Их Эзэнд хөрвүүлэгдэв

Ахлагч Дэвид  А.Беднар

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын


Сайн мэдээг үнэн гэдгийг мэдэх нь гэрчлэлийн үндсэн чанар мөн. Сайн мэдээнд үргэлж үнэнч байх нь хөрвүүлэлтийн үндсэн чанар юм.

Миний өнөөдөр ярих зүйл, Есүс бол Христ гэсэн гэрчлэлийг хүлээн авах, Түүнд болон Түүний сайн мэдээнд хөрвүүлэгдэх хоёрын хоорондох харилцаан дээр төвлөрөх болно. Ер нь бид гэрчлэл болон хөрвүүлэлт гэсэн хоёр сэдвийг тус тусд нь салган авч үздэг. Гэхдээ бид эдгээр хоёр сэдвийг хамтад нь авч үзсэнээр илүү сүнслэг баталгааг болон эрхэм үнэт үзэл бодлыг олж авна.

Би Ариун Сүнсийг хүн нэг бүрт зааварчлан мөн гэгээрүүлэг хэмээн залбиръя.

Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?

Төлөөлөгч Петрийн тохинууллаас гэрчлэл болон хөрвүүлэлтийн талаар их зүйлийг бид сурч чадна.

Цезарь Филипийн нутагт очих үедээ Есүс “та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” хэмээх их зүйл бодогдуулсан асуултыг шавь нараасаа асуусан.

Петр шулуухнаар:

“Та бол Христ, амьд Бурханы Хүү” гэж хариулсан.

“Есүс түүнд хариуд нь, Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм” хэмээсэн. (Матай 16:15–17).

Петрийн хариултанд болон Аврагчийн зааварт тодорхой харуулснаар гэрчлэл нь илчлэлтээр хүлээн авсан сүнслэг үнэний талаарх хувийн мэдлэг юм. Гэрчлэл нь Бурханаас ирэх бэлэг бөгөөд Түүний бүх хүүхдүүдэд өгөгдөх боломжтой билээ. “Үгийн нөлөөлөх хүчийг сориход”(Алма 31:5), “туршихад”, “Ариун Сүнсний таталтанд автагдахад” (Мозая 3:19) мөн Бурханы хувьд сэрэхэд (Алма 5:7 -г үз) шаардлагатай Есүс Христэд итгэх “итгэлийн жижиг хэсгийг” (Алма 32:27) хөгжүүлэн, тэдгээр үнэнийг шударгаар хайгч хэн боловч гэрчлэлийг олж авч чадна. Гэрчлэл нь хувийн хариуцлагыг нэмэгдүүлдэг бөгөөд зорилго, баттай байдал болон баяр хөөрийн эх үүсвэр болдог.

Сүнслэг үнэний гэрчлэлийг эрэлхийлэн, олж авах нь Аврагчид итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр (Моронай 10:4 -ийг үз) гуйж, эрэлхийлж, тогшихыг шаарддаг (Матай 7:7; 3 Нифай 14:7-г үзнэ үү ). Тэнгэрлэг Эцэг амьд мөн биднийг хайрладаг, Есүс Христ бол бидний Аврагч, сайн мэдээний бүрэн дүүрэн байдал нь эдгээр хожмын өдрүүдэд дэлхий дээр сэргээгдсэн гэдгийг мэдэх нь гэрчлэлийн үндсэн хэсгүүд юм.

Та хөрвүүлэгдэх үед

Сүүлчийн Зоогийн үеэр Аврагч шавь нартаа зааж байхдаа Петрт хандан:

“Симон оо, Симон оо, үзтүгэй, чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан:

“Гэсэн ч итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан: чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” (Лук 22:31–32) хэмээн хэлсэн.

Сонирхолтой нь, энэ хүчирхэг Төлөөлөгч нь Эзэнтэй ярьж, хамт алхаж, олон гайхамшгийг нүдээр үзсэн мөн Аврагчийн тэнгэрлэг байдлын талаар бат бэх гэрчлэлтэй байсан. Гэсэн ч Петрт хүртэл Ариун Сүнсний ариусгах мөн хөрвүүлэх хүч чадлын талаар, итгэлтэйгээр үйлчлэх түүний үүргийн талаар Есүс нэмэлт зааврыг өгсөн.

