2010–2019
Итгэлийн тань сорилт
Аравдугаар сар 2012


Итгэлийн тань сорилт

Төмрийг ган болгон хувиргадаг цоргим халуун гал лугаа адил бидний итгэл хүндээр соригдох үед сүнсний ариусал бидэнд ирж, бидний сүнсний хүч чадал өсөн нэмэгдэх болно

Арван жилийн өмнө намайг эхнэр Катигийнхаа хамт Бразил Улсын Сан Паулод амьдарч байхад, Ерөнхийлөгч Давид Мариотт Бразил Улсын Сан Пауло Интерлагос Номлолыг тэргүүлж байв. Тэрээр эхнэр Нийл болон Вилл, Вэсли, Трейс гэгч гурван хөвгүүнийхээ хамт манай ойролцоо амьдардаг байв. Тэд гэр орон, ажил төрол, бас гэр бүлийнхээ олон гишүүнийг орхиод номлолд үйлчлэх бошиглогчийн дуудлагын дагуу тэнд очсон юм.

Нэг удаа Ерөнхийлөгч Мариотт намайг дуудав. Индиана мужийн Их Сургуулийн хийлийн ангийн төгсөх курсийн оюутан, тэдний 21 настай, зөв шударга, хайрт охин Жоржияг Сүмийн цуглааны дараа дугуйгаар гэр рүүгээ явж байхад нь ачааны машин шүргэчихсэн ажээ. Энэ тухай анх мэдэгдэхэд Жоржиягийн бие гайгүй байсан ч, хэдэн цагийн дараа бие нь гэнэт муудсан гэнэ.

Жоржияд туслахын тулд гэр бүл, найз нөхөд нь мацаг барьж, залбирч эхэлсэн байлаа. Ээж нь тэр шөнөдөө Бразилаас нисч очжээ. Түүнийг Индианад ирэхэд хоёр том хүүхэд нь тосч, Жоржияг нас барахад нь түүний дэргэд байсан тухай ярьжээ.

Би Мариоттын гэр бүлд тохиолдсон энэхүү эмгэнэлт явдлын үеэр түүнчлэн дараагийн хэдэн сар, хэдэн жилд тэднийхнийг ажиглан харж байлаа. Тэд уйлж унжин, залбирч, Жоржиягаа дурсан ярьж, уй гашууд автан, сэтгэл санаагаар унасан ч, итгэл нь хэзээ ч алдраагүй юм. Энэ өглөөний хуралдаан дээр бид үүнтэй төстэй итгэлийн тухай Бовен болон Вилбергэрийн гэр бүлийн гайхалтай түүхийг сонслоо.1

Итгэлийн бэлэг бол сүнсний үнэлж баршгүй бэлэг юм. “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн”2 хэмээн Есүс нэгэнтээ залбирсан байдаг.

Бидний итгэл Бурхан Эцэг болон бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч Түүний Хүү Есүс Христ дээр төвлөрдөг. Энэхүү итгэлийг сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр сэргээгдсэн, Мормоны Ном бол Бурханы үг мөн бошиглогчид, төлөөлөгчид өнөөдөр санваарын түлхүүрүүдийг атгадаг тухай мэдлэг дэмждэг. Бид итгэлээ эрхэмлэн дээдэлж, итгэлээ бэхжүүлэхийн төлөө хөдөлмөрлөн, итгэлээ улам нэмэгдүүлэхийн төлөө залбирч, итгэлээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийдэг билээ.

Төлөөлөгч Петр “та нарын итгэлийн баталгаа”3 гэсэн нэг зүйлийг нэрлэсэн байдаг. Тэр энэ зүйлийг биеэрээ үзсэн юм. Есүсийн дараах үгсийг санагтун:

“Симон оо, … чамайг улаан буудай мэт шигшихийн тул Сатан зөвшөөрөл гуйсан.

“Гэсэн ч итгэл чинь сульдахгүй тулд Би чиний төлөө залбирсан.”4

Төлөөлөгч Петр хожим нь, “Та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх” 5 хэмээн хэлж биднийг урамшуулан дэмжсэн юм.

