2010–2019
Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!
Аравдугаар сар 2012


Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!

Залуу, ахмад гээд бүх номлогч нар бусдын амьдралыг сайжруулах гэсэн найдварыг сэтгэлдээ тээн үйлчилдэг.

Хайрт ах эгч, найз нар минь, бид хайр дүүрэн мэндчилгээгээ та бүхэндээ дэвшүүлж байна. Номлогчийн үйлчлэлд үйлчлэх боломжтой насыг залуу эрэгтэйчүүдийн хувьд 18 нас, залуу эмэгтэйчүүдийн хувьд 19 нас болгон өөрчилж байгаа талаарх Ерөнхийлөгч Томас С. Монсоны энэ өглөө зарласан мэдэгдлийг хүлээн авсандаа бид туйлын баяртай байна. Энэ боломжоор дамжуулан, илүү олон залуу номлогч номлолын адислалыг эдлэх боломжтой болох юм.

Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Монсоны хэлсэнчлэн “зохистой, боломж бүхий залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Номлогчийн үйлчлэл бол санваартны үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгдөг Их Эзэний биднээс хүсдэг үүрэг даалгавар юм”1 хэмээн зарласан нь өнөө өглөө батлагдлаа. Мөн, залуу эгч нарын хувьд, тэднийг номлолд үйлчлэхийг дуртай хүлээн зөвшөөрдөг хэдий ч, заавал хийх ёстой үүрэг хариуцлага гэж үзэхгүй хэмээн тэр тайлбарласан билээ. Мөн дахин тэрээр ахмад хосуудад номлолд үйлчлэхийг урьсан билээ.

Номлолд бэлтгэх нь маш чухал зүйл билээ. Номлол гэдэг нь Бурханд болоод хүмүүн төрөлхтөнд үйлчлэх сайн дурын үйл хэрэг юм. Номлогчид энэхүү үйлчлэлдээ хувийн хадгаламжаа зарцуулдаг. Эцэг эхчүүд, гэр бүлүүд, найз нөхөд болон хандивлагчид Номлогчийн Ерөнхий Санд хандив өргөн дэмжиж болно. Бүхий л залуу болон ахмад номлогчид бусдын амьдралыг сайжруулах чин хүсэлтэйгээр үйлчилдэг.

Номлолд үйлчлэх шийдвэр нь номлогчийн болон түүний хань ижлийн мөн тэдний одоогийн амьдралд улмаар ирээдүйн үр удмынх нь сүнслэг хувь заяанд нөлөө үзүүлдэг. Үйлчлэх хүсэл нь тухайн хүний хөрвүүлэлт, зөв зохистой болон бэлтгэгдсэн байдлаас гарч ирдэг жам ёсны үр дагавар юм.

Энэ өргөн уудам дэлхий даяар чуулганыг үзэн суугаа та бүхний дунд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн бус, бидний болон манай номлогч нарын талаар маш бага мэдээлэлтэй олон хүн байж магадгүй юм. Мормончуудын талаар болон манай номлогч нарын заадаг зүйлсийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн учраас та энэхүү чуулганыг үзэн суугаа байж болох юм. Бидний талаар илүү ихийг мэдэх тусам бидний эрхэмлэдэг олон зүйл таныхтай адил байдгийг та олж мэдэх болно. Үнэн бөгөөд сайн болох бүх зүйлсийг хадгалж үлдээхийг тань бид урамшуулж байна, тэгээд бид таны эрхэмлэдэг тэдгээр үнэн дээр нэмж чадах эсэхийг харна уу. Энэ дэлхий сорилт бэрхшээлээр дүүрэн байдаг учраас заримдаа бидэнд тусламж хэрэгтэй болдог. Шашин шүтлэг, мөнхийн үнэн болон манай номлогч нар энэхүү шаардлагатай тусламжийн амин чухал хэсэг нь болдог юм.

Манай залуу номлогч нар өөрсдийн боловсрол, ажил төрөл, болзоо болон тэдний үе тэнгийнхний хийж буй тэдгээр бүхий л зүйлсээ хойш тавьдаг. Их Эзэнд үйлчлэх чин хүсэлдээ хөтлөгдөн тэд 18-аас 24 сарын турш дэлхийн зарим нэг зүйлээс татгалзаж өнгөрөөдөг.2 Мөн зарим номлогч нар маань нэлээд нас тогтсон хойноо номлолд үйлчилдэг. Тэдний гэр бүлийнхэн нь адислагддаг болохыг би мэднэ. Миний өөрийн гэр бүлээс одоогоор гурван охин маань нөхрүүдтэйгээ ахмад номлогчоор, нэг зээ охин мөн нэг зээ хүү нийлээд найман хүн бүрэн цагийн номлолд үйлчилж байна.

Та нарын зарим нь Мормон гэдэг нэрний талаар гайхаж байж магадгүй юм. Энэ нь бидний хоч юм. Бид Мормончууд гэдгээрээ олонд танигдсан ч энэ нь бидний жинхэнэ нэр биш бөгөөд энэ нь Мормоны Ном гэдэг ариун судраас гарал үүсэлтэй билээ.

Сүмийн маань жинхэнэ нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм. Есүс Христийн анхны Сүмийг дахин сэргээн байгуулсан нь энэ билээ. Мөнх бус амьдралынхаа явцад Тэрээр өөрийн сүмийг зохион байгуулсан билээ. Тэрээр Төлөөлөгчид, Далын гишүүд мөн бусад удирдагчдыг дуудан Өөрийнх нь нэр дээр үйлдэх санваарын эрх мэдлийг өгсөн юм.3 Христ болон Түүний Төлөөлөгчид нас барсны дараа хүмүүс сургаал болон ёслолуудыг өөрчилсөн байдаг. Анхны Сүм болон санваар нь тэр үед авагдаж үгүй болсон билээ. Үнэнийг үл ойшоон, мухар сүсэг дэлгэрсэн тэрхүү цаг үеийн дараа Тэнгэрлэг Эцэгийн удирдлага дор Есүс Христ Өөрийн Сүмийг буцаан авчирсан юм. Одоо тэр сүм нь дахин оршиж, сэргээгдсэн бөгөөд Түүний тэнгэрлэг удирдлага дор үйл ажиллагаагаа явуулж байна.4

Бид Есүс Христийг дагаж, Түүний тухай заадаг. Үхлийг давсан агуу ялалтынхаа дараа дахин амилсан Их Эзэн нэлээд хэдэн тохиолдлоор Өөрийн төлөөлөгчдөдөө үзэгдсэн гэдгийг бид мэднэ. Тэрээр тэдэнтэй хамт хооллосон. Тэдэнтэй хамт алхаж байсан. Сүүлийн удаа дээш одохоосоо өмнө, Тэрээр “Явж ... бүх үндэстнүүдэд заа. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ”5 хэмээх үүргийг тэдэнд өгсөн. Төлөөлөгчид тэрхүү зааврыг дуулгавартай дагасан. Түүнчлэн тэд Их Эзэний тушаалыг биелүүлэхэд нь туслах хүмүүсийг дуудсан.

Өнөөдөр орчин үеийн төлөөлөгчид, бошиглогчдын удирдлага дор үүнтэй адил үүрэг хариуцлага нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогч нарт өгөгдсөн. Эдгээр номлогч нар 150 гаруй үндэстэнд үйлчилдэг. Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчдийн хувьд тэд, Их Эзэний өөрийнх нь шинэчилсэн тэрхүү ариун зарлигийг биелүүлж, сайн мэдээний бүрэн байдлыг далайн чанадад хүргэж, газар сайгүй хүмүүсийн амьдралыг адислахаар хичээн үйлчилдэг. .6

Залуу номлогч нар маань хорь гаруйхан настай дэлхийн амьдралын туршлага багатай хэдий ч Их Эзэний хүчирхэг элч төлөөлөгчид болгодог чадвар бүхий Ариун Сүнсний хүч, Бурханы хайр, үнэний гэрчлэлүүд гэх мэт бэлгүүдээр тэд адислагддаг юм. Номлогчдын захиасыг дагасан тэдгээр бүгдэд үнэн баяр баясал, үүрдийн аз жаргал авчрах сургаалын сайн мэдээг тэд хуваалцдаг. Ихэнх тохиолдолд тэд номлолоо гадаад оронд, гадаад хэл дээр хийдэг билээ.

Номлогч нар Есүс Христийн хэл яриа, үйлдэл аль алинаар нь дагахыг хичээдэг. Тэд Есүс Христ болон Түүний Цагаатгалыг номлодог.7 Тэд Их Эзэний хожмын үе дэх анхны бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн Христийн эртний Сүмийн бодит сэргээлтийн талаар заадаг.

Та урьд нь манай номлогч нартай тааралдаж байсан эсвэл тэднийг үл ойшоож байсан байж магадгүй юм. Та тэднээс айж эмээлгүй, харин тэднээс суралцаасай хэмээн би найдан хүсч байна. Тэд таны хувьд тэнгэрээс илгээгдэх тэрхүү боломж тань байж мэднэ.

Яг л ийм зүйл Аризона мужийн Меса хотод амьдардаг 60 гаруй настай Протестант шашинтан Жерри хэмээх нэгэн эрэгтэйд тохиолдсон юм. Жерригийн аав нь Баптист сүмийн тэргүүн, ээж нь Методист сүмийн тэргүүн байжээ. Нэгэн өдөр Жерригийн дотны найз Присила төрөхийн хүндрэлээс болж хүүхдээ алдаж мөн удалгүй хүнд бэрхшээл дагуулсан гэр бүл салалтаас мэдэрсэн зовлонгуудаа түүнтэй хуваалцжээ. Ганц бие зүдэрч буй дөрвөн хүүхдийн ээж Присила нь гурван охин, нэг хүүтэй байв. Жеррид зүрх сэтгэлээ нээн зовлонгоо уудлах зуураа тэрээр амиа хорлох тухай бодолтой байснаа ч илчлэн хэлжээ. Жерри бүх чадлынхаа хэрээр түүнд амьдралынх нь үнэ цэнийг ойлгуулахыг хичээсэн бөгөөд мөн түүнийг өөрийнхөө сүмд ирэхийг урьсан боловч Присила Бурханд найдахаа больсон тухай тайлбарлан хэлжээ.

Жерри хэрхэхээ мэдэхгүй хэсэг байсны дараа нэг удаа хашаан дахь модоо усалж байхдаа Бурханаас удирдамж хүсэн залбирав. Тэрээр маш их итгэлтэй нэгэн байлаа. Залбирч байхдаа тэрээр “Дугуйтай хөвгүүдийг зогсоо” гэсэн дуу хоолойг зүрх сэтгэлдээ сонсжээ. Жерри, энэ нь юу гэсэн утгатай юм бол доо гэж гайхшран хэсэг тээнэгэлзэн зогсов. Энэ сүнслэг удирдамжийг тунгаан бодох зуураа Жерри гудамж тийш харвал зангиа бүхий цагаан цамцтай хоёр залуу түүний гэрийг чиглэн дугуйтай ирж харагдлаа. Энэ сонин тохиолдолд балмагдсандаа тэднийг харсаар байж хажуугаараа өнгөрүүлэв. Тухайн нөхцөл байдал түүнийг үйлдэл хийхийг шаардаж буйг анзаарангуут, “Хөөе, та нар зогсоорой! Би та нартай ярих хэрэгтэй байна!” гэж хашгирчээ.

Эргэлзсэн хэдий ч цоглог харцтай хоёр залуу номлогч саатан зогсов. Тэднийг ойртон ирэхэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номлогч хэмээн тодорхойлох нэрийн тэмдэг зүүсэн байхыг нь Жерри анзаарчээ. Жерри тэдэн рүү хараад “Та нарт бага зэрэг хачирхалтай санагдаж магадгүй, гэхдээ саяхан намайг залбирах үед ‘дугуйтай хөвгүүдийг зогсоо’ гэсэн заавар надад ирэхийг мэдэрлээ. Тэгээд намайг гудамж руу хартал, та хоёр явж байх юм. Та нар надад тусалж чадах уу?” гэж асуув.

Номлогч нар инээмсэглэн “Тиймээ, бид танд тусалж чадна.” хэмээн хариулав.

Жерри тэдэнд Присилагийн талаар санаа зовж байгаа тухайгаа тайлбарлав. Удалгүй номлогч нар Присила, түүний хүүхдүүд болон Жерритэй уулзан, тэд амьдралын зорилго болон тэдэнд зориулсан Бурханы мөнхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэн ярилцацгаажээ. Чин сэтгэлийн залбирал хийн, Мормоны Номноос суралцан мөн Сүмийн гишүүдийн хайр дүүрэн нөхөрлөлөөр дамжуулан Жерри, Присила, мөн түүний хүүхдүүдийн итгэл өсөн нэмэгдсэн юм. Жеррид байсан Есүс Христэд итгэх хүчтэй итгэл нь улам хүчирхэг болсон байна. Присилагийн эргэлзээ болон амиа хорлох гэсэн бодлууд нь аз жаргал, итгэл найдвараар солигджээ. Тэд баптисм хийлгэн Христийн сэргээгдсэн Сүмийн гишүүд болцгоосон юм.8

Тийм ээ, номлогч нар олон янзаар тусалж чадна. Жишээлбэл, та нарын зарим нь өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байж болно. Та ээж аав, хоёр эмээ, хоёр өвөөгийнхөө нэрийг мэддэг байж магад, тэгвэл элэнц хуланцынхаа талаар юу мэдэх вэ? Та тэдний нэрсийг мэдэх үү? Тэдний талаар илүү ихийг мэдмээр байна уу? Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!9 Тэдэнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн асар том гэр бүлийн түүхийн баримтуудыг хялбархан ашиглах боломж байдаг.

Та нарын зарим нь сүмийн гишүүн хэдий ч одоогоор сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байж болно. Та Их Эзэнд хайртай мөн Түүний сүрэгт буцан нийлэх талаар үргэлж боддог байх. Харин та яаж эхлэхээ мэдэхгүй байгаа байх. Та нарыг номлогч нартай уулзаж асуу!10 гэж зөвлөмөөр байна. Тэд танд тусалж чадна! Тэд бас таны хайртай хүмүүст зааж тусалж чадна. Бид номлогч нарын адил та бүгдэд хайртай бөгөөд сайн мэдээний гэрэл болон баяр баяслыг таны амьдралд буцаан авчрахыг хүсэж байна.

Та нарын зарим нь хэрхэн донтолтыг даван туулахаа эсвэл хэрхэн урт насалж, илүү сайн эрүүл мэндтэй болох талаар мэдэхийг хүсч байж магадгүй. Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна! Бие даасан судалгаануудаас үзэхэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийнхнийг бүлэглэлийн судалгаагаар эрүүл мэнд сайтай хүмүүс гэсэн байдаг. Урт хугацаанд хийгдсэн аливаа нарийвчилсан бүлэглэлийн судалгаанууд дотроос тэдний нас баралтын түвшин нь хамгийн бага, урт наслалтын хэмжээ нь өндөр гэж одоогоор дүгнэгдээд байна.11

Та нарын заримын тань амьдрал ухаан жолоогүй, завгүй мэт санагдавч зүрх сэтгэлийнхээ гүнд та зүг чиггүй, зорилгогүй мэт хоосон сэтгэл зовнилыг мэдэрдэг биз. Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна! Тэд энэ дэлхий дээр та яагаад ирснийг мөн үхлийн дараа хаашаа явах зэрэг амьдралын үнэн зорилгын талаар сурахад танд тусалж чадна. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь одоогоор таны төсөөлж байгаагаас илүүтэйгээр таны амьдралыг хэрхэн адисалж болохыг та мэдэж чадна.

Гэр бүлийнхээ талаар санаа тань зовж байгаа бол номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна! Гэрлэлт болон гэр бүлийг хүчирхэгжүүлэх гэдэг нь Хожмын үеийн Гэгээнтнүүдэд асар чухал зүйл байдаг. Гэр бүлүүд мөнхөд хамтдаа байж чадна. Таны гэр бүл хэрхэн үүрд хамт байх боломжтой талаар номлогч нараас асуу.

Номлогч нар бас таны илүү ихийг мэдэх хүсэлд тань тусалж чадна. Хүмүүний сүнс нь гэгээрлийг маш ихээр хүсдэг. Шинжлэх ухааны лаборатороос эсвэл Бурханы илчлэлтээр үнэн л гарч ирж байвал бид түүнийг эрэлхийлдэг. Бурханы алдар суу бол үнэхээр оюун билиг юм.12

Мэдлэгийн өсөлт дотор сүнслэг болон дэлхийн түр зуурын мэдлэгүүд багтдаг. Бид ариун судруудыг ойлгохын чухлыг онцолдог. Саяхны нэгэн бие даасан судалгаагаар Хожмын үеийн Гэгээнтнүүд нь Библи болон Христийн шашны талаар хамгийн их мэдлэгтэй нь хэмээн тогтоогдсон.13 Хэрвээ та Библийг болон Мормоны Номыг илүү сайн ойлгохыг, бүх хүн төрөлхтний ахан дүүсийн барилдлага болон Бурхан Эцэгийн талаар өргөн ойлголтыг олж авахыг хүсвэл Номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!

Та нарын олонх нь тусламж шаардлагатай хүмүүст туслах чин хүсэлтэй байдаг. Бид Есүс Христийг дагадаг учраас, Хожмын үеийн Гэгээнтнүүд ч бас тэрхүү дуусашгүй хүсэл эрмэлзлээр бялхаж байдаг.14 Дэлхийн хаана ч гамшигт нэрвэгдсэн тэдгээр хүмүүст дэмжлэг үзүүлэхэд, мөн тусламж хэрэгтэй хүмүүст туслахад та нарын хэн нь ч бидэнтэй нэгдэж болно. Хэрвээ та үүнд хамрагдахыг хүсвэл номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!

Мөн хэрвээ та үхлийн дараах амьдралын талаар, тэнгэрлэг зүйлийн талаар, танд зориулсан Бурханы төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, түүнчлэн Их Эзэн Есүс Христ, Түүний Цагаатгал, анх байгуулсаны адил Дахин сэргээгдсэн Түүний Сүмийн талаар илүү мэдэхийг хүсвэл номлогч нараас асуу! Тэд танд тусалж чадна!

Би Бурхан амьд гэдгийг мэднэ. Есүс бол Христ. Түүний Сүм дахин сэргээгдсэн. Бурхан та бүгдийг болон бидний эрхэм номлогч нарыг нэг бүрчлэн адислаасай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна. Есүс Христийн нэрээр, Амен.

Эшлэлүүд

  1. Томас С. Монсон, “Биднийг дахин уулзтал,” 2010 оны 10-р сарын чуулган дээр хэлсэн үгс, .2010 оны 11-р сар,5–6

  2. Сургаал ба Гэрээ 4:3-ыг үз.

  3. Матай 10:1; Лук 6:13; 10:1; Ефес 4:11–12-ыг үз.

  4. Сургаал ба Гэрээ 1:30-ийг үз.

  5. Матай 28:19.

  6. Сургаал ба Гэрээ 68:8; 84:62; 112:28.

  7. 1 Коринт 2:2; 2 Нифай 25–26.

  8. Аризона Меса Номлолын ерөнхийлөгч байсан В. Трэси Уотсон, Ахлагч Нелсон нарын найзын харилцаанаас.

  9. “Номлогч нараас асуу” хэмээх урилгыг хэлсэн минь та нар Сүмийн гишүүн найзаасаа ч асууж болно гэсэн үг юм шүү.

  10. Сүмийн идэвхтэй гишүүн хамаатнууд, найз нөхөд болон Сүмийн удирдлагууд ч гэсэн дуртай туслах болно.

  11. Жеймс Е. Энстром болон Лестер Бреслоу нарын, “Lifestyle and Reduced Mortality among Active California Mormons, 1980–2004,” Preventative Medicine46 (2008), 135.-ийг үз.

  12. Сургаал ба Гэрээ 93:36-г үз.

  13. Пью Судалгааны Төвийн U.S. Religious Knowledge Survey (Sept. 28, 2010), 7-ийг үз.

  14. Рам Наан, Ван Эванс, Даниел В. Көртиснарын Called to Serve: The Prosocial Behavior of Active Latter-day Saints, Пенсилваны Их Сургуулийн Нийгмийн Бодлого болон Дадлагын Тэнхим (2012), -ийг үз. http://www.mormonnewsroom.org/article/mormon-volunteerism-report; Пью Судалгааны Төв, Mormons in America; Certain in Their Beliefs but Uncertain of Their Place in Society (2012), 43; Роберт Д. Путнам болон Дэвид Е. Кэмбилл, American Grace: How Religion Divides and Unites Us(2010), 444–54.