Халамжлагч

Ерөнхийлөгч Хенри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх


 
Хенри Б.Айринг
Үйлчлэх чадварынхаа хэмжээг мэдэж авснаар та нар хүчирхэгжүүлэгдэж мөн урамшуулагдах болно.

Энэ үдэш та нартай хамт байгаадаа би баяртай байна. Есүс Христийн Сүмийн эмэгтэйчүүд нь Бошиглогч Иосеф Смитийн ээж Люси Мак Смитийн: “Бид хамтдаа тэнгэрт байж болохын тулд нэг нэгнээ халамжлан, хамгаалж, тайвшруулж мөн зөвлөгөөг хүлээн авдаг байх ёстой.”1 хэмээн хэлсний дагуу эгч нарын нэгэн бүлэг болон хөгжиж байна.

Бурхантай хамт аз жаргалтай амьдрахаар зохистой байх тухай энэхүү тайлбар нь гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бие биенээ халамжлах. Дараагийнх нь, бие биедээ зааж мөн бусдаар заалгах. Гуравдугаарт, Бурхантай хамт амьдрах явдал юм.

Энэхүү өндөр зорилгод хүрэхийн тулд бие биедээ туслахаар бидний аль хэдийнэ хийчихээд байгаа зүйлүүдийнхээ төлөө Бурханы талархал, өргөмжлөлийг мэдрэхэд тань туслах нь миний өнөөдрийн зорилго харин дараа нь та нарын хамтын үйлчлэлийн хариуд хойшид ирж болох адислалуудаас заримыг тайлбарлах явдал юм.

Бусдыг халамжлах Их Эзэний дуудлагад та нар эрт үеийн эгч нарын адилаар хариулсан. 1856 онд бошиглогч Бригам Янг уулын цасанд боогдсон гар тэрэгтэй анхдагчдад туслахаар явах уу хэмээн Гэгээнтнүүдээс асуужээ. Тусламж хэрэгтэй болсон үед, тэрээр ерөнхий чуулганы үеэр гишүүдэд хандан: “Хэрэв та нар одоо миний зааж байгаа зарчмуудыг хэрэгжүүлэхгүй бол та нарын итгэл, шүтлэг бишрэл, энэхүү итгэлээ үйл хэргээр харуулдаг байдал тань Бурханы селестиел хаант улсад та нарын хэнийх нь ч бодгалийг аварч чадахгүй. Хээр талд байгаа хүмүүсийг нааш нь авчир. Мөн та бидний материаллаг зүйлс хэмээн нэрлэдэг тэдгээр асуудлуудыг туйлын анхааралтайгаар шийдвэрлэ … . Ингэж чадахгүй юм бол та нарын итгэл хоосон үг байх болно.”2 хэмээн хэлжээ.

Юта мужийн олон зуун эмэгтэй түүний уриалгад хариулсан. Тэд өөрсдөө ядуу байсан ч, гай зовлонд нэрвэгдсэн аялагчдад туслахын тулд боломжтой бүхнээ илүүчилж, бусдаас цуглуулсан эд зүйлсээрээ тусламжийн морин тэрэгнүүдийг дүүргэсэн юм. Тэдгээр зоригт эгч нарын нэг нь, “Амьдралдаа хийж байсан ямар ч зүйлээс би ийм их сэтгэл хангалуун байдал, баяр баяслыг мэдэрч байсангүй.”3хэмээн тэмдэглэсэн байдаг.

Анхдагчдыг аварсны дараа, цас хайлах үед тэр эгч: “Үйлчлэх хүсэлтэй хүмүүсийн хийх дараагийн зүйл юу байх бол?”4 хэмээн чин сэтгэлээсээ асууж байсан гэдэг.

Манай эрин үед, дэлхий даяарх зоригтой эгч нарын бүлгүүд итгэлээ олон зуун газарт үйлдлээрээ харуулсан билээ. Тэд хойшид хийх үйлчлэлийнхээ талаар яг адилхан асуултыг чин сэтгэлээсээ залбиран асуудаг.

Та нар мөнх амьдралд хүрэх аян замынхаа өөр өөрсдийн онцгой шатанд явж байгаа. Зарим нь олон жилийн туршлагатай, харин зарим нь мөнх бус амьдралдаа шавь байх аяныг дөнгөж эхлээд байгаа. Хувь хүний түүх болон түүнд тулгарсан сорилт бэрхшээл болгон өөр байдаг. Гэхдээ та нар бүгдээрээ эгч дүүс бөгөөд та нарыг мэддэг, харж хамгаалдаг Тэнгэрлэг Эцэгийнхээ хайртай охид нь билээ.