Эдгээр хүнд сорилт та нарыг улам хүчирхэгжүүлэх учиртай ч Бурхан, Түүний Хүүд итгэх итгэлийг тань бууруулах буюу тэр ч бүү хэл бүр устгаж, Түүнд өгсөн амлалтуудаа тууштай биелүүлэх хүслийг тань сулруулж бас болно.

Итгэлийн тань сорилтын үед та нар хэрхэн “хөдөлшгүй бөгөөд гуйвшгүй”6 байж чадах вэ? Хэрэв та итгэлийнхээ Христэд итгэх итгэлээ ашиглан, залбирч, судруудыг тунгаан бодож, наманчлан, зарлигуудыг сахиж, бусдад үйлчилснээр та итгэлийнхээ үндэс суурийг бий болгоход туслах зүйлсийг хийхэд өөрийгөө дайчлан ажилладаг билээ.

Итгэлийг тань сорьсон юу ч танд тохиолдлоо гэсэн Сүмээс бүү холд! Итгэлд тань сорилт тулгарсан үед Бурханы хаант улсаас өөрийгөө хөндийрүүлэх нь далайн хар салхи нүдэнд харагдахаар ойртсон үед хоргодох байраа орхин явахтай адил юм.

Төлөөлөгч Паул, “Та нар цаашид харь хүмүүс болон гаднын хүмүүс биш, харин ариун хүмүүсийн адил нутгийн иргэд бөгөөд Бурханы гэр бүлийнх юм”7 гэж хэлсэн билээ. Бид Сүмд явснаар итгэлээ хамгаалдаг. Бид итгэлтэй хүмүүстэй цуглан залбирч мөн залбиралдаа хариу авдаг. Мөн бид дуу хөгжмөөр дамжуулан Бурханыг шүтэн биширч, Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцан, бие биедээ үйлчилж, Их Эзэний Сүнсийг мэдэрдэг. Бид ариун ёслолоос хүртэж, санваарын адислалууд, авч, ариун сүмд ордог. “Ёслолуудад …, бурханлаг байдлын хүч илэрхийлэгддэг”8 хэмээн Их Эзэн тунхагласан билээ. Та нар итгэлийн сорилттой тулгарсан үед Бурханы гэр бүлийн дотор аюулгүй үлдэгтүн. Бурханы гэр бүлд таны байр ямагт бэлэн байдаг. Бид хамтдаа даван туулж чадахгүй тийм давагдашгүй хүнд сорилт гэж байдаггүй.9

Ерөнхийлөгч Томас С.Монсон ингэж хэлсэн юм: “Нийгмийн ёс суртахууны луужин буюу чиг хандлага [түргэн өөрчлөгдөж байна]. Нэгэн цагт … зохисгүй гэгддэг байсан зан авирыг эдүгээ олон хүмүүс … байж болох зүйл … хэмээн үздэг болжээ.”10

Залуу насаа үдэж буй ганц бие насанд хүрэгчид Сүмд олноороо байна. Амьдрал нь тэдний хүсэн хүлээж байснаас өөрөөр эргэсэн ч тэд ариун явдлын хуулийг сахьдаг.11 Энэ бол тэдний итгэлийн сорилт юм. Христийн шавь нар болох эдгээр залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг би гүнээ хүндэлж, тэднээр бахархдаг.

“Нөхөн үржихүйн ариун хүч нь … зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой”12 хэмээн Бурхан зарлиг болгосон билээ. Шинэ Гэрээнд Аврагч “Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм”13 хэмээн мэдэгдэж, дагалдагчдынхаа чанд баримтлах ёстой ёс суртахууны жишгийг тунхагласан юм. Тэрээр бидэнд бусдыг шүүмжлэхгүй байхыг заасан боловч, Тэр “Яв, дахин бүү нүгэл үйлд”14хэмээн шулуухан хэлдэг байлаа.

Манай гэр бүлийн нэг найз байдаг. Та нар түүнтэй адилхан хэн нэгнийг таньдаг магадгүй та өөрөө ч түүнтэй адилхан байж болно. Тэр эмэгтэй үргэлж итгэлтэй байж, Сүмд үнэнчээр үйлчилдэг. Мэргэжилдээ гаргуун сайн түүгээр гэрийнхэн нь бахархдаг. Найз маань гэрлэж, үрийн зулай үнэрлэхийг хүсэн хүлээдэг ч, ганц бие хэвээрээ л байна. “Би … итгэл найдвараа Есүс Христэд тавихаар шийдсэн. Хэрэв гэрээнүүддээ, түүний дотор ариун явдлын хуулийг үнэнч итгэлтэйгээр сахьвал … адислалыг надаас буцаан татахгүй … гэдэгт би итгэлтэй … байдаг”15 гэж тэр ярьсан.

