Бидэнд баярлах агуу шалтгаан буй

Кэрол М.Стифэнс

Халамжийн Нийгэмлэгийн Ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх


Кэрол М.Стифэнс
Бид Их Эзэний хаант улсын гэрээгээ сахигч охид нь бөгөөд бидэнд Түүний мутар дахь зэмсэг болох боломж байдаг билээ.

Хадам аав маань насан өөд болоход манай гэр бүлийнхэн цугларч , хүндэтгэл үзүүлэхээр ирсэн хүмүүстэй мэндэлж байлаа. Оройжингоо би гэр бүлийнхэн болон найзуудтайгаа уулзах үедээ 10 настай ач хүү Портэр минь “грэнни” гэж дууддаг хадам ээжийн хажууханд байхыг үе үе ажигласан юм. Заримдаа тэр ард нь зогсож, заримдаа түүнийг ажиглаад зогсож байв. Нэг удаа би түүнийг хадам ээжтэй минь хөтлөлцөн зогсож байхыг харсан. Мөн би түүнийг хадам ээжийн гарыг атгаж, тэвэрч мөн түүний хажууд зогсохыг нь харж байлаа.

Түүнээс хойш хэдэн өдрийн турш би уг явдлын талаар мартаж чадахгүй байлаа. Өөрийнхөө ажигласан зүйлийн талаар Портэрт захиа илгээх бодол надад төрөв. Би түүн рүү имэйл явуулж, өөрийн харж мэдэрсэн зүйлийн тухай бичсэн. Баптисмаар хийсэн гэрээний тухай Портэрт сануулж, Мозаягийн 18-рбүлэг дэх Алмагийн

“Мөн эдүгээ, та нар Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн түүний хүмүүс гэж нэрлэгдэх хүсэлтэй байж, үүрэлцэхэд бэлэн байв;

“Тийм ээ, мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад, мөн ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлний учир, мөнх амьдралыг авч болохын тулд … буюу --

“… Хэрэв энэ нь та нарын зүрхний хүслэн байх аваас, тэр өөрийн Сүнсийг та нар дээр илүү элбэгээр юүлж болохын тулд, та нар түүнд үйлчилж мөн түүний зарлигуудыг дагана хэмээн гэрээ байгуулснаа түүний өмнө гэрчилж, Их Эзэний нэрээр баптисм хүртэхэд юу нь та нарт болохгүй байх билээ?”1 гэсэн үгээс эш татсан юм.

Баптисм хүртэхийг хүсэж байсан тэд үргэлжид --бүх л амьдралынхаа туршид – бусдад үйлчилснээр Их Эзэнд үйлчлэх хүсэлтэй байх хэрэгтэй гэж Алма тэдэнд зааж байсныг би Портэрт тайлбарласан! Тэгээд би: “Чи өөрөө мэдсэн үү үгүй юү мэдэхгүй, гэхдээ Грэннид санаа тавьж мөн хайраа харуулсан явдал чинь гэрээгээ сахиж байгаа хэрэг юм шүү. Бид өдөр бүр нэг нэгэндээ найрсаг хандан, хайраа үзүүлж мөн халамжилснаар гэрээгээ сахидаг. Гэрээгээ сахигч байгаагийн чинь төлөө би чамаар бахархаж байгаагаа хэлмээр байсан юм! Баптисм хүртэхдээ хийсэн гэрээгээ сахих юм бол чи санваарыг хүртэх бэлтгэлтэй байх болно. Энэхүү нэмэлт гэрээ нь чамд бусдыг адисалж, тэдэнд үйлчлэх илүү олон боломжийг олгох бөгөөд ариун сүмийн гэрээнд бэлтгэхэд чинь туслах болно. Надад маш сайн үлгэр жишээ үзүүлсэнд баярлалаа! Гэрээг сахигч байх нь ямар байдгийг харуулсанд чинь баярлалаа!” гэж бичсэн юм.

Портэр хариуд нь “Эмээ, захиа бичсэнд баярлалаа. Би Грэнниг тэврэх бүрдээ гэрээгээ сахиж байна гэдгээ мэдээгүй ч зүрх сэтгэлдээ халуун дулааныг мэдэрч мөн маш сайхан санагдаж байсан шүү. Энэ бол зүрх сэтгэлд минь байсан Ариун Сүнс гэдгийг би мэднэ” гэж бичсэн байлаа.

Ариун Сүнсний бэлгээр дамжин ирдэг амлалт болох “түүний Сүнсийг өөрсөдтэйгөө үргэлж хамт байлгана” 2 гэсэн амлалттай Портэр гэрээ сахихыг холбож ойлгосныг хараад би зүрх сэтгэлдээ бас халуун дулааныг мэдэрч байсан.

