2010–2019
Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан
Аравдугаар сар 2012


Нас барагсдын авралаас ирдэг баяр баясгалан

Елиагийн Сүнс дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдийн зүрх сэтгэлд нөлөөлж байна.

Их Эзэн баптисмын тухай сүнслэг нөлөө бүхий чухал илчлэлтийг Бошиглогч Иосеф Смитэд илчилсэн юм. Үхэл бол хүмүүний хувь тавилангийн үүрд мөнхийн, эргэлт буцалтгүй төгсгөл мөн хэмээн Христийн бусад сүмүүд зааж байсан үед энэхүү илчлэлт ирсэн юм. Баптисм хүртсэн хүмүүст эцэс төгсгөлгүй баяр баясгалан шагнал нь байдаг бол бусад бүх хүмүүс гэтэлгэлийн найдваргүйгээр мөнхийн зовлонд унана хэмээн тэд заадаг байлаа.

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй”1 гэсэн Түүний үгс үнэн болохыг нотлон, санваарын зохих эрх мэдлээр дамжуулан нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх баптисмыг хийж болно гэдгийг Их Эзэн илчилсэн билээ. Төлөөлөн гүйцэтгэх баптисмыг мөнх бус амьдралдаа үүнийг хүлээн авалгүйгээр нас барсан бүх хүмүүсийн төлөө хийж болно.

Энэхүү онцгой чухал сургаал бол Есүс Христийн Цагаатгалын бүхнийг хамарсан, төгс, хязгааргүй шинж чанарын бас нэгэн гэрч юм. Тэрбээр наманчилдаг хүн бүрт авралыг боломжтой болгосон билээ. Түүний Цагаатгал үхлийг ялж, Тэрээр зохистой байдалд нас барсан бүх хүмүүст авралын төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хүлээн авах боломжийг олгосон юм.

Иосеф Смит 150 гаруй жилийн өмнө бичсэн нэгэн захидалдаа: “Нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө … баптисм хүртэх онцгой боломж Гэгээнтнүүдэд бий. Тэдгээр нас барсан хүмүүс тэдэнд номлохоор итгэмжлэл хүлээсэн хүмүүсээр дамжуулан сүнсний дэлхийд Сайн мэдээг хүлээн авах болно.”2 “Нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө хийх энэхүү ёслолыг үл тоомсорлодог эдгээр Гэгээнтнүүд өөрсдийнхөө авралд мөн аюул учруулдаг”3.гэж бичжээ.

“Тэрээр эцгүүдэд нь хийгдсэн амлалтуудыг хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлд суулгах болно, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэл, эцгүүд рүүгээ эргэх болно”5 гэсэн Их Эзэний амлалтыг биелүүлэхийн тулд Бошиглогч Елиа нас барагсдын өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслолын түлхүүрүүдийг Көртландын Ариун сүмд4 Иосеф Смитэд итгэмжлэн хүлээлгэн өгсөн юм.

Иосеф Смит болон түүнийг залгамжилсан бошиглогчдод өгөгдсөн нэмэлт илчлэлтээр ариун сүмийн ажил болон үүнийг дэмжих гэр бүлийн түүхийн талаарх ойлголт болон бэлтгэл ажил илчлэгдсэн юм. Бид өөрсдийнхөө болон нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө бүх ёслолуудыг хийлгэх нь чухал болохыг Иосеф Смитээс хойших бошиглогч бүр бидэнд онцгойлон анхааруулсаар байгаа билээ.

Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил бол нэг ажлын хоёр хэсэг юм. Эдгээр нь баптисм ба Ариун Сүнсний бэлэг өгөх ёслолууд хоорондоо холбоотой байдаг шиг тийм нягт холбоотой юм. Зарим гишүүд эрүүл мэндийн байдлаас болон ариун сүмээс алс хол амьдардаг учраас энэ хоёр ажлыг хоёуланг нь хийх боломжгүй байж болно.

