The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Gospel Library Worldwide Leadership Training Meeting: Supporting the Family Sister Bonnie D. Parkin

Бие биенээ хайрлаж анхаарал халамж тавих эрхэм хүндэт үүрэг хариуцлага

АХЛАГЧ Л.ТООМ ПЕРРИ
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

АХЛАГЧ Л.ТООМ ПЕРРИҮүрэг хариуцлагуудаа тэнцүүлэх нь

Надад даалгасан сэдэв бол: “Эхнэр нөхөр хоёр бие биенээ хайрлан халамжлах эрхэм хүндэт үүрэг хариуцлага хүлээдэг”1 гэсэн гэр бүлийн тунхгийн өгүүлбэр юм. Та нарт танил байж болох сургалтын бусад цуглаануудад ашигласнаас өөр байдлаар би энэ сэдэвт хандахыг хүсэж байна. Би гарын авлагуудаас нэг их иш татахгүй; үүний оронд, хаант улс дахь бидний Эцэгт та нарын үйлчлэлийн тухай та нартай би зүрх сэтгэлээ нээн ярилцахыг хүсэж байна. Бид гэр бүлүүдээ хайрлаж, анхаарал халамж тавих өөрсдийн үүрэг хариуцлагуудыг Тэнгэрлэг Эцэг маань бидэнд өгсөн бусад чухал дуудлагуудтай хэрхэн тэнцүүлэх ёстойг илүү сайн ойлгохын тулд хамтаараа хэлэлцэх нь энэ цуглааны зорилго мөн.

1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд Сүм зохион байгуулагдах үед Бошиглогч Иосеф Смит эдүгээ Сургаал ба Гэрээний 21-р хэсэг хэмээн нэрлэгддэг илчлэлтийг хүлээн авсан билээ. Тэрхүү илчлэлтийн нэг хэсгийг дурдъя.

“Та нарын дунд цэдэг хөтлөгдөх болно; мөн Бурхан Эцэгийн таалал хийгээд чиний Их Эзэн Есүс Христийн ач ивээлээр дамжин үүнд чи үзмэрч, орчуулагч, бошиглогч, Есүс Христийн төлөөлөгч, мөн сүмийн ахлагч хэмээн дуудагдах болно,

“Үүний суурийг тавихад болон хамгийн ариун итгэлд үүнийг өсгөн бэхжүүлэхийн тулд Ариун Сүнсээр нөлөөлөгдсөн болой. . . .

“Сүмийн тухайд, тэрээр тэдгээрийг хүлээн авсан үед, та нар миний өмнө бүхий л цэвэр ариун байдалд алхан, та нарт түүний өгөх, түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад анхаарал тавигтун;

“Түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээрт хүлээн авах ёстой, (С ба Г 21:1–2, 4–5-ыг үз).

Шинээр зохион байгуулагдсан энэ Сүмд өгөгдсөн анхны заавруудын дунд Түүний хаант улсыг байгуулах бидний үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхэд Түүний бошиглогчоор дамжин Их Эзэнээс ирдэг сүнслэг нөлөө хийгээд илчлэлтийг дагах явдал байлаа. Энэ агуу ажлыг хэрэгжүүлэхэд биднийх байх учиртай замд биднийг чиглүүлэхээр Тэрбээр амласан юм.

Бошиглогчийн зөвлөгөө

Манай өнөө үеийн бошиглогч Гордон Б.Хинкли 2003 оны зургадугаар сарын 21-нд болсон дэлхий дахины удирдлагын сургалтын цуглаан дээр бид өөрсдийн үүрэг хариуцлагуудыг тэнцүүлэх тухай түлхүүрийг бидэнд өгсөн гэж би боддог. Үүнд:

“Бид энэ ажлыг урагш ахиулахад дэлхийн Гэтэлгэгчийн сүүдэрт зогсох онцгой боломж . . . та нарынх юм. Өөрийн хөвгүүд, охидын төлөө Их Эзэн Есүс Христийн цагаатгагч цусны эрхэм сайхны тухай ярих боломж та нарынх юм. Үүнээс илүү агуу онцгой боломж байж болно гэж үү?

“Өөрсдийнх тань болох энэхүү онцгой боломжинд баясагтун. Та нарын боломж үүрд үргэлжлэхгүй шүү дээ. Одоо та нарт байгаа агуу туршлага удахгүй зөвхөн дурсамж болж үлдэх болно.