Та нар хамтдаа гайхамшигтайгаар бие биеэ халамжилж, хамгаалж, тайвшруулдаг . Нэгэн эгчид айлчлагч багшийн хамтрагч, Ариун Сүнс, нөхөр гурав нь хэрхэн үйлчилсэн гайхамшгийг би нэг сарын өмнө гэрчилсэн юм. Аавынх нь хувьд, айлчлагч багш нарынх нь нэгийг удирдан чиглүүлсэн Бурханд болоод та нартаа би талархаж байна.

Биднээс хол, өөр мужид амьдардаг охин Элизабет маань, гурван настай охинтойгоо хамт гэртээ байжээ. Том хүүхэд нь сургуульд ороод дөнгөж долоо хонож байлаа. Элизабет зургаан сартай жирэмсэн байсан бөгөөд эмч нар түүнийг охинтой болно гэж хэлсэн байв. Тэр охиноо төрүүлэхийг сэтгэл догдлон хүлээж байлаа. Тэр өдөр нөхөр Жошуа нь ажилдаа явчихсан байв.

Гэтэл тэр цус алдаж байгаагаа мэдээд нөхөр рүүгээ утасджээ. Нөхөр нь түүнд түргэн тусламж дуудах хэрэгтэй тэгээд эмнэлэг дээр уулзъя гэж хэлэв. Эмнэлэг тэдний гэрээс 25 минутын зайтай байдаг байв. Түргэн тусламж дуудахаар утасдахаасаа өмнө, тэр хаалга тогшиж байгааг сонсчээ.

Хаалгаа онгойлгоод, айлчлагч багшийн хамтрагч нь ирснийг хараад Элизабет их гайхжээ. Учир нь тэд тэр өглөө уулзахаар цаг товлоогүй байлаа. Харин түүний хамтрагчид Элизабетийн гэрээр нь орж, түүнтэй уулзах ёстой гэсэн сэтгэгдэл төрсөн байжээ.

Тэр түүнийг машинд суухад нь тусалж, хамтдаа эмнэлэг дээр Жошуаг ирэхээс хэдхэн минутын өмнө очжээ. Хорь ч хүрэхгүй минутын дотор эмч нар Элизабетийг нярай хүүхдийнх нь хамт аврахын тулд хагалгаа хийхээр шийджээ. Тийнхүү бяцхан охин төрөх хугацаанаасаа 15 долоо хоног буюу 4 сар шахмын өмнө уйлах дуу хадаан энэ дэлхийд мэндэлсэн юм. Охин төрөхдөө 765 грамм жинтэй байсан ч эх, хүүхэд хоёул эсэн мэнд амаржсан.

Люси Мак Смитийн үгс зарим хэмжээгээр тэр өдөр биеллээ олсон юм. Нийгмийн Халамжийн Бүлгийн нэгэн итгэлтэй гишүүн Ариун Сүнсээр өдөөгдөн, Бурханы хаант улсын нэг эгчээ хамгаалж, халамжилж, тайтгаруулсан ажээ. Сүнсээр өдөөгдсөн үйлчлэлийг үзүүлсэн тэр эгч болон өөр мянга мянган эгч өөрсдийн тусалсан эгч нар болоод тэдний хайртай хүмүүсийн төдийгүй, Их Эзэний талархлыг хүлээдэг.

Өөрсдийн үзүүлсэн нигүүлслийн төлөө бараг анзаарагддаггүй хүмүүст талархсан Их Эзэний үгсийг та нар санаж байгаа: “Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг.”5 гэж хэлэх болно.

Харин Нийгмийн Халамжийн Бүлгийн нэгэн эгч яг хэрэгтэй цагт хүрч ирсэн тэрхүү гайхамшиг нь, эгч нарын нэгдмэл хүч чармайлтаар олон дахин нэмэгдэж болно. Бяцхан охиныг мэндэлснээс хэдхэн цагийн дараа бишопоос нь Элизабет, Жошуа хоёрт илгээсэн захидлын хэсгээс уншъя: “Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгч бүх зүйлийг зохицуулж байгаа. Бяцхан охиныг эмнэлэгт байх хугацаанд Элизабетийг эмнэлэг гэр хоёрын хооронд хүссэн үедээ явахад нь туслахын тулд бид охидыг чинь харах төлөвлөгөө гаргалаа. Бидэнд өмнө нь иймэрхүү зүйлс тохиолдож байсан бөгөөд бид ийм үйлчлэлийг удаан хугацаагаар ч хийж байлаа. Манай эгч нар ийм зүйл тохиолдоход туслахад үргэлж бэлэн байдаг”

Тэгээд бишоп үргэлжлүүлэн: “Ээж нь бусад хүүхдүүдээ өөр газар орхихыг хүсэхгүй байсан үед бид эмнэлэг дээр очиж, хүүхдүүдтэй нь тоглоомын өрөөнд тоглодог байсан” гэсэн.