Эгч нар аа, би дэлхий даяар айлчилж байх үедээ та нарын олон нь Портэртой адилхан болохыг ажигласан. Та нар ариун сүмд болон баптисмын усанд хийсэн гэрээгээ сахиж байгаагаа анзааралгүйгээр Бурханы гэрч болон чимээгүйхнээр зогсож, гашуудах тэдэнтэй хамт гашуудаж, тайвшруулах хэрэгтэй тэднийг тайвшруулдаг. Энгийн арга замаар бусдыг хайрлаж, хамгаалж мөн тэдэнд үйлчлэх үедээ та нар авралын ажилд буюу Бурханы “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”3 ажилд идэвхтэй оролцож байдаг юм.

Бид “[Их Эзэний] хаант улсын охидын”4 хувьд ариун нандин гэрээ байгуулсан билээ. Нифайн хэлснээр “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн зам”5 дээр бид алхаж байна. Бид уг зам дээрээ өөр өөр түвшинд байгаа. Гэхдээ бид бие биедээ туслахын тулд хамтран ажиллаж, “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлж”6 чадна.

Жийнни Залуу эмэгтэйчүүдийн зөвлөхөөр үйлчилдэг. Хэдэн сарын өмнө тэрээр тойргийн өсвөр үеийнхний удахгүй болох нэгэн үйл ажиллагааны талаар сонсчээ. Уг үйл ажиллагаа нь Малений орой гэдэг нэртэй ууланд авирах байв. Уг уулын орой руу авирахаар өөртөө дөнгөж зорилго тавиад байсан болохоор тэр маш их баяртай байжээ.

Уулын бэлд, дээш өгсөх жимийн эхэнд ирэхэд түүний сайн найз Ашлий түүн дээр хүрч ирсэн аж. Тэр Жийнний гараас сугадаад “Би чамтай хамт явья” гээд хамтдаа авирах санал тавьсан байна. Тэр үед 16 настай байсан Ашлий эрүүл мэндийн асуудалтай байсан болохоор хурдан авирч чадахгүй байлаа. Тийм болохоор Жийнн түүнтэй хамт аажуухан өгсөж, Тэнгэрлэг Эцэгийн бүтээлүүдийг ажиглан харж байлаа: тэдний өмнө сүндэрлэх уулын орой дээрх хад асгад болон эргэн тойронд ургасан цэцэгсийг анзааран харжээ. Хожим нь Жийнн “Би уулын орой өөд авирах зорилгынхоо талаар тун удалгүй мартсан бөгөөд харин ч энэ нь өөр төрлийн адал явдал болж хувирсан. Малений орой өөд авирах зорилгодоо хүрэхээр авирсан бол анзаарахгүй өнгөрөөх байсан зам дагуух олон үзэсгэлэнтэй зүйлсийг олж харах нь адал явдал байлаа” хэмээн хэлжээ.

Жийнн, Ашлий хоёр бүлгээсээ хол хоцрон, уул өөд өгсөх зуур, тэднийг хүлээж хамт алхахаар шийдсэн, тойргийнх нь Эмма гэдэг охинтой нэгдсэн ажээ. Эмма тэдэнтэй хамт явах болсон нь тэдэнд харин баяр хөөр нэмлээ. Тэр тэдэнд шинэ дуу зааж өгч, илүү дэмжлэг үзүүлж урамшуулсан байна. Жийнн дараа нь дурсахдаа “Бид сууж амраад, дуу дуулж, хамтдаа ярьж, инээлдсэн. Ашлий, Эмма хоёрын талаар би бусад үед мэдэж авах боломжгүй их зүйлийг мэдэж авсан. Тэр үдэш зөвхөн ууланд авирах биш харин ч бүр илүү утга учиртай байлаа. Энэ нь алхам алхмаар, зам дээрээ үлдэхэд нэг нэгэндээ туслах тухайд байсан юм.”

Жийнн, Ашлий, Эмма гурав уул өөд өгсөн, дуулж, амарч, хамтдаа инээж явахдаа “Бид яг одоо гэрээгээ сахиж байна даа” гэж бодож байгаагүй биз. Гэхдээ л тэд гэрээгээ сахиж байсан. Тэд бие биедээ хайр, халамжаар үйлчилж мөн нэг нэгнээ урамшуулан дэмжиж, заах үедээ бие биенийхээ итгэлийг хүчирхэгжүүлж байсан юм.

