Бүлэг 6
Зарахемла дахь Сүм цэвэршигдэж мөн журам тогтоогдов—Алма номлохоор Гидеонд очив. Ойролцоогоор мэө 83 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма Зарахемлагийн хотод байгуулагдсан, сүмийн хүмүүст ярихаа төгсгөл болгосны дараа, тэрээр Бурханы жаягийн дагуу гараа тавин, сүмийн дээр тэргүүлэх мөн хянах санваартнууд хийгээд ахлагчдыг томилов.
2 Мөнхүү улиран тохиох дор сүмд харъяалагдаагүй, нүглээ наманчилсан болгон нь, наманчлалд баптисм хүртэж, мөн сүмд хүлээн зөвшөөрөгдөв.
3 Мөн түүнчлэн улиран тохиох дор сүмд харъяалагдаж байсан ч өөрсдийн ёс бусыг наманчилж мөн Бурханы өмнө өөрсдийгөө даруусгаагүй хэн боловч—зүрх сэтгэл дэх бардамналдаа хөөрсөн тэднийг би хэлж байна—мөнхүү тэд нь гологдож, мөн зөв шударгыг үйлдэгсдийн дунд тоологдохгүйн тулд тэдний нэрс арилгагдсан бөлгөө.
4 Мөн тэд тийн Зарахемлагийн хотод сүмийн жаягийг үндэслэж эхлэв.
5 Эдүгээ Бурханы үг бүгдэд чөлөөтэй тул Бурханы үгийг сонсохоор хамтран чуулах хэний ч боломж булаагдаагүйг та нар ойлгоосой хэмээнэ би.
6 Гэсэн хэдий ч Бурханы хүүхдүүд ойр ойрхон нэгдэн цугларцгааж, мөн Бурханыг мэдэхгүй тэдний бодгалиудын аз жаргалын төлөө мацаг барих болон хүчирхэг залбиралд нэгдэхээр зарлигдуулсан билээ.
7 Мөн эдүгээ улиран тохиох дор Алма эдгээр зохицуулалтыг хийгээд тэрээр тэднээс салж одлоо, тийм ээ Зарахемлагийн хотод байсан тэр сүмээс, мөн Сидон голын зүүнтээ гарч, Гидеоны хөндийд очлоо, тэнд Нихорын гараар илдэнд хөнөөгдсөн тэр хүний нэрээр, Гидеон гэж нэрлэгдсэн тэр хөндийд, Гидеоны хот гэж нэрлэгдсэн нэг хот баригдсан байсны улмаас буюу.
8 Мөн Алма явж мөн эцэг өвгөдөөрөө яригдсан тэрхүү үгийн үнэн гэсэн илчлэлтийн дагуу, мөн нүглүүдээс нь өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх Бурханы Хүү, Есүс Христийн талаарх гэрчлэлийн дагуу, өөрт нь байх тэрхүү бошиглолын суу билгийн дагуу, мөн өөрийн дуудагдсан тэр ариун жаягийн дагуу Бурханы үгийг Гидеоны хөндийд байгуулагдсан сүмд тунхаглаж эхлэв. Мөн тийн бичигдсэн болой. Амен.

