The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Gospel Library Worldwide Leadership Training Meeting: Supporting the Family Translations

Тэнгэрлэг гэр орон, мөнхийн гэр бүлүүд

ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАС С.МОНСОН
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

ЕРӨНХИЙЛӨГЧ ТОМАС С.МОНСОНМөнхийн гэр орныг төлөвшүүлэх нь

Энэ цуглааны сүүлчийн үг хэлэгчийн хувьд миний бие Тэргүүн Зөвлөлийг даруу байдлын сүнсэнд төлөөлж байгаа билээ. Ахлагч Беднар, Ахлагч Перри болон Перри эгч нарын хэлсэн үгсээр бид гэгээрүүлэгдэж, бас сүнслэгээр нөлөөлөгдлөө. “Гэр орон бол зөв шударга амьдралын үндэс бөгөөд үүний нэн чухал үүргүүдийг гэр орны өмнөөс биелүүлж чадах өөр ямар ч арга хэрэгсэл байдаггүйг” бид ямагт санаж, бодол санаагаа гэр орон, гэр бүл дээр төвлөрүүлдэг билээ.

Гэр орон гэдэг бол дүнз, тоосго эсвэл чулуугаар барьсан байшингаас хамаагүй илүү чухал зүйл. Гэр орон хайр, золиослол, хүндэтгэлээр баригддаг. Бид өөрсдийнхөө барьсан гэр орны төлөө хариуцлага хүлээх ёстой. Бид гэр орноо богино хугацаагаар биш, харин үүрд мөнхийн төлөө, ухаалгаар барих ёстой. Гэр оронд нам тайван байдал хийгээд салхи, нарны гэрэл хийгээд сүүдэр, баяр баясгалан хийгээд уйтгар гуниг аль аль нь байх болно. Гэвч бид үнэхээр чармайх юм бол бидний гэр орон газар дэлхий дээрх тэнгэрийн жижигхэн хэсэг байж чадна. Бидний боддог бодлууд, бидний үйлддэг үйл хэргүүд, бидний амьдардаг амьдрал дэлхий дээрх бидний аяллын амжилтад нөлөөлж, эдгээр нь бас бидний мөнхийн зорилгод хүрэх замыг заадаг билээ.

Зарим Хожмын Үеийн Гэгээнтэн гэр бүлүүдэд ээж, аав, хүүхдүүд нь бүгдээрээ гэртээ хамт байдаг байхад бусад нь хэн нэгнээ, гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгнийг, дараа нь бас өөр нэгнийг алдсаны төлөө уй гашууг сэтгэлдээ тээж явдаг. Заримдаа ганц бие хүмүүсийн гэр бүл байдаг. Хэдэн ч гишүүнтэй байлаа гэсэн, гэр бүл үргэлжлэн оршдог—учир нь гэр бүлүүд үүрд мөнхөд байж чадна.

Бид Мастер уран барилгач—Их Эзэнээс сурч чадна. Бид хэрхэн барих ёстойг Тэрбээр бидэнд заасан билээ. “Аливаа гэр . . . дотроо хуваагдвал оршин тогтнохгүй” (Матай 12:25) хэмээн Тэрээр хэлжээ. Хожим нь Тэрээр, “Болгоогтун, миний өргөө болбоос будлихын өргөө бус, харин дэг журмын билээ . . .” (С ба Г 132:8-ыг үз) хэмээн анхааруулсан юм.

1832 оны 12-р сарын 27-нд Огайогийн Көртландад Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн илчлэлтэд Эзэн, “Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун” (С ба Г 88:119; мөн 109:8-ыг үз) хэмээн зөвлөсөн билээ.

Ухаалгаар, зохих ёсоор Түүний барьж чадсан зүйлээр бидний хэн нэгэн нь илүү тохиромжтой нарийвчилсан төлөвлөгөөг хаана байрлуулж чадах бол? Ийм гэр орон, бүр манай сорилт бэрхшээл бүхий дэлхийд газар сайгүй тохиолддог ширүүн бороо, эсэргүүцлийн үер, эргэлзээний салхинд тэсэн гарч чадах “хадан дээр” (Матай 7:24, 25; мөн Лук 6:48; 3 Нифай 14:24, 25-ыг үз) баригдсан гэр орон Матайд томьёолсон барилгын стандартуудыг хангаж чадах болно.

