Итгэлээр бүх зүйл гүйцэлддэг

Ахлагч Маркус Б.Нэш

Далын


Итгэл нь бидэнд сайн мэдээний замаар аюулгүйгээр аялахад, мөнх бус амьдралын турш зовлон зүдгүүрүүдийг даван туулахад, мөн Тэнгэрлиг Эцгийн сүр жавхлант оршихуйд эргэн очиход маань бидэнд туслах туслах болно.

Саяхан бид гэр бүлээрээ Перугийн уулан дахь эртний Инкийн Мачу Пичу хэмээх балгастай залгаа нэгэн өндөр оргил болох Хюана Пичугийн орой дээр авирч гарсан юм. Энэ газар нь үзэсгэлэнт байгалиар хүрээлэгдсэн, эгц шулуун хад хясаатай, авирч гарахад их өгсүүр газар байсан. Харамсалтай нь, зарим хүмүүс энэ нарийн бөгөөд өгсүүр замаас унаж амь эрсэдсэн тохиолдол гарч байсан ажээ. Үүнээс хойш төмөр утсан бариулыг Мачу Пичу уулын энгэрийн дагуу бөх бат хаднаас аргамжиж бэхэлсэн байна. Бид энэ уул өөд гарахдаа энэ төмөр утсан бариулаас барьж явсан учир уулын оргил дээр эсэн мэнд гарч чадсан юм. Эргэн тойрон маш гайхамшигтай сайхан харагдаж байлаа.

Хюана Пичу дээрх замын адил бидний мөнх бус амьдралын аян маш өгсүүр хэцүү авиралт мэт байдаг. Аянаа амжилттай дуусгахын тулд бидэнд Тэнгэрлэг Эцэгийн тусламж хэрэгтэй. Тийм учраас Аврагч руу болон Түүний авралын хүчинд биднийг авчрах сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг Тэнгэрлэг Эцэг маань бүтээсэн юм.1 Эдгээр зарчмуудын хамгийн эхнийх нь болох Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл2 бөгөөд энэ нь Хюана Пичу дээрх төмөр утсан бариултай адил юм: “Гэтэлгэгчийн хаднаас” 3 бат бөх бэхлэгдсэн тохиолдолд итгэл нь мөнх бус амьдралын бэрхшээл бүрийг дийлж,4 сайн мэдээний замаар эсэн мэнд авирахад болон Тэнгэрлэг Эцэгийнхээ гайхамшигт оршихуйд буцаж очиход бидэнд тусалдаг. Итгэлээр бүх зүйлс гүйцэлддэг билээ. 5

Итгэл нь үйлдэл хүч хоёрын аль алиных нь зарчим юм.6 Энэ нь “юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм; тиймийн тул хэрэв [бид] итгэлтэй аваас [бид] үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах”7 юм. Энэ нь биднийг сурсан зүйлсээ ашиглан үйлдэл хийхэд9 өдөөдөг хүчирхэг хөшүүрэг8 юм. Бид золиослол, хүнд сорилтын үед ч гэсэн Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний зарлигуудыг залбирч дагахаар удирдагддаг билээ.10 Итгэл нь бидэнд бусад зүйлсийн хамт сайн сайхныг авчрах найдвар11 бөгөөд итгэлийг батлан харуулах гайхамшиг12 болох Их Эзэний хүчийг түүнчлэн сүнсний болон материаллаг аж байдлын зүйлсээр бурханлаг хамгаалалтыг бидэнд авчирдаг юм. 13

