Та нэг охиныг аварснаар үе удмыг нь бас авардаг.

Мэри Н.Күүк

Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх


 
Та нарын ариун журамт амьдрал өвөг дээдсийг тань, гэр бүлийг тань одоо мөн ирээдүйн гэр бүлийн гишүүдийг тань адислах болно.

Сүмийн итгэлтэй залуу эмэгтэйчүүд та нарт хандан үг хэлэх нь миний хувьд хүндэтгэлтэй хэрэг юм. Та нарын амьдралынхаа туршид гэрээнүүдээ хүндлэн дээдэлж хөгжин дэвшиж байгааг хараад та нарын энэ ариун журамт амьдрал өвөг дээдсийн тань, гэр бүлийн тань, мөн ирээдүйн гэр бүлийн тань амьдралыг адислах болно гэдгийг бид мэднэ. Учир нь Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли, “Та нэг охиныг аварснаар үе удмыг нь бас авардаг”1хэмээн хэлсэн байдаг.

Та нарын гэрээний зам баптисм хүртэж Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан тэр үеэс эхэлдэг. Энэ нь долоо хоног бүрийн баптисмын гэрээгээ дахин шинэчилдэг ариун нандин газар болох ариун ёслолын цуглаан дээр үргэлжилнэ. Та нарын хувьд ариун сүмийн гэрээ хийхэд бэлтгэх үе нь яг одоо юм. “Ариун сүмүүдэд хийгддэг ариун нандин ёслолууд болон гэрээнүүд нь [биднийг] Бурханы дэргэд буцан очих, гэр бүлийхнийг [маань] мөнхөд нэгдэх боломжтой болгодог.”2

Өвөг дээдсийнхээ төлөө ариун газруудад зогсогтун. “Энэ дэлхийд төрсөн хүн бүр үе залгамжилсан эцэг эхчүүдийн үр удам билээ. Өвөг дээдэстэйгээ холбогдох байгалиас заяасан хүсэл тэмүүлэл бидэнд буй.”3 Та нар гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцохдоо өвөг дээдсийнхээ төлөө авралын ёслолуудыг хийснээрээ өөрсдийнхөө амьдралд өвөг дээдэстэйгээ ойр байх харьцааг тогтоодог.

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ ойр дотны хүмүүсийн төлөө ариун газруудад зогсогтун. Та бүхний зөв шударгын жишээ гэр бүлийн тань нөхцөл байдлаас үл хамааран агуу их баяр баясгалангийн үндэс суурь болно. Мөн зөв шударга сонголтууд нь ариун нандин гэрээнүүдийг байгуулж тэдгээрийг сахихад тохирохоор болгон улмаар гэр бүлийг тань мөнхөд хамтад нь холбох болно.

Ирээдүйн гэр бүлийнхээ төлөө ариун газруудад зогсогтун. Мөнхийн гэр бүлээ бий болгохдоо ариун санваараар дамжуулан ариун сүмд нөхөртэйгээ лацлагдан холбогдох болно гэдгийг амла. Та нар өөрсдийн ариун журмын жишээ болон гуйвшгүй гэрчлэлийг хүүхдүүдийнхээ амьдралын нэг хэсэг болгон мөн тэдэнд гэрээний замыг зааснаар тэд үнэнээр адислагдах болно.

Саяхан болсон Өсвөр үеийнхэнд зориулсан Олон Улсын Урлагийн бүтээлийн тэмцээнд эдгээр мөнхийн зарчмуудыг үзүүлэхээр тавьсныг би харсан юм. Меган Варнер Тайлор, Христийн арван онгон охины талаарх сургаалт үлгэрийн орчин үеийн хандлагыг гэрэл зургаар үзүүлсэн байв.4 Намайг Мегантай уулзахад тэрээр арав дахь онгон охиноор үзүүлсэн бэлгэ тэмдгийг тайлбарлаж билээ. Тэрээр түүнийг ариун сүмийн нандин гэрээнүүдийг хийн мөн тэдгээрийг сахихаар бэлтгэгдсэн ариун журамтай, итгэлтэй нэгэн залуу эмэгтэй хэмээн дүрслэн хэлэв. Бусад бүх ухаалаг онгон охидтой адилаар, дэнлүүндээ тос дусал дуслаар нэмснээр мөн үргэлж зөв шударга амьдарснаар түүний хувийн бэлтгэл эхэлсэн. Түүний үсийг сайхан сүлжсэн байсныг би анзаарч харсан юм. Меганы сүлжсэн үс нь энэхүү залуу эмэгтэйн ариун журамт амьдралыг тоо томшгүй олон үе удамтай холбосныг төлөөлж байгааг тайлбарлав. Нэг туг үс нь түүний өвөг дээдэстээ зориулсан хайр мөн хүндэтгэлийг, хоёр дахь нь түүний гэр бүлдээ үзүүлэх зөв шударга нөлөөг, гурав дахь нь түүний бэлтгэгдсэн амьдралыг ирээдүйд ирэх үе удмын амьдралтай холбосныг төлөөлдөг.