“Энэ илчлэлт чинь ариун сүм барих удирдамж байсан шүү дээ. Энэ чинь өнөө үед холбогдолтой гэж үү?” хэмээн зарим хүмүүс асууж болно.

Би ингэж хариулна: “Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?” (1 Коринт 3:16) гэж Төлөөлөгч Паул асуугаагүй гэж үү?

Бидний барилгын төсөлд Их Эзэн Ерөнхий Гэрээлэгч байг. Тэгвэл бидний хүн нэг бүр бүхэл төслийн чухал хэсэг бүрийг хариуцсан дэд гэрээлэгчид байж чадна. Тиймээс бид бүгдээрээ барилгачид байх болно. Бид өөрсдийнхөө гэр орныг барихаас гадна, Сүмийн дуудлагууддаа итгэлтэй, үр ашигтай үйлчилснээр газар дэлхий дээр Бурханы Хаант Улсыг байгуулахад туслах үүрэг хариуцлага бидэнд бас байдаг. Бид гэр орноо барьж эхлэх энэ үед Бурханы удирдамжууд, амьдралын сургамжууд хийгээд тунгаан бодох үе шатуудыг өгүүлэхийг надад зөвшөөрнө үү.

Залбирахдаа өвдөг сөгд

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ; өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд, тэгвэл Тэр замыг чинь шулуун болгоно” (Сургаалт Үгс 3:5–6-ыг үз). Давидын хүү Израилын цэцэн Соломон ийнхүү өгүүлсэн билээ.

Энд, Америк тивд, Нифайн ах Иаков, “Бурханд шийдэмгий оюунаар хандаж, мөн түүнд үлэмж итгэлтэйгээр залбирагтун” (Иаков 3:1) хэмээн тунхаглажээ.

Бурханлиг сүнсний нөлөө үзүүлсэн энэ зөвлөгөө ангасан газар дэлхийд болор лугаа адил тунгалаг хурын ус мэтээр бидэнд ирдэг бөлгөө. Зовлонт цаг үед бид аж төрж байна.

Ердөө хэдхэн үеийнхний өмнө, одоогийн бидний амьдарч байгаа дэлхийг, үүнд тулгарч байгаа асуудлуудыг хүн төсөөлж чадахгүй байжээ. Ёс суртахуунгүй явдал, порнографи, хүчирхийлэл, мансууруулах бодис, өнөөгийн нийгмийг бүхэлд нь зовлонд учруулаад байгаа бусад эмгэгт бид бүслэгдээд байна. Сорилт, тэр ч байтугай зөвхөн “дэлхийгээс бохирдолгүй” (Иаков 1:27) өөрийгөө хамгаалах үүрэг хариуцлага төдийгүй, бид нэгэн цагт өөрсдийн Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахын тулд эргэж очиж болохын тулд бид тэдний төлөө хариуцлага хүлээдэг бидний үр хүүхдүүд, бусад хүмүүсийг бид бүхний эргэн тойрон дахь далайн шуурган дундуур аюулгүйгээр удирдан хөтлөх үүрэг хариуцлага биднийх юм.

Бид өөрсдийнхөө гэр бүлийг сурган хүмүүжүүлэх нь гэрийнхэнтэйгээ хамт байх, цаг заваа зориулах, дээд зэргийн хүч чармайлт гаргахыг шаарддаг. Өөрсдийн сургалтад үр ашигтай оролцохын тулд бид гэр бүлийн гишүүддээ үзүүлэх үлгэр дуурайлд тууштай байж, гэр бүлийн гишүүн нэг бүрд зориулж, зөвлөгөө, удирдамж чиглүүлэл өгөх цаг гаргах ёстой.

Бид өөрсдийнхөө өмнөх ажил үүрэгт дарагдсан юм шиг санагдах нь олонтаа байдаг. Гэвч, тусламж хэзээд бэлэн байдаг. Өөрийн хүүхдүүдийг нэг бүрчлэн мэддэг Тэрбээр, бид тэднийг удирдахад тусламж эрэлхийлсэн үед, бидний гал халуун, чин сэтгэлийн залбиралд хариулах болно. Ийм залбирал хүмүүний бодгальд өөр ямар ч арга замаар олж авах боломжгүй, илүү их амар амгалан хийгээд шийдвэр төгс байдлыг авчирч, илүү олон асуудлыг шийдвэрлэж, зовлонг илүү ихээр хөнгөвчлөх болно.

