Та нарын гэртээ харих гайхамшигт аялал

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх


 
Дийтр Ф.Угдорф
Та бүхэн аялалдаа Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн газрын зургийг баяртайгаар ашигласнаар ариун газрууд руу хөтлөгдөх бөгөөд өөрсдийн тэнгэрлэг нөөц боломжиндоо хүрэх болно.

Бид энэ үдэш хайрт бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсонтой хамт байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгч өө, бид таны төлөө үргэлж залбирдаг.

Хүндэт эгч нар аа, дуу хөгжимд болон хэлсэн үгсэд баярлалаа. Энэ долоо хоног бидний тэмдэглэж буй ариун баяр болох Христийн мэндэлсний баярын уур амьсгал авчирсан үнэхээр сайхан хөгжим байлаа.

Хайрт залуу эгч нар аа, би та нартай хамт мөн та нарын гайхалтай эхчүүд болон удирдагчидтай хамт байгаадаа баяртай байна. Та нараас гэрэл цацарч, мөн инээмсэглэл тань бусдыг баяртай болгодог. Их Эзэн та нарт санаа тавин, тэнгэрээс хайраар дүүрэн харцаар харж байдаг нь гарцаагүй.

Би хуучин Зүүн Германы Цвикау хотод өссөн. Намайг 11 орчим настай байхад аав маань улс төрийн эсэргүү нэр зүүж, манай гэр бүлийн хувьд цорын ганц аюулгүй байх зам нь Баруун Герман руу дүрвэх арга хэмээн эцэг эх маань боджээ.

Нэгэнт эцэг маань хамгийн их эрсдэлтэй тулгараад байсан учраас тэр Берлин рүү хурдан очих хамгийн дөт замаар явсан бөгөөд ах нар маань умард зүг явж, бүгд өрнөд рүү очих өөр өөрсдийн замаа олцгоосон юм. Тэр үед та нартай ойролцоо настай байсан эгч маань Залуу Эмэгтэйчүүдийнх нь багш Хэлга Фассманн болон хэсэг хүмүүсийн хамт Баруун Германаар дайран гардаг галт тэргэнд суужээ. Тэд галт тэрэгний үйлчлэгчид мөнгө төлж хаалгуудын нэгийг нь онгойлгуулан ороод галт тэрэг Баруун Германы хилийг давсны дараа тэд эрх чөлөө тийш үсрэн буусан юм. Би эгчийнхээ зоригтой үйлдлээр хичнээн бахадсан гээч.

Би отгон хүүхэд нь бөгөөд ээж маань намайг дагуулаад хоёр улсыг тусгаарласан уулаар алхахаар шийджээ. Би ээжийгээ яг л уулын аялал эсвэл зугаалганд явах гэж байгаа мэтээр өдрийн хоол савлаж байсныг нь санадаг.

Бид галт тэргээр аль болох их зам туулж, дараа нь олон цагийн турш алхсаар Баруун Германы хилд улам ойртож байв. Хил дээр нарийн хяналттай байсан ч бид газрын зурагтай, бас хэзээ, хаагуур гарвал аюулгүй байж магадгүй вэ гэдгийг мэдэж байлаа. Би ээжийгээ түгшсэн байгааг мэдэрч байсан. Ээж минь биднийг хэн нэгэн дагаж байгаа эсэхийг шалгаж орчин тойрноо сайтар ажиглаж байв. Алхам тутамд түүний хөл, өвдөг нь цуцаж байх шиг санагдлаа. Сүүлийн ганц, урт толгод руу авирахдаа би ээжид хоол хүнс, чухал баримт, гэр бүлийн зураг зэргээр дүүргэсэн цүнхийг нь үүрэхэд туслав. Тэрээр, за одоо бид хил давчихсан байгаа даа гэж бодсон нь гарцаагүй. Эцэст нь түүнийг аюулгүй гэж мэдэрсэн үед бид газар сууж өдрийн хоолоо идэж эхэллээ. Тэгэхэд л ээж маань нэг гүнзгий амьсгаа авч билээ.

