Эхлээд ажигла, тэгээд үйлчил

Линда К.Бөртэн

Нийгмийн Халамжийн Бүлгийн Ерөнхий Ерөнхийлөгч


Бид бүгд үүнийг хийж, Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр Аврагчтайгаа илүү адилхан болж чадна.

Бидний хайрт бошиглогч Ерөнхийлөгч Томас С.Монсон Их Эзэний сонгогдсон үйлчлэгч гэдгийг батлах агуу баталгаануудын нэг бол тэрээр Аврагчийн жишээг даган хүмүүст нэг нэгээр нь хувьчлан үйлчилдэг явдал билээ. Баптисмын усанд орсон бид ч гэсэн мөн адил гэрээг хийсэн байдаг. Бид “Үргэлж [Аврагчийг] санаж, Түүний зарлигуудыг дагана,”1 хэмээн гэрээ хийсэн, мөн Тэрээр “Энэ бол миний тушаал, Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун”2 гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Монсоны дараах үгс үүнтэй яг адил урилгыг агуулдгийг ажиглаж болно: “Бидний эргэн тойронд бидний анхаарал, урамшуулал, дэм, тайтгарал, сайхан сэтгэлийн тусламж хэрэгтэй олон хүмүүс байна. … Бид Түүний энэ дэлхий дээрх хүүхдүүдийг өргөх, тэдэнд үйлчлэх үүргийг хүлээсэн Их Эзэний гар юм. Тэрээр бид бүхэнд найддаг юм.”3

Бие биенээ хайрла гэсэн урилгыг та нар сонссон уу? Заримд маань Аврагчийн жишээг даган хүн нэг бүрд үйлчилж тохинуулах нь тийм ч амар байдаггүй. Гэлээ ч бид бүгд үүнийг хийж, Бурханы хүүхдүүдэд үйлчилснээр Аврагчтайгаа илүү адилхан болж чадна. Бид бие биенээ илүү сайн хайрлаж сурахад маань тус болох дөрвөн үгийг би санаж явахыг санал болгох гэсэн юм: “Эхлээд ажигла, тэгээд үйлчил.”

Бараг л дөчин жилийн өмнө, нөхөр бид хоёр нэгэн баасан гарагийн үдшийн болзооны цагаараа ариун сүмд орсон юм. Бид гэрлээд удаагүй байсан үе, мөн гэрлэснийхээ дараа ердөө хоёр дахь удаагаа л тэнд очиж,байгаа учраас их сандарч байлаа. Миний хажууд сууж байсан эгч үүнийг маань анзаарч л дээ. Тэрээр над руу бөхийн намуухнаар, “Бүү санаа зов. Би чамд туслана.” гэж шивнэн хэлэхэд айдас минь арилж, тайвшран ёслолын үлдсэн хугацаанд тайван сайхан байж чадсан. Тэр эгч эхлээд ажиглаж, тэгээд үйлчилсэн юм.

Бид бүгдээрээ Есүсийн сургаалыг дагаж, бусдад номлох урилгыг хүлээн авсан. Энэхүү урилгыг зөвхөн тэнгэрлэг элч мэт эгч нарт өгсөн юм биш. Эхлээд ажиглаж тэгээд үйлчилж сурсан гишүүдийн хэдэн энгийн жишээг хуваалцахад маань тэдний хийсэн үйлчлэл хэрхэн Есүсийн сургаалын жишээ болж байгааг анхааран сонсоорой.

Хүүхдийн ангийн зургаан настай нэгэн хүү: “Хичээл дээр туслуулахаар намайг сонгоход, надтай хамтарч ажиллах найзаа сонгох боломж надад олдсон юм. Намайг дээрэлхдэг байсан ангийнхаа хөвгүүнийг би сонгосон, яагаад гэвэл өөр хэн ч тэр хүүг хэзээ ч сонгож байгаагүй билээ. Би түүнийг баярлуулахыг хүссэн юм”4 гэж ярьжээ.

Энэ хүүхэд юуг ажигласан бэ? Тэрээр ангийнх нь дээрэлхүү хүү хэзээ ч сонгогдож байгаагүйг ажиглажээ. Тэр тэгээд яаж үйлчлэв? Тэр хүүхдийг түүнд хичээл бэлдэхэд нь туслах найзаараа л сонгосон байна. Есүс, “Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө сайныг үйлд”5 гэж зааж байсан билээ.