Бидний гэр бүлүүдийн хувьд ийм удирдамж хэрэгтэйгээс гадна, бусдын төлөө үүрэг хариуцлага хүлээдэг албан тушаалууд—бишоп буюу зөвлөх, санваартны чуулгын буюу хавсралт байгууллагын удирдагчийн албан тушаалуудад бид дуудагддаг билээ. Бусдын амьдралд өөрчлөлт гаргах боломж та нарт бий. Ийм хүмүүс гэвэл гэр бүлийн гишүүдийн зарим нь гишүүн бус буюу идэвх султай гишүүд байж болно; зарим нь эцэг эхчүүдийнхээ гуйлт, зөвлөгөөг үл тоомсорлон тэднээс нүүр буруулсан хүмүүс байж болно. Ийм нөхцөлд байгаа хүний амьдралд өөрчлөлт гаргахын тулд бид Их Эзэний мутарт сайн зэмсэг байж чадна. Гэвч бид Тэнгэрлэг Эцэгийнхээ удирдамжгүй бол, бид хийхээр дуудагдсан бүх ажлаа хийж чадахгүй. Ийм тусламж залбирлаар дамжин ирдэг.

Гэмт хэрэг болон хууль зөрчиж буй явдлыг бууруулж, өөрсдийн амьдралд, түүнчлэн улс үндэстнүүдийнхээ амьдралд амар амгалан хийгээд сэтгэл ханамжийг бий болгохын тулд дэлхийн улс орнуудын иргэд бид юу хийж болохыг Америкийн нэгэн нэрд гарсан шүүгчээс асуужээ. Тэрээр бодлогоширч хариулахдаа, “гэр бүлийн залбирлын хуучирсан дадал зуршлыг эргүүлэн бий болгохыг” би санал болгомоор байна гэсэн гэдэг.

Гэр бүлийн залбирал хоцрогдож хаягдаагүй, бидэнтэй хамт байгаагийн төлөө хүмүүс бид баярлан талархах учиртай бус уу? “Хамтдаа залбирдаг гэр бүл хамтдаа хэвээр үлддэг” гэсэн хуучны сургаал үг жинхэнэ утга учиртай юм.

“Гэр бүлдээ Эцэгт миний нэрээр үргэлж залбир, эхнэр, хүүхдүүд чинь адислагдаж болохын тулд болой” (3 Нифай 18:21) хэмээн хэлснээр Их Эзэн Өөрөө биднийг гэр бүлийн залбиралтай байхад чиглүүлсэн билээ.

Аль нэг чадвартай эцэг эхчүүдийн хувьд, багш нарын хувьд, удирдагчдын хувьд бид тэдний төлөө хариуцлага хүлээх ёстой тэр хүмүүсийг мөнх бус амьдралыг туулан аялах энэхүү аюул осолтой аялалд бидэнд туслах Тэнгэрлэг Эцэгийн тусламжгүйгээр бид тэднийг удирдаж чадахгүй юм.

Бид гэр бүлийн болон хувийн залбирлуудаа Бурханд өргөх үедээ үүнийг ийнхүү итгэл, найдвараар хийж байцгаая. Залбирахдаа өвдөг сөгд.

Үйлчлэхдээ бүү шантар

Өөрсдөдөө үлгэр жишээ болгон бид Их Эзэний амьдралыг авч үздэг. Хүмүүсийн дунд тохинуулж байхад нь Түүний амьдрал нинжин сэтгэлийн гялалзагч гэрэл лугаа адил байлаа. Хазгаруудыг явдаг болгох, дүлийг сонсдог болгох, түүнчлэн үхэгсдийн биеийг амьтай болгох хүчийг Тэрээр авчирсан юм.

Түүний сургаалт зүйрлэлүүд Түүнд байсан хүч чадлыг харуулдаг. Сайн самари хүний сургаалт зүйрлэлээр Тэр, хөршөө хэрхэн хайрлахыг заасан юм (Лук 10:30–35-ыг үз). Садар самуун үйлдсэн эмэгтэйд хандсан Өөрийн нинжин сэтгэлээр дамжуулан Тэрээр өрөвч сэтгэлийн ойлголтыг заасан юм (Иохан 8:3–11-ыг үз). Талантын тухай Өөрийн сургаалт зүйрлэлээр Тэр өөрийгөө төгөлдөржүүлэх болон төгөлдөржилтийн төлөө хичээн зүтгэхийг бидэнд заасан юм (Матай 25:14–30-ыг үз). Мөнхийн гэр бүлийг бий болгоход гүйцэтгэх бидний үүрэгт Тэрээр биднийг сайн бэлтгэсэн юм.

