“Би амьд учраас, Та нар ч мөн амьд”

Ахлагч Шэйн М.Боуэн

Далын гишүүн


Бидний Аврагч Есүс Христийн учир уй гашуу, ганцаардал, цөхрөл нэг л өдөр бүрэн дүүрэн баяр баясгалангаар солигдох болно.

Чилид залуу номлогчоор үйлчилж байхдаа,би ам бүл долуулаа нэгэн гэр бүлтэй уулзсан билээ. Ээж нь таван хүүхдийн хамт долоо хоног бүр цуглаанд ирж оролцдог байсан юм. Бид тэднийг Сүмийн гишүүд болоод удаж байгаа гэж боддог байв. Нэлээд хэдэн долоо хоногийн дараа бид тэднийг баптисм хүртээгүй болохыг нь олж мэдэж билээ.

Бид тэр даруй мөнөөх гэр бүлтэй холбоо барьж гэрт нь очиж тэдэнд хичээл зааж болох эсэхийг лавлан асуулаа. Аав нь сайн мэдээний талаар суралцах хүсэлгүй байсан ч өөрийн гэр бүлдээ заалгахад эсэргүүцэл үзүүлээгүй билээ.

Хичээлийн явцад Рамирез эгч маш эрчимтэй сүнслэг байдлаар өсч байв. Тэр бидний заасан бүх сургаалуудыг тун идэвхийлэн сурч байлаа. Нэгэн үдэш бид нялх хүүхдүүд баптисм хүртдэг эсэх талаар ярилцаж, тэд гэм зэмгүй учир баптисм хүртэх шаардлагагүй тухай заав. Бид түүнээс Моронайн номноос дараах үгсийг уншихыг хүссэн юм:

“Болгоогтун энэ зүйлийг та нар заах болно гэдгийг би чамд хэлье—хариуцлага хүлээх мөн нүгэл үйлдэж чадахуйц тэдэнд наманчлал мөн баптисмыг; тийм ээ, тэд наманчилж мөн баптисм хүртэн, мөн бага насны хүүхдүүдийнхээ адил өөрсдийгөө даруухан болгох ёстой, тэгвэл тэд бүгдээр бага насны хүүхдүүдийнхээ хамт аврагдах болно гэдгийг эцэг эхчүүдэд заагтун.

“Мөн тэдний бага насны хүүхдүүдэд наманчлал ч, бас баптисм ч огт хэрэггүй болой. Болгоогтун, нүглийн ангижралыг авах зарлигуудыг биелүүлэхийн тулд баптисм нь наманчлалд хүргэдэг.

“Гэвч бага насны хүүхдүүд бүр дэлхийн үүслээс Христээр амьд; хэрэв тийм бус аваас, Бурхан нь ялгаварладаг Бурхан, мөн түүнчлэн хувирамтгай Бурхан, мөн нүүр тал харагч болно; учир нь хэчнээн олон бага насны хүүхдүүд баптисмгүйгээр нас нөгчсөн билээ !”1

Энэ судрыг уншсаныхаа дараа Рамирез эгч учир зүггүй уйлж эхлэв. Хамтрагч бид хоёр ихэд сандарцгаав. Би түүнээс, “Рамирез эгчээ, бид таныг гомдоох ямар нэгэн зүйл хэлж эсвэл хийчихэв үү?” гэж асуув.

Тэр өгүүлрүүн: “Өө үгүй ээ, Ахлагч аа, та нарт ямар ч буруу байхгүй. Зургаан жилийн өмнө би нэг нярай хүүтэй байсан юм л даа. Бид түүнд баптисм хүртээхээс өмнө тэр маань өөд болчихсон юм. Нэгэн санваартан лам түүнийг баптисм хүртэж чадаагүй тул мөнхөд хоёр ертөнцийн заагт үлдэх болно гэсэн билээ. Зургаан жилийн турш би тэр зовлон, гэмийг үүрсээр ирсэн. Энэ судрыг уншсаны дараа би Ариун Сүнсний хүчээр энэ бол үнэн гэдгийг мэдэж байна. Нуруунаас маань хүнд ачаа авагдсан мэт санагдсан болохоор би баярын нулимс унагаж байна”гэлээ.

Түүний хэлсэн үг надад бошиглогч Иосеф Смитийн заасан дараах тайтгаралын сургаалыг санагдуулсан юм: “Их Эзэн олныг бүүр тэдгээр нялх хүүхдүүдийг ч магадгүй хүмүүсийн атаархал, одоогийн энэ дэлхийн харуусал, бузар муухайгаас зугтаалгахын тулд, мөн тэд дэлхийд амьдрахад хэтэрхий цэвэр, хайр булаам байсан учраас өөртөө эргүүлэн авдаг. Зөв талаас нь бодож үзвэл, тэдний араас гашуудахын оронд бузар муугаас холдсоных нь төлөө баярлах шалтгаан бас бидэнд байгаа шүү. Бидэнд хэзээд тэдэнтэй уулзах цаг тохиох болно.”2

Бараг тэвчихийн аргагүй зовлон шаналал, уй гашуугаар зургаан жилийн турш зовсны эцэст Тэнгэр дэх хайрт Эцэгийн маань амьд бошиглогчоор дамжуулан илчлэгдсэн үнэн сургаал энэ тарчлан зовсон эмэгтэйд гайхамшигт амар амгаланг авчирчээ. Рамирез эгчид найм болон түүнээс дээш настай хүүхдүүдтэйгээ баптисм хүртсэн тухайд зүйрлэж хэлэхийн аргагүй байсан буй за.

Би энэ тухай болон Есүс Христийн сайн мэдээний дахин сэргээгдсэн энгийн бөгөөд үнэт үнэнүүдийн тухай мэдлэгтэй болсондоо зүрх сэтгэлдээ хэчнээн их талархаж байгаа талаар гэр бүлийнхэндээ бичсэнээ санаж байна. Энэ гайхамшигтай үнэн зарчим ирээдүйн он жилүүдэд маань надад эргэн ирж Гилийдайгийн гавар байхаа батална гэж би хэзээ ч төсөөлөөгүй билээ.

Би хүүхдээ алдаад “Яагаад би гэж?” гэж асуух эсвэл, магадгүй Тэнгэр дэх хайрт Эцэгтээ итгэх өөрийн итгэлдээ эргэлзэж буй тэдгээр хүмүүст хандан ярихыг хүсч байна. Би өөрийгөө Ариун Сүнсний хүчээр ямар нэг хэмжээгээр найдвар, амар амгалан, мөн ойлголтыг авчраасай хэмээн залбирч байна. Би хувьдаа бүх зүйлсийг мэддэг мөн бидний гай зовлонг туулж үзсэнээр нь Түүнийг мэдэж бас хайрлаж мөн Түүнгүйгээр бидэнд юу ч байхгүй гэдгийг ойлгоосой хэмээдэг Тэнгэр дэх хайрт Эцэгтээ итгэх итгэлийн тань сэргээлтийг авчрах зэмсэг нь байхыг хүсч байна.

1990 оны хоёрдугаар сарын 4-нд манай гурав дахь хүү буюу зургаа дахь хүүхэд маань мэндэлж, бид түүнд Тайсон гэдэг нэр өгсөн юм. Тэр хөөрхөн бяцхан хүү байсан бөгөөд бид гэр бүлээрээ түүнийг зүрх сэтгэлээсээ гар дэлгэн хүлээн авч билээ. Түүний ах эгч нар нь түүгээр маш их бахархаж байлаа. Бид бүгд түүнийг хамгийн төгс төгөлдөр бяцхан хүү гэж бодож байсан юм.

Тайсон найман сартай байхдаа хивсэн дээрээс олсон шохойны хэлтэрхийг залгичихсан юм. Шохой Тайсонгийн хоолойд тээглээд тэр амьсгалж чадахгүй байв. Түүний ах Тайсонг дээд давхарт аваачин, “дүү амьсгалахгүй байна, дүү амьсгалахгүй байна” хэмээн бачимдан хашгирч байлаа. Бид хиймэл амьсгал хийж, тэр даруй түргэн тусламж дуудав.

Түргэн тусламж ирэн Тайсонг эмнэлэг рүү яаралтай авч явав. Хүлээлгийн өрөөнд сууж байхдаа хичээнгүйлэн залбирлаа үргэлжлүүлэн Бурханаас бидэнд гайхамшиг үзүүлэхийг гуйж байлаа. Амьдрал зогсчих шиг санагдсан тэр мөчид эмч өрөөнд орж ирээд, “Намайг уучлаарай. Бид чадах бүхнээ хийсэн. Та нар одоо түүний байгаа өрөө рүү орж болно” гэж хэлээд гараад явав.

Бид Тайсонгийн хэвтэж байсан өрөө рүү орж амьгүй болсон бяцхан баяр баясгалангаа харж билээ. Түүний бяцхан биеийг тойрон селестиел цацраг цацарсан байх шиг санагдаж билээ. Тэр маш их гэгээлэг, цэвэр тунгалаг байсан юм.

Тэр мөчид л энэ ертөнцийн төгсгөл ирсэн юм шиг санагдаж билээ. Бид гэрт үлдсэн хүүхдүүддээ буцаж очоод, Тайсоны гэртээ ирэхгүй болсныг хэрхэн тайлбарлах билээ?

Би энэ тохиолдлын дараах хэсэгт зөвхөн өөрийнхөө мэдрэмжийн тухай ярих болно. Би энэ зовлон зүдгүүрийг тэнгэр элч мэт өөрийн эхнэртэйгээ хамт туулсан ч, би эх хүний сэтгэлийг илэрхийлэхдээ тааруухан учир хэлэх гэж оролдохын ч хэрэггүй биз ээ.

Амьдралынхаа тэр үед мэдэрч байсан олон янзын мэдрэмжүүдийг дүрслэн хэлэх боломжгүй юм. Надад ихэнхдээ маш эвгүй хар дарсан зүүд шиг санагдах агаад тун удалгүй сэрмэгц мөнөөх хар дарсан зүүд алга болох мэт санагддаг байв. Олон шөнөөр би унталгүй өрөө хооронд хэрэн алхаж, хүүхдүүдийнхээ аюулгүй байгаа эсэхэд анхааран шалгаж болгоомжилдог байлаа.

Өөрийгөө буруутгах мэдрэмж нь сүнсийг маань тарчлаан зовоож байлаа. Би өөрийгөө буруутган, бохирлогдсон нэгэн мэт санадаг байв. Би түүний аав байж, түүнийг сэргийлэн хамгаалж чадах ёстой байсан. Би ердөө л энийг эсвэл тэрийг хийчихсэн бол гээд л харамсан боддог байв. Заримдаа тэртээ 22 жилийн өмнө өнгөрсөн тэдгээр мэдрэмжүүд одоо ч зүрх сэтгэлд минь эргэн ирдэг бөгөөд би тэдгээрээс аль болох хурдан салахыг хичээдэг. Учир нь тэд сүйрүүлэх аюултай.

Тайсонг нас барснаас хойш нэг сарын дараа би ахлагч Дийн Л.Ларсентай ярилцлаганд орсон юм. Тэр цаг гарган намайг сонссон бөгөөд би түүний зөвлөмж, хайранд ямагт талархалтай байдаг. Тэрээр, “Би Их Эзэн чамайг бяцхан хүүгийнхээ үхлийн төлөө өөрийгөө шийтгэхийг хүсч байгаа гэж бодохгүй байна” гэж хэлсэн. Би Тэнгэрлэг Эцэгийн хайрыг Түүний сонгосон нэгнээр дамжуулан тийн мэдэрч билээ.

Хэдий тийм ч тарчлаан зовоогч бодлууд маань над руу довтолсоор байсан бөгөөд удалгүй би уур уцаартай болж эхэлсэн. “Энэ шударга бус байна! Бурхан надад яаж ингэж хандаж чадав аа? Яагаад би гэж?” Би үүнийг хүртэхээр юу хийсэн юм бэ? Би бүр намайг тайвшруулахыг оролдож байсан тэдгээр хүмүүст хүртэл уурлаж байв. Би найз нарынхаа, “Би чамд ямар байгааг мэдэж байна” гэж хэлэхэд нь би өөрөө өөртөө, “Чи миний юу мэдэрч байгааг яаж мэдэхэв дээ. Зүгээр л ганцааранг минь орхи” гэж боддог байв. Миний ингэж өөрийгөө өмөөрөх нь удалгүй намайг улам доройтуулна гэдгийг ойлгосон юм. Би өөртөө туслахыг оролдож байсан найз нарынхаа талаар эелдэг бус бодолтой байсандаа өөрөөсөө ичиж байна.

Би өөрийгөө буруутгаж, уурлаж, мөн өөрийгөө өмөөрөх тусам энэ нь намайг дотроос минь идэж байсан тул зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүсэмжлэн залбирдаг байлаа. Маш нандин бөгөөд хувийн тохиолдлуудаар Их Эзэн надад зүрхийг минь шинэчлэн өгч, хэдийгээр хаа нэг ганцаардан шаналдаг ч миний бүхий л үзэл бодол өөрчлөгдсөн юм. Би хэн нэгэнд дээрэмдүүлж байгаа бус харин хэрэв би итгэлтэйгээ батлах юм бол агуу адислалууд хүлээж байгааг мэдсэн билээ.

Миний амьдрал өөрчлөгдөж, горьдлого цөхрөлтэйгөөр өнгөрснөө харж байснаас илүүтэйгээр найдвар дүүрэн ирээдүйг харж чаддаг болсон юм. Би энэ амьдрал төгсгөл биш гэдгийг гэрчилж байна. Сүнсний дэлхий бол бодит юм. Үхлийн дараах амьдралын тухай заасан бошиглогчдын сургаал нь үнэн юм. Энэ амьдрал бол бидний Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих аялалын маань дайран гарах ёстой нэгэн алхам юм.

Тайсон гэр бүлийн маань нэгэн салшгүй хэсэг хэвээр үлдсэн юм. Олон жилийн турш манай гэр бүлд Тайсонгийн нөлөөллийг мэдэгдэхүйцээр мэдрэх боломжийг олгосон Тэнгэр дэх хайрт Эцэгийнхээ энэрэл, нинжин сэтгэлийг харах гайхамшигтай байсаар байна. Би гивлүүр маш нимгэн гэдгийг гэрчилж байна. Хайртай хүмүүсд маань хөшигний нөгөө талд гарахад бидний бие биедээ үнэнч байх, хайр болон гэр бүлийн нэгдмэл байдалд төгсгөл ирдэггүй харин ч эдгээр мэдрэмжүүдийг улам эрчимжүүлж байдаг.

Заримдаа хүмүүс, “Энэ бүгдийг даван туулахад хэр хугацаа хэрэгтэй байсан бэ?” гэж асуудаг. Үнэнийг хэлэхэд бид хагацаж одсон хайртай хүмүүстэйгээ дахин уулзтал хэзээ ч бүрэн дүүрэн даван туулдаггүй. Би Дахин Амилуулалтын эхний өглөө гэр бүл маань бүхлээрээ эргэн нэгдэх хүртэл бүрэн дүүрэн аз жаргалыг мэдрэхгүй юм.

“Учир нь хүмүүн бол сүнс юм. Элементүүд мөнх юм, мөн салшгүй холбогдсон сүнс ба элемент нь баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг;

“Мөн эдгээр нь салахад, хүмүүн баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй.”3

Гэвч энэ хооронд Аврагчийн заасан шиг бид үргэлжлүүлэн зоригтой байж чадна.4

Гашуун бөгөөд бараг тэвчихийн аргагүй шаналал нь биднийг Тэнгэрлэг Эцэг рүүгээ хандан , Түүний төлөвлөгөөний дагуу, Түүний Хүү Есүс Христ, болон Түүний Тайвшруулагч болох Ариун Сүнсээр дамжин ирэх Түүний тайтгаралыг гуйснаар л амтлаг болдог тухайд би тийнхүү суралцсан юм.

Энэ бидний амьдрал дахь ямар дуурсгалт адислал билээ. Хүүхдээ алдчихаад агуу ихээр гашуудах сэтгэл төрөхгүй байх нь эмгэнэлтэй бус гэж үү? Тэнгэр дэх Эцэг минь биднийг гүн гүнзгий хийгээд мөнхөд хайрлах боломжийг олгосонд би Түүнд ямар их талархалтай байна вэ. Би мөнхийн гэр бүлүүдэд ямар их талархалтай байна вэ. Тэр Өөрийн амьд бошиглогчдоороо дамжуулан агуу гэтэлгэлийн төлөвлөгөөг дахин илчилсэнд би ямар их талархалтай байна вэ.

Хайртай нэгнийхээ салах ёслолд оролцоод оршуулгын газраас харихаар явж байхдаа авсыг нь хараад зүрх зүсэгдэх мэт болсон мөчөө эргэн санаарай.

Бидний Аврагч Есүс Христийн учир уй гашуу, ганцаардал, цөхрөл нэг л өдөр бүрэн дүүрэн баяр баясгалангаар солигдох болно гэдгийг би гэрчилж байна. Би Түүнд бид бүхэн найдаж болно гэдгийг гэрчилж байна. Тэрээр хэлэхдээ:

“Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирнэ.

“Хэсэг хугацааны дараа ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна.Би амьд учраас , Та нар ч мөн амьд ”5 гэжээ.

Миний Сайн Мэдээг Номло , номонд хэлсэн байдаг шиг, “Бид Есүс Христийн Цагаатгалд найдвар тавих аваас өөрсдийн зовлон зүдгүүр, өвчин эмгэгийг тэвчихэд Тэрээр бидэнд тусалж чадна. Бид баяр хөөр, амар амгалан хийгээд тайтгаралаар дүүрэн байж болно. Авралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болгогдож болно”6 гэдгийг би гэрчилж байна.

Дахин амилуулалтын дуурсгалт нарлаг эхний өглөө та нарын болон миний хайрт хүмүүс Их Эзэний Өөрийн амласны дагуу булшнаасаа босч ирснээр бид бүрэн дүүрэн баяр баясгалантай болно гэдгийг би гэрчилж байна. Яагаад гэвэл Тэр амьд, тиймээс тэд мөн бид ч амьд байна. Есүс Христийн нэрээр, aмeн.

Show References

  1.  

    1.  Моронай 8:10–12.

  2.  

    2.  Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалууд: Иосеф Смит (2007), 176.

  3.  

    3.  Сургаал ба Гэрээ 93:33–34.

  4.  

    4.  Иохан 16:33-ыг үз.

  5.  

    5.  Иохан 14:18–19.

  6.  

    6.  Миний Сайн Мэдээг Номло: Номлогчийн Үйлчлэлд Зориулсан Удирдамж (2004), 52.