2010–2019
Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?
Аравдугаар сар 2012


Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?

Сүмийн зарим гишүүд Алмагийн асуултанд тийм хэмээн баттайгаар хариулж чадахгүй байгаад гайхах зүйл алга. Тэд гэтэлгэлийн баяр баясгаланг “одоо мэдрэхгүй” байна.

Ерөнхийлөгч Монсон бид танд хайртай бөгөөд таныг хүндэтгэн, дэмждэг. Номлогчийн үйлчлэлийн талаарх энэхүү түүхэн ач холбогдолтой мэдэгдэл нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа. 1960 онд номлолд үйлчлэх номлогч нарын насыг 20 байсныг 19 болгон өөрчилсөн тухай би санаж байна. Тэр үед би Английн номлолд дуудагдсан 20 настай шинэхэн номлогч байв. Манай номлолд ирсэн хамгийн анхны 19 настай номлогчоор гайхалтай номлогч болох Ахлагч Жеффри А.Холланд 20 нас хүрэхээсээ хэдхэн сарын өмнө ирсэн юм. Түүнээс хойш нэг жил орчмын хугацаанд манай номлолд 19 настай олон номлогч ирсэн. Тэд дуулгавартай, итгэлтэй номлогчид байсан бөгөөд номлолын ажил ч маш урагштай байсан. Зөв шударга бас номлогчийн ажилдаа үнэнч номлогч нар Аврагчийн сайн мэдээг зааж, Түүний зарлигуудыг биелүүлж, илүү их ургацыг хураах болно гэдэгт би итгэлтэй байна.

Миний бодлоор та нарын энэ үеийнхэн урьд урьдны бүх үеийн залуучуудаас илүү сайн бэлтгэгдсэн. Ялангуяа судрын талаарх та нарын мэдлэг үнэхээр гайхалтай. Хэдий тийм боловч, номлолд үйлчлэхээр зэхэж буй та нарт тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь Сүмийн бүх гишүүдэд тулгарч буй сорилт бэрхшээлүүдтэй ижил байдаг. Дэлхийн ихэнх соёл, ёс заншил нь зөв шударга бас сүнслэг байдалтай нийцдэггүй гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Түүхийн туршид Сүмийн удирдагчид хүмүүст анхааруулж мөн наманчлалын тухай заасаар ирсэн. Мормоны Номын залуу Алма шударга бус, хариуцлагагүй хүмүүсийн төлөө ихэд санаа зовнин, Нифайн хүмүүсийн удирдагч буюу ерөнхий шүүгчийн суудлаасаа татгалзан, хамаг хичээл зүтгэлээ өөрийн бошиглолын дуудлагад зориулсан юм.1

Судар дахь хамгийн мэргэн шүлгүүдийн нэгэнд Алма “Хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг эдэлсэн бол, мөн хэрэв та нар гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?”2 хэмээн тунхагласан байдаг.

Сүмийн гишүүд, ялангуяа залуучууд маань хэзээ ч өнөө үеийнхэн шиг ийм хүчирхэг байгаагүйг дэлхий дахины орон нутгийн удирдагчид цохон тэмдэглэж байна. Гэхдээ тэдгээр удирдагчид хоёр асуудлын талаар санаа зовнидог: нэгдүгээрт, дэлхийд шударга бус байдал ихэссээр байгаад, хоёрдугаарт, зарим гишүүдийн хайхрамжгүй байдал буюу Сүмээ гэсэн сэтгэл дутмаг явдал. Аврагчийг дагаж, бат бөх бөгөөд үүрдийн хөрвөлтийг хүлээн авахад нь гишүүдэд хэрхэн туслах талаар тэд санаа тавьж байна.

“Та нар одоо тийн мэдэрч чадна уу?” гэсэн асуулт олон зуун жилийн дараа ч чухал хэвээр байсаар байна. Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт, асар олон сүнслэг бэлгүүд, тэнгэрийн маргашгүй адислалууд зэрэг энэ эрин хүлээн авсан бүх адислалуудаа бодоод үзэхээр Алмагийн уг асуулт бидэнд хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байна.

