Бурханы өгүүлшгүй бэлэг

Ахлагч Крэйг С.Крисченсен

Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн


Ариун Сүнс нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй төгс нэгдэлтэй ажиллаж, олон чухал үүргүүд мөн онцгой хариуцлагуудыг гүйцэтгэдэг.

1994 онд Ерөнхийлөгч Ховард В.Хантер Сүмийн бүх гишүүдийг “ариун сүмийг [өөрсдийн] гишүүнчлэлийн агуу бэлэг тэмдэг болгохыг” 1 урьсан билээ. Тэр жил нь Баунтифул Ютагийн Ариун Сүмийн барилгын ажил бүрэн дуусжээ. Олны адил бид залуу гэр бүлээрээ онцгой адислалын өмнөх нээлттэй өдөрт оролцохоор сэтгэл догдолж байлаа. Бид хүүхдүүдээ ариун сүмд ороход нь бэлтгэж, ариун сүм тэдний амьдралд чухал байр суурийг эзэлж сүнслэг туршлага бий болгохын төлөө чин сэтгэлээсээ залбирч, хичээнгүйлэн хөдөлмөрлөсөн.

Ариун сүмд хүндэтгэлтэйгээр алхах зуураа би багана мэт урт цонхоор тусах гэрэл, олон сүнслэг сайхан зурагнууд, сүрлэг уран барилга, гоёмсог байгууламжийг харан гайхан биширч явлаа. Энэ ариун барилгын юм бүхэн үнэхээр төгс тансаг байв.

Селестиал өрөө рүү орохдоо би зургаан настай бага хүү Бенийгээ хөлнөөс минь зуурсныг анзаарлаа. Түүний сэтгэл догдолж, магадгүй бага зэрэг сандарсан мэт байв.

“Яасан бэ? хүү минь” гэж би шивнэлээ.

Тэрээр хариуд нь “Аав аа, энд юу болоод байгаа юм бэ? Би өмнө нь хэзээ ч ийм зүйлийг мэдэрч байгаагүй” гэлээ.

Бага хүү маань анх удаа Ариун Сүнсний нөлөөг ийм хүчтэйгээр мэдэрч байгааг ойлгонгоо би түүний хажууд шалан дээр өвдөг сөхрөн суулаа. Бусад айлчлан ирсэн хүмүүс биднийг тойрон гарах зуур Бен бид хоёр хэдэн минут зэрэгцэн суугаад Ариун Сүнсний талаар хамтдаа суралцсан юм. Энэ нандин мэдрэмжийг ийм хялбархан ярилцаж чадсандаа би их гайхаж билээ. Би түүнтэй ярих зуур Бенд юу харсан нь биш, харин юу мэдрэгдсэн нь хамгийн ихээр сүнслэгээр нөлөөлж байсан нь илт болсон - бидний эргэн тойронд буй үзэсгэлэнт зүйлс биш харин түүний зүрхэн дэх Бурханы Сүнсний намуун зөөлөн дуу хоолой байлаа. Түүний гайхширсан байдал хүүхэд ахуйг минь эргэн санагдуулж, би түүнтэй Бурханы бэлэг болох Ариун Сүнсний өгүүлшгүй бэлгийн2 төлөө талархдаг өөрийн суралцсан хувийн туршлагаасаа хуваалцсан.

Ариун Сүнс гэж хэн бэ?

Ариун Сүнс бол Бурхан тэргүүтэний гурав дахь гишүүн, тиймээс яг л Бурхан Эцэг, Есүс Христийн адил, Тэр бидний бодол санаа, зүрх сэтгэлийн хүслийг мэддэг.3Ариун Сүнс бидэнд хайртай ба биднийг аз жаргалтай байхыг хүсдэг. Бидэнд тулгарах саад бэрхшээлүүдийг мэддэг болохоор Тэр биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиж, Түүнтэй дахин амьдрахын тулд бидний хийх ёстой бүх зүйлийг удирдан, зааж чадна.4

Өргөмжлөгдсөн мах, ясан биетэй Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ хоёртой адилгүй нь Ариун Сүнс мэдрэмж ба сэтгэгдлээр5 дамжуулан бидний сүнстэй харьцдаг сүнсэн биет юм. Сүнсэн биет учраас Тэр хувийн илчлэлтийг хүлээн авах зэмсэг болох онцгой үүрэг хариуцлагатай. Сударт Ариун Сүнс нь ихэвчлэн Ариун Сүнс, Их Эзэний Сүнс, Амлалтын Сүнс эсвэл энгийнээр Сүнс6 гэж өгүүлэгдсэн байдаг.

Ариун Сүнс ямар үүрэгтэй вэ?

