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байснаар дэлхийн бүх асуудлыг шийдвэрлэж болно …гэдэгт би итгэдэг.
Дэлхийн тулгамдсан асуудлуудыг Есүс Христийн Сүм шийдвэрлэж чадна. Өргөн цар хүрээтэй арга хэмжээг зөвхөн хувь хүмүүсийн хэрэгцээг хангахын төлөө бус харин тодорхой нэг улс үндэстэн эсвэл хэсэг бүлэг улс орны хэрэгцээг хангахын тулд хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид өөрсдийгөө агуу мэргэн ухаантай хэмээн дөвийлгөн боддог байж магадгүй, гэвч тийм биш гэдгийг би батлан хэлж чадна. Энэ бол зүгээр л дэлхийн асуудлуудыг шийдвэрлэхэд Бурханы төлөвлөгөөг хэрхэн хэрэглэх тухай асуудал юм. Сүмийн түүхэнд урьд нь тохиолдож байгаагүй, дэлхийн түүхийн энэхүү бүтээлч эрин үед санваар эзэмшигч та бүхэнд агуу их үүрэг хариуцлага оногдоод байна. Би үүнийг давтан хэлье. Бид үнэнийг баримталдаг хэмээн баталдаг бол Хожмын Үеийн Гэгээнтэн бүр үүнийхээ дагуу амьдрах үүрэгтэй бөгөөд дэлхийн хүмүүс жимсийг амтлахаар ирэхэд, дуудлагынхаа хариуд тэд уг жимс эрүүл бөгөөд эрхэм сайхан болохыг мэдэх болно” (Gospel Ideals: Selections from the Discourses of David O. McKay, х 5).3
Бид Их Эзэн болон Аврагчийн сайн мэдээ дэлхийд сэргээгдсэн тухай агуу захиасыг дэлхийд хүргэж байна. Түүний Сүм ариун санваарын хүч болон алдар суутайгаар дэлхийд дахин ирсэн юм.
Түүний сургаал, ёслол, зарчмууд болон эрх мэдэл нь тэнгэрт байдгийн адилаар дэлхий дээр Түүний төлөөлөгчдөд Түүний нэрийн өмнөөс үйлдэх хүч болон өгөгдсөн юм. Энэ Сүм бол Аврагчийн Сүм. Тэрбээр Өөрийн сүмийн ажил хэргийг Өөрийнхөө сонгосон бошиглогчдоор дамжуулан удирддаг. Бошиглогчид бусдад сайн мэдээг зааж, Есүс Христ бол бидний Аврагч, Гэтэлгэгч гэдгийг гэрчилдэг. Өнөө үе буюу энэ эрин зуун нь цаг хугацааны эхэн үеийн бошиглогчдын зөгнөн хэлсэнчлэн, цаг хугацааны бүрэн байдлын эрин үе юм. Өнөө үе бол ирээдүйд тохиох болно гэдгийг нь Их Эзэний бошиглогчид угтан хэлсэн болон ариун судруудад цэдэглэгдсэн бүх зүйлс биелэгдэж байгаа цаг үе мөн. Энэ бол шинэ сүм биш харин энэ цаг ба эрин үед дэлхийд сэргээгдсэн сүм юм.
Та нар бол өнөө үед зориулан Их Эзэний хадгалсан тэр үеийнхэн юм. Та нар хүмүүст дэлхийн замуудаа орхин, Түүнийг дагаж, Түүний сайн мэдээгээр амьдран бидэнд амласан адислалуудыг хүртэхэд нь туслах Түүний төлөөлөгч байхаар Их Эзэнтэй хийсэн гэрээ болон амлалттайгаар баптисмын уснаас гарч ирсэн хүмүүс билээ. Та нар Их Эзэнийхээ хүүхдүүдэд Христэд итгэх итгэлдээ буцан ирж, Түүнд итгэх итгэл ба Түүний замуудыг хөгжүүлэхэд тусалж чадна.
Та нар юу хийж болох вэ
Та нар “Би юу хийж чадах юм бэ?” гэж асууж магадгүй. Хэдэн сарын өмнө манай гадасны ерөнхийлөгч ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхдээ бусдыг эргүүлж авчрахдаа дөрвөн зүйл хийхийг биднээс хүссэн юм.