Сүнслэгээр эрт бэлтгэснийнхээ ачаар зөв шударга амьдралаа олон үе удамтай холбосон өөр нэгэн залуу эмэгтэйтэй би танилцсан юм.

9-р сарын нэгэн сайхан үдэш, би нөхөртэйгээ хамт ариун сүмийн хишиг хүртээх ёслолуудад оролцохоор ариун сүмд хүлээн сууж байв. Бидний нэг найз Крис өрөөнд орж ирлээ. Орос улсад үйлчилсэн бүрэн цагийн номлолоосоо буцаж ирээд удаагүй тэр залуу эрэгтэйг харах нь гайхалтай байлаа.

Хишиг хүртээх ёслол эхлэх яг тэр үед, нэгэн дур булаам залуу эмэгтэй миний хажууд суув. Тэр инээмсэглэсэн, цоглог мөн нүүр дүүрэн гэрэлтсэн эмэгтэй байсан. Би түүнтэй танилцахыг хүсэн аяархан өөрийгөө танилцуулав. Тэр өөрийнхөө нэрийг Кейт хэмээн шивнэн хэлэхэд манай гэр бүлийг Мичиган мужид амьдарч байхад амьдарч байсан гэр бүлийнх байна гэдгийг би түүний овгоор нь танилаа. Кейт тэдний том болсон охин нь байсан бөгөөд таван долоо хоногийн өмнө Германд номлолоо дуусгаад буцаж ирсэн байжээ.

Хишиг хүртээх ёслолын үеэр “ Кейтийг Кристэй танилцуул” гэсэн мэдрэмж бодолд маань байн байн орж ирээд байв. Би энэхүү өдөөлтийг хойш тавиад “ Хэзээ, хаана, яаж? “ хэмээн бодлоо. Ёслолын дараа биднийг явахаар бэлтгэж байхад Крис баяртай гэж хэлэхээр бидэн дээр ирэв. Би тэгэхэд тэр боломжийг ашиглан, Кейтийг өөр рүүгээ татан ойртуулаад “Та хоёр ариун журамтай залуу хүмүүс, бие биенээ мэдэх хэрэгтэй” гэж түүнд шивнэн хэлсэн юм. Би сүнсний өдөөлтийг дагасандаа ариун сүмээс сэтгэл хангалуун гарч явсан билээ.

Гэртээ харих замдаа, нөхөр бид хоёр Кейтийн гэр бүлд тохиолдсон хэцүү сорилтуудын талаар санан ярилцсан юм. Тэр цагаас хойш би Кейтийг илүү ихээр таньж мэдсэн бөгөөд тэр надад тэрхүү өдөр ариун сүмд миний ажиглан харсан баяр хөөртэй нүүр царайных нь учир шалтгааныг ойлгоход тусалсан билээ.

Кейт ариун газруудыг эрэлхийлснээр өөрийн гэрээний зам дээр үлдэхийг үргэлж хичээдэг байсан. Тэрээр гэр бүлийн цуглаан хийх, хамтдаа залбирах, судраас суралцахаар дамжуулан гэрээ ариун газар болгосон гэр бүлд өссөн юм. Хүүхэд байхдаа тэрээр ариун сүмийн талаар суралцаж, “ Би ариун сүм харах дуртай” гэсэн дуу нь гэр бүлийнх нь үдшийн дуулах дуртай дуу байв.5 Жаахан охин байхаасаа л, тэрээр аав, ээж хоёрынхоо үзүүлсэн, долоо хоногийн эцсээр кино үзэх юм уу гадуур хооллохын оронд ариун сүмд орохоор яван ариун газрыг эрэлхийлэхийн жишээг харсан юм.

