Есүс Христийн цагаатгалд итгэх итгэл бидний зүрхэнд бичигдсэн үү?

Линда  К.Бөртэн

Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч


Линда К.Бөртэн
Гэрээ хийн, түүнийгээ сахиж мөн түүндээ баясаж байгаа нь Есүс Христийн Цагаатгал бидний зүрх сэтгэлд үнэхээр сийлэгдсэний баталгаа юм.

Хайрт эгч нар минь, надад ирсэн энэхүү амар бус үүрэг хариуцлагынхаа талаар би хэдэн сарын турш эргэцүүлэн бодож явахад та нар оюун санаа, зүрх сэтгэлд минь байсан юм шүү. Энэхүү үүрэг хариуцлага надад ахадсан мэт санагдаж байгаа хэдий ч, энэ дуудлага Их Эзэнээс Түүний сонгосон бошиглогчоор дамжиж ирсэн гэдгийг мэдэж байгаа нь намайг тайвшруулж байна. Судар дээр “харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” 1гэж заадаг.

Энэ дуудлагатай хамт ирдэг агуу бэлгүүдийн нэг нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх охидод хайртай гэдэг баталгаа юм. Биднийг хайрлах Түүний хайрыг би мэдэрсэн!

Судруудад би та нарын адил хайртай! Иеремиа номонд зүрх сэтгэлд маань маш дотно санагддаг нэгэн судар байдаг. Иеремиа хэцүү үе, газар нутагт амьдарч байсан ч Их Эзэн түүнд бидний үе болох “хожмын өдрүүд дэх Израилын цугларалтын найдварын цаг үеийг” 2 урьдчилан харахыг зөвшөөрсөн

“Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа . . . гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ; Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.

“… Учир нь тэдний багаас том хүртэл нь тэд бүгд Намайг мэдэх болно.” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь Би тэдний гэм бурууг уучилж, тэдний нүглийг дахин санахгүй.” 3 хэмээн Иеремиа бошиглосон.

Бид бол Иеремиагийн харсан хүмүүс юм. Хууль болон сургаалаа зүрхэн дээр минь бичээч гэж бид Их Эзэнээс хүссэн үү? Иеремиагийн ярьсан Цагаатгалаар ирдэг өршөөл бидний амьдралд ч гэсэн хамаатай гэдэгт бид итгэдэг үү?

Хэдэн жилийн өмнө Ахлагч Жеффри  Р.Холланд, хүүхдүүдээ алдсан хэдий ч Солт Лейкийн Хөндийд очихоор зорьж байсан анхдагчдын гүн гүнзгий итгэлийн талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцсан. Тэр “Ямар нэгэн хөтөлбөр, олон нийтийн үйл ажиллагаа болгож тэд үүнийг хийгээгүй, харин Есүс Христийн сайн мэдээнд итгэх итгэл тэдний зүрх сэтгэл болон ясных нь чөмөгт байсан учраас тэд үүнийг хийсэн юм” гэжээ.

Ихэд сэтгэл нь хөдлөн тэрээр ийн үргэлжлүүлсэн:

“Зөвхөн тэр итгэл нь л эхчүүдэд талхны хайрцагт хүүхдүүдээ хийн оршуулаад, ‘Амлагдсан нутаг тэнд байгаа. Бид яаж ийгээд тэр хөндийд хүрэх л болно’ хэмээн урагш тэмүүлэхэд нь тусалж байсан.

“Гэрээнүүд, сургаал, итгэл, илчлэлт мөн сүнсний учир л тэд ийнхүү хэлж чадаж байсан юм.”

Холланд ах дараах бодол төрүүлэх үгсээр сэтгэгдлээ төгсгөсөн: “Хэрэв бид ийм байдлыг гэр бүл, Сүм дотроо бий болговол, бусад олон зүйл зөв голдрилдоо орох магдлалтай. Нэг их хэрэг болоод байдаггүй бусад зүйлс алга болох ч юм билүү. Гар тэргэнд бага зэргийн юмс л ачиж болдог гэж би сонссон. Өвөг дээдэс маань юу авч явахаа сонгох шаардлагатай байсан шиг ХХI-р зуун биднийг ‘Гар тэргэн дээрээ юу ачих вэ?’ гэдгээ шийдэхэд хүргэж магадгүй. Энэ нь бидний зүрх сэтгэлийн бүтэц, ясан дахь чөмөгт хүрэх тэдгээр зүйлс юм.” 4 Өөрөөр хэлбэл, энэ нь бидний зүрхэн дээр бичигдсэн тэдгээр зүйлс юм!