Ерөнхийлөгч Ховард В.Хантер ийн сургажээ:

“Бид эхлээд өөрийнхөө өргөмжлөлийн төлөө ариун сүмд санваарын ёслолуудыг гүйцэтгэх ёстой. Дараа нь бид амьд сэрүүн байхдаа сайн мэдээг хүлээн авах боломжгүй байсан хүмүүсийн төлөө шаардлагатай ёслолын ажлыг хийх ёстой. Бусдын төлөө хийх ажил нь хоёр үе шаттай байдаг. Нэгдүгээрт, өвөг дээдсээ тогтоох гэр бүлийн судалгааны ажил, хоёрдугаарт, тэдний төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэснээр амьд хүмүүстэй адил тэгш боломжийг тэдэнд олгох.

“Ариун сүмд орох боломж нь хязгаарлагдмал Сүмийн гишүүд олон байгаа. Тэд чадах бүхнээ хийж байна. Тэд өөрсдөө гэр бүлийн түүхийн судалгаа хийж, бусад хүмүүсээр ариун сүмийн ёслолуудыг нь хийлгэж байна. Харин гэтэл зарим гишүүд ариун сүмийн ажилд идэвхтэй оролцдог хэрнээ гэр бүлийн түүхээ судалж, бичих талаар санаачлага гаргахгүй байна. Тэд бусдад туслах талаар бурханлаг үйлчлэл хийдэг ч, хожмын үеийн бошиглогчдын өгсөөр байгаа тэнгэрлэг удирдамжийн дагуу өөрсдийнхөө өвөг дээдэс, төрөл төрөгсдийг судалж тогтоохгүй байгаагаас адислалаа алдаж байна....

“Гэр бүлийн судалгааны ажилд идэвхтэй оролцож, олж тогтоосон хүмүүсийн нэрсээр ариун сүмийн ёслолууд хийлгэдэг хүмүүс дээрх хоёр ажлаас ирдэг адислалуудын аль алиныг нь авахдаа илүү баяр баясгаланг олж мэдэх болно.”6

Энэхүү төлөөлөн гүйцэтгэдэг амин чухал хоёр ажлын хоёулангаас нь адислал хүртэхийг Тэнгэр дэх Эцэг биднээс хүсдэг. Тэрбээр бидэнд хэрхэн энэ бүхнийг хүлээн авч болохыг харуулахын тулд бусдыг удирдсан билээ. Эдгээр адислалуудыг хүртэх боломж та бидэнд бүгдэд нь байдаг.

Ариун сүмд таны хийдэг ямар ч ажил таны цагийг дэмий гарзадна гэж байхгүй, харин өвөг дээдсийнхээ хэн нэгний төлөө төлөөлөн гүйцэтгэх ёслол хийлгэснээр ариун сүмд өнгөрүүлсэн цаг тань улам ариун болж, агуу адислалуудыг хүлээн авах боломжийг танд олгоно. “Бидний хамгийн чухал үүрэг бол өөрсдийнхөө өвөг дээдсийг хайж олох явдал мөн”7 хэмээн Тэргүүн Зөвлөл тунхагласан билээ.

Залуу хүмүүс та нар дайсны нөлөөг амьдралаасаа шахан зайлуулах найдвартай арга замыг мэдэхийг хүсч байна уу? Тэгвэл өвөг дээдсээ эрж олон, тэдний нэрсийг ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудад бэлтгэж, улмаар ариун сүмд очиж, тэдний төлөө баптисмын болон Ариун Сүнс хүлээн авах ёслолуудыг хийлгэхэд бие сэтгэлээ дайчлан ажиллагтун. Амьдралд тань нөлөөлөх дайсны муу нөлөөнөөс хамгаалах үүнээс илүү найдвартай хамгаалалтыг би мэдэхгүй.