Тэр эмэгтэй аавдаа үнэхээр хайртай байсан. Кейтийн аав санваарын эрх мэдлээ ашиглан түүний баптисмын анхны гэрээг хийхэд нь тусалжээ. Дараа нь тэр түүний толгой дээр гараа тавин түүнд Ариун Сүнсний бэлгийг өгсөн. “Би Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахдаа маш их баяртай байсан. Энэ нь надад мөнхийн амьдралд хүрэх зам дээрээ үлдэхэд минь туслах болно гэдгийг би мэдэж байсан” гэж Кейт хэлсэн билээ.

Кейтийн хувьд амьдрал нь маш ихээр адислагдсанаар аз жаргалтай байв. Тэр 14 настай байхдаа ахлах сургуульд орж, сайн мэдээний талаар суралцах өөр нэгэн ариун газар болох семинарын ангид дуртайяа явж байлаа. Нэгэн өдөр багш нь зовлон зүдгүүрүүдийн талаар ярьсан бөгөөд бидэнд ч эдгээр нь тулгарах болно гэдгийг батлан хэлжээ. Тэрээр “ Би зовлон зүдгүүрүүдийг хүсэхгүй байна; би энэ талаар сонсохыг хүсэхгүй байна” хэмээн өөртөө хэлж байв.

Тэгээд түүнээс хэдхэн долоо хоногийн дараа, Улаан Өндөгний баярын ням гарагийн өглөө түүний аав орноосоо босож ирэхдээ маш их өвдсөн байжээ. Кейт: “Аав минь маш бие сайтай , марафон гүйлтийн тамирчин хүн байсан. Ээж минь аавын их өвчин шаналалд санаа нь зовон түүнийг эмнэлэг рүү авч явав. 36 цагийн дотор аавд минь бүтэн цус харвалт болж биеийн ихэнх хэсэг нь мэдээгүй боллоо. Тэр нүдээ анивчуулжж чадаж байсан ч биеийн бусад хэсэг нь ямар ч мэдээгүй болон хөдөлж чадахгүй байв. Би аавыгаа хараад “Яана аа, семинарын багшийн маань хэлж байсан нь үнэн байна. Надад зовлон зүдгүүр тохиолдож байна гэж бодож билээ” гэж ярьсан юм. Хэдхэн хоногийн дараа Кейтийн аав нь нас барав.

Кейт “Энэ нь үнэхээр хэцүү байсан. Бид амьдралдаа хүндлэн биширч явдаг хүнээ алдахыг хэзээ ч хүсдэггүй. Энэ явдал намайг өсөн хөгжих боломж болгож эсвэл өсөн хөгжихөд минь саад болгож чадна гэдгийг би мэдэж байсан. Би дөнгөж 14-хөн настай байсан учраас үүнийг амьдралыг минь сүйрүүлэх зүйл болгохыг хүсээгүй. Би аль болох Их Эзэнтэй ойр байхыг хичээж байсан. Би судраа их уншиж байсан. Алмагийн 40-р бүлэг нь Амилуулалт нь бодит бөгөөд Христийн Цагаатгалаар дамжуулан би аавтайгаа дахин хамт байж чадна гэдгийг ахин надад батлан хэлсэн юм. Би их залбирсан. Мөн боломжоороо тэмдэглэл хөтөлдөг байв. Бас гэрчлэлээ тэмдэглэл дээрээ бичиж итгэлтэйгээр хадгалж чадсан. Сүмдээ мөн Залуу эмэгтэйчүүдийн бүлэгтээ долоо хоног бүр явж байлаа. Би өөрийгөө сайн найз нараар хүрээлүүлж энэрэнгүй, сайхан сэтгэлтэй хамаатан садан, ялангуяа манай гэр бүлийн хүч чадлын эх үүсвэр болсон ээжтэйгээ илүү их ойр дотно байв. Би өвөөгөөсөө болон бусад санваартнуудаас санваарын адислалуудыг эрэлхийлж байсан” хэмээн үргэлжлүүлэн хэлсэн юм.

