Бүлэг 12
Есүс Арванхоёрыг дуудаж мөн итгэмжлэл хүлээлгэв—Тэрбээр Уулан дээрх Номлолтой төстэйг нифайчуудад ярив—Тэрбээр Ерөөлүүдийг хэлэв—Түүний зааврууд дахь зүйлүүд Мосегийн хуулийг давж гарч, мөн орлов–-Тэр түүний Эцэг төгсийн адил хүмүүн төгс байхыг зарлиг болгуулав—Матай бүлэгт 5-тай харьцуул. Ойролцоогоор мэ 34 он.
1 Мөнхүү улиран тохиох дор Есүс эдгээр үгийг Нифайд, мөн дуудагдсан тэдэнд яриад, (эдүгээ дуудагдаж, мөн баптисм хүртээх хүч болон эрх мэдлийг хүлээн авсан тэдний тоо нь арванхоёр байв) мөн болгоогтун, тэр мутраа урагш цугларсан олонд сунгаж, мөн тэдэнд чанга дуугаар ярьж, өгүүлсэн нь: Та нарт тохинуулж, мөн та нарын зарц нар байхаар та нарын дундаас миний сонгосон эдгээр арван хоёрын үгсэд анхаарлаа хандуулах аваас та нар адислагдах болно; мөн тэд та нарт баптисм хүртээж болно хэмээн би хүчийг тэдэнд өгсөн бөлгөө; мөн та нар баптисм хүртсэний дараа, болгоогтун, би та нарт галаар мөн Ариун Сүнсээр баптисм хүртээх болно; тиймийн тул та нар намайг харж мөн би байдаг гэдгийг мэдсэний дараа, та нар надад итгэж мөн баптисм хүртвэл адислагдах болно та нар.
2 Мөн тэрчлэн, та нар намайг харж, мөн би байдаг гэдгийг мэддэгээ та нар гэрчлэх учир, та нарын үгсэд итгэх тэд илүү адислагдах болно. Тийм ээ, үгсэд тань итгэх мөн даруу байдлын гүн уруу ирэх мөн баптисм хүртэх тэд адислагдах болно, учир нь тэд галаар мөн Ариун Сүнсээр зочлогдох болно, мөн нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авах болно.
3 Тийм ээ, надад ирэх сүнсэндээ ядуу нь адислагдах болно, учир нь тэнгэрийн хаант улс бол тэднийх юм.
4 Мөн тэрчлэн, гашуудах тэд бүгд адислагдах болно, учир нь тэд тайвшруулагдах болно.
5 Мөн хүлцэнгүй номхон нь адислагдах болно, учир нь тэд газар дэлхийг өвлөх болно.
6 Мөн зөв шударгын төлөө өлсөж мөн цангах тэд бүгд адислагдах болно, учир нь тэд Ариун Сүнсээр дүүргэгдэх болно.
7 Мөн нигүүлсэнгүй нь адислагдах болно, учир нь тэд өршөөл нигүүлслийг олж авах болно.
8 Мөн зүрх сэтгэлдээ цэвэр ариун бүгд нь адислагдах болно, учир нь тэд Бурханыг харна.
9 Мөн энхийг сахигч бүгд адислагдах болно, учир нь тэд Бурханы хүүхдүүд хэмээн нэрлэгдэх болно.
10 Мөн миний нэрийн төлөө хавчин гадуурхагдсан тэд бүгд адислагдах болно, учир нь тэнгэрийн хаант улс тэднийх юм.
11 Мөн надаас болж хүмүүс та нарыг доромжлох мөн хавчин гадуурхах мөн та нарын эсрэг гүтгэн бүхий л хилэнцтийг хэлэх үед та нар адислагдах болно.
12 Учир нь та нар агуу баясал мөн үлэмжийн баяр хөөртэй байх болно, учир нь тэнгэрт шагнал тань агуу байх болно; учир нь та нарын өмнө байсан бошиглогчдыг тэд тэгж хавчин үүнчлэн гадуурхсан билээ.