Нэгдүгээрт: өдөр тутмын залбирал. “Бид Бурханд (чухамдаа Бурхан бидний Эцэг, харин бид түүний хүүхдүүд) үнэн сэтгэлээсээ хандаж сурсан тэр даруйд залбирал нь жам ёсоороо буюу бидний талаас зөн совингийн шинжтэй болдог” гэсэн Библийн Толь бичиг дэх тодорхойлолтод би дуртай (Maтай 7:7–11). Залбиралд тохиолддог хүндрэлүүд гэгчээс олон нь энэхүү харилцааг мартдагаас үүдэлтэй байдаг. Залбирал бол Эцэгийн таалал, хүүхдийн хүсэл хоёр хоорондоо уялдан, нэгддэг үйл явц мөн. Залбирлын зорилго нь Бурханы тааллыг өөрчлөхөд бус харин Бурханаас өгөхийг хүссэн адислалуудыг бид өөрсдөдөө болон бусад хүмүүст хүсэх явдал бөгөөд энэ нь бидний гуйлтаар нөхцөлдсөн байдаг. Бид адислалуудыг олж авахаасаа өмнө хөдөлмөрлөх буюу хичээл зүтгэл гаргах шаардлагатай. Залбирал нь хөдөлмөрлөх хэлбэр бөгөөд бүхий л адислалуудын охь манлайг олж авах зорилго чиглэлтэй арга хэрэгсэл юм.”4
Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлсэн нь:
“Миний дуу хоолойг сонсоход саад бэрхшээл, хүндрэлтэй тулгарсан хүмүүст залбирал нь сүнслэг хүчийг бий болгогч юм. … Залбирал нь бидэнд хайртай Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцдаг арга хэрэгсэл юм. Залбирлаар Түүнтэй ярь. Тэгээд хариултыг сонс. Гайхамшгууд залбирлаар дамжин ирдэг. …
“Оргилуун хүсэл эрмэлзлээр залбирахаа санагтун.”5
Өдөр бүр залбирч бай. Тэгээд бусад хүмүүсийг өвдөг сөгдөж, Бурханд хандан залбирахад нь дэмжиж, Христэд итгэх итгэлдээ эргэж ирэхэд нь тусал.
Хоёрдугаарт: өдөр бүр судраас судал. Мормоны Номын гэрчлэлүүдээс илүү хүчтэйгээр Есүс Христийг гэрчлэх гэрчлэл байдаг гэж үү? Энэ номын 239 бүлгээс 233 бүлэг нь Аврагчийн тухай өгүүлдэг. Үнэхээр гайхамшигтай биш гэж үү?
Өдөр бүр хувиараа судраас судалж бай. Тэгээд бусдыг судраас өдөр бүр судлахад нь дэмжиж, Христэд итгэх итгэлдээ эргэж ирэхэд нь тусал.
Гуравдугаарт: ариун сүмд орохоор зохистой бай. Та нарын зарим нь ариун сүмд орсон зарим нь ороогүй байгаа. Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийг авахын тулд юу шаардлагатайг ойлгох нь чухал. Бид Израилын шүүгчийн өмнө очиж, зохистой байдлаа түүнд нотлохын тулд ариун сүмийн хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байж, уг зөвшөөрлийн бичигтэй байхад шаардагддаг жишгүүдийн дагуу амьдардаг байх үйл явцыг тодорхой ойлгодог.
Та нарын зөв үлгэр жишээ ариун сүмийн адислалуудад нийцэхүйц зохистой байдлаар хэрхэн амьдрахыг харуулахуйц байх ёстой.
Дөрөвдүгээрт: өдөр тутмын үйлчлэл. Хаан Бенжамины дараах үгсийг сана: “Мөн болгоогтун, би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17). Бусдын төлөө үйлчилсэн бидний үйлчлэлээр дамжуулан Их Эзэн бидний залбирлуудад шууд хариулдаг.
Христийнх шиг үйлчлэлийн үлгэр жишээ бай. Бусдыг найз нөхдөдөө үйлчлэхийг дэмжиж, Христэд итгэх итгэлдээ эргэж ирэхэд нь тусал.
“Урагшаа, Христийн цэргүүд ээ”
Та нарын насан дээр байхад тохиосон нэгэн туршлага үйлчлэлийн ач холбогдлыг ойлгоход надад тусалсан юм. Арван жилийн өмнө энэхүү туршлагыг “Христийн онцгой гэрчүүд” нэртэй дүрст бичлэг болгон гаргасан. Өнөө орой би үүнийг та нартай дахин хуваалцахыг хүсч байна:
“Миний амьдралд Түүний үлгэр жишээ байсан: ‘Ийм нөхцөл байдалд Аврагч юу хийх байсан бол?’ гэсэн асуултын хариунд ирэх баяр баясгалан надад үүнийг байнга сануулдаг.
Дэлхийн II Дайн төгсөж, энх тайвны гэрээнд гарын үсэг зурсны дараа Японы эрэгт очсон анхны усан цэргүүдийн нэг нь би байлаа. Миний амьдралд тохиосон хамгийн гунигтай үйл явдлын нэг нь сүйрч балгас болсон Нагасаки хотод очсон явдал байв. Хотын ихээхэн хэсэг бүрэн сүйрсэн байлаа. Нас барсан зарим хүмүүсийг оршуулж амжаагүй байв. Эзэмшлийн цэргүүд бид төв штабаа байгуулж, ажиллаж эхэллээ.