Тэдгээр ухаалаг онгон охидын адил, эдгээр тууштай сонголтуудаараа Кейт дэнлүүндээ тос нэмж байсан. Аавтайгаа дахин хамт байх түүний хүсэл нь үүний шалтгаан байв. Аав нь түүний хийж байгаа сонголтуудыг мэдэж байгаа гэдгийг тэрээр мэдэж байсан бөгөөд түүний урмыг хугалахыг хүсээгүй юм. Тэр аавтайгаа мөнхийн харилцаатай байхыг хүсэж байсан бөгөөд гэрээнийхээ зам дээрээ үлдэх нь түүний амьдралыг аавынх нь амьдралтай бат нягт холбох болно гэдгийг ойлгосон байна.

Гэвч зовлон зүдгүүрүүд түүгээр дууссангүй. Кейтийг 21 настайдаа номлолд явах өргөдлөө өгөх үед ээж нь “хорт хавдартай” гэж оношлогджээ. Кейт амьдралдаа маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болов. Тэрээр гэртээ үлдэн ээждээ туслах уу, эсвэл номлолд явах уу? Ээж нь санваарын адислал авсан нь түүнийг энэ өвчнөөс салж чадна гэдэг амлалтыг охинд өгүүлжээ. Энэхүү адислалаар тайвшруулагдсан Кейт итгэлтэйгээр урагшлан явж, номлолд үйлчлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлсэн юм.

“Би юу тохиолдохыг мэдэхгүйгээр харанхуйд хөлөө тавьсан. Гэвч номлолд байх үедээ би гэрэл гэгээг аажимдаа олж харсан. Ээжид маань өгсөн тэрхүү адислал биелсэн гэсэн мэдээ хүлээн авав. Их Эзэнд үйлчлэх үйлчлэлээ хойш нь тавиагүйдээ би үнэхээр баярласан. Хүнд хэцүү үе тохиолдоход зогсонги байдалд орох нь амархан байж, бид урагшлан хөгжихийг үнэндээ хүсдэггүй гэж би боддог. Гэхдээ бид Их Эзэнийг нэгдүгээрт тавих юм бол энэ хэцүү байдлууд гайхамшигтай сайхан адислалууд руу хөтөлж чадна. Бид Түүний мутрыг харж мөн гайхамшгуудыг гэрчлэх болно” гэж Кейт хэлж билээ. Кейт Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Бидний хамгийн чухал ач холбогдолтой боломжууд нь хамгийн агуу хэцүү цаг үед л тохиолддог”6хэмээн хэлсэн үгний бодит байдлыг мэдэрчээ.

Кейт авралын төлөвлөгөөг ойлгож байсан учраас ийм итгэлтэй байсан аж. Тэр, бид энэ дэлхийд ирэхээсээ өмнө амьдарч байсан, энэ дэлхий нь сорилтын үе, бид дахин амьдрана гэдгийг мэдэж байсан. Түүний ээж нь адислагдах болно гэдэгт итгэж байсан, гэвч аавд нь тохиолдсон тэрхүү туршлагаас, хэрвээ ээж нь нас барсан бол бүх зүйл зүгээр байх байсан гэдгийг тэр бас мэдэж байжээ. Тэр “Би аавыгаа алдсан уй гашууг давж гарсан төдийгүй энэ нь үүрд миний би хэн бэ гэсэн хувь хүний минь нэг хэсэг болсон. Хэрвээ ээж маань бас энэ дэлхийг орхин явах байсан бол, энэ нь мөн адил зүйл л болох байлаа.. Энэ нь миний амьдралд илүү агуу их гэрчлэлийг холбон өгөх байсан”7 гэж хэлж билээ.

Тэр орой намайг Кейттэй ариун сүмд тааралдахад тэрээр ариун газрыг хайж байсан ажээ. Ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан ирэх мөнхийн харилцаа холбоог хүссэнээрээ, тэр ариун сүмд тогтмол ордог байсан эцэг эхийнхээ загварыг дагасан.