13 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, газар дэлхийн давс байх үүргийг би та нарт өгдөг; гэвч хэрэв давс амтаа алдвал газар дэлхий юугаар давслагдах билээ? Уг давс түүнээс хойш, зайлуулагдаж мөн хүмүүний хөл дор дэвслэгдэхээс өөр юунд ч хэрэггүй байх болно.
14 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ хүмүүсийн гэрэл байх үүргийг би та нарт өгнө. Толгойд дээр байрласан хот нууцлагдах аргагүй билээ.
15 Болгоогтун, хүмүүс лаа асаагаад мөн үүнийгээ тогоон дор нуудаг бил үү? Үгүй ээ, харин лааны тавиур дээр тавьж, мөн энэ нь гэрт байгаа бүгдэд гэрэл өгдөг;
16 Тиймийн тул, тэд та нарын сайн ажлуудыг харж, тэгээд тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулж болохын тулд гэрэл тань энэ хүмүүсийн өмнө тийн туяаран гийг.
17 Хуулийг эсвээс бошиглогчдыг устгахаар намайг ирсэн гэж бүү бод. Би устгахаар ирсэн биш, харин гүйцэлдүүлэхээр билээ;
18 Учир нь үнэнээр би та нарт хэлнэ, уг хуулиас нэг цэг, нэг жижиг зураас ч улирч одоогүй, харин энэ нь бүгд надаар гүйцэлдсэн билээ.
19 Мөн болгоогтун, та нар надад итгэхийн тулд, мөн та нар нүглүүдээ наманчилж, мөн харууссан зүрх гэмшсэн сэтгэлтэйгээр надад ирэхийн тулд би Эцэгийнхээ хууль болон зарлигуудыг та нарт өгсөн. Болгоогтун, та нарын өмнө зарлигууд байна, мөн хууль нь гүйцэлдсэн билээ.
20 Тиймийн тул надад ирж мөн та нар аврагд; учир нь үнэнээр би та нарт хэлнэ, энэ цагт та нарт миний зарлигласан тэрхүү зарлигуудыг дагахаас бусдаар, та нар тэнгэрийн хаант улсад яавч орохгүй.
21 Энэ нь хуучин цагийн тэднээр хэлэгдсэнийг та нар сонссон, мөн энэ нь түүнчлэн та нарын өмнө бичигдсэн байна, чи алах ёсгүй, мөн алсан хэн боловч, Бурханы шүүлтийн дор аюултай байдалд байх болно;
22 Гэвч би та нарт хэлнэ, ахдаа уурласан хэн боловч түүний шүүлтийн дор аюултай байдалд байх болно. Мөн ах дүүдээ, Хоосон толгой гэж хэлэх хэн боловч, шүүхэд татагдах аюултай байдалд байх болно; мөн Чи мунхаг гэж хэлэх хэн боловч, галт тамын аюулд байх болно.
23 Тиймийн тул, хэрэв та нар надад ирэхийг өөрөөр хэлбэл надад ирэхийг хүсэвч мөн ах дүүд тань чиний эсрэг аливаа нэгэн буйг санах аваас—
24 Өөрийн замаар ах дүүдээ очиж, мөн эхлээд ах дүүтэйгээ эвлэрч, мөн тэгээд зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирэгтүн, мөн би чамайг хүлээн авах болно.
25 Тэрээр чамайг ямар нэгэн үед дийлж, мөн чи шоронд хаягдах болуузай хэмээн өстөнтэйгээ замаар явж байхдаа түүнтэй хурдхан эвлэр.
26 Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чи эцсийн синайныг төлсөн байх хүртлээ тэндээс гарч ирэх аргагүй болно. Мөн та нар шоронд байх зуураа бүр ганц синайныг ч төлж чадна гэж үү? Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, Үгүй.
