2010–2019
Илүү Христтэй адил Христийн шашинтан байх нь
Аравдугаар сар 2012


Илүү Христтэй адил Христийн шашинтан байх нь

Миний хургануудыг тэжээ… Миний хоньдыг тэжээ” Энэ бол өнөөгийн Христийн шашинтай хүн бүрийн дуудлага юм.

Христийн шашинтан байна гэдэг юу гэсэн үг вэ?

Христийн шашинтан нь бидний сайн мэдэх хайрын хамгийн дээд илэрхийлэл болсон Цагаатгалыг хийн бидний нүглүүдийн төлөө зовон шаналахаар Эцэгээр илгээгдсэн Бурханы жинхэнэ Хүү, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлтэй байдаг.

Христийн шашинтан нь Бурхан Эцэг ба Түүний Хүү, Есүс Христийн нигүүлслээр дамжуулан бид наманчилж, бусдыг уучилж, зарлигуудыг сахиж мөн мөнхийн амьдралыг өвлөж болно гэдэгт итгэдэг.

Христийн шашинтан гэсэн үг Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэсэн утгыг илэрхийлнэ. Бид үүнийг баптисм хүртэж, Түүний санваарын эрх мэдлийг атгагчдын гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар эхэлдэг.

Христийн шашинтанууд олон жилийн туршид Бурханы бошиглогчид үргэлж Есүс Христийг гэрчилсэн гэдгийг мэддэг. Есүс 1820 онд Бошиглогч Иосеф Смитэд Тэнгэрлэг Эцэгийн хамт үзэгдэж, сайн мэдээ болон Түүний жинхэнэ Сүмийг зохион байгуулан, сэргээсэн.

Судар болон Иосеф Смитийн гэрчлэлээр дамжуулан Бурхан, Тэнгэрлэг Эцэг маань алдаршуулан, төгөлдөржүүлсэн мах хийгээд ясан биетэй гэдгийг бид мэддэг. Есүс Христ бол Түүний Цорын Ганц махбодтой Хүү нь юм. Ариун Сүнс нь Эцэг ба Хүүгийн ажлыг гэрчилдэг сүнсэн биет билээ. Бурхан Тэргүүтэн нь зорилгодоо нэгдмэл нэг, гурван салангид биетүүд мөн.

Эдгээр сургаалыг итгэлийнхээ үндэс сууриа болгосон биднийг Христийн шашинтан гэдэгт ямар нэгэн байдлаар эргэлзэх эсвэл маргах зүйл байна гэж үү? Христийн шашинтан бүрт нэгэн энгийн асуулт байдаг: Бид ямархуу Христийн шашинтан бэ? Өөрөөр хэлвэл, бид Христийг дагах аян замдаа хэр сайн байна вэ?

Хоёр Христийн шашинтанд тохиолдсон явдлыг хамтдаа тунгаан бодоцгооё:

“Тэр [Есүс] Галилын нуурын эргээр явж байгаад ах дүү болох Петр гэгддэг Симон, түүний дүү Андрей нарыг нуурт тор тавьж байгааг харжээ. Тэд загасчид аж.

“Есүс тэдэнд, Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно гэв.

“Тэд тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа.” 1

Өнөөдөр Христийн шашинтны хувьд бид тэр даруй, маш түргэн, эрс шийдэмгийгээр яг л Петр, Андрей нар “тэр даруй тороо орхиж Түүнийг дагасан”2 шиг үйлдэх боломжтой. Бид бас дэлхийн зуршил, ёс заншил, уламжлалуудаасаа татгалзан, Христийг дагахад саад болох аливаа зүйлийг ардаа орхихоор дуудагдсан. Бид бас нүглүүдээ орхихоор дуудагдсан.[Есүс] хүмүүсийг өөртөө дуудахдаа Тэр тэдэнд, “Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж Намайг дагаг”3 гэж хэлсэн. Бурханлаг бус зан төлвөөс өөрийгөө үгүйсгэх нь бидний “хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгож”4 зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг авчирах наманчлалын эхлэл юм.

Зөвхөн Аврагчаар дамжуулан боломжтой болох энэ өөрчлөлтийг хөрвөлт гэж нэрлэдэг. Есүс амлахдаа: “Хэрэв хүмүүс надад ирэх аваас би тэдэнд өөрсдийнх нь сул доройг үзүүлэх болно … миний ач ивээл хангалттай; учир нь хэрэв тэд миний өмнө өөрсдийгөө даруусгаж, мөн надад итгэлтэй байх аваас, тэгвэл битэдэнд сул дорой зүйлүүдийг нь хүчирхэг болгож өгнө” гэсэн.5 Бид Христээр дамжуулан шинэ хүн болсноор бидний эгэл шинж өөрчлөгдөн, бид хуучин зуршилдаа эргэн орох хүсэлгүй болдог.

Тэр бүү хэл итгэлтэй Христийн шашинтнууд хүнд хэцүү, зовлон зүдгүүрүүдийг туулснаар байнга адислагдсан байх болно. Эдгээр сайжруулах саад бэрхшээлүүд тулгарах үед бид хуучин зуршилдаа орохоор уруу татагдаж магадгүй. Аврагч Цовдлогдсоныхоо дараа Тэрээр эмэгтэйчүүдэд үзэгдэн, ах нар нь Түүнийг Галилейд олж болохыг хэлсэн. Ахмад Төлөөлөгч Петр Галилейд буцаж ирээд өөрийн мэддэг—өөрт тааламжтай зүйлсээ дахин хийсэн. Түүнтэй хамт хэдэн шавийг дагуулан, “Би загас барихаар явлаа”6 гэж тэр тайлбарласан.

Үнэндээ Петр мөн бусад нь нэг ч загас барилгүй, шөнөжин загасчилсан. Дараагийн өглөө нь Есүс эрэг дээр үзэгдэж, эргээс тэдэнд “баруун талд тороо хая” гэж хэлсэн. Иохан тэр даруйдаа Аврагчийн дууг таньж, Петр агшин зуур усанд шумбан орж, эрэг рүү сэлсэн. Завин дээр үлдсэн шавь нар нь Түүний зааврыг дагах үед тэр даруй тэдний торонд дүүрэн загас баригдсаныг олж мэддэг.7

Өөрсдийн хуучин, итгэл багатай зуршилдаа эргэн орсон Христийн шашинтнууд Петрийн үлгэр жишээг тунгаан бодоорой. Ирж Эзэний дуудах дуу хоолойг сонс мөн таньж мэд. Дараа нь тэр даруй Түүн рүү эргэн ирж, Түүний элбэг дэлбэг адислалуудыг дахин хүлээн аваарай.

Ах нар эрэг дээр ирэх үед тэд загас болон талхаар цалгин цэнгэж байгааг олж мэдсэн. “Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ”8 хэмээн Аврагч урьсан. Тэрээр тэднийг хооллохдоо Петрээс гурван удаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэж асуудаг. Петр өөрийн хайрыг илэрхийлэхэд, Аврагч түүнд “Миний хургануудыг тэжээ… Миний хоньдыг тэжээ” 9 гэж хэлсэн.

Энэ бол өнөөдрийн Христийн шашинтан бүрт өгсөн Христийн дуудлага: “Миний хургануудыг тэжээ. … Миний хоньдыг тэжээ”—хөгшин залуу харгалзалгүй бүгдийг өөдрөгөөр дэмжиж, адислаж, тайвшруулж, урамшуулан зоригжуулж мөн бусдыг хүчирхэгжүүлэн төлөвшүүлж ялангуяа биднээс өөр ойлголт, өөр итгэлтэй тэдгээр хүмүүстэй Миний сайн мэдээг хуваалц. Бид сайн мэдээний дагуу зарлигуудыг сахиж, залбирч, судруудаас судалж, Түүний хайрын үлгэр жишээг даган амьдарч байгаагаараа Түүний хургануудыг орон гэртээ тэжээдэг. Бид Сүм дээр санваарын чуулган ба туслах бүлгүүдэд үйлчлэхдээ Түүний хоньдыг тэжээдэг. Бид Христийн шашинтан учраас хөрш, цэвэр ариун шүтлэгтэн байж, бэлэвсэн, эцэггүй, ядуу болон гачигдалд байгаа бүх хүмүүст хүрч очин, үйлчилснээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа Түүний хоньдыг тэжээдэг.

Олон хүмүүсийн хувьд Христийн шашинтан байх дуудлага нь албадсан мэт, тэр бүү хэл дааж давшгүй мэт санагдаж болох юм. Гэхдээ бид айх эсвэл үүнд өөрийгөө хангалтгүй гэж бодох ёсгүй. Биднийг Түүний ажилд бэлтгэгдсэн, хийх боломжтой болгоно гэж Аврагч амласан. “Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно”10 гэж Тэр хэлсэн. Түүнийг дагахад Тэр биднийг өөрсдийн чадлаас илүү зүйлийг хийж өсч хөгжих боломжийг олгох ба өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлсийг хийх бэлэг, авьяас ба Түүний тааллыг гүйцээх хүчээр адисладаг. Энэ нь хөршүүдтэйгээ сайн мэдээ хуваалцах, сүнслэг байдлын хувьд алдагдсан хүмүүсийг аврах, бүрэн цагийн номлолд үйлчлэх, ариун сүмд ажиллах, онцгой халамж хэрэгтэй хүүхэд өсгөх, ачлалгүй хүүг хайрлах, эмгэг хуучтай ханиа асрах, үл ойлголтууд буюу зовлон шаналлыг эцсээ хүртэл тэвчих зэргийг хэлсэн байж болно. Энэ нь Түүний дуудлагад хариулахын тулд өөрсдийгөө: “Хаа дуудсан ч би үйлчлэх болно; Хэл гэснийг тань хэлнээ гэнэм; Хий гэснийг тань хийх болно би; Хэн бол гэснээр тань би болох болно” 11хэмээн хэлж бэлтгэнэ гэсэн үг юм.

Тэнгэрлэг Эцэг биднийг хэн бол гэснээр болж, бид Есүс Христийг дагадаг. Тэр намайг дага хэмээн дуудсаар байгаа гэдгийг би гэрчилж байна. Хэрэв та дөнгөж Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн, Христийн шашинтан байх амлалтын талаар суралцаж байгаа бол эсвэл та Сүмдээ бүрэн идэвхтэй бус бөгөөд Түүнийг дахин дагахыг хүсч байгаа бол—бүү ай! Аврагчийн анхны шавь нар бүгд Сүмийн шинэ гишүүд, Түүний сайн мэдээний шинэхэн хөрвөгчид байсан. Есүс тэвчээртэйгээр хүн бүрт заасан. Тэр тэдэнд үүрэг хариуцлагуудаа бүрэн биелүүлэхэд нь тусалсан. Тэр тэднийг Өөрийн найз хэмээн дуудаж, Өөрийн амьдралыг тэдний гарт өгсөн. Тэр аль хэдийнээ таны мөн миний төлөө үүнтэй адил зүйлийг хийсэн.

Түүний жинхэнэ хайр ба нигүүлслээр дамжуулан бид Христтэй илүү их адил Христийн шашинтан болж чадна гэдгийг би гэрчилж байна. Христтэй адил зан төлөвүүдийг дагах талаар бодоорой. Тэдгээрийг өөрсөддөө хүчирхэгжүүлэхийг бид хэрхэн хийж байна вэ?

Христийн адил хайр. Аврагч хүн бүрийг үнэлдэг байв. Бүгдэд эелдэг, энэрэнгүй Тэр нэгийг олохын тулд ерэн есийг орхисон,12 тийм ээ, Түүнд “[бидний] толгой дээрх үс бүр тоологдсон.”13

Христийн адил итгэл.Уруу таталт, зовлон шаналал, хавчлагуудыг үл харгалзан Аврагч Тэнгэрлэг Эцэгтээ итгэж, Түүний зарлигуудад дуулгавартай, итгэлтэй байхыг сонгосон.

