Хэсэг 109
1–5, Көртландын Ариун Сүм Хүний Хүүгийн айлчлах газар болон баригдсан байлаа; 6–21, Энэ нь залбирлын, мацгийн, итгэлийн, суралцахын, алдар суугийн мөн дэг жаягийн өргөө, мөн Бурханы өргөө байх ёстой; 22–33, Их Эзэний хүмүүсийг эсэргүүцдэг үл наманчлагчид шившиглэгдэх болтугай; 34–42, Гэгээнтнүүд зөв шударгыг үйлдэгчдийг Сионд цуглуулах хүчинд урагш одох болтугай; 43–53, Эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр юүлэгдэх аймшигт зүйлүүдээс Гэгээнтнүүд чөлөөлөгдөх болтугай; 54–58, Үндэстнүүд хийгээд хүмүүс мөн сүмүүд сайн мэдээний төлөө бэлтгэгдэх болтугай; 59–67, Иудейчүүд, леменчүүд, мөн бүх Израил гэтэлгэгдэх болтугай; 68-80, Гэгээнтнүүд алдар суу хийгээд хүндэтгэлээр титэмлэгдэж мөн мөнхийн авралыг олох болтугай.
1 ТАНЫ өмнө бүх зүрх сэтгэлээрээ цэх шулуун алхдаг өөрийн үйлчлэгчидтэй гэрээг сахьж мөн нигүүлслийг үзүүлдэг, Ай Израилын Бурхан, Их Эзэн таны нэрэнд талархал байх болтугай.
2 Энэ газарт [Көртланд] өөрийн нэрэнд өргөөг барихаар үйлчлэгчиддээ зарлигласан тэр нь та билээ.
3 Мөн эдүгээ Ай Их Эзэн та, үйлчлэгчид тань таны зарлигийн дагуу хийснийг болгоогтун.
4 Мөн эдүгээ аврал дангаараа түүний нэрээр хүмүүний үрсэд өгөгдөж болох, таны цээжний Хүү, Есүс Христийн нэрээр, Ариун Эцэг танаас бид гуйж байна, Ай Их Эзэн минь, таны үйлчлэгчид бидний гарын бүтээл, барихыг нь та бидэнд зарлигласан энэхүү өргөөг соёрхон хүлээж авахыг бид гуйж байна.
5 Учир нь агуу их гай зовлон үзэж байж энэ ажлыг хийснийг та мэдэх билээ, Хүний Хүү өөрийнхөө хүмүүст өөрийгөө үзүүлж болох газартай байж болохын тулд бид ядуу зүдүү байдлаасаа өөрсдийн эд хөрөнгийг таны нэрэнд өргөө барихад өргөсөн билээ.
6 Мөн та бидэнд өгсөн нэгэн илчлэлтэд биднийг найз нараа хэмээн дуудаж, хэлэхдээ—Та нарт миний зарлигласанчлан, өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудагтун гэсэн билээ;
7 Мөн бүгдээрээ итгэлгүй байгаа болохоор, та нар мэргэн ухааны үгсийг хичээнгүйлэн эрэлхийлж мөн бие биендээ заагтун; тийм ээ, мэргэн ухааны үгсийн шилдэг номнуудаас та нар эрэлхийл, бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийл;
8 Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй юм болгоныг бэлтгэ, мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг жаягийн өргөө, Бурханы өргөө байгуул;
9 Та нарын оролтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд, та нарын гаралтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд, та нарын бүх мэндчилгээнүүд Их Эзэний нэрэнд, Бүхнээс Дээдэд өргөсөн гарын хамт байж болохын тулд буюу.
10 Мөн эдүгээ, Ариун Эцэг минь, таны алдар хүндэтгэл хийгээд таны бурханлиг хүлээн зөвшөөрөлтөд үйлдэгдэж болохын тулд өөрийнхөө хүмүүс бидэнд онцгой ариун хуралдайг дуудахад ач ивээлээрээ туслахыг бид танаас гуйж байна;
11 Мөн бид таны мэлмийд зохистой байж болохын тулд, таны хүмүүс, бидэнд өгөгдсөн илчлэлтүүдэд таны өгсөн амлалтуудын биелэлтийг олж авах тэрхүү маягт буюу;
12 Таны алдар суу доош таны хүмүүс дээр, мөн эдүгээ бид танд зориулан онцгойлон адисалж буй таны энэ өргөөн дээр амарч болохын тулд, энэ нь ариун байхын тулд ариусгагдаж мөн ариулан адислагдахын тулд, мөн таны ариун оршихуй энэ өргөөнд цаг ямагт байж болохын тулд буюу.
