Skip to Content Skip to Navigation

Таньж мэдэх

Розмэри M.Виксом
Хүүхдийн Хэсгийн ерөнхий ерөнхийлөгч


Розмэри M.Виксом,  “Таньж мэдэх,”  May 2011

Залуу насанд хүрэгчдэд зориулсан СБС-н галын дэргэдэх ярилцлага • 2011 оны 5-р сарын 1 • Юта мужийн Их Сургууль

Би Ютагийн Логан дахь Юта мужийн Их Сургууль дээр байгаадаа баяртай байна. Миний нөхөр Жак бид хоёр машинаар Сардины хавцал дундуур энэ хөндийд энэ орой ирэхэд надад гэртээ эргэж ирж байгаа мэт санагдлаа. Яагаад гэдгийг нь би та нарт тайлбарлъя.

Энэ нь би өөрийн биеэр таньж мэдсэн газар юм

Олон жилийн өмнө бид гэр бүлийнхээ машинд эд зүйлсээ ачсан ба тэр өдөр намрын нэгэн сайхан өдөр байсан юм. Би ихэр дүүтэйгээ Ютагийн их сургуульд орох болж, ээж маань биднийг машинаараа хүргэж өгөхөөр Логан уруу цуг явсан. Бид энэхүү гайхалтай сургуулийн хотхонг зурагнаас харсан юм. Зарим зурган дээр моднууд нь хазайж ургасан байдаг байв. Энэ нь Логанд салхи их салхилдаг учраас биш харин моднууд зүгээр л тэгж ургадаг гэж бид хэн нэгнээс сонссон юм. Ямартай ч бидний сэтгэл их хөдөлж байлаа. Бид бүх гутал хувцсаа мөн хүнсний зүйлсээ машиндаа ачсан байв. Тиймээс бид цонхоор арай ядан харж байв. Энэ хөндий уруу орж ирэх үед би маш их догдолж байсан. Би ирэх адал явдлуудыг тэсэн ядан хүлээж байлаа.

Сургуулийн талбайд ирээд эд зүйлсээ машинаас буулган, байр уруугаа зөөж байх үед оюутан бүрийн сэтгэл маш их хөдөлсөн байлаа. Энэ нь дүү бид хоёрт гэрээсээ хол амьдарч байгаа анхны тохиолдол байсан ба бид шүүгээндээ хувцсаа өлгөж, өрөөгөө цэхцэлж байхдаа эрх чөлөөг мэдэрч байв. Бидэнд ханандаа өлгөх хоёр зурагт хуудас байсан. “Бүх зүрхээрээ Их Эзэнд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ” (Сургаалт Үгс 3:5) гэж нэг дээр нь бичсэн байсан. Нөгөө нэгийг нь ах маань бидэнд өгсөн юм. Үүн дээр “Архинд хүрсэн уруул минийхт хэзээ ч хүрэхгүй” гэсэн байж билээ.

Машинаас эд зүйлсээ буулгасны дараа бид хойд талын суудлаас авсан сүүлийн хэдэн зүйлсээ барин Моуины танхимын урд явган хүний зам дээр зогсож байсан. Тэнд, ээждээ баяртай гэж хэлэн, үдэж өгч байхдаа бид гартаа шилтэй тоор барьсан байв. Тэгээд түүнийг машинаа бариад биднээс холдон явахад бид юу болж байгааг ойлгосон. Бид бие бие уруугаа харан нүдэндээ нулимс цийлэгнүүлэн “Бид юу хийчихнэ энэ вэ? Юу бодож байсан юм бол? Бидний зориглон хийсэн зүйл хэрхэн одоо айж эмээхээр зүйл мэт санагдах болов?” гэж хэлсэн. Би ирж буй эдгээр он жилүүдэд үлдсэн амьдралыг маань тодорхойлох сонголт хийх болно гэдгээ мэдсэн. Мөн би өөрийн итгэлээ олж авч, ийнхүү итгэлээ хамгаалж үлдэх хэрэгтэй болсон юм. Би амьдралынхаа туршид найзлах найзтай болж, залбирлууд маань улам чин сэтгэлийн болсон. Гэрчлэл маань өсч эхэлсэн. Энэ нь өөрийн жишигтээ бат зогсож, мэдлэг болон сүнслэгээр өөрийгөө хөгжүүлэх хувийн сонголт байсан гэдгийг би хожим нь ойлгосон юм.

Үнэн хэрэгтээ би хэн байсан юм бэ? Тэдгээр жилүүдэд би заримдаа ялагдал, бүтэлгүйтлийг мэдэрч байсан ба хааяа найдвар болон амжилтыг олж авч байсан юм. Гэрээ санах шаналлаас баяртайгаар бие даасан байдалд хүргэх арга замыг би хэрэгжүүлж байсан билээ. Би Мормоны Номонд гардаг Аммон болон түүний ах дүүс шиг “харуусал, мөн … зүдгүүрүүд, мөн … ухааршгүй их баяслыг” (Алма 28:8) нэг дор мэдэрч байлаа. Өсч хөгжиж, амьдралын эдгээр хичээлүүдээс суралцахын тулд тав тухтай гэрээ орхих хэрэгтэй байсныг би одоо л ойлгож байна. Энэ Кашегийн хөндий, Их сургууль мөн сургуулийн хотхон надад үнэхээр гайхамшигтай санагдаж байгаад гайхах зүйл үгүй биз ээ. Эндээс би өөрийгөө таньж мэдэж эхэлсэн ба өөрийгөө таньж мэдэх энэхүү үйл явцдаа би Аврагчийг ч таньж мэдэж эхэлсэн юм. Та амьдралдаа юуг таньж мэдэж мөн хаанаас түүнийгээ сурч мэдсэн бэ?

