2010–2019
Зүрх сэтгэлээрээ сурах нь
Аравдугаар сар 2012


Зүрх сэтгэлээрээ сурах нь

Христэд ирэх нэг арга зам бол чухал үнэнүүдийг зүрх сэтгэлээрээ суралцахыг эрэлхийлэх явдал юм.

“Та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ир.”1 Энэ нь Аврагчийн эртний Америкийн оршин суугчдад өгсөн зарлиг юм. Тэд Есүс бол Христ гэдгийг гараараа тэмтэрч үзэн, нүдээрээ харсан. Тэдний хүлээн авсан энэхүү зарлиг нь тэдэнд чухал байсны адил өнөөдөр ч гэсэн бидэнд чухал. Бид ч бас Христэд ирснээр гар болон нүдээрээ биш ч гэсэн зүрх сэтгэл, оюун санаагаараа Есүс бол Христ гэдгийг мэдэрч, “баттай мэдэж” 2чадна.

Христэд ирэх нэг арга зам бол чухал үнэнүүдийг зүрх сэтгэлээрээ суралцахыг эрэлхийлэх явдал юм. Ингэснээр Бурханаас ирэх мэдрэмж, сэтгэгдлүүд бидэнд өөр ямар ч замаар олж авч чадахгүй мэдлэгийг өгөх болно. Төлөөлөгч Петр Есүс бол Христ, Амьд Бурханы Хүү гэдгийг мэддэг байжээ. Аврагч Петрт түүний олж авсан мэдлэгийн эх сурвалжийг “мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн” 3 гэж тайлбарлажээ.

Бурханаас ирдэг эдгээр мэдрэмжүүдийн зорилгыг бошиглогч Абинадай хаан Ноагийн өмнө санваартнуудад тайлбарласан байдаг. Бид судруудыг зүрх сэтгэлээсээ ойлгохыг хичээхгүй бол тэдгээрийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй хэмээн Абинадай заасан.4

Уг үнэнийг бидний сайн мэдэх Сейнт Ексюперигийн бичсэн Бяцхан Ханхүү хэмээх хүүхдийн номонд гайхамшигтайгаар дүрсэлсэн байдаг. Уг номонд бяцхан ханхүү үнэгтэй найзалдаг. Үнэг явахаасаа өмнө бяцхан ханхүүтэй нэгэн нууц хуваалцжээ. Тэр “Надад нэг нууц байна …{ : Нүдэнд үл харагдах энэ чухал зүйлийг зүрхээрээ л ганцхан харж болно”5 гэжээ.

88 настай Томас Коелхо ах бол зүрх сэтгэлээрээ мэдэрч, харсан хүний гайхалтай жишээ юм. Тэрээр Уругвай улсын Пайсанду дахь манай дээд зөвлөлийн итгэлтэй гишүүн билээ. Коелхо ах Сүмийн гишүүн болохоосоо өмнө мотоцикль барьж яваад осолд оржээ. Тэрээр газарт хөдөлж чадахгүй хэвтэж байх үед нь хоёр номлогч хажуугаар нь явсан байна. Тэд түүнд босч, гэртээ харихад нь тусалжээ. Коелхо ах номлогч нарыг түүнд туслахаар ирэх үед ямар нэгэн онцгой мэдрэмж мэдэрсэн гэдгээ хэлсэн. Хожим нь номлогч нар түүнд хичээл заахад тэрээр хүчтэй мэдрэмжийг дахин хүлээн авчээ. Тэрээр Мормоны Номыг эхнээс нь дуустал нь хэдхэн өдөр уншихдаа мөн адил мэдрэмжийг мэдэрчээ. Тэрээр тэр цаг үеээс хойш итгэлтэйгээр, хичээнгүй үйлчилсэн. Тэрээр бүр тэсгэм хүйтэн өвлийн өдрүүдэд ч бусдыг Сүмд авчрахын тулд мотоцикль унаад манай гудамжаар явдаг байсныг би санадаг. Тэр хүмүүст үлгэр жишээ болдог байв.

Өнөөдөр бидний эргэн тойронд тоо томшгүй их мэдээлэл байгаа бөгөөд бид мэдэхийг хүссэн бүх зүйлээ сая сая вэб хуудсаас олж чадна гэж бодож магадгүй. Бид интернетээс сайн, муу мэдээллийг олж болох боловч мэдээлэл дангаараа хангалтгүй. Бурхан бидэнд илүү агуу мэдлэгийг бүр тэнгэрээс ирэх мэдлэгийг олж болох нэгэн эх сурвалжийг өгсөн билээ.6 Бид зүрх сэтгэл, оюун санаандаа тэнгэрлэг эх сурвалжуудаас мэдлэгийг эрэлхийлэх юм бол Тэнгэрлэг Эцэг маань бидэнд мэдлэгийг өгөх болно. Бошиглогч Иосеф Смит “хамгийн эртний ном болох Ариун Сүнсний бэлэг [миний] зүрхэнд байдаг”7 гэжээ.

Бид судруудыг судалж, амьд бошиглогчдын үгсийг анхааран сонсож, залбирах үед Ариун Сүнс бидэнд ирдэг. Мөн үүний хажуугаар селестиел өдөөлтүүдийг тунгаан бодож, мэдрэх цаг гаргах нь чухал юм.8 Бид эдгээрийг хийснээр орчин үеийн техник технологиос олох боломжгүй зүйлсийг “мэдэрч, харах” болно. Бид тэнгэрлэг эх сурвалжуудаас эрэлхийлэх илүү туршлагатай болсон үедээ сүнслэг бус түүх эсвэл сэдвийг унших үедээ ч үнэнийг ялгаж салгаж чадах болно. Үнэнийг үнэхээр эрэлхийлэгчид Ариун Сүнсний хүчээр бүх зүйлийн үнэнийг мэдэж болно.9

Одоо би анхааруулгын үгсийг хэлмээр байна. Энэхүү селестиел эх сурвалжаас эрэлхийлэх бидний чадвар алдсыг үйлдэж, Их Эзэнийг мартсан үед багасдаг. Нифай ах нартаа тэд “алдсыг үйлдэхдээ шаламгай боловч Их Эзэн Бурханаа санахдаа удаан” 10 учраас “түүний үгсийг мэдэрч чадсангүй” гэж хэлдэг. Алдас нь харж, мэдэрч, бусдыг хайрлах чадварыг буруулдаг. Зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирч,11 сүнслэг туршлагуудаа санаснаар, Их Эзэнийг санахдаа шаламгай байх нь бидний Христийн зүйлсийг харж, мэдрэх чадварыг нэмдэг. Би одоо та нараас нэг асуулт асууя!

  • Та их зовлонгийн үед тусламж хүсэн Эцэгт хүчит залбирал өргөснийхөө дараа мэдэрсэн амар амгаланг санаж байна уу?

  • Та зүрх сэтгэлд тань ирсэн өдөөлтүүдийн дагуу хийх зүйлсийнхээ жагсаалтыг өөрчилж байсан уу?

Мормоны Номонд гардаг агуу эрс чухал сүнслэг туршлагуудаа санаснаар агуу мэдлэгийг хүлээн авах чадвараа сайжруулсан. Алма хүүхдүүддээ өөрийнхөө хөрвөлтийн туршлагын талаар сануулж тэднийг хүчирхэгжүүлсэн байдаг.12 Хиламан Нифай, Лихай хоёрт Христийн хадан дээр сууриа тависнаар чөтгөр тэднийг дийлэх хүчгүй байх болно13гэдгийг санаж явахыг заадаг. Бид ч бас үүнийг хийх ёстой. Бурханыг санах нь бидэнд мэдэрч, амьдрахад тусалдаг. Энэ нь “Мөн эдүгээ, Ай хүмүүн, санагтун, мөн бүү мөхөгтүн”14хэмээн хэлсэн хаан Бенжамины үгст илүү гүнзгий ач холбогдол өгдөг.

Миний хамгийн ариун нандин, үнэ цэнэтэй дурсамжуудын нэг нь Мормоны Ном Бурханы үг гэдгийг мэдэх үедээ мэдэрсэн мэдрэмж байдаг. Би тэр өдөр өөр ямар ч замаар сурч чадаагүй зүйлсийг мэдэрч, баттай мэдсэн юм. Үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгаланг хүн эдэлж болдгийг би ойлгосон. Энэ дурсамж нь миний амьдралын төгсөшгүй талархлын шалтгаан бөгөөд хүнд хэцүү үед намайг хүчирхэгжүүлдэг билээ.

Мах болон цуснаас биш харин Тэнгэрлэг Эцэгээс мэдлэг хүлээн авдаг тэд Есүс бол Христ, энэ бол Түүний Сүм гэдгийг баттай мэддэг. Энэ мэдлэг нь бидэнд Христ рүү ирэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх хүч чадлыг өгдөг. Ийм учраас бид одоо бодгаль бүрийг нүглээ наманчлан, баптисм хийлгэн мөн Түүн рүү ирэхийг урьж байна.15

Христэд ирснээр бодгаль бүр Христ бидний нүглийн төлөө, бидэнд мөнхийн амьдралыг өгөхийн тулд зовж шаналан мөн цагаатгасан гэдгийг харж, мэдэрч, баттай мэднэ. Хэрэв бид наманчлах юм бол дэмий шаналж зовохгүй байх болно.16 Шархадсан зүрх сэтгэлийг эдгээж, харууссан зүрхийг тайтгаруулах боломжтой байгаад Түүнд талархаж байна. Түүнд бидний нуруунаас авч, хөнгөлж чадахгүй ямар ч ачаа байхгүй. Тэрээр бидний өвчин зовлон, дутагдлыг мэддэг. Бүх хаалга хаалттай, бүх зүйл нурсан мэт санагдах үед Тэрээр биднийг сэтгэлээр унагаахгүй гэдгийг би амлаж, гэрчилж байна. Бидэнд донтолт, сэтгэл санааны хямрал эсвэл өөр юу ч тохиолдсон байсан гэсэн Христ бидэнд туслах болно мөн бидний гарах гарц байх болно. Тэр Өөрийн хүмүүст хэрхэн туслахаа мэддэг.17 Эдийн засаг, хэвлэл мэдээллийн муу нөлөөллөөс эсвэл гэр бүлийн нөхцөл байдлаас болж зовж байгаа гэрлэлт, гэр бүл тэнгэрээс тайтгаруулагч нөлөөг мэдрэх болно. Тэрээр жигүүртээ эдгээх чадлыг эзэмдэн18 үхлээс боссон гэдгийг “тэмтэрч, харах” нь сайхан бөгөөд Түүний ачаар бид нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзаж, тэднийг тэврэх болно. Түүнд хөрвөсөн хөрвөлт маань эдгээлтээр шагнагдсан нь гарцаагүй.19

Энэ бүхэн үнэн гэдгийг би баттай мэднэ. Энэ шалтгааны учир би эртний Америкийн оршин суугчидтай нэгдэн дуу алдмаар байна: “Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг!”20 Тэр бидэнд авралыг хайрласан. Есүс бол Христ, ариун Мессиа гэдгийг би гэрчилж байна. Тэр бол түмэн цэргийн Эзэн, бидний Аврагч, Гэтэлгэгч билээ. Есүс Христийн нэрээр, амен.