Цахим эрин дэх номлогчийн ажил


Энэ үдэш та нартай хамт байгаадаа баяртай байна. Өнөөдөр Прово дахь Номлогчийг Бэлтгэх Төвд байгаа номлогчид энд бидэнтэй байна. Эдгээр шинэхэн дуудагдсан номлогчид Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг үндэстэн, хэлтэн бүрт номлохоор бэлтгэж байна.

Дуудагдах номлогчдын насны хязгаарыг өөрчилснөөр Сүм номлолын ажлын шинэ эрин үеийг эхлүүлж байгаа юм. Би үүнийг олон хүний амьдралд өөрчлөлт үзүүлсэн үйл явдал болсон гэдгийг мэдэж байна. Уг шийдвэр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдөлгөм зүйл байсан гэдгийг бид мэднэ.

Мэдээж, Их Эзэн мөн эцэг эхчүүд та нар сайн мэдээний хэрэгцээ болоод заах боломж хэзээ ч ийм ихээр байгаагүй энэ чухал цаг үед онцгой үеийнхнийг өсгөн хүмүүжүүлжээ.

Хэдхэн өдрийн дараа миний ард сууж буй эдгээр номлогчид танай гадас болон тойрогт илгээгдэх болно. Номлогчдын тоо өсөх тусам бидэнд “Энэ бүх номлогчид юу хийх вэ?” гэдэг асуулт гарч ирсэн юм. Бидний хариулт номлогчид урьд нь юу хийж байсан түүнийгээ л хийх болно, тэд Аврагч Есүс Христийг дагаж, Түүний сэргээгдсэн сайн мэдээг тунхаглах болно.

Номлолын ерөнхийлөгч томилогдсон номлолоо тэргүүлж, удирдах түлхүүрүүдийг атгадаг. Гадасны ерөнхийлөгч гадсандаа номлогчийн ажлын түлхүүрүүдийг атгадаг. Бишоп тойргийнхоо номлолыг тэргүүлэх түлхүүрүүдийг атгадаг. Тэд энэхүү “цахим эрин үед” номлогчийн ажлыг урагш авчрахын тулд нэгдэн, хамтдаа ажиллах ёстой. Бишоп түлхүүрүүдээ ашиглан, гэр бүлээс хэн нэгэн нь сүмийн гишүүн гэр бүлийнхэнтэй, тэдний хамаатан садан, найз нөхөд мөн идэвх султай гишүүд, тэдний гэр бүлийнхэн болон найз нөхдийг таньж мэдэн, заахын тулд тойргийн зөвлөлтэй хамтран ажиллах болно.

Умард мужуудын номлолд залуу номлогч байхдаа миний хуваалцдаг байсан Христийн Цагаатгал, Мормоны Ном ба амьд бошиглогчдын тухай мэдээг тэд мөн хуваалцах болно. Гэвч тэдний сайн мэдээг хуваалцах зарим арга барилууд нь миний хуваалцдаг байснаас эрс өөр байх болно.

Намайг залуу номлогч байхад бид сайн мэдээг түгээхээр гудамжинд мөн хаалга тогшин хүмүүстэй ярилцаж болдог байсан. Тэр үеэс хойш байдал өөрчлөгджээ. Орчин үед олон хүмүүс тун завгүй амьдарч байна. Тэд үргэлж ийш тийшээ яарч, мөн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах үл таних хүмүүсийг гэртээ оруулж уриалгахан хандах хүсэлгүй болжээ. Бусадтай харилцах тэдний гол арга нь бүр ойр дотны найзуудтайгаа ч гэсэн, ерөнхийдөө интернет ашиглах болж дээ. Тиймээс номлолын ажлын жинхэнэ мөн чанар, тийм ээ, Их Эзэн тараагдсан Израйлыг “дэлхийн дөрвөн зүгээс” (2 Нифай 21:12) цуглуулах Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд өөрчлөлт хийх учиртай болж байна. Номлогчид одоо сайн мэдээ түгээх хичээл зүтгэлдээ интернет ашиглах эрхтэй боллоо.

