Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт
Алдар нь Бурханд байх болтугай


Алдар нь Бурханд байх болтугай

Хайрт ах эгч нар минь ээ, Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе. Би Христийн мэндэлсний энэхүү ариун нандин баярын талаар болон бидний Их Эзэн, Аврагч Есүс Христийн төрөлтийн талаар өөрийн бодлыг хуваалцах энэхүү онцгой боломжийг олгосон Тэргүүн Зөвлөлд талархаж байна.

Иудейн Бетлехем хот дахь Есүс хүүгийн төрөлтөөр эхэлсэн Христийн мэндэлсний баярын захиасыг сонсохдоо би үргэлж баяртай байдаг.

700 гаруй жилийн өмнө Исаиа “Үзэгтүн! нэгэн онгон бүсгүй хүүхэдтэй болж, хүү төрүүлээд, Түүнийгээ Иммануел гэж нэрлэнэ”1хэмээн Есүсийн төрөлтийг зөгнөн хэлсэн юм.

Хаан Бенжамин “Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно”2 хэмээн бошиглосон.

Бошиглогч Нифай “маргааш бибээр дэлхийд ирэх болно”3 хэмээх нэгэн дуу хоолойг сонсжээ.

Маргааш нь өөр нэгэн тивд Христ хүү мэндэлсэн юм. Түүний эх Мариа Эцэгийн Төрсөн Ганц, шинэ төрсөн хүүгээ сэтгэл догдлон харж байсан нь лавтай билээ.

Бетлехемийн Иудей толгод дээрээс Лук хоньчдыг талд сүргээ манаж байсныг өгүүлдэг.4 Эдгээр нь жирийн хоньчид биш харин Христ хүүг гэрчлэх “шударга бөгөөд ариун хүмүүс байсан юм.”5

“Гэнэт Эзэний тэнгэр элч тэдний өмнө зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.

“Тэнгэр элч тэдэнд -Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа.

Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.”

“Гэнэт өнөөх тэнгэр элчийн хамт олон тооны тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан,

“Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв.”6

Иудейд болсон энэ үйл явдлыг төсөөлөн бод доо. Энэхүү цор ганц болсон үйл явдлыг тэмдэглэн тэнгэр дуулж, гайхамшигт оддын гэрлээр тэнгэр дүүрэн байсан юм. Хоньчид тэжээлийн тэвшин дотор хэвтэж буй Хүүг олж харахаар “яаран”7 иржээ. Дараа нь тэд харсан бүхнээ “бусдад мэдүүлэв.”8

Жил бүрийн Христийн мэндэлсний баяраар бид Есүс Христ үнэхээр амьд Бурханы Хүү бөгөөд Ариун газар хэмээн нэрлэгддэг тэр нутагт ирсэн хэмээх гэрчлэлээ хоньчдын гэрчлэл дээр нэмдэг билээ.

Хоньчид Хаадын Хаанд мөргөхөөр тэжээлийн тэвш рүү хүндэтгэлтэйгээр ойртон очсон юм. Энэ баяраар бид Түүнд хэрхэн мөргөх вэ? Дэлгүүрээс эцэс төгсгөлгүй худалдан авалт хийснээр үү? Хөл хөдөлгөөн болж, гэр орноо чимэглэснээр үү? Эдгээр зүйлсийг хийснээр бид Аврагчаа хүндэлж байна уу? Аль эсвэл бид зовж шаналж буй хүмүүст амар амгаланг авчирч, сүнслэг тусламж хэрэгтэй байгаа тэдэнд сайхан сэтгэлээр хандан тусалснаар мөн Бурханы биднээс хийхийг хүссэн тэр зүйлүүдийг өөрсдийнхөө хүслээр хийснээр Түүнд алдрыг өргөх үү? Есүс үүнийг тун энгийнээр, “ирж, Намайг дага”9 хэмээн хэлсэн юм.

Бошиглогч Иосеф Смитээр сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээ нь дэлхий даяарх итгэгчдэд түгэн, тэдэнд нөлөөлсөн. Түүний ариун үгийг хүлээн авсан далайн арлуудын оршин суугчдаас эхлээд Оросын агуу үндэстэн хүртэлх тэдгээр хүмүүсийн хүсэл тэмүүллийг би өөрөө үзсэн билээ.