Оросын Ростовын Номлолд ариун сүмийн ёслолууд хийлгэхээр 2000 нэрсийг залуучуудад урилга болгон тараахдаа тэдний өөрсдийнх нь өвөг дээдсийн дор хаяж нэг нэрийг оруулж өгсөн байна. Энэ ажлыг гүйцэтгэсэн хүмүүсийг Украйны Киевийн шинэ ариун сүм рүү урт удаан аялал хийхэд урьсан ажээ. Нэг залуу туршлагаа ийн хуваалцжээ: “Би компьютерийн тоглоом тоглож хамаг цагаа үрдэг байлаа. Ариун сүмд ёслол хийлгэх хүмүүсийн нэрсийн индекс дээр ажиллаж эхэлснээс хойш компьютер дээр тоглох зав гардаггүй болсон. Би эхлээд, ‘Өө яаж үүнийг хийх юм бэ! Ёстой барахгүй юм байна!’ гэж бодсон шүү. Гэтэл төсөл дуусахад би компьютер тоглох сонирхолгүй болсон байлаа. Гэр бүлийн түүхийн ажил бол дэлхий дээр бидний хийх ёстой ажил. Энэ ажил тэнгэрт үргэлжлэх болно.”

Итгэлтэй олон Гэгээнтнүүд гэр бүлийнхээ түүхийн судалгааны ажлыг хийж, гэр бүлийнхээ гишүүдийн төлөө ариун сүмийн ёслолуудыг хийлгэхийн тулд Family Search буюу Гэр бүлийн хайлтын систем дэх нэрсийг ашиглаж байна. Өвөг дээдсийнхээ нэрсийг олж тогтоохын зорилго нь тэдний төлөө болон тэдэнтэй холбоотой гэр бүлүүд дэх хүмүүсийн төлөө ариун сүмийн төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хийх боломжийг хувь хүмүүст олгох явдал мөн. Эдүгээ 12 сая гаруй нэрс ариун сүмийн ёслол хийлгэхэд бэлэн болоод байна. Олон нэрс олон жилийн турш хадгалагдсаар байна. Нэрс нь тогтоогдсон өвөг дээдэс өөрсдийнх нь нэр ариун сүмийн ёслолуудад бэлэн болохыг сэтгэл догдлон хүлээж байгаа нь эргэлзээгүй юм. Гэвч өөрсдийнх нь төлөө хийгдэх ёслолууд цаашид хүлээгдсээр байвал тэд баярлахгүй нь лавтай шүү дээ.

Олон тооны нэрс бэлтгэж, эдгээрийг өнөр бүлийнхээ гишүүд эсвэл тойрог болон гадасныхаа гишүүдтэй хуваалцан ёслолуудыг нь хийлгэхээр төлөвлөж байгаа та нарын дундах хүмүүст бид урам хайрлан дэмжиж байна. Та нар ариун сүмийн картуудыг энэ ажилд туслах хүсэлтэй буюу Гэр Бүлийн хайлтын системийг ашиглан нэрсийг ариун сүмд шууд явуулах боломжтой гишүүдэд өгснөөр энэ ажлыг хийж болно. Сүүлчийн энэ хувилбарыг Вайомингийн Касперийн Синди Блевинс олон жилийн турш ашиглаж байна.

Блевинс эгч өсвөр насны охин байхдаа баптисм хүртсэн бөгөөд гэр бүлээсээ цорын ганц Сүмийн гишүүн байжээ. Тэрээр гэр бүлийн түүхийн өргөн цар хүрээтэй ажил хийсэн ажээ. Гэвч түүний өөрийнх нь болон үндсэн гэр бүлийнхнээс олж тогтоох ёстой олон нэр байгаа гэнэ. Иймээс Блевинс эгч нэрсийг хоёр гурван долоо хоногт багтаан бэлтгэж, ихэвчлэн гэртээ хамгийн ойрхон нэг юм уу хоёр ариун сүмд явуулдаг гэнэ. Өвөг дээдсийнх нь төлөө судалгааны ажлыг дуусгахад тойрог болон гадасных нь найз нар, хөршүүд нь тусална гэж бодоход тэр баяртай байдаг гэсэн юм. Тэр бас тэдний хийж байгаа ажлыг өндөр үнэлдэг.

Миний хайрт гэргий Женин гэр бүлийн судалгааны ажил хийх дуртай байсан юм. Хүүхдүүд маань бага байхад эхнэр маань найз нартайгаа өөрийн болон тэдний хүүхдүүдийг ээлжлэн харж, дараа нь гэр бүлийн түүхийн судалгаа хийх цөөхөн хэдэн цаг завтай болдог байлаа. Отгон хүүхдээ ам бүл тусгаарлахад ээж нь хувийн тэмдэглэлдээ: “Би дөнгөж сая нэг шийдвэр гаргаад үүнийхээ төлөө сэтгэл догдлон, босч, хашгирмаар санагдлаа. Майкийн унтлагын өрөө одоо миний гэр бүлийн түүхийн ажлын өрөө болно. Энэ бол ажил хийх, бичиг баримтуудыг эмх цэгцтэй хөтлөхөд маш тохиромжтой, сайн тоноглогдсон өрөө. Одоо миний амьдрал, гэр бүлийн нэн чухал судалгаа болон ариун сүмд нэрс явуулахад төвлөрөх болно. Миний сэтгэл ихэд догдолж, ажлаа шалавхан эхлэхэд яарч байна”8 хэмээн бичсэн байлаа.

Өөр нэгэн тэмдэглэлд: “Компьютержсэн Ancestral File буюу Өвөг дээдсийн мэдээлэл -ийн шинэчилсэн удмын судалгаанаас авч удмын судалгаа хийдэг хүмүүст явуулж бэлдүүлсэн миний өвөг дээдсийн хэвлэмэл цэдгийг надад үзүүлсэн Мел Өүлсоны Гэр Бүлийн түүхийн оффист … нэгэн гайхамшиг тохиолоо. Эдгээр цэдэг нь өвөг дээдсийнхээ дөрвөн үеийнхний гэр бүлийн түүхийг бэлтгэхэд хүн бүрийг урамшуулан дэмжихэд олон жилийн турш ашиглаж байсан Сүмийн хөтөлбөрийн үр дүнд бий болсон ажээ. Гэр бүлийн байгууллагуудаас өөрийнхөө өвөг дээдсийн талаарх судалгааны бүртгэлийг бүгдийг нь цуглуулан Ancestor File буюу Өвөг дээдсийн мэдээлэл – ийн анхны компьютержсэн системд хэрхэн оруулах тал дээр би нэлээн санаа зовниж байсан билээ. Гэтэл маш сайхан, эмх цэгцтэй хэвлэчихсэн өвөг дээдсийн минь тухай цэдгүүд миний өмнө ширээн дээр тавиастай байлаа. Сэтгэл маш их догдолсноос би юу ч хэлэлгүй зүгээр л эдгээрийг хараад тэнд суусаар байсан бөгөөд баярласандаа болоод уйлж билээ. Гэр бүлийн түүхийг гараараа цөхрөлтгүй шаргуу хийдэг байсан миний хувьд эдгээр бүртгэлийг Family Search буюу Гэр бүлийн хайлтын системд оруулна гэдэг бол үнэхээр гайхамшигтай байлаа. Удахгүй хэдэн зуун мянган хүмүүст зориулан хүн амын тооллогын болон хувийн судалгааны асар их мэдээлэл агуулсан дискүүдийг тун удахгүй компьютерийн энэхүү системд оруулах болно гэдгийг би бодох үед, миний сэтгэл маш их хөдөлдөг. Энэ бол үнэхээр Их Эзэний ажил бөгөөд Тэрбээр үүнийг удирдан чиглүүлдэг юм” хэмээн бичсэн байлаа.”9

Иосеф Смитэд Елиагийн сэргээсэн түлхүүрүүд, бидний тусламжийг хүлээж байгаа өвөг дээдэстэй бид бүгдийг холбож, бидний зүрх сэтгэлийг тэдэн рүү эргүүлж буй энэхүү агуу ажлын үр жимсийг би хангалттай амталсан хүн. Аврагчаас томилон олгосон эрх мэдлийг ашиглан, дэлхий дээрх ариун сүмүүдэд бидний хийдэг ажлаар дамжуулан манай өвөг дээдэс авралын ёслолуудыг хүлээн авах бөгөөд энэ нь тэдэнд мөнхийн аз жаргалыг эдлэх боломжийг олгох болно.

Өнгөрсөн үед хувь хүмүүс энэхүү ажлын ариун мөн чанараар өдөөгдөн Небраск мужийн бүх үр тариаг ганцаархнаа гараараа хураахтай адил санагдах тийм хүнд сорилтыг итгэлээрээ даван туулдаг байлаа. Одоо энэ ажилд олон хүчирхэг машиныг ашиглаж байна. Бид хамтран хүчээ нэгтгэсэн үед шаардлагатай ажлыг хийж чадах бөгөөд хийх ч болно.

Елиагийн Сүнс дэлхий даяарх Тэнгэрлэг Эцэгийн олон хүүхдийн зүрх сэтгэлд нөлөөлж, нас барагсдын төлөөх ажлыг урьд өмнө үзэгдээгүй хурдацтай болгож байгааг би гэрчилж байна.

Харин та нарын хувьд байдал ямар байгаа вэ? Өвөг дээдсийн төлөө хийх ажлын талаар та нар залбирч үзсэн үү? Амьдралд тань төдийлөн чухал биш зүйлсийг хойш нь тавь. Мөнхийн үр дагавартай зүйлсийг хийхээр сонго. Өвөг дээдсийнхээ тухай мэдэхсэн гэж хүсэвч, би чинь удмын судлаач биш шүү дээ гэж бодогдож магадгүй. Өвөг дээдсээ судалж тогтооход ямар нэг тусгай зүйл хэрэггүйг та ойлгож байгаа биз дээ? Хөшигний цаана байгаа, өөртөө туслах боломжгүй хүмүүсийг хайрлах хайр, тэдэнд туслах чин сэтгэлийн хүсэл байхад л болно. Энэ ажилд надад тусалж чадах ямар хүмүүс байгаа билээ гэдгийг бод. Амжилт олоход тань тусалж чадах хэн нэгэн таньдаг хүмүүсийн тань дотор байж л байгаа.

Энэ ажил бол сүнсний ажил бөгөөд хөшигний хоёр тал дахь хамтын хүч чармайлтын үр дүнд газар дээрх болон тэнгэр дэх хүмүүсийн аль алинд нь тусалдаг. Та дэлхийн хаана ч амьдардаг бай, итгэл, залбирал, шийдвэр төгс байдал, шаргуу хичээл зүтгэл, багахан золиослолоор энэ ажилд чухал хувь нэмэр оруулж чадна. Яг одоо эхлэгтүн. Их Эзэн та нарт замаа олоход тань тусална гэдгийг би та нарт амлаж байна. Энэ ажил танд гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлэх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэл

  1. Иoхан 3:5.

  2. History of the Church, 4:231.

  3. Сүмийн Ерөнхийлөгч нарын сургаалууд: Иосиф Смит(2007), 471–72.

  4. Сургаал ба Гэрээ 110:13–16 -г үзнэ үү.

  5. Сургаал ба Гэрээ 2:2; тодотгол нэмэгдсэн.

  6. Ховард В.Хантер, “A Temple-Motivated People,” Лиахона, 1995 оны 5-р сар, 5–6.

  7. Тэргүүн Зөвлөлийн захидал, 2012 оны 2-р сарын 29; тодотгол нэмэгдсэн.

  8. Женин Скоттын хувийн тэмдэглэл, 1988 оны 4-р сар.

  9. Женин Уоткинс Скотт, хувийн тэмдэглэл, 1989 оны 9-р сарын 23.