13 Мөн Их Эзэний өргөөний хатавчаар орж ирэх бүх хүмүүс таны сүр хүчийг мэдэрч болохын тулд, мөн та үүнийг ариусгасаныг аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрөхөд хүрч болохын тулд, мөн энэ нь таны өргөө, таны цэвэр ариун байдлын газар байхын тулд буюу.
14 Мөн Ариун Эцэг минь, энэ өргөөнд шүтэн бишрэх тэд бүгд шилдэг номнуудаас мэргэн ухааны үгсээр заагдаж болохын тулд таны хэлсэнчлэн мөн тэд бүр сурахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлж болохын тулд буюу;
15 Мөн тэд танд өсөхийн тулд, мөн Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч, мөн таны хуулиудын дагуу зохион байгуулагдаж, мөн хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдэж болохын тулд буюу;
16 Мөн энэ өргөө залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, алдар суугийн болон Бурханы өргөө, бүр таны өргөө байж болохын тулд буюу;
17 Таны хүмүүсийн бүх оролтууд, энэ өргөөнд Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу;
18 Энэ өргөөнөөс гарах тэдний бүх гаралтууд Их Эзэний нэрэнд байж болохын тулд буюу;
19 Мөн тэдний бүх мэндчилгээ Их Эзэний нэрэнд, Бүхнээс Дээдэд өргөсөн ариун гарын хамт байж болохын тулд буюу;
20 Мөн цэвэр ариун биш зүйл үүнийг бохирлохоор таны өргөөнд орох нь зөвшөөрөгдөхгүй байж болохын тулд буюу;
21 Мөн таны хүмүүсийн хэн нь ч зөрчил гаргахад, тэд нэн түргэнээр наманчилж мөн танд эргэн ирж мөн таны мэлмийд ээл хишгийг олж, мөн таны өргөөнд таныг хүндэтгэн бишрэх тэдэн дээр юүлэгдэхээр таны томилогдсон адислалуудад сэргээгдэж болохын тулд буюу.
22 Мөн Ариун Эцэг минь, таны үйлчлэгчид энэ өргөөнөөс таны сүр хүчээр зэвсэглэн урагш одож болохын тулд, мөн таны нэр тэдэн дээр байж болохын тулд мөн таны алдар суу тэдний эргэн тойронд байж болохын тулд, мөн таны тэнгэр элчүүд тэдний дээр захирч байхын тулд бид танаас гуйж байна.
23 Мөн энэ газраас тэд үлэмж агуу хийгээд алдар суут мэдээг үнэнд, дэлхийн хязгааруудад хүргэж болохын төлөө, энэ бол таны ажил гэдгийг, мөн эцсийн өдрүүдийн талаар бошиглогчдын амаар, та өөрийнхөө ярьсныг гүйцэлдүүлэхийн тулд та гараа урагш тавьсан юм гэдгийг тэд мэдэж болохын тулд буюу.
24 Ариун Эцэг минь, бишрэн шүтдэг, мөн таны энэхүү өргөөнд бүх үеийнхэнд мөн үүрд мөнхөд нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсдог хүмүүсийг төлөвшүүлэхийг бид танаас гуйж байна;
25 Тэдний эсрэг бий болсон зэр зэвсэг амжилтад хүрэхгүй байхыг; тэдэнд зориулж нүх ухдаг тэрээр мөн үүндээ өөрөө унахыг буюу;
26 Ёс бусын нэгдэл өндийн босч мөн энэ өргөөнд таны нэр тэдэн дээр тавигдах хүмүүсийн тань дээр дийлэх хүчгүй байхыг буюу;
27 Мөн хэрэв ямар ч хүмүүс энэ хүмүүсийн эсрэг босох аваас, таны уур тэдний эсрэг дүрэлзэхийн тулд буюу;
28 Мөн хэрэв тэд энэ хүмүүсийг цохих аваас, та тэднийг цохих болно; тэд бүх дайсныхаа гараас чөлөөлөгдөж болохын тулд тулалдааны өдөрт та ингэдэгчлэн, та өөрийнхөө хүмүүсийн төлөө тулалдах ажаамуу.