Нийгмийн Халамжийн Бүлгийн шинэ ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд бид Түүний ажлыг үргэлжлүүлэхийн тулд Нийгмийн Халамжийнхаа гар тэргэнд чухал ямар зүйлсийг ачих ёстой талаар Их Эзэнээс чин сэтгэлээсээ асууцгаасан билээ. Биднийг Түүний хайрт охидод Есүс Христийн Цагаатгалын сургаалыг ойлгоход нь туслаасай гэж Тэнгэрлэг Эцэг хүсч байгааг бид мэдэрсэн. Үүнийг хийхэд бидний итгэл өсөн нэмэгдэж, илүү зөв шударгаар амьдрах хүсэлтэй болно гэдгийг мэднэ. Хоёрдугаарт бид гэр бүл, гэр орноо хүчирхэгжүүлэх шаардлага ямар их байгаа талаар эргэцүүлж байхад Түүний хайрт охидыг гэрээнүүдээ баяртайгаар сахихад нь урамшуулан дэмжээсэй гэж Их Эзэн биднээс хүсэж байгааг бид мэдэрсэн. Гэрээнүүдийг сахихад гэр бүлүүд хүчирхэгждэг. Эцэст нь, Тэр биднийг бусад туслах бүлэг болон санваарын удирдагч нартай хамтран хөгжин дэвжих шаардлагатай хүмүүсийг олж туслаасай гэж байгааг мэдэрсэн. Хүн бүр зүрхээ нээж, Цагаатгалын сургаал, гэрээнүүд болон нэгдмэл байдлыг зүрх сэтгэл дээр нь сийлэхийг Их Эзэнд зөвшөөрөөсэй гэдэг нь бидний чин сэтгэлийн залбирал юм.

Бид Есүс Христ болон Түүний мөнхийн Цагаатгалд итгэх гүн, гуйвшгүй итгэлийг зүрхэндээ эхлээд бичилгүйгээр хэрхэн гэр бүлээ хүчирхэгжүүлж, бусдад туслах билээ? Зүрхэндээ бичих л юм бол бидний Есүс Христэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх Цагаатгалын гурван зарчмыг энэ үдэш би та нартай хуваалцахыг хүсч байна. Бид Сүмийн шинэ гишүүн үү эсвэл насан туршдаа гишүүн байсан уу гэдгээс үл хамааран хэрэв эдгээр зарчмыг ойлгох л юм бол энэ нь хүн болгоныг адислана хэмээн би найдаж байна.

Зарчим 1: “Амьдралд маань шударга бус санагдаж байгаа бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдоно.” 5

Бид та нартай хамт Аврагч Есүс Христийн Цагаатгалыг гэрчилдэг. Хүнд хүчир олон төрлийн сорилтууд хийгээд бэрхшээлүүдийг даван туулснаар бидний гэрчлэл та нарынхтай адил зүрхэн дээр маань бичигддэг юм. Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төгс төлөвлөгөө, уг төлөвлөгөөний гол цөм нь болсон Аврагчийн Цагаатгалын талаар ойлгоогүй үед эдгээр сорилтуудтай нүүр тулах нь шударга бус санагдаж болно. Хүн болгон хүнд бэрх сорилтуудтай тулгардаг. Гэвч итгэлтэй нэгний зүрхэнд “ Амьдралд маань шударга бус санагдаж байгаа бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдоно” хэмээн бичигдсэн байдаг.