Ахлагч Рассэлл М.Нэлсон “Бид гэрээний хүүхдүүд болохоо мэдсэнээр өөрсдийгөө хэн болох мөн Бурхан биднээс юу хүсэж байгааг олж мэддэг. Түүний хуулиуд бидний зүрх сэтгэлд бичигдсэн байдаг”7 гэж заасан билээ.

Марина Кюзэна бол өөрийнхөө хэн гэдгийг бас Бурхан өөрөөс нь юу хүсэн хүлээдгийг ч мэддэг Бурханы гэрээт охин юм. Тэр намайг Оросын Омск дахь гэртээ урих үед би тэнд үйлчлэхээр очиж байна гэж бодож байж билээ. Гэхдээ би тэнд түүнээс сурахаар очсон гэдгээ удалгүй ухаарсан юм. Сүмийн хөрвөгч болох Марина Лук номын 22-р бүлэг дэх “чи нэгэнт цагт дахин эргэж ах дүүсээ батжуул”8 гэсэн зааврын дагуу амьдардаг. Тэрээр амьд бошиглогч, ерөнхийлөгч Томас С.Монсоны

“Гишүүд болон номлогчид нэгдэж, хамтран ажиллаж, Түүнд бодгалиудыг авчрахаар Их Эзэний талбайд хөдөлмөрлөх цаг нь болоод байна. …

“Бид итгэлийнхээ дагуу үйлдэхэд, Их Эзэн бидэнд амьдардаг тойрог салбартаа Түүний Сүмийг хэрхэн хүчирхэгжүүлэхийг үзүүлэх болно. Мөн Тэр бидэнтэй хамт байж, номлолын ажлын маань хамтран зүтгэгч болох болно.

“ . . . Чи гэр бүл, найз нар, хөршүүд болон танилуудаасаа хэнийг нь гэртээ номлогчидтой уулзуулахаар урьж Сэргээлтийн захиасаас хуваалцахыг хүсч байгаагаа залбирах үедээ итгэлээ хөгжүүл”9 хэмээн хэлсэн үгэнд итгэсэн юм.

Марина айлчилж, заахаар томилогдсон эгч нарыг харж хандан, тэдэнд зааж мөн үүнээс ч илүүг хийн, энэхүү зөвлөгөөг дагадаг. Сүмдээ идэвхгүй болсон эсвэл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоогүй олон найз түүнд байдаг ажээ. Өдөр бүр тэрээр итгэлээ ашиглаж, түүний тусламж хэрэгтэй тэдний төлөө залбиран, тийнхүү хүлээж авсан удирдамжийнхаа дагуу үйлддэг байна. Тэр утсаар ярьж, хайраа илэрхийлэн, найз нартаа “Чи бидэнд хэрэгтэй байна” гэж хэлдэг. Тэр гэртээ долоо хоног бүр гэр бүлийн үдэш зохиож хөршүүдээ, гишүүд болон номлогчдыг ирж оролцохыг урьж, тэднийг хоолоор дайлдаг ажээ. Тэрээр хүмүүсийг сүмд ирэхэд урьж, тэдний ирэхийг хүлээн, ирэхэд нь хажууд нь суудаг байна.

Ахлагч Жэффри Р.Холландын “Бусдыг болон Есүс Христийг … хайрлах хайраас өгөгдсөн урилга нь хэзээ ч шүүмжлэлтэй эсвэл гомдоомоор байдаггүй”10 хэмээн саяхан хэлсэн сануулгыг Марина ойлгодог. Хэн нэгэнд гомдсон хүмүүсийн жагсаалт түүнд байдаг ба тэр үргэлжлүүлэн тэдгээр хүмүүст үйлчилсээр байдаг юм. Тэр тэдэнд хайртай гэдгийг тэдгээр хүмүүс мэддэг бөгөөд түүнчлэн тэдэнд хандан, “Битгий гомд. Шал дэмий юм!” гэж хэлж чаддаг.

Марина бол Есүс Христийн гэрээгээ сахигч шавь нь юм. Хэдийгээр түүний гэрт санваар атгагч байдаггүй ч гэсэн тэр эцсээ хүртэл тэвчин зам дээр урагшлах үедээ авралын ажилд оролцоход нь бусдад тусалж, ариун сүмийн гэрээгээ биелүүлэхдээ Бурханы хүч чадлыг өдөр бүр мэдэрдэг.

