2010–2019
Хүүхдүүдээ хамгаал
Аравдугаар сар 2012


Хүүхдүүдээ хамгаал

Хүүхдүүдийнхээ – өсөж буй үеийнхнийхээ сайн сайхан мөн тэдний ирээдүйн төлөө илүү ихээр санаа тавин нэгдье гэсэн миний уриалгыг харин үгүйсгэх ёсгүй юм шүү.

Хүүхэд уйлан тусламж эрэн бидэн дээр ирэхэд ямар байдгийг бид бүгд мэднэ. Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг маань өөрийн хүүхдүүдээ халамжлуулахын тулд тэдгээр мэдрэмжийг бидэнд өгдөг юм. Хүүхдүүдээ хамгаалж, тэдний сайн сайхны төлөө байх үүргийн талаар ярихад минь тэр мэдрэмжүүдээ дурсан санаарай.

Хүүхдүүдээ хамгаалах талаар Есүс Христийн сайн мэдээ, Түүний авралын төлөвлөгөө юу гэж заасан байдаг талаар би ярих болно. Энэ бол миний дуудлага. Орон нутгийн удирдагч нар тойрог, гадас гэсэн ганцхан нэгжийг хариуцдаг бол, Төлөөлөгч хүн дэлхий дахинаа гэрчлэх үүрэгтэй байдаг билээ. Үндэстэн, ястан, шашин болгонд байдаг хүүхдүүд бол Бурханых юм.

Улс төр, нийгмийн дэг журам хүүхдүүдийн сайн сайхны талаар ямар байр суурьтай байдаг талаар би ярихыг хүсэхгүй ч, бусад сүмийн удирдагч нарын адил иргэн, албан хаагч болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчдын сонголт ямар үр дагавар авчирдаг талаар дурдахгүй байж чадахгүй нь. Аврагчийн зарлигласны дагуу бид бүгд бие биенээ, ялангуяа сул дорой, өөрийгөө хамгаалж чадахгүй тэдгээрийг хайрлан хамгаалах үүрэг хүлээдэг.

Хүүхдүүд маань маш эмзэг шүү. Тэдэнд өөрийгөө хамгаалах, өөрсдийгөө хэрэгтэй зүйлээрээ хангах эсвэл өөрсдийн сайн сайхан байх байдалд нөлөөлөх чадвар маш бага байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалж, насанд хүрэгчдийн хувиа хичээх сэтгэлээсээ илүүтэй тэдний сайн сайхан байдлыг чухалд үзэн шийдвэр гаргах чадвартай хэн нэгэн хүүхдүүдэд хэрэгтэй.

I.

Насанд хүрэгчдийн хорон санаат гэмт хэрэг, хувиа хичээсэн байдлаас болж хохирч байгаа сая сая хүүхэд энэ дэлхий дээр байгаа нь биднийг сэрдхийлгэдэг.

Дайн дажин болж байгаа улс орнуудад дайтаж байгаа талууд хүүхдүүдийг хүчээр өөрсдийн эгнээндээ элсүүлж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан тайлангаас харахад нэг жилд хоёр сая гаруй хүүхэд хүчирхийлэл болон садар самууны хохирогч болдог байна.1

Авралын төлөвлөгөөний дагуу хүүхдийн хүчирхийлэлийн хамгийн ноцтой хэлбэр нь тэдний энэ дэлхийд төрөх эрхийг хязгаарлах явдал юм. Энэ явдал дэлхий нийтэд жишиг болоод байна. Америкийн Нэгдсэн Улсын үндэсний хэмжээнд энэ жилийн төрөлт нь сүүлийн 25 жилтэй харьцуулахад хамгийн бага байж, 2 ихэнх Европ болон Азийн орнуудад нилээн хэдэн жилийн турш төрөлт нь хүн амаа нөхөх түвшинд хүрэхээ больжээ. Энэ нь зөвхөн шашинтай холбоотой асуудал биш. Төрөх хүүхдүүдийн маань тоо цөөрөх тусам соёл иргэншил, тэр бүү хэл бүхэл бүтэн үндэстэн хүртэл сул дорой болж улмаар сөнөж үгүй болох аюултай.