Өдрийн завтай цагтаа буюу ихэнхдээ өглөөгүүр номлогчид маань сонирхогчид ба гишүүдтэй холбоо барих, орон нутгийн санваарын удирдагчид болон номлолын удирдагчидтай хамт ажиллах, шинэ сонирхогч хүлээн авах ба холбоо барих, амлалтын өсөлт хөгжлийг хянах, товлосон цагаа баталгаажуулах мөн mormon.org, фейсбүк, блог, эмэйл болон текст мессеж ашиглан Миний Сайн Мэдээг Номло номоос зарчмуудыг заахын тулд цуглааны байрууд ба Сүмийн бусад байгууламжууд дахь компьютерыг ашиглах болно.

Номлогчид интернетэд нэвтрэх боломж ба цахим хэрэгслийг ашиглахыг дараагийн хэдэн сар мөн ирэх жилд үе шаттайгаар хэрэгжүүлэх болно. Эдгээр хэрэгслийг танай номлол болон бүсэд ашиглах цаг нь болох үед бид та бүхэнтэй холбоо барина. Мэдээж, номлолын ажлын энэ шинэ талбарт аюулгүй байдал хамгийн чухал учир Номлолын ерөнхийлөгчид цахим ертөнц дэх номлогчдын ажлыг хянаж, хийж байгаа бүх зүйлийн аюулгүй байдалд нь туслах болно.

Манай сүмийг сонирхсон хүмүүсээс сонсдог нэг гомдол нь сүмийн байруудын нэгэнд зориглон очих үед нь ихэнхдээ эзгүй, цоожтой байдаг явдал юм. Тиймээс бид цуглааны байруудыг сонирхсон хүмүүст нээлттэй байлгахаар шийдвэрлэж байна. Номлогчид сонирхсон хүмүүсийг тосон уулзахаар цуглааны байруудад байх бөгөөд бишрэл хүндэтгэлийн байраа үзүүлэн, Сүнсний хүчирхэг нөлөөн дор байдаг тэрхүү газарт тэднийг урьж мөн тэдэнд заах болно.

Номлогчид энэхүү эрин үед орохын хамт тэд Их Эзэний ажилд компьютер ашиглах бөгөөд бид залуу ба хөгшин, насанд хүрэгчид, залуу насанд хүрэгчид, өсвөр үеийнхэн болоод хүүхэд хэн боловч бүгдийг хаана ч гэсэн өөрсдийн компьютер дээр бүсийнхээ номлогчидтой фэйсбүкийн найзууд болж, сайн мэдээний захиасуудыг онлайнаар хуваалцан, номлолын ажилд өөрсдийгөө хамруулахыг урьж байна.

Жил хүрэхгүй хугацааны өмнөөс Ерөнхийлөгч Монсон номлолд үйлчлэх насыг наашлуулсан түүхэн мэдэгдлийг хийсэн билээ. Тэр цагаас хойш хэдэн мянган хүн бошиглогчийн дуудлагыг тааламжтайгаар хүлээн авч, долоо хоног бүр олноороо тэдний эгнээнд нэгдэж байна. Хоёр долоо хоногийн өмнөх мэдээний байдлаар үйлчилж байгаа номлогчдын тоо 70 274 хүрээд байна. Урьд хэзээ ч дэлхийд үер буух мэт ийм олон номлогчид үйлчилж байсангүй. Мэдээж, энэ олон гайхамшигтай номлогчийг хаа нэгтээ байрлуулах хэрэгтэй болсноос бид энэ онд 58 шинэ номлолыг эхлүүлж, нийт номлолын тоо 405 боллоо. Энэ жил урьд хэзээ ч нэг дор тохиож байгаагүйгээр номлолын 173 шинэ ерөнхийлөгчийг бид дуудсан билээ.

Номлогчид болон номлолын ерөнхийлөгчид Их Эзэний дуудлагад хариулсан нь илэрхий юм. Одоо Тэрээр биднийг, гишүүдийн хувьд, тэдэнтэй мөр зэрэгцэн мөн Түүний агуу ажилд Түүнд үйлчлэхийг дуудаж байна.