29 Ариун Эцэг минь, таны үйлчлэгч буюу үйлчлэгчдийн эсрэг худал үгсийг алс хол дэлхий даяар тараасан тэд бүгдийг, хэрэв тэд үүрдийн сайн мэдээг чихэнд нь тунхаглахад эс наманчлах аваас, шившиглэж, мөн гайхахад хүргэн, мөн ичгүүрт хийгээд тодорхой бус байдалд авчрахыг бид танаас гуйж байна;
30 Мөн тэдний бүх ажил юу ч бишид авчрагдаж, мөн мөндрөөр, мөн уурандаа тэдэн дээр таны илгээх шүүлтүүдээр арчигдахын тулд, таны хүмүүсийн эсрэг худал үгс хийгээд гүтгэлэгт төгсгөл байхын тулд буюу.
31 Учир нь та мэдэх билээ, Ай Их Эзэн минь, таны үйчлэгчид нэрийг тань гэрчлэхэд таны өмнө гэм буруугүй билээ, үүний төлөө тэд эдгээр бүх зүйлийг тэвчсэн болой.
32 Тиймийн тул, энэ буулган дороос бүрэн хийгээд төгс чөлөөлөгдөхийг бид таны өмнө гуйж байна;
33 Ай, Их Эзэн минь, үүнийг эвдэж хаяач; бид энэ үеийнхний дунд босч, мөн таны ажлыг хийж болохын тулд үүнийг үйлчлэгчдийнхээ хүзүүнээс өөрийн хүчээр эвдэж хаяач.
34 Ай, Иехова, энэ хүмүүсийн дээр нигүүлсэлтэй байгаач, мөн бүх хүмүүн нүглийг үйлддэг учир, өөрийн хүмүүсийн зөрчлийг өршөөгөөч, мөн тэдгээрийг үүрд арилгагдахаар болгооч.
35 Тохинуулагчдын тань томилолт тэнгэрийн хүчээр тэдэн дээр лацдагдаг.
36 Энэ нь Пентекостын өдөр тэдэн дээр байхын адилаар тэдэн дээр гүйцэлдэг; таны хүмүүс дээр бүр галынх мэт салаалсан хэлний, мөн үүний хөрвүүлгийн адил хэлний бэлэг юүлэгдэг.
37 Мөн таны өргөө хуйлрах хүчит салхи лугаа адил таны алдар суугаар дүүргэгдэг.
38 Тэд гадагш одож мөн таны үгсийг тунхаглахдаа тэд хуулийг лацдан, мөн та хилэгнэлдээ дэлхийн оршин суугчид дээр тэдний зөрчлийн улмаас илгээх гэж буй тэдгээр бүх шүүлтийн тулд өөрийн гэгээнтнүүдийн зүрх сэтгэлийг бэлтгэх, гай зовлонгийн өдөрт таны хүмүүс унахгүйн тулд, гэрээний гэрчлэлийг үйлчлэгчид дээрээ тавиач.
39 Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, тэр хотын хүмүүс тэдний гэрчлэлийг хүлээн авахад тэд тэр хотоос зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд, тэд Сион уруу, эсвээс түүний гадаснууд уруу үүрдийн баяслын дуунуудтайгаар ирж болохын тулд таны амар амгалан хийгээд таны аврал тэр хот дээр байг;
40 Мөн энэ нь биелэгдэх хүртэл таны шүүлтүүд тэр хот дээр бүү бууг.
41 Мөн таны үйлчлэгчид ямар ч хотод орлоо гэсэн, мөн тэр хотын хүмүүс таны үйлчлэгчдийн гэрчлэлийг хүлээн авахгүй бол, мөн энэ зөрүүд үеийнхнээс тэд өөрсдийгөө аврахыг таны үйлчлэгчид тэдэнд сэрэмжлүүлэг, бошиглогчдынхоо амаар таны ярьсны дагуу энэ нь тэр хот дээр байг.