Мэдээж та нартай зөвшилцөлгүйгээр бид энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй. Бидний хийж болох зүйлсийн талаар санаа зоволтгүй гэдгийг бид захиж байна” гэж уг захианд дурджээ.

Охины минь төлөө тэдний хийсэн зүйл үрийнхээ зулайг үнэрлэж, цээжиндээ тэврэх тэрхүү өгүүлшгүй сайхан мөчийг түүнд бэлэглэсэн юм.

Их Эзэний төлөө дэлхий даяар бусдад үйлчилж байгаа эгч нарын урам хайрладаг үгээр, “Итгэлтэй байгаарай” хэмээн Жошуа, Элизабет хоёрт захиснаар бишоп нь захиагаа төгсгөсөн байлаа.

Хувь хүн бүрийн нөхцөл байдал, туршлагаас үл хамааран тохиох зарим нэг зүйлсийг би та нарт хэлж чадна. Та нар итгэлтэй байх тусам, та нарт цаг зав муутай мэт санагдах үед чинь Их Эзэн тусламж хэрэгтэй хэн нэгэнд үйлчлүүлэхээр олонтоо дууддагийг та нар анзаарах болно. Энэ нь тааламжгүй, бүр боломжгүй мэт санагдаж болох юм. Мөн үйлчлэх дуудлага ирэх үед та нар хэн нэгэнд хэрэгтэй байгаагаа мэдрэхгүй эсвэл өөр хэн нэгэн тусламжийг нь өгөх юм шиг санагдаж мэднэ.

Их Эзэн бидэнд зовж зүдэрч байгаа нэгэнтэй уулзах боломжийг олгож, бид сайн самари хүнийг хийсэн зүйлийнх төлөө бас хийгээгүй зүйлийнх нь төлөө хүндэлдэг гэдгийг санаарай. Хийгээгүй зүйл нь юу байсан бэ гэвэл үл таних, магадгүй бүр дайсан нь ч байж болзошгүй зодуулж, дээрэмдүүлсэн нэгэн аянчин зам дээр хэвтэж байхад сайхь самари хүн дэргэдүүр нь өнгөрөөгүй юм. Тэр уг зодуулсан хүний төлөө чадах бүхнээ хийсэн ба тэгээд бусдыг түүнд анхаарал, халамж тавихаар болгосон билээ. Гай зовлонд унасан хүнд туслах нь нэг хүний хийж чадахаас илүүг шаардаж буйг ойлгосон учраас тэр ийнхүү үйлдсэн хэрэг.

Ирээдүйд чинь юу ч тохиолдлоо гэсэн энэ түүхийн сургамж нь та нарыг удирдаж чадна. Та нарын хүүхэд ахуй насанд мөн сүүлийн үеийн туршлагуудад ийм сургамжууд бас байсан.

Ядахдаа нэг удаа, магадгүй үе үе, та нар халамж хэрэгтэй нэгэнтэй дайралдаад яах вэ? хэмээн бодсон байж таарна. Өвчилсөн, тахир дутуу болсон, эцэг эх, өвөө эмээ, дүү, хүүхэд эсвэл ах эгч чинь байсан байж болно. Хүмүүний мөрөөдлийг өрөвч энэрэнгүй сэтгэл чинь ялан дийлсэн юм. Тиймээс чи туслахыг санал болгосон байгаа.

Сайн Самари хүний тухай судрын түүхэн дэх аянчинд тохиолддог шиг, шаардлагатай тусламж нь ганцаараа өгч чадахаас илүү удаан хугацааны халамж болж хувирч болно. Самари хүн аянчинд тавих халамжийг буудлын эзэнд шилжүүлэн өгөх щаардлагатай болсон. Бусдад үйлчлэх Их Эзэний төлөвлөгөө нь бүлэг хүмүүсийг бэлдэж өгдөг.

Тусламж хэрэгтэй үед гэр бүлийн гишүүдийг бие биедээ туслахыг бишоп болон Нийгмийн Халамжийн Ерөнхийлөгч нар нь үргэлж урьдаг. Энэ зарчим байгаа нь олон учир шалтгаантай. Хамгийн чухал нь, бие биедээ үйлчилснээс ирдэг хайрын адислалыг илүү олон хүнд эдлүүлэх явдал юм.

Та нар тэрхүү адислалыг ажигласан мөн мэдэрсэн. Та нар хэн нэгэн хүнд богино хугацаагаар ч гэсэн үйлчлэх үед, үйлчилсэн хүнээ хайрлах хайрыг мэдэрдэг. Хэрэгтэй тусламжийг үзүүлэх хугацаа нь уртсах тусам, хайрыг улам ихээр мэдэрдэг.

Бид эгэл хүмүүс учраас, хайрын мэдрэмжинд тань ядарч туйлдсан байдал, сэтгэл санаа өөдрөг биш байх явдал саад болж мэднэ. Тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэхдээ бусдын тусламж авах боломжийг Их Эзэн бидэнд олгодог. Тийм учраас Их Эзэн халамж үзүүлэгч хамт олныг бий болгосон билээ.

Хэдхэн долоо хоногийн өмнө ариун ёслолын цуглаан дээр, нэгэн залуухан эмэгтэй айлчлагч багш нарын ажлыг зохицуулагч хэмээх дуудлаганд дэмжин батлуулахаар босох үед би тэнд байсан. Түүнийг энэ ажилд Их Эзэн дуудаж байгаа нь ямар том хүндэтгэл болохыг тэр эгч ойлгосон гэж би бодож байсан. Хүүхэд нь хөдөлгөөн ихтэй байсан учир, Түүний шавь нарын хичээл зүтгэлийг зохицуулах тусламжинд нь, Их Эзэн түүнд ямар ихээр талархаж, түүнийг хайрлах бол гэдгийг намайг хэлж амжаагүй байтал тэр эгч цуглаанаас гараад явчихсан юм.

Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад баг болж ажиллах олон нийтийн хайр, хүч, дэмжлэг хэрэгтэй. Тэр нь Их Эзэнээс та нарын дунд бий болгож байгаа зүйл юм. Тэр та нарын хийдэг аливаа ажлын төлөө та нарыг хайрладаг.

Үйлчилж байгаа хүмүүсээ илүү ихээр хайрлах боломжийг Бурхан та нарт олгодог. Тийм болохоор удаанаар үйлчилсэн хэн нэгэн чинь насан өөд болох үед та нар уйлж, гашууддаг. Тэднийг халамжлах боломжоо алдсан нь тэднээс түр зуур тусгаарлагдсанаас илүү харамсалтай санагдаж болох юм. Нөхөр нь насан өөд болсон тэр долоо хоногт нэгэн эмэгтэй, нөхрийнхөө амьдралын эцэс болтол нь түүнд үйлчлэх боломжтой байсандаа талархан гэрчлэлээ хуваалцаж байхыг би саяхан сонссон. Тэр эмэгтэй нулимсаа харуулсангүй, харин нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.

Хүмүүст удаан хугацаагаар, хайр энэрлийн туслалцааг үзүүлэхэд агуу бэлгээр шагнагддаг ч, бидний бие махбод, сэтгэл санааны дэмжлэг болон санхүүгийн боломж хязгаарлагдмал гэдгийг та нар нар мэднэ шүү дээ. Халамжийг удаан хугацаагаар үзүүлж байгаа хүн нь өөрөө халамж хэрэгтэй хүн болж хувирч болно. Тийм явдал тохиолдвол үйлчилж байгаа хүний тань хэрэгцээ улам нэмэгдэж болох юм.

Тусламж хэрэгтэй хүмүүст агуу Халамж Үзүүлэгч Их Эзэн маань Мормоны Номонд ядарсан тэдгээр халамж үзүүлэгчдийн талаар дараах үгсээр, сүнслэг нөлөө бүхий зөвлөгөө өгсөн юм: “… нүглүүдийнхээ ангижралыг хадгалан үлдэхийн төлөө—та нар хүн бүр байгаагийнхаа хэрээр ядуустай хөрөнгөө хуваалцаасай хэмээнэ би, өлссөнийг хооллох, нүцгэнийг хувцаслах, өвчтэйд очиж мөн сүнсийг нь мөн биеийг нь ч аль алиныг нь, хүссэнийх нь дагуу тэднийг асрах зэрэг болой. .”6