Өнөө орой би та нарт “таньж мэдэх” талаар ярихыг хүссэн юм.

Өөрийн биеэр таньж мэдэх газрыг хайж ол

Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуй болон мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь тав тухтай гэрээ орхин энэ дэлхийд ирэхдээ бид сурч мөн соригдоход бэлэн ирсэн. Өнөөдөр энэ дэлхийд бид өөрсдийгөө “Би юу хийсэн бэ?” гэж хэлж байгааг анзаарч болох юм. Бид нар замаар алхаж байна. Бид нар Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө болон сургаалын бүрэн дүүрэн байдлын дагуу амьдарч байна. Мөн энэ нь аз жаргалын төлөвлөгөө юм. Иосеф Смит хэлэхдээ авралын төлөвлөгөө бол “хүн төрөлхтөнд Тэнгэрээс ирэх хамгийн агуу бэлгүүдийн нэг” гэжээ.1

Үнэхээр адал явдалтай гэж бодож байсан мөнх бус байдлын энэхүү туршлага нь айдас төрмөөр, зүрх хулчиймаар, зүгээр л бүхэлдээ хүнд хэцүү болж болно! Хөшиг нь нэгэнтээ мэддэг байсан зүйлээ эргэн санахад бидэнд саад болдог. Одоо бид итгэлээр алхаж байгаа ч Их Эзэний тусламжтайгаар бид өмнө нь мэдэж байсан зүйлээ эргэж санана гэсэн мэдлэгтэйгээр урагшилж байдаг. Тэнгэрлэг Эцэг маань бидэнд маш их хайртай. Бид зөвхөн Түүн дээр эргэж очих биш харин Түүнтэй адил болох эрхэм зорилготойгоор бүтээгдсэн. Одоо бид Түүнийг хэрхэн сайн мэддэг байснаа эргэн суралцаж байна. Бригам Янг хэлэхдээ “Та нар Бурхан, Тэнгэрлэг Эцэгтэйгээ маш сайн танилцсан, … Түүний өргөөнд амьдарч байгаагүй нэг ч бодгаль гэж үгүй харин бүгд мөнх бус байдлын өмнөх оршихуйд Түүнтэй олон жилийн турш хамт байсан бөгөөд одоо энэ дэлхийд байгаа та нар Түүнтэй танил болохыг эрэлхийлж байгаа билээ. Яг үнэндээ та нар мэдэж байсан зүйлсээ зүгээр л мартсан” гэжээ.2

Бид Түүнийг зөвхөн өөрсдийн хичээл зүтгэлээр дамжуулан мэдэж авах болно. Бид амьдралынхаа аялалд ганцаараа үлдээгүй билээ, Тэрээр: “Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтэй байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (Сургаал ба Гэрээ 84:88) гэж хэлсэн юм.

Алма Аврагчийг таньж мэдээд Мормоны усанд хүмүүст заасан билээ. Тэрээр “тэдэнд наманчлал, гэтэлгэл, мөн Их Эзэнд итгэх итгэлийг номло[сон] ажээ” (Мозая 18:7). Мөн үүнчлэн хүмүүс “… мөн ямарч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, … тэд мөнх амьдралыг авч болохын тулд ”(Мозая 18:9) баптисмын гэрээнд орсон билээ. Тэд итгэлдээ өсөн, ариун өдрийг ариунаар нь сахиж, өөрсдийгөө тэтгэж тэжээхийн тулд өөрсдийн гараар хөдөлмөрлөж сурсан ба “… нэг нэгэндээ биеийн мөн сүнсний аль алиных нь тусламжийг өгөн тэд Бурханы өмнө шударгаар алхаж байв” (Мозая 18:29; 20–29-р шүлгийг үз).

Бид цааш нь ийн уншдаг билээ “Мөн эдүгээ улиран тохиох дор энэ бүгд Мормоны нутагт хийгдэв, тийм ээ, Мормоны Усны ойролцоо, Мормоны Усны дэргэдэх төгөлд бөлгөө; тийм ээ, Мормоны нутаг, Мормоны Ус, Мормоны төгөл, тэнд Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн тэдний нүдэнд тэдгээр нь хичнээн үзэсгэлэнтэй билээ; тийм ээ, мөн тэд ямар их адислагдсан билээ, учир нь тэд үүрд түүнийг магтан дуулах болно” (Мозая 18:30).

Яагаад энэ сударт бидний анхаарал Мормоны усанд эргэн тойрны уул, ус, төгөлөөр нь дамжуулагдан татагдаж байна бэ? Энэ тодорхойлолт нь Мормоны Усны талаар бидэнд юуг мэдрүүлж байна вэ? Магадгүй бид эргэн тойрныхоо уул, усыг мөн эдгээр нь Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирэх бидний эрэл хайгуулд ямар үүрэг гүйцэтгэж болохыг анхаарч үзэх хэрэгтэй байх.

Цаг нь ирлээ. Хэрэв та хийж амжаагүй байгаа бол Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирэх газрыг эрж хайх цаг нь ирлээ. Таны Мормоны Ус хаана байна вэ? Энэ нь нүдэнд тань хэр үзэсгэлэнтэй харагдаж байна вэ?

Тэр үзэсгэлэнтэй газрыг олохын тулд та эдгээр дөрвөн асуултыг өөрөөсөө асууж болох юм.

