Ариун ёслолын адислалууд

Ахлагч Дон Р.Кларк

Далын


Бид Есүс Христийн цагаатгалд талархалтай байж, баптисмын гэрээнүүдээ шинэчилж, өршөөлийг мэдэрч, Ариун сүнснээс илчлэлт хүлээн авч байгаа үедээ бид адислагдах болно.

Би Айдохагийн Рэксбургд өссөн. Тэнд гэр бүл, найз нөхөд, багш болон удирдагчид маань надад их нөлөөлж, заадаг байсан. Бидний хүн нэг бүрийн амьдралд сэтгэлд хоногшсон, амьдралыг маань бүр мөсөн өөрчилж чадах онцгой туршлагууд тохиолддог билээ. Намайг залуу байхад ч мөн ийм зүйл тохиолдсон юм. Энэхүү туршлага миний амьдралыг өөрчилсөн билээ.

Би сүмд үргэлж идэвхтэй байсан бөгөөд Аароны санваараар дамжуулан өсч хөгжсөн юм. Намайг өсвөр насны хүүхэд байхад манай багш Жэков ах биднээс ариун ёслолын турш юуны тухай бодсоноо картан дээр бичихийг хүссэн юм. Би картаа авч бичиж эхлэв. Жагсаалтын эхэнд урд шөнө хожсон сагсан бөмбөгийн тоглолт болон дараагийн тоглолт зэрэг зүйлсийг бичсэн бөгөөд Есүс Христийн нэр жагсаалтын эхэнд байгаагүй юм.

Ням гараг бүр картан дээр ариун ёслол дээр юу бодсон тухайгаа бичиж байлаа. Шинэхэн Аароны санваартны хувьд ариун ёслол болон ариун ёслолын цуглаан нь шинэ, өргөн цар хүрээтэй мөн сүнслэг утга учиртай болж байлаа. Христийн Цагаатгал намайг өөрчилж байгааг ойлгосон учраас би ням гараг болон ариун ёслолоос хүртэх мөчийг тэсэн ядан хүлээдэг болсон. Ариун ёслолоос хүртдэг өдөр буюу ням гараг бүр би жагсаалтаа хардаг. Одоо бол миний жагсаалтын эхэнд үргэлж хүн төрөлхтний Аврагчийн нэр байх болсон.

Шинэ Гэрээнээс бид Аврагч дагалдагч нартайгаа Дээгүүр Өнгөрөх баяраар уулзаж байгаа тухай уншдаг.

“Тэр талх авч, талархал өргөөд тэдэнд хуваан өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн.Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав.

Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, Энэ нь та нарын төлөө асгарах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм1 хэмээжээ.

Есүс Нифайчуудын дунд айлчлахдаа ариун ёслолын зарчмыг заасан.2 Би энэ хоёр зорилгын чухлыг мэддэг болсон.

Ерөнхийлөгч Давид О.Мккэй хэлэхдээ “Их Эзэн Сүмийн хамгийн чухал цуглааныг Ариун ёслолын цуглаан хэмээн тодорхойлсон нь надад маш онцгой сэтгэгдэл төрүүлдэг”3 гэж хэлжээ. Бид ариун ёслолд зөв бэлдэж чадвал ариун ёслол бидний амьдралыг өөрчилж чадна. Би та нарт ариун ёслолоос зохистойгоор хүртэхэд биднийг адислаж чадах таван зарчмын тухай хуваалцмаар байна.

Нэгдүгээрт, Есүс Христийн Цагаатгалд талархалтай байх

Түүний Хүүгийн Цагаатгалыг дурсан санах ариун ёслолын турш Тэнгэрлэг Эцэгт талархалтай байх нь эхний зарчим юм. Дараах түүх нь ариун ёслолыг түгээж байх үед надад тохиолдсон юм.

Намайг диконоор томилсон тэр ням гарагийг хүртэл ариун ёслол миний хувьд тийм ч чухал мэт санагддаггүй байлаа. Тэр өдөр би анх удаа ариун ёслол түгээсэн юм. Цуглааны өмнө диконуудын нэг нь надад ‘Шмидт ахыг харж байгаарай. Тэр унтсан байвал чи сэрээх хэрэгтэй шүү’ гэж сануулсан юм. Ингээд ариун ёслолыг түгээх миний ээлж боллоо. Эхний зургаан эгнээг ямар ч асуудалгүй түгээлээ. Хүүхдүүд болон насанд хүрэгчид талхнаас хүртэж ариун ёслол түгээхэд ямар ч бэрхшээл тулгарсангүй. Дараа нь би Шмидт ахын байнга суудаг долоо дахь эгнээнд хүрлээ. Тэр унтаагүй харин ч сэргэг байсанд би гайхав. Миний талх түгээсэн хүмүүсээс тэр арай өөр байдалтайгаар талхаа их бодлогошронгуй, хүндэтгэлтэйгээр авах шиг санагдсан юм.

