The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Broadcast Archives CES Fireside

Судрууд нь Алтнаас илүү Үнэ цэнэтэй, Балнаас илүү амттай

Сюзан В.Таннер эгч
Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий Ерөнхийлөгч
СБС Залуу Насанд Хүрэгчдэд зориулсан Галын Дэргэдэх Ярилцлага
2005 оны Есдүгээр сарын 11
Бригам Янгийн Их Сургууль

Сюзан В.Таннер эгчЭнэхүү гайхамшигт найрал дуучдад баярлалаа. Дуулал үнэхээр гайхалтай байж Ариун Сүнсийг урилаа. Би бас нээлтийн залбиралд талархаж байна. Бид энэ үдэш Ариун Сүнсийг мэдрэн, бидний хэрэгтэй тэр замуудаар явахад Ариун Сүнс бидэнтэй хамт байхыг хүсэн гуйсан залбирал надад таалагдлаа. Энэ нь миний залбирал мөн. Энэ үдэш би та бүхэнтэй хамт байгаадаа их баяртай байна. Энэ нь, би та нартай зэрэгцэж суугаад та нарын насны өөрийн хүүхдүүдтэй байгаа мэт зүрх сэтгэлийн яриа дэлгэж суух жинхэнэ хуучны загварын галын дэргэдэх ярилцлага байсан ч болоосой гэж хүсэхсэн. Магадгүй би өөрийн номлогч охины тухай яриагаар бахархалтайгаар эхлэх байх. Энэ нь ихэнх номлогчийн ээжүүдийн ярьдаг зүйл биш гэж үү? Би саяхны захидалдаа судруудад хандсан өөрийн хайрын талаар энэ үдэш ярина хэмээн түүнд хэлсэн юм. Харин охин маань хариулахдаа:

“Судруудыг судлах талаар ээж ярих гэж байгаад би их баяртай байна! Намайг хамгийн их өөрчилсөн зүйлүүдийн нэг нь судруудыг судлах арга барил гэдгийг би мэднэ. Би судраас суралцахад одоо их дуртай болсон. Надад суралцах боломж тохиох бүрт би маш их баярладаг. Алма 32:28-д хэлсэн шиг үг нь амттай болдог гэдгээс өөрөөр би үүнийг тайлбарлаж чадахгүй нь. Би урьд нь судруудад сонирхолтой байсан бол одоо бүр дуртай болсон. Би сударт дуртай! Биднийг хичээл зааж байх үед намайг судраас хуваалцах гэж байгааг гэрэл цогтой нүдээр минь мэддэг байсныг хамтрагч маань хэлж билээ. Дараа нь үнэхээр би судрынхаа хуудсуудыг эргүүлж эхэлдэг гэж тэр хэлж билээ. Би хүмүүсийн асуултанд судраар дамжуулан хариулах дуртай.”

Австралид байгаа охин маань энэ үдэш энэхүү захиасыг сонсох боломжтой байгаа байх гэж найдаж байна. Хэрэв энэ нь боломжтой бол тэр одоо байгаагаасаа илүүгээр урам орон судраасаа суралцах байх. Үүнтэй адил, судрууд нь үнэхээр “алтнаас . . . илүү хүсүүштэй, . . . зөгийн балнаас илүү амттай” (Дуулал 19:10) болохоор охинд маань, надад амттай байдаг шиг та нарт ч бас амттай байх болно гэж найдаж байна.

Судруудын Амт

Та нар Fiddler on the Roof хөгжимт инээдмийн киноны баян болохыг мөрөөддөг байсан таван охинтой ядуу сүүний худалдаачин Тэвияаг санаж байна уу? Хэрэв та нар баян байсан бол юунд найдах вэ? Магадгүй түүний хүссэн зарим зүйлүүдийг хүсэх байх л даа. Тэр том байшинтай болохыг, шаргуу ажиллахгүй байхыг мөн нэр алдартай болох гэх мэт зүйлийг хүсэж байсан. Гэхдээ энэ нь түүний хамгийн их хүсэж байсан зүйл байгаагүй. Тэрээр баян байсан бол энэ нь Түүний хамгийн том мөрөөдөл байв. Харин бидний хувьд бол ер бусын байж болох юм:

“Хэрэв би баян байсан бол, цаг заваар дутагдахгүй байж
Сүмд очиж залбирна.
Магадгүй баруун хана хавьцаа сууж
Ариун судруудын талаар мэдлэгтэй хүмүүстэй
Өдөр бүр долоон цагийн турш ярилцана
Ингэснээр бүхнээс жаргалтай байна“ хэмээн тэр дуулсныг та нар санаж байгаа байх.
(Lyrics by Sheldon Harnick, “If I Were a Rich Man,” Fiddler on the Roof [1965].)

Хэрэв та нар баян байсан бол, чөлөөт цагаараа “ариун номнууд,” эсвээс судруудаас хэдэн цагийн турш суралцах уу? Хэрэв та нар баян байсан бол судрыг гүнзгийрүүлэн судлах их цаг завтай байх нь хамгийн их аз жаргал хэмээн үзэх үү?

Ортодокс Иудейчүүдийн хувьд ариун судруудаас суралцах нь амтат адислал, агуу их эрх мэдэл хэмээн үздэг. Баримт дурдвал, зарим Иудейчүүдийн уламжлалаар хүүхэд өөрийнхөө боловсролыг Тора суралцсанаар эхэлж, ийнхүү зөгийн балны амт сурагчид өгөгдөн ариун судруудаас амтлахаа суралцахтайгаа нийцүүлдэг аж. Энэ нь Дуулалд: “таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! тийм ээ, миний аманд зөгийн балнаас илүү чихэрлэг!” (Дуулал 119:103) хэмээн хэлснийг баталдаг.

Тийм маягаар, Дуулал 19 дүгээр бүлэг судруудыг алт, зөгийн балтай зүйрлэдэг. Дуулалыг зохиогч Их Эзэний үгэнд дараах байдлаар их баяссан байдаг:

“Эзэний хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг: Эзэний гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог.

“Эзэний сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. Эзэний тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.

“Эзэнээс эмээхгүй нь цэвэр, мөнхөд оршдог: Эзэний шүүлтүүд үнэн, тэд бүгдээрээ зөв шударга.

“Тэд алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, мөн зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.

“Үүнээс гадна тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагнал байдаг” (Дуулал 19:7–11).

Хууль, гэрчлэл, дүрэм, тушаалууд, эмээхүй (бишрэн хүндэтгэл), ба шүүлтүүд—эдгээр судар дахь хэсгүүд бүгд Их Эзэний үг буюу судруудтай ижил утгатай билээ. Тэдгээр нь “алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, [мөн] зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг.”