1. Ариун Сүнсийг таньж мэдэх

Асуулт #1: Ариун Сүнсний нөлөөг би хэрхэн таньж мэдэх вэ?

Нэгэн залуу хөвгүүн, жаахан байхдаа, бүр гурван нас хүрээгүй жаахан байхдаа нэгэн туршлагыг олж авчээ. Түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэр бүл үрчилжээ. Түүний орчин тойрон нь огцом өөрчлөгдсөн гэнэ. Тэрээр зүүн Европ дах гэрээ орхиод шинэ гэр бүл, шинэ хэл, шинэ мэдрэмжтэй Нэгдсэн Улсын зүүн хэсэгт амьдрахаар ирсэн гэнэ. Ням гараг болгон шинэ гэр бүл нь түүнийг бага насны хүүхдийн ангид авчирдаг байв. Сүм дэх бага насны хүүхдийн ангид байхдаа тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хайр, хамгаалалтыг мэдэрсэн юм. Энэ нь Ариун Сүнсийг таньж мэдсэн анхны туршлага байлаа. Одоо өсвөр насандаа яваа тэрээр хүүхдийн ангид сонссон дуу чимээ, харсан дүр зураг мөн мэдэрсэн тэрхүү Сүнсээ эргэн мэдрэхээр анги уруугаа явдаг. Ариун Сүнсний нөлөөний мэдлэгт ирсэн хүүхдийн нүдэнд бага насны хүүхдийн анги нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм.

“Мөн даруу байдал хийгээд зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанарын улмаас, найдвар хийгээд төгс хайраар дүүргэх Тайтгаруулагч болох Ариун Сүнсний айлчлал нь ирдэг” (Моронай 8:26) гэж Мормон хэлсэн билээ.

Мормон “мөн чи миний сүнсийг, Ариун Сүнсийг бүр хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг чамд заах тэрхүү Тайтгаруулагчийг чи хүлээж авах болно” (С ба Г 36:2) гэж Аврагчийн хэлснийг тайлбарласан юм.

Алмагийн номноос бид Мозаягийн хөвгүүд хэрхэн Ариун Сүнсний нөлөөг таньж мэдсэн тухай сурдаг. Үүнд хэлэхдээ:

“Мөн тэд Бурханы үгийг мэдэж болохын тулд судруудыг хичээнгүйлэн судалсан байв.

Гэвч энэ нь бүгд бус; тэд өөрсдийгөө их залбирал, мөн мацаг барилтанд зориулсан байв” (Алма 17:2–3).

Тэгээд тэд заахаар явцгаасан. Эдгээр энгийн залуу эрчүүд Ариун Сүнс мөн Бурханы үгийг мэдэж авах хүсэлтэйн учир гайхалтай эр зоригтой байсан юм.

Аммон хэлэхдээ “Мөн мэдлэгийг, мөн түүнчлэн Бурханы талаарх миний итгэл болон хүслийн дагуу хүчийг надад өгдөг Сүнсний хэсэг нь надад оршдог” (Алма 18:35) гэжээ.

Аароны заасан зүйлсээр дамжуулан Лемонайн эцэг Сүнсийг мэдэрч, ийнхүү хэлжээ “Би энэхүү агуу баяслыг хүлээн авч болохын тулд би өөрийн эзэмшдэг бүгдийг өгөх болно, тийм ээ, би хаант улсаа орхих болно” (Алма 22:15).

Авралын төлөвлөгөөг заалгаснаар Лемонай болон Лемонайн эцэг хоёул Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн юм. Өнөөдөр номлогч нар Ариун Сүнсний нөлөөгөөр дүүргэгдэн, адил захиасыг дэлхий дахинд зааж байна. Номлолд үйлчилсэн та нар Есүс Христийн сайн мэдээний үнэнийг гэрчлэн зогсож байхдаа мэдэрч байсан Сүнсний хүчийг эргэн санадаг уу?

Нэгэн номлогч онгоцны буудал уруу явж байхдаа “Би гэртээ харихаас айж байна. Номлолынхоо дараа би Сүнсний хүчийг ингэж хүчтэй мэдрэхгүй байвал яах бол” гэж хэлж байсан.

Би түүнд “Чи Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа урьж, зохистой амьдрах юм бол энэ нь чамтай үргэлж хамт байх болно” гэж хэлсэн юм.

2. Мормоны Номны үнэнийг таньж мэдэх

Асуулт #2: Би хэрхэн Мормоны Ном үнэн эсэхийг таньж мэдэх вэ?