Энэ амьдралд бидэнд зовлон, бэрхшээлүүд тохиолдохыг Их Эзэн яагаад зөвшөөрдөг вэ? Нэг үгээр хэлэхэд энэ нь бидний өсөлт хөгжилтөнд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг юм! Бид мөнх бус байдлыг өөрсдийн биеэр мэдрэхийн тулд дэлхий рүү ирэх боломж байгааг мэдээд “баярлалдан уухайлсан”. 6 Ахлагч Даллин  Х.Өүкс, “Таатай нөхцөл, амар амгалан байдалд байснаас зовлон зүдгүүр, бэрхшээлийг туулах нь бидэнд хэрэгтэй хөрвүүлэлтийг илүү хурдан авчирдаг ” 7 гэж заасан.

Итгэлтэй анхдагч эгчийн жишээ энэ нь үнэн болохыг харуулдаг. Мари Луйс Вокер 17 насандаа Жон  Т.Морристой, Миссури мужийн Сэйнт  Луис хотод гэрлэжээ. Тэд Гэгээнтнүүдтэй 1853 онд тал хөндийг туулан, гэрлэснийхээ нэг жилийн ойн дараахан Солт Лейкийн Хөндийд орж иржээ. Тэд аяллынхаа турш бусад Гэгээнтнүүдийн адил гачигдан зовж шаналж байв. Гэвч тэдний зовлон Солт Лейкийн Хөндийд ирсний дараа ч дууссангүй. Нэг жилийн дараа тухайн үедээ 19-тэй байсан Мари: “Бид хүүтэй болсон. … Түүнийг хоёр гуравхан сартай байхад нэгэн үдэш … ямар нэгэн зүйл надад, ‘Чи бяцхан үрээ алдах болно’ гэж шивнэсэн юм.” гэж бичиж байж.

Өвөл нь хүүгийнх нь бие нь муудсан байна. “Бид чадах бүхнээ хийсэн, … гэвч хүүгийн бие улам бүр муудсаар л байлаа … Хоёрдугаар сарын хоёронд тэр нас барахад … би мах цусныхаа тасархайгаас салах гэдэг гашуун аяганаас уусан.” Түүний зовлон нь үүгээр дууссангүй. Маригийн нөхөр бас өвдөж хүүхдээ алдсанаас гурван долоо хоногийн дараа нас баржээ.

Мари бичихдээ: “Арван хэдэн насандаа, хориодхон хоногийн дотор нөхөр хүүхдээсээ хагацсан би гэдэг хүн төрөл төрөгсдөөсөө хэдэн зуун бээрийн цаана үл таних нутагт, уул овоо шиг их зовлон зүдгүүртэй яахаа мэдэхгүй байхдаа … үхэж, хайртай хүмүүстэйгээ нэгдэх юмсан гэж бодож байж билээ” гэжээ.

Мари үргэлжлүүлэн: “Ням гарагийн нэгэн үдэш би найзтайгаа алхаж явлаа. … Би нөхрийнхөө үгүйд маш их ганцаардаж байгаагаа бодон гашуунаар цурхиран уйлж байхдаа оюун санаандаа үзэгдэл мэтээр өөрийн авирах ёстой амьдралын эгц толгодыг харсан бөгөөд үүний бодит байдлыг маш хүчтэйгээр мэдэрч билээ. Гүн хямрал над дээр ирсэн ч, дайсан хэзээ бидэн рүү дайрахаа мэддэг, [Аврагч Есүс Христ] маань аврахаар агуу хүчтэй билээ. Эцэгийн өгсөн тусламжаар би энэ цагт миний эсрэг чиглэсэн мэт санагдах бүх хүчүүдтэй тулалдах чадалтай байсан.” гэжээ. 8

Мари 19-хөн насандаа, энэ амьдралд шударга бус санагдаж байгаа бүхэн – бүр хамгийн гүнзгий зовлон шаналал ч гэсэн - зөв болгогдож чадна мөн болгогдох болно гэсэн баталгааг Цагаатгал бидэнд өгдгийг сурчээ.