Ариун Сүнс нь Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй төгс нэгдэлтэй ажиллаж, олон чухал үүргүүд мөн онцгой хариуцлагуудыг гүйцэтгэдэг. Ариун Сүнсний гол зорилго нь Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг 7 гэрчилж, бидэнд бүх юмсын8 үнэнийг заах явдал. Ариун Сүнсний баттай гэрчлэл нь бусад аливаа эх сурвалжаас ирсэн гэрчээс илүүтэй тодорхой бодит байдлыг дамжуулдаг. Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит “Бурханы Сүнс хүмүүний сүнстэй ярьж, хувийн харьцаагаар түүнчлэн тэнгэрлэг нэгэнтэй9 хийсэн харьцаагаар дамжин ирсэн үнэнээс ч илүүтэй хамгийн агуу нөлөө болон ойлголттойгоор үнэнийг дамжуулах хүчтэй байдаг” хэмээн заасан.

Ариун Сүнсийг мөн Тайвшруулагч10 хэмээдэг. Сэтгэл зовнисон, цөхөрч аргаа барсан эсвэл зүгээр л Бурхан ойр байгаа гэдгийг мэдэх гэсэн үед Ариун Сүнс бидний сүнсийг өргөж, бидэнд найдварыг өгөн “хаант улсын амар амгалан зүйлүүдийг” 11 зааж, “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайванг” 12 мэдрэхэд тусалдаг.

Хэдэн жилийн өмнө хамаатан садан, гэр бүлийнхэн маань баярын оройн зоог барихаар хамтдаа цугларсан үед аав минь олон ач зээтэйгээ тоглоом тоглож эхэллээ. Гэнэт ямар ч шинж тэмдэггүйгээр тэр сулран унаж, тэр дороо нас нөгчсөн. Энэ санаандгүй явдал ялангуяа хариулахын аргагүй хүндхэн асуултуудыг тавьж байсан түүний ач зээ нарт маш хүндрэлтэй байж болох байлаа. Гэвч хүүхдүүдээ тойруулан суулгаад бид залбиран, амьдралын зорилгын тухай Мормоны Номын бошиглогчдын үгсээс уншихад Ариун Сүнс хүн бүрийг тайвшруулсан юм. Үгээр тайлбарлахад хэцүү мөчүүдэд бидний эрэлхийлж байсан хариултууд зүрх сэтгэлд минь ил тодоор ирсэн. Тэр өдөр үнэхээр бидний ойлголтоос хэтэрсэн амар амгаланг мэдэрч билээ. Ариун Сүнсний гэрчлэл тодорхой, үгүйсгэхийн аргагүй, үнэн бодитой байв.

Ариун Сүнс нь багш ба илчлэгч13 мөн. Бид сайн мэдээний талаар судалж, тунгаан бодож, залбирах үед Ариун Сүнс бидний оюун ухааныг гэгээрүүлж, ойлголтыг14 түргэсгэдэг. Тэр бидний бодгальд үнэнийг арилахгүйгээр бичигдсэн байхаар болгож, зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг авчирдаг. Эдгээр үнэнийг гэр бүлийнхэнтэйгээ, Сүмийн найз нөхөдтэйгөө мөн эргэн тойрны хүмүүс, хөршүүдтэйгээ хуваалцахад Ариун Сүнс сайн мэдээг “хүмүүний үрсийн зүрх сэтгэлд” 15 хүргэгчийн хувьд тэдний багш нь болдог.

Ариун Сүнс биднийг бусдад хүрч үйлчлэхээр өдөөдөг. Миний хувьд бусдын төлөөх үйлчлэлд Ариун Сүнсний шивнээг анхааралтай сонсож бодит амьдрал мөн үйлсээрээ үлгэр жишээ болсон Ерөнхийлөгч Томас С.Монсон хэлэхдээ, “Бидний үүрэг хариуцлагуудын гүйцэтгэлд, намуухан шивнээг анхааралтай сонсож, түүнийг тэр даруй үйлдэх үед Тэнгэрлэг Эцэг бидний үйлдлүүдийг удирдаж, амьдралыг маань адисалдаг гэдгийг би сурсан. Нэгэн шивнээг анхааралтай сонссоноор чамаар дамжуулан өөр хэн нэгний залбиралд Их Эзэн хариулсан гэдгийг олж мэдэхээс илүүтэй сайхан, тааламжит, үнэт мэдрэмж гэж үгүй болохыг би мэднэ.”16

Нэгэн энхрий сэтгэл догдлом туршлагыг би хуваалцъя. Ерөнхийлөгч Монсон бишопоор үйлчилж байхдаа түүний тойргийн гишүүн Мари Ватсон эгч эмнэлэгт хэвтэж байгааг мэджээ. Түүнийг эргэхээр очих үедээ тэр том өрөөнд бусад олон өвчтөнтэй хамт байгааг олж мэджээ. Тэр Ватсон эгч рүү ойртон очих үед хажуугийн орны өвчтөн толгойгоо хөнжил доогуур хурдхан нуухыг анзаарчээ.

Ерөнхийлөгч Монсон Ватсон эгчтэй уулзаж, санваарын адислал өгснийхөө дараа гар барьж, баяртай гэж хэлээд явахаар завдав. Гэтэл энгийн мөртлөө гайхамшигтай зүйл тохиожээ. Одоо би энэ явдлын тухай Ерөнхийлөгч Монсоны өөрийнх нь хэлсэн үгсээс эш татъя:

“Би түүний хажуунаас холдож чадсангүй” гээд тэр “Энэ нь яг л үл мэдэгдэх гар мөрөн дээр хүрэх шиг болж, бодгальд минь: ‘Чамайг орж ирэхэд нүүрээ тагласан хажуугийн орны жижигхэн эмэгтэй рүү оч’ гэж хэлэх шиг болов. Би яг л дагалаа. …

“Нөгөө өвчтөний орны дэргэд очиж, эелдгээр түүний мөрөнд хүрч, болгоомжтойгоор нүүрээ тагласан хөнжлийг нь хойшлууллаа. Юу вэ! Тэр бас манай тойргийн гишүүн байв. Би түүнийг эмнэлэгт хэвтсэнийг мэдээгүй. Түүнийг Катрин Маккий гэдэг. Бидний харц тулгарах үед тэрээр нулимс дуслуулан, ‘Бишоп минь, таныг хаалгаар орж ирэхэд би таныг надтай уулзахаар залбирлын минь хариу болон ирлээ гэж бодсон. Намайг энд байгааг мэдээд таныг ирлээ гэж их баярлаж байсан ч өөр орны дэргэд очиход зүрх минь зогсох шиг болж, надтай уулзахаар ирээгүйг тань мэдсэн’ хэмээн уулга алдан хэлж билээ.

“Би Маккий [эгчид]: ‘Таныг энд байгааг мэдээгүй минь чухал зүйл биш. Харин Тэнгэрлэг Эцэг мэдэж, та санваарын адислалын төлөө залбирч байсан чинь чухал зүйл. Энэ бол миний дотор тань руу оч хэмээн сүнслэгээр өдөөсөн Тэр байсан юм” 17гэжээ.

Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ярьдаг вэ?

Бид бүгд хэдийгээр Ариун Сүнсийг мэдэрдэг ч түүнийг үргэлж таньдаггүй. Оюун ухаанд сүнслэг бодол санаанууд орж ирэхэд бид тэдгээрийг зүрх сэтгэлд маань орж ирэх сүнслэг мэдрэмжээр энэ нь үнэн гэдгийг мэддэг. Ерөнхийлөгч Боид К.Пакер: “Ариун Сүнс сонсохоос… илүүтэй мэдрэх дуу хоолойгоор ярьдаг. Бид Сүнсний шивнээтэй ‘сонсох’ байдлаар ярилцахад ихэвчлэн нэг нь сүнслэг өдөөлтөөр ‘Надад … … байна’”18 гэж хэлдэг. Ариун Сүнснээс ирсэн эдгээр нандин мэдрэмжүүдээр дамжуулан судар дээр хэлсэнчлэн “илчлэлтийн сүнс” 19 тунхаглах мэт Бурхан биднийг юу хийхийг хүсч байгааг бид мэддэг.

Ариун Сүнсний бэлэг хүлээн авна гэдэг юу гэсэн үг вэ?

Би зургаан настай хүү Бендээ зааж байхдаа Ариун Сүнсний нөлөөгөөр тэр юу мэдэрч байгаа болон баптисмын дараа хүлээн авах Ариун Сүнсний бэлэг хоёрын хоорондох ялгааг тайлбарлахын чухлыг ойлгосон. Баптисмын өмнө шударга мөн үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид Ариун Сүнсний нөлөөг мэдрэх болно. Гэхдээ Ариун Сүнстэй байнга нөхөрлөх болон үүнтэй холбоотой адислалуудын бүрэн байдлыг зөвхөн зохистой, баптисм хүртсэн гишүүд Бурханы санваарын эрх мэдлийг атгагч ах нарын гар тавилтаар Ариун Сүнсний бэлгийг авснаар хүлээн авч чадна.

Ариун Сүнсний бэлгээр дамжуулан бид нэмэлт хүч чадал, сүнслэг бэлгүүд, нэмэлт илчлэлт ба хамгаалалт, баттай удирдамж ба чиглүүлэлт, селестиал хаант улсын ариун гэгээрэл ба өргөмжлөлийн амлагдсан адислалуудыг хүлээн авдаг. Эдгээр бүх адислал тэдгээрийг хүлээн авах хувийн хүслийн үр дүнд, амьдралаа Бурханы таалалтай нийцүүлэн, Түүний байнгын удирдамжийг эрэлхийлэх үед өгөгддөг.

Баунтифулын Ариун Сүмд өөрийн туршлагыг Бенийхтэй харьцуулан үзэхэд надад олон тааламжтай мэдрэмж болоод сэтгэгдэл төрсөн. Нэгэн тод дурсамж бол намайг сүр жавхлант тансаг байдалд нүд алдан байхад миний дэргэдэх бяцхан хүү зүрх сэтгэлдээ хүчирхэг нөлөөг мэдэрч байсан явдал юм. Нэгэн эелдэг сануулагч надад хэсэг зуур амьсгаа авч, өвдөг сөхрөхийг хэлээд зогсохгүй мөн даруу, номхон, шударга, Түүний Сүнсний намуун зөөлөн шивнээг сонсоход бэлэн бяцхан хүүхдийн адил болж, Аврагчийн дуудлагыг анхааралтай сонсохыг сануулсан.

Ариун Сүнс амьд бөгөөд бодит, Ариун Сүнсний бурханлаг үүрэг ба хүчээр бид бүх зүйлүүдийн үнэнийг мэдэж чадна гэдгийг би гэрчилж байна. Ариун Сүнсний бэлэг нь Түүний Хүүд ирж, Түүний нэрээр баптисм хүртэж, Түүний Сүмийн гишүүний баталгаагаар дамжуулан Ариун Сүнсийг хүлээн авсан бүх хүнд өгөгдсөн Тэнгэрлэг Эцэгийн үнэт бөгөөд өгүүлшгүй бэлэг гэдгийг би гэрчилж байна. Эдгээр бүх хувийн гэрчлэлийг Есүс Христийн ариун нэр дээр хэллээ, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1. Жэй М.Тодд дээрх, Ховард В.Хантер, Howard W. Hunter: Fourteenth President of the Church,” Ensign,, 1994 оны 7-р сар, 5; мөн Ховард В.Хантер, “The Great Symbol of Our Membership,” Tambuli, 1994 оны 11-р сар, 3; Ensign, 1994 оны 10-р сар, 2.

  2.  

    2.  Сургаал ба Гэрээ 121:26-г үзнэ үү.

  3.  

    3.  Алма 12:7; 18:16–18; Сургаал ба Гэрээ 6:15–16-г үзнэ үү.

  4.  

    4.  2 Нифай 32:5-г үзнэ үү.

  5.  

    5.  Сургаал ба Гэрээ 130:22-г үз.

  6.  

    6.  Лук 4:1, 18; 11:13; Иохан 1:33; Ефес 1:13; Сургаал ба Гэрээ 88:3-г үзнэ үү.

  7.  

    7.  2 Нифай 31:18; 3 Нифай 28:11; Сургаал ба Гэрээ 20:27-г үзнэ үү.

  8.  

    8.  Моронай 10:5-г үз.

  9.  

    9. Жозеф Фиелдинг Смит, Doctrines of Salvation, ed. Брюс Р.МакКонки, 3 дахь хэвлэл. (1954–1956), 1:47–48.

  10.  

    10 .  Иохан 14:26; Сургаал ба Гэрээ 35:19-г үзнэ үү.

  11.  

    11.  Сургаал ба Гэрээ 36:2.

  12.  

    12.  Филиппой 4:7.

  13.  

    13.  Лук 12:12; 1 Коринт 2:13; Сургаал ба Гэрээ 50:13–22; Сүмийн Бошиглогчдын сургаалууд: Иосеф Смит (2007), 132–133.

  14.  

    14.  Сургаал ба Гэрээ 11:13-г үзнэ үү.

  15.  

    15.  2 Нифай 33:1.

  16.  

    16. Томас С.Монсон, “Peace, Be Still,” Лиахона ба Ensign, 2002 оны 11-р сар, 55.

  17.  

    17. Томас С.Монсон, “Christ at Bethesda’s Pool,” Ensign, 1996 оны 11-р сар, 18–19.

  18.  

    18. Боид К.Пакер, “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Лиахона, , 1997 оны 6-р сар, 10;; Ensign, Nov. 1994, 60.

  19.  

    19.  Сургаал ба Гэрээ 8:3; мөн шүлэг 2.