Эхний агуу зарлиг

Ахлагч Жеффри Р.Холланд

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын


Бид насан туршдаа чин үнэнч шавь байж, Их Эзэнд хайраа харуулах ёстой

Дэлхийн Аврагчийг амиа алдсаны дараахан амьдарч байсан арваннэгэн Төлөөлөгчийг би дэлхий дээр амьдарч байсан бусад ямар ч хүмүүсээс илүүтэйгээр хайрлаж, дээдлэн хүндэлдэг билээ. Тэд тухайн үедээ хараахан туршлага суугаагүй байсан болохоор Есүсээс бүрэн хамааралтай байсныг бид заримдаа мартдаг болов уу гэж би боддог. Тэрбээр тэдэнд, “Би та нартай ийм удаан хамт байхад, чи Намайг таньсангүй гэж үү?”1 хэмээн хэлсэн.

Гэвч, тэд Аврагч өөрсөдтэй нь хамт тийм ч удаан байсан гэж боддоггүй ажээ. Гурван жил гэдэг бол шинээр хөрвөгчид цөөхөн байсан тэр үед тэднийг хуучин ёс заншлын алдаанаас нь ангижруулж, Есүс Христийн сайн мэдээний гайхамшгийг тэдэнд заан, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүдийг алагдаж дуусах хүртэл энэ ажлыг үргэлжлүүлэн авч явахын тулд тэднийг бэлтгэхэд хангалттай удаан хугацаа биш байлаа. Шинээр томилогдсон ахлагч нарын бүлэгт энэ ажлыг ирээдүйд үргэлжлүүлэх нь үнэхээр хүнд байсан юм.

Аврагч тэдний дэргэд өөрийн биеэр байхаа больсон нь тэдэнд бүр ч хэцүү байжээ. Есүс өөрийн биеэр тэдэнтэй цаашид хамт байхгүй гэдгийг удаа дараа хэлж байсан ч тэд ийм гунигтай үгийг нэг бол ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй хэрэг. Mарк ийн бичсэн байдаг:

“Есүс шавь нартаа зааж, тэдэнд, Хүний Хүү хүмүүсийн гарт тушаагдана. Тэд Түүнийг ална.Тэр алагдсанаасаа хойш гурав хоногийн дараа амилах болно гэж айлдав.

“Гэвч шавь нар энэ үгийг нь ойлгосонгүй.”2

Тиймээс ийм богинохон хугацаанд Христээс өөрөөс нь мэдлээ ч үүнд бэлтгэх цаг байгаагүй болохоор тэдний огт бодоогүй эсвээс огт итгэхийн аргагүй үйл явдал болж өнгөрсөн юм. Тэдний Их Эзэн, Багш, тэдний Зөвлөгч бөгөөд Хаан цовдлогдов. Мөнх бус амьдрал дахь Түүний үйлчлэл дуусч, Түүний үндэслэн байгуулсан жижигхэн Сүм хүнд байдалд орж, нүд үзүүрлэгдэн, мөхлийн хувь тавилан түүнд нүүрлэсэн билээ. Түүний Төлөөлөгчид Түүний амилалтыг гэрчилсэн ч, энэ нь тэдэнд мөн л ойлгохын аргагүй хачирхалтай хэрэг байлаа. Тэд яах ч учраа олохгүй, “Одоо бид яах билээ?” хэмээн гайхширч байсан нь лавтай. Тэд энэ асуултандаа хариу авахаар ахлах Төлөөлөгч Петрт ханджээ.

Тэд судруудад байдаггүй үгсээр бие биедээ хандан юу гэж ярилцсан байж болохыг төсөөлөн дүрслэхийг надад зөвшөөрнө үү. Петр нөхдөдөө ингэж л хэлсэн болов уу: “Ах нар аа, яруу алдарт түүхт гурван жил ард өнгөрлөө. Бидний хэн нь ч ийм гайхамшиг болно гэдгийг бас ийм бурханлаг туршлага бидэнд тохиох юм гэдгийг ганц хоёрхон сарын өмнө ч болов төсөөлж чадсангүй. Бид Бурханы Хүүтэй яах аргагүй мөр зэрэгцэн алхаж, Түүнтэй хамт залбиран, Түүнтэй цуг ажиллаж байжээ. Бид Түүнтэй хамт алхаж, Түүнтэй хамт уйлж явлаа. Тэрхүү аймшигт шөнийн төгсгөлд, над шиг гашуунаар уйлсан хүн нэг ч байсангүй. Гэвч энэ бүхэн төгсгөл боллоо. Тэрбээр Өөрийн ажлыг дуусган, булшнаас амилан бослоо. Тэр Өөрийн авралыг бас биднийхийг гүйцээлээ. Тиймээс та нар , ‘Одоо бид яах билээ?’ гэж асуулаа. Хуучин амьдралдаа эргэн орж, баяртай бай гэхээс өөр юуг та нарт хэлэхээ мэдэх юм надад алга. Миний хийхээр төлөвлөж буй хамгийн чухал зүйл бол ‘загасчлахаар явах’” хэмээн хэлэхэд бусад арван Төлөөлөгчийн хамгийн багаар бодоход зургаа нь, “Бид бас чамтай хамт явна” гэж нэгэн дуугаар хэлсэн биз ээ. Тэдний нэг нь болох Иохан, “Tэд явж, завиндаа суув”3хэмээн бичсэн юм.