Төд удалгүй бид хилийн тэмдгийг анзаарах нь тэр. Тэмдэг биднээс нилээн зайтай байлаа! Бид хилийн буруу талд нь хоолоо идэж байв. Бид Зүүн Германд байсан хэвээрээ л байжээ!

Хилийн хамгаалагчид хэзээ ч гараад ирж мэдэхээр байсан!

Ээж минь өдрийн хоолоо санд мэнд баглаж аваад бид цаашаа хамаг хурдаараа явлаа. Энэ удаад бид хилийн нөгөө талд гарсан гэж баттай мэдэхээс нааш зогсож зүрхэлсэнгүй.

Хэдийгээр гэр бүлийн маань гишүүн бүр өөр өөр замаар явж, замдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгарч байсан ч, бүгдээрээ аюулгүй газартаа хүрч чадсан юм. Эцэст нь бид гэр бүлээрээ дахин нэгдлээ. Ямар гайхамшигтай өдөр байсан гээч!

Аялалын түүхүүд

Миний дөнгөж сая ярьсан туршлага бол миний хувьд маш үнэ цэнэтэй аялал. Одоо би амьдралаа эргээд харахад өнөөг хүртэл хийсэн тийм “аялал” надад зөндөө бий. Бүгдээрээ уул давах эсвэл улсын хил гарах тухай биш л дээ; зарим нь бүр илүүтэйгээр зовлон давж гарах эсвэл сүнслэг байдалд өсч хөгжих талаар байсан юм. Гэхдээ тэд бүгдээрээ л аялал юм. Хүн бүрийн амьдрал өөр өөрийн “аяллын түүхүүд”-ийн цуглуулга гэдэгт би итгэдэг.

Ёс заншлын уламжлал бүр аялалын түүхээр баялаг байдгийг та нар мэднэ дээ. Жишээлбэл: Озын шидтэнхэмээх 1939 оны Америк уран сайхны кинон дээр гардаг Дороти ба түүний нохой Тотогийн аялалын талаар та нар мэддэг байж магадгүй. Дороти, Тото хоёр хуй салхинд автагдаж Озын нутагт хүргэгддэг. Дороти тэндээс гэр лүүгээ хөтлөх аялалыг тэмдэглэсэн шар тоосгон замыг олдог.

Чарлз Дикэнсийн 1843 онд бичсэн “A Christmas Carol”сонгодог зохиолын гол дүр Ибэнэзр Скрүүжийн хувьд түүний аялал нэг газраас нөгөөд биш харин нэг цаг үеэс нөгөөд аваачигддаг. Энэ нь түүний зүрх сэтгэлийн аялал бөгөөд түүнийг яагаад амиа хичээсэн, талархалгүй болсон талаар, бас хэрэв тэр хэвээрээ үлдсэн бол юу болох байсан талаар ойлгоход нь тусалдаг.1

Хятадын агуу сонгодог зохиолуудын нэг бол Өрнөд рүү аялсан нь гэдэг зохиол юм. 16-р зуунд бичигдсэн уг зохиол нэг лам, дөрвөн нөхдийн хамт сүнслэг гэгээрэл өөд адал явдалтай аялдаг талаар уран яруугаар өгүүлдэг.