27 Болгоогтун, чи садар самууныг үйлдэх ёсгүй хэмээн хуучин цагийн тэднээр бичигдсэн байдаг;
28 Гэвч би та нарт хэлнэ, тачаадахын улмаас эмэгтэйг харсан хэн боловч, зүрх сэтгэлдээ аль хэдийн садар самууныг үйлдсэн байдаг.
29 Болгоогтун, та нар эдгээр зүйлийн нэгээхнийг ч зүрх сэтгэлдээ оруулахыг хүлцэх ёсгүй хэмээх зарлигийг би та нарт өгье;
30 Учир нь та нар өөрсдөө эдгээр зүйлсээс татгалзсанаар та нар загалмайгаа үүрэх нь тамд хаягдсанаас дээр байх болно.
31 Эхнэрээсээ салсан хэн боловч, эхнэртээ салалтыг гэрчилсэн бичиг өг хэмээн бичигдсэн байдаг.
32 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, завхайрлын шалтгаанаас бусдаар эхнэрээсээ салах хэн боловч, түүнийг садар самууныг үйлдэх болгосон хэрэг юм; мөн салсан эхнэртэй гэрлэх хэн боловч садар самууныг үйлдсэн хэрэг юм.
33 Мөн тэрчлэн, чи хуурамчаар тангараглах ёсгүй нь бичигдсэн, харин Их Эзэний төлөөх ам тангаргаа биелүүлэх ёстой.
34 Гэвч үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, тангараг огт бүү тавь; бас тэнгэрээр ч бүү тангарагла, учир нь энэ бол Бурханы сэнтий юм;
35 Бас газар дэлхийгээр ч, учир нь энэ нь түүний хөлний гишгүүр бөлгөө;
36 Бас чи толгойгоороо ч бүү тангарагла, учир нь чи нэг үсийг ч хар эсвээс цагаан болгож чадахгүй;
37 Харин үг чинь Тийм ээ, тийм; Үгүй үгүй байг; учир нь эдгээрээс илүүгээр хэлэгдсэн нь юу боловч хилэнцэт бөлгөө.
38 Мөн болгоогтун, нүдийг нүдээр, мөн шүдийг шүдээр хэмээн бичигдсэн байдаг;
39 Харин би та нарт хэлнэ, та нар хилэнцэттэй бүү сөргөлд, харин баруун хацар дээр чинь хэн цохинов, түүнд нөгөө хацраа тавьж өг;
40 Мөн хэн нэгэн чамтай хуулиар заалдаж мөн хүрмийг тань авбал, түүнд орхимжоо ч түүнчлэн өг;
41 Мөн хэн нэгэн чамайг нэг бээр явахыг албадвал, түүнтэй хоёр бээр явагтун.
42 Чамаас гуйсанд өг, мөн чамаас зээлэх гэсэн түүнд чи бүү араа харуул.
43 Мөн болгоогтун түүнчлэн, чи хөршөө хайрлаж мөн дайснаа үзэн яд гэж бичигдсэн байдаг;
44 Гэвч болгоогтун би та нарт хэлнэ, дайснуудаа хайрла, чамайг зүхэх тэднийг адисал, чамайг үзэн ядах тэдэнд сайныг үйлд, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах мөн чамайг хавчин гадуурхах тэдний төлөө залбир;
45 Та нар тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхдүүд байж болохын тулд буюу; учир нь тэрбээр өөрийн нарыг хилэнцтийн дээр мөн сайны дээр мандах болгодог.
46 Тиймийн тул эрт цагийн тэдгээр зүйл, хуулийн харьяат байсан тэр нь, надаар бүгд гүйцэлдсэн билээ.
47 Хуучин зүйлүүд төгсөж, мөн бүх зүйл шинэ боллоо.
48 Тиймийн тул би, эсвээс тэнгэрт буй Эцэг тань төгсийн адил та нарыг төгс байгаасай хэмээнэ би.