Гэвч, харамсалтай нь, тэдэнд загас баригдсангүй. Тэд анхны шөнө нуур руу очиж загасчилсан боловч, ганц ч загас барьсангүй. Үүр цайхад тэд эрэг рүү завиа урамгүйхэн эргүүлэн буцаж явтал, нэг хүн нэлээд хол зогсон, “Хүүхдүүд ээ, та нар загас барив уу?” гэж хашгирах нь сонсогдов. Урьдынх шигээ загасчид болохоор шийдсэн эдгээр Төлөөлөгчид “Бид юу ч барьж чадсангүй” гэж загасчин хүний хэлэх дургүй тэрхүү үгсээр хариулжээ. Тэгээд бас тэднийг “хүүхдүүд”4 гэсэнд нь тэд гоморхсон нь лавтай.

“Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно”5 гэж үл таних хүн эдгээр энгийн үгсийг чанга хэлэхэд, хэн ингэж хэлснийг тэд тэр дороо таньжээ. Яг гурван жилийн өмнө эдгээр эрчүүд мөн энэ газартаа энэ тэнгист загасчилж байсан билээ. Тэр үед тэд мөн л “шөнөжингөө загасчлаад юу ч бариагүй”6-г судрууд өгүүлдэг. Гэтэл эрэг дээр байсан Галилын нэгэн хүний хэлсний дагуу, тороо тавьтал тор нь урагдаж эхлэн, “маш их хэмжээний загас”7 барьж, хоёр завийг дүүргэхэд тэд живж эхэлсэн ажээ.

Эдүгээ энэ явдал давтагдах нь тэр. “Хүүхдүүд” хэмээн дуудагдсан мөнөөх загасчид тороо хэлсний дагуу дуртайяа хаяхад, “маш их загас торонд нь орсон тул тороо ч татаж чадахааргүй болжээ.”8 “Энэ чинь Эзэн мөн байна”9 гэж Иоханыг баярлан хэлэхэд Петр өөрийн мэдэлгүй завины ирмэг дээрээс харайн босчээ.

Петр амилсан Есүстэй баяртайгаар эргэн уулзаж, Аврагчтай ярилцсан юм. Энэхүү яриа нийт төлөөлөгчдийн үйлчлэлийн түүхэнд, ялангуяа халшрахыг үл мэдэгч, хатан зоригт Петрийн хувьд төлөөлөгчийн амь насаа зориулсан агуу үйлчлэлд шийдвэрлэгч эргэлтийн үе болж, түүнд сүнслэгээр нөлөөлсөн гэж би боддог. Есүс, ачаагаа дааж ядсан тэдний завь, урагдаж сэмэрсэн тор, завин дээр овоолсон 150 гаруй загасыг харснаа ахлах Төлөөлөгч Петртээ хандан, “Петр ээ, чи намайг тэднээс илүү хайрладаг уу?” гэж асуухад Петр, “Тийм ээ, Эзэн; миний Танд хайртайг Та мэднэ”10 гэж хариулав.

Аврагч хариу хэлсэн шавийнхаа нүдийг ширтэн байж, “Петр ээ, чи Намайг хайрладаг уу?” гэж хоёр дахь удаагаа асуужээ. Аврагч хоёр дахь удаагаа ингэж асуусанд агуу загасчин бага зэрэг гайхсан ч, “Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ”11 гэсэн билээ.