2004 оны 6-р сард Айдахо муж дах Бригам Янгын Их Сургууль дээр болсон онцгой цугларалтанд Харвордын Бизнесийн Сургуулийн проффессор Ахлагч Клэйтон М. Крисчинсэн Мормоны Ном үнэн эсэхийг мэдэх шийдвэрийг хэрхэн гаргасан тухайгаа хуваалцсан юм. Бригам Янгын Их Сургуулийг төгссөний дараа тэр Английн Оксфордын Их сургуульд суралцах тэтгэлэг хүлээж авсан гэнэ. Тэрээр өөрийгөө Мормоны Ном үнэн эсэхийг хэзээ ч мэддэггүй байсан гэдэг дүгнэлтэнд хүрсэн аж. Тэрээр Мормоны Номыг амьдралдаа долоон удаа уншиж мөн уншиж дуусах бүрдээ энэ нь үнэн гэдгийг түүнд хэлэхийг Бурханаас өвдөг сөгдөн гуйн залбирдаг байсан ч тэр ямар ч хариулт хүлээж аваагүй ажээ. [Тэр] долоон удаа уншихдаа яагаад ямар ч хариулт хүлээн аваагүйгээ мөн энэ нь тэр зөвхөн эцэг эх, Бригам Янгын Их Сургуулийн багш, номлолын ерөнхийлөгч эсвэл семинарын багш нарынхаа аль нэгнээс нь хүлээн авсан даалгавраа л биелүүлж байсан ба [түүний] зорилго зөвхөн номыг дуусгах л байснаас болсон гэдгийг ухаарчээ. Гэтэл тэр энэ удаад Мормоны Ном үнэн эсэхийг зайлшгүй мэдэх хэрэгтэй байсан бөгөөд амьдралынхаа тэрхэн мөчид Сүмийн сургаал болон эцэг эхийнхээ итгэлд итгэх найдварт өөрийгөө дэмжсэн билээ. Эцэст нь тэр Оксфордод ирэхдээ амьдралдаа анх удаагаа үүний үнэнийг зайлшгүй мэдэх хэрэгтэй болжээ.

Оксфорд нь дэлхийн хамгийн эртний сургуулиудын нэг юм. Тэр 1410 онд баригдсан барилгад амьдарч байсан. Тэрээр уг барилгыг “Харахад сайхан ч, амьдрахад сайхан биш.” гэж хэлсэн. Чулуун хананд нь [нүх] гаргаж [халаагуур] суурилуулсан нэгэн жижиг хэсэг байсан. Иймээс би орой бүр 11:00--12:00 цаг хүртэл Мормоны Номыг уншиж, энэ ном үнэн эсэхийг мэдэхээр шийдсэн”, “гурван жилд дуусгадаг, эдийн засгийн маш хэцүү хөтөлбөрийг би хоёр жилд дуусгахаар хичээж байсан учраас өдөр бүр нэг цагийг Мормоны номыг уншихад зарцуулж чадах эсэхээ мэдэхгүй байсан юм. Гэвч би үүнийг хийсэн” гэж тэр хэлсэн юм. Тэрээр 11:00 гэхэд халаагуурын дэргэдэх сандалны хажууд сөхрөн сууж, чангаар залбирч эхэлдэг болжээ. Тэр Бурханд хандан Мормоны Ном үнэн эсэхийг олж мэдэхийн тулд хэрхэн санаа зовж буйгаа мөн хэрэв Тэр түүнд үүний үнэнийг илчлэх юм бол өөрийн амьдралыг Түүний хаант улсыг байгуулахад зориулна гэдгээ хэлсэн. Харин энэ нь үнэн биш аваас тэр амьдралаа үнэнийг олохын тулд зориулах учраас үүнийг баттай мэдэх хэрэгтэй гэдгээ мөн Их Эзэнд хэлсэн юм. Тэгээд тэр сандал дээр суун, Мормоны Номын эхний хуудсыг уншиж, хуудасны төгсгөлд түр зогсон, хуудаснаас уншсан зүйлсээ бодож, өөрөөсөө “энэ нь хүмүүсийг хуурч мэхлэхийг хичээж буй хуурагчаар бичигдсэн үү эсвэл үнэхээр Бурханы Бошиглогчоор бичигдсэн үү? Энэ нь миний амьдралд ямар хэрэгтэй юм бэ?” гэж асуужээ. Тэгээд тэрээр номоо газар тавин, сөхөрч суугаад мөн адил Бурханаас “Энэ ном үнэн бол надад хэлж өгөөч” гэж гуйжээ.Тэгээд тэр сандал дээрээ эргэж суугаад, номоо газраас аван, үргэлжлүүлэн дараагийн хуудсыг уншиж, хуудасны төгсгөлд түр зогсон, ижил зүйлсийг хийжээ. Тэр Хатан хааны коллеж Оксфордын хүйтэн, чийглэг өрөөнд орой болгон энэ үйлдлийг нэг цагийн турш давтан хийсээр байлаа.

Тэрээр 2 Нифайн төгсгөлийн бүлгүүд дээр ирээд нэг орой залбирч дуусаад сандал дээрээ суун номоо нээхэд гэнэт гайхалтай, дулаахан, хайрын сүнс түүнийг хүрээлж, түүний бодгалийг нэвтрэн орж, мэдэрнэ гэж огт төсөөлөөгүй хайрын мэдрэмж түүнийг бүрхэв. Тэр уйлж эхэлсэн ба Мормоны Номны үгүүд дээрх нулимсаа хараад ойлгоно гэж хэзээ ч өмнө нь бодоогүй тэдгээр үгүүдийн үнэнийг харжээ. Тэр үүрд мөнхийн алдар суу, сүр жавхланг харж чадсан бөгөөд Өөрийн хөвгүүдийн нэгийн  хувьд Бурхан түүнд юу нөөцөлснийг харж чадсан юм. Тэр уйлахаа зогсохыг хүссэнгүй. Бүтэн цагийн турш сүнс тэнд байсан ба орой болгон залбирч, Мормоны Номоо бариад халаагуурын дэргэд суух бүрт нөгөөх сүнс эргэн ирж, энэ нь түүний амьдрал болоод зүрх сэтгэлийг үүрд мөнхөд өөрчилсөн юм.

Олж авсан туршлагаа эргэн нэг харахад Мормоны номыг үнэн эсэхийг олж мэдэхийн тулд орой бүр нэг цагийг эдийн засгийг судлах цагаасаа гаргаж чадсандаа тэрээр гайхширч байснаа хэлсэн юм. Мөн тэрээр “олж авсан бүхий л боловсрол, мэдлэгээс хамгийн хэрэгцээтэй мэдлэг нь энэ байсан” гэж хэлсэн.