Заримдаа бид Тэвияа болон миний номлогч охинтой адил зүйлийг мэдрэх ёстой хэмээн би боддог. Бидэнд судрууд нь—алт шиг үнэтэй, зөгийн бал шиг чихэрлэг—дур булаам уу? Бид тэдэн дээр хурималж, тэдэнд гайхан биширч, Нифайн заасны адилаар тунгаан боддог уу? (2 Нифай 4:15–16-г үз). Иаковийн зөвлөсний дагуу бид тэднийг харьцуулдаг уу? (2 Нифай 6:5-ыг үз). Их Эзэний бидэнд өгсөн хөрвүүлэлтэд авчрах мэргэн ухаан, гэгээрэл, илэрхийлэл, тайвшрал болон баяр хөөрийн онцгой үгсийг эрж хайдаг уу? Бид тэдгээрийг бидэнд байгаа адислалуудын илүү амтлаг эрхэм дээд нь гэдгийг мэддэг үү?

Судруудаар Өлсөж Цангахуй

Бид судраар хэр зэрэг дутагдана энэ нь бидэнд төдий чинээ амттай, үнэ цэнэтэй байна. Хэдэн сарын өмнө намайг Африкт аялж явахад Гэгээнтнүүд байнга хоол тэжээлээр дутагдалтай байв, гэхдээ сонирхолтой нь үүнээс ч илүүгээр Их Эзэний үгэн дээр хуримлахад илүү ихээр дутагдсан байсан. Миний айлчилж очсон дөрвөн улс тус бүрд би хүмүүсийн агуу их итгэл, хүчирхэг сүнсийг мэдэрсэн юм. Хэдийгээр тэд эд зүйлээр дутагдаж байсан ч сүнслэг байдлаар элбэг баян байв. Тэдэнд сайн мэдээний баярт мэдээнүүд—судруудын энгийн тодорхой, үнэ цэнэтэй үнэнүүд байсан юм. Тэдний тогтмол суралцдаг судрууд цуглаан бүрд тэдэнтэй хамт байдаг. Тэд нар судруудаас заасан, уншсан, мэдсэн мөн тэдгээрийг хайрладаг болсон.

Ариун ёслолын цуглаан дээр үг хэлэгч нэгэн залуу индэр дээр зөвхөн судраа барин гарч ирсэн юм. Түүний байдал ихэнх залуу насныхны үг хэлэхдээ гаргадаг байдалтай адил толгойгоо бөхийлгөн, хөлөө байнга хөдөлгөж байсан ч хэлсэн үгс нь хүчирхэг байв. Тэр золиослолын тухай ярьсан бөгөөд хуучин гэрээний үед цусаар золиослол хийдэг байсан тухай яриагаа эхлэв. Дараа нь тэрээр тайван гэгч нь Мормоны Номоо нээн 3 Нифайгаас Аврагчийн ирснээр хуучин зүйлс дуусч, Тэрээр одоо харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг хүлээн авдаг тухай ярив. Тэр ямар ч бичиж тэмдэглэсэн зүйл ашиглаагүй бөгөөд сургаалын тухай мэдлэгээ ашигласан нь тэр юм. Энэ бол бид нар судраас зааж байх хэрэгтэйг үзүүлсэн жишээ юм.

Би Дуулалын 19-ийг эдгээр Гэгээнтнүүдтэй холбон бодлоо. Тэдний хөрвүүлэлтийн утга учир нь Их Эзэний хууль байсан юм. Их Эзэний хууль эдгээр энгийн, авъяастай хүмүүсийг цэцэн болгожээ. Их Эзэний хууль, гэрчлэл, дүрэм тушаалууд тэдэнд байгаа учраас тэдний нүд гэрэл гэгээтэй, зүрх сэтгэл нь баяр хөөртөй байсан. Цуглаанд очихын тулд дөрвөн цагаас ч илүү алхаж ирсэн Гэгээнтнүүдтэй би уулзсан билээ. Тэдэнд тээврийн хэрэгсэл гэх юу ч байгаагүй бөгөөд заримдаа гутал ч үгүй, маш жоохон идэх юмтай байдаг. Хэдэн жилийн турш тэд маш хатуу ган гачигтай нөхцөлд газар хагалан амьдарч байгаа билээ. Гэсэн хэдий ч тэд Христийн үгийг зооглосоор байна. Энэ нь “алтнаас . . . илүү хүсүүштэй, . . . [мөн] зөгийн балнаас . . . илүү чихэрлэг” юм.

Африкийн өөр нэг улсад олон хүмүүс Бурханы үгээр өлсөж байгаатай тааралдав. Биднийг ирсэн өдөр шатахуун байхгүйн улмаас тээврийн хэрэгсэл зогссон байв. Галын дэргэдэх ярилцагад оролцохоор төлөвлөж байсан 700 сүмийн гишүүд тэнд очих ямар ч арга байхгүй гэдэгт гадасын ерөнхийлөгч итгэлтэй байв. Бид түүнд ирсэн хүмүүс олон ч бай, бага ч бай хамаагүй ярихаа хэлэв. Биднийг цуглаан хийхээр тохирсон өрөөнд 20 минутын өмнө орж ирэхэд 300-аас илүү олон сүсэг бишрэлтэй Гэгээнтнүүд цугларсан байсан ба тэд хөгжим тоглуулагчаар явж байсан сүмийн дууллыг сонсож байлаа. Би ариун сүнсээр дүүрсэн юм. Цуглааны дундуур ямар нэгэн, гайхамшигтай байдлаар, өөр 300-гаад хүн орж ирэв. Тэд Их Эзэний үгээр өлсөж байсан юм. Бүгд судраа авчирсан ба цуглааны турш үнэн хүсэлтэйгээр даган хуудсуудыг эргүүлсээр байв. Тэдний жишээгээр би өөрийгөө өсөх хэрэгтэйг ухаарсан юм. Бидний олонх нь зүрх сэтгэлээ дэлхийн зүйлүүд дээр байрлуулсан байж болох юм. Бид үгийг судлах, сургаалаар амьдрах тал дээр хэр өссөн бол хэмээн би заримдаа боддог.