Нэгэн тойргийн Аароны санваартнууд эхлээд ажигласны үндсэн дээр үр өгөөжтэй нэгэн үйлчлэл хийж эхэлсэн байна. Долоо хоног бүр, залуу эрэгтэйчүүд сүмдээ эрт ирж, бороо, цас, шатам халууныг ч үл харгалзан цуглааны байрныхаа гадна тойргийнхоо нас өндөр олон гишүүдийг ирэхийг хүлээн зогсдог болжээ. Tэд тэдний тэргэнцэр болон алхахад дэмждэг тулгууруудыг нь машинаас буулгахад тусалж, түшэж болох гараа тэдэнд өгч, буурал толгойтой ахмадуудаа тэвчээртэйгээр дагалдан байр руу нь оруулдаг болсон байна. Тэд Бурханы өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байгаа билээ. Тэд ажиглаад, дараа нь үйлчилснээр: “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр ч байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг”6 хэмээх Аврагчийн сургаалын амьд жишээ болцгоож байна. Залуучуудад зориулсан шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд эдгээр залуу эрэгтэйчүүдийн нүд нээгдэн Аврагчтай адил арга замаар үйлчлэх илүү олон боломжуудыг олж харах болно гэдэгт би эргэлзэхгүй байна.

Ажиглан харж, үйлчлэх нь заримдаа агуу их хичээл зүтгэлийг шаарддаг. Александра хэмээх урмаар өдөөгдсөн залуу эмэгтэй өөрийн үеэл дүү Мэдисон нь нэгэн төрлийн сэтгэцийн өвчний улмаас Хувийн хөгжил дэвшлийнхээ шаардлагуудыг гүйцээж чадахгүй байгааг ажигласан байна. Александра тойргийнхоо залуу эмэгтэйчүүдийг цуглуулан, удирдагч нартайгаа зөвлөлдөж, Мэди өөрөө хийж чадахгүй байгаа зүйлд нь туслахаар шийджээ. Ингээд залуу эмэгтэй бүр Хувийн хөгжил дэвшлийн үйл ажиллагаа болон төслүүдийн хэсгийг гүйцээж Мэдид медалиа авахад нь тусалсан.7

Эдгээр залуу эмэгтэйчүүд эхлээд ажиглаж, тэгээд энэрэн халамжлах аргаар үйлчилж сурч байгаа учраас ээж хүний болон Нийгмийн Халамжийн эгч дүүсийн үүргийг сайн сурч өсөн хөгжих болно.

Ерөнхийлөгч Монсоны бидэнд “энэрэл бол Христийн цэвэр хайр”8 гэж сануулсан бөгөөд өөрөөр хэлбэл “өндөр настай бэлэвсэн эгчийгээ марталгүй тойргийнхоо үйл ажиллагаандаа оролцуулах” мөн “Нийгмийн Халамжийн хичээл дээр ганцаархнаа сууж байгаа эгчийг ‘Нааш ирж, бидэнтэй суугаач’ гэж урих”9 нь ажиглан харж мөн үйлчлэх явдал мөн. Ингэх нь “Хүмүүн өөрсдөд тань хэрхэн хандахыг хүсдэгчлэн юуг боловч, бүх зүйлийг та нар тэдэнд түүнчлэн үйлд”10 гэх алтан дүрмийн дагуу юм.

Нэгэн ажигч ах үйлчлэл үзүүлэх хоёр арга олжээ. Тэр дараах түүхийг хуваалцсан:

“Нэгэн Ням гарагт би Хүүхдийн хэсэгт эхнэртээ туслан эрч хүч дүүрэн долоон настангуудтай хамт байсан юм. Хүүхдийн ангийн хуваалцах цаг эхлэх үед ангийн нэг охин сандал дээрээ их л тавгүй байдалтай сууж байхыг би анзаарлаа. Түүнийг тайвшруулах хэрэгтэй гэсэн Сүнсний шивнээг мэдрэн хажууд нь очиж суугаад юу болсныг асуусан. Тэр надад юу ч хэлээгүй учир ... , би түүнд намуухнаар дуу дуулж эхлэв.