Санваартны удирдагч ч байна уу, хавсралт байгууллагын ажилтан ч байна уу, ялгаагүй—бидний хүн нэг бүр өөрийнхөө ариун дуудлагад хариулдаг билээ. Бид өөрсдийн дуудагдсан ажилд онцгойлон адислагдсан билээ. Сургаал ба Гэрээ 107:99-д Их Эзэн хэлэхдээ, “иймийн тул, эдүгээ хүн бүр өөрийн үүргийг мэдэж аваг, мөн тэрээр томилогдсон албан тушаалдаа бүхий л хичээл зүтгэлээр ажиллаг” гэжээ. Сүмийн дуудлагуудынхаа улмаас үүрэг хариуцлага хүлээдэг хүмүүсийг адислагдахад нь тусалж, хүчирхэгжүүлснээр бид чухамдаа тэдний гэр бүлүүдийг адисалж, хүчирхэгжүүлэх болно. Тийнхүү, гэр бүлүүддээ болон Сүмийн дуудлагуудад бидний гүйцэтгэдэг үйлчлэл мөнхийн үр дагавруудтай байж болно.

Олон жилийн өмнө би том, бас тэгээд олон өөр үндэстэн ястны мянга гаруй гишүүдтэй, Солт Лейк Хотод байрладаг хэсгийн бишоп байхдаа, олон сорилттой тулгардаг байлаа.

Нэг Ням гарагийн үдээс хойш, манай хэсгийн нутаг дэвсгэрт байдаг эмийн сангийн эзэн надад утасдлаа. Тэр өглөө нэг хөвгүүн түүний эмийн санд ирж, хийжүүлсэн ундаа зардаг лангуунаас мөхөөлдөс худалдаж авчээ. Тэр хөвгүүн худалдаж авсан зүйлийнхээ үнэнд нэг дугтуйнаас мөнгө гаргаж төлөөд, нөгөө дугтуйгаа мартаад явчихаж. Эмийн сангийн эзэн дугтуйг үзтэл, энэ нь манай хэсгийн нэр, утасны дугаарыг дээр нь бичсэн мацгийн дугтуй байжээ. Эмийн санд нь очсон хөвгүүнийг тэрээр надад дүрслэхэд, тэр хөвгүүн бол манай хэсгийн идэвх султай нэг дикон болохыг би тэр даруй мэдлээ.

Манай диконуудын хэн нь ч гэсэн мацгийн санг өгөх ёстой гачигдалтай хүмүүст хүргэж өгөхийн оронд Ням гарагт дэлгүүр очиж, өөрийгөө дайлах ямар нэг юмыг уг мөнгөөр худалдаж авдаг юм биш байгаа гэж бодон, сэтгэл гутран тэвдсэн нь миний анхны хариу үйлдэл байлаа.Сүмийн ариун сангийн тухай, түүнчлэн энэ санг цуглуулж, хамгаалах диконы үүргийн тухай түүнд заахаар би тэр үдээс хойш сайхь хөвгүүний гэрт очихоор шийдлээ.

Сайхь дикон болон түүний гэр уруу явж байхдаа би энэ нөхцөлд юу хэлэх талаараа чиглүүлэл хүсэж чимээгүйхэн залбирч байлаа. Тэгээд би тэднийд ирж, хаалгыг нь тогшив. Хөвгүүний ээж хаалга онгойлгож өгөөд намайг зочны өрөөндөө урив. Өрөө хэдийгээр муухан гэрэлтэй байсан ч, өрөө хичнээн жижигхэн, доожоо муутайг би харж болохоор байлаа. Ганц нэг тавилга нь хуучирч элэгджээ. Ээж нь өөрөө ч гэсэн, уранхай ноорхой хувцастай байв.