“Бидний хүсэж болох бүхнийг бидний хэн нь ч биелүүлж эс чадна. Гэвч чадах бүхнээ хамгийн сайнаар хийцгээе. Тэгэхэд Гэтэлгэгч, ‘Сайн байна, итгэмжит сайн боол минь’ (Матай 25:21)”2 гэж хэлэхэд би сэтгэл хангалуун байх болно.

Дээрх шууд нэвтрүүлэгт бидний дөрвөн үүрэг хариуцлагыг тэрээр тайлбарласныг та нар санаж байгаа. Эхнийх нь одоогийн шууд нэвтрүүлэгт бидний ярилцаж байгаа сэдэвт холбогдоно. Тэрээр мэдэгдэхдээ,

“Нэгдүгээрт, та нар гэр бүлдээ хайхрамжгүй хандахгүй байх нь чухал шаардлага юм. Үүнээс илүү үнэ цэнэтэй юм гэж та нарт үгүй билээ. Та нарын эхнэр хүүхдүүд нөхөр, эцгүүдийнхээ анхаарал халамжинд байх нь зүй ёсны юм. Эцсийн эцэст, мөнх амьдралд бид өөрсөдтэйгөө авч явах зүйл бол гэр бүл юм. Үүнийг судрын үгсээр илэрхийлбэл, ‘Сүмд итгэлтэй үйлчиллээ ч гэсэн гэр бүлээ алдах юм бол хүнд ямар ашиг байх юм бэ?’ (Марк 8:36-ыг үз).”3

Сүм зохион байгуулагдсан эхний үеэс хойш энэ нь манай бошиглогчдын байнгын захиас болсоор ирлээ. Сайн мэдээг заах болон сайн мэдээний удирдлагын хамгийн чухал газар бол гэр бүл, гэр орон юм. Хэрэв бид эдгээр заавруудыг дагах юм бол, бид гэр бүлүүдээ дэмжин, үйл ажиллагааг нь баялаг болгох ажил үүрэг, хөтөлбөр төлөвлөгөө, хичээл сургалт зэргийг өгөх болно.

Эн тэргүүнд чухалчлах зүйлүүдийг бий болгох нь

Бид цагаа хэрхэн ашиглаж, амьдралаа хэрхэн тэнцвэртэйгээр авч явах нь бид гэр бүлийн үүргүүдээ мөн Сүмийн үйлчлэлээ хэрхэн гүйцэтгэхийн тулгуур суурь нь юм. Цагаа хамгийн түрүүнд юунд зориулах тухай зөвлөгөөг дагахад та нар өөрсдийгөө сахилгажуул.

Таны мөнхийн хамтрагч

Гэрлэлтээ бэхжүүлэх, бие биенээ хайрлах хайраа харуулахын тулд хичнээн цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэх нь та нарт хэрэгтэй байгааг мөнхийн ханьтайгаа хамт хэлэлцэхээс эхэл. Энэ бол та нарын баримтлах эхний зүйл.

Сүм хувь хүмүүс болон гэр бүлүүдийг Христэд ирж, мөнх амьдралтай болоход нь туслах үүрэгтэй. Мөнх амьдрал бол Өөрийн хүүхдүүдэд соёрхсон түүний хамгийн агуу бэлэг бөгөөд энэ нь гэр бүлийн харилцаагаар дамжин олддог билээ. Энэхүү харилцаа нь Их Эзэний хувьд ариун нандин бөгөөд хөнгөмсгөөр хандах ёсгүй зүйл—эхнэр нөхөр хоёрын хоорондох холбооноос эхлэх ёстой. Гэрлэлтийн гэрээ бол уг төлөвлөгөөнд зайлшгүй чухал бөгөөд энэхүү зорилгын төлөө Тэрээр тэнгэр, газрыг бүтээсэн юм. Түүхийн бүх үед Тэрээр эхнэр нөхөр хоёрын ариун холбоог хамгаалахын тулд Өөрийн бурханлиг хуулийг өгсөн билээ.

Таны хүүхдүүд

Хоёрдугаарт, хүүхдүүдийнхээ сүнслэг хэрэгцээг анхааралдаа ав. Тэдэнтэй ойр дотно байхын тулд хичнээн цаг хэрэгтэй вэ? Тэдэнд заах зохих цаг хугацаа гаргах нь эцэг эхчүүд та бүхний үүрэг юм, учир нь хүүхдийн хүлээж авах хамгийн чухал заавар зөвлөгөөнүүд эцэг эхчүүдээс нь ирдэг. Бид хүүхэд бүрдээ өөрсдийн заадаг зүйлийг Сүмийн заадаг зүйлтэй нийцүүлэхийн тулд Сүм юу заадгийг мэдэж байх хэрэгтэй. Жишээ нь, Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө товхимолд гэр бүлийн тунхгаас, иш татан, гэр бүлийн талаар залуу хүмүүст дараах зөвлөгөө өгсөн байдаг.