Хуучин Гэрээний бошиглогч Амос үгийг сонсохын төлөөх өлсгөлөнгийн тухай буюу өөрөөр хэлбэл, сүнслэг өлсгөлөнгийн талаар өгүүлсэн байдаг. “Харагтун, би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна, гэж Их Эзэн Бурхан тунхаглаж байна, талхаар өлсөх, усаар цангах бус, харин Эзэний үгийг сонсохын төлөөх өлсгөлөн байх болно” (Амос 8:11). Африкт, би зөвхөн талх, усаар бус Их Эзэний үгийг сонсохоор өлсөж байгаа Гэгээнтнүүдтэй уулзсан юм. Учир нь тэд сүнслэг өлсгөлөн, Нифайн заасан, хэрхэн “Христийн үгэн дээр хуримлах”-ыг мэдсэн, “учир нь болгоогтун, Христийн үг та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:3).

Хэрэв бидэнд хуримлах судрууд байхгүй байсан бол бидний мэдэрч болох сүнслэг өлсгөлөнг төсөөлж үз. Маш олон хүмүүс насан туршдаа хуулийн цэдэггүй байсан. Жишээ нь, Лихайн гэр бүлийнхний цөлд хэсүүчилж байсныг “мөн тэд өөрсөдтэйгөө цэдгүүдийг авчирсан нь үгүй” (Омнай 1:17) Мюлекчүүдийн тухай, хуучин гэрээний цаг үед Эзра, Нехемиа нар хуулийн номон дээрх Вавилоны боолчлолоос Иудейчүүдийг буцаан дахин сургах хүртэл хүмүүст хуулийн ном байхгүй, мартсан байсан (Нехемиа 8:1–13-ыг үз).

Залуу Насандаа Судруудыг Хайрлаж Сур

Хуучин Гэрээнээс миний хамгийн дуртай жишээ бол, найман насандаа хааны ширээнд заларсан хаан-хөвгүүн Иосиа юм. Алтнаас ч илүү үнэ цэнэтэй, зөгийн балнаас ч илүү амттай судруудын үр нөлөөг мэдэж авсан залуу хөвгүүний тухай түүний түүх өгүүлдэг. Түүний өмнөх, дараах бүх хаад гэм нүгэлтэй байсан. Тэд хуулийн номгүй эсвэл үүнийг уншихгүй, анхаарал тавихгүй байхыг сонгосон. Иосиагийн засаглалын үед, дээд санваартан Хилкиа Израилын гэр бүлийн хуулийн номыг олсон (Хаадын Дэд 22:8-ийг үз). Иосиа энэ номыг уншсан. Иосиагийн зүрх зөөлөн болж, Эзэний өмнө уйлсан (Хаадын Дэд 22:19-г үз). Тэгээд тэр бүх хүмүүсээ ариун сүмд цуглуулж, үгсийг тэдэнд уншиж, тэд бүгдээрээ Их Эзэний тушаалуудыг дагана хэмээн гэрээ хийдэг:

“Тэр бас Эзэний өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэдний чихэнд уншив.

“Хаан [түүний хүмүүс] баганын хажууд зогсоод, Эзэний өмнө гэрээ байгуулан, Эзэний араас явж, өөрийн, түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг бүх зүрх, сэтгэлээр сахьж, энэ номд бичигдсэн уг гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэжээ. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ” (Хаадын Дэд 23:2–3).

Энэ нь ямар ухаарал төрөм түүх вэ. Яагаад Иосиа хуулийн номонд заасан зүйлүүдийг хийсэн тийм баатарлаг нэгэн байсан бэ гэж би үе үе боддог. Яагаад түүний өмнөх, дараах хаадуудын үйлдэл түүнийхээс өөр байсан бэ? Судруудыг уншсанаар үүнийг үнэлэн, дагаж, үүн дэх тушаалуудыг дагана хэмээн гэрээ хийж, гэрээндээ баттай зогссоноор та нарын залуу насандаа үүнээс суран, хэрэгжүүлэх зүйл нь юу вэ?

“Судрууд магадгүй өмнөх дэлхийд заасан зүйлүүдийн дурсамжийг сэргээн түүний сүнсэнд нөлөөлсөн байж болно. Ахлагч Нийл А.Максвелл 1991 онд БЯИС дээрх СБС-ийн чуулган дээр хэлэхдээ: ”Зуурдын байдлын өмнөх амьдралд буюу бидний хандлага тэнд маш удаан хугацаанд тэтгэгдэж наад зах нь урагш дуудагдсанаас бидний богинохон дурсамжтай холбоотойгоор судруудын хүч сэтгэлийг онцгой хөдөлгөдөг байж болох юм.“ (”Teaching by the Spirit—’The Language of Inspiration’“ in Old Testament Symposium Speecfhes, 1991 [1991], 1).

Чухам иймээс бид судруудад “санагтун, санагтун” гэсэн тушаал заавруудтай олонтаа тааралддаг байж болох юм (Мозая 2:41, Алма 37:13, Хиламан 5:9, 12; 14:30-ийг үз). Бид зөвхөн энэ амьдрал дахь гайхамшгууд хийгээд нигүүлслийг төдийгүй, бас бидний мөнх бус байдлын өмнөх амьдралын заадаг эрхэм зүйлүүдийг дурсан санадаг билээ. Бид өөрсдийн судалгаа болоод тунгаан бодолтоос их зүйл сурч болно, тийнхүү Тэнгэрлэг Эцэгээсээ суралцсан өмнөх хичээлүүдээ эргэн харснаар мэдлэгээ сэргээдгийг Ахлагч Максвелл сургамжилжээ.

Оросод суугаа номлолын ерөнхийлөгчийн гэр бүлд Ахлагч Максвелл айлчлан, нэгэн өглөө тэдний 5 охинтой нь ярилцахаар суув. Тэрээр охидоос тэр өдрийн турш тэдэнд ямар нэг тунгаан бодож байсан судар байгаа эсэхийг хамгийн түрүүнд асуув. Энэ нь тэдний төдийлөн хүлээж байсан асуулт биш байв. Бодоод үз дээ. Ахлагч Максвелл судрууд нь өөрт нь алт шиг үнэтэй, балнаас ч чихэрлэгийн адил тэдэнд ч мөн адил гэж боджээ. Хэрэв бид түүний зөвлөснийг даган, оюундаа судрыг тунгаасаар байвал, бид хичээлүүдийн дундуур ч, жолоодож байхдаа ч, гэрээ цэвэрлэж байхдаа ч судраас судалсаар байх болно. Энэ нь амьдралын маань эхэн үед эхэлж үүнээс хойш үргэлжилсээр байх болно. Бид үргэлжлүүлэн хуримласнаар, хувийн тахал, сүнсний өлсгөлөнгөөс зайлсхийсээр байх болно. Бурханы үг “чулуун самбарт бус харин [бидний] махан биеийн зүрхний самбарт бичигдсэн” байх болно (2 Коринт 3:3).