Христийн адил золиослол. Өөрийн амьдралын турш Аврагч Өөрийн цаг, Өөрийн хүч тэнхээг, бүр цаашлаад Бурханы бүх хүүхэд амилуулагдаж, мөнхийн амьдралыг өвлөх боломжтой болгохын тулд Цагаатгалаар дамжуулан Өөрийгөө өгсөн.

Христийн адил халамж.Сайн Самари хүний адил Аврагч Түүний эргэн тойронд байгаа хүмүүсийг тэдний соёл боловсрол, итгэл бишрэл болоод нөхцөл байдлуудыг хайхралгүй аварч, хайрлаж, асран тэтгэхийн тулд байнга гараа сунгасаар байсан.

Христийн адил үйлчлэл. Худагнаас ус татах, загасаар хоол хийх эсвэл бохир хөлийг угаах байсан ч хамаагүй Аврагч Өөрийн өдрүүдийг бусдад үйлчлэхээр—ядарч цуцсанд тусалж, сул доройг хүчирхэгжүүлэхэд зориулсан.

Христийн адил тэвчээр. Өөрийн уй гашуу, зовлон шаналалд Аврагч Өөрийн Эцэгийн тусламжийг тэвчээртэйгээр хүлээсэн. Тэр биднийг зөвийг мэдэж, гэртээ ирэхийг маань тэвчээртэйгээр хүлээдэг.

Христийн адил амар амгалан. Өөрийн номлолынхоо турш Тэрээр ойлголтыг өдөөж, амар амгаланг сайшаасаар ирсэн. Ялангуяа Өөрийн шавь нарын дунд Тэрээр Христийн шашинтан нь бусад Христийн шашинтануудтай, хоорондын ялгааг үл харгалзан, тэмцэлдэж болохгүйг заасан.

Христийн адил уучлал. Түүнийг цовдолсон хүмүүсийг уучлахыг гуйсан залбирлаараа биднийг хавчдаг хүмүүсийг адислах жишээг үзүүлэн, Тэр бидэнд заасан.

Христийн адил хөрвөлт. Петр ба Андрейгийн адил олон хүн сонсонгуутаа сайн мэдээний үнэнийг таньж мэддэг. Тэд тэр даруйдаа хөрвөгддөг. Бусад хүмүүсийн хувьд арай урт хугацаа шаардагдаж магадгүй. Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэлтэд Аврагч, “Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг.”14 Есүс бол “гэрэл мөн дэлхийн Гэтэлгэгч; үнэний Сүнс”15 хэмээн заасан.

Христийн адил эцсээ хүртэл тэвчих.Өөрийн бүхий л өдрүүдэд Аврагч маань Өөрийн Эцэгийн тааллын дагуу үйлдэхээс хэзээ ч шантраагүй, харин ч Өөрийн мөнх бус амьдралынхаа эцсийг хүртэл үнэн, зөв шударга байдал, бурханлаг, нигүүлсэнгүй байсан.

Эдгээр нь Аврагчийн дуу хоолойг сонсож, анхаарал тавьдаг хүмүүсийн зарим зан чанарууд юм. Дэлхий дээрх Түүний онцгой гэрч нарын нэгийн хувьд Тэр өнөөдөр та нарыг “Ирээд, Намайг дага”16 хэмээн дуудаж байна гэсэн өөрийн Христийн шашинтны гэрчлэлийг би өгч байна. Нааш ирж,Тэнгэрлэг Эцэгийн хаант улс дахь мөнхийн аз жаргал, баяр баясгалан, мөнх амьдрал руу хөтлөх зам дээр алх. Бидний Аврагч мөн Гэтэлгэгч Есүс Христийн нэрээр, амен.