Та нар намайг эдгээр зүйлүүдийг хуваалцаж байх үеэр авралын ажил дахь өөрсдийнхөө үүргийг ухаарсан уу? Зам дээрээ буцаж гарахад нь урамшуулах эсвэл гэрээний зам дээр үлдэхэд нь бага зэргийн тусламж хэрэгтэй байгаа Бурханы нэгэн охины талаар бодоод үзээрэй. Тэнгэр дэх Эцэгээс түүний тухай асуугаарай. Тэр ч гэсэн Түүний охин. Тэрээр түүнийг нэрээр нь мэддэг. Тэр таныг ч бас мэддэг мөн Тэрээр түүнд хэрэгтэй байгаа зүйлийг танд хэлэх болно. Тэвчээртэй байж, түүний төлөө залбирч тийнхүү хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлдээрэй. Эдгээр удирдамжийнхаа дагуу үйлдсэнээр таны хийсэн зүйл Их Эзэнд хүлээн авахуйц байгаа гэдгийг Сүнс батлах болно.

“Элиза Р.Снөү бие биенээ хүчирхэгжүүлэх эгч нарын хүчин чармайлтад талархалтай байсан юм. Тэрээр хэрэгцээ, шаардлагатай тэдгээр бүх хүмүүст туслах хандив бүрийг нэг бүрчлэн сүм бүртгэдэггүй ч Их Эзэн авралын ажлын төгс бүртгэлийг хөтөлдөг хэмээн тэдэнд хэлжээ.

“Ерөнхийлөгч Иосеф Смит энэ нийгэмлэгийг бодгалиудыг аврахын тулд байгуулагдсан хэмээн хэлжээ. Алдагдсан тэдгээр хүмүүсийг эргүүлж авчрахын тулд [бид] юу хийж байна вэ? Сайн мэдээнд хөрсөн тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийг бүлээцүүлэхийн тулд бид юу хийж байна вэ? Таны итгэл, таны сайхан сэтгэл, таны сайн үйлс болон үгсийн талаарх нэгэн ном бичигддэг. Өөр нэгэн бүртгэл хөтлөгддөг. Юуг ч орхигдуулдаггүй юм.”11

Мормоны Номонд, Аммон бидэнд байдаг баярлах агуу шалтгааны талаар өгүүлдэг билээ. Тэр “Мөн эдүгээ, би асууна, бидний дээр ямар агуу адислалуудыг Бурхан соёрхсон билээ? Та нар хэлж чадах уу?”

“Болгоогтун, би та нарт хариулна; … бид энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон нь бидний дээр бэлэглэгдсэн адислал болой”12 гэж хэлжээ.

Бид Их Эзэний хаант улсын гэрээгээ сахигч охид нь бөгөөд бидэнд Түүний мутар дахь зэмсэг болох боломж байдаг билээ. Өдөр бүр энгийн жижиг аргаар – хамгаалж, хүчирхэгжүүлж, нэг нэгэндээ зааж-- авралын ажилд оролцох тусам бид

“Гэвч болгоогтун, миний баясал дүүрч, тийм ээ, зүрх сэтгэл минь баяслаар халгинам, мөн би Бурхандаа баярлах болно”

Тийм ээ, би юу ч биш гэдгээ мэднэ; чадлынхаа хувьд би сул дорой; тиймийн тул би өөрөөрөө бардамнахгүй, харин би Бурханаараа бардамнах болно, учир нь түүний хүч чадалд би бүх зүйлийг хийж чадна”13 хэмээн тунхагласан Аммонтай нэгдэх болно.

Эдгээр зүйлүүдийг Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.

Show References

    Эшлэлүүд

  1.  

    1. Мозая 18:8–10.

  2.  

    2. Сургаал ба Гэрээ 20:77.

  3.  

    3. Moсе 1:39.

  4.  

    4. Сургаал ба Гэрээ 25:1.

  5.  

    5. 2 Нифай 31:18.

  6.  

    6.  2 Нифай 31:20.

  7.  

    7. Рассэл М.Нэлсон, “Гэрээнүүд,” Ensign эсвэлЛиахона, 2011 оны 11-р сар, 88.

  8.  

    8.  Лук 22:32.

  9.  

    9. Томас С.Монсон, “Faith in the Work of Salvation” (дэлхий даяарх удирдагчдын сургалтын шууд нэвтрүүлэг 2013 оны 6-р сар), lds.org/broadcasts.

  10.  

    10. Жэффри Р.Холланд, “Our Responsibility to Invite” (дэлхий даяарх удирдагчдын сургалтын шууд нэвтрүүлэг 2013 оны 6-р сар), lds.org/broadcasts.

  11.  

    11. Миний Хаант улсын охид: Халамжийн Нийгэмлэгийн түүх ба ажил (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society) (2011), 83.

  12.  

    12. Алма 26:2–3.

  13.  

    13. Алма 26:11–12.