Тэр өглөө түүний хүүгийн үйлдэлд хүрч байсан миний дургүйцэл оюун бодлоос минь арилж, харин энэ гэр бүл үнэхээр гачигдалтай болохыг би мэдэж билээ. Тэдний гэрт идэх юм байгаа юу хэмээн ээжээс асуумаар санагдаад болсонгүй, асуулаа. Тэр эмэгтэй нулимс дуслуулан, юу ч алга даа гэх нь тэр. Нөхөр нь ажилгүй болоод нилээд хугацаа өнгөрч байгааг, тэдэнд зөвхөн хоол хүнс хэрэгтэй байсан төдийгүй, байрныхаа түрээсийг ч төлөх мөнгөгүй байснаа, мөн үүний улмаас тэднийг өмгөр байшингаас нь хөөж гаргах дээр тулаад байгааг тэр эмэгтэй надад ярив.

Мацаг барилтын сангийн тухай асуудлыг би огт сөхсөнгүй, учир нь сайхь хөвгүүн эмийн санд зогсож байхдаа тэсэхийн аргагүй өлсөж байсныг би төсөөлөн бодож ойлголоо. Тэднийх идэх хоол хүнстэй, толгой хоргодох орон байртай болохын тулд тэр гэр бүлд тусламж үзүүлэх асуудлыг би тэр даруйд зохион байгуулав. Түүнээс гадна, хэсгийнхээ санваартны удирдагчдын туслалцаатайгаар бид нөхрийг нь ажилтай болгох асуудлыг зохион байгуулж, ингэснээр тэрээр гэр бүлээ ирээдүйд хангах боломжтой болсон юм.

Санваартны болон хавсралт байгууллагуудын удирдагчдын хувьд бид, өөрсдийн дуудлагууддаа хичээл зүтгэл гарган ажиллаж, үүрэг харицлагуудаа биелүүлэхэд тусламж авах эрхтэй билээ. Түүний тусламжийг эрэлхийлэгтүн, тэгээд сүнсний нөлөө та нарт ирэх үед, хаашаа явахыг, хэнтэй уулзахыг, юу хэлэхийг, түүнчлэн үүнийг хэрхэн хэлэхийг тэрхүү сүнсний нөлөө та нарт сануулах болно. Бид аливаа зүйлийг үхэн үхтлээ бодож болно, гэвч зөвхөн тэр бодлоо үйл хэрэг болгосноор бид хүмүүний амьдралыг адисалдаг юм.

Тэдний төлөө бид үүрэг хариуцлага хүлээдэг тэр хүмүүсийн жинхэнэ хоньчид нь бид байх болтугай. Жоон Милтон “Люсида” хэмээх өөрийн яруу найрагт бичихдээ, “өлссөн хонь дээшээ хараад тэжээлээ иддэггүй юм” (125-р мөр) гэжээ. Их Эзэн Өөрөө бошиглогч Езекиелд хэлэхдээ, “Сүргээ тэжээхгүй мөртлөө . . . өөрсдийгөө тэжээдэг хоньчид золгүй еэ”(Езекиел 34:2–3) гэжээ.

Сүргийн төлөө—хаа сайгүй байгаа үнэт сүргийн төлөө, тэрхүү нялх хургануудын төлөө анхаарал халамж тавих үүрэг хариуцлага биднийх юм шүү: Бидний өөрсдийн гэр бүлүүдэд ч тэр, мөн биднийг Сүмийн дуудлагуудад хүлээж байгаа тэдний тухайд ч тэр шүү. Есүс бол бидний даган дуурайх Үлгэр Жишээ. Би бол сайн хоньчин мөн. “Би өөрийнхөө хонинуудыг мэднэ” (Иохан 10:14) хэмээн Тэрбээр хэлсэн байдаг. Сүргээ хариулах үүрэг хариуцлага бидэнд бий. Бид үйлчлэхдээ шантрахгүй байх болтугай.

Аврахын тулд хүрч ажилла

Амьдралын зөргөөр аялах бидний аянд саад бэрхшээлүүд бий. Мөнх амьдрал уруу хөтөлдөг замын тэмдгүүдээс зарим нь гажсан байгаа, сонгосон тэр зам нь зайлшгүй үхлийн төгсгөл уруу удирддаг. Хэнэггүй, хайхрамжгүй явдал, амин хувиа хичээх үзэл хийгээд нүгэл эд бүгдээрээ хүмүүний амьдралын үнэ цэнийг авч оддог юм. Хүсэн хүлээгээгүй учир шалтгааны улмаас, янз бүрийн бөмбөрийн дуугаар аян замдаа гардаг, тэгээд тэд, өөрийнхөө араас дагахад бусдыг уй гашуу, зовлон зүдгүүрт уруу татдаг хүмүүсийг дагаснаа хожим нь мэддэг.