Ж.Р.Р Толкиэний 1937 онд бичсэн “The Hobbit” зохиолын гол дүр бол шөлөө уугаад гэртээ суухыг илүүд үзэх байсан бяцхан, даруухан одой Билбо Баггинс. Гэтэл түүний хаалгыг тогшсоны дараа тэрээр өөрийн очиж үзээгүй газруудаар аялж үзэхийг хүсдэг. Билбо, шидтэн болон бүлэг одой нарын хамт аюултай боловч амин чухал даалгавар биелүүлэхээр ертөнц рүү аялалдаа гардаг.2

Нийтлэг түүх

Аялагчдын оронд өөрсдийгөө тавьж харж чаддаг учраас эдгээр аяллын түүхүүдэд бид дуртай байдаг, тийм биз дээ? Тэдний амжилт, бүтэлгүйтлүүд бидэнд өөрсдийн амьдралын замыг олоход тусалдаг. Бидний хэдэн хормын өмнө үзсэн видео бичлэг мөн адил сайхан аялалын түүх өгүүлдэг. Эдгээр түүхүүд нь хүн нэг бүрийн сайн мэддэг байх ёстой, гол дүрд нь тоглодог аяллыг санагдуулдаг байж болох юм.

Энэ түүх маш олон жилийн тэртээгээс эхлэлтэй. Бүр дэлхий өөрийн тойрог замаараа эргэж эхлэхээс өмнө, бүр нар илчээ сансрын хүйтэн рүү хүргэхээс өмнө, бүр том жижиг амьтад дэлхийд суурьшихаас өмнө. Энэ түүхийн эхлэлд, та нар алс хол нэгэн үзэсгэлэнтэй газарт амьдарч байсан.

Бид мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь амьдралын талаар тийм их мэддэггүй ч, бид цөөн хэдэн зүйлийг мэднэ. Тэнгэрлэг Эцэг бидэнд өөрийгөө болон биднийг хэн бэ гэдгийг, мөн бид хэн болж чадах вэ гэдэг талаар хүчирхэг үнэнийг илчилсэн.

Тэр анхны байдалд, та нар Бурханыг харж, Түүнийг сонссон учраас Бурхан үнэхээр оршдог гэдгийг гарцаагүй баттайгаар мэдэж авсан. Та нар тухайн үед Бурханы Хурга болох гэж байсан Есүс Христийг мэддэг байсан. Та нар Түүнд итгэдэг байсан. Мөн та нарын хувь заяа тэр өмнөх дэлхийн амьдралын аюулгүй байдалд үүрд үлдэх учиргүй бөгөөд цаашаа аянд гарахыг хүсч, мөн энэ нь шаардлагатай гэдгийг та нар мэдэж байсан. Та нар Эцэгийнхээ оршихуйгаас гарч, марталтын хөшгөөр дамжин, мөхөлт биеийг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болж өсч хөгжихөд туслах зүйлсийг сурч мэдэж, Түүний оршихуйд эргэж очно.

Найз нөхөд, хайртай хүмүүсээрээ хүрээлэгдсэн тэрхүү ариун нандин газар байхдаа та нар өөрсдөөсөө “Би тэнгэрлэг гэртээ аюулгүйгээр буцаж ирэх болов уу?” гэдэг асуултыг асууж мөн энэ талаар бодож байсан нь гарцаагүй.

Та нарын хяналтаас гадуур зүйлс асар их байх болно. Мөнх бус амьдрал үе үе хэцүү байх болно. Өвчин, сэтгэлийн шаналал, осол, зөрчилдөөн гэх мэт таамаглаагүй зүйлсээр дүүрэн байна.

Тэнгэрлэг Эцэгтэйгээ амьдарч байсан гэдгээ санахгүйгээр, өөрийн өмнөх оршихуйн ой санамжгүйгээр та нар мөнх бус амьдралын бүхий л чимээ шуугиан, сатаарал дундаас Түүний дуу хоолойг таних уу?

Өмнө байгаа аялал маш урт, үл мэдэгдэх мөн эрсдлээр дүүрэн байна.

Энэ нь амаргүй байх боловч хичээл зүтгэл бүр үнэ цэнэтэй байна гэдгийг та нар мэдэж байсан.

Та нар үгээр илэрхийлж боломгүй баяр баясал, найдвартайгаар тэсэн ядан хүлээж, бас бага зэрэг санаа зовнил, айдастайгаар мөнхийн аялалынхаа эхлэл дээр зогсож байсан гэж би төсөөлж байна.