42 Харин Ай Иехова та өөрийн үйлчлэгчдийг тэдний гараас чөлөөлж, мөн тэдний цуснаас тэднийг цэвэрлээч хэмээн бид гуйж байна.
43 Ай Их Эзэн минь, нөхдийг маань устгаж байгаад бид баярлах нь үгүй; тэдний бодгалиуд таны өмнө үнэ цэнэтэй бөлгөө.
44 Гэвч таны үг гүйцэлдэх ёстой. Биднийх бус, харин Их Эзэн таны таалал гүйцэлдэх болно хэмээн хэлэхэд нь тэдэнд ач ивээлээрээ дэм үзүүлэн өөрийн үйлчлэгчдэд туслаач.
45 Эцсийн өдрүүд дэх ёс бусчуудын талаарх аймшигт зүйлүүдийг та бошиглогчдынхоо амаар ярьсныг, —та хэмжээлшгүй шүүлтүүдээ юүлэх болно гэдгийг бид мэднэ;
46 Тиймийн тул, Ай Их Эзэн минь, өөрийн хүмүүсийг ёс бусчуудын гай түйтгэрээс чөлөөлөөч; тэд шатаалтын өдөрт бэлтгэгдэхийн тулд хуулийг лацдаж мөн гэрчлэлийг битүүмжлэх боломжийг өөрийн үйлчлэгчдэд олгооч.
47 Ариун Эцэг минь, Миссурийн Жаксон гүнлэгийн оршин суугчдаар өвийнхөө нутгуудаас хөөгдсөн тэднийг санаач, мөн тэдэн дээр тавигдсан зовлон зүдгүүрийн буулгыг эвдэж хаяач, Их Эзэн минь.
48 Тэд ёс бус хүмүүсээр туйлын ихээр доромжлуулж мөн зовлон зүдгүүрт унасныг та мэдэх билээ Ай Их Эзэн минь; тэдний хүнд хэцүү ачааны улмаас бидний зүрх сэтгэл уй гашууд автнам.
49 Энэ хүмүүс энэ гай зовлон зүдгүүрийг үүрэхийг, мөн гэм зэмгүй тэдний хашгиралтууд дээшээ таны сонорт хүрэхийг, мөн тэдний цус таны өмнө гэрчлэлд очихыг, мөн тэдний тусын тулд өөрийн гэрчлэлийг харуулахгүйгээр та хичнээн удаан тэвчих юм бэ, Ай Их Эзэн минь
50 Тэд эвдэн сүйтгэхээ зогсоож болохын тулд, хэрэв наманчлал байх аваас, тэд нүглүүдээсээ наманчилж болохын тулд таны хүмүүсийг хөөсөн ёс бус танхайрагчдын бүлгийн хувьд нигүүлсэлтэй байгаач Ай Их Эзэн минь;
51 Харин хэрэв тэд үгүй аваас, та мутраа ил гаргаж Сионыг, өөрийн хүмүүст томилсон тэрнийг гэтэлгээч, Ай Их Эзэн минь.
52 Мөн хэрэв энэ нь өөрөөр байж үл болох аваас, таны хүмүүсийн зорилго таны өмнө бүтэлгүйтэхгүй байхын тулд, мөн таны зэвүүцэл тэдэн дээр бууж, үндэс хийгээд мөчир аль алинаар нь тэд тэнгэрийн дороос устгагдаж болохын тулд таны уур дүрэлзэж болох буюу;
53 Харин тэд наманчлахын хэрээр, нигүүлсэнгүй хийгээд нинжин сэтгэлтэй та Тослогдогчийнхоо нүүрийг хараад хилэгнэлээ зайлуулах болой.
54 Дэлхийн бүх үндэстнүүд дээр нигүүлсэнгүй байгаач, Ай Их Эзэн минь; манай нутгийн захирагчид дээр нигүүлсэнгүй байгаач; хүндэтгэлтэйгээр хийгээд зоримгоор бидний эцгүүдээр хамгаалагдаж ирсэн тэдгээр зарчмууд, нэрлэвэл, манай нутгийн Үндсэн хууль үүрд үндэслэн байгуулагдах болтугай.