Номлогчид өөрчлөгдөж байгаа орчинтой зохицож байгаагийн нэг адил гишүүд ч мөн гишүүний номлолын ажлын талаарх бодлоо өөрчлөх ёстой. Би үүнийг гишүүдийн хувьд хийх ёстой ажил маань өөрчлөгдөөгүй, харин сайн мэдээг хуваалцах үүрэг хариуцлагаа биелүүлэх арга замаа өөрчлөгдөж байгаа орчиндоо зохицуулах ёстой болж байгааг илүү тодотгохыг хүсч, хэлсэн юм.

Ерөнхийлөгч Маккэй 54 жилийн өмнө анх гишүүн бүрийг номлогч байхыг уриалсан. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли биднийг номлогчийн ажлыг илүү сайн арга замаар хийхийг уриалсан. Энэ бол зөвхөн хаалга тогших ажил биш юм. Илүү сайн арга зам бий. Ерөнхийлөгч Томас С.Монсон сайн мэдээг номлохын тулд гишүүд ба номлогчид хамтран ажиллах тэрхүү илүү сайн арга замыг чухалчилсэн.

Эдгээр мэдэгдлүүд нь бошиглогч Иосеф Смитийн заасан “Эцсийн эцэст, хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол сайн мэдээг номлох явдал” (Бошиглогч Иосеф Смитийн сургаалууд [2007], 330) гэсэн тунхаглалыг ердөө л давтаж хэлсэн хэрэг билээ.

Үйлдэлд уриалах эдгээр бошиглолууд нь огт өөрчлөгдөөгүй. Сүм дэх бидний дуудлага эсвэл албан тушаалаас үл хамааран бид бүгдийн хамгийн агуу үүрэг бол сайн мэдээг номлох явдал мөн. Энэ нь Иосеф Смитийн эсвэл аливаа эрин үед байсантай адил өнөөдөр ч мөн үнэн хэвээр байна.

Тэгвэл сайн мэдээг номлох Их Эзэний энэ дуудлагыг бид хэрхэн гүйцэтгэх билээ? Бидний хувьд үүнийг хийх нэг арга зам нь номлолын ажил дахь нэг зорилгод нэгдэх явдал юм.

Зорилгодоо нэгдэнэ гэдэг нь зөвхөн нийтлэг зорилготой байхаас илүү утга санааг агуулж байна. Жишээлбэл: Манай хүүхдүүдийн олонх нь түгээмэл спорт болох хөл бөмбөг сонирхдог. Хүүхдүүд бөмбөгийг хаалга руу өшиглөж оноо авдаг гэдгийг тун хурдан сурдаг. Эхэндээ тэд тоглоомынхоо торгуулийн онооны учрыг сайн ойлгодоггүй л дээ. Тэд оноо авах нэг ижил зорилготой ч сайн зохион байгуулалтгүй байдаг. Тэд бүгд ердөө л бөмбөгийг булаацалдан бөөгнөрдөг.

Номлолын ажилд чухам бидний хэд нь өнөөдөр үүнтэй адил нөхцөлд сэтгэж байна вэ? Бид туйлын зорилгоо харж мөн ойлгож байна гэж боддог ч үүний доторх өөрийн хувь нэмэр зорилгыг хардаггүй. Бид байр сууриа мэддэггүй учир ярих, тоглох ёстойгоо ойлгодоггүй. Бид хүсэлгүйдээ бус, харин ойлголт дутмагаас ийм байдалд байна.

Би өнөөдөр энд байгаа бүрэн цагийн номлогчдоос номлолын зорилго нь юу болохыг асуувал бүгд урамтайгаар: “Миний зорилго бол ‘Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ба эцсээ хүртэл тэвчихээр дамжуулан сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь туслах байдлаар бусдыг Христэд ирэхэд урих’” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн Үйлчлэлд Зориулсан Удирдамж [2004], 1) хэмээн хариулна гэдэгт би итгэлтэй байна.