Эцэст нь, Бурхан шударга байж, Түүнийг сайн сайхан ялалт байгуулна гэдгийг нь мэдэж байсан. Мөн та нар агуу тэнгэрлэг зөвлөгөөнд оролцож, таныг нүглээс цэвэршигдэж, бие махбодын үхлээс аврагдах замыг Аврагч тань хангаж өгнө гэдгийг мэдэж байсан. Эцэст нь та бүгд баясч, тэнгэрлэг түмэнтэй хамт дуу хоолойгоо өргөн Түүний ариун нэрэнд магтаалыг хашхиран хэлнэ гэсэн итгэлтэй байсан.

Тэгээд, та нар гүнзгий амьсгаа аваад...

Мөн их аянг эхэлж...

Одоо энд ирчихсэн байна!

Та нарын хүн нэг бүр тэнгэрлэг гэр рүүгээ эргэж очих гайхамшигт аяндаа гарсан!

Таны газрын зураг

Тэгэхээр одоо бүгдээрээ энэ дэлхий дээр ирчихсэн байна. Та бүгдийн аялал ямархуу байгааг асуух нь зүйтэй хэрэг байх. Та нар зөв зам дээрээ байна уу? Та нар урьдаас төлөвлөгдсөн, мөн болохыг хүсч байсан тэр хүн шигээ болж байна уу? Та бүгд Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очиход туслах сонголтуудыг хийж байна уу?

Тэр та нарыг энэ аялалд ямар ч зорилгогүйгээр өөрийнхөөрөө бэдрэн явуулах гэж илгээгээгүй юм. Тэр та бүгдийг Өөр дээр нь эргэж очихыг хүсдэг. Бурхан та нарт хайраар дүүрэн эцэг эх, итгэлтэй сүмийн удирдагчдын хамт газар нутгийг дүрсэлж, аюулыг илрүүлдэг газрын зургийг өгсөн юм; тэр газрын зураг нь амар амгалан, аз жаргалыг хаанаас олох, мөн гэртээ харих замаа төлөвлөхөд туслах болно.

За тэгэхээр, та нар газрын зургаа хаанаас олох вэ?

  1. Ариун судруудаас
  2. Бошиглогч, төлөөлөгчдийн үгсээс
  3. Ариун Сүнснээс ирэх хувийн илчлэлтээр дамжуулан

Энэ газрын зураг нь Есүс Христийн сайн мэдээ, ач тустай сайхан мэдээ, Христийн дагалдагчийн баясгалант зам юм. Энэ нь тэр замыг мэддэг бидний Өмгөөлөгч, Зөвлөгчийн өгсөн тушаалууд, үлгэр жишээ юм. Учир нь Тэр бол зам.3

Мэдээжийн хэрэг газрын зургийг сайн үзэж танилцаж, амьдралаа авч явахад ашиглахгүй л бол зүгээр газрын зурагтай байх нь хангалтгүй шүү дээ. Би та бүгдийг Бурханы үгийг судалж, хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөхийг урьж байна. Зүрх сэтгэлээ Ариун Сүнсэнд нээж өгвөл Тэрээр та нарыг амьдралын аяллын тань турш чиглүүлэх боломжтой болно.

Таны газрын зураг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийн зааварлаж, урамшуулсан захиасаар дүүрэн байдаг. Өнөөдөр би та нарт гэр рүүгээ амжилттайгаар аялахад тань туслах тэдгээр захиасуудаас гурвыг нь хуваалцмаар байна.

Эхний захиас: “Бүү эмээ, учир нь Их Эзэн бибээр та нартай хамт байна.”4

Та нар энэ аялалд ганцаараа биш юм. Тэнгэрлэг Эцэг тань та нарыг мэддэг. Хэн ч та нарыг сонсохгүй байсан ч, Тэр сонсдог. Та нарыг зөв шударгад баясахад Тэр та нартай хамт баясдаг.

Тэнгэрлэг Эцэг та нарыг хэр баян, үзэсгэлэнтэй, эрүүл, эсвэл хэр ухаантайгаар нь ялгаж хардаггүй. Тэр та нарыг дэлхий хэрхэн хардаг шиг тийм байдлаар хардаггүй. Тэр та бүгдийг яг үнэндээ хэн бэ гэдгийг, зүрх сэтгэлийг тань л хардаг юм.5 Та нар Түүний хүүхдүүд учраас Тэр та нарт хайртай.6

Хүндэт эгч нар аа, Түүнийг чин сэтгэлээсээ эрэлхийл, тэгвэл та нар Түүнийг олох болно.7

Та нар ганцаараа биш гэдгийг би амлаж байна.

За, яг одоо та нар эргэн тойрондоо байгаа хүмүүсийг хар даа. Зарим нь та нарын удирдагч, найз нөхөд, эсвэл гэрийнхэн тань байж болох юм. Бусадтай нь өмнө нь уулзаж ч байгаагүй байх. Хэдий тийм ч, өнөөдөр эсвэл өөр хэзээ нэгэн цагт, энэ цуглаанд эсвэл өөр аль нэг газарт, та бүгдийн харж буй хүн бүр мөнх бус байдлын өмнөх ертөнцөд зоригтой нэгэн байсан юм. Таны хажууд буй тэр даруухан, энгийн төрхтэй хүн, сүнснүүдийн оршихуйд таны бахдаж, хайрладаг байсан агуу нэгэн байж болно. Та өөрөө ч гэсэн тийм гайхалтай үлгэр жишээ байсан байж болно шүү дээ!

Та нар нэг зүйл дээр баттай байж болно: Үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн харъяалал, биеийн хэмжээ, эсвэл гаднах төрхөөс үл хамааран, таны харж буй бүх хүмүүс бол нэг гэр бүл юм. Таны харж буй залуу эмэгтэй тантай л адилхан Тэнгэрлэг Эцэгтэй, тэр охин таны л адил Түүний хайраар дүүрэн оршихуйг орхиж, энэ дэлхийд зоригтойгоор ирж амьдарч байна. Тэгснээр нэг өдөр Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих боломжтой болох юм.

Хэдий тийм ч, заримдаа тэр яг л таны нэгэн адилаар ганцаардаж магад. Бүр өөрийн аяллын зорилгыг хааяа мартаж ч болно. Түүнийг ганцаараа биш гэдгийг нь үг, үйлдлээрээ сануулаарай гэж би та нараас гуйж байна. Бид бие биедээ туслахын тулд энд ирсэн.

Амьдрал хэцүү байж болно оо. Зарим хүмүүстэй харилцах боломжгүй мэт санагдуулах хүртэл бусдын зүрх сэтгэлийг хатууруулж болно. Зарим нь уур бухимдлаар дүүрсэн байж болно. Бусад нь биднийг хайрладаг Бурханд итгэдэг хүмүүсийг дооглож, тохуурхаж байж болох юм. Гэвч үүнийг бодоод үз дээ: хэдий тэд санахгүй байгаа ч гэсэн, нэгэн цагт тэд ч мөн адил Тэнгэр дэх Эцэгтээ буцаж очихыг хүсч байсан.

Хэн нэгнийг хөрвүүлэх нь таны үүрэг хариуцлага биш ээ. Тэр бол Ариун Сүнсний үүрэг. Та нарын хийх ажил гэвэл итгэлээ хуваалцаж, айж эмээхгүй байх юм. Бүх хүмүүстэй найзал, гэвч хэзээ ч бүү жишгээ бууруул. Өөрсдийн итгэл, үнэмшилдээ үнэнч бай. Та Бурханы охин учраас өндөрт зогс, Тэрээр тантай хамт зогсдог юм шүү!