“Их Эзэн Есүс Христийн сургаалд үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр энэрэл, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр болон эрүүл саруул амралтын үйл ажиллагааны зарчмуудын дор оршин амьдарна.”4

Уг товхимолд цааш нь өгүүлэхдээ:

“Гэр бүлийн нэгэн хэсэг байх нь агуу адислал юм. Та нарын гэр бүл та нарт нөхөрлөл, аз жаргал бэлэглэж, таатай уур амьсгалд зөв зарчмуудаас суралцахад чинь тусалж, түүнчлэн мөнх амьдралд бэлтгэхэд чинь тусална. Бүх гэр бүлүүд адил биш хэдий ч, бүгдээрээ Тэнгэрлэг төлөвлөгөөнд чухал юм.

“Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд чадах бүхнээ хий. Хөгжилтэй, тусч байж, бусдад хүндэлтэй хандаж бай. Гэр бүлийн гишүүд хувиа хичээж, хоорондоо найрсаг биш харьцсанаас болж олон асуудал үүсдэг. Гэр бүлийн бусад гишүүдийн хэрэгцээний талаар санаа тавьж бай. Шоглож, хэрүүл маргаан хийхийн оронд эе эвийг сахиулагч бай. Гэр бүл бол Сүмийн хамгийн ариун нэгж гэдгийг санагтун гэжээ”.5

Гэр бүлээ ханган тэтгэх нь

Бидний эн тэргүүнд анхаарах гурав дахь зүйл бол гэр бүлүүдийнхээ хэрэгцээг хангах явдал мөн. Гэр бүлийн тунхгаас дахин иш татъя:

“Тэнгэрийн загвараар, эцэг нь өрх гэрээ хайр, зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, амьдралын хэрэгцээт зүйлсээр нь хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй”.6

Бид цалин сайтай ажилд орохын тулд сайн ур чадвар эзэмших хэрэгтэй. Өөрчлөгдөж байгаа дэлхийд бид ур чадвараа байнга дээшлүүлж байх ёстой, эс тэгвэл бид хоцрогдож, ур чадвар маань хэрэггүй болно. Хэдийгээр бид сүмийн ажил үүргүүдэд зав чөлөөгүй байдаг ч гэсэн бид өөрсдийгөө хөгжүүлэх, гэр бүлийнхээ ая тухтай байдлыг дээшлүүлэх боломжуудыг алдах ёсгүй. Энэ нь ирээдүйд бэлтгэхэд биднээс зохих цаг хугацаа, санаа тавилтыг шаарддаг.

Энэ зөвлөгөө эгч нарт мөн түүнчлэн ах нарт холбогдоно. Гэр бүлээ тэтгэх үүрэг хариуцлага ихэнхдээ эцэгт ноогддог хэдий ч, гэр бүлийн тунхагт өгүүлсэнчлэн, хөгжлийн бэрхшээл, нас нөгчих буюу бусад нөхцөл байдлууд нь гэр бүлүүдээ тэтгэхийн тулд өөрсдийн ур чадварыг ашиглаж, хөгжүүлэхийг эгч нар та нараас бас шаардаж болно.

Сүмийн үйлчлэл

Эн тэргүүнд баримтлах дөрөв дэх зүйл бол бид Сүмийн үйл ажиллагаануудад цаг заваа зориулахад шийдвэр төгс байх явдал мөн. Идэвхтэй Хожмын үеийн Гэгээнтэн гэр бүлүүд Сүмд өнгөрүүлдэг цагаа эрхэмлэн, гэр бүлийн амьдралдаа хийдэг сонсголтуудын дотор сүмд зориулан цаг гаргадаг.

Удирдагчид дуудлагууд өгөх, сүмийн үйл ажиллагаануудад хамруулахдаа гэр бүлүүдийн ялгаатай нөхцөл байдлуудад онцгой мэдрэмтгий байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдтэй эцэг эх хоёул шаардлага өндөртэй, гэрээсээ гадуур ажилладаг дуудлагуудтай байх нь Сүмийн үйл ажиллагаанууд гэр бүлийнх нь амьдралд саад учруулдаг мэт сэтгэгдэл төрүүлж болно. Сүмийн удирдагчид Сүмийн үйлчлэлийг гэр бүлийнхээ үүрэг хариуцлагуудтай тэнцүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх гишүүдийнхээ хүч чармайлтыг дэмжин тусалж болно.