“Хэдэн минутын дараа би ус аван дахин долоо дахь эгнээнд дөхөн ирэв. Энэ удаад найзын маань зөв байлаа. Шмидт ах толгойгоо бөхийлгөн сууж, түүний том нүд нь аниатай байлаа. Тэр унтаж байгаа мэт харагдаж байв. Би юу хэлж эсвэл юу хийж чадах билээ? Би хэсэг зуур олон жилийн хүнд хөдөлмөр, бэрхшээл зовлонгоос бий болсон үрчлээтэж, хөгширсөн түүний духыг харж зогслоо. Тэр өсвөр насны хөвгүүн байхдаа Сүмд нэгдэж түүний амьдардаг байсан Германы жижигхэн тосгонд их хавчлага дарамтыг амссан билээ. Би гэрчлэлийн цуглаан дээр түүний энэ түүхийг олон удаа сонсож байлаа. Би сүүлд нь түүний мөрөн дээр зөөлөн хүрч сэрээхээр шийдсэн юм. Намайг хүрэхэд тэр толгойгоо удаан өндийлгөж, түүний хацрыг даган нулимс урсаж байсан ба би түүний нүд рүү харахад хайр, баяр баясгаланг олж харсан юм. Тэр тайван өндийгөөд уснаас хүртэв. Хэдийгээр би тэр үед дөнгөж 12 настай байсан боловч тэр настай ахыг ариун ёслолоос хүртэхэд төрсөн мэдрэмжийг одоог хүртэл тод санадаг юм. Би тэр хүн ариун ёслолын талаар миний өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй мэдрэмжийг мэдэрсэн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдсэн юм. Би үүнтэй адил мэдрэмжийг мэдэрч үзэхээр шийдсэн билээ.” 4

Шмидт ах тэнгэртэй холбогдож, тэнгэр түүнд нээгдсэн юм.

Хоёрдугаарт, Баптисмын гэрээгээ шинэчилж байгаа гэдгээ сана

Хоёр дахь зарчим бол бид ариун ёслолоос хүртэхдээ баптисмын гэрээгээ шинэчилж байна гэдгээ санах юм. Судар дээр бичигдсэн Бидний хийдэг амлалтуудын зарим дээр ийн бичсэн байдаг:

“Бурханы хороонд орж, мөн нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд мөн гашуудах тэдний хамт гашуудахад… ,Бурханы гэрчлэгч болж зогсох.”5

“Эцсээ хүртэл түүнд үйлчлэх шийдвэртэйгээр, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч,” 6 мөн түүний зарлигуудыг дагаж түүнийг үргэлж санаж, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр ирэгтүн.7

Ариун ёслолын залбирал нь эдгээр гэрээг сануулдаг юм. Бид ариун ёслолоос хүртэхдээ гэрээний дагуу амьдрах амлалтаа шинэчилдэг. Би ариун ёслолын залбиралыг оюун ухааандаа болон зүрх сэтгэлдээ цээжлэх нь зүйтэй гэж итгэдэг. Бид баптисм хийлгэхдээ найман настай ч бай, наян настай ч бай тэр өдрийг болон хийсэн гэрээгээ хэзээ ч мартахгүй гэж би найдаж байна.

Гуравдугаарт, Ариун ёслолын турш бид нүглүүдийнхээ уучлалыг мэдэрч чадна.

Гуравдугаарт, ариун ёслолын турш бид нүглийнхээ уучлалыг мэдэрч чадна. Хэрэв бид ариун ёслолын цуглааны өмнө нүглээ наманчлахад цаг гаргасан бол ариун ёслолыг орхихдоо цэвэр ариун мэдрэмжийг мэдрэх болно. Ерөнхийлөгч Боид К.Пакер хэлэхдээ: “Ариун ёслол нь өршөөлийг мэдрэх явцыг шинэчилдэг. Ням гараг бүр ариун ёслол түгээхэд энэ нь өршөөлийг шинэчилж байгаа хэрэг юм. …Ням гараг бүр бид өөрсдийгөө ариусгаснаар цаг нь ирж биднийг нас барах үед бидний сүнс цэвэр болох болно.”8 Ариун ёслолоос зохистойгоор хүртэх нь хаан Бенжамины хүмүүс баяр хөөрөөр дүүргэгдэж,нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсаны9 нэгэн адил мэдрэхэд бидэнд тусалж чадна.

Дөрөвдүгээрт, Бид өөрсдийнхөө асуудлыг шийдэх удирдамж хүлээн авч чадна

Дөрөв дэх зарчим бол ариун ёслолын турш бид асуудлуудаа шийдвэрлэх удирдамж хүлээн авч чадах юм. Боливид намайг номлолын ерөнхийлөгч байхад эхнэр Мэри Анна бид хоёрт номлолын ерөнхийлөгч нарын семинарт Ерөнхийлөгч Айрингтай хамт оролцох боломж тохиосон юм. Энэ хурал дээр тэр хурлаас хэрэгтэй зүйлээ сурч авахын тулд бэлтгэх 3 чухал арга байдгийг заасан. Бид ариун ёслолд ирэхдээ өөрсдийн асуудлуудыг бодож тунгаан, хүүхэд шиг даруухан сурахад бэлэн мөн Бурханы хүүхдүүдэд туслах хүсэлтэй ирэх хэрэгтэй.

Бид ариун ёслолын цуглаанд даруухнаар ирэх юм бол бид өдөр тутмын асуудлуудаа шийдвэрлэж чадах арга замуудыг таньж мэдэх адислалаар адислагдах болно. Бид бэлтгэлтэй, сонсох хүсэлтэй, хоёрдмол сэтгэлээр биш ирэх ёстой. Бидний уншдаг сударт “гэвч болгоогтун би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; Иймийн тул энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно10 хэмээн бичсэн байдаг. Бид асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэж авч чадна.

Тавдугаарт, Ариун ёслолоос зөв зохистойгоор хүртэх нь биднийг ариун сүнсээр дүүргэгдэхэд тусалдаг

Тав дахь зарчим бол ариун ёслолоос зөв зохистойгоор хүртэх нь бидэнд Ариун Сүнсээр дүүргэгдэхэд туслах юм. Нифайчуудын дундах номлолынхоо үеэр ариун ёслолыг эхлүүлэхдээ Есүс: “энэ талхыг идэх тэр нь өөрийн бодгалийн төлөө миний биеийг идэх ажгуу; Энэ дарсыг уух тэр нь өөрийн бодгальд миний цусыг уух ажгуу; мөн түүний бодгаль хэзээ ч өлсөж, цангахгүй харин ханасан байх болно” 11 гэж хэлсэн. Хэрэв тэд зөв шударгын төлөө өлсөж мөн цангах аваас Ариун сүнсээр дүүргэгдэх болно гэж амлагдсан билээ. Ариун ёслолын залбирал нь бид хэрэв гэрээнийхээ дагуу амьдрах аваас Түүний Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах болно гэж амладаг.12

Ахлагч Мэлвин Ж.Баллард хэлэхдээ: “Ариун ёслолыг удирдахад биднийг бүхэлд нь удирддаг сүнс байдгийг би гэрчилж байна. Та нар сэтгэлийн шарх эдгэрснийг мэдэрч, ачаа чинь хөнгөрөх болно. Зохистой мөн үнэн хүсэлтэй бодгаль нь энэхүү сүнслэг хүнсийг хүртсэнээр тайвшрал болон аз жаргалыг авах болно”13 гэжээ.

Бид Есүс Христийн Цагаатгалд талархалтай байж, баптисмын гэрээгээ шинэчилж, өршөөлийг мэдэрч, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ Ариун Сүнснээс удирдамж хүлээн авах аваас бид адислагдах болно. Хэрэв ариун ёслолын турш сүсэг бишрэлтэй байж чадвал энэ нь үргэлж хамгийн агуу ариун ёслолын цуглаан байх болно. Би Есүс Христийн Цагаатгалд талархлаа илэрхийлж байна. Тэр амьдыг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен

Show References

  1.  

    1.  Лук 22:19–20; тодруулга нэмэгдсэн

  2.  

    2.  3 Нифай 18-гүзнэ үү.

  3.  

    3. Давид О.Мккэй,Conference Report, 1929 оны аравдугаар сар, 11–15

  4.  

    4.  Book of Mormon Student Manual, Religion 121–122 (1979), 417.

  5.  

    5.  Мозая 18:8–9.

  6.  

    6.  Сургаал ба Гэрээ 20:37.

  7.  

    7.  Сургаал ба Гэрээ 20:77.

  8.  

    8. Боид К.Пакер, Mine Errand from the Lord (2008), 196.

  9.  

    9.  Мозая 4:3; тодруулга нэмэгдсэн

  10.  

    10.  Сургаал ба Гэрээ 9:8; тодруулга нэмэгдсэн

  11.  

    11.  3 Нифай 20:8.

  12.  

    12.  Сургаал ба Гэрээ 20:77-г үзнэ үү,

  13.  

    13. Melvin J. Ballard, in Bryant S. Hinckley, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard(1949), 149.