Хоёр дахь захиас: “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун.” 8

Бид Бурханы оршихуйд амьдарч байхдаа ямар хэлээр ярьдаг байсан бол гэж та нар өмнө нь бодож үзэж байсан уу? Хэдийгээр хэн ч баттай мэдэхгүй ч гэсэн би Германаар ярьдаг байсан гэж бодож байна аа. Гэхдээ би юуг мэддэг вэ гэхээр мөнх бус байдлын өмнөх амьдралдаа бид эхлээд сүнсний Эцэгээсээ бүх нийтээрээ ямар ч бие, сэтгэл, сүнсний саадгүйгээр ярилцаж болдог хэлийг сурсан юм.

Тэр хэл бол Есүс Христийн цэвэр хайр юм.

Энэ бол дэлхий дээрх хамгийн хүчтэй хэл.

Христийн хайр бол дүр эсгэсэн хайр биш. Энэ нь зөвхөн мэндчилгээний хуудас дээр л илэрхийлдэг хайр биш. Энэ нь нийтлэг дуу, кинонд магтан дуулдаг тийм хайр биш ээ.

Энэ хайр нь ааш араншингийн жинхэнэ өөрчлөлтийг авчирдаг. Энэ нь үзэн ядалтыг дийлж, атаархлыг үгүй хийж чаддаг. Энэ нь шархалсан зүрхийг эдгээж, хорсол гашуудлын дүрэлзэх галыг унтрааж чадна. Энэ хайр нь гайхамшгийг үйлдэж чадна.

Бид Бурханы оршихуйд сүнсэн биетэйгээр “анхны хичээлүүдээ”9энэ хайрын хэл дээр хүлээн авч байсан бөгөөд энэ дэлхийд бид тэр хэлээрээ дадлага хийж чөлөөтэй ярьдаг болох боломжтой байдаг. Та нар энэ хэлийг сурч байгаа эсэхээ бодол, үйлдлийг тань урамшуулж байгаа зүйлсээр дүгнэснээр мэдэж авч болох юм.

Гол бодлууд тань аливаа зүйлс хэрхэн танд ашиг тусаа өгөх вэ гэдэг дээр төвлөрсөн үед таны урам зориг гүехэн бөгөөд хувиа хичээсэн байж болох юм. Тэр бол та нарын сурвал зохих хэл биш.

Харин гол бодол, үйлдлүүд тань Бурханд болон бусдад үйлчлэх дээр төвлөрч – үнэхээр эргэн тойрныхоо хүмүүсийг адисалж, урамшуулахыг чин сэтгэлээсээ хүсэх үед – Христийн цэвэр хайрын хүч зүрх сэтгэл болон амьдралд тань нөлөөлж чадна. Тэр л та нарын сурвал зохих хэл юм шүү дээ.

Та нар энэ хэлээр чөлөөтэй ярьдаг болж, бусадтай харилцахдаа ашиглавал тэд та нараас ямар нэг зүйлийг анзаарч, энэ нь тэднийг урт удаан хугацаанд нуугдмал байдалд байсан тэнгэрлэг гэр рүүгээ буцаж очих аяллын зөв замыг эрж хайх мэдрэмжийг нь сэргээж болох юм.

Энэ гүн гүнзгий, үүрдийн нөлөө нь яг бодгальд хүрдэг хэл юм. Энэ нь ойлголцлын хэл, үйлчлэлийн хэл, урамшуулж, баясч, тайтгаруулах хэл юм.

Христийн хайрын нийтлэг хэлийг ашиглаж сураарай.