55 Хаад, хунтайж нар, язгууртнууд, мөн дэлхийн агуу ихэс дээдэс, мөн бүх хүмүүс мөн сүмүүд, бүх ядуус, гачигдагсад, мөн дэлхийн зовж зүдрэгсдийг санаач;
56 Таны үйлчлэгчид таны өргөөнөөс гадагш явахад, таны нэрийг гэрчлэхэд тэдний зүрх сэтгэл зөөлрөх болтугай, Ай Иехова; тэдний урьдчилсан сэжиг таавар үнэний өмнө зам тавьж өгөхийн тулд, мөн таны хүмүүс бүхний мэлмийд таашаалыг олж болохын тулд буюу;
57 Бид таны үйлчлэгчид таны дуу хоолойг сонссон, мөн та биднийг илгээсэн гэдгийг дэлхийн бүх хязгаарууд мэдэж болохын тулд буюу.
58 Иаковын хүүхдүүд, таны үйлчлэгчид, тэдэнд таны зарлигласанчлан, таны нэрэнд ариун хотыг барихаар эдгээр бүгдийн дундаас зөв шударгыг үйлдэгчдийг цуглуулж болохын тулд буюу.
59 Таны хүмүүсийн цугларалт агуу хүч хийгээд сүр жавхланд явагдахын тулд, таны ажил зөв шударга ёсонд түргэссэн байхын тулд, таны томилсон энэ нэгээс гадна бусад гадаснуудыг Сионд томилж өгөхийг бид танаас гуйж байна.
60 Харийнхантай холбогдсон бидэнд таны өгсөн илчлэлтүүд хийгээд зарлигуудын талаар бид таны өмнө эдгээр үгсийг ярилаа, Ай Их Эзэн минь.
61 Гэвч үүлэрхэг хийгээд харанхуй өдөр урт удаан хугацаагаар уулсаар тараагдсан Иаковын хүүхдүүдийг та агуу ихээр хайрладгаа та мэдэх билээ.
62 Тиймийн тул, Иерусалим энэ цагаас гэтэлгэгдэж эхлэхийн тулд, Иаковын хүүхдүүд дээр нигүүлсэнгүй байгаач хэмээн бид танаас гуйж байна;
63 Мөн боолчлолын буулга Давидын удмаас эвдэгдэж хаягдах нь эхэлж болох буюу;
64 Мөн Иудейн хүүхдүүд, өөрсдийнх нь эцэг Абрахамд таны өгсөн нутгуудад эргэж ирэхийн эхлэл болох буюу.
65 Мөн өөрсдийн зөрчлийн улмаас зүхэгдэж мөн цохигдсон Иаковын үлдэгдлүүд зэрлэг хийгээд соёл иргэншилгүй байдлаасаа үүрдийн сайн мэдээний бүрэн байдалд хөрвүүлэгдэхэд хүргээч;
66 Тэд цус урсгах зэвсгүүдээ доош тавьж, мөн эсэргүүцлээ зогсоож болохын тулд буюу.
67 Мөн дэлхийн хязгааруудад хөөгдсөн, тараагдсан бүх Израилын үлдэгдлүүд үнэний мэдлэгт ирж, Мессиад итгэн, мөн дарлалаас гэтэлгэгдэж, мөн таны өмнө баясаж болохын тулд буюу.
68 Өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитийг, мөн түүний бүхий л зовлон зүдгүүрүүд хийгээд мөрдлөг хавчлагуудыг—тэрээр Иеховатай хэрхэн гэрээнд орж, мөн танд, Ай Иаковын Хүчирхэг Бурханд мэхийн ёсолж байсныг—мөн түүнд таны өгсөн зарлигуудыг, мөн тэрээр таны тааллыг хэрэгжүүлэхийн тулд чин сэтгэлээсээ хичээж байгааг санаач, Ай Их Эзэн минь.
69 Тэд таны оршихуйд өргөмжлөгдөж мөн таны асрамжлагч гараар хамгаалагдахын тулд, түүний эхнэр мөн хүүхдүүдэд нигүүлсэнгүй байгаач, Ай Их Эзэн минь.