Ах эгч нар аа, хэрэв бошиглогч Иосеф Смитийн хэлсэнчлэн “бидний хамгийн агуу бөгөөд чухал үүрэг нь сайн мэдээг номлох” юм бол бидний зорилго бол: Түүний сүмийн гишүүдийн хувьд хүн бүр тэд идэвхтэй гишүүн, шинэ гишүүн, идэвх султай гишүүн эсвэл гишүүн бус байна уу хамаагүй “бусдыг Христэд ирэхэд нь урих”-аар дуудагдсан мөн итгэмжлэгдсэн хүмүүс гэдэг нь тодорхой юм. Бидний эргэн тойронд байгаа гишүүн бус эсвэл сүмийн идэвх султай гишүүн “Есүс Христэд итгэх итгэл, Түүний Цагаатгал, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахаар дамжуулан сэргээдсэн сайн мэдээг” хүлээн аваагүй байгаа бол бид үүнийг хийхийг тэднээс хүсэн, урьж болно.

Энэхүү үүрэг зөвхөн номлогчдод оноогдохгүй.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли энэ буруу ойлголтын талаар “Бид зөвхөн номлогчид үүнийг хийг хэмээн орхиж болно эсвэл бид тэдэнд тусалж болно. Хэрэв тэд үүнийг дангаараа хийвэл, тэд өдөржин хаалга тогшиж явлаа ч ургац хомсхон байх болно. Эсвэл гишүүдийн хувьд бид сонирхогчдыг олоход мөн заахад нь тэдэнд тусалж чадна” хэмээн мэдэгджээ (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, 1999 оны 5-р сар).

Бидний хувьд хөршүүд, найз нөхөд ба идэвх султай гишүүдийн гэр бүлийнхэн ба гишүүн бус хүмүүсийг зүй зохистойгоор хайрлаж, анхаарал халамж үзүүлэн урих хамгийн шилдэг цаг үе ирснийг бид ойлгох ёстой. Урилгыг маань хүлээн авна гэж бид найдаж болох ч хэрэв урьсан хүнд бидний бий болгож, сайжруулсан нөхөрлөл зөвхөн тэднийг ямар нэг зүйлийг хийгээсэй гэж хүссэн зүйл байгаагүй, харин бат бөх, үнэн үерхэл гэдгийг мэдүүлэхийн тулд нөхөрсөг байдал ба Христийн адил хайраа үзүүлсээр байх ёстой.

Мэдээж Их Эзэний сүм нь дэг журмын сүм учир энэ ажил нь зохих санваарын түлхүүрүүдийн удирдлага дор урагш явах болно. “Тойргийн зөвлөл нь бишопын удирдлагаар тойргийн номлолын төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ. Энэ төлөвлөгөө товчхон бөгөөд энгийн байх ёстой. Төлөвлөгөөнд тойргийн санваартны чуулга болон туслах бүлгүүдийг номлолын ажил, гишүүдийг идэвхтэй байлгах болон идэвхжүүлэх ажилд оролцоход нь туслах зорилго, үйл ажиллагаануудыг оруулдаг. Тойргийн зөвлөл нь тойргийн номлолын удирдагчтай хамт тойргийн номлолын төлөвлөгөөг бүрэн цагийн номлогчдын төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулна”(Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 5.1.8).

Тойргийн зөвлөлөөр дамжуулан бишоп өөрийн тойргийн авралын ажлыг удирдана. Тойргийн зөвлөл нь номлогчдоос хичээл авах эсвэл бүрэн идэвхжүүлэх боломжтой хүмүүс болон тойрогт зохих хайр, хүндэтгэлтэйгээр ийм урилга өгч чадах хамгийн зөв хүнийг тодорхойлно.

Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч ба Дээд пристийн бүлгийн удирдагч нь Тойргийн зөвлөлийн гишүүд байна. Тэдэнд чуулгын идэвх султай гишүүдийг таньж тодорхойлох ба тэднийг сүмд бүрэн идэвхтэй болоход нь удирдахаар тойргийн зөвлөлийн бусад гишүүдтэй хамт ажиллах үүрэг байдаг. Санваартнуудыг буцаан авчирсны үр дүнд гэр бүл үр удмаараа адислагдах болно.