1943 онд Эзра Тафт Бенсон Төлөөлөгчөөр дуудагдсаны дараахан Ерөнхийлөгч Жорж Алберт Смит3 түүнд “Чиний үүрэг бол … аль болох эелдэгээр энэ дэлхийн өвчлөлтүүд буюу зовлон зүдгүүрээс анагаах цорын ганц эм нь наманчлал байх болно гэдгийг… хүмүүст анхааруулах явдал юм”4 хэмээн зөвлөсөн байдаг. Энэ мэдэгдлийг хийх үед бид Дэлхийн II дайны аюулд жинхэнэ нэрвэгдсэн үе байлаа.

Өнөөдөр ёс суртахуунгүй байдал дэндүү газар авчээ. Саяхан нэг алдартай зохиолч, “Соёл боловсрол хордож байгааг хүн бүр мэдэж байгаа ч, хэнд ч үүнийг өөрчлөх хүсэл алга” 5 хэмээн хэлжээ. Орчин цагт өдөр тутам үлгэр дууриалгүй хүчирхийлэл ба ёс суртахуунгүй байдлыг дуу хөгжим, үзвэр, урлаг ба бусад хэвлэл мэдээллээр дүрслэн үзүүлж байна. Бусдын хүндэтгэлийг хүлээсэн Баптист шашны нэгэн номлогч энэ талаар “Бүхэл соёл иргэншлийн сүнслэг дархлааны систем шархадсан байна” хэмээн эмгэнэлтэйгээр дүрслэн хэлсэн.6

Сүмийн зарим гишүүд Алмагийн асуултанд тийм хэмээн баттайгаар хариулж чадахгүй байгаад гайхах зүйл алга. Тэд гэтэлгэлийн баяр баясгаланг “одоо мэдрэхгүй” байна. Тэд сүнслэг байдлын ган гачигт оржээ. Зарим гишүүд ууртай, гомдсон эсвэл сэтгэл санааны уналтанд орсон байна. Хэрэв эдгээр дүрслэл та нарыг ямар нэг байдлаар илэрхийлж байгаа бол,7 яагаад та нар гэтэлгэлийн баяр баяслыг “одоо мэдэрч чадахгүй” байгаадаа дүгнэлт хийх хэрэгтэй байна.

Сүнслэг ган гачигт орсон, тууштай биш олон хүн ноцтой гэм нүгэл буюу зөрчил үйлдэхгүй байгаа ч ухаалаг бус сонголтуудыг хийдэг. Зарим нь өөрсдийн нандин гэрээнүүдэд хайхрамжгүйгээр ханддаг. Зарим нь ихэнх цаг, эрч хүчээ чухал бус, ач холбогдолгүй зүйлст зарцуулдаг. Зарим нь тэдний Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байх байдлыг нь сулруулах соёлын эсвэл улс төрийн үзэл бодолд гүнзгий автсан байдаг. Нөгөө хэсэг нь интернетэд хэт автаж, өөрсдийгөө түүнд умбуулсан байхад, зарим гишүүд Сүмийн эртний удирдагчдын дутагдал, өө сэвийг өөртөө давтах нь бий. Дараа нь тэд гэрчлэлд нь муугаар нөлөөлөх буруу дүгнэлтүүдийг гаргадаг. Эдгээр сонголтыг хийсэн аливаа хүн наманчилж мөн сүнслэгээр дахин шинэчлэгдэж болно.

Судруудад умбан орох нь сүнслэг тэжээлд маш чухал ач холбогдолтой.8 Бурханы үгс тууштай байхыг уриалж, гомдол, уур хилэн болон гутралыг эдгээх эм болж чаддаг. 9 Ямар нэгэн шалтгаанаар тууштай байдал маань сулрах үед наманчлал бидэнд асуудлаа шийдвэрлэхэд туслах болно.10Тууштай байдал, наманчлал хоёр хоорондоо нягт холбоотой.