70 Тэдний урьдчилсан сэжиг таавар эвдэгдэж мөн үерээр мэт арчигдаж болохын тулд; тэд Израилтай хамт хөрвүүлэгдэн мөн гэтэлгэгдэн мөн та бол Бурхан гэдгийг мэдэхийн тулд тэдний бүх ойрын садан төрлүүдэд нигүүлсэнгүй байгаач.
71 Баруун гар тань тэднийг, тэдний бүх гэр бүлийн мөн ойрын садан төрлүүдийнх нь хамт өргөмжилж болохын тулд мөн тэдний нэрс үүрд хадгалагдан мөн үеэс үед үүрд санагдаж байхын тулд ерөнхийлөгчдийг, бүр өөрийн сүмийн бүх ерөнхийлөгчдийг санаач, Ай Их Эзэн минь.
72 Гарын оролцоогүйгээр таны бий болгосон хаант улс агуу уул болж мөн бүхэл дэлхийг дүүргэж болохын тулд өөрийн бүх сүмийг, тэдний бүх гэр бүл, мөн ойрын садан төрлүүдтэй нь, тэдний бүх өвчтөн хийгээд зовж зүдрэгсэд, мөн дэлхийн бүх ядуус хийгээд номхон дөлгөөнчүүдийг санаач Ай Их Эзэн минь.
73 Таны сүм харанхуйн аглаг буйдаас сар мэт гэрэлтэн, нар мэт тунгалаг мөн туг хиур бүхий их цэрэг мэт сүртэйеэ өндийн өсч урагш гарч ирэхийн тулд буюу;
74 Мөн та тэнгэрийг нээх тэр өдөр хуримын бэр лугаа адил гоёж, мөн уулс таны оршихуйд доош гулсахаар мөн хөндийнүүд өргөгдөж, бартаат газрууд тэгш болгогдон, таны алдар суу дэлхийг дүүргэхээр болгооч;
75 Нас барагсдын тул бүрээ дуугарахад, бид Их Эзэнтэй үүрд хамт байж болохын тулд бид таныг угтахаар үүлэн дунд дээш аваачигдах болно;
76 Бидний өмсгөлүүд цэвэр байж болохын тулд бид зөв шударга ёсны орхимжуудаар хувцаслагдаж болохын тулд гартаа далдуу модны найлзууртайгаар, мөн тэргүүн дээрээ алдар суугийн титэмтэйгээр мөн бидний бүхий л зовлон зүдгүүрийн хариуд мөнхийн баяр баяслыг хураахын тулд буюу.
77 Ай Бүхнийг Чадагч Бурхан Их Эзэн минь, биднийг гуйлтуудад маань сонсооч, мөн тэнгэрээс, өөрийн ариун амьдрахуйгаас, хаан сэнтийдээ залран суудаг тэндээс алдар суу, хүндэтгэл, хүч, сүр жавхлан, хүч чадал, эзэгнэл, үнэн, шударга ёс, шүүлт, нигүүлсэл хийгээд бүрэн байдлын хязгааргүй чанараар, үүрдээс үүрдэд бидэнд хариулаач.
78 Ай сонсооч, Ай сонсооч, Ай биднийг сонсооч, Ай Их Эзэн минь! Эдгээр гуйлтуудад хариулаач, мөн таны нэрэнд бидний барьсан, бидний гарын бүтээл энэ өргөөг танд онцгойлон адислаж байгааг соёрхон хүлээж аваач;
79 Мөн тэрчлэн энэ сүм дээр нэрээ хайрлан соёрхоно уу. Мөн Бурханд болон Хурганд магтаалын мэндчилгээ хүргэн Хосаннаг дуулагч таны хаан сэнтийний эргэн тойрон дахь тэдгээр гэрэлтэгч гялалзсан серафуудтай бид дуу хоолойгоо нийлүүлж болохын тулд Сүнснийхээ хүчээр бидэнд туслаач!
80 Мөн таны эдгээр тослогдогчид, авралаар хувцаслагдаг, мөн таны гэгээнтнүүд баяслын улмаас чангаар хашгираг. Амен, мөн Амен.