Бидний өөр нэг найз номлолд үнэнчээр үйлчилж, дараа нь өндөр шалгууртай академид дадлага хийж байгаа. Тэр гэр бүлтэй болохыг хүсдэг. Түүнд тулгарч байгаа итгэлийн сорилт бол ижил хүйстэндээ сэтгэл татагддаг явдал юм. “Нэгэн өдөр намайг гэр бүлтэй болно хэмээн миний патриархын адислалд амласан. Гэхдээ … энэ амьдралд уу эсвэл дараагийн амьдралд уу гэдгийг би мэдэхгүй. … Гэвч Бурханы амласан адислалуудыг үгүй болгох ямар нэг зүйлийг хийхийг би хүсдэггүй. … Ариун явдлын хуулиар амьдрах нь сорилт хэдий ч, бид тулгарсан сорилтуудыг даван туулж, хайр, хүндэтгэлээ Бурханд харуулж, Түүний зарлигуудыг сахихын тулд дэлхийд ирсэн биз дээ? Би сайн мэдээгээр, сайн эрүүл мэндээр, хайр энэрлээр дүүрэн гэр бүлээр, үнэнч анд найз нараар адислагдсан хүн. Ийм олон адислалынхаа төлөө би баярлаж явдаг”16 гэж тэр саяхан надад бичжээ.

“Та яахлаараа их зүйлийг хүсдэг билээ?” хэмээн дэлхийг эсэргүүцэхэд Их Эзэн,

“Миний бодол санаанууд бол та нарын бодол санаа биш. Миний зам нь та нарын замаас өөр. …

“Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ”17 гэж хариулсан юм.

Христийн энэ хоёр дагалдагч, бас тэдэнтэй адил хэдэн арван мянган хүмүүс: “Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай”18 гэсэн Аврагчийн адислалыг мэдэрдэг, мэддэг билээ.

Өнөө үед нийтлэг тохиолддог өөр нэг сорилт бий. Сүмийг гутааж, итгэлийг устгахыг хүсдэг цөөн хүмүүс ямагт байсаар ирсэн, одоо ч байна. Өнөөдөр тэд интернетийг ашиглаж байна.

Манай сүмийн тухай тараадаг зарим мэдээлэл бодит мэт санагдавч үнэн бус байдаг. 1985 онд хамт ажилдаг нэг хүн “Мормоны шашин үндэслэгдсэн түүх үнэн үү?” гэсэн нэртэй өгүүлэл нийтлэгдсэн Time сэтгүүлийн дугаарыг гартаа барьсаар орж ирснийг би санаж байна. Уг өгүүлэлд Мартин Харрис бичсэн гэх, саяхан олдсон нэг захидлын тухай өгүүлжээ. Энэ өгүүлэл Мормоны Номын ялтсуудыг олсон тухай Иосеф Смитийн шастиртай зөрчилдсөн байлаа.19

Энэ шинэ мэдээлэл Мормоны Сүмийг устгах юм биш үү? гэж миний хамтран ажиллагч надаас асуув. Энэхүү баримт бичгийн улмаас Сүмээс гарна гэж хэлсэн нэг хүний тухай энд дурдсан байв. Хожим нь өөр хүмүүс Сүмээс гарсан тухай мэдээлсэн юм.20 Энэ бол тэдний итгэлийн сорилт байсан гэдэгт би итгэдэг.

Хэдэн сарын дараа шинжээчид уг захидал хуурамч болохыг илчилсэн (захидлыг хуурамчаар үйлдэгч нь бас гэм буруугаа хүлээсэн юм). Энэхүү мэхлэлтийн улмаас Сүмийг орхисон хүмүүс Сүмд эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байснаа санаж байна.

Хэдэн арван жилийн өмнө Сүмийн нэг удирдагчийн хэлсэн үг манай Сүмийн сургаалтай нийцэхгүй байгаа юм шиг санагдсан үед цөөн хүмүүс өөрсдийн итгэлд эргэлзсэн явдал бий. Сүмийн сургаалд удирдлага болгодог нэг чухал зарчим байдаг. Аль нэг сургаалыг Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын 15 гишүүн бүгдээрээ адилхан заадаг. Бидний сургаал хэн нэгний хэлсэн тодорхой бус үгсээр халхлагдсан байдаггүй. Үнэн зарчмуудыг олон удаа, олон хүн заадаг. Манай Сүмийн сургаалыг олж үзэх нь төвөггүй юм.

Сүмийн удирдагчид чин шударга боловч төгс биш хүмүүс. Моронайн дараах үгсийг санагтун: “Миний төгс бусын улмаас намайг, бас түүний төгс бусын улмаас эцгийг минь ч, бас түүний өмнө бичсэн тэднийг ч бүү буруушаа; харин та нар бидний байснаас илүү ухаалаг байхад сурч болохын тулд, бидний төгс бусыг та нарт илчилсэнд нь Бурханд талархлаа мэдүүл.”21

Иосеф Смит ингэж хэлсэн юм, “Би бол төгс хүн гэж та нарт хэзээ ч хэлэхгүй. Гэвч илчлэлтүүдэд буруу зүйл байхгүй.”22 Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн түүх болон хувь тавилан дахь Бурханы мутрын гайхамшгийг зөвхөн сүнсний гэрлээр дамжуулан ойлгож болно. “Хүн бүр эцсийн бүлэгт итгэлдээ тулгуурлаж, байр сууриа…илэрхийлэх ёстой”23 хэмээн Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон хэлсэн юм. Энэ нь та нарт тохиолдвол бүү гайх!

Үндсэндээ сорилтууд нь хүнд байдаг. Тэдгээр нь сэтгэл эмзэглүүлэм, шаналгаа зовлонтой байж, олон шөнө нойргүй хонож, дэрээ нэвтэртэл уйлахад хүргэж болно. Гэвч бидэнд тулгардаг сорилтууд сүнслэг байдлын хувьд биднийг сүйрэлд хүргэх ёсгүй. Сорилтууд биднийг гэрээнүүдээ сахихгүй байхад, Бурханы гэр бүлээс холдон хөндийрөхөд хүргэх ёсгүй.

“… Бурханы Хүү, Христ болох, бидний Гэтэлгэгчийн хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун; чөтгөр хүчит салхиа, … хуй салхин дахь дайралтаа илгээхэд, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд … энэ нь та нарыг зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал тийш доош чирж дийлэх хүчгүй байх болно. …”24

Төмрийг ган болгон хувиргадаг цоргим халуун гал лугаа адил бидний итгэл хүндээр соригдох үед сүнсний ариусал бидэнд ирж, бидний сүнсний хүч чадал өсөн нэмэгдэх болно.

Ахлагч Тодд Кристофферсон өөртөө тохиолдсон сорилтоос сурсан зүйлийнхээ тухай: “Би тэр үед хэдийгээр зовсон ч одоо эргээд харахад, миний асуудал түргэн шийдэгдээгүйд би баяртай байдаг. … Би Аврагчаа бас Тэнгэрлэг Эцэгээ өөрөөр мэдэх аргагүй тийм арга замаар мөн тийм хэмжээгээр мэдсэн юм. … Би Их Эзэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж сурсан юм.”25

Петр энэ туршлагыг “алтнаас ч … илүү үнэтэй”26 гэж дүрсэлсэн бол Моронай “итгэлийн тань сорилтын”27 дараа гэрчлэл ирдэг хэмээн нэмж хэлсэн юм.

Би Мариоттын гэр бүлийн тухай түүхээр үгээ эхэлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Кати бид хоёр тэдэнтэй хамт Жоржиягийн шарил дээр очлоо. Арван жил улиран оджээ. Гэр бүл болон найз нөхөд нь Жоржияг хайрладаг байсан хайрынхаа тухай дурсан ярьж байлаа. Түүний амьдралыг дурсан тэмдэглэхийн тулд цагаан бортгон савтай гели авчирсан байлаа. Жоржиягийн ээж итгэл, ойлголт нь хэрхэн өсөн нэмэгдсэн тухайгаа сэтгэл нь уяран уйлсаар ярьсан бол, аав нь түүнд ирсэн амлагдсан гэрчлэлийн тухай чимээгүйхэн надад ярьж билээ.

