Ариун сүмийн стандарт

Скотт  Д.Вайтинг

Далын Ахлагч


Энэ Сүм ариун сүмийн барилгад өндөр стандартуудыг баримталдаг нь бид хувийн амьдралаа хэрхэн авч явах ёстойн загвар бөгөөд бэлгэдэл юм гэдгийг би мэдсэн билээ.

Би саяхан Ютагийн Бригам хотын үзэсгэлэнт ариун сүмд очихдоо Хавайн түүхэт Леи Ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаа, дахин онцгойлон адислалт болон соёлын төвийн үйл ажиллагааны зохицуулагчаар үйлчилж байсан үеэ дурсан саналаа.

Өргөн хүрээтэй шинэчлэлийн ажил дуусахаас хэдхэн сарын өмнө намайг Ариун Сүмийн Хэлтсийн Гүйцэтгэх захирал Ахлагч Виллям Р.Уокер болон түүний хэлтсийн ажилтнуудтай хамт ариун сүмийг шинэчлэн засварлах ажлын явцтай танилцана уу гэж урьсан юм. Биднээс гадна ерөнхий гүйцэтгэгч компаний олон ажилтан тэнд очсон байлаа. Бидний аяллын зорилгын нэг хэсэг нь ариун сүмийн шинэчлэлтийн явц, хийгдсэн ажлын чанарт шалгалт хийх явдал байв. Биднийг тэнд очих үед нийт ажлын 85 хувийг хийчихсэн байлаа.

Би ариун сүм дотор явж байхдаа Ахлагч Уокер болон түүний ажилтнууд ажлын чанарыг хэрхэн шалгахыг харж, ерөнхий гүйцэтгэгчтэй ярилцахыг нь сонсож явлаа. Биднийг нэг өрөөнөөс нөгөөг дамжин явах үед нэг хүн үе үе хананд гараа хүргээд байх нь ажиглагдав. Тэр хүн хананд хүрсэн гарын хуруунуудаа үрж үзсэнээ, барилгын ерөнхий гүйцэтгэгч рүү очин, “Энэ хана өөтэй байна. Ийм өө ариун сүмийн стандартад тохирохгүй. Та энэ өөг арилгаж, ханыг тэгшхэн болгох хэрэгтэй” гэхэд гүйцэтгэгч түүний үг бүрийг хариуцлагатайгаар тэмдэглэн авч байлаа.

Хожим зөвхөн хэдхэн хүн л ашиглах Ариун сүмийн хэсэгт хүрч ирэхэд нөгөөх хүн биднийг зогсоож, шинээр угсарсан, гоёмсог, тугалга гүйлгэн хийсэн шилэн цонхонд бидний анхаарлыг хандуулав. Энэ цонхны хэмжээ нь 0,6  м өргөн, 1.8  м өндөр бөгөөд цонхыг геометрийн жижиг дүрсүүд бүхий өнгөт шилээр хийсэн ажээ. Тэрээр 5  см хэмжээтэй өнгөт шилэн тэгш өнцөгт рүү зааж, “энэ тэгш өнцөгт далий байна” гэлээ. Тэгш өнцөгтийг энгийн нүдээр харахад тэгшхэн юм шиг л байлаа. Гэвч би нарийн багаж бариад хэмжиж үзвэл нөгөөх жижигхэн тэгш өнцөгт үнэхээр 3  миллиметр далий байлаа. Энэ цонх ариун сүмийн стандартыг хангахгүй байгаа учраас үүнийг солих хэрэгтэй гэсэн зааврыг гүйцэтгэгч компанид өглөө.

Бараг ажиглагдамгүй ийм өчүүхэн өө сэвээс болоод бүх цонхыг солино гэдэг гайхмаар юм шиг надад санагдаж билээ. Учир нь ариун сүмийн энэ цонх хэний ч нүдэнд тусахааргүй, хэн ч мэдэхээргүй газарт байрлана шүү дээ.

Тэр өдөр би ариун сүмээс гэр рүүгээ явж байхдаа энэ туршлагаас сурсан зүйлээ тунгаан бодлоо. Өөрөөр хэлбэл би эндээс сурч мэдсэн зүйлээ эргэцүүлэн бодож билээ. Ариун сүмийн барилгын ажлын явцтай танилцахаар намайг тэнд очсоноос хойш хэдэн долоо хоног өнгөрч, засвар шинэчлэлтийн ажил дууссаны дараа би энэ тухай илүү зүйлийг ойлгосон юм.