Сүм анх байгуулагдах үед нэгэн анхдагч эмэгтэй Анн Раулийгийн амьдрал, бидний амьдралд итгэл хэрхэн сайн нөлөө үзүүлдэгийг харуулсан юм. Англиас ирсэнбэлэвсэн эхнэр Раулий эгч Сионд цугларах бошиглогчийн дуудлагыг дагаснаар итгэлээ харуулжээ. Тэрээр Виллигийн гар тэрэгтэй хэсгийн гишүүн байсан бөгөөд тэд 1856 оны намар маш хүчтэй цасан шуургатай тулгарсан юм. Тэдний долоон хүүхэд замдаа өлбөрч үхдэгийн даваан дээр ирсэн тухай тэр ийнхүүбичжээ:“Хүүхдүүдээ өлсөхийг нь харахад надад маш хэцүү байсан. … Үдэш болох гэж байдаг, гэтэл оройн хоолонд идэх юм юу ч байсангүй. Би урьд нь Бурханаас байнга тусламж гуйдаг байсан шигээ энэ удаа ч бас л гуйлаа. Далайн аяллаас үлдсэн хоёр хатуу жигнэмэгийг санаад би сөхөрч суув. Тэр хоёр жигнэмэг том биш байсан бөгөөд хагархааргүй маш хатуу байв. 8 хүнд аманд ч үгүй хамарт ч үгүй гэгч л болох байв. Гэтэл Есүс 5 талх 2 загасаар 5000 хүнийг хооллож, Өөрийн гайхамшгийн хүчийг харуулсан шүү дээ. Иймээс Бурханы тусламжтайгаар болохгүй зүйл гэж үгүй. Би жигнэмэгүүдийг тогоонд хийж дээрээс нь ус хийгээд Бурханаас адислалыг гуйв. Тэгээд тогооны тагийг нь тавиад нүүрсэн дээр тавилаа. Хэсэг хугацааны дараа тогооны тагийг авахад тогоо дүүрэн хоолтой болсон байв. Би гэрийнхэнтэйгээ хамт сөхөрч суугаад Бурханд сайхан сэтгэлийнх нь төлөө талархаж билээ.”14

Анн Раулий сайн мэдээгээр амьдрахдаа агуу золиослол хийсэн бөгөөд тусламж хэрэгтэй үедээ залбирлаар дамжуулан гуйдаг байжээ. Итгэлийнхээ ачаар тэр найдвараар жигүүрлэн, гэр бүлийнхнээ ер бусын замаар хооллосон ажээ. Их Эзэн бас түүнийг “эцсээ хүртэл тэвчих”15 мөнхийн чадвараар адисалжээ. Ирээдүй нь тодорхой бус байсан ч тэрээр дараагийн өдөр хүүхдүүдээ хэрхэн хооллохыг мэдэхийг шаардсангүй харин үүний оронд тэрээр нэгэн сайхан дууллын үгийн адил “Их Эзэнд хүлээцтэй хандаж”16 итгэл найдвартайгаар урагшилсан юм:

Энэрэлт Гэрэл минь намайг хөтлөөч, түнэр харанхуй дунд намайг та хөтлөөч!
Үдэш болж харанхуй болоход орон гэрээсээ хол байна би, Намайг хөтлөөч Та минь!
Алхааг минь чиглүүлээч, тэртээх холыг харахыг би гуйсангүй
Ганцхан алхам л надад хангалттай билээ.17

Бид мөн Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлж, хувиршгүй сайхан сэтгэлт Бурхан18 маань биднийг Өөрийн агуу хүчээр бидний нөхцөл байдалд тохируулан өөрийн цаг хугацааны дагуу адислах болно гэдэгт итгэн найдаж чадна. Ингэснээр бид Бурханы мутарыг өөрсдийн амьдралдаа олж харах болно.

Бурхан бидэнд “ёсон бусчуудын бүхий л галт сумнуудыг та нар унтраах боломжтой байх итгэлийн тэрхүү бамбайг гартаа ав”19 хэмээн зарлиг болгосон билээ. Сатан эргэлзээ, айдас, нүгэл хилэнц зэргийг хэрэглэн бидний итгэл болон хамгаалалтыг алдуулахаар уруу татдаг. Итгэлийг сорих эдгээр бэрхшээлүүдэд хянамгай хандсанаар бид чөтгөрийн уруу таталтуудыг таньж, тэдгээрийг хайхрахгүй байж чадна.20

Нэгдүгээрт, Их Эзэн болон Түүний сайн мэдээнд үл итгэх нь биднийг Бурханы Ариун Сүнсийг эсэргүүцэхэд хүргэдэг.21 Эргэлзээг үгүй болгох Их Эзэний арга зам нь энгийн зүйл байдаг. Хаан Бенжамин ийнхүү тунхаглажээ: “Бурханд итгэ; тэр байдагт итгэ, мөн тэр, тэнгэрт болон газарт аль алин дээрх бүх зүйлийг бүтээсэнд итгэ; тэр бол тэнгэрт мөн газарт аль алинд нь бүх мэргэн ухааныг, мөн бүх хүч чадлыг эзэмшигч гэдэгт итгэ; Их Эзэний ухаарч чадах тэр бүх зүйлийг хүмүүн ухаардаггүйд итгэ.” 22