Аврагч дахин товчхон хариулсан ч, гурав дахь удаагаа бүр их сонжсон байдалтайгаар, “Петр ээ, чи намайг хайрладаг уу?” гэж асуужээ. Ийнхүү Их Эзэнийг гурав дахь удаагаа асуухад Петр үнэхээр гунигласан нь мэдээж хэрэг. Хэдхэн хоногийн өмнө өөр нэг асуултыг түүнээс гурван удаа асуухад тэрээр үгүй гэж эрс шулуухан хариулсан нь санаанд нь орсон байх. Эсвэл тэр Их Эзэнийхээ асуултыг буруу ойлгосон юм болов уу гэж тээнэгэлзсэн ч байж мэдэх. Магадгүй тэр бэлэн зэлэн үгээр шууд хариулж байснаа зүрх сэтгэлдээ шинжиж, чин шударга хариугаа батлах гэсэн байж ч бас болно. Петр тэрхэн агшинд юу гэж бодож байсан нь хамаагүй, харин гурав дахь удаагаа, “Эзэн, … Миний Танд хайртайг Та мэднэ гэсэн билээ.”12

Есүс Түүний энэ хариултанд иймэрхүү янзаар хариулсан болов уу (Миний энэхүү зохиомол түүх судруудад байхгүй гэдгийг дахин хэлье). “Петр ээ, тэгвэл чи яагаад энд байгаа юм бэ? Яагаад бид мөн нөгөөх эрэг дээрээ нөгөөх загасны торныхоо дэргэд, мөн нөгөөх л зүйлээ ярьцгааж байгаа билээ? Загасчлах нь тэр үед ч миний хүсэл байгаагүй, одоо ч миний хүсэл биш гэдэг нь тодорхой байгаа бус уу? Би загас барих гэж байгаа юм гэж үү? Петр ээ, надад шавь нар хэрэгтэй. Тэд надад үүрд хэрэгтэй. Хоньдыг минь тэжээж, хургануудыг минь аврах хүмүүс надад хэрэгтэй байна. Сайн мэдээг минь номлож, сүмийг минь хамгаалах хүмүүс надад хэрэгтэй байна. Намайг чин үнэнээсээ хайрладаг бөгөөд та биднээр хийлгэхээр Тэнгэр дэх бидний Эцэгээс надад итгэл хүлээлгэн өгсөн ажлыг хийх сэтгэл бүхий хүмүүс надад хэрэгтэй байна. Бидний захиас үлбэгэр сулхан байх ёсгүй, бидний ажил үтэр түргэн дуусах ёсгүй. Энэ ажлыг амжилт олох хувь тавилангүй, найдваргүй гэж үзэж болохгүй юм. Үүнийг бас түүхийн хог гэж үзэх ёсгүй. Энэ бол Бүхнийг Чадагчийн ажил бөгөөд энэ нь дэлхийг өөрчлөх болно. Тиймээс Петр чамаас загасчлах ажлаа орхиод, ёс бус хүмүүс Миний амийг егүүтгэсэн шиг чиний амийг хөнөөх тэр өдрийг хүртэл хүмүүст зааж, гэрчлэн, үйлчилж, чин үнэнчээр хөдөлмөрлөхийг би хоёр дахь удаагаа, магадгүй сүүлчийн удаа хүсч байна.”

Тэгээд Тэрбээр бүх Төлөөлөгчид рүүгээ эргэн харж, “Та нар хуульчид, фарисайчууд, Херод, Пилат нар шиг муйхар хүмүүс юм гэж үү? Та нар мөн тэдэнтэй адил намайг хөнөөчихвөл энэ ажлыг үгүй болгочихно гэж бодсон уу? Та нар тэдэнтэй адил загалмай, хадаас, булшаар бүх зүйлийг дуусгавар болгож, урьдын байдалдаа орно гэж бодож байна уу? Хүүхдүүд ээ, миний амьдрал, миний хайр та нарын сэтгэл зүрхэнд шингээгүй юм гэж үү, тийм үү?” гэсэн байх.

Хайрт ах эгч нар аа, бид Эцсийн Шүүлтийн Өдөр юу тохиолдохыг сайн мэдэхгүй. Эцсийн Шүүлтийн Өдөр Эцэг маань биднээс Христ Петрээс асуусаны адилаар бүх зарлигуудаас хамгийн чухал нэгийг нь “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”13 гэсэн “эхний бөгөөд хамгийн агуу” зарлигийг бид мөнх бус, нэн дутуу дулимаг, заримдаа хүүхдийнх шиг гэнэн цайлган оюун ухаанаараа, яс махандаа шингэтэл ойлгосон эсэхийг мэдэхийг хүсэх болно гэж би боддог. Тэр үед бид түгдрэн байж, “Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ” гэж хэлэхэд, Тэрбээр хайрын дээд охь манлай нь чин үнэнч зан чанар гэдгийг бидэнд сануулах биз ээ.

“Хэрвээ та нар Намайг хайрладаг бол, Миний тушаалуудыг сахь”14 гэж Есүс хэлсэн билээ. Тэгэхээр бидэнд адислах хөршүүд, хамгаалах үр хүүхдүүд, дэмжин туслах ядуус бий. Бид бас үнэнийг өмгөөлөн хамгаалах ёстой. Бид буруу зүйлийг зөв болгон, үнэнийг хуваалцаж, сайныг үйлдэх ёстой. Товчоор хэлбэл, бид насан туршдаа чин үнэнч шавь байж, Их Эзэнд хайраа харуулах ёстой. Бид бууж өгч болохгүй, замаасаа ухарч няцах ёсгүй. Амьд Бурханы, амьд Хүүтэй учирсны эцэст бүх зүйл урьдын адил хуучин хэвээрээ байх ёсгүй. Есүс Христийн Цовдлолт, Цагаатгал болон Амилалт нь Христэд итгэгчдийн амьдралын эхлэл болохоос, төгсгөл нь биш юм. Галилын хуруу дарам цөөхөн загасчид дахин Төлөөлөгчид болж, ганц ч синагоггүйгээр эсвээс нэгээхэн ч илдгүйгээр эдүгээ бидний амьдарч буй дэлхийг өөрчлөхөөр явцгаасан билээ.15

Тэдгээр төлөөлөгчдийн түлхүүрүүд дэлхийд сэргээгдсэн бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд байгаа гэдгийг би бүх хүмүүст чин сэтгэлийнхээ угаас гэрчилж байна. Христийн энэхүү агуу үйл хэрэгт бидэнтэй хараахан нэгдээгүй байгаа хүмүүсийг бид “Христэд ирэгтүн” хэмээн урьж байна. Бидэнтэй нэгэн үед хамт байсан ч Сэргээлтийн найрын ширээн дээрх зоогноос дөнгөж амсаад найрыг орхиж явсан хүмүүст хандаж, “Та нар олон шөнийг нойргүй өнгөрөөсөн ч , загасны тор чинь хоосон байна” гэдгийг би хэлэх гэсэн юм. Та бүхнийг эргэж ирэн, Бурханыг хайрлаж, Түүнд үнэнч байж, тусламжийн гараа сунгана уу гэж уриалъя. Энэхүү уриалгад би баптисмын усан санд зогсоод, гараа дээш өргөн, “Есүс Христийн итгэмжлэгдсэнээр”16 хэмээн хэлж байсан, бүх буцаж ирсэн номлогчдыг оруулж байна. Энэхүү итгэмжлэл нь зөвхөн хөрвөгчийг үүрд өөрчлөхөөс гадна мөн та бүхнийг ч өөрчилсөн байх ёстой. Бид ариун сүм, номлол, гэрлэлтэд бэлтгэгдэж байгаа Сүмийн залуучуудад хандан “Бурханыг хайрла, итгэлтэй бай. Энэ үеийн цус болон нүглээс хол байж, цэвэр ариун хэвээр үлдээч” хэмээн хэлэхийг хүсч байна. Та бидэнд хийх агуу ажил байна. Ерөнхийлөгч Томас С.Монсон өчигдөр өглөө хэлсэн гайхамшигт үгэндээ энэ ажлын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн билээ. Тэнгэрлэг Эцэг маань та бүхнийг амьдралынхаа туршид Түүнийг хайрлаж мөн Түүнд чин үнэнч байхыг үргэлж хүсэн хүлээж байдаг.

Миний захиасыг сонсож байгаа бүх хүмүүст хандан, “Чи Надад хайртай юу?” хэмээн Христийн дуу хоолой биднээс нэг бүрчлэн асуух цаг айсуй. Би та бүхний өмнөөс чин сэтгэлийнхээ угаас, “Тийм ээ, бид Танд хайртай” гэж хариулъя. Бид Их Эзэний ажилд гар бие оролцсон л бол ажлаа хийж дуустал, Бурханыг болон хөршөө хайрлах үнэнч хайр, бидний хайр дэлхийд ноёрхох хүртэл ухарч няцах ёсгүй.17 Есүс Христийн нэрээр, Амен.

Эшлэлүүдийг үзүүлэх

  1.  

    1.  Иохан 14:9.

  2.  

    2.  Maрк 9:31–32.

  3.  

    3.  Иохан 21:3.

  4.  

    4.  Иохан 21:5-ыг үзнэ үү.

  5.  

    5.  Иохан 21:6.

  6.  

    6.  Лук 5:5.

  7.  

    7.  Лук 5:6.

  8.  

    8.  Иохан 21:6.

  9.  

    9.  Иохан 21:7.

  10.  

    10.  Иохан 21:15.

  11.  

    11.  Иохан 21:16.

  12.  

    12.  Иохан 21:17.

  13.  

    13.  Лук 10:27; мөн Матай 22:37–38-ыг үзнэ үү.

  14.  

    14.  Иохан 14:15.

  15.  

    15. Фредрик В.Фаррар The Life of Christ (1994), 656; 62-р бүлгийг үзнэ үү.

  16.  

    16.  Сургаал ба Гэрээ 20:73.

  17.  

    17.  Лук 9:62.