Тэгээд тойргийн зөвлөл бүрэн цагийн номлогчид зочилж, хичээл зааж болох идэвх султай гишүүдийг таньж тодорхойлдог. Тойргийн зөвлөлийн гишүүн тойргийн номлолын удирдагч нь номлогчид очиж уулзсанаар хамгийн их үр дүн гарч болох тэдгээр хүмүүсийн нэрийг номлогчдын өдөр тутмын төлөвлөгөөнд оруулан номлогчидтой ажиллах болно.

Бүрэн цагийн номлогчид сонирхогчдод заах үүрэгтэй хэдий ч тэд тойргийн зөвлөлийн гишүүд, тойргийн номлогчид болон тухайн сонирхогчидтой хувийн харилцаатай тойргийн гишүүдтэй хамтран ажиллах ёстой. Номлогчидтой хамтран ажиллаж буй гишүүд номлогчдын заасан зарчмуудын талаар гэрчлэн, номлогчдын уулзалтуудын хооронд эдгээр зарчмыг бататгах ёстой.

Тойргийн зөвлөл бүрэн цагийн номлогчдыг тойргийн номлогчдод идэвх султай гишүүдийн гэрийн эсвэл айлчлагч багшаар очих эсвэл шинэ гишүүний хичээл заахад туслахыг хүсч болно. Саяхан баптисм хүртсэн гишүүдийн цөөн хэд нь л шинэ гишүүний хичээл авдгийг бид анзаарсан бөгөөд бишопууд аа, энэ харамсалтай алдааг засахын тулд бид та нарт хандаж байна.

Их Эзэн биднээс “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоор[оо] олон зүйлийг хийх”-ийг хүсдэг (Сургаал ба Гэрээ 58:27).

“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулах” талаар ярих үедээ би залуу найз Скоттыгоо эргэн саналаа. Скоттод зарим талаар түүний боломжийг хязгаарладаг хүндрэлүүд байдаг ч, нөгөөтэйгүүр тэр ер бусын гайхалтай хүн байв. Жишээлбэл, түүний номлогчийн үйлсэд нүүрэмгий зоригтой байх нь Мозаягийн хөвгүүд ч атаархам. Скоттын бодлоор хүн бүр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш, хүн бүр Мормоны Номыг уншаагүй мөн үүний үнэний бүрэн байдлын талаар гэрчлэлгүй байх гэдэг бол түүний санаанд багтамгүй зүйл байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Скотт нэг удаа ахтайгаа уулзахаар ганцаар анх удаа онгоцонд явах үед түүний ойролцоо сууж явсан нэгэн хүн доорх яриаг өрнүүлжээ.

Сайн байна уу, намайг Скотт гэдэг. Таныг хэн гэдэг вэ?

Хажууд суусан хүн нэрээ хэллээ.

Та юу хийдэг вэ?

Би инженер.

Сайхан юм. Та хаана амьдардаг вэ?

Лас Вэгаст.

Манай ариун сүм тэнд байдаг. Мормоны ариун сүм хаана байдгийг та мэдэх үү?

Тиймээ, сайхан барилга шүү.

Та Мормон уу?

Үгүй.

Тийм үү, болох хэрэгтэй дээ. Энэ гайхалтай шашин. Та Мормоны Ном уншсан уу?

Үгүй.

Тийм үү, унших хэрэгтэй. Гайхалтай ном шүү.

Хамт яваа зорчигчтойгоо ярилцахыг Скоттод хэн ч даалгаагүй. Тэр бүү хэл би түүнийг баптисмынхаа “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, үхэлд хүртлээ зогсоход бэлэн” (Moзая 18:9); гэсэн гэрээг ухамсарлан санасан эсэхийг мэдэхгүй, гэвч түүний урилга уг гэрээ гарцаагүй түүний хэвшил болон төлөвшсөн гэдгийг үзүүлж байна.