Гурав дахь захиас: “Зоригтой бай.”10

Заримдаа бид аяллынхаа байгаа газартаа тэвчээр алддаг, тийм биз дээ? Хэрэв чи 12 настай бол, 14 настай ч болоосой гэж хүсч болох юм. 14 настайдаа, 18 настай байсан ч болоосой гэж хүсч болно. Харин 18 настайдаа, хааяа буцаад бүр 12 настай болж бүхнийг эхнээс эхэлж болдог ч болоосой гэж ч хүсч болно.

Санаанд тань таарахгүй, гомдоллох зүйлс үргэлж байсаар л байх болно. Та нар бүхэл өдрийг уйтгар гунигтай, ганцаардсан, үл ойлгосон, эсвэл хүсэлгүйгээр өнгөрүүлж болно. Гэвч тэр бол та нарын найдаж байсан тэр аялал биш, мөн Тэнгэрлэг Эцэг та нарыг аялуулахаар илгээсэн зам ч биш юм. Та бол Бурханы охин гэдгээ санаарай!

Та нар үүнийг мэдсэнээрээ өөртөө итгэлтэй, баяр баясгалантай алхахыг уриалж байна. Тийм ээ, аян зам нь саад бартаа, тойруу зам, бүр аюул осолтой ч байдаг. Гэхдээ тэр болгон дээр бүү төвлөр. Аяллынхаа алхам бүрт Тэнгэрлэг Эцэгийн бэлтгэсэн аз жаргалыг харж яв. Аз жаргал бол бидний хүрэх газар, бас бидний аялах зам юм. “Энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно” гэдэг нь Түүний амлалт билээ.11Тийм учраас л Тэр бидэнд “зоригтой бай” гэж тушаадаг юм.

Та бүхэн аялалдаа Тэнгэрлэг Эцэгийнхээ өгсөн газрын зургийг баяртайгаар ашигласнаар ариун газрууд руу хөтлөгдөх бөгөөд өөрсдийн тэнгэрлэг нөөц боломжиндоо хүрэх болно. Та нар Бурханы охин болно гэж найдаж байсан тэр түвшиндээ хүрч өсөх болно.

Хүндэт эгч нар аа, сүмийн хүндэт залуу эмэгтэйчүүд ээ, хүндэт залуу найз нар аа, Их Эзэний төлөөлөгчийн хувьд би та бүхэнд тэнгэрлэг гэр рүүгээ буцаж очих замаа олж, хамт аялж буй найз нартаа урам зориг өгөх үлгэр жишээ болж явах адислалыг үлдээж байна. Мөн та нар Есүс Христийн сайн мэдээний үнэт чанарууд, зарчмууд хийгээд гэрээнүүдээ хүндэтгэж, үнэнчээр амьдрах аваас аяллын тань эцэст Тэнгэрлэг Эцэг байх болно хэмээн амлаж мөн залбирч байна. Тэр таныг тэврэн авч, энэ бүхний эцэст чи гэртээ аюулгүй харьсан гэдгээ мэдэх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

    Эшлэлүүд

  1.  

    1. Чарлз Дикэнс,A Christmas Carol –ыг үзнэ үү.

  2.  

    2. Ж.Р.Р Толкиэн, The Hobbit –ыг үзнэ үү.

  3.  

    3. Иохан 14:6–г үзнэ үү.

  4.  

    4. Сургаал ба Гэрээ 68:6; мөн Исаиа 41:10; Иохан 14:18 –ыг үзнэ үү.

  5.  

    5. 1 Самуел 16:7–г үзнэ үү.

  6.  

    6. 1 Петр 5:6–7–г үзнэ үү.

  7.  

    7. Иеремиа 29:13–ыг үз.

  8.  

    8. Иохан 15:12; мөн 13:34;Моронай 7:45–48-ыг үзнэ үү

  9.  

    9. Сургаал ба Гэрээ 138:56.

  10.  

    10. Сургаал ба Гэрээ 78:18; мөнИохан 16:33; 3 Нифай 1:13 –ыг үз.

  11.  

    11. Сургаал ба Гэрээ 59:23.