Төрөлт багасаж байгаа шалтгаануудын нэг нь үр хөндүүлэх явдал юм. Дэлхий дахинаа жилд 40 сая гаруй үр хөндөлт хийгдэж байна гэсэн тоо баримт байна. 3 Олон хууль тогтоомж үр хөндөлтийг зөвшөөрч, тэр ч байтугай өөгшүүлж байдаг. Харин бидний хувьд энэ нь жигшүүрт хэрэг юм. Жирэмслэлтийн үед гардаг хүүхдийн хүчирхийлэлийн бас нэг хэлбэр нь эх хүн тэжээллэг хоол хүнс дутагдсанаас эсвэл хар тамхи хэрэглэснээс болж хүүхдэд илрэх төрөлтийн гажиг юм.

Олон мянган хүүхдийг төрүүлэхгүй алж, эсвэл гажигтай болгож байхад, маш олон хос хүүхэдтэй болохыг хүссэн хэдий ч чадахгүй, хүүхэд үрчилж авахыг хүсэж байгаа нь эмгэнэлт бодит байдал билээ.

Төрснийх нь дараа хүүхдийг хүчирхийлэх эсвэл үл тоомсорлох явдал нь олон нийтэд ил харагддаг. Дэлхий дахинаа бараг найман сая хүүхэд таван нас хүрэлгүй нас барж байна. Ихэнх нь эмчилж эсвэл урьдчилан сэргийлж болох өвчнөөр нас бардаг юм.4 Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр хүнсний тэжээлийн дутагдлаас болж дэлхийд дөрвөн хүүхдийн нэг нь оюун санаа болон биеийн доройтолд ордог байна. 5 Сүмийн удирдагч болсон бид дэлхийн олон улс оронд амьдарч, аялахдаа иймэрхүү байдлыг зөндөө хардаг билээ. Хүүхдийн ерөнхий Ерөнхийлөгчийн зөвлөл “төсөөлөхийн аргагүй” орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн талаар мэдээлдэг. Филлипин Улсад амьдардаг нэгэн ээж: “Заримдаа мөнгө маань хоол авахад хүрэлцдэггүй, гэхдээ зүгээрээ, яагаад гэвэл энэ нь надад хүүхдүүддээ итгэлийн талаар заах боломжийг олгодог юм. Асуудлыг маань шийдэж өгөөч гэж бид хамтдаа залбирдаг, тэгээд хүүхдүүд маань Их Эзэн биднийг адислахыг хардаг юм .”6 гэж хэлж билээ. Өмнөд Африкт, Хүүхдийн хэсгийн ажилтан ганцаардаж, гунихарсан бяцхан охинтой уулзжээ. Хайраар асуусан хэдэн асуултанд тэр бяцхан охин аав, ээж, эмээ байхгүй, зөвхөн өвөө нь түүнийг халамжилдаг гэж сулхан хоолойгоор хариулжээ.7 ДОХ-оос болж олон асран хамгаалагчид нь нас бардаг тив дээр иймэрхүү эмгэнэлт түүх нь элбэг тохиолддог.

Гэхдээ баян чинээлэг үндэстнүүдэд ч гэсэн хангалттай халамж, хамгаалалт авч чадахгүйгээсээ болж хохирч буй хүүхэд, залуус байдаг. Ядуу орчинд өсөж буй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах мөн боловсрол олж авах боломж дутмаг байна. Тэдний амьдарч буй орчин мөн эцэг эхийн хараа хяналт муу учраас тэдгээр хүүхдүүдэд байнга аюул заналхийлж байдаг. Ахлагч Жеффри Р.Холланд Хожмын Үеийн Гэгээнтэн цагдаагийн ажилтны туршлагаас саяхан хуваалцсан билээ. Хэрэг шалгах явцдаа тэрээр нэг муу оромжинд ор дэвсгэргүй, халтар шалан дээр бие биенээ тэврэн хэвтэж, унтахыг оролдож буй таван хүүхдийг олжээ. Хажууханд нь ээж нь бусадтай нийлэн архи ууж байсан байна. Хүүхдүүдийг хооллочихоор зүйл тэр гэрт огт байсангүй. Ор шиг юм хийн хүүхдүүдийг хэвтүүлээд тэр ажилтан өвдөг сөхрөн тэднийг хамгаалахыг хүсэн залбирчээ. Тэгээд хаалга руу чиглэн явж байхад нь, тэдгээр хүүхдийн нэг нь болох зургаа орчим насны охин гүйн ирж түүний гараас шүүрэн “Та намайг үрчилж аваач дээ?” гэж гуйсан байна.8

Нэгэн бяцхан хүүхэд авчран дагалдагчдийнхаа өмнө зогсоогоод Аврагчийнхаа хэлсэн үгсийг санаж байгаа байх:

“Миний нэрээр ийм хүүхдийг хүлээн авсан хэн боловч Намайг хүлээн авсан хэрэг.