“Нөхцөл байдал маш хүнд байсан болохоор биднээс цөөхөн нь илүү ихээр туслахыг хүсч байв. Бид дивизийнхээ шашны ажилтан уруу очиж, Христийн сүмүүдийг сэргээн босгоход туслах зөвшөөрөл хүслээ. Дайны үеийн засгийн газрын шийдвэрээс шалтгаалан эдгээр сүмүүд үйл ажиллагаагаа бараг зогсоосон байв. Юу ч үгүй болтлоо эвдэрч сүйрсэн барилга байгууламжийг засан, Христийн шашны үйлчлэлийг дахин хийх боломжтой болгохын төлөө бид сайн дурын бүлэг байгуулж цуглааны байруудыг чөлөөт цагаараа засварлаж, сэргээн будахаар боллоо.
Бид япон хэлээр ярьдаггүй, ойлгодоггүй байлаа. Барилгуудыг сэргээн засварлахад бидний хийж чадах зүйл бол биеийн хүчний хөдөлмөр байлаа. Бид дайны үеэр үйлчлэл хийх боломжгүй байсан санваартнуудыг олж, тэднийг сүмдээ үйлчлэл хийхийг урамшуулан дэмжив. Тэдгээр хүмүүс Христэд итгэх итгэл бишрэлээ эдлэх эрх чөлөөг дахин олж авснаар ирсэн гайхамшигтай туршлагыг бид харсан.
“Бид Нагасаки хотоос гэртээ харих боллоо. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Биднийг усан онгоц уруу хүрэх галт тэргэнд суух үед бусад усан цэргүүд биднийг шоолон тохуурхаж байлаа. Тэд найз охидтойгоо салах ёс гүйцэтгэж байв. Биднийг шоолон инээлдэж, Японд жаргах боломжоо алдаж, хана будах ажил хийж хамаг цагаа дэмий үрлээ гэж байлаа.
Яг энэ мөчид галт тэрэгний буудлын ойролцоох довыг даван Христийн шашинтан 200 гаруй япон хүн ‘Урагшаа, Христийн цэргүүд ээ’дууг дуулан ирж, биднийг баахан бэлгээр дарлаа. Тэд төмөр замын дагуу эгнэн зогсож, галт тэрэг хөдлөх үед бид гараа сунган салах ёс гүйцэтгэж билээ. Бидний сэтгэл маш их хөдөлж байсан болохоор дуугарч ч чадахгүй байлаа. Гэвч бид дайны дараа Христийн шашныг өчүүхэн зүйлээр ч болов сэргээн босгоход тусалж чадсандаа баяртай байсан юм.6
Үүрэг хариуцлагын мэдрэмжээ шинэ төвшинд гаргагтун
Бурхан амьд гэдгийг би мэднэ. Бид бүгд Түүний хүүхдүүд бөгөөд Тэрбээр бидэнд хайртайг би мэднэ. Тэрбээр Хүүгээ бүх хүн төрөлхтний төлөө цагаатгагч золиослол болгон дэлхийд илгээснийг, мөн Түүний сайн мэдээг баяртайгаар хүлээн авч, Түүнийг дагасан хүмүүс Бурханы бэлгүүдийн охь манлай нь болсон мөнх амьдралтай болно гэдгийг би мэднэ. Тэрбээр Бошиглогч Иосеф Смитийн үйлчлэлээр дамжуулан сайн мэдээний Сэргээлтийг дэлхий дээр удирдан чиглүүлснийг би мэднэ. Бид мөнх бус амьдралынхаа үед зөвхөн Аврагчийг даган, Түүний хуульд дуулгавартай байж, зарлигуудыг нь сахиснаар өнө удаан үргэлжлэгч баяр баясгалан, аз жаргалыг олох болно гэдгийг би мэднэ.
Залуу найз нар минь, өнөө орой би та нарт үүрэг хариуцлагын мэдрэмжээ шинэ төвшинд гаргахыг уриалж байна. Би та нарыг Тэнгэр дэх Эцэгийн хүүхдүүдэд энэ мөнх бус сорилтын үеийн үнэнхүү аз жаргал, амар амгаланг эдлэхэд чухал шаардлагатай шүтлэг бишрэлийн бат бөх суурь, Христэд итгэх итгэлдээ эргэн ирэхэд нь тусалснаар “хамгийн агуу үеийнхэн” болоход уриалж байна.
Бурхан та нарыг эр зориг, шийдвэр төгс байдал, урам зориг болон бидний Их Эзэний сайн мэдээгээр дамжуулан итгэлээ дахин сэргээх хүслээр адислах болтугай. Тэр амьд. Энэ бол Түүний ариун нэрээр та нарт хэлэх миний гэрчлэл. Есүс Христийн нэрээр, амен.
© 2011 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 6/10. Орчуулгын зөвшөөрөл: 6/10. We Were the Greatest Generation. -гийн орчуулга. Mongolian. PD50029874 363
Notes
2. Ноел Нокс, “Religion Takes a Back Seat in Western Europe,” USA Today, 2005 оны 8-р сарын 11, http://www.usatoday.com/news/world/2005-08-10-europe-religion-cover_x.htm.