Үл итгэх байдал болон эргэлзээнээс болоод итгэл тань гуйвах үед эртний төлөөлөгчид хүртэл Их Эзэнээс “итгэлийг нь өсгөж өгөхийг” 23 гуйж байсныг санагтун. Итгэл болон учир шалтгаан нь зайлшгүй хамтрагч гэдгийг санаад дараах нэгэн үзэл бодлыг тунгаан бодно уу. Итгэл, учир шалтгаан хоёр нь онгоцны хоёр далавч лугаа адил юм. Нисэхэд хоёулаа зайлшгүй шаардлагатай. Хэрэв та нарын үзэл бодлоор учир шалтгаан нь итгэлтэй зөрчилдвөл, та нарын үзэл бодол Их Эзэнийхтэй харьцуулахад маш хязгаарлагдмал байдгийг санагтун.24 Нислэгийн үеэр онгоцны далавчийг салгаж болохгүйтэй адил итгэл нь гээгдэн алга болох ёсгүй. Харин итгэлийн жижиг хэсгүүдийг тордон хөгжүүлвэл үүний үр дүнд ирэх найдвар нь та нарын учир шалтгаан болон бодгальд зангуу болох боломжтой юм.25 Тийм учраас бидэнд “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэхийг”26 зарлиг болгосон юм. Бид өөрсдийн туршлагаар тайлбарлах боломжгүй гайхамшгуудын өмнө итгэл байх ёстойг мөн итгэл нь эдгээрээс үүдэлтэйг санагтун. Хоёрхон жигнэмгээс тогоо дүүрэн хоол бий болсон мөн бүх зүйл бидний эсрэг юм шиг санагдах хүнд хэцүү цагийг итгэлээр даван туулсан зэрэг нь гайхамшиг мөн. 27

Хоёрдугаарт, айдас нь Аврагчид итгэх бидний итгэлийг сулруулж, Түүнд хандах бидний анхаарлыг сарниулдаг юм. Төлөөлөгч Петр нэгэн шуургатай шөнө Их Эзэнд хандсан бөгөөд усан дээр алхтал “салхийг харан айж” анхаарал сарниснаас болоод живж эхлэв.28 Хэрэв тэр айгаагүй бол цаашид усан дээр алхаж чадах байсан. “Санаа бодол болгондоо над уруу харагтун; бүү эргэлз, бүү ай.”29

Гуравдугаарт, нүгэл нь Ариун Сүнсийг бидний амьдралаас холдуулдаг бөгөөд Ариун Сүнсгүйгээр бид итгэлээ хөгжүүлэх сүнсний хүч чадлаар дутагддаг. Бид “хилэнцэт бэлэгт, бас цэвэр бус зүйлд үл хүрэн”30 мөн “итгэл чинь та нарт алдагдахгүйн тулд, мөн дайснууд чинь та нарыг ялахгүйн тулд … бүх зарлигийг сахихад хичээнгүй”31 байх нь итгэлээ хөгжүүлэх хамгийн зөв арга юм. Хэрэв нүгэл та бүхний амьдралыг булингартуулж, та бүхнээс Ариун Сүнсийг дээрэмдсэн бол “наманчлалд хүргэх итгэлийг”32 хөгжүүлээч гэж та бүхнээс хүсч байна, тэгснээр Цагаатгалаар дамжуулан, Аврагч та бүхний амьдралыг ариусган эдгээх болно.

Ах, эгч нараа, Их Эзэн бидний итгэлийн дагуу Өөрийн амлалтуудыг биелүүлэх бөгөөд бэрхшээл бүрийг даван туулахад бидэнтэй хамтран зүтгэх болно.33 Тэрээр Анн Раулийд тусалсан шигээ бүх улс үндэстэн, бүх эрин зуунд амьдарч байсан болон одоо амьдарч байгаа бүх хүмүүст тусалсаар ирсэн, тусалж ч байгаа билээ. Тэрээр “гайхамшгийн Бурхан” мөн “Өөрчлөгдөшгүй Нэгэн” учраас бид бүхнийг Өөрт нь итгэх итгэлийн дагуу найдвар, хамгаалалт болон хүчээр адислах болно.34 Их Эзэн Есүс Христэд гуйвшгүй итгэх итгэл нь тэрхүү Хюана Пичугийн зам дээрх төмөр утсан бариултай адил та нар болон та нарын хайрт хүмүүсийг Гэтэлгэгчийн хад болон Түүний юутай ч зүйрлэшгүй аврах хүчинд найдвартай бөхлөх болно.35

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “ирээдүй нь та нарын итгэлийн адил гэгээтэй” 36 юм гэж хэлжээ. Би тэрхүү гайхамшигт, найдвартай үнэнийг гэрчилж, та бүхэн Их Эзэндээ итгэлтэйгээр “ямар ч эргэлзээгүйгээр” 37 гуйвшгүй урагш тэмүүлэхийг урьж байна. Аврагч амьд бөгөөд Тэрээр “итгэлийн үндэслэгч мөн төгсгөгч”38 бөгөөд “Өөрийг нь хайгч хүмүүст Тэр шагнагч нь болдог”39 гэдгийг гэрчилж байна. Би энэ бүгдийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1.  Сургаал ба Гэрээ 84:19–21-г үзнэ үү.

  2.  

    2.  Итгэлийн тунхаг 1:4- г үзнэ үү.

  3.  

    3.  Хиламан 5:12.

  4.  

    4.  Сургаал ба Гэрээ 76:53-г үзнэ үү.

  5.  

    5.  Ифер 12:3-г үзнэ үү.

  6.  

    6.  Lectures on Faith (1985), 3; мөн Иаков 4:6; Ифер 12:7–22; Еврей 11:4–40 - г үзнэ үү.

  7.  

    7.  Алма 32:21.

  8.  

    8. Иосеф Смитийн орчуулга,Еврей 11:1 (in Еврей 11:1, footnote b)- г үзнэ үү..

  9.  

    9.  2 Нифай 25:23; Алма 34:15–17; Ифер 12:6; мөн Иаков 2:17–26-г үзнэ үү.

  10.  

    10.  Ифер 12:4–6, ; Lectures on Faith, 69-г үзнэ үү.

  11.  

    11.  Моронай 7:40–42-г үзнэ үү.

  12.  

    12.  Мормон 9:8–21;Моронай 7:33–37 мөн Судруудын Удирдамж, “Итгэл”-ийг үзнэ үү.

  13.  

    13.  Сургаал ба Гэрээ 27:17; мөнАлма 57:19–27; 58:10–13-ыг үзнэ үү .

  14.  

    14. Анн Раулий, Андрю Д.Олсений, The Price We Paid: The Extraordinary Story of the Willie and Martin Handcart Pioneers (2006), 113.

  15.  

    15.  Сургаал ба Гэрээ 20:25.

  16.  

    16.  Исаиа 40:31.

  17.  

    17. “Lead, Kindly Light,” Дууны ном, №. 97.

  18.  

    16.  Иаков 4:10; Мормон 9:9-г үзнэ үү.

  19.  

    19.  Сургаал ба Гэрээ 27:17 тодруулга нэмсэн.

  20.  

    20.  1 Нифай 8:33–34; мөн Алма 37:33; Сургаал ба Гэрээ 20:22-г үзнэ үү.

  21.  

    21.  Алма 32:28-г үзнэ үү.

  22.  

    22.  Мозая 4:9.

  23.  

    23.  Лук 17:5.

  24.  

    24.  Мозая 4:9–10; Сургаалт Үгс 3:5–7;Исаиа 55:8–9-г үзнэ үү.

  25.  

    25.  Ифер 12:4-г үзнэ үү.

  26.  

    26.  Сургаал ба Гэрээ 88:118; тодруулга нэмэгдсэн.

  27.  

    27.  Моронай 7:33–38; Ифер 12:19-ийг үзнэ үү.

  28.  

    28.  Матай 14:25–31-ийг үзнэ үү.

  29.  

    29.  Сургаал ба Гэрээ 6:36.

  30.  

    30.  Моронай 10:30.

  31.  

    31.  Сургаал ба Гэрээ 136:42.

  32.  

    32.  Алма 34:15–17 мөн Ифер 12:3-г үзнэ үү.

  33.  

    33.  Ифер 12:29; Алма 7:27-г үзнэ үү.

  34.  

    34.  Мормон 9:18–21; мөн Моронай 7:33–38; Алма 37:16–17-г үзнэ үү.

  35.  

    35.  Хиламан 5:12.

  36.  

    36. Томас С.Монсон, “Be of Good Cheer,” Лиахонаба Ensign, 2009 оны 5-р сар, 92.

  37.  

    37.  Иаков 1:6–8-ыг үзнэ үү.

  38.  

    38.  Моронай 6:4 мөн Еврей 12:2-г үзнэ үү.

  39.  

    39.  Еврей 11:6; мөн Ифер 12:41-ийг үзнэ үү.