2010–2019
Өөрсдийн талаар болгоомжтой бай
Аравдугаар сар 2012


Өөрсдийн талаар болгоомжтой бай

Хөрвөлтөө гүнзгийрүүлж, гэр бүлээ хүчирхэгжүүлэн санваарын зам дээрээ үлдээрэй. … Замын дагуу байрлуулсан Бурхан мөн Бошиглогчдын “Болгоомжтой бай” хэмээх сүнслэг тэмдгүүдийг дагаж, эмгэнэлт байдлаас зайлсхий.

Намайг залуу хөвгүүн байхад гэр бүлийнхэн маань өвөө эмээгийнд айлчлахаар Америкийн Роки уулсыг (Хадат уулсыг) даван, машинаар аялдаг байж билээ. Аяны зам маань шарилжит талаас эхээ авч, нарс модоор хучигдсан налууг даган дээш өгсөж, яваандаа дээшлэн улиас мододтой төглөөр явж, эргэн тойрон алган дээр минь байгаа мэт харагдах уулын оройн нугад ирдэг байлаа.

Гэхдээ энэ байгалийн үзэсгэлэнт газраар аялах зам тийм ч аюулгүй байсангүй. Хурдны замын ихэнх нь эгц уулын бэл дээр баригдсан байв. Аялагчдыг хамгаалахын тулд зам баригчид хашаа барьж мөн “Болгоомжил: Чулуу нурна” гэсэн тэмдгүүдийг тавьсан байсан. Бид эдгээр сэрэмжлүүлгийг тавьсны олон учир шалтгааныг олж харсан. Замаас тэртээ доогуур голын эргээр хад, чулууд нуран хөглөрсөн байв. Үе үе, бид ангалын ёроолд эвдэрч хэмхэрсэн машинууд байхыг олж харж байсан ба энэ нь сэрэмжтэй байгаагүйгээс жолооч нарт тохиосон эмгэнэлт явдал байлаа.

Санваарын Тангараг болон Гэрээ

Ах нар аа, та нар бүгдээрээ орсон эсвэл зарим нь удахгүй Мелкизедек Санваарын гэрээ хийгээд тангарагт орох болно.1 Тэрхүү гэрээнд доод болон дээд санваарын аль алиныг нь хүлээн авснаар өөрсдийн дуудлагыг эрхэмлэн биелүүлэхээр дамжуулан өсөн хөгжиж, бид “Эцэгт байгаа бүхнийг”2 хүлээн авах хүртэл Бурханы хамгийн агуу адислалууд өөд байнга авирах тийм гайхамшигт аян эхэлдэг билээ.

Тэрхүү селестиел замыг бүтээгч мэргэн загварчин маань бидний аянд зориулан анхааруулгын тэмдгүүдийг тавьсан байдаг. Санваарын гэрээ хийгээд тангараг нь: “Мөн өөрсдөдөө санаа тавихдаа болгоомжтой байх зарлигийг бибээр эдүгээ та нарт өгч байна”3 хэмээх бодгальд нэвт шингэсэн сэрэмжлүүлгийг агуулсан байдаг.

Бурхан яагаад бидэнд болгоомжтой байх зарлигийг өгөх вэ? Сатан бидний бодгалийг үүрдийн зовлон зүдгүүрт унагах ангал5 руу чирэхийг эрэлхийлдэг бодит нэгэн4 болохыг Тэр мэддэг. Бас түүнчлэн санваар атгагчдын дотор “эгэл хүн”6 хийгээд “төөрөлдөхдөө амархан”7 нэгэн оршиж байдгийг Бурхан мэддэг. Тиймээс бошиглогчид биднийг итгэл, наманчлал, аврах ёслолуудаар дамжуулан мөн өдөр бүр сайн мэдээний дагуу амьдарснаар “хуучин хүнээ тайлж”8 “Христийг өмсөхийг”9 урьдаг.

Эмгэнэлт явдлаас зайлсхийх нь

Санваарын замаар дээшлэх зуураа, ямар ч хөвгүүн эсвэл эр хүн болгоомжтой байхаа болих юм бол доош чирэгдэж болно. Шилдэг сайн залуу эрэгтэй, дөнгөж буцаж ирсэн номлогч, бусдын хүндэтгэлийг хүлээсэн санваартны удирдагч эсвэл гэр бүлийн тань хайртай гишүүн, санаандгүй байхад чинь унан төөрөхийг хараад та нар гайхширч мөн сэтгэл шимширч байсан уу?

Хуучин Гэрээний Давидын түүх нь, санваарын хүчээ дэмий үрсний эмгэнэлт жишээ юм. Тэр залуухан байхдаа Голиатыг ялан дийлж мөн хэдэн арван жилийн турш зөв шударгаар амьдарсан хэдий ч10, энэ бошиглогч-хаан сүнслэг байдлын хувьд эмзэг байсан. Угаал үйлдэж байгаа үзэсгэлэнт Батшебаг дээвэр дээрээсээ харсан тэр ноцтой мөчид ёс суртахууны харуул “Болгоомжтой бай, Давид, чи тэнэглэж байна! хэмээн хашгираад хажууд нь зогсож байсангүй. Өөрийн талаар болгоомжтой байж чадаагүйгээс болж11 мөн Сүнсний өдөөлтийн дагуу үйлдээгүйгээс болж12, тэр мөнхийн гэр бүлээ алдахад хүрсэн.13

Ах нар аа, бүр хүчит Давид хүртэл өргөмжлөлд хүргэх зам дээрээс шүүрэгдэж чадаж байгаа бол бид тиймэрхүү хувь тавилангаас яаж зайлсхийх вэ?

Хувь хүний гүн гүнзгий хөрвөлт болон гэр бүлийн бат бөх харьцаа хэмээх ихэр хоёр хамгаалалтын зарчим тэнгэр рүү хөтлөх сүнслэг зам дээрээ байхад маань тусалдаг.

Сатан үүнийг мэддэг болохоор, санваарын замыг хөндөлсөх, хөрвөлтийг бяцлах, гэр бүлд ан цав гаргах хад чулуудыг шидэлж байдаг. Аз болоход, Есүс Христ болон Түүний бошиглогчид замын дагуу “Болгоомжтой бай” гэсэн тэмдгүүдийг тавьсан. Тэдгээр тэмдгүүд нь уур хилэн, шунал, тачаал гэх мэт хөрвөлтийг бяцлах14, гэр бүлд ан цав гаргах нүглүүдээс биднийг байнга сэрэмжлүүлж байдаг билээ.

Удаан хугацааны өмнө, Мосе “Их Эзэнийг мартуузай”15 гэж зөвлөсөн. Өнөөгийн яарч давчидсан мөн зугаа цэнгэлээр дүүрэн дэлхийд, хүмүүн нь “Их Эзэн Бурханаа … мартдагийг, … алдсыг үйлдэхэд, мөн хилэнцэт нэгнээр удирдагдахдаа”16 хичнээн хурдан нь хэвээр байсаар байна.

Хөрвөлтөө гүнзгийрүүлж, гэр бүлээ хүчирхэгжүүлэх нь

Сүнслэг байдалд саад тотгор болох уруу таталтын чулуудын бартаан дунд санваарын зам дээрээ аюулгүй үлдэхийн тулд, хөрвөлтийг гүнзгийрүүлж, гэр бүлийг хүчирхэгжүүлэх үндсэн зургаан зарчмыг би сануулмаар байна.

Нэгдүгээрт, Залбирах нь “Сатаныг ялан дийлэх”17 тэнгэрлэг тусламжийн үүдийг байнга нээдэг. Есүс санваар атгагчдад “болгоомжтой бай, учир нь Сатан чамайг салхинд хийсгэхээр эрэлхийлж байна” хэмээн анхааруулах болгондоо Тэр залбирал нь уруу таталтыг сөрөн зогсох үйлдэл18 гэж зөвлөдөг. Ерөнхийлөгч Томас  С.Монсон заахдаа: “Бидний хэн нэг нь дандаа залбирч бай гэсэн зөвлөгөөг сонсохдоо удаан байсан бол одооноос өөр эхлэх сайн цаг байхгүй шүү… Хүн өвдөг сөхрөн суугаа үедээ л хамгийн өндөр байдаг”19 гэсэн.

Хоёрдугаарт, Эртний болон орчин үеийн судруудаас суралцах нь биднийг Бурхантай холбодог. Их Эзэн Сүмийн гишүүдэд “тэдгээр [бошиглогч нар] нь хөнгөмсөг зүйл хэмээн тооцогдож, мөн үүний улмаас буруушаалт дор авчрагдан, … бүдэрч мөн унахгүйн тулд … болгоомжтой байг”20 гэж сануулсан. Энэхүү чухал зэмлэлээс зайлсхийхийн тулд бидэнд “[Их Эзэний] сонгогдсон бошиглогчдоос хувийн, биечилсэн зөвлөгөө авах боломжийг”21 олгодог судрууд, Сүмийн сэтгүүлүүд болон вэб хуудаснуудаас хичээнгүйлэн унших хэрэгтэй.

Гуравдугаарт, Зохистойгоор ёслолуудад оролцох нь “Ариун Сүнсийг зам заагчаа”22 болгоход биднийг бэлтгэдэг. Аврагч, “Мэхлэгдэхгүйн тулд болгоомжтой байхыг” сэрэмжлүүлэхдээ хэрэв бид “Сүнсний хамгийн шилдэг бэлгүүдийг хичээнгүйлэн эрэлхийлэх”23 юм бол мэхлэгдэхгүй байх болно гэж Тэр амласан. Долоо хоног бүр ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь гишүүдэд “түүний Сүнсийг өөрсөдтэйгээ үргэлж хамт байлгах”24 боломжийг өгдөг. Ариун сүмд шүтэн биширснээр бид “Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн авч”25 болдог.

Дөрөвдүгээрт, чин сэтгэлийн хайрыг үзүүлэх нь хувийн хөрвөлт болон гэр бүлийн харьцааны гол цөм мөн. Хаан Бенжамин “та нарын дунд зөрчлүүд байхаас …айж болгоомжил”26 гэж зөвлөсөн. Сатан нь “зөрчилдөөний эцэг”27 бөгөөд гэр бүлийн гишүүд “байлдан мөн тэмцэж”28 байхыг л тэр эрэлхийлдэг гэдгийг хэзээ ч бүү март. Ах нар аа, хэрвээ бид гэр бүлийнхээ хэн нэг гишүүнд сэтгэлийн, үг хэлээр эсвэл биеийн хүчирхийлэл үзүүлэх юм бол, эсвэл хэн нэгнийг дээрэлхэх юм бол, тэгвэл бид санваарын хүчээ алддаг.29 Уур хилэнгээ хянаж байгаарай. Гэр бүлийн гишүүд маань бидний амнаас хараал зүхлийг биш, харин адислалыг сонсож байх ёстой. Бид сэнхрүүлгээр, тэсвэр тэвчээрээр, эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, чин сэтгэлийн хайр, нинжин сэтгэлээр мөн энэрлээр л бусдад нөлөө үзүүлэх ёстой.30

Тавдугаарт, Аравны нэгийн хуулинд дуулгавартай байх нь итгэл болон гэр бүлийн нэгдмэл байдлын чухал хэсэг мөн. Сатан гэр бүлүүдийг селестиел замаас нь арчиж хаяхын тулд шуналтайгаар, хөрөнгө мөнгөний араас хөөцөлдүүлэх аргыг ашигладаг тул Есүс, “Шуналаас болгоомжил”31 гэж зөвлөсөн. Бид орлогоо төлөвлөж, шударга аравны нэг болон өгөөмөр мацаг барилтын өргөлийг төлж, шаардлагатай зардлаа тооцоолж, шаардлагагүй өрөнд орохоос зайлсхийж, ирээдүйн хэрэгцээнд зориулан хадгалж мөн түр зуурын бие даасан байдалтай болох үед шунал нь дарагдах болно. “Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно”32 гэдэг нь Бурханы бидэнд өгсөн амлалт билээ.

Зургадугаарт, Ариун явдлын хуулийг бүрэн дүүрнээр сахин амьдрах нь Ариун Сүнсийг “байнгын хамтрагчаа”33 байлган “Бурханы оршихуйд” өөртөө итгэлтэй зогсох боломжийг олгодог. Сатан нь ариун журам болон гэрлэлт рүү хэмжээлшгүй бузар явдлаар дайрч байна. Их Эзэн садар самууныг үйлдэгчдэд “болгоомжилж мөн үтэр түргэн наманчлахыг” сэрэмжлүүлсэн ба Түүний тодорхойлолт бие махбодийн садар самуунаас гадна энэ садар самуун явдлын өмнөх тачаангуй бодлыг хүртэл багтаасан юм.34 Орчин үеийн бошиглогчид болон төлөөлөгчид, порнографийн тахлын талаар олон удаа тодорхой ярьж байсан. Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли: “Порнографи бол нэгэнтээ үзэсгэлэнтэй сайхан байсан зүйлийг бүрмөсөн үгүй болгож, мөн гэр бүл болон хувь хүмүүсийг устгах хүчит шуурга адил юм… Үүнийг үзэж хэрэглэдэг хэн байлаа ч, өөрсдийгөө намагт шавраас татаж гаргах цаг болчихоод байна”35 гэж заасан билээ. Хэрвээ та нар, ямар нэгэн байдлаар ариун явдлын хуулийг зөрчихөөр уруу татагдах юм бол, Египетийн Иосефийн, “гадагш зугтан гарсан”36 үлгэр жишээг дагаарай.

Эдгээр зургаан үндсэн зарчим нь санваарыг атгагч нарт сүнслэг хамгаалалт болох хувийн хөрвөлт болон гэр бүлийн харилцааны хооронд аюулгүй явснаар тэнгэрт хүрэх зам дээрээ өгссөөр байхад нь тусална. Залуу эрэгтэйчүүд ээ, эдгээр зарчмыг дуулгавартай дагах нь ариун сүмийн гэрээнүүд, бүрэн цагийн номлолын үйлчлэл болон мөнхийн гэрлэлтийг хүлээн авахад та нарыг бэлтгэх болно. Нөхрүүд болон аав нар аа, эдгээр зарчмын дагуу амьдрах нь гэр орноо зөв шударга байдалд тэргүүлж, гэр бүлийнхээ сүнслэг удирдагчаар үйлчлэх, эхнэртэйгээ адил тэгш хамтрагч байхад та нарыг мэргэшүүлэн боловсруулах болно.37 Санваартны зам нь баяр баясгалангаар дүүрэн аян зам юм шүү.

Санваарын Зам дээр үлдэх нь

Залуу хөвгүүн байсан дурсамжаасаа эргэн ярихад бид Роки Уулсыг давсан нэг тохиолдлыг би санадаг. “Болгоомжтой бай: Чулуу нурна” гэсэн тэмдгийг өнгөрсний дараа аав маань жижиг хайрга чулууд бидний өмнө зам дээр унаж байгааг ажигласан. Тэр хурдаа сааруулж, машинаа бараг зогстол удаашруулсаны дараахан нь сагсан бөмбөгний хэмжээтэй чулуу бидний хажуугаар өнхрөн бууж ирсэн. Аав маань чулууны нуралт зогсохыг хүлээж байгаад аянаа үргэлжлүүлж билээ. Аавын маань байнгын анхаарал болгоомжтой байдал, шуурхай түргэн үйлдэл гэр бүл маань зорьсон газартаа аюулгүй хүрэх боломжийг олгосон юм.

Ах нар аа, Сатан “хүмүүний сүнсийг устгахыг”38 эрэлхийлдэг. Хэрэв та нарын бодгаль сүнслэг аюулын ангалын ирмэгт аажмаар дөхөж байгаа бол унахаасаа өмнө одоо зогс, буцаад зам руугаа зал.39 Хэрэв та нар “Болгоомжтой бай” гэсэн тэмдгийг үл тоомсорлон, нүгэл үйлдсэн учир та нарын бодгаль санваарын зам дээр өндөрт байхын оронд ангалын ёроолд осолдон хэвтэж байгаа мэт санагдаж байгаа бол чин сэтгэлийн наманчлал болон Есүс Христийн цагаатгах золиослолын хүчээр та нар өргөгдөж мөн Бурханы тэнгэрт очих зам дээр дахин гарч чадна гэдгийг би гэрчилж байна.40

Есүс, “Хоёр нүүртнүүдээс … та нар болгоомжил”41 гэж заасан. Хэрэв та нар санваарыг атгахаар зохистой биш бол, та нарт наманчлахад тань туслах бишоптойгоо уулзаарай. “Нүглээс татгалзаж… мөн болгоомжлогтун”42 гэж Аврагч маань хэлдэг ч, Тэр бас түүнчлэн, “Их Эзэн, би та нарыг өршөөж байна … Замаараа явж мөн дахин нүгэл бүү үйлд”43 гэж амладаг юм.

Би хөвгүүн болоод эрэгтэй хүн бүрийг хөрвөлтөө гүнзгийрүүлж, гэр бүлээ хүчирхэгжүүлэн санваарын зам дээрээ үлд хэмээн урьж байна. Залбирал, судар ба ёслолууд хөрвөлтийг гүнзгийрүүлдэг. Хайр, аравны нэг болон ариун явдал нь гэр бүлийг бэхжүүлэн хүчирхэгжүүлдэг. Замын дагуу байрлуулсан Бурхан мөн Бошиглогчдын “Болгоомжтой бай” хэмээх сүнслэг тэмдгүүдийг дагаж, эмгэнэлт байдлаас зайлсхий. “Уруу таталт байсан хэдий ч тэдгээрт анхаарал тавиагүй”44 Есүс Христийн төгс жишээг дагахыг хичээ.

Хэрэв эрэгтэйчүүд “өөрсдийн талаар болгоомжтой бай”45 гэсэн санваарын гэрээг сахих юм бол бид болоод гэр бүлийнхэн маань зорьж буй селестиел хаант улс дахь өргөмжлөгдсөн газартаа аюулгүй мөн баяр хөөртэйгээр хүрнэ гэдэгт итгэлтэй байж болно хэмээн би амлаж байна. Есүс Христийн ариун нэр дээр би ийн гэрчилж байна, амен.