Тэр Оксфорд уруу буцаж очих дуртай. “Тэнд байгаа оюутан эсвэл жуулчдын ихэнх нь тэрхүү гайхалтай сургуулийг харахаар очдог. Харин түүний хувьд “энэ нь ариун газар болохоор мөн амьдарч байсан өрөөнийхөө цонхоор хараад тэрээр ‘Энэ газар бол би Есүс бол Христ, миний амьд Гэтэлгэгч, Иосеф Смит бол үнэн Сүмийн сэргээлтийн бошиглогч гэдгийг мэдэж авсан газар’ гэж боддог” учраас тэр тэнд буцаж очих дуртай байдаг.

Ахлагч Крисчинсэн Айдахо—БЯИС-д сурч байгаа оюутнуудад хандан хэлэхдээ: “Магадгүй та нарын зарим нь Рексбургт ирэхдээ энэ нь Бурханы Сүм гэдгийг аль хэдийнээ сурч мэдсэн байдаг байх. Гэвч өдий хүртэл бусдын гэрчлэл дээр тулгуурлан амьдарч байгаа тэдгээр хүмүүсийг би үнэнийг олж мэдэхийн тулд өдөрт нэг цаг гаргаж байгаасай гэж хүсч байна. Учир нь энэ ном миний зүрх сэтгэлийг өөрчилсний нэгэн адил та нарынхыг ч мөн өөрчлөх болно.”3

Иохан 5:39-өөс бид “Та нар Судруудыг уншдаг. Учир нь тэдгээрийн дотор мөнх амь бий гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ” хэмээн уншдаг.

Ахлагч Брюс С.Хафен “Хэрэв бид Мөнх амьдралыг хамгийн түрүүнд хүсэх юм бол үүнийг авч чадна” гэж хэлсэн билээ.4

Хичээл зүтгэлээр үнэнийг таньж мэддэг. Арай илүү хичээл зүтгэл гаргах нь илүү агуу шагналыг авчирдаг. “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Moрoнай 10:4) гэж Моронай хэлсэн.

3. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг таньж мэдэх

Асуулт #3: Тэнгэрлэг Эцэгийг надад зориулсан хувийн төлөвлөгөөг би хэрхэн таньж мэдэх вэ?

Бид Тэнгэрлэг Эцэг уруу буцах замдаа сонголтууд хийдэг. Бидэнд зориулсан Түүний төлөвлөгөө бол Аз жаргалын Төлөвлөгөө юм. Иосеф Смит “Аз жаргал нь бидний амьдралын зорилго мөн загвар юм” гэж хэлсэн.5 Тэнгэрлэг Эцэг биднийг баяр баяслыг мэдрээсэй гэж хүсдэг. Бид өөрсдийн замыг зурдаг. Бид бол өөр өөр хүмүүс. Бид зан чанар, авьяас чадвар, биеийн болон сэтгэлийн өвөрмөц шинж чанараараа өөр өөр байдаг. Зарим нь Бурханаас ирдэг бол ихэнх нь хувийн сахилга батаас ирдэг. Хүсэл нь бидний сул талыг ялан дийлж чадна.

Нэгэн жишээ дурдъя. Ой тогтоолтын согогтой хоёрдугаар ангийн нэгэн охин байсан юм. Сургуулийн сэтгэл судлаач хэлэхдээ “санах, тогтоох чадвар дутуу дулимаг учираас тэр үргэлж ангийнхнаасаа доогуур байх болно” гэжээ. Эцэг эх нь түүний онцгой согогыг мэдэгдэхгүй байхаар шийдэв. Охин сургуульдаа сайн сурахын тулд хичээж, ихэнх хүүхдүүдийн амархан сурах зүйлийг сурахын тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй байлаа. Тэрээр сурлага сайтай найзуудтай болсон бөгөөд энэ нь түүнд хөдөлгөгч хүч болсон юм. Гуравдугаар ангидаа үржүүлэхийн хүрдийг, тавдугаар ангидаа Нэгдсэн улсын нийслэл хотуудын талаар суралцахад түүнд урт хугацаа шаардагдаж байсан. Тэр дунд сургуульд байхдаа тусгай ангид бүртгүүлж, үргэлжлүүлэн өсч хөгжсөөр байлаа. Түүний сурахдаа зориулдаг байсан цаг хугацаа нь түүний хичээл зүтгэлийн нотолгоо юм. Өнөөдөр тэр зүрхний эрчимт эмчилгээний сувилагч бөгөөд сайн ч сувилагч болсон! Түүнд мөн түүний Тэнгэрлэг Эцэгт төлөвлөгөө байсан юм.

Өөр нэгэн түүх бол жилийн өмнө би залуу эмэгтэйчүүдийн ангид суухад багш нь биднээс 10 чухал зүйлсээ бичихийг хүссэн юм. Би тэр даруй бичиж эхэлсэн. Хамгийн анхны санаанд маань орсон зүйл бол “Нэгдүгээрт. Гал тогооны ханан дээр харандаагаар зурсан зүйлсийг арилгах” байсан юм. Биднийг жагсаалтаа дуусгахад, Залуу Эмэгтэйчүүдийн удирдагч биднээс бичсэн зүйлсээ хуваалцахыг хүслээ. 12 нас дөнгөж хүрсэн Абби миний хажууд сууж байв. Энэ түүний жагсаалт:

  • 1.  Юта мужийн Их Сургуулийн Коллежид суралцах.

  • 2.  Дотоод засал чимэглэлийн зохион бүтээгч болох.

  • 3.  Энэтхэг уруу номлолд явах.

  • 4.  Буцаж ирсэн номлогчтой Ариун Сүмд гэрлэх.

  • 5.  Таван хүүхэд мөн гэр оронтой болох.

  • 6.  Хүүхдүүдээ номлолд явуулж, коллежид суралцуулах.

  • 7.  “Жигнэмэг өгдөг” эмээ болох.

  • 8.  Ач нараа эрхлүүлэх.

  • 9. Сургаалын талаар илүү ихээр суралцаж, амьдралаас аз жаргалыг мэдрэх.

  • 10.  Тэнгэр дэх Эцэг уруугаа буцаж очоод түүнтэй хамт амьдрах.

Та нар итгэж байна уу! “Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний ерөнхий зураглалыг надад харуулсанд баярлалаа Абби” гэж би хэлмээр байна. Та нар төлөвлөгөө гаргаж, хамгийн сайнаараа үүнийхээ дагуу амьдрах хэрэгтэй. Тойруу зам бидний өмнө гарч ирэх болно. Гүүр байхгүй болж, зам дээр чинь гэнэтийн саад тотгор бий болж, та нар хэрэн хэсүүчилж эсвэл төөрч магад, гэвч та нар зам дээрээ эргэж гарч чадна.  

Ерөнхийлөгч Томас С Монсон хэлэхдээ: “Хэрэв та нар ямар нэгэн зүйл хийхэд энэ нь төлөвлөсний дагуу болохгүй бол та нар үүнийг үргэлж залруулж, үүнээс суралцаж чадна”.6 Магадгүй та нар буцах зам байхгүй гэж бодож болох юм. Энэ бодолд дайсан баясдаг. Буцах зам байгааг би та нарт амлаж байна. Аврагч “Миний мутар бүх өдрийн туршид сунгаастай байх болно” (2 Нифай 28:32) мөн “Учрыг болгоогтун, үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” гэж хэлсэн (Мосе 1:39) билээ. Бурхан биднийг зам дээрээ эргэж гараасай хэмээн биднээс илүү шаргуу хөдөлмөрлөж байгаа гэдгийг би эргэцүүлэн бодох дуртай.

Хамгийн түрүүнд Тэрбээр биднийг зарлигуудад дуулгавартай байж, ариун газруудад амьдарснаар Түүний төлөвлөгөөн дэх өөрсдийн газрыг олоосой хэмээн хүсдэг. Хэрэв өргөмжлөл нь бидний туйлын зорилго болох юм бол түүнд хүрэх бидний төлөвлөгөө нь бидний гаргах шийдвэр бүрийг удирдаж эхэлнэ. Бид ганцаараа биш. Тэр бидэнд хайртай бөгөөд биднийг нэг бүрчлэн мэддэг. Тэр бидний амьдралын алхам бүрт тусалдаг ба бид зам дээрээ тууштай алхаснаар Түүний гарын хээг амьдралдаа хардаг.

4. Эцэг мөн Хүүг таньж мэдэх

Асуулт # 4: Би хэрхэн Эцэг болон Түүний хайрт Хүүг таньж мэдэх вэ?

Эцэг болон Түүний Хүүг таньж мэдэх нь бидний амьдралын зорилго юм.

Аврагч, Эцэгт хандан залбирахдаа “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” (Иохан 17:3) гэжээ.

Лемен, Лемүел хоёр “өөрсдийг нь бүтээсэн Бурханы үйлсийг мэдээгүй” (1 Нифай 2:12). К.С.Люйс хэлэхдээ “Чи бардамнасан хэвээрээ байгаа цагт Бурханыг мэдэж чадахгүй”7 Дайсны хүсэл нь бид Бурханыг таньж мэдэхгүй байх явдал юм. Мөн тэр биднийг Их Эзэнийг эрж хайх чимээгүй мөчид саад болох бүх зүйл: хуучны муу муухай мэдрэмжүүд, эргэлзээ, дуу чимээ, устгал сүйрлээр хүрээлэхийг хүсдэг. Туйлширал нь Сатаны бас нэгэн хэрэгсэл юм. Зөвхөн бид л Их Эзэнийг хангалттай таньж мэдэх цагийг гаргаж чадна.  

Даруу, хүлцэнгүй, номхон дөлгөөн, дуулгавартай байснаар бид Түүнд ойртож чаддаг. 1856 онд Мартины тэргүүлсэн Вайомингийн цөлөөр гар тэргээр аялж байсан хүмүүстэй хамт байсан Францис Вебстер хэлэхдээ “бид бүгдээрээ Бурхан амьд гэдэг баттай мэдлэгэтэйгээр урагшилж, өөрсдийн хүнд хэцүү үедээ түүнийг таньж мэдсэн” гэжээ.8

Бид Аврагчийг өөрсдийн амьдралд хүлээн зөвшөөрснөөр Түүнийг таньж мэддэг. Тэр бидний амьдралын нэг хэсэг болоход бид илүү их уучлах, үйлчлэх хүсэлтэй болдог. Бидний зүрх сэтгэл нээлттэй, хүлээж авах чадвартай болоход бид Түүнтэй илүү адил болдог. Ийнхүү бид Тэрээр бидэнтэй үргэлж хамт байсныг олж мэддэг. Бид амар тайван байдалд байна. Бидний сорилт, бэрхшээлүүд нэгэнтээ хүнд дарамт биш харин адислал болдог. Учир нь тэдгээр нь биднийг Түүн уруу аваачих замыг шулуун болгодог.

Паул хэлэхдээ “Бид зовлон зүдгүүрээр алдаршдаг”, “Учир нь зовлон зүдгүүр нь тэвчээртэй байдлыг,

Харин тэвчээр нь туршлагатай байхыг, туршлагатай байх нь найдварыг төрүүлдэг.

“Найдвар нь урам хугалдаггүй; учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг” (Ром 5:3-5) гэжээ.

К.С.Люйс, Христийг таньж мэдсэн хүмүүсийг “шинэ хүн” гэж тайлбарлажээ. Мөн тэрээр “Шинэ хүмүүс бүх дэлхийгээр тархсан. … Хэзээ нэгэн цагт хүн бүр тэдэнтэй таардаг. Тэдний царай мөн дуу хоолой нь биднийхээс өөр: илүү хүчтэй, намуухан, баясгалантай мөн илүү гэрэлтэй байдаг. Бидний ихэнх нь орхин оддог газраас тэд эхэлдэг. … Тэд өөрсдөдөө анхаарал тавидаггүй. Тэд та нартай найрсаг харьцахад та нар ч тэдэнтэй найрсаг харьцдаг гэж та нар боддог байх. Та нар тэдэнд хэрэгтэй биш ч гэлээ тэд та нарт бусад хүмүүсээс илүү хайртай. … Тэдэнд маш их цаг зав байдаг мэт санагддаг болохоор та нар тэр их цаг хаанаас гарч ирээд байна гэж бодлогоширч болох юм. …

“… Шинэ хүн болохын тулд өөрсдийгөө орхих хэрэгтэй.Өөрсдийгөө орхиж, Христ уруу бид очих ёстой. Түүний хүсэл биднийх болж, бид түүний бодсоныг бодох ёстой” гэж хэлжээ.9

Өөрсдийн биеэр таньж мэдэх үйл явц

Ариун Сүнсийг, Мормоны Номыг үнэн эсэхийг, бидний хүн нэг бүрт зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг, Эцэг мөн Хүүг таньж мэдэх нь гайхалтай үйл явц юм.

Таньж мэдэх хүслийн талаар нэгэн жишээ энд байна. Та үүнийг харж байна уу?

Нифай энэ жишээг тодорхойлохдоо “Их Эзэний хэлсэн зүйлсийг та нар үл санана гэж үү?---Хэрэв та нар зүрх сэтгэлээ үл хатууруулан, миний зарлигуудыг дагахад хичээнгүйлэн, мөн та нар хүлээн авна гэдэгтээ найдсаар, мөн надаас итгэлтэйгээр асуух аваас, эдгээр зүйлүүд та нарт лавтайяа мэдүүлэгдэх болно” (1 Нифай 15:11) гэж хэлжээ.

Та нар үйл явцыг нь харж байна уу?

Нифай үйл явцыг нь ч хэлсэн юм. Үүнд:

  • • Даруу зүрх сэтгэлтэй байх.

  • • Итгэлтэйгээр асуух; залбирлаар дамжуулан Их Эзэнээс тусламж хүсэх.

  • • Их Эзэний хүслийн дагуу үйлдэж, зарлигуудыг дагахдаа хичээнгүй байх.

  • • Их Эзэний тусламж, нөлөөллийг таних. Энэ нь та нарт хэрхэн мэдэгддэг арга зам юм. Та нар Түүний тусламжийг амьдралдаа харах нь Түүний хайрын баталгаа юм. Та нар өөрсдийн амьдрал дахь Түүний тусламжийг илүү ихээр анзаарахад Тэр илүү ихээр туслах болно. Энэ байдлаар та нар аль хэдийнээ мэддэг байсан Аврагчийгаа таньж мэддэг.

Мормоны Усанд хүмүүс залбирлаар дамжуулан итгэлдээ өсч байсан. Хичээнгүй байдлаараа дамжуулан тэд Ариун өдрийг ариунаар нь сахихыг сурсан. Тэд өөрсдийн гараар хөдөлмөрлөхийг сурж, бусдад материаллаг болон сүнслэг байдлын хувьд туслан үйлчилж байсан. Мозаягийн хөвгүүд судруудыг судалж мөн өөрсдийгөө их залбирал мөн мацаг барилтанд зориулсан. Мөн тэд таньж мэдэхэд шаардагдах зүйлсийг хийсэн билээ.

Ахлагч Крисчинсэн чангаар залбирч мөн хэрэв Их Эзэн түүнд Мормоны Номыг үнэн гэдгийг илчлэх юм бол амьдралаа Түүний хаан улсыг байгуулахад зориулна гэж хэлсэн нь намайг үнэхээр гайхшруулсан юм. Тэр хичээнгүй байсан ба шөнө бүр гаргасан золиослолоороо дамжуулан таньж мэдсэн билээ.

Абби төлөвлөгөө зохиож, мөн үүнийхээ дагуу хичээнгүйлэн амьдарч байгаа. Тэнгэрлэг Эцэгтээ болон Түүний гэрт эргэж очих зорилго нь түүний өдөр тутмын шийдвэрийг баталгаажуулдаг. Их Эзэнд, түүнд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг тэр мэдэж авсан юм.

Өөрсдийн биеэр таньж мэдэх нь үнэхээр хувийн зүйл юм Бид өөрсдийн амьдралдаа “тан мэдэх” маш олон тохиолдолтой учирч болно. Энэ нь бид өмнө мэддэг байснаа эргэн санах үйл явц юм. Зүгээр л үүнийг мэдэж ав: Та нар Түүнийг мэднэ, мөн хэрэв та нарт Тэр та нарыг мэддэг болов уу гэсэн асуулт байгаа бол зүгээр л асуу. “Хүүхдийн Залбирал” гэдэг хүүхдийн дуу “Тэнгэрлэг Эцэг та үнэхээр байдаг уу? Мөн та хүүхэд бүрийн залбирлыг сонсож, хариулдаг уу?” гэж эхэлдэг.10 Тийм гэдгийг би гэрчилж байна! Тэр байдаг мөн сонсдог! Бид асуухад Их Эзэн бидэнд заадаг. Өвдөг сөгдөөд, чангаар “Би үнэхээр Таны хүү эсвэл охин мөн үү? Та надад хайртай юу?” гэж асуу. Тэгээд сонс. Бурханаас асуух нь биднийг даруусгадаг. Асуух нь итгэлийн үйлдэл юм.

Иосеф Смит 14 настай залуу хөвгүүн байхдаа Нью-Йоркын Палмира гэдэг тосгонд байдаг нэгэн ариун ойн цоорхойд таньж мэдэхийн тулд итгэлтэйгээр асуусан. Тэр хэлэхдээ “… би хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ. … би үзэгдэл харсан; би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй” (Иосеф Смит-Түүх 1:25) гэжээ. “Түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол Түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө.” (С ба Г 76:22).

Иерусалимд, ариун өдөр өнгөрч долоо хоногийн эхний өдөр эхэлж байхад нэгэн цэцэрлэгийн үзэсгэлэнт хэсэгт булшин дээр хоёр тэнгэр элч, Мэри Магдалин мөн Мэри нарт зочилсон. Тэнгэр элч нар:

“Бүү ай, загалмайд цовдлогдсон Есүсийг хайж байгааг чинь бид мэдэж байна.

Тэр энд байхгүй: Учир нь Тэр амилсан” (Матай 28:1-6-г үз, тайлбар 2a, 3a, 5a; Иосеф Смитийн орчуулга) гэж хэлсэн билээ.

Дахин амилсан Аврагч, Есүс Христийг таньж мэдсэнээрээ бид Цагаатгалаар дамжуулан Тэр биднийг бүх өвчин зовиураас чөлөөлнө гэдгийг мэдэх болно. Тэр сэтгэл нь зовсон хүн бүрт халамж мөн тайтгарлыг авчирдаг. Тэр бидний ачааг үүрч, сэтгэл дундуур, өөрчлөгдөх хүсэлтэй хүн бүрт амар тайвныг өгдөг.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон “Хөшигний нөгөө талд нэгэнтээ гарч ирэхэд бид Эцэгээ хэр сайн мэдэх мөн Түүний царай биднийхтэй хэр төстэй байхыг ухаарахаас өөр юу ч биднийг илүүтэйгээр гайхшруулж чадахгүй” гэж хэлсэн.11 Бид Түүнийг мэднэ!

Юта мужийн их сургууль бол миний хувьд Мормоны Ус юм. Энэ сургуулийн хотхонд би Гэтэлгэгчийнхээ мэдлэгт ирсэн учраас энэ нь миний нүдэнд үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм. Би бахархалтайгаар Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийн гэрч болон зогсож байна. Ариун Сүнсний хүчээр би Тэднийг амьд гэдгийг мэднэ. Та нар Тэдэнд чухал бас үнэ цэнэтэй юм. Мөн та нар энэ дэлхийд ирэхээсээ өмнө Тэднийг мэддэг байсан. Та нар замаараа тууштай яваарай. Тэнгэрлэг Эцэг биднийг тэврэн угтахаар хүлээж байгаа билээ. Би та нарт хайртай. Түүний хүүхдүүдийн хувьд би та нарын төлөө залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

© 2011 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. Англи эхийн зөвшөөрөл: 2/11 Орчуулгын зөвшөөрөл: 2/11. Coming to Know -ийн орчуулга. Mongolian. PD50031652 363

Notes

1.  Иосеф Смит, History of the Church, 2:23.

2.  Бригам Янг, Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe (1954), 50.

3.  Клайтон M.Крисчинсэн, “Decisions for Which I’ve Been Grateful” (2004 оны 6-р сарын 8-ны Айдахо дах Бригам Янгын Их Сургуулийн онцгой цугларалт), http://www.byui.edu/Presentations/Transcripts/Devotionals/2004_06_08_Christensen.htm

4.  Брюс С.Хафэн, in Conference Report, 2004 оны 4-р сар, 101; эсвэл Ensign, 2004 оны 5-р сар, 98; italics in original.

5.  Иосеф Смит, History of the Church, 5:134.

6.  Томос С. Монсон, “Joy in the Journey,” in Awake, Arise, and Come unto Christ: Talks from the 2008 BYU Women’s Conference (2009), 3.

7.  К.С.Люйс, Mere Christianity (1980), 124.

8.  Францис Вебстер, quoted in Gordon B. Hinckley, in Conference Report, 1991 оны 10-р сар, 77; эсвэл Ensign, 1991 оны 11-р сар, 54.

9. Люйс, Mere Christianity, 223–24.

10.  “Хүүхдийн Залбирал,” Children’s Songbook, 12.

11.  Эзра Тафт Бэнсон, “Jesus Christ—Gifts and Expectations,” in Speeches of the Year, 1974 (1975), 313.

^ Back to top