Гэр бүлийн гишүүдийг оролцуулах нь

Бид Сүмд дуудлагуудаараа үйлчлэхийн хамт боломж гарсан үед өөрсдийн Сүмийн үйлчлэлд гэр бүлээ хамруулах замаар гэр бүлтэйгээ ажиллах цагийг нэмэгдүүлэх арга замууд бий. Хувийнхаа амьдралын ганцхан жишээ дурдъя л даа.

Намайг бага байхад аав маань бишопоор үйлчилдэг байлаа. Тэрээр өндөр шаардлагатай хуульзүйн ажил эрхэлдэг, завгүй хүн байлаа. Аав маань бас иргэний хэргийг идэвхтэй эрхлэхийн зэрэгцээ олон нийтийн төлөөлөгч байлаа. Бас тэгээд зургаан хүүхдийн эцэг. Аавын маань эн тэргүүнд чухалчилдаг зүйлүүд зөв байсанд би үргэлж талархалтай байдаг байсан. Ээж маань ямагт түүний эн тэргүүнд чухалчилдаг хүн байсан юм. Энэ нь ээжид минь ханддаг аавын хандлагаар илэрдэг байв. Дараа нь аав маань хүүхэд нэг бүрдээ үнэхээр өөрийгөө зориулдаг байлаа.

Би зургаа орчим настай байхдаа яг энэ багасгасан загвартай адил улаан тэргийг Христийн мэндэлсний баярын бэлэг болгон хүлээж авч билээ. Тэр жижигхэн улаан тэрэг үнэхээр аав бид хоёрыг хооронд нь холбосон холбоос болж билээ. Аав мань зав чөлөө огт байдаггүй амьдралдаа, ажлынхаа бүтээмжийг бууруулалгүйгээр гэр бүлээ үйл ажиллагаанууддаа оролцуулах арга замыг олдог байлаа.

Бишопоор үйлчилсэн түүний үйлчлэлийн ихэнх нь 1930-аад оны Эдийн Засгийн Их Уналтын үед байлаа. Манай хэсгийн гишүүдээс олон нь хүнд хэцүү гачигдалтай байлаа. Аав маань бишопын хувьд тэдний амьдралыг тэтгэх үүрэг хариуцлага хүлээдэг байв. Бишоп болон түүний хүүгийн хувьд бяцхан улаан тэрэг сайн үйл ажиллагаа мэт санагддаг байлаа.

Би сургуулиас гэртээ ирээд гаражны хажуу талд хураасан гурил, элсэн чихэр, улаан буудай болон бусад зүйлүүдийг олж хардаг байлаа. Тэр орой аав бид хоёр хамт байх боломжтой юм байна гэдгийг би мэддэг байлаа.

Түүнийг гэртээ ирэхэд жижигхэн улаан тэргэнд гэр бүлүүдэд аваачиж өгөх зүйлүүдийг ачсан байжээ. Бид хоёр явган алхалж, хамтдаа ярилцан, халамжийн зүйлүүдийг хүргэж өгөх ажил үүргээ биелүүлдэг байж билээ.

Аав минь санваартны сайн удирдагч, хэсгийнхээ гишүүдийг хайрлаж, халамжилдаг байсныг хамгийн түрүүнд гэрчлэх боломж надад олдсон билээ. Хамгаас чухал нь гэвэл, аавтайгаа хамт үнэ цэнэтэй цагийг өнгөрүүлэх боломж надад олддог байлаа.

Эн тэргүүнд эрхэмлэх үндсэн зүйлүүдэд анхаарал төвлөрүүлэх нь

Дэлхий дахины удирдагчдын сургалтын анхны цуглаан дээр та нарт заагдсан зүйлийг хийхэд та нарыг урамшуулан дэмжихийг надад зөвшөөрнө үү. Сүмийн бүх нэгжүүд хөгжлийн янз бүрийн шатанд байгаа бөгөөд түс бүрдээ өөр өөр хэрэгцээтэй байна. Бид Сүмийн хөтөлбөрүүдийг төлөвлөхдөө, гэр бүлүүдийг тусгайлан анхаарах ёстой.

Гэрийн багш буюу айлчлагч багшийн үйлчлэл дээр Сүмийн нэгээс илүү дуудлагаар гишүүдээ дарахгүй байхыг бид та бүгдэд дахин сануулж байна. Эн тэргүүнд анхаарах үндсэн зүйлүүдийг баримтлахад өөрсдийгөө сахилгажуул, ингэвэл Түүний хаант улсын үйлчлэгчид байх үүрэг хариуцлагаа биелүүлэхэд чинь Их Эзэний сүнсний нөлөө та нарыг хэрхэн чиглүүлдгийг хараад та нар гайхах болно.

