Гуйвшгүй бай!

Илэин С. Далтон

Саяхан чөлөөлөгдсөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч


 
Тууштай бай. Гуйвшгүй бай. “Үнэн ба зөв шударгын төлөө зогс.” Гэрчлэгч болж зогс. Дэлхийд жишиг болж зогс. Ариун газруудад зогсогтун.

Энэ орой энэхүү индэр дээр, бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн болон Бурханы язгууртан охидын дунд байгаа маань ариун газар зогсож байна гэсэн үг юм. Энэ бол газар дэлхий дээр амьдарч байгаа мөн залуу эмэгтэй байх гайхамшигтай цаг үе юм. Та бүхэн Бурханы сонгогдсон охид билээ. Тэрээр та нарын нэг бүрийг хайрладаг ба би ч бас та нарт хайртай.

Миний ажлын өрөөний ширээн дээр Кристина хэмээх нэгэн залуу эмэгтэйн хүрэл баримал байдаг юм. Кристинагийн жинхэнэ хөшөө нь Дани улсын Копенгаген хотын далайн эргийн усан зогсоол дээр Сионы зүг тэнгисийн дээгүүр хараагаа чиглүүлсэн байдалтай зогссон байдаг. Сүмд нэгдэж, гэрээсээ явах түүний шийдвэр амаргүй байсан нь лавтай. Түүний эсрэг салхи ширүүн догшноор салхилж буйг та бүхэн харж байна. Тэр бат зогссоор, маш хэцүү ч гэсэн зөв зүйлийг хийж байгаагаа мэдэж байсан. Кристинагийн үр удмынхан нь энэхүү хөшөөг хойч үеийнхэндээ мөнхийн ач холбогдолтой шийдвэр гаргасных нь төлөө түүнд хүндэтгэл үзүүлэн тэрхүү усан зогсоол дээр байрлуулсан юм.

Миний хувьд Кристинагийн энэ баримал та нарын нэг бүрийг төлөөлж байдаг. Кристинагийн адилаар та бүхэн өдөр бүр олон чухал шийдвэр гаргаж, зөвхөн өөрсдийнхөө ирээдүйг төдийгүй үр удмынхаа хувь заяаг тодорхойлох, заримдаа хэцүү байх сонголтууд хийхтэй тулгарч байгаа. Та нар эсэргүүцэл, бэрхшээл, үе тэнгийнхний дарамт мөн ёс суртахууны бохирдлын хүчтэй салхитай тулгарч байгаа. Хэдий тийм боловч та нар манай нийгэмд байдаг хилэгнэсэн шуургуудтай нүүр тулахдаа хөдөлшгүй зогсон, сайн мэдээний дагуу амьдарч байдаг. Кристинагийн адилаар та нар Ариун Сүнсээр удирдагддаг. Та нар зөв шийдвэр гаргаж байгаа. Та нар үнэнч хүмүүс, та нар алтан ургийн хүмүүс.

Та нарын нэг бүрт “ариун газруудад ...зогс мөн бүү шилжин нүүлгэгд”1 хэмээн хайрт Тэнгэрлэг Эцэгийн өгсөн сануулгаас илүү чухал зөвлөгөө байдаггүй гэж би бодож байна. Тэрээр: Тууштай бай. Гуйвшгүй бай.2 Үнэн ба зөв шударгын төлөө зогс.3 Гэрчлэгч болж зогс.4 Дэлхийд жишиг болж зогс. Ариун газруудад зогсогтун хэмээн хэлж байна. Тиймээс миний та нарын нэг бүрт хүргэх захиас бол —Бүү шилжин нүүлгэгд - гэсэн энгийн захиас юм.

Нэгдүгээрт, зөвийг сонгохдоо гуйвшгүй байж, бүү шилжин нүүлгэгд. Эдгээр хожмын өдрүүдэд бяцхан шийдвэр гэж байхгүй. Яг одоо та нарын гаргаж буй шийдвэр маш чухал юм. Сонгох эрх чөлөө буюу сонгох чадвар нь Бурханаас Өөрийнхөө хүүхдүүдэд өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг юм. Энэ нь мөнх бус амьдралынхаа өмнөх амьдралд миний, таны сонгосон, хамгаалсан аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Та нар Ариун Сүнсийг сонсон чагнаж чадах тийм арга замаар амьдар. Тэрээр зөв шийдвэр гаргахад тань туслах болно. Тэрээр “та нарын хийвэл зохих бүх зүйлийг тань хэлэх”5 болно.

Би удаан хугацааны туршид очоогүй хуучин ахлах сургууль дээрээ хэдэн долоо хоногийн өмнө очиж билээ. Тэгэхэд би сургуулийн цуглааны танхимд болж байсан гадасны чуулганд зочилж байсан юм. Сургуулийнхаа хонгилоор алхаж байхад, санаaнд минь хуучны олон дурсамжууд урсан орж ирэв. Залуу эмэгтэй байхдаа би ямар байсан, яг тэр мэдрэмжээ санаж билээ. Би өөртөө итгэлгүй, эргэлзсэн, биеэ барьсан, бас тэр орчиндоо зохицохыг ихэд хүсэмжилж байсан залуу эмэгтэй байлаа. Би шүүгээнийхээ дэргэд зогсож буй ангийнхнаа бараг л харж тэдний дуу хоолойг сонсож байв. Би танхим руу явж орлоо. Дахиад л санаанд минь олон дурсамж урсан орж ирэв. Тэр танхимын бүх зүйл нь надад танил байсан. Нэг л зүйл өөрчлөгдсөн байсан нь би байв.

Ахлах сургуульд байхдаа оюутны зөвлөлийн гишүүний хувиар олон удаа зогсож байсан шигээ тэр тайзан дээр зогсох боломжтой байлаа. Танхимд байгаа хүмүүсийн дунд ангийн маань хүүхдүүдээс хэд хэдэн хүн байгааг би олж харав. Мөн болзоонд хамт явж байсан хэдэн хүн ч бас тэдний дунд байлаа. Гэхдээ энэ удаа, цугларалт удирдахын оронд сургуулийнхаа танхимд Аврагч Есүс Христийнхээ “гэрч болон зогсох”6мөн гэрчлэлээ хуваалцах онцгой боломж надад тохиосон юм.

Залуу эмэгтэйчүүд ээ, та нарын бусадтай харилцах харилцаа, одоогоос 40 жилийн дараа ч түүнээсээ ичихээргүй байдалтай байхад анхаараарай. Үе тэнгийнхний ямар ч дарамт, хүлээн зөвшөөрөх, нэрд гарах зэрэг нь буулт хийхээр зүйл биш юм. Та нарын залуу эрэгтэйчүүдэд үзүүлэх нөлөө нь тэд санваарын хүч, ариун сүмийн гэрээнүүд, номлолын үйлчлэл хийхдээ зохистой хэвээр байхад нь туслах болно. Одоогоос дөчин жилийн дараа хэн нэг нь ахлах сургуулийн тань танхимд тан руу ирээд номлолдоо нэр төртэй үйлчлэх санваарын үүргээ биелүүлэх зохистой хэвээр үлдэхэд нь тэдэнд тусалсанд тань талархаж ч болох юм. Хэн мэдэх билээ? Та тэдгээр залуу эрэгтэйчүүдийн эхнэрүүдийн нэгээс нөхөрт нь, ирээдүйн гэр бүлд нь, бүр ахлах сургуульд байх тэр үед нь нөлөөлсний тань төлөө талархлын захидал хүлээн авч ч болох юм. Хэн мэдэх билээ? Таны сонголт хамаатай. Таны сонголтууд зөвхөн танд төдийгүй бас бусдад нөлөөлдөг. Тэрхүү сонголтууд мөнхийн ач холбогдолтой. Бүү шилжин нүүлгэгд!

Хоёрдугаарт, ариун журамтай байх ба бэлгийн харьцаанд орохгүй ариун байх хүсэл, амлалтандаа гуйвшгүй байж, бүү шилжин нүүлгэгд.Ариун журмыг нандигнан хадгал. Хувийн цэвэр ариун байдал тань хүч чадлын танд буй агуу эх үүсвэрүүдийн нэг юм. Энэ дэлхийд ирэхэд та нарт бие махбодын эрхэм үнэт бэлэг өгөгдсөн. Таны бие махбод бол оюун ухааны тань зэмсэг ба таны сонгох эрхээ хэрэгжүүлэх тэнгэрлэг бэлэг юм. Энэ бол Сатанд олгогдоогүй бэлэг бөгөөд тиймээс тэр бараг бүх л дайралтаа бие махбод руу тань чиглүүлж байдаг. Тэр та нараас бие махбодоо үл тоомсорлох, буруугаар ашиглах, зүй бусаар хэрэглэхийг хүсэж байдаг. Зохимжгүй хувцаслах, порнограф, ёс суртахуунгүй байдал, шивээс ба биеэ цоолох, хорт бодис хэрэглэх, бүх л төрлийн донтолт зэрэг нь бүгд энэхүү үнэт бэлэг буюу бие махдбодийг тань эзэмших, мөн сонгох эрх чөлөөгөө хэрэгжүүлэхийг тань бэрхшээлтэй болгох бүх л хүчин чармайлтууд юм. Паул “Та нар өөрсдөө Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу?”7 хэмээн асуусан байдаг.

Таны бие махбод бол ариун сүм юм. Яагаад? Энэ нь таны мөнхийн сүнсийг төдийгүй бас мөнхийн гэр бүлийн тань хэсэг болж энэ дэлхийд ирэх бусад мөнхийн сүнснүүдийг байлгах чадвартай учраас юм. Ахлагч Даллин Х.Өүкс: “Мөнх бус амьдралыг бүтээх хүч бол өргөмжлөгдсөн хүч юм”8хэмээн заажээ. Таны үүрэг бол өргөмжлөгдсөн үүрэг юм. Бурхан та нарт ариун итгэл өгсөн! Та нар хойшдын удмуудын ирээдүйн эх хүн болоход бэлтгэж байгаа. Өөрсдийгөө цэвэр ариун, зохистой байлган, “бүхнээс илүү хамгийн эрхэм мөн үнэтэй”9болох ариун журам ба ариун явдлаа хадгалан үлд. Тэнгэрлэг Эцэгийн сонгогдсон охидын хувьд та нарт өгөх Түүний ухаалаг зөвлөгөө бол “миний өмнө ариун журмын замаар алхах”10 юм.

Ариун журам бол ариун сүмд орох алтан түлхүүр юм. Тийм учраас, гуравдугаарт, ариун гэрээнүүд хийх болон сахих зохистой байдалдаа гуйвшгүй байж, бүү шилжин нүүлгэгд. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэн шинэчилдэг баптисмаар хийсэн гэрээ тань таныг ариун журам ба аз жаргалын замаар хөтлөн явах болно. Баптисмын гэрээгээ сахиснаар та өөр харагдах, өөрөөр хувцаслах, дэлхийгээс өөрөөр үйлдэх болно. Энэхүү гэрээгээ сахих нь таныг Ариун Сүнсээр удирдагдах боломжтой болгоно. Ариун газруудаад зогсогтун, мөн Ариун Сүнсний нөхөрлөлийг алдахад хүргэх тэдгээр орчин тойрон, эсвэл хөгжим, хэвлэл мэдээлэл эсвэл харилцаанд ойр бүү оч. 11 Гэрээнүүдээ сахиснаар Их Эзэний ариун сүмд ороход зохистой хэвээр байж мөн бэлтгэлтэй байлгах болно.

Эцэст нь, Аврагчийн Цагаатгалыг хүлээн зөвшөөрсөн байдалдаа гуйвшгүй байж, бүү шилжин нүүлгэгд. Цагаатгал танд мөн надад зориулагдсан. Энэ бол боломж олгох ба гэтэлгэх хүч юм. Та ариун газар зогсох зохисгүй хэмээн санагдаж байвал энэ ачаа дарамтыг нэг өдөр ч илүү бүү тээ. Мөнх бус амьдралдаа бид бүгд алдаа хийдэг. Аврагч та нарыг маш ихээр хайрладаг учраас Тэрээр та нарт өөрчлөгдөх, алдаа хийсэн бол наманчлах боломжийг өгсөн гэдэгт итгэ. Сатан та нарыг өөрчлөгдөж чадна гэж бодуулахыг хүсдэггүй.12 Тэр та нарыг бүх зүйл өнгөрчээ гэж ятгахыг хичээх болно. Энэ бол худал зүйл. Та нар эргэж ирж чадна. Та нар наманчилж чадна. Та нар Аврагчийн төгсөшгүй Цагаатгалын учраас цэвэр ариун, ариун нандин болж чадна.

Одоо агуу хайрын тухай түүхүүдээс нэгийг хуваалцан төгсгөмөөр байна. Та нар “Хайрын түүх ариун газарт зогсохтой ямар учир холбогдолтой байх вэ?” гэж асууж магад. Энэ нь ариун газарт зогсохтой маш их холбоотой. Энэ бол Ребека гэдэг нэгэн залуу эмэгтэйн түүх юм.13

Энэ түүхэнд Абрахам өөрийн хүү Исаакийн эхнэр болох зохистой залуу эмэгтэйг хайж олохыг зарцдаа даалгадаг. Тэр эмэгтэй гэрээт гэрлэлтэнд тэнцэх – ариун журамтай, цэвэр ариун бас зохистой хүн байх ёстой байсан. Мөн Абрахам Харан гэдэг газар руу, урт үргэлжлэх аюултай аян замд зарцаа илгээдэг. Түүний тийшээ явах ёстой байсан шалтгаан нь ойлгомжтой байсан – ариун эрчүүдэд өөрсдийнх нь дэргэд байх ариун эмэгтэйчүүд хэрэгтэй. Зарц Харан хот руу дөхөж ирээд нэгэн худгийн дэргэд тэмээнүүдээ услахаар зогсох үедээ, өөрөө зөв залуу эмэгтэй тийш удирдагдан, өөрт нь болон 10 тэмээндээ ус өгөхийг хүсэхэд нь тэр залуу эмэгтэйг өөрөө таниасай хэмээн залбирч байсан. За, би тэмээ унаж үзсэн. Би тэмээ маших ус уудаг гэдгийг л мэддэг.

Эхлэл номонд бид Ребека худаг руу доош очиж ус авсан ба тэрхүү даалгаврыг гүйцэлдүүлэхээр “яаравчилсан”14 эсвэл яарсан гэж уншдаг. Зарц, Ребекад бугуйвч, үнэт эдлэлийг зүүж өгөөд эцгийнх нь гэрт хоноглох өрөө бий эсэхийг асуусан. Үнэт эдлэл бас тус болсон байх л даа! Сударт: “Тэр охин ээжийнхээ гэрт гүйж хүрээд, энэ тухай хэлжээ”15гэсэн байдаг. Ребека гүйгч байсан байх нь ээ!

Зарц Ребекагийн гэр бүлийнхэнд урт удаан аяллынхаа зорилгыг ярин, Ребека Исаакийн эхнэр болохыг зөвшөөрсөн. Уг зарц маргааш нь Ребекатай хамт явахыг хүссэн боловч гэрийнхэн нь арваад хоног тэдэнтэй байхыг гуйдаг. Тэгээд тэд Ребекагаас юу хүсэж буйг нь асуухад түүний хариулт энгийн “Би явна”16 гэсэн үгс байсан. Энэ хариулт, бошиглогч Томас С.Монсоныг залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд арай залуу насандаа номлолд үйлчлэх боломжтой болсныг зарлах үед “Би явна, би хийнэ”17 гэж хэлсэн тэдгээр хэдэн мянган хүмүүсийн шийдэмгий хариултуудтай адилхан сонсогдож байна уу?

Одоо энэ хайрын түүхийн утга учир ба төгсгөлийг хэлье. Ребека ариун гэрээг хийх, сахих, Исаакийн гэрээт эхнэр болоход бэлтгэгдсэн ба зохистой байсан. Түүнд хүлээх эсвэл өөрийгөө бэлтгэх шаардлага байгаагүй. Гэр бүлээ орхин явахынх нь өмнө түүнд адислал өгөгдсөн ба түүнийг “мянга түмэн хүний эх”18 болно хэмээсэн амлалт өгөгджээ. Тэр адислалд хэлэгдсэн үгс сэтгэлийг маань догдлуулдаг юм. Гэхдээ энэ түүхийн хамгийн сайхан хэсэг нь Ребека анх удаа Исаакийг, Исаак Ребекаг харсан явдал юм. Библид хэлдэггүй ч энэ бол анхны харцаас эхэлсэн хайр байсан гэж би боддог! “Ариун журам ариун журмаа хайрладаг, гэрэл гэрэлтэй нэгдэн нийлдэг”19 учраас тэр юм. Исаак аянчдыг угтахаар гарахад, Ребека “тэмээнээс[ээ] бууж”20 тэгээд“Исаак түүнийг хайрлан дурлажээ”21 хэмээн бичсэн байдаг. Энэ хэсэг дээр би санаа алддаг юм!

Ребека, Кристина хоёрын хувьд ариун газруудад зогсох нь амар байгаагүй. Гуйвшгүй байх нь амар байгаагүй. Салхи догшноор салхилан, худгийн ус хүнд байсан. Өөрсдийнхөө гэрээс, дассан амьдралаасаа явах нь мэдээж хэцүү байсан. Гэхдээ тэд зөв шийдвэр гаргасан. Тэд Ариун Сүнсээр удирдагдсан. Тэд ариун журамтай байсан мөн тэд өөрсдийгөө ариун гэрээнүүд хийх болон сахихад бэлтгэсэн. Аврагч, Ребекагийн удмаас гаралтай. Ребека энэ зүйл тохиолдоно гэдгийг тэр үед мэдэж байсан уу? Үгүй! Та нарын сонголтууд одоо чухал уу? Тийм!

Залуу эмэгтэйчүүд ээ, хойшдын үе удмууд та нарын хийх сонголтууд болон цэвэр ариун байдал, зохистой амьдралд тань түшиглэн тулна. Гуйвшгүй байцгаа. Та нарыг агуу хувь тавилан хүлээж байна. Энэ бол та нарын хором юм! Сүнсээр удирдагдсан ариун журамтай нэг залуу эмэгтэй дэлхийг өөрчилж чадна гэдэгт би үнэхээр итгэдэг!

Би Аврагч амьд гэдгийг гэрчилж байна! Тэрээр та нартай хамт байх болно. Тэрээр та нарт хэрэгцээт чадварыг өгөх болно. Мөн хүнд хэцүү цагт “Түүний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх [болно].”22 Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

    Эшлэлүүд

  1.  

    1. Сургаал ба Гэрээ 87:8.

  2.  

    2. Moзая 5:15-ыг үзнэ үү.

  3.  

    3. Залуу эмэгтэйчүүдийн уриа, Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (товхимол, 2009)2-ыг үзнэ үү.

  4.  

    4. Мозая 18:9-ийг үзнэ үү.

  5.  

    5. 2 Нифай 32:5.

  6.  

    6. Moзая 18:9-ийг үзнэ үү.

  7.  

    7. 1 Коринт 3:16.

  8.  

    8. Даллин Х.Өүкс, “Аз жаргалын агуу төлөвлөгөө,” Ensign, 1993 он, 11-р сар, 74.

  9.  

    9. Moронай 9:9.

  10.  

    10. Сургаал ба Гэрээ 25:2.

  11.  

    11. 1 Коринт 6:9; 1 Tесалоник 5:22; 2 Tимот 2:22; Сургаал ба Гэрээ 9:13.

  12.  

    12. Залуучуудын бат бөх байдал (booklet, 2011), 28–29-ийг үзнэ үү.

  13.  

    13. Эхлэл 24-ийг үзнэ үү.

  14.  

    14. Эхлэл 24:20.

  15.  

    15. Эхлэл 24:28.

  16.  

    16. Эхлэл 24:58.

  17.  

    17. 1 Нифай 3:7-г үзнэ үү.

  18.  

    18. Эхлэл 24:60.

  19.  

    19. Сургаал ба Гэрээ 88:40.

  20.  

    20. Эхлэл 24:64.

  21.  

    21. Эхлэл 24:67.

  22.  

    22. Сургаал ба Гэрээ 84:88.