“Харин хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүдрүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр” (Maтай 18:5–6).

Хамгаалалт шаардлагатай хүүхдүүдэд маань заналхийлж буй бас нэг аюул нь сэтгэл санааны хүчирхийлэл юм. Хүүхэд, залуусыг доош нь хийж, дээрэлхэж эсвэл ичээдэг эцэг эх, асран хамгаалагч, багш эсвэл үеийнхэн нь тэдэнд биеийн гажигаас илүү хор хөнөөл учруулдаг. Хүүхэд, залуусыг үнэ цэнэгүй, хайрлашгүй, хэнд ч хэрэггүй хэмээн итгүүлэхэд энэ нь тэдний сэтгэл санааны хөгжил, сайн сайхан байдалд нь хэзээ ч эдгэхгүй, гүн сорви болон үлддэг байна.9 Өвөрмөц асуудалтай, үүн дотор ижил хүйстэндээ татагддаг, залуу хүмүүс нэн эмзэг байдаг бөгөөд тэднийг загнан гадуурхахгүй, харин хайрлан ойлгох нь их чухал юм.10

Их Эзэний тусламжтайгаар бид наманчилж мөн өөрчлөгдөж, улмаар өөрийн болон бусдын хүүхдүүдийг илүү ихээр хайрлаж мөн тэдэнд тусалж чадах юм.

II.

Эцэг эх, асран хүмүүжүүлэгч нарын харьцаанаас үүдэлтэй хүчирхийлэлтэй эн чацуу биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэд хэдэн жишээ байна. Ерөнхийлөгч Монсон эцэг эх нь хүүхдүүдийнхээ бие болон сэтгэл санааг бэртээж, гэмтээсэн хүчирхийлэл, түүний нэрлэснээр “олиггүй үйлдэлүүд”-ийн талаар ярьж байсан.11 Би Ютагийн Дээд Шүүхэд ажиллаж байхдаа иймэрхүү хэргүүдийн сэтгэл сэрдхийлгэм баримтуудыг судлан их хямардаг байж билээ.

Эцэг эх нь гэрлэсэн эсэх, гэрлэлт нь хир амжилттай байгаа, гэрлээд удаж байгаа эсэх, бүр өргөнөөр нь аваад үзвэл гэрлэлтийн байдал, хүүхдүүддээ тавьдаг анхаарал халамж зэрэг нь хүүхдүүдийн сайн сайхан байдалд ихээр нөлөөлдөг. Гэр бүлийн судлаач хоёр эрдэмтэн ингэж хэлсэн байна: “урьд нь гэрлэлт бол юуны түрүүнд нөхөн үржих мөн хүүхдүүдээ өсгөх орчин болж байсан юм. Гэрлэлт нь хүүхдүүдийн эхийг эцэгт нь ойр байлгаснаар, эцэг хүүхдийн хоорондох холбоог бий болгох орчинг бүрдүүлдэг байжээ. Харамсалтай нь өнөө үед, хүүхдүүд голлох байр сууриа алдсаар байна.”12

Харвардын их сургуулийн хуулийн профессор орчин үед гаргасан гэрлэлт, салалтын тухай хууль тогтоомж, гэрлэлтэд хандах хандлагыг: “Хууль болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлд өнөө үеийн Америк гэр бүлийн байдлыг нэг иймэрхүү байдлаар тодорхойлдог: гэрлэлт нь үндсэндээ эхнэр нөхөр хоёрын хэрэгцээг хангах харьцаа юм. Энэ шаардлага хангагдахаа болих нь хэн нэгний буруу биш, тиймээс ч эхнэр нөхөр аль аль нь хүссэн үедээ энэхүү харьцааг цуцлуулж болно. Хүүхдүүд энд огт хамаагүй. Хүүхдүүдийн тухай ярилаа гэхэд тэдгээр нь үл мэдэгдэм, анзаарагдахгүй байр суурийг эзэлдэг”13 гэж тодорхойлжээ.

Гэрлэлтийг зөвхөн “хүссэн үедээ хийж ... анхны асуудал үүсэхэд л цуцалж болдог гэрээ төдий” хэмээн тооцож, ялангуяа ингэснээрээ хүүхдүүдийг зовоож байвал, энэ нь “хатуу зэмлэл хүртэх бусармаг үйлдэл юм” хэмээн Сүмийн удирдагч нар хэлсэн байдаг.14 Салалт нь хүүхдүүдэд гүн нөлөөлдөг. Сүүлийн хэдэн жилд салсан гэр бүлүүдийн хагас нь бага насны хүүхдүүдтэй байсан байна. 15

Хэрэв эцэг эх нь гэр бүлийн тунхагт өгөгдсөн “Нөхөр, эхнэр хоёр нь бие биенээ болон үр хүүхдээ хайрлан, халамжлах албан ёсны хариуцлага хүлээнэ ... Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайраар болон зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биенээ хайрлан, үйлчилж, ... байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм”16 гэсэн зааварчилгааг дагасан бол тэд хамтран хүүхдүүдээ өсгөн, тэдэндээ адислал болох байсан юм. Хүүхдүүдэд сургах хамгийн найдвартай арга нь эцэг эхийнх нь үлгэр жишээ байдаг. Салж буй эцэг эхчүүд хүүхдүүддээ хүссэн хүсээгүй буруу үлгэр дууриал үзүүлж байдаг юм.

Хүүхдүүдээ сайн сайхан байлгахын тулд зайлшгүй салах шаардлагатай үе бас байдаг байх. Гэхдээ тэр нь ховор.17 Гэр бүлд асуудал гарахад эцэг эхчүүд нэн түрүүнд хүүхдүүдийнхээ ашиг сонирхолыг чухалчлан үздэг байх хэрэгтэй. Их Эзэний тусламжтайгаар тэд үүнийг хийж чадна. Хүүхдүүдэд сэтгэл санаа болон хувийн хүч чадал хэрэгтэй. Эдгээрийг гэрлэлт, зорилго нэгтэй байж олж авдаг юм. Ээж минь бэлэвсэрсэн учир ганцаараа биднийг өсгөсөн. Тиймээс эцэг эх нь хоёулаа байж хүүхдүүдээ өсгөхгүй тохиолдол гарна гэдгийг би ойлгодог. Гэвч болж өгвөл эцэг эх та нар хамтдаа үлдэхийг сонгож байгаа чээ.

“Хэний ч буруугаас болоогүй” хэмээн нэрлэгддэг “салалтыг” зөвшөөрдөг хууль тогтоомжоос болж хамгийн түрүүнд хохирдог нь хүүхдүүд юм. Гэрлэлтээ цуцлуулах маш амархан гэж хүүхдүүд үздэг байна. Олон арван жил хийгдсэн нийгмийн шинжлэх ухааны судалгааны үр дүнг нэгтгэн “хүүхдүүдэд хамгийн ээлтэй бүтэц нь төрсөн эцэг эх нь хамтдаа үлддэг гэр бүлийн бүтэц юм” 18 гэж нэгэн эрдэмтэн хэлжээ. Нью-Йорк таймсын сэтгүүлч “Америкийн Нэгдсэн Улсад уламжлалт гэр бүлийн ач холбогдол багасахын сацуу хүүхдүүдийн сайн сайханд гэрлэлт нь чухал ач холбогдолтой болохыг харуулсан гуйвшгүй нотлох баримтууд гарч ирсэн нь гайхалтай юм”19 гэж хэлсэн байна. Энэхүү бодит байдал нь хүүхэдтэй эсвэл хүүхэдтэй болохыг завдаж байгаа хүмүүст гэрлэлт мөн салах тал дээр шийдвэр гаргахад нь чухал зөвлөмж болох ёстой. Өөрсдийн хувиа хичээх сонирхол эсвэл насанд хүрэгчдийн эрх ашгийг хамгаалан тэмцдэг бус харин хүүхдийн эрх ашгийг хамгаалахад анхаарлаа хандуулдаг улс төрч, журам батлагч мөн албан хаагчид бидэнд хэрэгтэй билээ.

Гэрлэхгүй байснаар хүүхдүүдээ бас хохироодог байна. Америкийн Нэгдсэн Улсад хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 41 хувь нь гэрлээгүй байдаг бөгөөд энэ нь бидний өсч буй үеийнхний сайн сайхан байдалд нөлөөлж байгаа нь их ноцтой юм.20 Гэрлээгүй эхчүүдэд маш их асуудал тулгардаг бөгөөд тэдний хүүхдүүд гэрлэсэн эцэг эхтэй хүүхдүүдтэй харьцуулахад илүү их асуудалтай тулгардаг нь тодорхой.21

Гэрлээгүй эхээс төрсөн хүүхдүүдийн ихэнх нь – буюу 58% нь хамтран амьдардаг хосуудын хүүхдүүд байна.22 Эдгээр хосуудын талаар бид юу ч гэж бодох нь хамаагүй тэдний хүүхдүүд нь илүү их бэрхшээлтэй тулгардаг юм. 23 Тэгэхээр тогтвортой гэр бүл нь хүүхдүүдийн хувьд их чухал байдаг байх нь.

Ижил хүйстэнтэйгээ суусан хосуудын хүүхдүүд мөн ялгаагүй адил асуудалтай байдаг. Ийм нөхцөл байдал хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн нийгмийн шинжлэх ухааны ажил болон үр дүн нь маргаантай юм. Учир нь Нью-Йорк таймс-ын сэтгүүлчийн ажигласнаар “ижил хүйстэнтэй гэрлэх нь үндсэндээ нийгмийн доторх туршилт бөгөөд үр дагаврыг нь мэдэхийн тулд нилээн урт хугацаа шаардагддаг” юм байна.24

III.

Би хүүхдүүдийн төлөө, бүх хүүхдүүдийн төлөө эдгээр үгсийг хэллээ. Зарим хүмүүс зарим нэг жишээг маань үгүйсгэх байх, гэсэн хэдий ч хүүхдүүдийнхээ – өсөж буй үеийнхнийхээ сайн сайхан мөн тэдний ирээдүйн төлөө илүү ихээр санаа тавин нэгдье гэсэн миний уриалгыг харин үгүйсгэх ёсгүй юм шүү.

Бид Бурханы хүүхдүүдийн талаар ярьж байна. Түүний хүчтэй тусламжийн ачаар хүүхдүүддээ туслахын тулд бид илүү ихийг хийж чадна. Энэ уриалгыг би зөвхөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдэд тавьсангүй харин бусдын эрх ашгийг өөрсдийнхөөсөө дээгүүр тавьдаг бусад шашныхан болон хувь хүмүүст хандан бас хүргэж байгаа юм шүү. Ийм хүмүүс л хүүхдүүдийн сайн сайхны төлөө юм хийж чаддаг.25

Шинэ Гэрээнд Аврагчийн зааснаар ариун бяцхан хүүхдүүд л бидэнд номхон, хүлцэнгүй байдлын үлгэр жишээ болдгийг шашинтай хүмүүс бас мэддэг.

“Үнэнээр Би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж, хүүхдүүдтэй адил болохгүй бол, тэнгэрийн хаанчлалд орохгүй.

“Иймээс хэн өөрийгөө энэ хүүхэд адил даруу болгоно, тэр нь тэнгэрийн хаанчлалд хамгийн агуу нь болно.” (Maтай 18:3–4).

Амилсан Их Эзэн Нифайчуудад хандан наманчилж мөн баптисм хүртэж, “мөн бяцхан хүүхэд лугаа адил болох ёстой, эс бөгөөс Бурханы хаант улсыг ямар ч аргаар өвлөж чадахгүй” гэж хэлснийг бид Мормоны номноос уншдаг. (3 Нифай 11:38; мөн Moронай 8:10-г үзнэ үү).

Бид бяцхан хүүхдүүд шиг даруу болж, бяцхан хүүхдүүдэд хүрч туслахын төлөө байгаасай гэж би залбирч байна. Учир нь тэд бол бидний, Сүмийн мөн үндэстний ирээдүй юм шүү. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. UNICEF, The State of the World’s Children 2005: Childhood under Threat (2004), 26-г үзнэ үү.

  2. Хаяа Ел Нассер “National Birthrate Lowest in 25 Years,” USA Today, 2012 оны 7-сарын 26 , A1-г үзнэ үү.