Би бүрэн шинэчлэгдэж дууссан хойно нь Хавайн Леи Ариун сүмд ороод үзэсгэлэнтэй сайхныг нь гайхан биширч билээ. “Өөтэй хана,” “далий цонх” үзсэн тухайгаа эргэн санах нь надад сонин байсныг та бүхэн ойлгож байгаа биз ээ. Гүйцэтгэгч хананы өөтэй хэсгийг янзалсан болов уу? Цонхыг үнэхээр сольсон болов уу? Нөгөөх өөтэй хана руу хүрч очтол их л гоё ханын цаас наасан байлаа. “Барилгын гүйцэтгэгч ханын өөг яаж засаа бол гэж сонирхон хараад, өөг цаас нааж өнгөлөн далдалжээ” гэж би эхлээд бодов. Гэвч ариун сүмийн ханануудад анхнаасаа ханын цаас наахаар төлөвлөсөн байсныг би мэдлээ. Хэрэв ханын цаас наах л байсан юм бол бараг ажиглагдамгүй өчүүхэн жижиг өө сэвийг асуудал болгохын хэрэг юу байсан юм бол? гэж гайхлаа. Дараа нь би далий цонх байсан газар руу яаран очтол цонхны өмнө шалнаас тааз шүргэсэн өндөр ургамлыг саванд хийж байрлуулсныг хараад ихэд гайхав. “Барилгын гүйцэтгэгч нөгөөх жижигхэн далий тэгш өнцөгтийг бас л өнгөлөн далдлаа шив дээ” гэж бодсоноо цонхонд тулж очоод, ургамлын навчийг хажуу тийш болгон харвал цонхыг үнэхээр сольсон байлаа. Би үүнийг хараад инээмсэглэв. Нөгөөх жижигхэн далий тэгш өнцөгт одоо тэгшхэн, гоё харагдаж байлаа. Энэ цонхны өмнө ургамал байрлуулах нь анхнаасаа ариун сүмийн дотоод засал чимэглэлийн нэг хэсэг байсныг би мэдлээ.

Өчүүхэн жижиг овон товонтой хана, бараг ажиглагдамгүй далий өнцөгтэй цонхыг засахад нэмэлт ажил хийх нь бас хүмүүс бараг ажиглахааргүй газарт байрлах цонхыг солих нь юунд хэрэгтэй юм бол? Барилгын гүйцэтгэгч яагаад ийм өндөр стандартыг баримтлах шаардлагатай байсан юм бол?

Би ариун сүмээс гараад дээшээ харж, шинэчилж дууссан барилгын гадна талын үзэсгэлэнтэй сайхныг болон “Их Эзэн Танд болон Таны Өргөөнд ариунаас ариуныг” гэсэн үгсийг хараад гүнзгий бодолд автаж билээ.

Энэ Сүмийн ариун сүмүүд нь дээрх үгсийн утгыг бүрэн илэрхийлж чаддаг. Эдгээр ариун барилгуудыг бид ашиглахын тулд барьдаг бөгөөд дотор нь авралын ариун нандин ёслолуудыг гүйцэтгэдэг билээ. Гэвч ариун сүм үнэхээр хэний өргөө болох тухайд аливаа эргэлзээ байх ёсгүй. Бид хамгийн жижиг сажиг зүйлүүдэд ч гэсэн барилгын стандартуудыг чанд баримталснаар зөвхөн Их Эзэн Есүс Христийг хайрлаж, Түүнийг дээдлэн хүндэлдгээ төдийгүй, ариун сүм бол Түүний өргөө учраас эдгээр ариун барилгуудад хүндэтгэлтэй ханддагаа бүх хүмүүст харуулдаг юм.

Их Эзэн Навугийн Ариун сүмийг барих тухай Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэд ийн зааварлажээ:

“Ирцгээ та нар, өөрсдийн бүх алттайгаар, мөн өөрсдийн мөнгөтэйгөөр, мөн өөрсдийн бүх эртний эдлэлүүдтэйгээр, мөн эртний эдлэлүүдийн талаар мэдлэгтэй ирэх хэн боловч, … дэлхийн бүх үнэт моднуудыг … авчраг;

“… Мөн миний нэрээр өргөө баригтун, учир нь үүн дотор Бүхнээс Дээд нь орших буюу.”1

Бид ариун сүмийг Их Эзэнд зориулан барихдаа Хуучин Гэрээнд Соломон хааны үндэслэн бий болгосон загварыг баримтлан хамгийн сайн материал, хамгийн дээд ур чадварыг2 ашигладаг. Өнөөдөр бид энэхүү загварт бага зэрэг зохих өөрчлөлтүүдийг хийн Их Эзэний ариун сүмүүдийг барихад ашигласан хэвээрээ л байна.

Өө сэвийг энгийн нүдээр харж, хүмүүний гараар барьж үзээд мэдэх буюу мэдрэх аргагүй ч бид хир зэрэг хүч чармайлт гаргасан мөн өөрсдөдөө байгаа боломжоо дээд зэргээр дайчилсан уу, үгүй юү гэдгийг Их Эзэн мэддэг. Үүнтэй адил бид Ариун Сүмд орохуйц зохистой амьдрахын төлөө чадах бүхнээ хийж байна уу, үгүй юү гэдгийг тэр бас мэднэ. Их Эзэн ийн зөвлөсөн билээ:

“Мөн Их Эзэний нэрээр надад өргөө барьж, мөн энэ нь бузарлагдахгүй байхын тулд ариун биш зүйлийг үүн дотор орохыг хүлцэхгүй байхын хэрээр миний алдар суу үүн дээр орших болно;

“Тийм ээ, мөн миний оршихуй тэнд байх болно, учир нь би үүнд ирэх болно, зүрх сэтгэлээрээ ариун, үүнд ирэх тэд бүгд Бурханыг харах болно.

“Гэвч хэрэв энэ нь бузарлагдах аваас би үүнд орж ирэхгүй, мөн миний алдар суу тэнд байх нь үгүй, учир нь цэвэр ариун биш ариун сүмүүдэд бибээр орохгүй байх болно.”3

Дээрх барилгын гүйцэтгэгчийн адил, амьдралд маань Их Эзэний сургаалуудтай үл нийцэх ямар нэг зүйл байгааг мэдсэн үед, хүч чармайлтаа бүрэн дайчилж ажиллаагүйгээ мэдсэн үедээ нүглээ Их Эзэнээс нууж чадахгүй гэдгээ ойлгон, буруу зүйлийг тэр дор нь залруулах ёстой. “Бид нүглээ далдлахыг оролдоход … , болгоогтун, тэнгэр өөрийгөө татан авдаг; [мөн] Их Эзэний Сүнс гашууддаг”4 гэдгийг санагтун.

Энэ Сүм ариун сүмийн барилгад өндөр стандартуудыг баримталдаг нь бид хувийн амьдралаа хэрхэн авч явах ёстойн загвар бөгөөд бэлгэдэл юм гэдгийг би мэдсэн билээ. Эрт үеийн Сүмд Төлөөлөгч Паулын өгсөн дараах сургаалыг бид амьдралдаа хэрэгжүүлж чадна:

“Та нар өөрсдөө Бурханы сүм мөн бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдогийг мэддэггүй юм уу?

“Хэрэв хэн нэг нь Бурханы сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурханы сүм бол ариун бөгөөд энэ нь та нар юм.”5

Бид бүгд хамгийн сайн материалаар хийгдсэн бөгөөд бурханлаг уран чадварын гайхамшигтай бүтээл юм. Гэвч бид хариуцлагын насанд хүрч, нүгэл, уруу таталттай нүүр учран тулсан үед бидний ариун сүмд шинэчлэл, засвар хэрэгтэй болдог. Бидний доторх ханануудад овон товон гарч, сэтгэл зүрхний цонхнууд далий болж мэднэ. Иймд бид ариун газруудад зогсож чадахын тулд зүрх сэтгэлээ шинэчлэн өөрчлөх хэрэгтэй. Биднээс биелүүлэхийг хүсдэг ариун сүмийн жишиг нь төгс төгөлдөр болохыг шаарддаггүй ч, үүнийг биелүүлэхээр хичээн чармайж, зарлигуудыг сахин, Есүс Христийн шавь байхаар амьдрахын тулд чадах бүхнээ хамгийн сайнаар хийхийг биднээс хүсэн хүлээдэг билээ. Бурханы Сүнс бидний дотор үргэлж оршихын төлөө бид дутагдал доголдол, төгс бус байдлаа засч залруулахын тулд чадах бүхнээ хамгийн сайнаар хийж, ариун сүмийн адислалуудад тэнцэхээр зохистой амьдрахын төлөө би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.