Манай өвөг дээдсийн зарим нь Сион руу явсан эртний гэгээнтнүүдийн дунд байсан юм. Ханна Ласт Корнаби гэдэг нэгэн эмэгтэй Юта мужийн Испани Форкод амьдардаг байв. Тэр хэцүү цаг үед Христийн мэндэлсний баярыг заримдаа үнэтэй амтат жүрж юм уу модон тоглоомоор эсвэл өөдсөн хүүхэлдэйгээр тоглож өнгөрүүлдэг байсан ч үргэлж тийм байдаггүй байлаа. Ханна 1856 оны 12-р сарын 25-ны өдрийн тухай ингэж бичсэн байдаг:

“Христийн мэндэлсний баярын өмнөх орой хайрт хүүхдүүд маань дүүрэх эсэхэд нь эргэлзсэн ч хүүхэд зангаараа оймснуудаа өлгөлөө. Шаналсан сэтгэлээ хүүхдүүдээсээ нуун, тэдний хүсэл хөсөр хаягдахгүй гэдгийг би тэдэнд амлахад тэд маргааш өглөө хурдан болоосой хэмээн тэсч ядан хүлээж байгаад унтацгаав.

“Ширхэг ч элсэн чихэргүйгээр би юу хийхээ үнэхээр мэдэхгүй байлаа. Хүүхдүүд маань сэтгэлээр унахаар байв. Тэгээд би гэртээ хэдэн хулуу байгааг санасан юм. Тэр хулуунуудыг чанаад дараа нь шингэн хэсгийг нь шүүж аван, чихэрлэг ханд хийхээр зөөлөн гал дээр хэдэн цаг буцалгав. Үүнийгээ бага зэргийн халуун ногоогоор амтлаад цагаан гаатай талхны зуурмаг хийв. Дараа нь зуурмагаа олон янзын хэлбэртэй болгон зүсээд хайруулын тавган дээрээ (надад шарах шүүгээ байгаагүй юм) жигнэв. Тэгээд би хүүхдүүдийнхээ оймснуудыг цагаан гаатай жигнэмэгээр дүүргэж, хүсэн хүлээж байсан хамгийн сайхан амттанаар нь тэднийг баярлуулсан юм.”10

Хөдөлмөрийг нь хөнгөвчлөх шарах шүүгээ байхгүй ч энэ ээж шөнийн турш юу хийснийг нь би энэ түүхээс харж чаддаг. Тэр хүүхдүүддээ баяр баясгаланг авчирч, тэдний итгэлийг бэхжүүлэн, “Зүгээр бүгд сайхан байна”11 гэх өдрийг гэртээ бий болгох үүрэг хүлээсэн юм. Энэ чинь л Христийн мэндэлсний баярын захиас биш юм гэж үү?

Ерөнхийлөгч Монсон “Бусдад өгөх бидний боломжууд нь үнэндээ хязгааргүй юм. Гэхдээ эдгээр боломжууд нь үргэлж байсаар байдаггүй. Бид бусдыг аз жаргалтай байхад нь туслах хэрэгтэй. Бид мөн бусдад эелдэг үгсийг хэлж байх хэрэгтэй. Бид бусдад бэлэг өгөх хэрэгтэй”12 гэж заасан.

Бид Их Эзэний зарлигуудыг даган, эргэн тойрондоо байгаа хүмүүсийг урамшуулан дэмжиж, Их Эзэнтэй хамт байснаар бидэнд ямар ч түр зуурын сорилт бэрхшээлүүд тохиолдсон ч гэсэн Тэрээр амьд бөгөөд биднийг хайрладаг гэдгийг гэрчилж байдаг.

Сүмийн түүхэн дэх өөр нэгэн агуу хүн бол шотланд хөрвөгч Жонн Мэнзийс Макфарлан юм. Бэлэвсэн ээж болон дүүгийнхээ хамт тэрээр сүмд нэгдэж, 1852 онд тэр гурав Солт Лэйк рүү аялжээ. Тэрээр 18 настай байв. Жонн амьдралынхаа туршид үзлэг үнэлгээний мэргэжилтэн, барилгачин, тэр ч бүү хэл дүүргийн шүүгч хүртэл хийж үзжээ. Гэхдээ хөгжим нь түүнийг олонд таниулсан юм.

Тэрээр хамгийн анхныхаа найрал дуучдыг Сидар хотод зохион байгуулж, хөгжмийн хамтлагаа аваад Өмнөд Юта руу аялжээ. Сэйнт Жеоржид тоглолтоо хийснийх нь дараа уг колоны удирдагч төлөөлөгч бөгөөд удирдагч ахлагч Ирастус Снөү түүнийг гэр бүлийнхэнтэйгээ мөн хөгжимтэйгээ хамт нутагтаа нүүж ирэхэд урьжээ.

1869 он тун хэцүү цаг үе байлаа. Ахлагч Снөү хүмүүст баяр баясгалан мэдрүүлэх нэгэн тоглолт тавихыг Макфарлан ахаас хүсчээ. Макфарлан ах уг үйл явдалд зориулан шинэ, сонирхолтой хөгжмийн зохиол бичихийг хүсэж байлаа. Тэр хөгжмөө бичихээр хэчнээн их хичээсэн ч ямар ч үр дүн гарахгүй байв. Тэр сүнслэг удирдамжийн төлөө олон удаа залбирчээ. Тэгээд нэгэн шөнө тэрээр эхнэрээ сэрээж, “би нэгэн дууны үгийг бас аяыг олчихлоо!” гэж уулга алдан хэлжээ. Тэр зочдын өрөөнийхөө жижигхэн бишгүүр хөгжим дээрээ яаран очиж, эхнэрээ аягатай тосонд даавууны өөдөс шатаан, сүүмийсэн гэрэл гаргаж байх хооронд хөгжмөө тоглон, аяа бичиж байв.

Алс тэртээ хол Иудейн нутаг хээр талд

Эртний хоньчид баярын дууг сонсжээ

Бурханыг магтъя,

Бурханыг магтъя

Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя:

Ертөнц хүмүүс амар байг

Ертөнц хүн бүгд амар байг!13

Макфарлан ах Иудейд очиж, илүү чулуурхаг уул толгодыг хэзээ ч харж байгаагүй ч энэ дууны сүнслэг захиас дэлхийг үүрд өөрчлөх Иудейн Бетлехем дэх Аврагчийн төрөлтийг гэрчилсэн юм.14

Бидний Мөнхийн Эцэг амьд гэдгийг би гэрчилж байна. Түүний аз жаргалын төлөвлөгөө нь бүхий л эрин үеийн Түүний хүүхэд нэг бүрийн амьдралыг үнэхээрийн их адисалж байгаа билээ. Бетлехемд төрсөн хүүхэд, Түүний хайрт Хүү Есүс Христ бол Аврагч бөгөөд дэлхийн Гэтэлгэгч гэдгийг мөн хайрт ерөнхийлөгч Томас С. Монсон бол дэлхий дээрх өнөөдрийн Түүний бошиглогч гэдгийг би мэднэ. “Дээдийн дээд Хаан Бурханыг магтъя. Ертөнцийн хүн бүгд амар байг”15 гэх эдгээр магтаалын үгс үнэн гэдгийг би гэрчилж байна.

Есүс Христийн нэрээр, амен

Эшлэлүүд

  1. Исаиа 7:14.

  2. Мозая 3:8.

  3. 3 Нифай 1:13.

  4. Лук 2:8-ыг үзнэ үү.

  5. Алма 13:26-г үзнэ үү.

  6. Лук 2:9–11-ийг үзнэ үү.

  7. Лук 2:16.

  8. Лук 2:17.

  9. Лук 18:22.

  10. Ханна Ласт Корнаби, 1856 оны 12-р сарын 25, Юта, Испани Форк.

  11. “Ирцгээ, ирцгээ гэгээнтнүүдээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 2-р хуудас

  12. Томас С. Монсон, “The Gift of Christmas (Христийн мэндэлсний баярын бэлэг),” Ensign, 2003 оны 12-р сар, 2

  13. “Алс тэртээ хол Иудейн нутаг хээр талд,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 52-р хуудас

  14. Карин Линн Дэвидсон, Our Latter-Day Hymns: The Stories and the Messages(Хожмын үеийн өдрүүд дэх дуулал: Түүхүүд ба захиасууд) (1988), 224-р хуудсыг үзнэ үү

  15. Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 52-р хуудас