Есүс Христийн сайн мэдээ нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон хүний мөн чанарын үндсэн, тогтвортой өөрчлөлтийг шаарддаг. Үнэн хөрвүүлэлт нь Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, дагах сүсэг бишрэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх өөрчлөлтийг авчирдаг бөгөөд Христийн шавь болох шийдэмгий зорилтыг бий болгодог. (Үйлс 3:19; 3 Нифай 9:20 -ийг үз)

Хөрвүүлэлт гэдэг нь гэрчлэл нэмэгдэх, гүнзгийрэх мөн гэрчлэлийн суурь өргөжин тэлэхийг хэлдэг. Бурханаас ирэх илчлэлт нь хувь хүний наманчлал, дуулгавартай байдал болон хичээнгүй байдлын үр дүн юм. Зүрх сэтгэлдээ хүчит өөрчлөлтийг мэдэрснээр мөн Бурханаас төрснөөр (Алма 5:12–14 -г үз) үнэнийг шударгаар эрэлхийлэх хэн боловч хөрвүүлэгдэж чадна. Бид аврал болон өргөмжлөлийн ёслолууд ба гэрээнүүдийг дагаж (С ба Г 20:25 -г үз), “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэн” (2 Нифай 31:20), эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих үед (С ба Г 14:7 -г үз), бид Христ доторх шинэ бүтээл болдог (2  Коринт 5:17 -г үз). Хөрвүүлэлт бол гэрчлэлийн бэлэгт нь талархан Бурханд өөрсдийгөө зориулах бидний өргөл, хайр, үнэнч сэтгэл юм.

Мормоны ном дахь хөрвүүлэлтийн жишээнүүд

Мормоны ном нь хөрвүүлэлтийн тухай сүнслэгээр өдөөх цэдгүүдээр дүүрэн байдаг. Иаковын удам болох Амаликай ийн тунхагласан: “Та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн” (Омнаи 1:26).

Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ гэдгийг мэдэж авах нь маш чухал хийгээд шаардлагатай юм. Гэхдээ Түүн дээр хичээнгүйлэн ирж, бүхий л зүрх сэтгэлээ өргөл болгон өгөх нь зөвхөн мэдэж байхаас хамаагүй илүүг шаарддаг. Хөрвүүлэлт нь бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлыг маань шаарддаг (С ба Г 4:2 -г үз).

Хаан Бенжамины хүмүүс түүний заасан зүйлд хариулан, хашгирч “Тийм ээ, бидэнд ярьсан тэр бүх үгсэд тань бид итгэнэ; мөн түүнчлэн, бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, өөрөөр хэлбэл бидний зүрх сэтгэлд хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир тэдгээрийн гарцаагүйг мөн үнэнийг бид мэднэ” хэмээсэн (Мозая 5:2). Хэлэгдсэн үгсийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн үнэний талаар гэрчлэлийг олж авч, мөн Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг, илүү сайн болж дээшлэх чанд шийдвэрийг бий болгосон байна.

Хиламаны Номон дахь хөрвүүлэгдсэн леменчүүдийг “үүргийнхээ замд байж, мөн тэд Бурханы өмнө хянамгай алхаж, мөн . . . түүний зарлигуудыг мөн түүний дүрмүүд хийгээд тогтоолуудыг дагахаар чармайна. ...

“…Мөн тэд ах дүүсийнхээ үлдсэнийг нь үнэний мэдлэгт авчирч болохын тулд тэд шантралгүй хичээнгүйлэн оролдож байна” хэмээн дүрсэлсэн (Хиламан 15:5–6).

Эдгээр жишээнүүдэд тодорхой харагдаж байгаа шиг хөрвүүлэлттэй хамааралтай үндсэн шинж чанарууд нь зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч, үргэлжид сайныг үйлдэх хүсэлтэй болж, үүрэг хариуцлагаа гүйцэтгэх зам дээр гарч, Бурханы өмнө хянамгайгаар алхаж, зарлигуудыг сахин, шантралгүй хичээнгүйлэн үйлчлэх явдал юм. Эдгээр итгэлтэй бодгалууд нь Их Эзэнд болон Түүний сургаалд гүн гүнзгийгээр өөрсдийгөө зориулсан нь тодорхой байна.

Хөрвүүлэгдэх нь

Бидний олны хувьд хөрвүүлэлт нь цаг хугацаа шаардсан үйл явц бөгөөд энэ нь хүчтэй буюу сэтгэл хөдөлгөсөн үйл явдлын үр дүнд бий болдог нэг удаагийн явдал биш юм. Шат шатаар, дүрэм дүрмээр, яваандаа, бараг мэдэгдэлгүйгээр, бидний үйл хөдлөл, бодол, үгс, үйлс нь Бурханы хүсэлтэй нэгдэн нэг болдог. Их Эзэнд хөрвүүлэгдэх нь тэвчээртэй мөн шаргуу байдлын аль алиныг нь шаарддаг.

Лемен үндэстэн Самуел, Их Эзэнд хөрвүүлэгдэхэд хэрэгтэй таван үндсэн чанарыг тодорхойлсон: (1)   судруудад, ариун бошиглогчдын бичсэн бошиглолууд хийгээд зааварт итгэх, (2)  Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, (3)  наманчлах, (4)  зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдрэх мөн (5)  “сүсэг бишрэлдээ чанд гуйвшгүй” болох юм (Хиламан 15:7–8 -г үзнэ үү). Энэ нь хөрвүүлэлт тийш удирдах хэв маяг билээ.

Гэрчлэл болон хөрвүүлэлт

Гэрчлэл нь хөрвүүлэлтийн үйл явцын эхлэл бөгөөд шаардлагатай зүйл мөн. Гэрчлэл нь эхлэх цэг; энэ нь эцсийн зогсоол биш. Хүчит гэрчлэл нь хөрвүүлэлтийг тавих үндэс суурь нь болдог.

Бидний амьдарч байгаа хожмын үеийн харанхуйн шуурга болон нүгэл хилэнцээс гэрчлэл нь дангаараа биднийг хамгаалж чадахуйц хангалттай биш билээ. Гэрчлэл нь чухал шаардлагатай боловч бидэнд хэрэгтэй сүнслэг хүч чадал болон хамгаалалтыг өгөхөд хангалттай биш. Сүмийн гэрчлэлтэй зарим гишүүд гуйван, замаасаа гарсан. Тэдний сүнслэг мэдлэг болон амлалт нь тэдэнд тулгарсан бэрхшээлүүдийг даван туулахад хангалттай байгаагүй аж.

Мозаягийн хөвгүүдийн номлолын хөдөлмөрөөс гэрчлэл болон хөрвүүлэлтийн хоорондын холбооны талаарх чухал захиасыг харж болно.

“Мөн итгэсэн болгон нь, өөрөөр хэлбэл Аммон болон түүний ах дүүсийн номлолоор, илчлэлт хийгээд бошиглолын суу билгийн, мөн тэднээр дамжуулан гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүчний дагуу үнэний мэдлэгт авчрагдсан болгон нь – тийм ээ, . . . Их Эзэн амьдын адил, тэдний номлолд итгэн мөн Их Эзэнд хөрвүүлэгдсэн леменчүүд болгон, . . . хэзээ ч итгэл алдраагүй нь гарцаагүй.

“Учир нь тэд зөв шударга хүмүүс болсон билээ; тэд Бурханы эсрэг . . . дахин тулалдахгүйн тулд тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан билээ.

“Эдүгээ, Их Эзэнд хөрвүүлэгдсэн нь тэд юм” (Алма 23:6–8).

Эдгээр шүлгүүдэд хоёр чухал сэдвийг тайлбарлан үзүүлсэн: (1)   үнэний мэдлэг , энэ нь гэрчлэл гэж хэлэгдэж бас болно, мөн (2)   Их Эзэнд хөрвүүлэгдсэн, үүнийг би Аврагчид болон Түүний сайн мэдээнд хөрвүүлэгдэхийг хэлж байна гэж ойлгодог. Ийн гэрчлэл болон Их Эзэнд хөрвүүлэгдэх хоёрын хоорондын хүчтэй холбоо нь тууштай хийгээд шийдэмгий байдлыг бий болгосон бөгөөд сүнслэг хамгаалалтыг өгсөн.

Тэд хэзээ ч холдож яваагүй бөгөөд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан, ингэснээр тэд Бурханы эсрэг ахин тулалдаагүй билээ. “Эсэргүүцлийн зэр зэвсэг” болох хувиа хичээх байдал, бардамнал мөн дуулгаваргүй байдлаа цааш тавих нь дөнгөж итгэж, мэдэж байхаас илүүг шаарддаг билээ. Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын өмнө бид баттай итгэл, даруу байдал, наманчлал болон хүлцэнгүй байдлыг эзэмшсэн байх ёстой. Их Эзэнд хөрвүүлэгдэхэд бидэнд саад болж байгаа эсэргүүцлийн зэр зэвсгээ та бид эзэмшсэн хэвээр байна уу? Тийм бол бид одоо наманчлах хэрэгтэй.

Леменчүүд өөрсдөд нь заасан номлогч нарт эсвэл Сүмийн сайн хөтөлбөрүүдэд хөрвөгдөөгүй гэдгийг анхаараарай. Тэд удирдагч нарынхаа ааш араншингаас болж эсвэл уламжлалт өв болон эцэг өвгөдийнхөө уламжлалыг хадгалахын тулд хөрвүүлэгдээгүй. Тэд Их Эзэнд – Аврагч болох Түүнд, Түүний тэнгэрлэг байдал болон сургаалд – хөрвүүлэгдсэн бөгөөд хэзээ ч холдож яваагүй билээ.

Гэрчлэл бол Ариун Сүнсний хүчээр олж авсан үнэний сүнслэг мэдлэг юм. Хөрвүүлэгдсээр байх гэдэг нь бид өөрсдийн хүлээн авсан илчлэгдсэн үнэнийг –зөв шударга шалтгаанаар мөн зүрх сэтгэлийн хүсэлтэйгээр үргэлж дагана гэсэн үг юм. Сайн мэдээг үнэн гэдгийг мэдэх нь гэрчлэлийн үндсэн чанар мөн. Сайн мэдээнд үргэлж үнэнч байх нь хөрвүүлэлтийн үндсэн чанар юм. Бид сайн мэдээг үнэн гэдгийг мэдэх ёстой бөгөөд сайн мэдээнд үнэнч байх ёстой.

Гэрчлэл, Хөрвүүлэлт болон Арван охины сургаалт үлгэр

Одоо би гэрчлэл болон хөрвүүлэлтийн хоорондын уялдаа холбоог тод томруун харуулахаар арван охины сургаалт үлгэрийг хэрэглэж болох олон хэлбэрийн нэгийг нь ашигламаар байна. Тав нь ухаалаг, тав нь мунхаг байсан арван охин дэнлүүгээ аван, хүргэнийг угтахаар явсан. Охидын хэрэглэж байгаа дэнлүүнүүдийг нь гэрчлэлийн дэнлүүнүүд гэж бодоорой. Мунхаг охид нь гэрчлэлийн дэнлүүгээ авахдаа тосыг нь хамт авсангүй. Энэ тосыг хөрвүүлэлтийн тос гэж бодоорой.

“Харин ухаалгууд нь [гэрчлэлийн] дэнлүүгээ [хөрвүүлэлтийн] тос хийсэн савны хамт авсан байлаа.

“Хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв.

“Гэтэл шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна. Түүнийг угтаж авцгаа” гэлээ.

“Нөгөө охид бүгдээрээ босож [гэрчлэлийн] дэнлүүгээ бэлдэв.

“Мунхгууд нь ухаалаг охидод, “Бидэнд [хөрвүүлэлтийн тос болох] тосноосоо өгөөч. Бидний [гэрчлэлийн бүүдгэр] дэнлүү бөхөх нь гэсэнд,

“Ухаалгууд нь, “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ (Матай 25:4–9).

Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу, эсвэл хөрвүүлэлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйлийг хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч мөн судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй Хожмын Үеийн Гэгээнтэнд сайн мэдээний авчрах амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултуудад өгөх тодорхой хариулт нь Үгүй, болохгүй.

Ухаалаг охидын хэлснээр, бид нар нэг бүрчлэн “өөрсдөө үүнийг худалдаж” авах ёстой. Эдгээр сүнсээр өдөөгдсөн охид мөнгө төлөн худалдаж авахыг яриагүй; харин гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болон хөрвүүлэлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан юм. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар - шат шатаар [мөн] дүрэм дүрмээр (2  Нифай 28:30), тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог. Түүнийг олох амархан товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм.

“Иймийн тул, та нар Хүргэн Хүүгийн ирэлтэнд бэлэн байж болохын тулд, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яван итгэлтэй байгтун” (С ба Г 33:17).

Гэрчлэл

Үнэний мэдлэгт ирэн, Их Эзэнд хөрвүүлэгдэх юм бол бид тууштай, хөдөлшгүй байж мөн хэзээ ч төөрөн холдож явахгүй гэдгийг би амлаж байна. Бид эсэргүүцлийн зэр зэвсгээ дуртайяа доош тавих болно. Бид гэрчлэлийн дэнлүүний тод гэрлээр мөн хөрвүүлэлтийн тосны элбэг хангамжаар адислагдах болно. Бид нэг бүрчлэн бүрэн дүүрнээр хөрвүүлэгдсэнээр, гэр бүлүүдээ, найз нөхдөө болон хамт ажиллагсдаа хүчирхэгжүүлэх болно. Эдгээр үнэнүүдийн талаар би Их Эзэн Есүс Христийн ариун нэр дээр гэрчилж байна, амен.