Английн үргэлжилсэн үгийн зохиолч, нийтлэлч, хичээл зүтгэлтэй, прагматик Христийн шашинтан Слайв Стэпл Луис үүний талаар хурцаар ёжлон бичсэн байдаг. Христийн шашин хүмүүст наманчлахыг уриалж, тэдэнд уучлалыг амладаг хэдий ч хүмүүс уучлах хэрэгтэй юм байна гэдгийг өөрсдөө ухаарч, мэдрэх хүртэл Христийн шашин тэдэнд ярьдаггүй хэмээн мэдэгдсэн. Тэр “Та нар өвдсөн үедээ л эмчийг сонсох болно”11гэсэн байдаг.

Бошиглогч Иосеф Смит хэлэхдээ: “Баптисм хүртэхийнхээ өмнө та нар сайн ба муу хоёрын хоорондох завсар байдаг. Харин энэ Сүмийн гишүүн болохдоо та нар Бурханд үйлчлэхээр бүртгүүлдэг. Та нар үүнийг хийсэн бол завсрын байдлаа орхиж, дахин хэзээ ч буцаж [явж] чадахгүй” хэмээн хэлсэн билээ. Үүгээр тэр бид хэзээ ч Эзэнийг орхих ёсгүйг бидэнд зөвлөсөн юм.12

Наманчилдаг хүмүүст Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан, “нигүүслийн мутар сунгагдсан” хэмээн Алма онцлон хэлсэн.13 Дараа нь тэр Та нар Бурхантай уулзахад бэлтгэсэн үү? Та нар өөрсдийгөө толбогүй байлгаж байна уу? зэрэг чухал асуултуудыг асуудаг. Бид бүгд эдгээр асуултын талаар тунгаан бодох ёстой. Өөрийн итгэлтэй эцгийг дагахдаа бүдэрч, дараа нь уучлал түүнд хэчнээн их хэрэгтэйг мэдэрч, гэтэлгэх хайрын дууг дуулах нь ямар утга учиртай болохыг ойлгосон Алмагийн хувийн туршлага хүчирхэг бөгөөд итгэл төрүүлэм билээ.

Тууштай байхад саад болдог маш түгээмэл бөгөөд, том хоёр саад бэрхшээл байдаг. Нэгдүгээрх нь эелдэг бус байдал, уур хилэн ба гэр бүлийн хүчирхийлэл. Хоёрдугаарх нь бэлгийн ёс суртахуунгүй харьцаа ба цэвэр бус бодол санаанууд. Эдгээр нь биднийг тууштай байхад саад болдог.

Эдгээр зүйлд бид хэрхэн хандах вэ? Орон гэртээ уур хилэн, хүчирхийлэл, бүдүүлэг, хүндэтгэлгүй байдал гаргах нь хүлээн зөвшөөрөгдөшгүй зүйл бөгөөд—насанд хүрэгчид болон өсвөр насныханд байж болшгүй зүйл. Аав маань Сүмийн идэвхгүй гишүүн байсан ч ялангуяа ээжтэй харьцдаг байдлаараа гайхалтай сайн үлгэр жишээ үзүүлдэг байсан. Тэр “эрэгтэйчүүд эхнэрийнхээ урсгасан нулимс бүрийн төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээх болно” гэж хэлдэг байсан. Үүнтэй ижил “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг бичигт “Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болно”14 хэмээсэн байдаг. Бидний өсч хүмүүжсэн улс орон, орчин ахуйгаас шалтгаалан эсвэл эцэг эх маань биднийг хүчирхийлэн, зүй бусаар харьцдаг байсан гээд бид өөр хэн нэгнийг бие болон сэтгэл санаагаар дарамтлан эсвэл хэл амаар хүчирхийлэн доромжлох ёсгүй.15