  3. Гилда Сет ба бусад “Induced Abortion: Incidence and Trends Worldwide from 1995 to 2008,” The Lancet, vol 379,no 9816 (2012 оны 2-р сарын 18):625–32-г үзнэ үү.

  4. UNICEF, “Young Child Survival and Development,” http://www.unicef.org/childsurvival/index.html-г үзнэ үү.

  5. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулага, World Health Statistics 2012 (2012), 109, 118-г үзнэ үү.

  6. 2012 оны 9-р сарын 13-ны Хүүхдийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн тайлан-г үзнэ үү.

  7. Хүүхдийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн тайлан.

  8. Жеффри А.Холланд “Israel, Israel, God Is Calling,” СБС-ийн залуу насанд хүрэгчдэд зориулсан галын дэргэдэх ярилцлага, 2012 оны 9-р сар ; мөн Р. . Скотт Лойд, “Zion Not Only Where, but How We Live,” Deseret News,, 2012 оны 9-р сарын 10  үзнэ үү.

  9. Ким Пайнтер, “Parents Can Inflict Deep Emotional Harm,” USA Today, , 2012 оны 7-р сарын 30, B8; Рачел Лоури, “Mental Abuse as Injurious as Other Forms of Child Abuse, Study Shows,” Deseret News, 2012 оны 8-р сарын 5, A3-г үзнэ үү.

  10. “End the Abuses,” Deseret News,2012 оны 6-р сарын 12, A10-г үзнэ үү.

  11. Томас С.Монсон, “Нандин хүүхдүүд, Бурханы бэлэг,” 2000 оны 6 сарын Лиахона , 2; “A Little Child Shall Lead Them,”үзнэ үү.

  12. В. Брадфорд Вилкокс ба Елизабет Маркүарт, The State of Our Unions: Marriage in America (2011), 82.-г үзнэ үү.

  13. Мэри Энн Глендон Abortion and Divorce in Western Law: American Failures, European Challenges (1987), 108-г үзнэ үү.

  14. Дэвид. О.МкКей, “Structure of the Home Threatened by Irresponsibility and Divorce,” Improvement Era, 1969 оны 6-р сар, 5-г үзнэ үү.

  15. Диана В.Эллиот ба Тавиа Симмонс, “Marital Events of Americans: 2009,” American Community Survey Reports, 2011 оны 8-р сарыг үзнэ үү.

  16. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” 2010 оны 11 сарын Лиахона,-г үзнэ үү.

  17. Даллин Х.Өүкс, “Салалт” 2007 оны 5 сарын Лиахона,-г үзнэ үү.

  18. Чарльз Муррэй, Coming Apart: The State of White America, 1960–2010 (2012), 158.

  19. Росс Дойхат, “Gay Parents and the Marriage Debate,” New York Times, , 2012 оны 6-р сарын 11, http://douthat.blogs.nytimes.com/2012/06/11/gay-parents-and-the-marriage-debate/.

  20. Жоусе А.Мартин, ба бусад “Births: Final Data for 2009,” National Vital Statistics Reports, 60:1 (2012 оны 8-р сар)-г үзнэ үү.

  21. Виллиам Ж.Дорти, болон бусад, Why Marriage Matters: Twenty-One Conclusions from the Social Sciences (2002); ба В . Брадфорд Вилкокс болон бусад Why Marriage Matters: Thirty Conclusions from the Social Sciences, гуравдахь хэвлэл (2011)-г үзнэ үү.

  22. Maртин болон бусад “Births: Final Data 2010 он 10–11-г үзнэ үү.”

  23. Вилкокс Why Marriage Matters-г үзнэ үү.

  24. Росс Дохат “Gay Parents and the Marriage Debate.” (Марк Регнерус “How Different Are the Adult Children of Parents Who Have Same-Sex Relationships? Findings from the New Family Structures Study,” Social Science Research, vol.41 [2012]: 752–70).

  25. Хожмын Үеийн Гэгээнтнүүд эцэг эх байх үүрэг хариуцлагыг амьдралынхаа хамгийн чухал зорилго болгодог (Pew Research Center’s Forum on Religious and Public Life, Mormons in America: Certain in Their Beliefs, Uncertain of Their Place in Society, 2012 оны 1-р сарын 12. , 10, 16, 51)-г үзнэ үү.