Үүнтэй адил, гишүүн биш гэр бүлийнхнийгээ, найз нөхөд ба хөршүүдээ сүмд ирэхийг, Мормоны Ном уншихыг эсвэл бүрэн цагийн номлогчидтой уулзахыг урихын тулд бид хэн нэгнээс даалгавар хүлээх хэрэггүй юм. Гэрийн болон айлчлагч багшийн хувьд бид бүрэн идэвхжүүлэхээр гэрийн эсвэл айлчлан заах идэвх султай гишүүдийг урих эсвэл ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад нь бэлтгэхийн тулд ямар нэг даалгавар хүлээн авах шаардлагагүй. Дээрх гэрээн дээр нэмээд бид мөн “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд … мөн гашуудах тэдний хамт гашуудахад, тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад” (Мозая 18:8–9) хэмээх ариун гэрээг хийсэн.

Сайн мэдээг хуваалцах, идэвх султай найз нөхөд болон хөршүүдээ бүрэн идэвхжүүлэхэд туслах үүргээ биелүүлэхдээ бид сүнслэг удирдамжийг эрэлхийлж, бидний туслан дэмжих Аврагч болон хувь хүн хоёулангийнх нь төлөө хайраар үйлдэх нь хамгийн үр дүнтэй байх болно. Жишээлбэл, Зорамчуудад заахаар бэлтгэж байхдаа Алма болон түүний хамтрагчдын хэлсэн залбирлын талаар тунгаан бод:

“Ай Их Эзэн, тэднийг дахин Христээр танд авчрахад амжилттай байхыг та бидэнд соёрхоно уу”.

“Болгоогтун, Ай Их Эзэн, тэдний бодгаль эрхэм үнэт, мөн тэдний олон нь бидний ах дүүс, тиймийн тул, бид тэднийг, ах дүүсээ дахин танд авчирч болохын тулд, Ай Их Эзэн, хүч чадал хийгээд мэргэн ухааныг бидэнд өгөөч” (Алма 31:34–35).

Түүний заах гэж буй хүн бүр Бурханы сүнсэн хүүхэд бөгөөд түүний сүнсэн ах, эгч нар юм. Тэдэнд хайртай гэдгээ Алма мэдэж байсан. Залбирсаныхаа дараа Алма болон түүний хамтрагчид Ариун Сүнсээр дүүрч, даруй ажиллахаар одсон билээ.

Алмагийн туршлага болон өнөөгийн залбирал хоёрыг холбон, Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлэхдээ: “Гишүүн бүрийн зүрх сэтгэлд бусдыг үнэний мэдлэгт авчирахын төлөө өөрийн чадварт итгэх итгэлтэй байх болтугай. Үүний төлөө ажиллаасай.Үүний төлөө чин сэтгэлээсээ залбирах болтугай. Гишүүн бүр эртний Алма шиг залбираг” (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, 1999 оны 5-р сар) гэжээ.

Хүн бүр зорилгоо ойлгож, биелүүлбэл Их Эзэний ажил урагшлах болно. Тойргийн зөвлөл, гишүүд болон бүрэн цагийн номлогчид Их Эзэний зорилгод нэгдмэл байх аваас санваар хүчирхэгжиж, мөн бид номлолын ажил болоод идэвхжүүлэх үйлстээ бүрэн төгс амжилтыг мэдрэх болно.

Мэдээж Их Эзэний ажилд оролцохоос илүүтэй сэтгэл хөдөлгөм цаг мөч гэж үгүй билээ. Бид өөрсдийн гэрчлэлийг ийм хялбархан хуваалцаж болох энэ дэлхийд Бурханы хаант улс нь Небухаднезарын зүүдэн дэх чулуу шиг бүх дэлхийг дүүргэх хүртлээ гарцаагүй түгэх болно (Даниел 2-ыг үз).

Гишүүд болон номлогчид хамтдаа бусдыг Христэд ирэхэд нь туслах зорилгоо биелүүлэхийн тулд байнга нэгдмэл байх болтугай. Бид дэлхий дахинд ялангуяа Их Эзэний адислалуудыг эрэлхийлж байгаа Бурханы хүүхдүүдэд гэрэл ба үлгэр жишээ нь байх болтугай. Энэ бол миний залбирал, миний найдвар Есүс Христийн нэрээр, амен.