Зарчим 2: Бидэнд эгэл эрэгтэй буюу эмэгтэй хүнээ ялан дийлж Есүс Христийн жинхэнэ шавь болох хүчийг Цагаатгал олгодог.9

Сайн мэдээний сургаал буюу зарчмыг сурсан гэдгээ мэдэх арга бидэнд байгаа. Энэ нь бид хүүхэд ч ойлгож чадах арга замаар сургаал буюу зарчмыг зааж чаддаг болох үед мэдэгддэг. Хүүхдэд Цагаатгалыг ойлгохоор заахад туслах үнэ цэнэтэй эх сурвалж Хүүхдийн Хэсгийн хичээл дээр байдаг зүйрлэл билээ. Энэ нь биднийг энэ чухал сургаалыг ойлгохыг хүсэж буй өөрсдийн хүүхэд, ач зээ эсвэл өөр итгэл бүхий найз нөхдөдөө заахад тусална.

“Замаар явж байсан нэг эмэгтэй өөрөө гарч чадахааргүй нэгэн нүхэнд уначихжээ. Юу ч хийсэн тэр гарч чадахгүй байв. Тусламж дуудахад хажуугаар нь өнгөрч байсан сайхан сэтгэлтэй хүн түүнийг сонсоод нүх рүү шат буулгаж өгөхөд тэр эмэгтэй ихэд баярлажээ. Ингэснээр тэр эмэгтэй нүхнээс гарч эрх чөлөөгөө эргүүлэн олох боломжтой болжээ.

“Бид нүхэн дэх эмэгтэйтэй адил юм. Гэм нүгэл үйлдэх нь нүхэнд унахтай адил бөгөөд бид өөрсдөө үүнээс гарч чадахгүй. Хажуугаар нь өнгөрч байсан сайхан сэтгэлт хүн эмэгтэйн тусламж хүсэн орилохыг сонссонтой адилаар Тэнгэрлэг Эцэг бидэнд аврагдах замыг өгөхөөр өөрийн Цорын Ганц Хүүгээ явуулсан. Есүс Христийн цагаатгалыг нүх рүү шат буулгахтай харьцуулж болно; энэ нь нүхнээс гарах арга хэрэгсэл болдог.” 10 Гэвч Аврагч шат буулгахаас илүү ихийг хийдэг. Тэр “нүх рүү ороод биднийг аврахын тулд уг шатыг ашиглах боломжийг олгодог.” 11 “Нүхэнд байсан эмэгтэй шатаар авирч гарах ёстой байсан шиг бид нүхнээсээ авирч гарахын тулд гэм нүглээ наманчилж, сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг дагаж, Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тэгээд бид чадах бүхнээ хийсний дараа, Цагаатгал биднийг Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө эргэн очиход зохистой болох боломжийг олгодог.”12

Саяхан надад Бурханы хайрт охин, Чили дэх Сүмийн шинэ гишүүн, орчин цагийн анхдагчтай уулзах завшаан тохиолдсон. Тэр хоёр хүүтэй ганц бие ээж. Тэр Цагаатгалын хүчээр өнгөрснөө ардаа орхин Есүс Христийн жинхэнэ шавь болохыг хичээнгүйлэн чармайж байгаа билээ. Түүний тухай бодоход надад Ахлагч Дэвид  А.Беднарын заасан зарчим санаанд орж ирдэг: “Есүс Христ дэлхий дээр бидний төлөө үхэхээр ирсэн гэдгийг мэдэх нь нэг хэрэг, учир нь энэ бол Христийн сургаалын үндэс болоод суурь юм. Гэвч Их Эзэн Өөрийн Цагаатгалаар мөн Ариун Сүнсний хүчээр биднийг удирдаад зогсохгүй хүчирхэгжүүлэн бидэн дотор амьдрахыг хүсдэгт бид талархах хэрэгтэй.” 13

Намайг Чили дэх эгчтэй мөнхийн амьдрал руу хүргэдэг зам дээр хэрхэн үлдэх талаар ярьж байхад тэр урамтайгаар энэ зам дээрээ үргэлжлүүлэн байсаар байна гэдгээ батлан хэлсэн билээ. Тэр амьдралынхаа ихэнх үеийг замаас гадуур өнгөрөөсөн бөгөөд амьдралдаа эргүүлж авахыг хүсэхээр нэг ч зүйл замаас гадуурх тэр “хэсэгт” нь байхгүй гэж мэдэгдсэн юм. Цагаатгалын зөвшөөрөгч хүч тэр эмэгтэй дотор байлаа. Энэ нь түүний зүрхэн дээр бичигдэж байна.