Түүний ажил—хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахад Их Эзэнд туслах боломжуудыг бидэнд олгон, үүнд тус дөхөм үзүүлэхэд Сэргээгдсэн Сүмийн тэргүүн зэргийн анхаарал төвлөрдөг билээ. Үүнийг бид ихэвчлэн гэр бүлүүдийг бэхжүүлснээр хийдэг. Ёс суртахууны доройтол, улс төрийн тодорхойгүй байдал, олон улсын үймээн самуун, эдийн засгийн тогтворгүй байдлын эрин зуунд, гэр бүлүүдийг бэхжүүлж, тогтвортой байлгахад тавих бидний анхаарал улам хүчтэй болж, өргөжин тэлэх ёстой. Сүмийн эн тэргүүний зорилго бол тэнгэрийн мөнхийн хаант улсад аврал, өргөмжлөлийг олж авахад нь гэр бүлүүдэд туслах явдал мөн.

Гэр бүлийн удирдамж

Хэдэн жилийн өмнө бид энэхүү нэн чухал Гэр Бүлийн Удирдамжийг хэвлэн гаргасан билээ. Үүнийг бүх гишүүд, ялангуяа шинэ хөрвөгчид буюу Сүмд хязгаарлагдмал туршлагатай байгаа гишүүд ашиглахын тулд гаргасан юм. Энэ товхимлыг ашиглахад бид та нарыг урамшуулан дэмжиж байна. Энэ нь:

“Гэр бүл бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үндсэн нэгж, мөн энэ амьдралд хийгээд үүрд мөнх дэх нийгмийн хамгийн чухал нэгж мөн. Өөрийн хүүхдүүдэд аз жаргалыг авчирч, хайрын уур амьсгалд зөв зарчмуудад суралцах боломжийг олгон, тэднийг мөнх амьдралд бэлтгэхийн тулд Бурхан гэр бүлүүдийг үндэслэсэн юм.

“Сайн мэдээг заах, судлах, хэрэглэхэд хамгийн шилдэг газар бол гэр орон юм”8 гэсэн мэдэгдлээр эхэлдэг.

Энэхүү товхимлын ашиг тустай заадаг зүйлүүдэд хандахад бид та нарыг дахин урамшуулан дэмжиж байна.

Аврагчийн үлгэр жишээ

Бидний Их Эзэн Аврагч хүмүүст биечлэн тохинуулж, ад шоо үзэгдэж, хөл доор дэвслэгдсэн хүмүүсийг өргөж, гутарсан хүмүүст найдвар төрүүлж, төөрөлдсөн хүмүүсийг эрэн олж байсан билээ. Тэрбээр хүмүүсийг хайрлаж, үнэлдгээ Өөрийн үгсээр бас үйл хэргүүдээр тэдэнд харуулдаг байлаа. Хувь хүн бүрийн бурханлиг мөн чанар, мөнхийн үнэ цэнийг Тэрээр хүлээн зөвшөөрч, ойлгодог байлаа. Тэрбээр хүмүүсийг наманчлалд дуудахдаа ч гэсэн, нүгэлтнийг зэмлэн буруутгахгүйгээр нүглийг буруутгадаг байлаа.

Бидний Аврагчийн нэгэн адил Сүмийн удирдагчид бид өөрсдийн үйлчилдэг хүмүүсийг хайрлаж, хувь хүн нэг бүрд анхаарал тавьж, тэдэнд хайр халамж үзүүлэх ёстой. Их Эзэн бидэнд өгсөн ариун үүрэг хариуцлагад маань Тэрээр биднийг адислах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Тэмдэглэл

1. “Гэр Бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг,” Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

2. “Үйлчлэх онцгой боломждоо баясах нь,” Дэлхий дахины удирдлагын сургалтын цуглаан, 2003 оны 6-р сарын 21, 24.

3. Дэлхий дахины удирдлагын сургалтын цуглаан, 2003 оны 6-р сарын 21, 22.

4. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

5. Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө [товхимол, 2001], 10.

6. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

7. Лиахона, 2004 оны 10-р сар, 49.

8. (Гэр Бүлийн Удирдамж [2001], 1).

Гэр Бүлийн Удирдамжийг (д. 31180) Сүмийн хангамжийн төвүүд болон үйлчлэлийн төвүүдээр дамжуулан олж авч болно.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy