2010–2019
Сайн эцэг эх болох нь
Аравдугаар сар 2012


Сайн эцэг эх болох нь

Сайн эцэг эхчүүдэд Есүс Христийн сайн мэдээг хүүхдүүддээ заахын тулд хэрэгтэй тусламж, дэмжлэгээ авч болох олон арга замууд байдаг.

Энэ зун миний амьдралд онцгой үйл явдал тохиож, би 90 насныхаа ойг тэмдэглэв. Бид амьдралынхаа тодорхой үе шатанд хүрсэн үед, өнгөрсөн үеийн үйл явдлууд, туршлагаа эргэн санах нь, сургамжтай бас ашиг тустай юм. Залуу хүмүүс та нарт 90 нас хүрсэн хүний амьдралын тухай сонсох нь, тийм ч сонин биш санагдаж болох юм. Харин намайг төрөх үед, урт наслахыг маш том амжилт гэж үздэг байсан гэдэг. Намайг урт удаан амьдралаар адисалсан, Тэнгэрлэг Эцэгтээ би өдөр бүр баярлан талархаж явдаг билээ.

Амьдралын минь туршид олон зүйлс өөрчлөгдөж байсан. Би аж үйлвэрийн өрнүүн хөгжлийн болон мэдээллийн эрин зууны гэрч боллоо. Автомашин, телефон, нисэх онгоцыг үй олноор үйлдвэрлэдэг болсон олон шинэ зохион бүтээлтийн үед, миний идэр залуу нас өнгөрсөн юм. Өнөө үед бидний олж, ашиглан, бусадтай хуваалцдаг мэдээлэл бараг өдөр бүр өөрчлөгдөж байна. Бид бүхний амьдардаг дэлхий, ийм түргэн хурдацтайгаар өөрчлөгдөж байгаад, би үнэхээр гайхдаг. Өнөөгийн өөрчлөлтүүдээс олон нь, бидний амьдралыг сайжруулах боломжтой мэт өнгө аясаараа сэтгэл татна.

Бидний эргэн тойронд болж байгаа түргэн өөрчлөлтүүдийн дунд, Есүс Христийн сайн мэдээний үнэ цэнэ хэзээ ч алдагдахгүй байхын төлөө, бид чин сэтгэлээсээ залбирч, шаргуу ажиллахыг хичээдэг билээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлсээс зарим нь алга болох аюул, аль хэдийнээ нүүрлээд байна. Дайсны тэргүүн зэргийн зорилго болох гэрлэлтийн ариун байдлыг устгаж, гэр бүлүүдийг сүйрүүлэх явдал нь, аюул нүүрлээд байгаа үнэт зүйлсийн жагсаалтыг тэргүүлж байна. Эдгээр үнэт зүйлс нь, Тэнгэрлэг Эцэгийн хайртай хүүхэд бүрт, сайн нөлөөгөөр өсч хүмүүжих боломжийг олгож, мөнхийн үнэ цэнэтэй бусад зүйлсийг олж авдаг тэрхүү, гэр орныг аюулгүй болгодог билээ.

Манай гэр бүл миний 90 насны ойг тэмдэглэхээр бэлтгэж байсан нь, урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн санаж, үнэлэлт дүгнэлт өгөхөд надад тусалсан юм. Жишээ нь, 70 шахам жилийн тэртээ, Дэлхийн II Дайны үед Номхон далайн Сейпан арал дээрх, Тэнгисийн цэргийн баазаас эцэг эхдээ бичсэн миний нэлээд хэдэн захидлыг, ач охин минь цуглуулж, надтай хуваалцсан юм.

Тэдгээр захидлуудаас нэг нь миний анхаарлыг онцгой татсан юм. Энэ бол 1945 оны, Ээж нарын баярын өдрөөр ээждээ бичсэн, миний захидал байлаа. Хайр энэрлээр дүүрэн аав, ээж хоёр минь, гэр орондоо надад заадаг байсан хичээлүүдээс, сурч мэдсэн зүйлийнхээ төлөө би, тэдэнд, үүрд баярлан талархаж явдгийг минь, та бүхэн ойлгох болов уу гэж найдан, захидлын зарим хэсгийг хуваалцахыг хүсч байна. Аав ээж хоёр маань, гэрлэлт болон үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлэх үйлстээ, тэргүүн зэргийн ач холбогдол өгсөн нь надад, сайн эцэг эхийн үлгэр дууриалал болсон юм.

1945 оны Ээж нарын баярын өдрөөр, ээждээ бичсэн миний захидал ингэж эхэлжээ:

“Хайрт ээжээ,

“Сүүлийн дөрвөн жил би, Ээж нарын баярын өдрийг танаасаа хол өнгөрүүлсэн нь, яасан азгүй хэрэг вэ? Би жил бүр тантай хамт байж, танд хэчнээн их хайртайгаа, таныг хэчнээн их боддогоо танд хэлэхийг хүсдэг ч, дахиад л энэ нь боломжгүй болсон учраас, бодол санаагаа шуудангаар дамжуулан илгээх нь л, миний хийж чадах хамгийн сайн зүйл болоод байна.

“Гайхалтай ээж таны, миний төлөө хийсэн бүхнийг би, бусад жилүүдээс ч илүү энэ жил, ихээр дурсан санаж байна. Хамгийн түрүүнд, миний төлөө таны хийдэг байсан жижиг сажиг зүйлсийг би үгүйлэн санах юм. Би өглөө орноос босохдоо, цэвэрхэн цамц оймс бэлэн байгаа бил үү? гэж огт санаа зовдоггүй байсан. Зөвхөн шургуулга татаж, онгойлгох нь л, миний хийдэг ажил байж. Хоолны цаг болоход, миний дуртай хоолыг хамгийн сайхнаар хийсэн байгаа гэдэгт би, үргэлж итгэлтэй байдаг байлаа. Би шөнө унтахдаа, орны даавуу цэвэрхэн байгаа гэдгийг, мөн надад дээд зэргийн ая тухыг бүрдүүлж өгдөг, бусад зүйлс бүгд зохих ёсоороо байгаа гэдгийг мэддэг байсан. Ийм сайхан гэр оронд амьдарна гэдэг, үнэхээр аз жаргал байлаа.”

Би захидлын эхний хоёр догол мөрийг уншаад, эдгээр үгс үнэхээр сэтгэл уярам сонсогдсоноос, эхэндээ мэл гайхсан шүү. Магадгүй энэ нь, шумуулнаас хамгаалах тороор битүү бүрсэн аяны орон дээр унтаж, майханд амьдарч байсан хүнд, гэр орных нь ая тух үгүйлэгдэж байсных биз ээ.

Ээждээ бичсэн миний захидал цааш ийн үргэлжилсэн аж:

“Гэвч ээж таныгаа хайрлах хайрын мэдрэмжүүд, таны надад үзүүлдэг байсан үлгэр жишээнээс тань ирдэг байсан юм шүү. Бид бага балчир наснаасаа эхлэн, гэр орондоо мэдэрдэг байсан тэрхүү баяр баясгалан нь, таны үлгэр жишээг дагаснаар, бидний амьдралд улам сайхан болсон юм. Биднийг хадан хавцал руу дагуулж явах цагийг, та үргэлж бидэнд гаргадаг байсан. Бид ууланд явган аялахаас эхлээд, бидэнтэй бөмбөг тоглох хүртлэх ямар ч зүйлд, таньд л найддаг байсан. Аав та хоёр амралтанд хэзээ ч хоёулхнаа явдаггүй байлаа. Үргэлж гэр бүлээ авч явдаг байсан. Одоо би гэр орноосоо хол байгаа болохоор, гэр бүлийнхээ амьдралын талаар ярихыг үргэлж хүсдэг. Учир нь гэвэл, бидний гэр орны амьдрал дэндүү сайхан байсан. Миний үйлдэл бүхэн ээж таны зан төлөвийн тусгал байдаг учраас, таны надад зааж сургасан зүйлсээс би ухарч чадахгүй. Нора Сонн Перригийн хүү хэмээн нэрлэгдэхээр зохистой байхын тулд, амьдрал надад хүндхэн сорилтыг бий болгож байна. Би энэ нэрээрээ маш их бахархдаг бөгөөд, энэ нэрээ үргэлж эрхэмлэн дээдэлж явах болно гэдэгт итгэлтэй байна.

“Ирэх жил Ээж нарын баярын өдрөөр би тантай хамт байж, өнгөрсөн дөрвөн жил төлөвлөж байсан зүйлсээ, ээж тандаа үзүүлэх болно гэдэгт би итгэлтэй байна.

“Зовлон бэрхшээлээр дүүрсэн энэ дэлхий дээр, таны хийсэн гайхамшигтай зүйлсийн төлөө Их Эзэн таныг адислах болтугай.

“Хайртай шүү Ээж Тандаа, Toм”1

Би захидлаа дахин уншихдаа, гэр бүлийнхээ болон тойрог, гадас, өөрийн төрж өссөн нийгмийн соёл, зан заншлыг тунгаан бодлоо.

Соёл гэдэг бол хүмүүсийн амьдралын хэв маяг юм. Сайн мэдээний өвөрмөц соёл буюу, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн, бүх гишүүдийн эрхэмлэн баримталдаг цогц үнэт зүйлс, итгэл найдварын соёл бий. Сайн мэдээний энэхүү соёл буюу амьдралын хэв маяг нь, авралын төлөвлөгөө, Бурханы зарлигууд болон амьд бошиглогчдын сургаалуудаас эх ундаргатай юм. Энэхүү соёл нь, бид амьдралаа хэрхэн авч яваа болон, гэр бүлээ хэрхэн өсгөн төлөвшүүлж байгаагаар илэрдэг.

Мөнх бус амьдралд ямар үүрэг хариуцлага хүлээх талаар, Адамд өгсөн анхны заавар Эхлэл номын 2:24-т байдаг: “Ийм учраас эр хүн, эцэг эхээ орхиод, эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу.”

Ийнхүү эрэгтэй,эмэгтэй хоёр хүн хууль ёсоор хуримлах нь, дэлхийг өвлөн эзэмших ирээдүйн үеийнхний бэлтгэл төдийгүй, энэ нь мөнх бус амьдралд агуу баяр баясгалан, сэтгэл ханамжийг авчирч чадна. Гэрлэлтийг, санваарын хүчээр энэ амьдралд болон үүрд мөнхөд тунхагласан үед, энэ нь бүр ч үнэн юм. Ийм гэрлэлтэнд төрсөн хүүхдүүд, өөр хаана ч байдаггүй тийм аюулгүй байдалд амьдардаг.

Сайн эцэг эхчүүдийн гэр орондоо заадаг хичээлүүд нь, дайсны нөлөө үлэмж өргөжин газар авч байгаа өнөөгийн дэлхийд улам чухал болж байна. Сатан манай нийгмийн үндэс суурь болсон гэр бүлийг бусниулан, мөхөлд хүргэх гэж оролдож байгааг бид мэднэ. Тэрээр маш зальжин хийгээд, өнгөлөн далдалсан олон аргаар дэлхий даяар гэр бүлийн амьдралыг түүнчлэн, итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн соёл болон гэрээнүүдийг дайрч давшилж байна. Гэр оронд үр хүүхдэдээ заах нь хамгийн ариун, хамгийн чухал үүрэг хариуцлага гэдгийг эцэг эхчүүд ухамсарлах ёстой. Сүм, сургууль зэрэг бусад байгууллагууд нь эцэг эхчүүдэд туслан, “явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сургадаг ч”(Сургаалт Үгс 22:6) энэхүү үүрэг хариуцлагын хүндийг гагцхүү эцэг эхчүүд үүрэх ёстой. Аз жаргалын агуу төлөвлөгөөгөөр, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийг халамжлан, өсгөн хүмүүжүүлэх үүргийг сайн эцэг эхчүүдэд итгэмжлэн даатгасан юм.

Эцэг эхчүүд бидэнд, үүргээ биелүүлэх олон арга зам байдаг бөгөөд, хүүхдүүддээ Есүс Христийн сайн мэдээг заахад хэрэгтэй тусламж, дэмжлэг авах боломж бий. Гэр бүлийн бат бөх соёлыг бий болгохын тулд, эцэг эхчүүдийн хийж болох таван зүйлийг би зөвлөмж болгоё:

Нэгдүгээрт, Эцэг эхчүүд Тэнгэрлэг Эцэгт хандан, Түүний илгээсэн хүүхдүүдийг хайрлаж, ойлгон, удирдахад туслахыг чин сэтгэлээсээ гуйж залбирдаг байх хэрэгтэй.

Хоёрдугаарт,Тэд гэр бүлийн залбирал, судар судлах болон гэр бүлийн үдшийг тогтмол хийж, аль болохоор хамт хооллож, энэ үеэр хоорондоо ярилцаж, үнэт зүйлсийг заадаг тогтсон цагтай байх хэрэгтэй.

Гуравдугаарт, Эцэг эхчүүд Сүмийн дэмжлэг хэсэг болсон, хүүхдүүдийн Хүүхдийн Хэсгийн багш нар, залуучуудын удирдагчид, ангиудын болон чуулгуудын ерөнхийлөгчийн зөвлөлүүдтэй холбоотой байхыг, чухалчлан анхаарах ёстой. Хүүхдүүдтэй нь ажиллахаар дуудагдаж, адислагдсан хүмүүстэй харилцаатай байснаар, эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ өвөрмөц хэрэгцээг ойлгон, шийдвэрлэж чадна.

Дөрөвдүгээрт, Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ гэрчлэлээ байнга хуваалцаж, Бурханы зарлигуудыг сахих болон, Тэнгэрлэг Эцэгээс Өөрийн итгэлтэй хүүхдүүдэд амласан адислалуудыг олж авахад нь, тэдэнд тууштай дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй.

Тавдугаарт, Бид энгийн хийгээд тодорхой дүрмүүд ба зорилгууд, гэр бүлийн эрүүл саруул уламжлал болон ёс заншил дээр, гэр бүлээ зохион байгуулж мөн хүүхдүүд нь гэр орондоо тодорхой ажил үүрэг хүлээхийн хамт үүнээсээ зохих орлогыг авч, өөрсдийнхөө олсон мөнгийг төсөвлөх, хуримтлал бий болгох болон аравны нэгээ төлж сурдаг “эдийн засагч гэр бүл” байж болно.

Бат бөх гэр бүлийн соёлыг бий болгох эдгээр зөвлөмжүүд, Сүмийн соёлтой хосолсон үед л амжилт олж чадна. Манай гэр бүлүүдийн бат бөх соёл нь, бидний хүүхдүүдийг, “дайсны галт сумнаас”(1 Нифай 15:24), тэрчлэн хүүхдийн нүдний өмнө байнга ил байдаг, үе тэнгийнхний соёл, зугаа цэнгэл ба оддын соёл, нэр хүнд ба үнэлэмжийн соёл, интернет ба мэдээллийн соёл зэрэгээс хамгаалах болно. Энэ нь манай хүүхдүүдэд “дэлхийнх биш” байж, харин “дэлхийд амьдрахад” нь туслах болно.( Иохан 15:19-ийг үзнэ үү).

Ерөнхийлөгч Жозеф Филдэнг Смит ингэж сургасан юм: ​“Хүүхдүүд нь яагаад баптисм хүртэх ёстойг ойлгож, баптисмынхаа дараа, Бурханы зарлигуудыг үргэлж биелүүлэх хүслийг зүрх сэтгэлдээ төлөвшүүлэхийн тулд, мөн Түүний дэргэд буцаж очин амьдрахын тулд, Есүс Христийн сайн мэдээний авралын зарчмуудыг хүүхдүүддээ заах нь, эцэг эхчүүдийн үүрэг мөн. Хайрт ах, эгч нар минь ээ, гэр бүл чинь, хүүхдүүд чинь, бас та өөрөө эцэг эхтэйгээ лацдан холбуулахыг хүсдэг үү… ? Хэрэв үүнийг хүсдэг бол, үр хүүхдэдээ бүр багаас нь эхэлж заах ёстой. Та үйл хэргээрээ бас үлгэр жишээгээрээ тэдэнд заах хэрэгтэй.”2

Гэр бүлийн тунхагт ийн өгүүлсэн байдаг:

“Нөхөр, эхнэр хоёр нь бие биенээ болон үр хүүхдээ хайрлан халамжлах ариун үүрэг хүлээнэ. ‘Үр хүүхэд бол Эзэнээс ирдэг бэлэг мөн’ (Дуулал 127:3). Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж, бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биенээ хайрлан үйлчилж, Бурхны зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулийг дээдлэн сахидаг иргэд байхыг, зааж сургах ариун үүрэгтэй юм. …

“… Тэнгэрийн загвараар эцэг нь, өрх гэрээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, амьдралын хэрэгцээт зүйлсээр хангаж, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол, хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал мөн. Энэхүү ариун үүргээ биелүүлэхэд, эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгшээр туслах ёстой.” 3

​Хойч үеэ өсгөн хүмүүжүүлж, тэдэнд заах эхийн үүргийг товойлгон тавьсан нь, тэнгэрийн загвар гэдэгт би итгэлтэй байдаг. Гэвч хүүхдүүд болон ач зээ нартаа сайн нөлөө үзүүлж, тэдэнтэй харилцахдаа нөхөр, эхнэр хоёр эрх тэгш түншүүдийн ёсоор хамтран ажиллаж байгааг харахад үнэхээр гайхамшигтай байдаг.

Бусармаг нүгэл хилэнц манай хүүхдүүдийн эсрэг урьд өмнө үзэгдээгүйгээр илэрхий, улаан цайм, ичгүүр сонжуургүй, улангассан мэт дайран давшилж байна. Гэр бүлийн бат бөх соёлыг төлөвшүүлэх нь манай хүүхдүүдийг дэлхийн муу нөлөөнөөс тусгаарлах бас нэг хамгаалалт байх болно.

Сион дахь сайн аав, ээж та нарыг Бурхан адислах болтугай. Тэрбээр, Өөрийн мөнхийн хүүхдүүдийг халамжлах ажлыг та нарт итгэл хүлээлгэн даатгасан юм. Эцэг эхчүүд бид, Түүний ажил болон алдар сууг, Түүний хүүхдүүдийн дунд тохиолгон авчрах үйлсэд, Бурханы түншүүд, түүгээр ч зогсохгүй Түүнтэй нэгдэн нийлэгчид билээ. Энэхүү эрхэм үйлсэд чадах бүхнээ хийх нь, бидний ариун үүрэг юм. Энэ тухай би Есүс Христийн нэрээр гэрчилэлээ, амен.

Эшлэл

  1. Л. Том Перригээс Ээж нарын баярын өдрөөр ээждээ бичсэн захидлаас, 1945 оны 5-р сарын 3-нд Сейпанаас илгээжээ.

  2. Жозеф Фиелдинг Смит, Conference Report, 1948 оны 10-р сар, 153.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.