Ахлагч Максвеллийн ач зээ нар ч түүнийг судруудад онцгой анхаардгийг нь мэднэ. Түүний ерөнхий чуулганы сүүлчийн захиаст тэрээр нэгэн үдэш, оройхон ач зээ нар дээрээ очсон тухай өгүүлснийг та нарын олонх нь санаж байгаа байх. Түүний ач хүү Робби аль хэдийн унтчихсан байж. Ахлагч Максвеллыг ирэхэд, ээж нь “Робби, өвөө Нийл ирээд байна” гэж хэлжээ.“Судруудаа би авчрах уу?” хэмээн ядарсан байдалтай бяцхан дуу унтлагын өрөөнөөс гарахыг тэрээр сонсчээ (Conference report, 2004 оны 4-р сар, 48; Ensign, 2004 оны 5-р сар, 46). Хаан хөвгүүн Иосиа болон бяцхан ач хүү Робби шиг бид амьдралынхаа эхэн үеэс судруудыг хайрлаж, тэдгээр дээр найрлан, тэдгээрээс суралцаж сурах ёстой.

Манай бяцхан ач зээ нар маань ч түүнчлэн амьдралынхаа яг энэ үед судруудыг хайрлаж сурч байгаа бөгөөд бид судруудад хариулах тэдний хариултад их баяртай байдаг. Жишээ нь, бүх түүхүүд дэх баатруудад хайртай байдаг гурван настай Жошуа судрын түүх бүрийн оргил үед, “За тэгээд тэр өдрийг хэн аврах бол? Есүс тэр өдрийг аварна!” хэмээн дуу алддаг байв. Есүс үнэхээр бидний Аврагч мөн гэдэг чухал хичээлийг Жошуа мэдэж авчээ. Бүр Түүний нэр “аврах” гэсэн утгатай байна шүү дээ. Одоо тэрээр өдөр бүр мэдэж авдаг баатруудынхаа талаар залбирдаг ажээ. Нэг удаа тэр Петр дахин живэхгүйн төлөө, гахайнууд тэнгис уруу харайхаар гүйж үхэхгүйн төлөө, түүнчлэн Лемен, Лемүел хоёр Нифайд сайн байхын төлөө залбирчээ. Тэр ч байтугай бид түүнийг Есүсийн аав Тэнгэрлэг Эцэгийн төлөө залбирсныг сонссон. Жошуа саяхан өөрийнхөө Мормоны Номын жинхэнэ эх хувийг Хүүхдийн Хэсэг дэх асрамжийн удирдагчаасаа хүлээн авчээ. Тэр цагаас хойш тэрээр Мормоны Номноос уншиж өгөхийг ээжээсээ хүсэхээ больсон аж. Тэр жинхэнэ бодитой үгсэд хамгийн их дуртай гэж ээждээ хэлжээ.

Зургаан настай өөр нэг ач хүү Таннер энэ зун усан сэлэлтийн хичээлд явсан гэнэ. Эхлээд тэр уснаас нилээд айдаг байж. Тэд эцэстээ бие даан гүнзгий булан уруу үсрэхээр бодож байсан тэр өдөр гэр бүл нь ердийнхөөрөө өглөөний хоолны үеэр уншдаг байсан судараа уншаагүй байжээ. Хэдийгээр эмээж байсан ч, Таннер гүнзгий ус руу үсэрчээ. Гэвч тэрээр гарахдаа ээжийгээ өөрийг нь ууртай байсныг мэдүүлсэн ажээ. Тэрээр хэлэхдээ, “Хэрэв бид өнөө өглөө судар уншихаа санасан бол, би ус руу үсрэхдээ ийм их сэтгэл түгшихгүй байсан.” Охин маань сануулга авлаа гэж бодсон ч бяцхан хүү нь амьдралд нь судруудын авчирдаг Сүнс болон хүч чадлыг ийнхүү үнэлдэгт нь баярладаг ажээ. Судар судлах нь усанд сэлэх гэж нэрлэдэг, гүнзгий ус руу үсрэх хүч чадлыг бидэнд өгч чадна (С ба Г 127:2-ыг үз).

Сургаал бидний амьдралыг өөрчилж чадна

Амьдралынхаа эхэн үеэс судруудыг мэдэж, хайрладаг байсных нь төлөө Тимотыг Төлөөлөгч Паул магтаж, ингэснээрээ бидний амьдрал дахь судруудын агуу адислалуудыг дүрсэлсэн юм:

“Христ Есүст итгэх итгэлээр дамжуулан авралд хүргэх мэргэн ухааныг чамд өгөх чадалтай Ариун Бичээсүүдийг чи бага наснаасаа мэдэх болсон.

“Судар бүр Бурханы сүнслэг урмаар өгөгдсөн бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай:

“Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” (2 Тимот 3:15–17).

Ариун судруудыг судалснаас ямар гайхамшигтай адислалууд ирдэг билээ. Тэдгээр нь биднийг авралын хувьд ухаалаг болгож чадна. Тэдгээр нь Есүс Христэд болон Түүний төлөвлөгөөнд итгэх бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлж чадна. Тэдгээр нь бидний сул дорой байдал хийгээд бид наманчлах хэрэгтэйг бидэнд зааж чадна. Тэдгээр нь бидэнд сургаалыг зааж чадна.

Ерөнхийлөгч Боид К.Пакер: “Ойлгомжтой зөв сургаал харьцаа хандлага, зан төрхийг өөрчилдөг. Сайн мэдээний сургаалуудыг судлах нь зан төрхийг судалж, түүнийг сайжруулахаас илүү хурднаар зан төрхийг сайжруулах болно” хэмээн олон удаа хэлж байгаа билээ (“Conference report, 2004 оны 4-р сар, буюу Ensign, 2004 оны 5-р сар, 79). Бид судруудаар дамжуулан яг эх сурвалжаас нь зөв сургаалыг мэдэж чадна, энэ нь Паулын хэлсэнчлэн, төгс буюу бүрэн төгөлдөр болоход эргээд бидэнд туслах болно. Судруудад агуулагддаг сургаал дээр буурь суурьтайгаар найрлаж эхлэх нь хэзээ ч оройтдоггүй. Чухамдаа, бүр өнөө орой ч гэсэн эхлэх нь бид бүгдийн хувьд нэн аятайхан цаг байж болно.