Христийн сүргээс нүүр буруулсан хүмүүсийн тухай Тэргүүн Зөвлөл 1995 онд анхааруулга гаргаж, “Буцаж Ирэх Урилга нэртэй тусгай мэдэгдэл гаргасан юм.” Энэхүү уриалгыг уг захиас цааш нь үргэлжлүүлэн:

“Аль нэг шалтгаанаар Сүмийг дуртайяа хүлээн зөвшөөрөхөөс өөрсдийгөө ангижруулсан та нарт, эргэж ирээч” хэмээн бид хэлж байна. Та нар өөрсдөө нэгэнт мэддэг болсон аз жаргалаас хүртэхийн тулд ирэхийг бид та нарт уриалж байна. Та нарт баяр хүргэж, та нарт тусалж, та нарт тайтгарал өгч, дэлгэсэн гараараа та нарыг тэврэн авах олон хүнийг та нар олж харах болно.

“Та нарын хүч чадал, та нарын хайр, та нарын үнэнч шударга зан, та нарын бүхнээ зориулсан байдал Сүмд хэрэгтэй байна. Энэ зам нэгэнт тогтсон юм, үүгээр хүн Сүмийн гишүүнчлэлийн бүрэн адислалуудад эргэн ирж болно, ийнхүү үүнийг хийхийг хүсэж буй бүх хүмүүсийг бид хүлээн авахад бэлэн байна.”

Олонтаа давтагддаг үйл явдал аврахын тулд хүрч ажиллах өөрийн тань хувийн боломжийг гэр оронд чинь улам ойртуулж өгөх болно. Жак гэдэг нэг хөвгүүнтэй нэг гэр бүлийг авч үзье. Жакийн амьдралын эхний үеийн турш, тэр болон түүний аав олон асуудлаар ноцтой маргадаг байж. Нэг өдөр түүнийг 17-той байхад, тэр хоёр бүр сүрхий маргалдаж. Жак аавдаа хэлсэн нь, “Үүнийг би цаашдаа тэвчиж чадашгүй нь ээ. Би гэрээсээ явлаа, дахиад хэзээ ч эргэж ирэхгүй!” Тэр өрөөндөө орж, цүнхэндээ юмаа хийж. Ээж нь түүнийг битгий яваач гэсэн боловч, тэр үгийг нь сонсоход хэтэрхий ууртай байв. Гадаа гараад, ээж нь уйлж байгааг тэр мэдэрчээ.

Тэр хашаанаас гараад хаалгаар дамжин өнгөрч явтал, “Жак аа, гэрээ орхин явж байгаа чиний энэ ичгүүртэй хэрэг явдалд би ихээхэн буруутайгаа мэдэж байна. Үүний төлөө би үнэхээр харамсаж байна. Хэрэв чи хэзээ ч гэсэн гэртээ эргэж ирэхийг хүсвэл, чамайг үргэлж баяртай угтах болно гэдгийг би чамд хэлье. Би ч гэсэн чамд сайн аав байхыг хичээх болно. Би чамд хайртай, мөн үргэлж чамайг хайрлах болно гэдгээ чамд хэлэхийг би хүсэж байна хэмээн аав нь түүний араас дуудахыг тэр сонсчээ.”

Жак юу ч хэлсэнгүй, гэвч тэр автобусны буудал уруу очиж, холын нэгэн зогсоол хүрэх билет худалдаж авав. Тэрээр автобусан дотор сууж, урсан өнгөрөх километрүүдийг ажиглаж явтал, санаа бодол нь аавынх нь хэлсэн үгс рүү чиглэлээ. Аавийнх нь хэлсэн үгс түүнээс хичнээн их зориг, хичнээн их хайр шаардсаныг тэрээр ухаарав. Аав уучлал гуйсан шүү дээ. Аав нь түүнийг эргэж ирэхийг урин, “Би чамд хайртай” гэсэн үгс нь зуны тэнгэрт хонх жингэнэх мэт сонсогдож байсан шүү дээ.