“Хүүхдийн хэсэгт шинэ дуу сурч байсан бөгөөд, ‘Хэрэв би чин сэтгэлээсээ сонсвол, Аврагчийнхаа дуу хоолойг сонсох болно’ хэмээн бид дуулж байх үед зүрх сэтгэл минь гайхалтай дулаан илч, гэрлээр дүүрэхийг би мэдэрлээ. … Аврагч тэр охинд хайртай, мөн надад ч хайртай гэсэн хувийн онцгой гэрчлэлийг би хүлээн авсан юм. … Хэн нэгэнд үйлчилснээр бид [Аврагчийн] гар нь болдог юм байна гэдгийг би сурч билээ.”11

Энэ Христтэй адил ах маань эрч хүчээр дүүрэн 7 настангуудаар дүүрсэн ангид эхнэрт нь тусламж хэрэгтэй байгааг анзаараад зогсоогүй; тэрээр мөн тусламж хэрэгтэй байсан хүүхдэд бас үйлчилсэн байна.Тэрээр, “Миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно”12 хэмээн сургасан Аврагчийг дагасан юм.

Саяхны болсон үер Есүс Христийн дагалдагчдад эхлээд ажиглан дараа нь үйлчлэх олон боломжуудыг нээсэн юм. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өсвөр насныхан, мөн хүүхдүүд эвдэрч сүйрсэн бизнес болон гэр орнуудыг хараад, тухайн үед хийж байсан бүх зүйлээ орхин, нурсан байруудыг цэвэрлэж, засах ажилд орцгоосон юм. Зарим нь асар их угаалга хийх хэрэгцээг олж харсан байхад бусад нь гэрэл зураг, хуулийн бичиг баримт, захиа болон бусад чухал цааснуудыг арчин, тэгээд чадах бүхнээ хамгаалж үлдэхийн тулд болгоомжтойгоор өлгөн хатааж байлаа. Ажиглан хараад үйлчлэх нь үргэлж хялбар байдаггүй, бас бидний цаг завтай ямагт нийцээд байдаггүй.

Эхэлж ажиглаад, дараа нь үйлчлэх ёстой хамгийн чухал газар маань гэр орон маань биш гэж үү? Ахлагч Ричард Г.Скоттын жишээнээс хуваалцъя. Тэрээр:

“Нэгэн шөнө зүрхний өвчтэй бага хүү Ричард маань сэрж уйлсан юм. Голдуу эхнэр маань босч уйлж буй хүүгээ арчилдаг байсан ч тэр удаа би, ‘Би очиж тайвшруулъя’гэж билээ.

“Хүүг уйлж эхлэхэд өвчний улмаас түүний бяцхан зүрх маш хурдан цохилж, тэр маань бөөлжин ор дэвсгэрээ бохирдуулчихна. Тэр шөнө би түүнийг энгэртээ чанга тэврэн, хурдан цохилж буй зүрхийг нь тайвшруулж, уйлахыг нь болиулахыг хичээж байхдаа хувцас мөн ор дэвсгэрийг нь сольж өгсөн юм. Хүүгээ унттал нь тэвэрч байсан сан. Тэгэхэд хүү маань хэдхэн сарын дараа өнгөрнө гэдгийг би мэдээгүй байсан юм. Тэр шөнө би хүүгээ тэврэн байснаа үргэлж санах болно”13 гэж ярьж билээ.

Есүс хэлэхдээ, “Та нарын дунд хэн чинь агуу нэгэн болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог.”14 гэсэн юм.

Заримдаа бид өөрсдийн хүссэнээр л үйлчлэхийг хүсэж, тэр үед яг юу хэрэгтэй байгааг хийдэггүй. Ахлагч Роберт Д.Хейлс арвич хямгач амьдралын зарчмын талаар заахдаа, эхнэртээ бэлэг худалдан авч өгсөн тухайгаа хуваалцсан байдаг. Эхнэр нь түүнээс, “Чи наад бэлэгээ надад авч өгөх гээд байна уу, эсвэл өөртөө юу?”15 гэж асуужээ. Энэ асуулт үйлчлэл хийх гэж буй бидэнд сургамж болох ёстой юм. “Би үүнийг Аврагчийн төлөө хийж байна уу, эсвэл өөрийнхөө төлөө юу?” гэж асуух юм бол бидний үйлчлэл Аврагчийн тохинуулалтай илүү адил болж ирнэ. Аврагч маань, “Өөрсдийнхөө төлөө надаар юу хийлгэхийг хүснэ вэ?”16 гэж асуусантай адил бид ч мөн адил асуух хэрэгтэй.

Хэдхэн 7 хоногийн өмнө надад хийх ёстой ажил маш их байсан учир би яарч мөн цухалдаж байв. Тэр өдөр Ариун сүм рүү явна гэж найдаж байсан ч хэтэрхий завгүй байгаагаа мэдэрч байв. Ариун сүмийн үйлчлэлд оролцохоос илүү завгүй байгаа юм гэж үү гэсэн бодол зурвасхийн орж ирэх тэр мөчид би миний хувьд юу чухал байх ёстойг санаж билээ. Би ажлын өрөөгөө орхин Солт Лейкийн Ариун сүм рүү алдсан цагаа яаж нөхөх талаараа бодон явсан юм. Аз болоход Их Эзэн маань тэвчээртэй мөн энэрэнгүй бөгөөд тэр өдөр надад гайхалтай хичээл заасан.

Ариун сүмийн өрөөнд ортол нэгэн залуухан эгч над руу бөхийн намуухнаар, “Би их сандраад байна. Би энд дөнгөж хоёр дахиа л ирж байна. Та надад туслаач?” гэж шивнэсэн юм. Тэр үгсийг яг тэр үед би сонсох ёстой байсан юм гэдгийг тэр яаж мэдсэн юм бол? Тэр мэдээгүй ээ, харин Тэнгэрлэг Эцэг маань мэдэж байсан. Надад юу хэрэгтэй гэдгийг тэр ажиглажээ. Би үйлчлэх ёстой байж. Бурхан тэр залуухан даруу эмэгтэйг над руу явуулж, тусламж гуйлгуулснаар намайг бас түүнд үйлчлэх боломжийг нээсэн юм. Энэ бүхнээс хамгийн их ашиг тусыг хүртсэн хүн нь би байж билээ.

Он жилүүдийн турш манай гэр бүлд Христийн адил үйлчлэл үзүүлсэн олон хүмүүс байсан гэдгийг би талархалтайгаар хэлж байна. Мөн би агуу хайраар, сэтгэл харамгүй үйлчлэл үзүүлдэг миний хайртай нөхөр болон гэр бүлийнхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна.

Бид бүгд эхлээд ажиглаж, тэгээд үйлчлэхийг хүсэж байгаасай. Хэрэв бид ингэж үйлчлэх юм бол, бид гэрээгээ сахих бөгөөд мөн бидний үйлчлэл Ерөнхийлөгч Монсоныхтой адил биднийг дагалдагч гэдгийг маань нотлох болно гэдгийг би гэрчилж байна. Аврагч амьд мөн Түүний Цагаатгал нь бидэнд Түүний сургаалийн дагуу амьдрах боломжийг олгодог гэдгийг би мэднэ. Мөн Ерөнхийлөгч Монсон өнөөдөр бидний бошиглогч гэдгийг би мэднэ, Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1.  Сургаал ба Гэрээ 20:77.

  2.  

    2.  Иохан 15:12.

  3.  

    3. Tомас С.Монсон, “Өнөөдөр би хэнд юу хийж тусласан бэ?” Лиахона мөн Ensign, 2009 оны 11сар, 86.

  4.  

    4. Канион Х., “A Good Choice,” Friend,, 2012 оны 1 сар, 31

  5.  

    5.  Maтай 5:44.

  6.  

    6.  Maтай 25:40.

  7.  

    7. “For Madison,” lds.org/youth/video/for-madison-ыг үзнэ үү.

  8.  

    8.  Moронай 7:47.

  9.  

    9. Томас С.Монсон, “Хайр хэзээ ч дуусдаггүй,” Лиахонa мөн Ensign, 2010 оны 11 сар, 125-г мөн Миний хаант улсын охид: Нийгмийн халамжийн бүлгийн түүх ба ажил (2011)-ыг үзнэ үү.

  10.  

    10.  3 Нифай 14:12.

  11.  

    11. Al VanLeeuwen, “Serving the One,” Liahona, Aug. 2012, 19 ; Ensign, Aug. 2012, 15; Sally DeFord, “If I Listen with My Heart,” 2011 Outline for Sharing Time, 28-ыг үзнэ үү..

  12.  

    12.  3 Нифай 27:21.

  13.  

    13. Ричард Г.Скотт, “Мөнхийн гэрлэлтийн адислалууд,” Лиахона мөн Ensign, 2011 оны 5сар, 96.

  14.  

    14.  Maтай 20:26.

  15.  

    15. Роберт Д.Хейлс, “Материаллаг болон сүнслэг байдлаараа аз жаргалтай хангалуун амьдрах нь,” Лиахонa мөн Ensign, 2009 оны 5сар, 9.

  16.  

    16.  Maтай 20:32.