Би Кейтийг Кристэй танилцуулсан тэр орой нэг их онцгой зүйл тохиолдоогүй ч Кейт бас нэг ариун газрыг хайн дараагийн ням гарагт Институтын галын дэргэдэх ярилцлагад оролцохдоо олон зуун ганц бие залуучуудын дундаас Крисийг олж харжээ. Тэнд байхдаа тэд бие биенийхээ талаар илүү их зүйлийг мэдэж аван, хэдэн долоо хоногийн дараа, Крис түүнийг ерөнхий чуулган хамтдаа үзэхийг урив. Тэд үргэлжлүүлэн үерхэн, нөхөрлөж байх үеийнхээ туршид Сүнсийг урих газруудыг эрж хайн, улмаар бие биетэйгээ анх танилцсан ариун газар болох ариун сүмд гэрлэжээ. Тэд хоёулаа одоо авралын төлөвлөгөөний талаарх гэрчлэлээ гурван бяцхан хүүгийнхээ амьдралтай холбон, тэдэнд гэрээний зам дээр байх арга замыг зааснаараа эцэг эх байх ариун нандин үүргээ биелүүлж байна.

“Та нэг охиныг аварснаар үе удмыг нь бас авардаг.”7 14-н настай Кейтийн зам дээрээ үлдэх, дэнлүүндээ тууштайгаар тос нэмэх, мөн ариун газруудад зогсох шийдвэр нь үе удмыг аварч байнамөнаврах болно. Өвөг дээдсээ эрж хайн ариун сүмд үйлчилсэн нь түүний зүрх сэтгэлийг тэдний зүрх сэтгэлтэй холбон нийлүүлж өгсөн. Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд оролцох нь та нарын зүрх сэтгэлийг холбон нийлүүлж, өвөг дээдэст тань мөнхийн амьдралын боломжийг өгөх болно.

Гэр орондоо сайн мэдээний дагуу амьдрах нь дэнлүүнд тань түүнчлэн тос нэмэн, сүнслэг хүчийг таны гэрт одоо холбох бөгөөд ирээдүйн гэр бүлийг тань тоо томшгүй арга замаар адислах болно. Түүнээс гадна, Ахлагч Робэрт Д. Хэйлс “Хэрвээ бидний эцэг эхээсээ хүлээн авсан жишээнүүд нь сайн биш бол үүнийг өөрчлөн … тэгээд дараа ирэх үе удмуудад зөв зан заншлыг заах нь бидний үүрэг хариуцлага юм ”8 хэмээн хэлжээ.

Дэнлүүгээ дүүргэхийн тулд хийж чадах бүхий л зүйлээ хийхээр одоо шийд. Ингэснээр та нарын хүчирхэг гэрчлэл болон жишээ тань өнгөрсөн, одоо, ирээдүйд байх олон олон үе удмын тань амьдралтай нийлэх болно. Та нарын ариун журамт амьдрал зөвхөн үе удмыг авраад зогсохгүй, та нарын мөнхийн амьдралыг аврах болно. Учир нь энэ нь Тэнгэрлэг Эцэг рүү буцан очих мөн жинхэнэ баяр баясгаланг одоо болон мөнхөд олох цорын ганц зам юм гэдгийг гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

    Эшлэлүүд

  1.  

    1. Гордон Б. Хинкли. “Standing Strong and Immovable,” Worldwide Leadership Training Meeting, Jan. 10, 2004, 20; мөн Гордон Б. Хинкли , “Our Responsibility to Our Young Women, Ensign, Sept. 1988, 10.

  2.  

    2. “Гэр Бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг,”EnsignэсвэлЛиахона, 2010 он, 11-р сар, 129.

  3.  

    3. Рассел М.Нелсон, “Хайраар холбогдсон үе үеийнхэн,” Ensign эсвэл Лиахона, 2010 он, 5-р сар, 92.

  4.  

    4. Матай 25:1–13-ыг үзнэ үү.

  5.  

    5. “Би ариун сүм харах дуртай,” Children’s Songbook, 95.

  6.  

    6. Томас С.Монсон, “Meeting Your Goliath,” New Era, 2008 он, 6-р сар, 7.

  7.  

    7. Зохиолчтой хийсэн хувийн ярилцлага, 2013.

  8.  

    8. Робэрт Д.Хэйлс, “ How Will Our Children Remember Us? Ensign, Nov. 1993, 10.