Тэр хүч бидэнд нүхнээс авирч гарах боломжийг өгөөд зогсохгүй Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө эргэн очиход хөтлөх давчуу бөгөөд нарийн замаар үргэлжлүүлэн явах хүчийг өгдөг.

Зарчим 3: Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан хайрын хамгийн агуу баталгаа нь цагаатгал юм.

Ахлагч Өүксийн сэтгэл догдлуулам бодлыг эргэцүүлэн бодох нь бидэнд тус болох болно: “Өөрийн Хүүгээ бидний гэм нүглийн төлөө үгээр хэлэхийн аргагүй зовлон шаналлыг туулуулахаар илгээх нь Тэнгэрлэг Эцэгт хэчнээн хэцүү байсныг төсөөлөн бод доо. Хүн тус бүрт зориулсан Түүний хайрын хамгийн агуу баталгаа нь энэ юм!” 14

Бидний гэм нүгэл, зүрхний шаналал, хувийн амьдралд маань шударга бус санагдах бүхний төлөө зовохоор Өөрийн Төрсөн Ганц, төгс төгөлдөр Хүүгээ илгээсэн хайрын тэр агуу үйлдлийнх нь төлөө бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан өвдөг сөхрөн даруухнаар талархан залбирах ёстой.

Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорфын нэгэн эмэгтэйн талаар саяхан ярьсныг нь санаж байна уу? “Олон жилийн турш зовлон бэрхшээлийг туулж ирсэн нэгэн эмэгтэй нулимс дуслуулан ингэж хэлжээ, ‘Би өөрийгөө үрчийж, урагдаж, бохирдож, зүй бусаар ашиглуулж мөн толботсон 20-тын доллартай адил болохыг ойлгосон юм. Гэвч би одоо ч гэсэн 20-тын доллар хэвээрээ. Би ямар нэгэн хэмжээний үнэ цэнэтэй. Хэдийгээр их сайхан харагдахгүй, элэгдэж, муудсан хэдий ч би 20 долларын үнэ цэнээ алдаагүй л байгаа’” 15 гэж хэлсэн.

Энэ эмэгтэй өөрийгөө Тэнгэрлэг Эцэгийн хайрт охин бөгөөд Тэрээр Өөрийн Хүүгээ зөвхөн түүнийг хувь хүний хувьд нь цагаатгахаар явуулах хэмжээний үнэ цэнэтэй гэдгээ мэддэг. Сүмийн эгч бүр энэ эмэгтэйн адил Бурханы хайрт охин гэдгээ мэдэх ёстой. Тэнгэрлэг Эцэгт бид үнэ цэнэтэй гэдгээ мэдэх нь гэрээнүүдээ сахиж байгаагаа өөрчлөхөд хэрхэн нөлөөлөх вэ? Түүнд үнэ цэнэтэй гэдгээ мэдэх нь бидний бусдад үйлчлэх хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ? Түүнд үнэ цэнэтэй гэдгээ мэдэх нь бидний мэддэг шиг Цагаатгалыг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй байгаа тэдгээр хүмүүст туслах хүслийг маань хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хүн бүр Цагаатгалын сургаалыг зүрхэн дээрээ гүнзгий бичихэд Их Эзэн Өөрийгөө эргэж ирэхэд биднийг ямар болсон байгаасай гэж хүсдэг шиг тийм хүмүүс болж эхэлнэ. Бид Түүний жинхэнэ шавь гэдгийг Тэр олж харах болно.

Есүс Христийн Цагаатгал бидний зүрхэнд “хүчит өөрчлөлтийг” авчрах болтугай. 16 Бурханы тэнгэр элчийн тунхагласан “агуу их баясгалангийн баярт мэдээ” 17 болох энэхүү сургаалыг ойлгосноор бид хаан Бенжамины хүмүүсийн мэдэрснийг мэдэрнэ гэдгийг би амлаж байна. Тэд Цагаатгал тэдний амьдралд хэрэгжихийн төлөө хүчтэйгээр залбирсны дараа, “тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв” 18 мөн “... түүний зарлиглах, бүх зүйлд, түүний зарлигуудад дуулгавартай байж, Бурхантайгаа түүний тааллыг гүйцэлдүүлэх гэрээ хийхэд бэлэн” 19 болцгоосон. Гэрээ хийж, түүнийгээ сахиж мөн түүнд баясах нь Есүс Христийн Цагаатгал бидний зүрхэн дээр үнэхээр бичигдсэний баталгаа болдог юм. Эгч нараа, эдгээр гурван зарчмыг санаарай:

  1. 1.

