Бошиглогчдын үгсээс чангаар барь
Ахлагч Нейл Л.Андерсен
Далын Ерөнхийлөгчийн Зөвлөл
CБС-ийн Залуу Насанд Хүрэгчдэд зориулсан Галын Дэргэдэх ярилцлага 2007 оны гуравдугаар сарын 4 • Бригам Янгийн Их Сургууль
Гучин гурван жилийн тэртээ би Бригам Янгийн Их Сургуулийн оюутан байхдаа оройн цагаар бидний зохион байгуулах дуртай байсан нэгэн үдшийн галын дэргэдэх ярилцлага дээр би нэгэн жижигхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Үг хэлэгч нь Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл байсан бөгөөд түүнийг Марриотт Төв рүү орохоор явж байхад нь түүний хажууд зэрэгцэн явах боломж надад гарсан юм. Ийм олон хүний өмнө гарахдаа та ер нь сандардаг уу гэж би түүнээс асуулаа. Тэр инээмсэглээд: “Андерсен ах аа, ‘хэрэв та нар бэлтгэгдсэн байх юм бол, та нар айхгүй байх болно’ (С ба Г 38:30) гэж судруудад өгүүлдгийг чи мэднэ шүү дээ. “Би толгойноосоо хөлийнхөө хурууг хүртэл чичирдэг” гэж хариулсан юм. Түүнд ямар байсныг би өнөө орой мэдэрч байна.
Энэ танхимд сууж байгаа та бүхэнд, түүнчлэн дэлхий даяар цуглаад байгаа та бүгдэд би хайр, хүндэтгэлээ илэрхийлж байна. Та нарын нинжин сэтгэлийг, сайн мэдээнд бүхнээ зориулсан байдлыг, та нарын итгэл, ирээдүйн төлөөх найдварыг, Тэнгэрлэг Эцэгээ баярлуулах гэсэн та нарын хүсэл эрмэлзлийг би мэднэ. Миний үгсийг, бас та нарын ойлголтыг Их Эзэний сүнс адислаасай хэмээн би залбирч байна.
Төмөр бариулаас чанга барь
Өнөө оройн цуглаан дээр би Их Эзэний удирдан хөтлөгч мутрын тухай та нарт гэрчлэхийг хүсч байна. Нэг сарын эхээр би та нарт хандаж ярих зүйлийнхээ тухай бодож, ноорог хийхээр ажиллаж байлаа. Хоёрдугаар сард та нарт хандаж Ахлагч Давид А. Беднар үг хэлэхээр төлөвлөгдсөнийг би мэдэж байсан болохоор хэлэх үгийнхээ сэдвийг олсон уу гэж би түүнээс асуусан юм.
Тэрээр төмөр бариулаас чанга барих нь гэсэн сэдвээр үг хэлэх юм байна гэдгийг сонсоод би гайхаж билээ. Энэ бол миний үг хэлэхээр сонгосон яг тэр сэдэв байсан юм. Бидэнд дуулж өгсөн энэ сайхан дуугаа найрал дуучид маань бидэнтэй хуваалцахаар аль хэдийн дадлага хийж байсан юм.
Ахлагч Беднар бид хоёр өөрсдийнхөө бэлтгэсэн сэдвийн талаар ярилцтал, бид хоёр энэ сэдэвт өөр өөр талаас нь хандсан нь тодорхой боллоо. Ахлагч Беднар хэсэгхэн зуур бодсоноо, “Их Эзэн Сүмийн залуу насанд хүрэгчдэд хайртай. Үүнд зорилго бий. Энэ бол Их Эзэний хэлэх гэсэн захиас мөн” гэж хэллээ. Тэгээд би сонгосон сэдвээрээ ярихаар шийдсэн юм.
Тэгээд ердөө ганцхан долоо хоногийн дараа Ахлагч Беднарыг үг хэлэхийн өмнө, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч Боид К. Пакер БЯИС-ийн онцгой цугларалт дээр: Лихайн Зүүд ба Чи гэсэн сэдвээр үг хэлсэн билээ. 1 Тэр бас хэлсэн үгэндээ “төмөр бариулаас чанга барих” гэдэг нь ямар утга учиртайг орууллаа.
Ах, эгч нар минь, энэ бол Их Эзэн та нараас бодож тунгаахыг хүсэж байгаа тэр сэдэв юм шүү.
Ерөнхийлөгч Пакер, Ахлагч Беднар хоёрын хэлсэн үгнээс, бас Мормоны Номыг хувиараа судлах явцдаа амьдралын модны тухай Лихайн зүүдэнд юу гарч байгааг анхааралтай судлаарай. Амьдралын мод бол Бурханы хайр бөгөөд Есүс Христийг төлөөлдгийг, уг модны жимснээс хүртсэнээр баяр баясгалан, аз жаргалыг хүлээн авдаг нь Аврагчийн Цагаатгалын адислалуудыг бэлэгддэг (1 Нифай 8:10; 11:8–9, 21–24-ийг үз) болохыг Ахлагч Беднар бидэнд заасан. 2
Тэнд бас агуу хийгээд нүсэр барилга байсан (1 Нифай 11:35–36; 12:18-ыг үз). Зүүдний энэ хэсгийн талаар бодох шинэ арга замыг Ерөнхийлөгч Пакерын хэлсэн үг миний оюун нээж өгсөн юм.
Тэр зүүдэнд мөнөөх мод уруу хөтөлдөг замд саад тотгор (1 Нифай 8:19–22-ыг үз) болсон чөтгөрийн уруу таталтуудыг төлөөлсөн харанхуй манан (1 Нифай 12:16–17-г үз) бас байдаг. Эцэст нь, харанхуй манан дундуур амжилттай туулж, амьдралын модонд хүрч очих боломжийг хүнд олгодог, Бурханы үгийг төлөөлсөн төмөр бариул (1 Нифай 11:24–25-ыг үз) байлаа.
Найрал дуучид:
Бариулаас, төмөр бариулаас барь;
’Бариул хүчтэй, бас гэрэлтэй, бас үнэн.
Төмөр бариул бол Бурханы үг;
’Биднийг замд аюулгүй удирдана”3 хэмээн нэн сайхан дууллаа.
Энэ дууллыг Испани болон Португаль хэлээр дуулж байгааг сонсоход бидэнд сайхан байсан бөгөөд өнөө орой бид нарыг сонсож байгаа бүх хэлээр бид сонсож чаддаг ч болоосой хэмээн бодож байна.
“Бурханы үгийг сонсох, мөн үүнээс зууран барих хэн боловч, тэд хэзээ ч эрсдэх нь үгүй; бас хортны уруу таталтууд . . . тэднийг сүйрэл уруу удирдахаар . . . давамгайлах нь үгүй” (1 Нифай15:24) хэмээн Нифай бидэнд амласан билээ.
Төмөр бариул бол Бурханы үг юм. Энэ тухайд би: Бурханы үг хөдөлгөөнгүй бариулыг бүрдүүлдэг хоорондоо нягт уялдаатай гурван хүчирхэг элементээс бүрддэг гэж бодох дуртай. Эдгээр гурван элементийн эхнийх нь судрууд буюу эртний бошиглогчдын үгс юм. “Төмөр бариулаас чанга барих боломжийг бидэнд олгодог тийм арга замаар та бид судруудыг өдөр бүр судалж эрэл хайгуул хийдэг бил үү?” 4 хэмээх сэтгэл зүрхэнд хүрсэн асуултыг Ахлагч Беднар өнгөрсөн сард асуусныг та нар санаж байгаа байх.
Бурханы үгийн хоёр дахь элемент бол Ариун Сүнсээр дамжин ирдэг хувийн илчлэлт болон сүнсний нөлөө юм. Ерөнхийлөгч Пакер үүнийг ингэж хэлсэн юм.
“Хэрэв та нар бариулаас барьж явах юм бол, Ариун Сүнсний бэлгээр дамжуулан та нар урагш замнах өөрсдийнхөө замыг мэдэрч чадна.
“Төмөр бариулаас барьж ав, тэгээд үүнийг өөрөөсөө бүү холдуул. Ариун Сүнсний хүчээр дамжуулан та нар насан туршийнхаа замыг мэдэрч чадна (3 Нифай 18:25; С ба Г 9:8-ыг үз.)” 5
Өнөө оройн миний сэдэв бол гурав дахь элемент, нөгөө хоёртойгоо нягт холбоотой нэн чухал нэмэлт холбоос юм. Төмөр бариулын энэ гурав дахь хэсэг амьд бошиглогчдын үгсийг төлөөлдөг. Бид бас амьд бошиглогчдоор дамжин ирдэг Бурханы үгнээс чанга барих ёстой. Өнөө орой хамт байгаа энэ цаг мөчөөс эхлэн бид амьд бошиглогчдын заадаг зүйлүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлж, тэднээс сурсан зүйлүүдийг аль болох хурдан амьдралдаа хэрэгжүүлж, тэдний үгсээс чанга барих нь ямар утга учиртай болох тухай өөрсдийн ойлголтыг гүнзгийрүүлээсэй хэмээн би залбирч байна.
Амьд Бошиглогчдын Үгс
Олон жилийн өмнө, тэр үед Тэргүүн Зөвлөлийн гишүүн байсан Ерөнхийлөгч Жоорж К.Каннон хэлэхдээ:
“Библи, Мормоны Ном, түүнчлэн Сургаал ба Гэрээний Ном бидэнд байдаг; гэвч эдгээр бүх номнууд, амьд үгсгүйгээр түүнчлэн Их Эзэнээс ирдэг илчлэлтийн байнгын урсгалгүйгээр, хүмүүсийг Бурханы Селестиел Хаант Улс уруу хөтлөхгүй. Ийм тунхаглал хийх нь хачирхалтай санагдаж болох юм, гэвч хэдийгээр хачирхалтай сонсогдож байгаа ч гэсэн, энэ нь яах аргагүй үнэн юм.
“Мэдээжийн хэрэг, эдгээр цэдгүүд бүгдээрээ хязгааргүй үнэ цэнэтэй юм. Эдгээр цэдгүүдийг хэтэрхий өндөр үнэлж болохгүй, бас эдгээрийг хэт их нарийвчлан судлах хэрэггүй. Энэ нь дангаараа өөрийнхөө дотор байдаг бүх гэрлээр хүмүүний үрсийг удирдан хөтлөх, тэднийг Бурханы оршихуй руу удирдахад хангалттай биш юм. Тийнхүү удирдагдахын тулд, хүмүүст амьдарч буй нөхцөл байдалд нь тохирсон амьд Санваартан болон Бурханаас ирдэг байнгын илчлэлт шаардлагатай.” 6
Мэдээжийн хэрэг, өнөө орой энд байгаа бид бүгд Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, Тэргүүн Зөвлөл дэх түүний хоёр зөвлөх, түүнчлэн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгыг хайрладаг. Гэвч өөрсдийн хайр, өөрсдийн үнэнч итгэлтэй байдлыг хүлээн зөвшөөрөхийн хамт, “Эдгээр ах нарын зөвлөгөө, тэдний заадаг зүйлүүдэд бид илүү анхааралтай хандаж, илүү эрэл хайгуул хийн, илүү дуулгавартай дагадаг болж чадах уу?” хэмээн би асуумаар байна.
Дараах асуултуудад та нар хэрхэн хариулахаа бодож үзнэ үү:
Тэргүүн Зөвлөлийн гурван гишүүний нэрийг, Арванхоёрын Чуулгыг бүрдүүлдэг хүмүүсийн нэрийг та нар нэг бүрчлэн надад хэлж чадах уу? Эдгээр арван таван хүн бол бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдээр та нарын болон миний дэмжин баталсан хүмүүс.
Хэрэв эдгээр Ах нарын зургийг бидэнд өргөн харуулбал, та нар тэднийг нэг бүрчлэн таних уу? Бид танихгүй буюу мэдэхгүй хэн нэгэнд онцгой анхаарал тавих нь ховор байдаг шүү дээ.
Өнгөрсөн аравдугаар сарын ерөнхий чуулган дээр Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн өгсөн зөвлөгөөг та нар надтай хуваалцаж чадах уу? Түүнчлэн Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хинкли, Ерөнхийлөгч Монсон, Ерөнхийлөгч Фауст нарын энэ оны эхний гурван сарын Ensign, Лиахонад нийтлэгдсэн захиасуудыг та нар хуваалцаж чадах уу?
Магадгүй хамгийн чухал нь байж болох нэг асуулт асууя, эдгээр арван таван хүний аль нэгнээс нь хүлээн авсан зөвлөгөөний улмаас амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчилсөн саяхны нэг тохиолдлоо та нар надтай хуваалцаж чадах уу?
Эдгээр асуултуудад бид хариулах нь маш чухал бөгөөд хариулах шалтгаан нь Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн дуудлага, үүрэг хариуцлагатай холбоотой. Их Эзэний Сүм үндэслэгдэн байгуулагдах бүрд, Их Эзэн бошиглогчид, төлөөлөгчдийг дууддаг. “Та нар намайг сонгоогүй, харин би та нарыг сонгосон, мөн та нарыг томилсон” (Иохон 15:16) гэж Аврагч хэлжээ. Энэхүү томилолт нь эдгээр хүмүүст сүнсний хүч, эрхэм дээд хариуцлагыг, мэдэх хийгээд гэрчлэх хүчийг, заах хийгээд адислах хүчийг авчирдаг. Уг томилолт бас хариуцлага хийгээд амлалтыг бидэнд авчирдаг. Сонсох хийгээд дагах үүрэг бидэнд байдаг; хэрэв бид тэдний үгсэд итгэж, тэдний хэлсэн үгийн дагуу үйлдэх аваас адислагдах болно гэсэн амлалт бидэнд байдаг.
Их Эзэн амилалтынхаа дараа Америк тивд Арванхоёр шавийг дуудаж, хүмүүст заахдаа: “Та нарт тохинуулж, мөн та нарын зарц байхаар та нарын дундаас миний сонгосон эдгээр арванхоёрын үгсэд анхаарал хандуулах аваас та нар адислагдсан болой” (3 Нифай 12:1) гэжээ. Маш хэцүү манай өнөө үед Их Эзэн: “Хэрэв миний хүмүүс миний дуу хоолойг, өөрийн хүмүүсийг удирдахаар миний томилсон миний үйлчлэгчдийн дуу хоолойг анхааран сонсох аваас, болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, тэд байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй” (С ба Г 124:45-ыг үз) хэмээн гэгээнтнүүдэд амласан юм.
Энэ бол Их Эзэний загвар мөн. Тэрээр “жирийн амьдралтай, ердийн ажил мэргэжилтэй” 7 арван таван хүнийг дуудаж, биднийг удирдаж чиглүүлэх түлхүүрүүд хийгээд хүчээр тэдэнд хишиг хүртээсэн юм. Тэднийг дуулгавартай дагахыг биднээс хүчлэн шаарддаггүй; энд албадлага гэж үгүй. Гэвч хэрэв бид тэдний үгсэд анхаарал тавих юм бол, хэрэв бид Ариун Сүнс нотолсны дагуу тэдний зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж, харьцаа хандлагаа өөрчлөх хүсэлтэй байх юм бол, бид байрнаасаа хөдөлгөгдөхгүй байх болно—энэ нь бид төмөр бариулаас чанга барьж, амьдралын мод уруу хөтлөгч зам дээр үүрд мөнхөд аюулгүй хэвээр үлдэх болно гэсэн үг.
Амьд бошиглогчдын зөвлөгөөг бид хэрхэн эрэлхийлж, түүнээс чанга барих вэ? Эдгээр хүмүүсийг бошиглогчид, үзмэрчид, илчлэгчид хэмээн дэмжин батлахдаа өөрсдийнхөө ашигладаг гурван үгний тухай илүү гүнзгий тунгаан бодох замаар энэ асуултыг авч үзэцгээе.
Бошиглогч
Эхлээд, бошиглогч гэдэг үгийг авч үзье. “Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн” (Илчлэлт 19:10) хэмээн Төлөөлөгч Иохан хэлсэн байдаг. Бошиглогчид Христийн тухай гэрчилдэг. Амьд Христийн тухай тэдний баттай гэрчлэл бол Сүмийн хувьд, бас дэлхийн хувьд тэдний хамгийн агуу адислалуудын нэг мөн. Эдгээр хүмүүс бол “бүх дэлхийд Христийн нэрний тусгай гэрчүүд” (С ба Г 107:23-ыг үз) байх ёстойг Их Эзэн тунхагласан юм. Бусад бүх зүйлээс дээгүүр, тэдний дуу хоолой Түүний бурханлиг чанар, Түүний бодит байдлын тухай гэрчлэлд өргөгддөг билээ. Тэдний шавийн ёс, тэдний томилолтод бий болж төлөвшсөн энэ гэрчлэл нь бидний хувийн мэдрэмжүүдэд чухал нөлөө үзүүлж чадна.
Тэдний гэрчлэлүүд Ариун Сүнс уг гэрчлэлийг бидний зүрх сэтгэлийн гүнд авчрах боломжийг олгон, энгийн байдлаар илэрхийлэгддэг. Жишээ нь, тэд гэрчлэлээ ийнхүү хуваалцахыг бид сонсож болно: “Би энд, харин та тэнд байдгийг би баттайяа мэднэ, Есүс бол Христ гэдгийг би мэднэ. Тэр амьд!” 8 Эсвэл, “Есүс бол бидний бурханлиг Аврагч, Гэтэлгэгч, Бурхан Эцэгийн Хүү гэдгийг мэддэг тов тодорхой мэдлэг бол минийх. Үгээр би илэрхийлж чадах аргагүй тийм ариун нандин, бат бэх үзэл баримтлалаар би түүний бодитойг мэднэ.” 9
Эдгээр үгс хүчтэй илэрхийлэгдэхийн хамт бидний зүрх сэтгэлд шатаж, биднийг хүчирхэгжүүлдэг сүнсний баталгаа дагалддаг билээ.
Тэнгэр элчүүдийн үүргийг тайлбарлаж, Моронай заахдаа:
“Мөн тэд түүний тухай гэрчлэлийг хуваалцаж болохын тулд Христийн үгийг Их Эзэний сонгогдсон савнуудад тунхагласнаар хүмүүний үрсийн дундах замыг бэлтгэх нь тэдний [тэнгэр элчүүдийн тохинууллыг хэлж байна] тохинууллын алба юм . . . .
“Мөн ийн үйлдсэнээр, Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлд байртай байж болохын тулд, үлдсэн бусад хүмүүн Христэд итгэлтэй байж болох арга замыг Их Эзэн Бурхан бэлтгэдэг” (Moроной 7:31–32).
Тэргүүн Зөвлөл болон Арванхоёрын Чуулга бол Их Эзэний сонгогдсон савнууд юм.
Аврагчид итгэх бидний өөрсдийн итгэл бидний амьдралын цаг үеүдээр дамжин өсч хөгждөг. Бид харанхуй манангаар хүрээлэгдсэн үед эргэлзээ төрж, сэтгэл санаагаар унах мөчүүд бидэнд тохиолдож болно. Аврагчийн тухай Түүний тусгай гэрчүүдээр бий болдог эрхэм ариун, бат ноттой гэрчлэлээс бидний хүн нэг бүр хүлээн авдаг зүйлийг бүү дутуу үнэл. Итгэлийн сүнсээр хүлээн авдаг энэхүү гэрчлэл бэрхшээл хүндрэлийн цагт биднийг бэхжүүлж, амьдралын мод уруу хөтлөх замаар бидний хөлийг бат бөх суурьтай болгодог билээ. Бошиглогчдын үгсээс чанга баригтун. Эдгээр үгсийг тунгаан бодогтун. Эдгээр үгсэд итгэгтүн. Эдгээр үгсэд итгэл найдвараа тавигтун. Эдгээрийг дагагтун.
Би нэг жишээ татъя. Залуухан гэрлэсэн нэг найз маань авто замын ослоор бяцхан охиноо алдсан юм. Дараагийн хэдэн сард ганцаардал, “яагаад” гэсэн асуулт, уйтгар гуниг, эргэлзээ тээнэгэлзээ түүний амьдралд ирж эхэлсэн юм. Итгэдэг байсан зүйлдээ цаашид итгэхээ болилоо хэмээн тэр надад хэлж билээ. Энэ хэцүү бэрх цагт эргэлзэж тээнэгэлзэхээ больж, Аврагчийн хийгээд Аврагчийн сонсгосон савнуудын үгсэд илүү их итгэл найдвар тавихыг би түүнд зөвлөлөө. Найз маань судруудад, Аврагчийн амлалтуудад, түүнчлэн амьд бошиглогчдын итгэл төрүүлсэн зоримог гэрчлэлд бие сэтгэлээ зориулан суух болов. Өөрийнх нь гэрчлэл ганхсан үед тэрээр Аврагчийн тухай бусдын баттай гэрчлэлээс чанга барьж авчээ. Тэрээр төмөр бариулаас чанга барьж авчээ. Цагийн аясаар харанхуй сарниж, амьдралын мод дахин харагдаж эхлэн, тэрээр цагаатгалын эрхэм үнэт жимснээс хүртсэн билээ.
Үзмэрчид
Дараагийнх нь, үзмэрч гэж юу вэ? Мормоны Номонд Хаан Лимхайд үзмэрчийн үүргийг Аммон ийн тайлбарласан байдаг: “Харин үзмэрч өнгөрсөн зүйлүүдийг, мөн түүнчлэн ирэх зүйлүүдийг мэдэж чадна, мөн тэдгээр бүх зүйл илчлэгдэх болно, . . . мөн далдлагдсан зүйлүүд гэрэлд ил гарч ирэх болно, мөн мэдэгдээгүй зүйлүүд тэднээр мэдэгдэх болно” (Moзая 8:17).
Энэ сайхан зургийг хар даа:

Та нар юу харж байна? Энэхүү үзэсгэлэнт орчинд та нар далбаат завиар зугаалахад дуртай байхгүй гэж үү? Энэ нь сэтгэл татмаар харагдахгүй байна гэж үү?
Хэрэв та нарын төсөөлөл гэнэт тэлж, үүнийг та нар харвал яах вэ:

Далбаат завь та нарын анх харснаас ихэд өөр байх болно.
Сүнсний хувьд үзмэрчид илүү өргөн хүрээгээр хардаг. Заримдаа бидний харж чаддаггүйг тэд хардаг. Тэдний үгс болон зөвлөгөө илүү өргөн хүрээгээр харахад бидэнд тусалдаг. Хэрэв бид төмөр бариулаас чанга барьж, тэдний зөвлөгөөнд анхаарлаа хандуулах юм бол, бид аюулгүй байх болно.
Би та нарт нэг жишээ хэлье. Ерөнхийлөгч Хинкли аравны нэгийн адислалуудын тухай хүчтэйгээр ярьсан. Тэрээр Ерөнхий Эрх Мэдэлтнүүдтэй энэ сэдвээр ихэвчлэн ярьдаг юм. Тэрээр хэлэхдээ:
“Бид аравны нэгээ төлж чадна. Энэ бол мөнгөний асуудал биш, харин итгэлийн асуудал юм . . .
“Та нарын хүн нэг бүрийг энэ чухал асуудлаарх Их Эзэний үгийг дагахыг би та нараас хичээнгүйлэн хүсч байна.” 10
“Аравны нэг болон өргөлүүдээ төлөхөд үнэнч шударга байсан хүмүүст амлагдсан амлалтуудыг хүлээн авах хангалттай зай байхгүй болтол нь Тэрээр тэнгэрийн цонхнуудыг нээх болно хэмээн Малахигаар дамжуулан эрт дээр үед өгсөн Их Эзэний амлалтыг бид үр ашиг тааруухан давтан хэлдэг.” 11
2001 оны намар, Бразилд байх үеэрээ Арванхоёрын гурав нь аравны нэгийг шударгаар төлснөөр ирэх адислалуудыг нэг зэрэг заасан ажээ. Хэдхэн сарын дараа Сан Пауло дахь нэг коллежийн залуу оюутанд сорилт тулгарсан ажээ. Тэр эмэгтэй ажиллахын зэрэгцээгээр сургуульд явдаг байж. Түүний үгсийг Ерөнхийлөгч Хинклийн ярьснаар энд иш татъя:
“Миний сурч байсан их сургууль [бүх төлбөрөө бүрэн төлөөгүй] оюутнуудыг тест өгөхийг хориглодог дүрэмтэй байлаа.
“Надад санхүүгийн ноцтой хүндрэл тохиолдоод байсан юм. Дөрөв дэх өдөр би цалингаа авдаг байлаа. Сарынхаа төсвийг тооцож үзэхэд цалингаараа аравны нэг, сургалтын төлбөрөө хоёуланг нь төлж хүрэхгүй болохыг би мэдлээ. Би энэ хоёроос нэгийг нь сонгох хэрэгтэй байв. Хоёр сар тутамд өгдөг тест дараагийн долоо хоногт эхлэх ёстой байв, хэрэв би тестүүдийг өгөхгүй бол, сургуулийнхаа бүтэн жилийг алдах байлаа. Надад туйлын хэцүү байлаа. Зүрх шимшрэн өвдөж байлаа. Хэцүүхэн шийдвэр гаргах ацан шалаанд би тулаад байлаа, ингээд чухам яахаа огт мэдэхгүй байв.”
Залбирлаар дамжуулан тэрээр Их Эзэнд, бас бошиглогчдын үгсэд найдвар тавихаар шийдсэн аж. Ням гарагт тэрээр аравны нэгээ төлжээ. Дараагийн өдөр нь тэрээр тестүүдээ өгөх арга зам хайсан боловч, ямар нэг шийдэл олж чадаагүй ажээ. Тэгээд тэрээр болсон явдлыг тайлбарласан юм:
“Ажлын цаг дуусаж байтал миний эзэн хүрч ирээд тэр өдрийн сүүлчийн заавруудыг надад өглөө. Гэнэт тэрээр [дуугүй болсноо], . . . ‘Сургууль чинь юу болж байна?’ гэж асуухад миний гайхсан гэж яана. Миний хариулж чадсан цорын ганц зүйл гэвэл, ‘Бүх зүйл дажгүй сайн байгаа!’ гэсэн үгс байлаа. Тэр намайг цоо ширтэн харснаа, яваад өгөв . . .
“Гэнэт нарийн бичгийн дарга намайг мөн азтай хүн шүү хэмээн өрөөнд орж ирэх нь тэр! Намайг яагаад гэж асуухад тэрээр маш энгийнээр: ‘ Энэ өдрөөс эхлэн компани чиний коллежийн сургалтын төлбөр болон номны зардлыг бүрэн төлж байхаар болсныг эзэн хэллээ. Чи явахаасаа өмнө надтай уулзаад, сургалтын төлбөрийнхөө дүнг хэлээрэй, би маргааш чамд чек бичиж өгье’ хэмээн хариулсан юм.”
Энэ оюутан өөрийнхөө сэтгэгдлийг тайлбарлахдаа: “[Нарийн бичгийн даргыг] явсны дараа, би маш даруусан өөрийнхөө байсан яг тэр газарт өвдөг сөгдөн, өгөөмөр сэтгэлийнх нь төлөө Их Эзэнд талархал илэрхийлэв. Тэрээр намайг өдий ихээр адислах хэрэггүй байсныг би Тэнгэрлэг Эцэгт хэллээ. Зөвхөн нэг сарын төлбөрийг л би хийх хэрэгтэй байлаа, бас ням гарагт миний төлсөн аравны нэг миний хүлээн авсан мөнгөтэй харьцуулахад өчүүхэн байлаа! Тэр залбирлын үед Малахид цэдэглэгдсэн үгс [мөн бошиглогч, төлөөлөгчдийн байнга захиж хэлдэг байсан]: ‘Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар одоо намайг үүгээр шалга гэж түмний Их Эзэн айлдаж байна’ (Малахи 3:10)12 гэсэн үгс оюун бодолд минь орж ирж билээ.”
Харанхуй манан дунд бүрхэгдсэн болохоор шийдвэр гаргах нь хэцүү байлаа; үр дүн нь тодорхой биш байв. Гэвч тэр төмөр бариулаас чанга барьж байжээ. Их Эзэнд болон Их Эзэний бошиглогчдод итгэх түүний итгэл нотлогдсон ажээ. Бүх асуудлууд тэр даруйдаа шийдвэрлэгдэхгүй байж болох ч гэсэн, аравны нэгийн хуулийг үнэнч шударгаар сахьдаг хүмүүст хийгдсэн амлалтууд туйлын тодорхой юм.
Ерөнхийлөгч Томас С.Монсон буцаж ирсэн номлогчдод хандан: “Сүмд үргэлж идэвхтэй хэвээр үлдэх нэг арга зам та нарт бий—аравны нэгийг төлөхдөө үргэлж үнэнч шударга бай” гэж хэлэхийг би сонссон. Хичнээн сайхан амлалт вэ!
Илчлэгчид
Эцэст нь, илчлэгчийн тухайд. “Англиар илчлэл гэдэг үг грек хэлний мэдэгдэх, ил гаргах гэсэн утгатай апокалипс гэдэг үгнээс гаралтай юм.” 13 Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд илчлэгчдийн хувьд бидний талаарх Их Эзэний өвөрмөц санаа тавилтуудыг тэрчлэн эдгээрт хариулахын тулд бид юу хийх хэрэгтэйг бидэнд мэдүүлдэг билээ.Түүнээс гадна, бидэнд сонголт хийх хийгээд шийдвэр гаргах маш олон зүйлс тохиолддог бөгөөд мөнх бус амьдралаар дамжин аялахад маань хамгийн чухал болох тэдгээр зүйлүүд уруу бидний анхаарлыг илчлэгчид чиглүүлж бидэнд тусалдаг. Анхааралтай байхад тэд бидэнд тусалдаг.
2005 оны 8-р сард Ерөнхийлөгч Хинкли он дуусахаас өмнө Мормоны Номыг уншиж дуусгах уриалгыг бидэнд өгсөн билээ. Өөрсдийн чөлөөт цагаа Их Эзэн биднээр хийлгэхийг хүссэн зүйлд зориулахад тэрээр бидэнд тусалсан юм. Бошиглогчдын уриалгуудыг амлалт дагадагчлан Ерөнхийлөгч Хинкли — 2005 оны 8 дугаар сард үнэн байсанчлан өнөөдөр ч үнэн гэдэгт миний итгэж байгаа нэгэн амлалтыг хийсэн билээ: Тэрээр: “Хэрэв та нарын хүн нэг бүр Мормоны Номыг урьд нь хэдэн удаа уншсаныг эс харгалзан, энэхүү энгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм бол, Их Эзэний өсөн нэмэгдсэн Сүнс, Түүний зарлигуудад дуулгавартай алхлах улам бэхжин хүчирхэгжсэн шийдвэр төгс байдал, түүнчлэн Бурханы Хүү амьдардаг бодит байдлын илүү хүчирхэг гэрчлэл та нарын амьдралд, та нарын гэр оронд ирэх болно гэдгийг би та нарт аливаа эргэлзээгүйгээр амлаж байна”14 хэмээн хэлсэн юм.
Бошиглогчийн амалсанчлан бид адислагдаагүй гэж үү?
Украйны нэгэн эгч бичихдээ, “Өглөө бүр би оюун ухааныг минь гэгээрүүлж болохын тул Ариун Сүнсийг миний хамтрагч байж өгөөч хэмээн гуйдаг байсан ба гайхамшиг тохиосон: Мормоны Ном надад шинэ зүйлийг нээж өгсөн юм. Олон жилийн туршид надад байсан асуултуудад би хариу хүлээн авсан” гэжээ. Германы нэгэн ах бичихдээ: “Би өдөр бүр удаан цагаар судалдаг байсан учраас урьд өмнө нь надад хэзээ ч байгаагүй тийм олон танил хүмүүстэй болсон шүү. Мормоны Ном бол үнэхээр Есүс Христийн тухай гэрчлэлүүдээр дүүрэн юм. Миний мэдэрсэн Сүнсний улмаас Гэтэлгэгчийн тухай миний хувийн гэрчлэл өсөн нэмэгдсэн”15 гэсэн юм. Ютагийн нэг залуу гэр бүлд тохиолдсон явдлыг авч үзье: “Манай дөрвөн настай хүүхэд [биднийг Мормоны Номыг уншиж байхад] сонсож байгаа юм болов уу хэмээн бид гайхдаг байлаа, гэвч нэг өдөр түүний өрөө яагаад тэмээ туйлчихсан юм шиг болсныг нь асуухад тэрээр, ‘Хэн нэгэн нь энд дээрэм хийжээ!’” 16 гэж хариулж билээ.
Илчлэгчийн үүргийн талаар өөр нэг жишээ энд байна. Боломжийнхоо хэрээр сайн боловсролтой болохыг Ерөнхийлөгч Хинкли Сүмийн залуу насанд хүрэгчид та нарт ихэд шаргуугаар зөвлөдөг билээ. Аравдугаар сарын чуулган дээр тэр хэлэхдээ: “Миний ихээр санаа тавьдаг өөр нэг асуудалд би та нарын анхаарлыг хандуулъя. Энэ хүмүүс өөрсдийнхөө чадах хэрээр боловсролтой болохыг Их Эзэн илчлэлтээр дамжуулан мэдэгдсэн билээ. Энэ талаар Тэр маш тодорхой хэлсэн юм.” 17
Ихээр санаа тавьдаг тэр зүйл юу вэ? Боловсрол. Хэн энэ талаар маш тодорхой хэлсэн бэ? Их Эзэн. Хэн үүнийг та нарт илчилдэг вэ? Түүний бошиглогч. Тийм ээ, тэр та нарт хандан ярьж байна.
Хэрэв та нарын гэр бүл боловсрол олоход чинь та нарт туслах санхүүгийн боломж багатай учраас та нар үүнд сайн итгэхгүй байж болох юм. Хэрэв та нар итгэл багатай байгаа бол, төмөр бариулаас чанга барь. Бошиглогчийн үгэнд итгэл найдвар тавь! Хариу нь ирэх болно.
Нэгдсэн Улс болон Европ гэх мэт дэлхийн зарим хэсэгт, энэ бол та нар сургуульд элсэх буюу буцаж орохын тулд машинаа зарах буюу илүү даруухан нөхцөл байдалд амьдрах хэрэгтэй гэсэн үг юм. Дэлхийн бусад хэсэгт, золиослол нь илүү их байж болно. Зарим орнуудад Боловсролын Тасралтгүй Сан туслах боломжтой байж болно. Бараг бүх тохиолдолд, замаа олоход чинь энэ нь итгэлийг, Их Эзэн болоод Их Эзэний бошиглогчид итгэл найдвар тавихыг—төмөр бариулаас чанга барихыг та нараас шаардах болно. Хэрэв та нар Бошиглогчийн өвөрмөц зөвлөгөөг хэрхэн дагахыг мэдэхгүй байвал, бүх зүрх сэтгэлээрээ залбирч, өөрсдийн асуудлуудыг эцэг эхтэйгээ, бишоптойгоо ярилц. Энэ нь тэвчээр, итгэлийг шаарддаг боловч хариу нь ирэх болно гэдгийг, арга зам нь та нарт нээгдэх болно гэдгийг би та нарт амлаж байна.
Латин Америк дахь итгэлтэй олон залуу хүмүүст хариунууд ирснийг би харсан. Мянга мянган хүмүүс төмөр бариулаас чанга барьж, Ерөнхийлөгч Хинклид итгэл найдвар тавин, боловсрол олж авч байна.
Бошиглогчид, үзмэрчид, илчлэгчдийн хувьд бидний дэмжин баталсан бүх хүмүүс, Тэргүүн Зөвлөлийн болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн бүрээс бошиглолын чиглүүлэл ирдэг билээ. Хэрэв бидэнд цаг байвал, тэдний хүн нэг бүрийн зөвлөгөөг дахин эргэн харж болох сон.
Арванхоёрын нэгнийх нь зөвлөгөөг би та нарт жишээ болгон өгье. Бараг хоёр жилийн өмнө, Ахлагч Даллин Х.Өүкс өнөө оройн бидний хуваалцаж байгаатай адилхан нэг орой та нарт хандаж үг хэлсэн билээ. “Зүгээр цаг нөгцөөж суухын” оронд болзоо хийж байх асуудлыг тэрээр хөндөн тавьсан. Тэрээр “Миний ганц бие найз нар аа, хөл бөмбөгөөр, спортын багаар дамжуулж өсч хөгжих удаан хүлээх хэтийн төлвийн загвараас илүүгээр эсрэг хүйстэнтэй болзож, улмаар ирээдүйд гэрлэлт болон хөгжиж болох хэлхээ холбоог бэхжүүлэх загварыг бий болгохыг бид та нарт зөвлөж байна”18 хэмээн хэлсэн юм.
Одоо би нэг чухал асуулт тавья: Түүний үгийг дагахын тулд та нар юу хийсэн бэ? Ямар нэг юмыг өөрчилсөн үү? Ахлагч Айринг дараах зөвлөгөөг өгсөн юм:
“Бошиглолын зөвлөгөөг дагахгүй байх нь ирээдүйд сүнсээр нөлөөлөгдсөн зөвлөгөөг дагах бидний хүчийг бууруулдаг . . .
“Сүнсээр нөлөөлөгдсөн зөвлөгөөг дагахыг хойшлуулах буюу дагахгүй байхаар сонгох бүрд би өөрийгөө хор уршигтай замд тавьдаг байснаа мэддэг болсон. Бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрд уг зөвлөгөө залбирлаар батлагдсан нь мэдрэгдэж, тэгээд үүнийг дагахад, би аюулгүй байдалд урагш алхадгаа мэддэг.” 19
Сүүлийн хоёр жил дэх та нарын ажил үйлс та нарыг “төмөр бариулаас чанга барьж байгааг” яаж харуулсан бэ? Ахлагч Өүксийн зөвлөгөөнд нааштайгаар, шуурхай хариулсан хүмүүс тэнгэрээс үүдэлтэй адислалуудыг хүлээж авсан нь лавтай. Түүнийг үгээ хэлснээс хойш нэг жил гаруйн дараа Аризона дахь нэг гэр бүлийн хосоос Сүмийн төв байгууллагад ирүүлсэн захидлаас би та нарт уншиж өгье:
“Таны хэлсэн үг бидний амьдралд мартагдашгүй нөлөө үзүүлсээр байна . . .
“. . . Болзож уулзах нь удаан хугацаанд үргэлжлэх харилцаа буюу гэрлэлтэд тэр даруйд хүргэх биш, харин бие биенээ илүү сайн таньж мэдэх боломж юм гэдгийг ойлгоход таны чиглүүлэл, тодорхой зөвлөгөө бидэнд тусаллаа.” 20
Үүний үр дүнд тэд Колумби Дүүргийн Вашингтоны Ариун сүмд тавдугаар сард гэрлэжээ.
Манай гэр бүлд эдгээр зарчмуудыг маш сайн заадаг гэргий Катигаасаа би бошиглогчдын үгсийн ач холбогдлын тухай бодол санаагаа хуваалцаач хэмээн хүсч байна.
Кати Андерсен эгчийн хэлсэн үгс
Ах эгч нар аа, 20 орчим жилийн тэртээ надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн нэгэн явдал тохиолдсон билээ. Бид Флоридад амьдарч байлаа. Бид хүүхдүүдийнхээ хамт ерөнхий чуулганыг сонохоор гадасны төв рүү явсан юм. Хэсэг хугацааны дараа чуулган дээр хэлсэн үгнүүд нийтлэгдсэн Ensign сэтгүүлээ бид хүлээн авав. Бид долоо хоног тутмын гэр бүлийн үдшээр Тэргүүн Зөвлөлийн гишүүд юм уу Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийн өгсөн чуулганы үгсийг судалахаар шийдсэн юм.
Манай хүүхдүүд жаахан байсан ч гэсэн унших хангалттай насанд хүрсэн болохоор гэр бүлийн гишүүн бүр хэлсэн үгнүүдийн нэг хувьтай байж, түүн дээрээ тэмдэглэж байхыг бид хүссэн юм. Флоридад Ensign сэтгүүлүүдийг нэмж худалдаж авах дэлгүүр байдаггүй байсан учраас бид өөрсдөдөө байгаа яриагаа хувилахын тулд би хувилан олшруулах төв уруу очлоо.
Намайг дуусгаад кассчин аваачиж өгөхөд тэрээр хувиудыг тооцоолж үзээд, намайг 50 орчим доллар төлөх ёстой хэмээн хэлэх нь тэр. Хэлсэн үнийг нь сонсоод миний дотор жоохон эвгүйцэж, тэгээд, “хүүхдүүдэд зориулсан эдгээр яриануудыг хувилсны төлөө төлөхөд энэ бол их мөнгө” гэж бодсон юм. Тэр мөчид, ах эгч нар минь: “Та болон танай гэр бүл Бурханы бошиглогчдын үгстэй болоход энэ нь юу нь үнэтэй байгаа юм вэ?” гэсэн энэхүү бодол зүрх сэтгэлийг минь нэвтлэн орж ирж билээ.
Энэ бүхэн бидэнд ч, бидний гэр бүлд ч үнэ цэнэтэй юм гэдгийг би тэр үед ч мэдэж байсан, одоо бүр илүү тодорхой мэдэж байна. Энэ бүхэн та нарт бас та нарын ирээдүйн гэр бүлүүдэд үнэ цэнэтэй юм. Энэ тухай би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен
“Миний өөрийн үгс лугаа адил”
Цэвэр ариун бас гуйвшгүй итгэлтэй хүнтэй гэрлэх нь гайхамшигтай агуу адислал юм. Кати, би чамдаа хайртай, бас маш их талархаж явдаг шүү.
Ирэх сард бид Сүминй ерөнхий чуулганд оролцож өнөө орой бидний яриад байгаа тэдгээр хүмүүсийн захиас үгсийг нь сонсох боломжтой байх болно. Ерөнхий Чуулган бол Их Эзэний үйлчлэгчдийг сонсохын тулд, ирэх саруудад хийх өөрсдийнхөө үйл хөдлөлийг залбиралтайгаар сонгохын тулд түр зогсолт хийх цаг мөч мөн юм. Дараах асуултуудыг тунгаан бодно уу:
- • Миний хувьд боломжтой хуралдаан бүрийг сонсохын тулд би ерөнхий чуулганыг календарь дээрээ тодоор тэмдэглэсэн бил үү?
- • Захиасуудыг хүлээж авахад сүнслэг байдлын хувьд бэлэн болохын тулд ирэх нэг сарын туршид би өөрийгөө хэрхэн бэлтгэх вэ?
Ерөнхий чуулган төгсөх үед бид:
- • Чуулганы үед надад ямар онцгой сэтгэгдлүүд төрөв?
- • Би амьдралдаа ямар өөрчлөлүүд хийх шаардлагатай байна вэ? гэж өөрсдөөсөө асууж болно.
Төмөр бариул бол Бурханы үг юм. Судрууд, амьд бошиглогчдын үгс хийгээд Ариун Сүнсний бэлэг биднийг аюулгүй байлгах хүчтэй юм. Бошиглогчдын үгсээс чанга барьцгаая. Төмөр бариулаас чанга барьцгаая.
Төгсгөлд нь би 2000 оны 3-р сард, Андерсен эгч бид хоёр Нью Мексикийн Албукерки дахь ариун сүмийг онцгойлон адислахад уригдахад тохиолдсон нэг зүйлийг хуваалцмаар байна. Үг хэлэхийг надаас хүсэх болно гэдгийг, бас миний хэлэх үг товч байх ёстойг би мэдэж байлаа.
Цагаан хувцастайгаар бид селестиел өрөөнд орлоо. Ерөнхийлөгч Хинкли дундах сандал дээр суулаа, түүний баруун талд Арванхоёрын нэг гишүүн, зүүн талд нь би суув. Эхний хэсгийг бид хүндэтгэлтэйгээр хүлээж байхдаа би өөрийн бэлтгэсэн үгэнд засвар оруулах ёстой гэсэн тод томруун өвөрмөц сэтгэгдэл надад төрж байлаа. Тэр нь: “Түлхүүрүүдийн тухай ярь. Түлхүүрүүдийн тухай ярь” гэсэн сэтгэгдэл байлаа.
Дэлхийд эргэж ирсэн санваарын түлхүүрүүдийг тайлбарласан судрын хэсгүүдийг олохоор би тэр даруйд шамдав. Тэгтэл дараахан нь энэ нь яг л өчигдөрхөн байсан мэт хүчирхэг сүнсний мэдрэмж оюун ухаан, зүрх сэтгэлд минь орж ирснийг би санаж байна. Миний дотор шатаж байсан тэр мэдрэмж нь: “Таны дэргэд сууж байгаа хүн дэлхий дээр санваарын бүх түлхүүрүүдийг эзэмшдэг шүү дээ. Таны дэргэд сууж байгаа энэ хүн дэлхий дээр санваарын бүх түлхүүрүүдийг атгадаг шүү дээ” гэсэн мэдрэмж байлаа.
Би гүнзгий амьсгаа авлаа. Би Ерөнхийлөгч Хинкли уруу харлаа. Сүнсний хүчирхэг илэрхийллийг би үгүйсгэж чадахгүй байлаа. Энэ судар миний оюун санаанд орж ирсэн юм:
“Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр хүлээж авах ёстой . . .
“Учир нь эдгээр зүйлүүдийг хийснээр тамын үүд та нарыг дийлэх нь үгүй . . . мөн Их Эзэн Бурхан харанхуйн хүчийг та нарын өмнөөс сарниулж, та нарын сайн сайхны төлөө тэнгэрийг сэгсрэхэд хүргэх болно” (С ба Г 21:5–6-г үз).
Бурхан, бидний Тэнгэрлэг Эцэг амьдардаг бөгөөд биднийг хайрладаг. Түүний Төрсөн Ганц Хүү, Есүс Христ бол бидний Аврагч. Тэр амилсан билээ. Тэр амьд. Тэд хамтдаа Бошиглогч Иосеф Смит дээр хүрч ирсэн юм. Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли бол өнөөдөр газар дэлхий дээр санваарын бүх түлхүүрийг атгадаг, Их Эзэний томилсон бошиглогч мөн гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен
ТЭМДЭГЛЭЛ
1. 2007 оны 1-р сарын 16 БЯИС-ийн Онцгой цугларалт дээр хандаж хэлсэн үгсийг үзнэ үү, Боид К.Пакер, Lehi’s Dream and You, сүлжээнээс byu.edu- хаягаар харна уу.
2. Амьд усны ундарга. (СБС- залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага 2007 оны 2 дугаар сарын 4), 6.
3. “Төмөр Бариул,” Дуулал , no. 274.
4. Амьд усны ундарга, 7.
5. Лихайн зүүд болон та, 3–4.
6. Сайн Мэдээний Үнэн, эмхт. Jerreld L. Newquist, 2 боть. (1974), 1:323. Сүмийн дөрөв дэх Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Вилфорд, Вудрафф амьд бошиглогчдын ач холбогдлын талаар өгүүлэхдээ: “Бурханаас хүмүүнд урьд өмнө өгсөн илчлэлт бүр бидний өмнө байдаг сан бол, хэрэв бидэнд Енохын ном байдаг; хэрэв бидний өмнө орчуулагдаагүй ялтсууд англи хэлээр байдаг бол; Илчлэгч Гэгээнтэн Иоханы битүүмжлэн лацадсан цэдгүүд, бусад бүх илчлэлтүүд бидэнд байдаг бол, эдгээр нь энд хэдэн зуун фут өндөрт дээш овоологдох байсан биз, Бурханы амьд үггүйгээр, өнөө үе болон дэлхийн бусад аль ч эрин зуунд сүм болоод Бурханы хаант улс өсч хөгжиж чадахгүй байсан биз ээ.” Discourses of Wilford Woodruff, 52
7. Боид К.Пакер, аравдугаар сарын Чуулганы Илтгэл,” Ensign, 1996 оны 11-р сар, 6.
8. Боид К.Пакер, 2000 оны 4 дүгээр сарын Чуулганы Илтгэл эсвэл тавдугаар сарын Ensign, 2000 оны 5-р сар, 9.
9. Жеймс И.Фауст, 1995 оны 4- дүгээр сарын Чуулганы Илтгэл , 83; эсвэл. Ensign, 1995 оны тавугаар сар, 63
10. 1985 оны 10 дугаар сарын Чуулганы Илтгэл, 110; эсвэл. Ensign, 1985 оны 11 сар, 85.
11. Гордон Б.Хинкли 1984, оны 4 дүгээр сарын Чуулганы Илтгэл 69; Эсвэл Ensign, 1984 он 5 дугаар сар, 47.
12. In Conference Report, 2002 оны 4-р сарын Чуулганы Илтгэл 85–86; эсвэл 2002 оны 5 дугаар сарын Ensign, 73–74.
13. Библийн толь бичиг, “Илчлэлт,” 762.
14. 28., “A Testimony Vibrant and True,” Ensign, 2005 оны 8-р сар, 6.
15. . “Something Remarkable: Testimonies of the Blessings,” Ensign, 2006 оны 12-р сарын, 17.
16. In “Taking the Challenge,” Ensign,. 2006 оны 12 дугаар сар, 14.
17. 2006 оны 9-10 сарын Чуулганы Илтгэл, 66–67; эсвэл Ensign, 2006 оны 11 дүгээр сарын, 60.
18. The Dedication of a Lifetime (CБС-ийн залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага, 2005 оны 5-р сарын 1) 5–6.
19. 1997 оны 4-р сарын Чуулганы Илтгэл, 33; эсвэл Ensign, 1997 оны 5-р сар, 25.
20. 2006 оны 11 сарын 19-ний захидал.
© 2007 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/06. Орчуулгын зөвшөөрөл: 6/06 02154 363