Өнөө үе бол та нар сургууль, ажил алба, номлол, найз нөхөд, болзоо, гэрлэлт, хүүхэдтэй болох, мөнгө санхүү, амьдралын нөхцөл байдал, Сүмийн үйлчлэлд итгэлтэй байх гэхчлэн юм бүхнийхээ талаар амьдралдаа нэн том, чухал шийдвэрүүд гаргах үе мөн. Чухал шийдвэрүүд гаргах эдгээр жилүүдэд та нарын хүн нэг бүрд тусалж болох юуны тухай ярихаа би удаан бодож, залбирсан билээ. Та бүгдэд хувийн удирдамж хэрэгтэй. Та нарын хүн бүрийн өвөрмөц нөхцөл байдлын онцлогт тохирсон илчлэлт хэрэгтэй. “Үгийг номлох нь . . . хүмүүсийн оюун ухаанд сэлэмнээс, эсвээс тэдэнд тохиолдсон юунаас ч илүү хүчтэйгээр нөлөөлсөн байв . . . тиймийн тул тэд Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сорих нь зайлшгүй болов хэмээн Алма боджээ” гэж Алма заасан байдаг (Алма 31:5). Бид “Бурханы үгийн нөлөөлөх хүчийг сориход,” тайтгарал, удирдамж хийгээд хувь хүний илчлэлт бидний хүн нэг бүрд ирэх болно гэдгийг би мэднэ, мөн үүнийг гэрчилж байна.

Судар судалснаар энэхүү хүчирхэг нөлөөллийг бид хэрхэн авах вэ? Судрууд Сүнсийг урьдаг. Энэ бол биднийг тайтгаруулж, биднийг удирддаг. Энэ бол бидэнд заадаг, бас бидний төлөөх Их Эзэний оюун бодол хийгээд тааллыг илчилдэг Сүнс билээ. Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл хэлэхдээ:

“Тэнгэрлэг харилцаандаа би хайнга хандах үед мөн тэнгэрлэг чих сонсохгүй, тэнгэрлэг дуу хоолой ярихгүй байгаа мэт санагдах үед би хол, бүр нилээд хол байгаагаа мэддэг. Харин би өөрийгөө судруудад умбуулахад, холын зай ойртож, сүнслэг байдал эргэж ирдэг” гэжээ (The Teachings of Spencer W. Kimball, Эдвард Л.Кимбалл [1982], 135).

Судрууд биднийг тайтгарлаар адисалдаг

К.С.Люисийн тухай нэгэн кинон дахь түүний дүр залбирлын талаар сайн мэдэгдэл хийсэн нь уг бүтээл судар уншихтай дүйцэхүйц болсон гэж би боддог. “Би өөртөө тусалж чадахгүй учраас залбирдаг. Би чадвар дорой учраас залбирдаг. Сэрүүн байсан ч, унтаж байгаа бүх цаг үед уг хэрэгцээ надад гардаг учраас би залбирдаг. Энэ нь Бурханыг өөрчилдөггүй, энэ нь намайг ч өөрчилдөггүй” хэмээн тэрээр хэлжээ (Виллам Ничолсон, Shadowlands, [stage play and screenplay] 1994). Судруудын талаар би мөн ийм бодолтой байдаг. “Хэрэгцээ бүх цаг үед надад гардаг” учраас би судруудад ханддаг. Бурханы үг миний бодгалийг тэжээн тэтгэж, миний мэдэх ёстой бүх зүйлийг надад заадаг байх нь миний онцгой хэрэгцээ гэдгийг би мэднэ. Бурханы үгс намайг өөрчилдөг.

Нацист Германд дайны олзлогдогсод болон хоригдож байсан Голландын эгч нар болох Бетси болон Корри тен Буум нарын сүнслэгээр нөлөөлөгдсөн түүхийг та нар санаж байгаа байх. Равенсбрук дахь эмэгтэйчүүдийн бөөнөөр хорих зар цуутай хорих газарт тэд хэрхэн Библид өөрсдийн онцгой хэрэгцээний дагуу ханддаг байсан түүх та нарт таалагддаг байх. Корри бидэнд өгүүлэхдээ:

“Бидний хувьд, өглөөнөөс гэрэл унтартал, бид тооллогод орон жагсахаас бусад тохиолдолд бидний Библи, цаг үргэлж өргөжин байсан тусламжийн хийгээд найдварын оч байлаа. Тэнэмэл хүмүүс гал тойрон бөөгнөрдөг шиг, бид ч Библийг тойрон зүрх сэтгэлээ үүний дулаан илч, гэрэлд ээдэг сэн. Бидний эргэн тойронд шөнийн харанхуй өсөх тутам Бурханы үг илүү хурц гэрэлтэй, илүү үнэн зөв, илүү сайхан болдог байлаа. ‘Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гай зовлон уу, сэтгэл санааны доройтол уу, эсвэл мөрдөн мөшгилт үү, эсвэл өлсгөлөн, хувцасгүй байх, аюул заналхийлэл үү, эсвэл илд зэвсэг үү? . . . Үгүй ээ, биднийг хайрладаг түүгээр дамжсанаар бид эдгээр бүх зүйлүүдэд байлдан дагуулагчдаас илүү юм.’

“Бетсийг уншиж байх зуур, гэрэл нүүрнээс нүүрэнд ойхыг би ажина” (The Hiding Place, [1971], 194–95).

Эдгээр эмэгтэйчүүдийг Бурханы үгс тэжээн тэтгэж, өргөн дэмждэг байжээ. Бурханы үгс бүлээн дулаан илч, гэрэл авчирдаг байлаа. Бурханы үгс алтнаас илүү үнэтэй, зөгийн балнаас илүү амттай байлаа.

Судрууд биднийг илчлэлтээр адисалдаг

Зарим үед судруудын тодорхой үгс бидний залбирлуудад яах аргагүй хариулдаг. Судруудыг унших нь бас бидний оюун ухаан, зүрх сэтгэлийг Сүнсээр өдөөгдсөн бодол санаануудад нээдэг. Хэрэв бид эрж хайж, хүсч эрмэлзэж, асууж судруудад хандах юм бол бид ийм тусламж хүлээн авахад илүү тохиромжтой болно.

Иосеф Смит судруудыг уншиж, сүнслэгээр нөлөөлөгдсөн асуултуудыг асуухад илчлэлт түүнд дахин дахин ирдэг байлаа. Алдар суут Анхны Үзэгдэл бол 14 настай хөвгүүн судруудыг судалж, чухал асуултууд тавьдаг байсны үр дүн байсныг бид бүгд мэднэ. Аль сүм үнэн болохыг тэрээр мэдэх хэрэгтэй байв, тэгээд тэр чин сэтгэлээсээ Түүнээс асуусан хүмүүст Их Эзэн хариулах болно гэсэн Иаков дахь амлалтад анхаарал нь ихэд татагдсан ажээ. Бас хэсэг 76 нь хүмүүний авралын тухай Иоханы Сайн Мэдээний бичээсүүдийг Иосеф тунгаан бодох үед ирснийг та нар мэдсэн үү? Алдар суугийн зэрэглэлүүдийн тухай үзэгдэл түүний хараанд нээгдсэн билээ. Чухамдаа, ХҮГ нэг эрдэмтэн дараах зүйлийг тооцоолсон ажээ:

“Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийн 50 гаруй хувь нь Библийн сүнслэгээр нөлөөлөгдсөн хянан засварлалтын үед хүлээн авагджээ. . . . Иосеф Смитийн орчуулгын үйл ажиллагаанд бид илчлэлтүүдийг хэрхэн хүлээн авах тухай асуудлаар амьд сургамжийг олж хардаг; Бошиглогч судруудад өөрийгөө гүнээ зориулахын хэрээр, асуудлууд, сонирхол татсан үйл хэргүүд хийгээд асуултууд тодрон гарч ирж, олон тохиолдолд бясалгалын илчлэлтүүд хэлбэрээр Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд цаашдын гэрэл хийгээд мэдлэг болж ирсэн юм” (Роберт Л.Миллет, “Joseph Smith’s Translation of the Bible and Doctrine and Covenants,” Роберт Л.Миллет ба Кент Р.Жаксон, Studies in Scriptures, Нэгдүгээр боть, Сургаал ба Гэрээ [1984] 1:139).

Бусад бошиглогчдын илчлэлтүүд мөн энэхүү загварыг баримталсан юм. Сургаал ба Гэрээний 138 нь Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит сүнсний дэлхийн тухай Петрийн бичээсүүдийг тунгаан бодож байх үеэр түүнд илчлэгдсэн ажээ.

Бидний хүн нэг бүр хувиараа илчлэлт хүлээн авах эрхтэй. Үүний нэн онцгой чухал эх сурвалж бол судрууд байх учиртай. Бригам Янгийн Их Сургуулийн нэг профессор, судруудыг судалснаар дамжуулан Сүнсээр удирдагдсан нэг эмэгтэйн тухай энэ түүхийг ярьсан юм. Профессор ярьсан нь:

“Нэг эмэгтэй судрууд уншиж байх үеэрээ Сүнсний дуу хоолойг хэрхэн сонсож сурахад удирдагдсан ажээ. Залбиралд өвдөг сөгдөхийг, судруудын төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархахыг уншиж байх үед нь Сүнс түүнтэй хамт байхыг хүсэхийг, тэгээд тухайн өдөр судруудаас өөрт нь юу хэрэгтэй байгааг—хариулт авах нэг асуулт, магадгүй харилцаанд удирдамж авах, эсвэл шийдвэр батлах нь түүнд хэрэгтэй байгааг Их Эзэнд хандан ярихыг түүнд заасан байлаа. Тэгээд тэрээр судруудаа нээн, уншиж эхэлдэг байв. Өөрийнх нь хүссэн хариуг Сүнс түүнд өгөхөөс өмнө тэрээр хэзээ ч цааш нь их уншдаггүй байж. Судруудаас болон Сүнснээс ийнхүү өдөр бүр асууж, хариулт авах замаар Сүнсний шивнээнүүдийг мэдрэх тэр эмэгтэйн мэдрэмж өсөн нэмэгдэж—улмаар тэр судруудад дуртай болжээ.”

“Би түүний туршлагыг бусдад ярихад тэд дараа нь энэхүү туршилтыг хийж үзсэн аж; үр дүн нь гайхмаар байлаа. Мөнгө санхүүгийн асуудлаас эхлээд харилцааны санаа зовоосон зүйлүүд хүртэл бүх зүйл шийдвэрлэгдсэн байлаа. Мөн энэ үйл явцад Ариун Сүнсний дуу хоолойг сонсох тэдний чадвар өсөн нэмэгдсэн байлаа” гэжээ (Венди Л.Ватсон, “Let Your Spirit Take the Lead,” The Power of His Redemption: Talks from the 2003 BYU Women’s Conference [2004], 326).

Би ч бас судруудад хайртай, амьдралдаа судруудад түшиглэдэг. Миний хувьд судрууд алтнаас илүү үнэтэй. Миний хувьд хариултууд үргэлж амархан ирдэггүй ч гэсэн, ер нь ирдэг л дээ. Зарим үед хариулт нь, Их Эзэний таалал буюу цаг хугацааг намайг ойлгохыг хүлээж байх үед амар амгалангийн болон тайтгарлын хэлбэрээр ч ирдэг. Намайг залуу ээж байхад Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл сүмийн эмэгтэйчүүдийг “судруудын эрэлч болоход нь” урамшуулан дэмжиж билээ (“The Role of Righteous Women,” буюу Ensign, 1979 оны 11-р сар, 102). Хэрэв цаг гарвал, түүний заавар чиглүүллийг дагах тоо томшгүй олон арга зам нь эх болоход минь надад хэрхэн тусалсан тухай би та нарт ярих сан. Хэрэв та нар миний судруудыг сайн ажиглах юм бол, нилээд хэсгийн захад манай хүүхдүүдийн нэрийг бичсэн байгаа. Эдгээр хэсгүүдийг би тэдэнтэй хуваалцах хэрэгтэйг илчлэлтийн хүчээр би мэдсэн юм.

Үүнчлэн, Их Эзэний үгс намайг Сүмийн үйлчлэлд маань адисалсан билээ. Би анх Залуу Эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчөөр дуудагдаад судрууд хайхаар явж билээ. Би өөрийгөө чадвар дутмаг гэж бодон бас миний чадвар дутмагаас ахадсан үүрэг хариуцлагууддаа түүртэн, тайтгарал, удирдамж эрэлхийлж байв. Дуудлагуудынхаа хувьд өөрсдийгөө чадвар дутмаг гэж боддог байсан бошиглогчид, удирдагчдын тухай судрын түүхүүд, Их Эзэн дуудсан хүмүүсийнхээ чадварыг нэмэгдүүлдгийг надад зааж, амар амгаланг надад авчирдаг билээ.

Ийм нэгэн бошиглогч Енох хэлэхдээ, “Би Таны мэлмийд таалал олсны учир юу билээ, гэтэл би залуу, мөн бүх хүмүүс намайг үзэн яддаг буюу; учир нь би ярихдаа удаан бөлгөө; иймийн тул бибээр таны үйлчлэгч мөн үү?

“Мөн Их Эзэн Еноход хэлэв: Урагш одож, мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн. . . . Амаа нээ, тэгвэл энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно” (Мосе 6:31–32). Мосе бас өөрийгөө тохирохгүй гэж боддог байв, тэгэхэд нь Их Эзэн, “Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана” хэмээн амласан ажээ (Египетээс Гарсан нь 4:12). Мөн Иеремиа, “Бүү ай . . . учир нь би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байна . . . [Мөн] би өөрийн үгсийг чиний аманд хийв” гэсэн адислал хүлээн авчээ (Иеремиа 1:8–9).

Би судар судалж байхдаа Аврагчид өгөгдсөн амлалтуудаар бүр их тайтгарлыг олдог. Тэнгэрлэг Эцэг тэдгээр адислалуудыг миний хэрэгцээнд тохируулах бодолтой байдаг гэж би боддог. “Эзэн Бурхан надад шавийн хэл өгсөн, шавь мэт сонсгохын тулд миний чихийг нээнэ” (Исаиа 50:4). Энэ судар миний ихэд дуртай сэдэв болох өөр нэг судрыг надад зааж өгсөн юм. “Учир нь та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг би та нарт өгөх болно” (Лук 21:15). Өнгөрсөн гурван жилд би үг болоод мэргэн ухааны төлөө өдөр бүр залбирдаг байлаа. Мэргэн ухаан надад байхын төлөө, тэгснээр захиасыг хэрэгжүүлэх агуу боломж надад байхын тулд (би өөрийгөө тохирохгүй гэж хамгийн ихээр боддог газарт) Их Эзэн надаар юу заалгахыг хүсдгийг мэдэх нь миний хамгийн агуу хүсэл билээ. Судруудаар дамжуулан би намайг энэ дуудлагад удирдаж, тайтгаруулдаг хувь хүний илчлэлт олсон билээ. Их Эзэний үгс миний амьдралд “алтнаас илүү хүсүүштэй . . . [бас] зөгийн балнаас илүү амттай . . . ” юм (Дуулал 19:10).

Судрууд биднийг гэрчлэлээр адисалдаг

Сүмийн гишүүдийн хувьд бидэнд байдаг агуу адислалуудын нэг бол Есүс бол Христ мөн гэдэг нэмэлт гэрчлэлийг өгдөг орчин үеийн судар бөгөөд энэ нь Түүний сайн мэдээний бүрэн байдлыг сэргээсэн юм. Мормоны Номыг уншиж, бидний амьдралд агуу адислалууд ирэх болно гэсэн амлалтын хамт үүний үзэл баримтлалуудаар амьдрахад манай хожмын үеийн бошиглогч бүр биднийг урамшуулан дэмждэг билээ.

Наймдугаар сард Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэхүү тэмдэглэлт жилийн эцэс гэхэд Мормоны Номыг унших, дахин уншихыг Сүмийн гишүүн бүрээс хүссэн гэдгийг одоо бүгд мэдсэн гэж би бодож байна. Манай бошиглогч яагаад ингэхийг биднээс хүссэн гэж та нар боддог вэ? Яагаад? Би юу мэдэх хэрэгтэй вэ? Би хэрхэн сайжрах хэрэгтэй вэ? Хаана надад туслалцаа хэрэгтэй вэ? гэж бидний хүн нэг бүр өөрсдөөсөө асуух ёстой. Мормоны Номыг унших хувь хүний учир шалтгаан хийгээд энэхүү хэрэгцээг бид олох болно. Ингэхэд Ерөнхийлөгч Хинкли бидэнд “. . . Их Эзэний Сүнс та нарын амьдралд, бас та нарын гэр оронд нэмэгдэн ирж, Түүний зарлигуудад дуулгавартай алхлах хүчирхэг шийдвэр төгс байдал, Бурханы Хүү амьдардаг нь бодитой илүү хүчтэй гэрчлэл бий болох болно” гэдгийг амалсан билээ (“A Testimony Vibrant and True” буюу Ensign, 2005 оны 8-р сар, 6).

Их Эзэний Сүнс Мормоны Номыг дагалддаг. Мексикийн Гвадалажарад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн миний найз нар Вилфорд болон Катлийн Андерсен нар Мормоны Номын сүнсийг чухам ажил дээрээ харсан хүмүүс. Андерсен Эгч номлолынхоо сүүлчийн жил гурван хүүгээ улсын сургуульд явуулахын оронд гэртээ тэдэнд боловсрол олгохыг ойлгож мэдрэсэн юм. Гэтэл тэдэнд испани хэл заахад түүнд тусламж хэрэгтэй болох нь тэр. Тохирох багш олохын тулд тэр залбирчээ. 20 жилийн турш багшилж байгаа бөгөөд дөнгөж саяхан энэ шинэ хотод шилжиж ирсэн Ирма Энсинас руу тэрээр удирдагджээ. Ирма Энсинас хөвгүүдтэй ажиллахын тулд долоо хоногт хоёр удаа ирдэг байв.

Хичээлийн жил эхлэхэд гурван долоо хоног дутуу байхад Андерсен Эгч манай Сүмийн тухай илүү ихийг мэдэхийг сонирхдог хүнийг тэрээр хөлсөлснөө мэджээ. Иймээс тэрээр түүнд Иосеф Смитийн тухай, Мормоны Номын тухай ярьсан аж. Андерсен Эгч тэгээд хөвгүүдийнх нь испани хэлний сургалтын төлөвлөгөө нь Мормоны Ном байхаар шийдсэн гэнэ. Багшийгаа ирэх болгонд хөвгүүд судруудаас ээлжлэн чангаар уншдаг байлаа. Дараа нь багш нь тэднээс уншсан зүйлийнх нь талаар асуултууд асууж байхаар заавар хүлээн авсан бөгөөд хөвгүүд багшдаа испаниар хариулах ёстой байв. Хөвгүүд испани хэл үзэж байхад, Ирма Энсинас Мормоны Номны тухай мэддэг болж байлаа.

Христийн мэндэлсний баярын дараа Ирма Энсинас Андерсен эгч рүү хүрч ирэн, уйлж эхэлжээ. Юу болсон тухайгаа тэрээр түүнд ярих хэрэгтэй байв. Хөвгүүд түүнд Мормоны Номноос уншиж өгөх бүрд Ирма тэдний нүүрний эргэн тойронд гэрэл байхыг хардаг байсан гэнэ. Тэд номоо хаахад, нөгөөх гэрэл алга болдог байж. Түүнтэй хамт амьдардаг байсан эгч нь 11 жилийн өмнө Мормоны Номын нэг хувийг хүлээн авсан боловч түүнийг уншаагүйг тэр хүлээн зөвшөөрчээ. Энэхүү ер бусын туршлага нь тавиур дээрээс нөгөөх тоосонд дарагдсан номыг эрж хайхад тэр хоёрыг хүргэсэн аж. Энэ номноос цацардаг тэр гэрэл тэдний өөрсдийнх нь хувьд чухам юу болохыг нээж мэдэхийг тэд хүсчээ. Уг түүхийн үлдсэн хэсгийг та нар төсөөлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэд Мормоны Номыг уншиж эхлэн, улмаар номлогчдоор өөрсдөдөө заалгахыг хүссэн ажээ. Номлогчидтой хийсэн анхны ярилцлагаас хойш хоёр долоо хоногийн дараа тэд баптисм хүртжээ.

Миний гэрчлэл

Бид Мормоны Номыг унших үед тэрхүү гэрэл бидэнд байхыг Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли бидний хүн нэг бүрд амласан билээ. Би өнгөрсөн хэдэн долоо хоногийн туршид Мормоны Номыг дахин уншсан. Есүс Христ бол дэлхийн Аврагч болох тухай зүрх сэтгэлд минь шатаж байгаа гэрчлэлийн галыг энэ ном дахин ноцоосон юм. Бараг шүлэг болгон нь Түүний тухай гэрчилдэг. Ерөнхийлөгч Боид К.Пакер, “Мормоны Номон дахь 6000 гаруй шүлэг буюу хагасаас хавьгүй илүү нь Түүнд шууд холбогдоно” хэмээн хэлжээ (Conference report, 2005 оны 4-р сар, 8 буюу Ensign, 2005 оны 5-р сар, 8–9).

Мормоны Номын хүмүүс Түүний Гэтэлгэлд найдах найдвартайгаар Түүн рүү ширтэн харсан байдаг бөгөөд тэд Түүний Цагаатгалд найдах найдлагатайгаар Түүний үлгэр дуурайл бүхий амьдрал хийгээд гэтэлгэгч үхлийг гэдрэг харсан байдаг. Христийг мэндлэхээс бүр өмнө Иаков бичихдээ, “Судруудад та итгэдэг үү? . . . учир нь тэдгээр нь үнэхээр Христийг гэрчилдэг юм. Болгоогтун, нэгээхэн ч бошиглогч тэдгээр нь энэ Христийн талаар л ярьсан бус аваас, юуг ч бошиглосон нь, мөн бичсэн нь үгүй гэдгийг би танд хэлнэ” (Иаков 7:10–11). Мөн Христийг ирснээс олон жилийн дараа Мормон бичихдээ, “Мөн эдгээр ялтсууд дээрх зүйлүүд нь Христийн ирэлтийн тухай бошиглолууд учир намайг баясгадаг; мөн тэр болгон нь биелэгдсэн гэдгийг миний эцэг өвгөд мэддэг бөлгөө” гэжээ (Мормоны Үгс 1:4). Гэрчлэлийн хичнээн өргөн далайцтай, гайхамшигтай хэтийн төлөв бэ. Би уншиж байхдаа, энэ нь өвчин зовлонг тэвчин, нүгэл, уруу таталтыг даван туулсан, Христэд болон Түүний Цагаатгалд итгэдэг хүмүүсийн итгэлээр дамжин ирснийг би мэддэг байлаа. Есүс бол амьд Христ гэдгийг би мэднэ. Түүний гэтэлгэгч хайрын тухай дууг би дуулмаар санагдлаа (Алма 5:26-г үз).

Мөн энэ удаа уншихдаа би ялтсууд—гуулин ялтсууд, 24 алтан ялтас, том, жижиг ялтсууд дээрх Нифайчуудын цэдгийн ач холбогдлыг зэрвэсхэн ухаад авсан билээ. Тэдгээр нь Лихай болон түүний үр удмынханд алтнаас илүү үнэтэйг би ойлгосон. Өнөө орой миний хийж чадах, мөн хүсч чадах зүйл бол Алма биднийг гэртээ түлхэн оруулсан нь юм, одоо ингэхлээр хүү Хиламандаа түүний заасан зүйлүүдийг сонсоцгооё. Яагаад эдгээр цэдэг тус бүр нь тийм их чухлыг тэрээр түүнд онцгойлон өгүүлдэг. Тэдгээрийг зөвхөн харж хамгаалан, үргэлжлүүлэн бичих төдийгүй, бас агуулж байгаа үнэнүүдийг заах агуу үүрэг хариуцлагыг тэрээр түүнд итгэмжлэн хүлээлгэсэн билээ. “Учир нь үүний чигийг [Лиахона] дагснаар бидний эцэг өвгөдийг амлагдсан нутагт энэ чиглүүлэгч авчирсан нь гарцаагүйн адил, хэрэв бид тэдгээрийн чигийг дагавал Христийн үгс биднийг энэ харамслын хөндийн цаад талын илүү дээр амлалтын нутагт аваачих болно” хэмээн тэрээр хэлжээ (Алма 37:45).

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклийн амласан, их хэмжээний Сүнс, наманчлах хийгээд дуулгавартай байдалд илүү тууштайгаар алхлах хүсэл, түүнчлэн Бурханы амьдардаг нь бодитойн адислалуудыг би хүлээн авсан билээ. Та нар судруудаар дамжуулан хувь хүний илчлэлтийг урьж, Есүс Христийн сургаалын тухай мэдэж аван бүх амьдралынхаа туршид дагах загвар бий болгохын тулд судрууд дээр найрлах энэ цаг үеийг залуу насандаа ашиглахын төлөө би залбиръя.

“Би Их Эзэнд хайртай; түүн дотор бодгаль минь баярладаг.” (Жоон Таннер, “I love the Lord” [Jackman Music Corp, 2000], 2; түүнчлэн 2 Нифай 4:15—16-г үз). Тэнгэрлэг Эцэг амьдардгийг, мөн Тэрээр Өөрийн судруудаар дамжуулан бидэнд хандан хангалттай ярьдгаараа Тэр бидэнд хайртайг би мэднэ. “Дотор сэтгэл минь судруудад баясдгийг” (2 Нифай 4:15) би Нифайн үгсээр гэрчилж байна. Судрууд миний гэрчлэлийг хүчтэй болгож, үнэнийг надад заан, миний замыг удирдаж, уй гашууг минь тайтгаруулдаг билээ, судрууд та нарын хувьд ч бас тиймийг би мэднэ. “тэдгээрээр Таны зарц сануулга авсан. Тэдгээрийг сахин биелүүлснээр агуу их шагналыг хүлээн авсан” (Дуулал 19:10). “Тэдгээр нь алтнаас, их шижир алтнаас илүү хүсүүштэй, [мөн] зөгийн бал, зөгийн сархинагаас дусдаг юмнаас ч илүү чихэрлэг” (Дуулал 19:10). Есүс Христийн нэрээр, амен.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy