Санаа сэтгэлээ бүрэн зориулсан байх нь

Ахлагч М. Рассел Баллард

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын


“Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулсан” олон ажилчдын хичээл зүтгэлээр ачаа нь хөнгөрч, агуу зүйлүүд хийгдсэн юм.

Ахлагч Перри, та манай Сүмийн хамгийн залуу 90-н настай хүн гэж би бодож байна. Та нар түүнийг сандлаасаа ямар хурдан үсэрч боссоныг анзаарсан байх.

Хайрт ах эгч нараа, би шууд модноос нь гүйцэд боловсорсон шинэхэн улаан лооль эсвэл шүүслэг тоор жимс авч идэх болгондоо 60 жилийн өмнөх Юта мужийн Холлэдэй дахь аавын маань жижигхэн тоор жимсний цэцэрлэг бодол санаанд минь буудаг юм. Тэр тэнд яваандаа маш том, амттай тоор жимс болон ургадаг тоорын цэцэгсийн үр тогтоох зөгийн үүрнүүдтэй байсан.

Аав маань ажилч зөгийнүүддээ хайртай байсан бөгөөд мянга мянгаараа хамтран ажиллаж байгаа тэднийг хараад гайхан биширдэг байлаа. Тэд хамтран ажиллаж, тоорын цэцгээс цуглуулсан цэцгийн балыг байгалийн хамгийн ач тустай хүнс тэжээлийн нэг болох амтлаг, алтан шаргал зөгийн бал болгон хувиргадаг байв. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд зөгийн бал нь амьдралд хэрэгтэй фермент, витамин, эрдэс болон ус гэсэн бүхий л бодисуудыг өөртөө багтаадаг хүнс тэжээлийн нэг нь гэж хэлдэг.

Аав маань намайг байнга өөрийн зөгий үржвэрийн ажилд оролцуулахыг хичээдэг байсан ч харин би түүнийг өөрөө л зөгийнүүдээ харж халамжилж байгаад маш их баярладаг байсан. Гэвч тэр өдрүүдээс хойш би ойролцоогоор жаран мянган зөгийтэй хамгийн дээд зэргээр зохион байгуулагдсан зөгийний үүрний талаар сурч мэдсэн билээ.

Ажилч зөгийнүүд нь үр тогтоох, бал цуглуулах мөн өтгөрүүлсэн балыг зөгийн бал болгох ажилдаа чин сэтгэлээсээ зүтгэдэг. Энэ нь Бүтээгчийн тэдний гарал зүйд суулгасан байгалиас заяасан зөн билэг, тэдний гайхамшигтай бодит хүсэл нь юм. Зөвхөн 450 грамм зөгийн бал гаргахын тулд дунджаар зөгий үржвэрийн 20.000- 60,000 зөгий хамтдаа сая гаруй цэцгэн дээр сууж, дэлхийг хоёр удаа тойрсонтой тэнцэхүйц газар аялах хэрэгтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Дөнгөж хэдхэн долоо хоногоос дөрвөн сар амьдрах энэ богино хугацаандаа нэг ажилч зөгий үүрэндээ ердөө л цайны халбаганы арванхоёрны нэгтэй буюу 42 миллиграммтай тэнцэх бал хандивладаг.

Нийт дүнтэй нь харьцуулахад шалихгүй өчүүхэн мэт санагдавч цайны халбаганы арванхоёрны нэгтэй тэнцэх бал бүр зөгийн үүрний амьдралд амин чухал зүйл юм. Тэд нэг нэгэндээ итгэдэг. Хэдхэн зөгийний хувьд дэндүү дааж давшгүй байж болох ажил нь бүх зөгий өөрсдийн хийх ёстой зүйлийг итгэлтэйгээр хийснээр амархан болдог.

Манай Сүмийн түүхэнд зөгийн үүр нь үргэлж чухал бэлэг тэмдэг болсоор ирсэн. Мормоны номноос бид мянга мянган жилийн өмнө Жаредчууд Америк руу аялах замдаа ажилч зөгийнүүдийг авч явсныг мэдэж авдаг (Иферийн 2:3-ийг үз). Агуу Солт Лейкийн эргэн тойрны юу ч үгүй эзгүй хоосон цөл газрыг ургац сайтай өнөөгийн хөндий болгон өөрчлөхийн тулд Брингам Янг зөгийн үүрийг анхдагч нарийн дунд уриалан дэмжих мөн хамтран ажиллах хүчийг илчлэх бэлэг тэмдэг болгон сонгосон. Бид тэдний хамтын хичээнгүй хөдөлмөрийн ашиг тусыг хүлээн авагчид билээ.

Манай олон Ариун Сүмийн гадна болон дотор заслаас зөгийн үүрийн бэлэг тэмдгийг харж болно. Миний зогсож буй энэ индэр нь Ерөнхийлөгч Гордон  Б.Хинклигийн байшингийн арын цэцэрлэгт байсан хуш модоор хийгдсэн бөгөөд үүн дээр зөгийн үүрийг чимэглэн сийлбэрлэсэн байдаг.

Энэ бүх бэлэг тэмдэг нь “сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулсан” (С ба Г 58:27).олон ажилчдын хичээл зүтгэлээр ачаа нь хөнгөрч, агуу зүйлүүд хийгдсэнийг гэрчлэх нэгэн бодит баримт юм. Бид яг ажилч зөгийн адил Их Эзэн Есүс Христийн сургаалуудад өгсөн амлалтандаа гол анхаарлаа хандуулан, төвлөрөх юм бол дэлхий дээрх хэдэн сая Хожмын Үеийн Гэгээнтнүүд ямар их зүйлийг гүйцэлдүүлж болохыг төсөөлөөд үз дээ.

Эхний бөгөөд хамгийн агуу тушаал нь:

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла...

Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла”.

“Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм” (Матай 22:37, 39–40). хэмээн Аврагч заасан.

Аврагчийн үгс нь энгийн ч тэдгээрийн утга агуулга нь төгс төгөлдөр мөн гүнзгий ач холбогдолтой билээ. Бид өөрсдийгөө хайрладгийн адил Бурханыг мөн өөрсдийн хөршүүдээ хайрлан, тэдэнд анхаарал халамж тавих ёстой. Бид бүгд Христийн дагалдагчдын хувьд хамтдаа нэгдэн бусдын хэрэгцээнд санаа тавьж, эргэн тойронд маань байгаа гэр бүлийнхэн, найз нөхөд, хөрш болон бусад хүмүүс, нийгэмдээ үйлчлэх юм бол бид дэлхийд ямар их сайн зүйлийг хийж чадахыг төсөөлөөд үз дээ.

Иаковын илгээсэн бичигт үйлчлэл нь цэвэр ариун бөгөөд бузартаагүй жинхэнэ шүтлэгийг тодорхойлдог гэсэн байдаг (Иаков 1:27-г үз).

Бид дэлхий даяар Сүмийн гишүүдийн өгч байгаа үйлчлэлийн талаар ялангуяа гал түймэр, үер, хар шуурга, хуй салхи гэх мэт хүнд хэцүү хямралын үед өгсөн Хүмүүнлэгийн үйлчлэлийн талаар уншдаг. Гэнэтийн аюулын үед өгөх эдгээр хамгийн хэрэгтэй, хамгийн талархалтай хариу үйлдлүүд нь нэг нэгнийхээ ачааг хөнгөн байлгах замаар зайлшгүй үргэлжлэх ёстой. Гэвч бидний өдөр тутмын амьдрал яах вэ? Бусдыг гэсэн Христийн чин сэтгэлийн хайраараа дамжуулан өдөр бүр бидний хийдэг хэдэн сая жижиг нигүүлсэнгүй үйлдлийн нэгдсэн хүчин чармайлт яах вэ? Цаг хугацаа өнгөрөх тусам Түүний хайрын тусгалаар, Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрт биднээр дамжуулан тэдэнд хүрэх хүчин чармайлт өөрчлөгдөх болно. Бидний зовлон түгшүүртэй дэлхийд Христийн энэхүү хайр нь өнөөдөр урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр илүү их хэрэгтэй байгаа бөгөөд ирэх жилүүдэд улам их хэрэгтэй байх болно.

Эдгээр энгийн, өдөр тутмын үйлчлэлийн үйлдлүүд нь ганц нэгээрээ тийм их зүйл биш мэт санагдаж болох ч харин нэгтгэн хамтад нь харахад яг л ганц зөгийн үүрэндээ хандивласан цайны халбаганы арванхоёрны нэгтэй тэнцэх балтай адилхан болдог. Бурхан ба Түүний хүүхдүүдийг хайрлах хайрын хүч бидэнд бий. Энэ хайр нь Христтэй адил сайхан сэтгэлийн олон сая үйлдлүүдэд мэдэгдэхүйцээр тунхаглагдах үед амьдралыг тэтгэгч итгэл, найдвар мөн энэрлийн балаар дэлхийг тэжээн, сайжруулах болно.

Өөрт байгаа бүхнээ зориулсан тэрхүү ажилч зөгийн адил бүхнээ зориулах байдлыг зан төлвийнхөө нэг хэсэг болгохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Бидний олонхи нь Сүмийн цуглаануудад хичээнгүйгээр оролцож, ялангуяа Ням гарагт дуудлагууддаа шаргуу ажилладаг. Мэдээж энэ нь магтууштай зүйл. Гэхдээ бидний оюун санаа, зүрх сэтгэл долоо хоногийн бусад өдрүүдэд сайн зүйлст бүрэн зориулагдаж байна уу? Бид зүгээр л өөрсдийн үүргээ гүйцэтгээд явна уу эсвэл бид Есүс Христийн сайн мэдээнд үнэнээр хөрвөгдсөн байна уу? Оюун бодолдоо ургуулсан итгэлийн үрийг бодгалийнхаа шим тэжээлтэй хөрсөнд гүн суулган, ургуулж чадаж байна уу? Бидний мөнхийн аз жаргал, энх амгалан байдалд зайлшгүй чухал шаардлагатай Алмагийн хэлсэн тэрхүү зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг бид хэрхэн хийх вэ? (Алма 5:12–21-г үз).

Зөгийн бал нь зөвхөн мөнх бус амьдралыг тэтгэх бүхий л хэрэгцээт бодисуудыг агуулдаг гэдгийг санацгаа. Харин Христийн сайн мэдээ ба сургаал нь мөнхийн амьдралыг олж авах цорын ганц зам мөн. Зөвхөн бидний гэрчлэл маань оюун бодол, зүрх сэтгэлд маань гүн суусан үед л бидний бусдыг хайрлах, бусдадаа үйлчлэх хүсэл тэмүүлэл Аврагчийнхтай адил болох болно. Тийм ээ зөвхөн тэгж байж л бид Сүнсний эрх мэдлээр ойр дотныхоо хүмүүсийн зүрх сэтгэлд хүрсэн гүн хөрвөгдсөн Христийн шавь нар болох билээ.

Бидний зүрх сэтгэл энэ дэлхийн зүйлүүд дээр тавигдаагүй үед л бид хүмүүсийн хүндэтгэл хүлээхийг эрмэлзэхгүй, бардамналыг өөгшүүлэхийг эрэлхийлэхгүй (С ба Г 121:35–37). байх болно. Түүний оронд бид Христтэй адил чанаруудыг өөртөө хүлээн авах ёстойг Есүс заасан:

  1. Бид эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, мөн тэсвэр тэвчээртэй (С ба Г 121:41-г үз).
  2. Бид нинжин сэтгэл, мөн цэвэр мэдлэгээр энэ нь зусардалтгүйгээр мөн заль мэхгүй (С ба Г121:42-г үз).
  3. Бид бүх хүмүүсийн төлөө энэрлийг мэдэрдэг (С ба Г 121:45-г үз).
  4. Бидний бодол санаа үргэлж ариун журамтай байдаг (С ба Г 121:45-г үз).
  5. Бид хилэнцийг хийх хүсэлгүй болсон (Мозая 5:2-г үз).
  6. Ариун Сүнс нь бидний байнгын хамтрагч ба санваарын номлол тэнгэрээс буух шүүдэр лугаа адил чиний сүнсэн дээр намуухан буух болно (С ба Г 121:45–46-г үз).

Ах эгч нараа, тэгэхээр одоо би шашныг хэт хөөрөн дуурайх эсвэл улайран бишрэх явдлыг урамшуулан дэмжиж байгаа юм биш шүү. Ерөөсөө ч тийм биш! Би ердөө л бид итгэж байгаа зүйлдээ байнга тууштай, шударгаар үйлдэж, амьдрахын тулд сургаалуудыг зүрх сэтгэл болоод бодгальдаа гүн уусган шингээснээр Христийн сайн мэдээнд хөрвөхөд маань зайлшгүй хэрэгтэй дараах алхмыг хийхийг санал болгож байна.

Энэхүү шударга байдал нь бидний амьдралыг хялбарчилж, Сүнс болон бусдын хэрэгцээг мэдрэх чадварыг маань өсгөн нэмэгдүүлдэг. Энэ нь бид нүглээ наманчилж, Түүний тушаалуудыг сахиж, Аврагчийг дагах үед ирдэгтэй адил тийм л баяр баясгаланг амьдралд, тийм л амар амгаланг бодгальд маань авчирдаг.

Энэ өөрчлөлтийг бид хэрхэн хийх вэ? Христийн энэ хайрыг зүрх сэтгэлдээ хэрхэн шингээх вэ? Сүмийн гишүүн нэг бүрийн хувьд үүний дотор хөвгүүд ба охид, залуу эрэгтэйчүүд ба залуу эмэгтэйчүүд, ганц бие насанд хүрэгчид ба эцэг эхчүүд та нарын амьдралд өөрчлөлт оруулах нэгэн энгийн өдөр тутмын зуршил болгох зүйл байдаг.

Энэхүү энгийн зуршил бол: өглөө бүр залбирахдаа, Тэнгэрлэг Эцэгээс Түүний хайртай хүүхдүүдийн нэгэнд үйлчлэх боломжийг таньж мэдэхэд удирдахыг залбиран гуй. Тэгээд өдрийн турш хайр болон итгэлээр дүүрэн зүрх сэтгэлтэйгээр тусламж хэрэгтэй хэн нэгнийг олохоор яв. Яг л ажилч зөгийнүүд аль цэцэгнээс бал цуглуулах вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг шиг анхаарлаа төвлөрүүл. Хэрэв та нар үүнийг хийх юм бол сүнслэг мэдрэмжүүд тань тэлэн нэмэгдэж, урьд нь хэзээ ч боломжгүй мэт байсан үйлчлэх боломжуудыг та нар олж нээх болно.

Ихэнх тохиолдолд Тэнгэрлэг Эцэг өөр нэгэн хүний залбирлыг биднээр, та нараар бас надаар, бидний эелдэг зөөлөн үгсээр мөн үйлээр, бидний үйлчлэлийн болон хайрын энгийн үйлдлээр дамжуулан өгдөг хэмээн Ерөнхийлөгч Томас С. Монсон бидэнд заасан.

Мөн Ерөнхийлөгч Спенсер В.Кимбалл: “Бурхан биднийг ажиглаж мөн Тэр биднийг харж хамгаалдаг. Гэхдээ ер нь Тэр бидний хэрэгцээг өөр хэн нэгнээр дамжуулан өгдөг. Тийм учраас бие биендээ үйлчлэх нь амин чухал зүйл юм” хэмээн хэлсэн. (Сүмийн Ерөнхийлөгчдийн захиас:: Спенсер  В. Кимбалл [2006], 82).

Хэрэв та нар үйчлэлийг өдөр бүр гэр орондоо, сургууль дээрээ, ажил дээрээ, мөн Сүм дээр хийх юм бол Сүнс та нарыг хөтлөн, зөвхөн та нарын өгч чадах тодорхой үйлчлэл хэрэгтэй хүмүүсийг ялгаж мэдэхэд тань туслах болно. Та нар Ариун Сүнсээр өдөөгдөж, дэлхийд Христийн цэвэр хайр болон Түүний сайн мэдээний нөлөөг үзүүлэхээр гайхалтайгаар зоригжих болно.

Жижигхэн ажилч зөгий цайны халбаганы арванхоёрны нэгтэй тэнцэх балыг үүрэндээ хандивладаг шиг Христтэй адил үйлчлэлээр дамжуулан Бурханы хайрыг Түүний хүүхдүүдтэй хуваалцах хүчин чармайлтаа арван мянга дахин бүр хэдэн сая дахин залбиралтайгаар нэмэх юм бол энэ илүү харанхуй, нүгэлтэй болж байгаа дэлхийд Христийн Гэрлийг авчирах сайны нөлөө түргэн өсөх болно. Нэгдмэл байснаар бид гэр бүлдээ, ганцаардмал нэгэнд, ядууст, сүнслэг болон сэтгэл санааны хувьд гэмтэж бэртсэн нэгэнд мөн үнэн ба амар амгаланг хайж байгаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд хайр ба энэрлийг авчирах болно.

Ах эгч нараа, өдөр бүр ямар нэгэн утга учиртай үйлчлэлийг, үүний дотор сайн мэдээний үнэн мөн өөрсдийн гэрчлэлээ хуваалцах үйлчлэлийг өгөх хэн нэгнийг олох сүнслэг өдөөлтийн төлөө залбирцгаая. Өдөр бүрийн эцэст, “Өнөөдөр би энэ дэлхийд ямар нэгэн сайн үйлийг хийсэн үү? Тусламж хэрэгтэй хэн нэгэнд тусалсан уу?” (Hymns, 223) гэсэн асуултанд “тийм” хэмээх хариултыг хэлэх боломжтой байцгаая хэмээн би даруухнаар залбирч байна.

Энэ бол Бурханы ажил. Бүхнээ зориулсан тэдгээр жижигхэн ажилч зөгийнүүд шиг өөрсдийн ажлыг итгэлтэйгээр хийцгээе хэмээн даруухнаар Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.