Өөрийгөө хэтэрхий их шахаж, үйлчлэлээ дэндүү удаан үргэлжлүүлдэг хүмүүст Тэрээр ийн сэрэмжлүүлжээ: “Мөн эдгээр бүх зүйл мэргэн ухаанд мөн эмх цэгцэнд хийгддэг байхыг мэдэгтүн; учир нь хүн өөрт нь буй хүчнээс илүү хурдан гүйх шаардлагагүй. Мөн үүнчлэн, тэрээр хичээнгүй байх шаардлагатай, тэгснээр тэр шагналыг хожиж болохын тулд бөлгөө; тиймийн тул бүх зүйл эмх цэгцэнд хийгдэх ёстой.”7

Бусдад туслахын тулд чадах бүхнээ хиймээр байдаг, харин бусдад үйлчлэх хүч чадлаа хадгалж үлдэхийн тулд өөрийнхөө хэрэгцээг шийдэхэд ухаалаг байх гэсэн хоёр зарчмын аль нэгийг сонгох хэрэгтэй үед энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх нь бэрхтэй байж болно. Бусдыг ийм сонголт хийх гэж хэцүү байдалд орж байгааг та нар харсан байж магадгүй. Нэг жишээ татвал, насан өндөр болоод байгаа хүнийг асрамжийн газар байлгах уу эсвэл өөрөө ядаргаанд орсон ч гэрт байлгаж асрах уу гэдгийн аль нэгийг сонгох хэрэг гарч болох юм.

Авралын төлөвлөгөөний талаар мэддэг зүйл чинь, тийм хэцүү сонголт хийхэд удирдамж болж болно. Энэ нь, эгч нар “зааварчилгаа авах” ёстой гэж Люси Мак Смит яагаад хэлсэн учир шалтгаануудын нэг юм.

Мөнх бус амьдралын бэрхшээл дунд, Бурханы хүүхэд болгонд Их Эзэн зорилго өгдөг гэсэн бат итгэлтэй байх нь ашиг тустай. Бошиглогч Иосеф Смит өөрт нь төгсөшгүй мэт санагдаж байсан сорилт бэрхшээлүүдийг ойлгохыг хичээж байсан үед нь Их Эзэн түүнд авралын төлөвлөгөөний мөн чанарыг зааж: “Мөн тэгээд хэрэв чи үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно.”8 хэмээн хэлсэн билээ.

Хүнд бэрхшээлийг туулж байгаа нэгэнд сайнаар туслах сонголт нь: “Хайртай хүнээ “эцсээ хүртэл тэвчихэд” нь хамгийн сайнаар туслах зам болгон би юуг сонгох вэ?” Тэдэнд амьдралынхаа эцэс хүртэл Христэд итгэх итгэлээ бодитой болгоход, мөнхийн амьдралын төлөөх баттай найдвараа хадгалахад, Христийн цэвэр хайр болох энэрлийг хэрэгжүүлэх боломжтой болгох нь бидний үүрэг билээ.

Хаант улсын эгч нар тэрхүү анхаарлаа Аврагч болон Түүний зорилго дээр тавьж байхыг би харсан. Нийгмийн Халамжийн Бүлэг, Хүүхдийн Хэсэг, Залуу Эмэгтэйчүүдийн уулзаж байсан өрөөнд тарсных нь дараа орж байсан үеэ бодоод үз дээ.

Аврагчийн зураг эсвэл Түүний үгс хичээл, үйл ажиллагааны үед нүдэнд харагдахгүй байж болох ч, тэр үед Түүний Цагаатгалын бодит үнэн хийгээд үнэ цэнийн тухай гэрчлэлийг хэн нэгэн нь мэдэрсэн гэдгийг та мэднэ. Ариун Сүмийн зураг эсвэл “Гэр бүлүүд үүрд хамт байж чадна” гэсэн үгс харагдахгүй байж болно, гэхдээ та тэдний инээмсэглэлд найдвар байгааг харж чадна.

Мөн ухаалаг айлчлагч багш зүдэрч байгаа эгчид өөртөө итгэх итгэлийг олоход нь тусалж байгааг, түүний өөр нэгэнд үзүүлж байгаа үйлчлэл одоо ч хэрэгтэй, үнэ цэнэтэй болохыг үнэмшүүлж байгааг миний адил та харж байсан байх. Нийгмийн Халамжийн Бүлгийн агуу ерөнхийлөгч нар тусламж хэрэгтэй хүмүүст зориулж бусдыг халамжлахад туслах арга замуудыг олдог. Тэд эгч нартаа Христийн цэвэр хайраар бие биенээ халамжлахын сацуу сорилт бэрхшээлүүдээ амжилттай даван туулах боломжуудыг бий болгож өгдөг. Халамжийг ядартлаа үзүүлж байгаа түүнийг амарч, бусдын тусламжийг авахыг эелдэгхэнээр ятгаж болох юм.

Сорилт бэрхшээлийг даван туулж байгаа хүмүүсийг шүүмжлэхгүй байснаар эгч нар үүнийг боломжтой болгодог. Хүнд ачаа үүрч байгаа хүмүүсийн ихэнх нь өөрсдөдөө болон өөрсдийн үнэ цэнэд эргэлзэж эхэлдэг. Бид тэдний дутагдалд тэвчээртэй хандсанаар мөн тэдэнд харагдаж байгаа сайн зүйлсийг хөхүүлэн дэмжиж, тусалснаар, тэдний ачааг хөнгөлдөг. Их Эзэн ч тийн үйлддэг. Тусламж хэрэгтэй хүмүүст туслах агуу халамж үзүүлэгчийнх нь хувьд бид Түүний жишээг дагаж болох юм.

Есүс Христийн Сүмийн эгч нарын хамтын хүч чадлын талаар бид олонтоо ярьдаг. Аврагчийг урих аваас Тэрбээр үргэлж тэдний дунд байх болно гэдгийг бид мэддэг.

Бурханы охид эгч нарыг өөрсдийн бүлэгт урьж байгааг бид улам ихээр харах болно. Эгч нар цуглаанд орж ирэн, суудал хайж байх үед, “Нааш ирж, надтай хамт суугаач?” гэж эелдэгхэнээр хэлэх үгсийг тэд сонсох болно.

Эгч нар “тэнгэрт хамтдаа сууж байгааг” Люси Мак Смитийн зөгнөн харснаар бид тэдгээр үгсийг ирээдүйн тэр өдөр сонсох болно. Тэр өдөрт бид ганцхан мөчийн дотор бэлдэж болохгүй. Мөнх амьдралын үгсийг зүрх сэтгэлийнхээ гүнд шингээж, бие биеэ халамжлан, цаг хугацааг үдсэнээс энэ нь ирэх болно.

Биднээс олон нь ирээдүйн тэрхүү агуу өдрүүдэд хамт байхын төлөө би залбирч байна. Тэр өдрүүдийн төлөөх найдвар чинь биелэгдэх болно гэж би та нарт гэрчилж байна. Их Эзэн Есүс Христ, Өөрийн төгсгөлгүй Цагаатгалаар дамжуулан үүнийг бидний хүн нэг бүрд боломжтой болгосон юм. Удирдамж болон үйлчлэлээ тэвчээртэйгээр хийх тусламжийн төлөө, итгэлтэйгээр залбирах залбирлыг чинь Тэнгэрлэг Эцэг сонсож, хариулдаг билээ.

Ариун Сүнс та нарт болон та нарын бүрэн сэтгэлтэйгээр үйлчилж байгаа хүмүүст мөн илгээгдсэн. Та нарт хүч чадал өгөгдөх болно. Мөн та нар үйлчлэх чадварынхаа хэмжээг мэдэхэд сүнслэгээр удирдагдах болно. “Би хангалттай зүйлийг хийсэн үү?” гэж та нарыг эргэлзэх үед Сүнс та нарыг тайвшруулах болно.

Их Эзэн тантай хамт байж мөн Түүний хайртай хүмүүсийн хэрэгцээ, сорилт бэрхшээлүүдэд үйлчлэх үйчлэлд тань Түүгээр бэлтгэгдэж, тэмдэглэгдсэн байх боломжийг олгох болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Show References

    Эшлэл

  1.  

    1. Люси Мак Смит, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 25.

  2.  

    2. Бригам Янг, Daughters in My Kingdom, 36.

  3.  

    3. Люси Мезерв Смит, Daughters in My Kingdom,, 37.

  4.  

    4. Люси Мезерв Смит, Daughters in My Kingdom,, 37.

  5.  

    5.  Матай 25:40 тодруулга нэмэгдсэн.

  6.  

    6.  Мозая 4:26.

  7.  

    7.  Мозая 4:27.

  8.  

    8.  Сургаал ба Гэрээ 121:8.