    “Амьдралд маань шударга бус санагдаж байгаа бүхэн Есүс Христийн Цагаатгалаар зөв болгогдоно.” 20

  2. 2.

    Бидэнд эгэл эрэгтэй буюу эмэгтэй хүнээ ялан дийлж Есүс Христийн жинхэнэ шавь болох хүчийг Цагаатгал олгодог. 21

  3. 3.

    Цагаатгал бол Эцэгийн Өөрийн хүүхдүүдэд зориулсан хайрын хамгийн агуу баталгаа юм.22

“Гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа . . . гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь Би түүнийг бичнэ; Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.” 23 Цагаатгалын эдгээр зарчмуудыг зүрхэн дээр маань бичиж өгөхийг Их Эзэнээс гүйгаач гэж би урьж байна. Би эдгээр нь үнэн гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, aмen.

Эшлэлүүдийг үзүүлэх

    Эшлэл

  1.  

    1.  Сургаал ба Гэрээ 1:38.

  2.  

    2.  Old Testament: Gospel Doctrine Teacher’s Manual (2001), 198.

  3.  

    3.  Иеремиа 31:33–34; нэмэлт орсон болно.

  4.  

    4. Жеффри  Р.Холланд, “Roundtable Discussion,” Worldwide Leadership Training Meeting, 2008 оны 2 сарын 9, 28.

  5.  

    5.  Миний Сайн Мэдээг Номло : Номлогчийн Үйлчлэлд Зориулсан Удирдамж (2004), 52.

  6.  

    6.  Иов 38:7.

  7.  

    7. Даллин  Х.Өүкс, “The Challenge to Become,” Лиахона, 2001 оны 1 сар, 42; Ensign, Ensign, 2000 оны 11 сар, 33.

  8.  

    8. Мари Луйс Вокер Моррисын намтар (Линда Кяар Бөртэний эзэмшил дэх хувь).

  9.  

    9. Дэвид  А.Беднар, “Цагаатгал ба бидний амьдрал дахь аян,” Лиахона, 2012 оны 4 сар, 12–19; Ensign,,2012 оны 4 сар, 40–47.

  10.  

    10.  Primary 7: New Testament (1997), 104.

  11.  

    11. Жозеф Фиелдинг Смит, Doctrines of Salvation, нэгтгэсэн Брюс  Р.МакКонки, 3 боть. (1954–1956), 1:123.

  12.  

    12.  Primary 7, , 104.

  13.  

    13. Дэвид  А.Беднар, Лиахона, 2012 оны 4 сар, 14; Ensign,, 2012 оны 4 сар, 42.

  14.  

    14. Даллин  Х.Өүкс, “Love and Law,” Лиахона болон Ensign, 2009 оны 11 сар, 26.

  15.  

    15. Диетер  Ф.Угдорф, “You Are My Hands,” Лиахона болон Ensign, 2010 оны 5 сар, 69.

  16.  

    16.  Алма 5:12–14 -г үз.

  17.  

    17.  Мозая 3:3.

  18.  

    18.  Мозая 4:1–3 -ыг үзнэ үү.

  19.  

    19.  Мозая 5:2–5 -ыг үзнэ үү.

  20.  

    20.  Миний Сайн Мэдээг Номло, 52.

  21.  

    21. Дэвид  А.Беднар, Лиахона, 2012 оны 4 сар, 12–19; Ensign, 2012 оны 4 сар, 40–47 үзнэ үү.

  22.  

    22. Даллин  Х.Өүкс, Лиахона болон Ensign, үзнэ үү, 2009 оны 11 сар, 26.

  23.  

    23.  Иеремиа 31:33; бичмэлийг нь нэмэв.