Өнөө үед эелдэг боловсон харьцаа урьд урьдынхаас илүү шаардлагатай байна. Нинжин сэтгэл ба эелдэг байдлын үндэс суурь бол гэр орноос эхлэлтэй. Гэр бүл салалт, хүмүүсийн ерөнхий зан төлвийн доройтолт хоёр яг ижил түвшинд очсонд гайхах зүйл алга. Гэр бүл бол хайр ба сүнслэг байдлыг хадгалах үндсэн суурь мөн. Гэр бүл бол шашны зан үйл цэцэглэн дэлгэрэх уур амьсгалыг дэмжин тэтгэдэг газар. “Гэр бүлийнхэн бие биенээ хайрлах юм бол гэрт үргэлж мөнхөд аз жаргал бялхаж байх болно.”16

Бэлгийн ёс суртахуунгүй харьцаа ба цэвэр бус бодол санаанууд Аврагчийн бий болгосон жишигтэй харшилдаг.17 Бэлгийн ёс суртахуунгүй харьцаа нь бидний хамгийн том саад бэрхшээл байх болно гэдгийг энэ эрин үеийн эхлэлээс л бидэнд анхааруулсан. 18 Наманчлахгүй байх нь сүнслэг байдлын ган гачиг ба тууштай бус байдлын үндэс болдог. Кино, зурагт ба интернетээр ихэвчлэн хор хөнөөлтэй захиас болон дүрсүүдийг нэвтрүүлэн дамжуулж байна. Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф бид хоёр саяхан Амазоны ширэнгэн ой дахь тосгонд очиж, бүр жижигхэн энгийн урцанд хүртэл хиймэл дагуулын антен байхыг харлаа. Энэ алслагдсан газарт мэдээллийн хэрэгсэл ашиглаж байгаад бид баярлаж байлаа. Бид мөн дэлхий дээр бузар булай, ёс суртахуунгүй мөн бэлгийн дур хүслийг өрнүүлсэн дүрс бичлэг хүрээгүй газар гэж үгүйг анзаарсан юм. Энэ нь яагаад порнограф өнөөгийн гай гамшиг, аймшигт тахал болсоны нэг шалтгаан юм.

Би саяхан 15 настай Аароны нэгэн санваартантай гайхалтай яриаг өрнүүлж билээ. Тэр надад интернет ашиглагч залуучууд санамсаргүйгээр хэрхэн маш хялбархнаар цэвэр бус тэр бүү хэл порнографийн дүрснүүдийг үзэж болдгийг тайлбарласан. Тэр Сүмийн заадаг ихэнх зарчмуудыг гуйвуулж мөн тамхи татах, мансууруулах бодис болон согтууруулах ундааг хэрэглэх нь эрүүл мэнд ба сайн сайхан байдлыг сүйтгэх нөлөөтэйг нийгэмд тодорхой түвшинд ойлгосон байгааг онцлон хэлсэн. Гэвч порнограф эсвэл ёс суртахуунгүй байдлын талаар ямар нэгэн анхааруулга байхгүй байгааг тэр мөн анзаарсан гэдгээ надад хэлсэн.

Хайрт ах эгч нар минь, энэ залуугийн дүгнэлт зөв юм шүү. Хариулт нь юу вэ? Олон жилийн турш бошиглогчид ба төлөөлөгчид гэр орондоо шашны зан үйлийг сахих нь ач холбогдолтой гэдгийг заасаар ирсэн.19

Сүмийн цуглаанууд болон хөтөлбөрүүдэд гэр бүлээрээ тогтмол, идэвхтэй оролцох нь маш их ач холбогдолтой ч хүүхдүүддээ ёс суртахуунтай, өв тэгш амьдрах мөн Их Эзэний өмнө үнэнч шударга алхахыг заах нандин үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд хангалттай биш болоод удаж байна. Ерөнхийлөгч Монсоны энэ өглөөний мэдэгдлээс харахад нинжин сэтгэл, уучлал, үнэн ба зөв шударга байдлыг орон гэртээ итгэлтэйгээр төлөвшүүлдэг байх нь маш чухал байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ үзэж сонсдог интернет, зурагт, кино болон дуу хөгжмийг хянах буюу тохиргоо хийх зоригтой байх хэрэгтэй. Эцэг эхчүүд үнэнийг хамгаалж, хүчирхэг гэрчлэлээ хуваалцан үгүй гэж хэлэх зоригтой байх ёстой. Хүүхдүүд тань та нарыг Аврагчид итгэх итгэлтэй, Тэнгэрлэг Эцэгээ хайрладаг мөн Сүмийн удирдагчдыг дэмждэг гэдгийг тань мэддэг байх хэрэгтэй. Гэр оронд тань сүнслэг боловсрол олгогддог байх ёстой. Энэ ерөнхий чуулганаас хүн бүр өнөөгийн ёс суртахууны асуудлуудын талаар гэр бүлээрээ хэлэлцэх ёстой гэдгээ ухамсарлан гарна гэдэгт би итгэж байна. Бишоп, санваартан ба туслах бүлгийн удирдагчид гэр бүлүүдийг дэмжиж, гишүүдийн гэр оронд сүнслэг зарчмууд заагдаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай. Гэрийн болон айлчлагч багш нар эцэг эхчүүдэд ялангуяа хүүхэдтэй ганц бие эцэг эхчүүдэд туслах ёстой.

Миний дээр дурдсан хөвгүүн порнограф ба цэвэр бус бодол санаануудын эсрэг хамгаалах сургалтыг хэзээ зааж эхлэх ёстойг Төлөөлөгчид мэддэг эсэхийг чухалчлан асуусан юм. Зарим нэг газруудад бүр Хүүхдийн Хэсэгт энэ тухай зааж эхлэх нь зүйтэй гэдгийг ч тэр онцлон хэлсэн.

Бага наснаасаа ёс суртахуунгүй дүрс бичлэгийг үзсэн залуус номлолын үйлчлэл болон нандин гэрээнүүдийг хийхэд өөрсдийгөө аль хэдийнээ зохисгүй болсон гэж эмээдэг.20Үүний үр дүнд тэдний итгэл маш их сулардаг. Залуучууд аа, наманчлалаар дамжуулан тэнгэрийн бүх адислалыг хүлээн авч чадна гэдгийг та нарт заасан.Үүнд та нарыг итгээсэй хэмээн би хүсч байна. Аврагчийн Цагаатгалын учир утга үүнд л оршдог юм. Эцэг эх эсвэл итгэдэг зөвлөгч болон бишоптойгоо зөвлөлдөн, тэдэнтэй ярилцаарай.

Ёс суртахууны талаар зарим насанд хүрэгчид зөвхөн хүмүүнлэгийн үйл ажиллагаа эсвэл зарчимд анхаарлаа хандуулан Аврагчийн сургаалыг чанд дагаж чаддаггүй. Тэд бэлгийн буруу явдал нь “жижиг нүгэл … [би] эелдэг, энэрэнгүй хүн хэмээн өөрсдөдөө хэлдэг. ”21 Ийм бодол нь өөрийгөө маш ихээр мэхэлж байна гэсэн үг юм. Зарим залуус надад орчин үед зөв шударга зарчмуудын дагуу тууштайгаар амьдрах болон зарим нэг зүйлсийг хийх нь хоцрогдсон зүйл хэмээн хэлдэг.22 Ийм урхинд бүү ороорой.

Баптисм хүртэхдээ бид өөрсөд дээрээ “[Есүс] Христийн нэрийг авч, эцсээ хүртэл Түүнд тууштай үйлчилнэ гэсэн амлалтыг өгдөг.”23 Ийм гэрээ нь биднээс зоригтой хичээл зүтгэл, тууштай байдал ба шударга шулуун байдлыг шаарддаг. Бид гэтэлгэлийн хайрын дууг үргэлжлүүлэн дуулах юм бол жинхэнэ ёсоор хөрвөгддөг юм.

1924 онд Францын Парис хотноо болсон Олимпид оролцсон Английн тамирчин бүх насны хүмүүст эр зориг ба тууштай байдлын агуу жишээг үзүүлсэн.

Эрик Лидделл Хятадад үйлчилсэн, сүсэг бишрэлтэй, Шотланд номлогчийн хүү байв. Түүнд бүр маш их дарамт шахалт үзүүлсэн ч, тэрээр ням гарагт 100 метрийн гүйлтэнд гүйхээс татгалзан, Английн Олимпийн наадмын зохион байгуулагчдыг хилэгнүүлсэн билээ. Эцсийн дүндээ тэр 400 метрийн гүйлтийн аварга болсон юм. Ням гарагт гүйхээс татгалзсан Лидделлийн үлгэр жишээ нь үнэхээр урам зориг оруулам түүх.

Түүнийг хүндэтгэх дурсгалын үйл ажиллагаа дээр Исаиагийн “Харин ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна”24 гэсэн сүнслэг үгсийг эш татжээ.

Лидделлийн бишрэм үйлдэл бага хүүг маань ням гарагт спортын үйл ажиллагаануудад оролцохгүй байхад нь мөн хамгийн чухал нь өөрийгөө зөв бус, дэлхийн зүйлсээс хол байх шийдвэр гаргахад нь маш их нөлөө үзүүлсэн юм. Тэр сургуулийнхаа төгсөлтийн номонд Исаиагаас эш татсан. Зарчимдаа зориг шийдэмгий, тууштай байхын хүчирхэг үлгэр жишээг Эрик Лидделл бидэнд үзүүлсэн юм.

Өсвөр үеийнхэн маань Ерөнхийлөгч Монсоны зөвлөгөөг даган номлолд үйлчлэхээр бэлтгэн мөн бид бүгдээрээ Аврагчийн заасан зарчмуудын дагуу амьдарч, Бурхантай уулзахдаа бэлтгэх25аваас илүү чухал гүйлтийн тэмцээний ялагч болох болно.2626 Бид сүнслэг удирдамжийг эрэлхийлэх үедээ Ариун Сүнстэй байх болно. Эмх цэгцгүй амьдарч байгаа хэн боловч Аврагчийн Цагаатгалыг итгэл ба амьдралынхаа үндэс болгоход хэзээ ч оройтохгүй гэдгийг санаарай.27

Исаиагийн үгсийн дагуу “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.”28

Хүн бүр чин сэтгэлээсээ гэтэлгэлийн хайрын дууг дуулж болохын тулд яг одоо Сүнсийг мэдрэхэд туслах үйлдлийг хийх болтугай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна. Аврагчийн Цагаатгалын хүчийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэл

  1. Aлма 4:15–19-г үзнэ үү.

  2. Aлма 5:26.

  3. Жорж Алберт Смит нь 1945 оны 5-р сарын 21 хүртэл Сүмийн Ерөнхийлөгч байгаагүй, харин Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч байсан юм. (Deseret News 2012 Church Almanac [2012], 98-г үзнэ үү.)

  4. Жорж Алберт Смит, Шери Л.Деугийн, Ezra Taft Benson: A Biography (1987), 184.

  5. Пегги Нунан, ““The Dark Night Rises,”,” Wall Street Journal, 2012 оны 7-р сарын 28–29, A17.

  6. Доктор Р.Алберт Мохлер бага, ерөнхийлөгч, Өмнөд Баптистын Бурханы номтны семинар, шашны удирдагч нарын танилцуулга, New York City, Sept. 5, 2012

  7. 2 Нифай 2:27-г үзнэ үү.

  8. Иохан 5:39; Aмос 8:11; мөн Жэймс Е.Фауст, “A Personal Relationship with the Savior,” Ensign, 1976 оны 11-р сар, 58–59

  9. Aлма 31:5-г үзнэ үү.

  10. Aлма 36:23–26-г үзнэ үү.

  11. C.С.Левайс, Mere Christianity (1952), (31–32). Левайс нь Оксфордын их сургуулийн Англи хэлний хүрээлэнгийн гишүүн байсан. Дараа нь Кембриджийн их сургуулийн Дундад Зуун ба Сэргэн Мандалтын үеийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч байсан.

  12. Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Иосеф Смит (2007), 324; мөн Илчлэлт 3:15–16-г үзнэ үү.

  13. Aлма 5:33.

  14. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг бичиг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  15. Ричард Г.Скотт, “Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 85–87. Зарим соёлын захирангуй байдлууд Аврагчийн сургаалтай харшилдаг ба биднийг замаа алдах байдал руу хөтөлж болно. Би Өмнөд Номхон далайд байхдаа би олон жилийн турш Сүмийн сонирхогч байсан нэгэн эрэгтэй хүнтэй уулзсан. Санваарын чуулган дээр Сүмийн нэг удирдагчийн заасан “Өмнө нь хүүхдүүдээ зоддог байсан гар одоо хүүхдүүдээ адислахаар ашиглагдаж байна” хэмээн заасан зүйл түүний сэтгэлийг маш их хөндсөн гэдгийг хэлсэн байв. Тэр номлогчдоос хичээл хүлээн авч, баптисм хүртэн, агуу удирдагч болсон.

  16. “Гэр бүлийн хайр,” Сүмийн дуу 44.

  17. Aлма 39

  18. Эзра Тафт Бенсон, “Cleansing the Inner Vessel, Ensign, 1986 оны 5-р сар, 4-г үзнэ үү.

  19. Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг бичиг”-ийг 1995 онд болсон ерөнхий Нийгмийн Халамжийн чуулган дээр танилцуулсан. Ерөнхийлөгч Томас С.Монсон Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), “Бурханы төлөвлөгөөн дэх Сүмийн гэр бүлүүд”–ийн эхний бүлгийг өөрчлөх ажлыг тэргүүлсэн.

  20. Aлма 13:27–30; 41:11–15-г үзнэ үү.

  21. Росс Даухат, Bad Religion: How We Became a Nation of Heretics (2012), 238; мөн Aлма 39:5-г үзнэ үү.

  22. Хүчирхийлэл, ёс суртахуунгүй байдлаар дүүрсэн, та нарын итгэлд саад учруулах Аврагчийн заасан зарчмуудын дагуу амьдрагч хүмүүсийг шүүмжлэгч нийгмийг битгий хүлээн зөвшөөр. Яруу найрагч Вордсвортын эелдгээр бичиглэсэнчлэн, “[Өөрийн оюун ухааныг] хэзээ ч дийлэгдэшгүй эсвэл [та нарын] урамтай итгэлийг гуйвуулах хилэнцтийн үг хэл, хөнгөмсөг шүүлт, элэг доог тохуугаар бус гайхамшигтай бодол санаануудаар тэжээ” (“Lines Composed a Few Miles above Tintern Abbey, in The Oxford Book of English Verse, ed. Christopher Ricks [1999], 346).”

  23. Moронай 6:3; тодотгол нэмсэн; мөн Moзая 18:13-г үзнэ үү.

  24. Исаиа 40:31; мөн Роберт Л.Бакман, “Day of Delight,” New Era, June 1993, 48–49 – г үзнэ үү.

  25. Aлма 34:32-г үзнэ үү.

  26. 1 Коринт 9:24–27-г үзнэ үү.

  27. Хиламан 5:12-г үзнэ үү. Оливэр Вэндэл Холмэс Ахмад, “Энэ дэлхийд миний олж мэдсэн агуу зүйл бол бидний байр суурь хаана байгаад бус харин бид аль зүгт явж байгаа нь чухал юм”. Тэнгэрийн боомтонд хүрэхийн тулд бид заримдаа салхины дагуу заримдаа сөрж залуурдах ёстой. Бид залуурдах ёстой болохоос биш зангуун дээрээ хэвтээд урсгалаар хөвөх ёсгүй юм” хэмээн зөвлөсөн.( The Autocrat of the Breakfast-Table [1858], 105)

  28. Исаиа 1:18.