Одоо хэрхэн үйлдэх нь түүний ээлж болсныг Жак мэдэж байв. Өөртөө амар амгаланг олох цорын ганц зам бол өөрт нь аавынхаа харуулсан мөнхүү тэр хэрсүү ухаан, нинжин сэтгэл хийгээд хайрыг аавдаа харуулах явдал гэдгийг тэрээр ухааран ойлгов. Жак автобуснаас буулаа. Тэр буцах билет худалдаж аваад, гэр рүүгээ буцаж явлаа.

Тэрээр шөнө дунд ялигүй өнгөрч байхад гэртээ орж ирээд, гэрэл асаав. Аав нь толгойгоо гудайлган эргэдэг сандал дээр сууж байв. Тэр дээшээ харж, Жакийг харснаа сандлаасаа босч ирэв; тэр хоёр бие биенийхээ өөдөөс гараа дэлгэн яаран алхлаа. “Миний гэртээ байсан тэр жилүүд амьдралын минь хамгийн аз жаргалтай жилүүд байлаа” хэмээн Жак хожим нь өгүүлжээ.

Хүсэл тэмүүллийг дарж, бардам занг хазаарлагч энэ эцэг, салж бутарсан гэр бүл, ганхаж суларсан гэр орноос шалтгаалан, алдагдсан үй олон хүмүүсийн нэг болохоос нь өмнө хүүдээ хүрч, түүнийг аварсан ажээ. Хайр бол холбогч уяа, эдгээгч гавар юм; хайр—нэн олонтаа мэдрэгддэг, харин нэн ховорхон илэрхийлэгддэг ажгуу.

Синай Уулаас бидний чихэнд аянга, “Эцэг эхээ хүндэл” (Египетээс Гарсан нь 20:12) хэмээн өгүүлсэн байдаг. Мөн хожим нь мөнөөх Бурхан тушааж, “Хайраар хамтдаа амьдар” (С ба Г 42:45-ыг үз) гэсэн байдаг.

Их Эзэний төлөвлөгөөг дагах нь

Залбирахдаа өвдөг сөгд. Үйлчлэхдээ бүү шантар. Аврахын тулд хүрч ажилла. Байр байшинг гэр орон болгож, улмаар энэ гэр орныг тэнгэрийн гэр орон болгох Бурханы төлөвлөгөөнд энэ бүгд нэн чухал үе шат мөн.

Өөрсдийн маань гэр орон дахь, түүнчлэн Сүмийн дуудлагуудын маань эрхэм ариун үүрэг хариуцлагуудад тэнцвэртэй байдал бол бидний түлхүүр ойлголт мөн. Бид өөрсдийн гэр бүлүүдэд анхаарал халамж тавихдаа, түүнчлэн Сүмийн дуудлагуудыг хэрэгжүүлэхдээ, мэргэн ухаан, сүнсний нөлөө, эрүүл саруул үнэлэлт дүгнэлтийг ашиглах ёстой, учир нь энэ бүгд туйлын чухал юм. Бид гэр бүлээ хайхрахгүй байж болохгүй; бид Сүмийн дуудлагуудаа хайхрахгүй байж болохгүй.

Ур чадвараа төлөвшүүлцгээе, алдаа дутагдал гаргахгүй байцгаая, тэгээд Түүний төлөвлөгөөг дагацгаая. Тэгвэл Их Эзэн, бүр бидний барилгын зааварлагч Тэрбээр тэр үеийн барилгач асан Соломон дээр хүрч ирэхдээ хэлсний нэгэн адилаар, “Миний нэрийг энд үүрд мөнхөд тавьснаар чиний барьсан энэ өргөөг Би ариусган тусгаарлалаа. Миний мэлмий, миний зүрх сэтгэл үргэлж энэ газарт байх болно” (Хаадын Дээд 9:3) хэмээн айлдах болно. Тэр үед бид тэнгэрлэг гэр оронтой, үүрд мөнхийн гэр бүлүүдтэй болж, бусад гэр бүлүүдэд тусалж, хүчирхэгжүүлэн, бас туслах боломжтой байх болно.

Энэ адислал та бидний хүн нэг бүрд ирэхийн төлөө би даруухнаар, чин сэтгэлээсээ залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.

Тэмдэглэл

1. Тэргүүн Зөвлөлийн захидал, 1999 оны 2-р сарын 11; Лиахона 1999 оны 12-р сар,1.

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy