Зориг, хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг бай

Бишоп Гари  И. Стивенсон

Тэргүүлэх Бишоп


2000 залуу дайчны адил, зохистой санваартнуудын хувьд зоригтой баатарлаг байж, өөрсдийгөө бэлэн байлгаарай.

Энэ үдэш би залуу эрэгтэйчүүдэд, энэхүү санваартны хуралдаанд оролцохоор дэлхий даяар цугларсан Аароны санваартнуудад хандан бишопын хувьд ярьж байгаадаа их адислалыг онцгойлон мэдэрч байна. Мормоны Номноос, Хиламан болон түүний 2000 залуу дайчны талаар өгүүлсэн түүхийг би та нартай хуваалцъя. Энэхүү судар нь, эртний эдгээр залуу эрэгтэйчүүдийн зан чанарыг ойлгоход тусалдгаас гадна өнөө үеийн залуу эрэгтэйчүүд та нарт урам зориг өгдөг билээ. Би дуртай судраасаа эш татъя: “Мөн тэд бүгд залуу эрс мөн тэд зориг мөн түүнчлэн хүч чадал хийгээд эрч хүчээрээ үлэмж баатарлаг байв; гэвч болгоогтун, энэ нь бүгд бус—тэд … цаг ямагт үнэнч эрс байлаа.”1 Зориг, хүч чадал, эрч хүч ба үнэн –эдгээр нь ямар хүсүүштэй шинж чанарууд билээ!

Би тэрхүү залуу дайчдыг дүрсэлсэн эхний шинж чанар болох “зоригоор баатарлаг” гэдэг үгэн дээр анхаарал төвлөрүүлэхийг хүсч байна. Миний хувьд эдгээр үгс сайхь залуу эрэгтэйчүүд зөв зүйлийг зоригтойгоор хийснийг, өөрөөр хэлбэл Алмагийн хэлснээр “ямар ч цагт мөн … хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох”2 тууштай байдлыг харуулсан юм. 2000 залуу дайчдад эрэлхэг зоригоо харуулах тоо томшгүй олон мөч тохиосон юм. Та бүгдэд ч гэсэн зоригтой байхыг шаардсан чухал мөчүүд амьдралд тань тохиолдох болно. Миний найз Жон амьдралынхаа тийм мөчүүдийн нэгийг надтай хуваалцсан юм.

Хэдэн жилийн өмнө Жон, Япон улсын нэр хүндтэй нэгэн их сургуулиас элсүүлснийг нь гэрчилсэн мэдээ хүлээн авчээ. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бусад олон шилдэг оюутнуудтай хамт олон улсын оюутны хөтөлбөрт оролцохоор болоод байв. Зарим нь хэл соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийг зорилгоо болгон ирсэн байхад, зарим нь үүнийг яваандаа Японд мэргэжил эзэмшин үлдэхэд анхны алхам болно хэмээн үзэж байв. Гэхдээ бүгдээрээ харийн нутагт суралцахаар ар гэрээ орхин ирцгээсэн ажээ.

Жоныг тэнд очсоных нь дараахан, нэг айлын хувийн байрны дээвэр дээр үдэшлэг болох гэж байгаа тухай мэдээ гадаад оюутнуудын дунд тархсан байлаа. Тэр орой, Жон хоёр найзынхаа хамт зарлагдсан хаягаар нь хүрч очсон байна.

Жон найзуудынхаа хамт байрны дээд давхар хүртэл цахилгаан шатаар яваад, тэндээсээ нарийхан шатаар өгсөн дээвэр дээр гарч, бусад зочидтой яриа хөөрөө өрнүүлжээ. Гэвч шөнө орой цаг өнгөрөх тусам уур амьсгал өөрчлөгдөж, чимээ шуугиан, чанга дуу хөгжим, архи дарс нэмэгдсэн ба Жоны санаа зовох байдал бас нэмэгджээ.. Марихуана хар тамхийг нийтээрээ хэрэглэх гэж хэн нэгэн нь оюутнуудыг том тойрог болгон зогсоож эхэлсэн гэнэ. Жон ярвайн, хоёр найздаа явах цаг боллоо гэж хэлжээ. Тэдний нэг нь бараг шоолох шахуу, “Жон, энэ чинь амархан шүү дээ – цөмөөрөө зүгээр тойрогт нь ороод зогсчихъё, тэгээд бидний татах ээлж болоход, бид таталгүйгээр дараагийнхаа хүнд дамжуулчихна. Бусдын нүдэн дээр эндээс явж, өөрсдийгөө эвгүй байдалд оруулаад яах вэ!” гэжээ. Энэ нь Жонд амархан сонсогдсон ч, зөв сонсогдоогүй. Жон бодлоо эрсхэн хэлээд, тэндээс даруйхан явах ёстойгоо мэдэж байлаа. Хэдэн хормын дотор, тэр зориг гарган, бусад нь хүссэнээрээ үйлдэж болно, гэхдээ би явлаа гэж хэлэхэд нэг найз нь үлдэхээр шийдээд, тойрогт оржээ; нөгөө найз нь Жоныг дурамжханаар даган цахилгаан шатанд суухаар шатаар уруудан буусан байна. Цахилгаан шатны хаалга онгойход, Япон цагдаагийн офицерууд цувран гарч, дээвэр дээр гарах шатаар өгсөн гүйлдэхэд тэд ихэд гайхсан гэнэ. Жон, найзтайгаа хамт цахилгаан шат руу орж, доошоо буужээ.

Цагдаа нар шатаар гарч ирэхэд, уг оюутнууд хууль бус хар тамхиа, баригдахгүйн тулд тэр даруйд дээврээс шидсэн гэнэ. Гэсэн ч, цагдаа нар шат руу гарах гарцыг хаагаад, бүх оюутнуудыг зэрэгцүүлэн зогсоож, нэг бүрийг нь хоёр гараа дэлгэн харуулахыг шаардлаа. Тэгээд эгнээний дагуу явж, оюутан бүрийн эрхий болон долоовор хурууг анхааралтайгаар үнэрлэсэн гэнэ. Татсан байсан эсэх нь хамаагүй, марихуана хар тамхийг барьсан хүн болгон бүгдээрээ буруутгагдаж, хатуу шийтгэл амссан. Дээвэр дээр үлдсэн оюутнууд бараг бүгдээрээ элссэн их сургуулиасаа хасагдсан байна. Гэмт хэрэгтэйгээр буруутгагдсан хүмүүс, Японоос хөөгдсөн байх. Боловсролын мөрөөдөл, олон жилийн бэлтгэл, Японд ирээдүйд ажил олж болох боломж бүгд л ганцхан хормын дотор замхран алга болсон байна.

Би одоо тэр гурван найзад юу тохиолдсоныг хэлье. Дээвэр дээр үлдсэн найз нь, элсэхийн тулд маш их хичээж, шаргуу хөдөлмөрлөн байж орсон Японы тэр их сургуулиасаа хөөгдөж, гэр рүүгээ буцахаас аргагүй болсон гэнэ. Тэр шөнө Жонтой хамт уг үдэшлэгийг орхин гарсан найз нь Японд сургуулиа төгсөөд Америкийн Нэгдсэн улсын хамгийн шилдэг хоёр сургуульд үргэлжлүүлэн суралцаж, мэргэжил эзэмшжээ. Мэргэжил нь түүнийг Ази руу буцааж аваачсан бөгөөд тэр тэнд мэргэжлээрээ гарамгай амжилт гаргасан ажээ. Тэр өнөө хүртэл Жонд, тэр нэгэн шөнө үлгэр дууриал болохуйц зориг гаргасанд баярлан, талархаж явдаг ажээ. Жоны хувьд, түүний амьдрал дахь үр дагавар нь хэмжээлшгүй байсан. Тэр, уг жилийг Японд өнгөрөөснөөр аз жаргалтайгаар гэрлэж, мөн хоёр хүүтэй болсон. Тэрбээр гарамгай бизнесмен болсон төдийгүй саяхан Японы нэгэн их сургуульд профессороор ажиллах болжээ. Тэр чухал орой, Японд уг үдэшлэгийг орхин явах зориг гаргаагүй бол түүний амьдрал хэрхэн өөрчлөгдөх байсныг төсөөлөөд үз дээ .3

Залуу эрэгтэйчүүд ээ, Жоны адил, үе тэнгийнхнийхээ дунд, тэдний нүдэн дээр зориг гарган, зөв сонголт хийх хэрэг та нарт гарч магадгүй. Ийнхүү зориг гаргасны тань төлөө та нарыг шоолж, дорд үзэн доромжилж болох л юм. Үүнээс гадна,өнөө үед та нарын муу мухайтай тэмцэх тэмцэл дэлгэцийн өмнө, ганцаархнаа байхад тань явагдах болно. Бидэнд ач тусаа өгч байгаа технологи та нарын өмнөх үеийнхэнд байгаагүй асуудлуудыг бас дагуулж байна. Үндэсний явуулсан судалгаагаар, өнөөгийн өсвөр насныхан зөвхөн сургууль дээрээ төдийгүй бас интернет дээр түгшүүр төрүүлэм их хэмжээгээр уруу татагдаж байдгийг тогтоожээ. Архи, хар тамхи хэрэглэж байгааг олон нийтийн интернет сүлжээнээс байнга харж байдаг өсвөр насныхан бусадтай харьцуулахад архи, тамхинд орох магадлал нь гурваас дөрөв дахин өндөр байдаг байна гэж уг судалгаа харуулсан байна. “Бидэнд нүүрэлдэг дарамт шахалтууд дээр нэгэн цоо шинэ–технологийн дарамт шахалт-нэмэгдсэнийг энэ жилийн судалгаа харууллаа. Технологийн дарамт шахалт хүүхдүүдийг найз нөхөд, мэддэг хүмүүсээс нь илүү ихээр дарамталж байна. Энэхүү дарамт нь гэр орон, хүүхдийн тань өрөөнд интернетээр дамжин орж ирдэг юм.”4 гэж уг судалгааны талаар Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын нэгэн нарийн бичгийн дарга хэлсэн байна. Товчлуурыг дарах уу болих уу гэдэг дээр л шударга зоригт байдлаа үзүүлэх хэрэг гарна. Миний Сайн Мэдээг Номло номонд: “Ганцаараа байхдаа, хэн ч хараагүй гэж бодож байгаа үедээ юуны талаар бодож мөн юуг хийх тань та нарын ариун журмын хэмжүүр юм”5 гэж номлогч нарт заадаг. Зоригтой бай! Хүчтэй бай! “Та нар ариун газруудад зогс мөн бүү хөдөл”6 .

Залуу эрэгтэйчүүд ээ, Их Эзэн та нарт хүчийг өгөх болно гэж би амлаж байна. “Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүчний …сүнсийг өгсөн.”7 Тэр зоригт байдал мөн шударга зан чанарын тань төлөө, та нарыг аз жаргал болон баяр баясгалангаар шагнах болно. Тийм зоригт байдал нь Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх та нарын итгэл, та нарын залбирал болон зарлигуудад дуулгавартай байсны тань үр дүн болон ирэх болно.

Ерөнхийлөгч Н. Элдон Таннер: “Сургуулийн тоглоомын талбай дээр ганц залуу хөвгүүн л сайны агуу нөлөөг үзүүлж чадна. Сайн мэдээний дагуу амьдарч, санваараа хадгалж, зөв зүйлийн төлөө зогсож байгаа нэгэн залуу эрэгтэй, хөл бөмбөгийн баг, сургууль, эсвэл хамт ажиллагсдынхаа дунд тоолшгүй олон сайн зүйлийг үйлдэж чадна. Заримдаа та нар, өөрсдийн тань адил итгэлтэй тэднээс хүртэл, та нарын зөвийг үйлдэж байгааг нь хүндэлж байгаа тэднээс ч, доромжлол шүүмжлэлийг авах болно. Аврагч бат бөх итгэлээсээ ухарч няцахгүй байсан болохоор л түүнийг тамлаж, шоолон доромжлон, нулимж, мөн эцэст нь цовдолсон гэдгийг санаарай. Хэрвээ тэр бууж өгөн, “Өө, хэнд хэрэгтэй юм бэ дээ?” гээд зорилгоосоо ухарч няцсан бол юу тохиох байсан талаар та нар ер нь бодож үзэж байсан уу? Бид нар бууж өгөгч байхыг хүсч байна уу, эсвэл дэлхий дээрх бүх л хилэнц, сөрөг хүчнээс үл хамааран зоригтой үйлчлэгч байхыг бид хүсч байна уу? Зөв зүйлийн төлөө зогсох зоригтой байж мөн Христийн чин үнэнч, итгэлт дагагчдын тоонд орцгооё”8 гэж хэлсэн байдаг.

2000 залуу дайчны адил, зохистой санваартнуудын хувьд зоригтой баатарлаг байж, өөрсдийгөө бэлэн байлгахад би та нарыг урьж байна. Юу хийж, хаашаа явж, юуг үзэж харж байгаа тань хэн болохыг тань тодорхойлох болно гэдгийг санаарай. Чи хэн болохыг хүсч байна вэ? Зохистой дикон, зохистой багш, зохистой прист болоорой. Зохих насандаа дараагийнхаа ёслолыг хүлээн авахад мөн яваандаа Мелкизедек Санваарыг хүлээн авахдаа зохистой байна гэсэн зорилгыг, мөн ариун сүмд орох зохиостой байна гэсэн зорилгыг өөртөө тавиарай. Энэ нь тэнгэрлэг тусламжийг урих зөв шударга байдлын зам юм шүү. Их Эзэн, “Үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг” хэмээн хэлдэг.9

Бурханы өмнө хүлээх үүрэг болон Залуучуудын бат бөх байдлын төлөө гарын авлагуудад байх бошиглолын заалтууд болон эцэг эхчүүд, санваартны удирдагчид тань чамайг зөв зам дээр удирдан дагуулах болно.

Ерөнхийлөгч Томас  С.Монсон саяхан:

“Ухаалаг [шийдвэрийг] гаргахад, зориг, үгүй гэж хэлэх зориг, тийм гэж хэлэх зориг шаардагдана …

“Тэнгэр дэх Эцэгтэйгээ үүрд мөнхөд амьдрах тэр зорилгод тань хүргэх тэр замаасаа хазайхгүй байх шийдвэрийг яг одоо гаргаач хэмээн би та нараас гуйж байна”10 гэж зөвлөсөн билээ.

2000 дайчид, удирдагч Хиламаныхаа байлдааны дуудлагыг сонсон, зоригт баатарлаг байдлаа харуулсан шиг, та нар ч гэсэн, бошиглогч удирдагч, Ерөнхийлөгч Томас С. Монсоныг дагаснаар зоригт баатарлаг байдлаа харуулж бас чадна.

Аароны санваартан залуучууд аа, би Бурхан Эцэг болон Есүс Христийн талаарх гэрчлэлээ өргөж, Иосеф Смитийн “Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах дүүс минь тэгээд ялалт өөд улам бүр ахь!”11 гэж хэлснээр яриагаа өндөрлөе. Есүс Христийн нэр дээр, Амен.

Show References

  1.  

    1.  Алма 53:20.

  2.  

    2.  Мозая 18:9.

  3.  

    3. Үг хэлэгчид ярьсан хувь хүний түүх

  4.  

    4. Иосеф А. Калифано, Жюнер, CASA Columbia байгууллагыг үүсгэн байгуулагч мөн дарга байсан, уг судалгааг CASA хэвлэлд шилжүүлсэн, www.casacolumbia.org.

  5.  

    5.  Миний Сайн Мэдээг Номло : Номлогчийн Үйлчлэлийн талаарх удирдамж (2004), 118.

  6.  

    6.  Сургаал ба Гэрээ 87:8.

  7.  

    7.  2 Тимот 1:7.

  8.  

    8. Н. Элдон Таннер, “For They Loved the Praise of Men More Than the Praise of God,”Ensign,1975 оны 11 сар, 74–75.

  9.  

    9.  Сургаал ба Гэрээ 84:20.

  10.  

    10. Томас С. Монсон, “The Three Rs of Choice,” Лиахона болон Ensign, 2010 оны 11 сар, 67–70.

  11.  

    11.  Сургаал ба Гэрээ 128:22.