Итгэлтэй болсон үед итгэлийн сорилт ирдэг бөгөөд үүний үр дүнд итгэл өсөн нэмэгддэг юм. Итгэл тань соригдсон үед та, итгэлийнхээ сорилттой тулгараад байсан үед нь Бошиглогч Иосеф Смитэд Их Эзэний өгсөн тайтгаруулагч амлалтыг санагтун. Энэ амлалт итгэл тань соригдсон үед танд бас өгөгдсөн юм : “Зам дээрээ зогсогтун … , бүү эмээ … , учир нь Бурхан чамтай үүрд хамт байх болно.”28 Үүнийг би Есүс Христийн нэрээр ариунаар гэрчилж байна, амен.

Эшлэл

  1. Шайн М.Бовен “Because I Live, Ye Shall Live Also,” ба Анн М.Дибб “Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай. ” 2012 оны 10-р сарын Ерөнхий Чуулганы бямба гарагийн өглөөний хуралдаан.

  2. Иохан 17:3.

  3. 1 Петр 1:7.

  4. Лук 22:31–32.

  5. 1 Петр 4:12; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  6. Aлма 1:25.

  7. Eфес 2:19.

  8. Сургаал ба Гэрээ 84:20.

  9. Moзая 18:8–10-г үзнэ үү.

  10. Томас С.Монсон, “Stand in Holy Places,” Лиахона, 2011 оны 11-р сар, 82.

  11. Эзра Тафт Бенсон, “The Law of Chastity,” New Era, 1988 оны 1-р сар, 4–7; “The Law of Chastity” Бригам Янг Их Сургууль 1987–88 Speeches (1988), 1–5, speeches.byu.edu; мөн Сайн мэдээний зарчмууд (2009), 224–32-ыг үзнэ үү.

  12. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Лиахона, 2010 оны 11-р сар, 129.

  13. Maтай 5:28.

  14. Иохан 8:11.

  15. Personal correspondence, 2012.

  16. Personal correspondence, 2012.

  17. Исаиа 55:8–9.

  18. Иохан 14:27.

  19. Ричард Н.Остлинг, “Challenging Mormonism’s Roots,” Time, 1985 оны 5-р сарын 20, 44.

  20. Гордон Б.Хинкли, “Lord, Increase Our Faith,” Ensign, 1987 оны 11-р сар, 52.

  21. Moрмон 9:31.

  22. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 522.

  23. Эзра Тафт Бенсон, “The Book of Mormon Is the Word of God,” Tambuli,1988 оны 5-р сар, 6.

  24. Хиламан 5:12.

  25. Д.Тодд Кристофферсон, “Give Us This Day Our Daily Bread” (Cүмийн Боловсролын системийн галын дэргэдэх ярилцлага, 2011 оны 1-р сарын 9), lds.org/broadcasts.

  26. 1 Петр 1:7; мөн 1 Петр 4:13-ыг үзнэ үү .

  27. Ифер 12:6.

  28. Сургаал ба Гэрээ 122:9; Ерөнхийлөгч Жорж К.Каннон ийн хэлжээ: “Хүнд сорилт хэчнээн ч хэцүү, уй гашуу хэчнээн ч гүнзгий, гай зовлон хэчнээн их байлаа гэсэн Бурхан биднийг хэзээ ч орхихгүй. Тэр биднийг хэзээ ч орхиогүй өдий хүрсэн юм. Тэр ингэж чадахгүй. Энэ бол түүний зан чанар биш. Тэр өөрчлөгдөн хувирдаггүй; Тэр өчигдөр ямар байсан өнөөдөр хэвээрээ байгаа, ирэх мөнхийн эрин зуунуудад тэр хэвээрээ байх болно. Бид ийм Бурхантай хүмүүс. Бид Түүний зөвлөгөөг дагаснаар Түүнийг анд найзаа болгосон юм. Иймээс Тэр биднийг түшин дэмжих болно. Бид галт зуухан дотуур өнгөрч, гүнзгий усыг туулж болно. Гэвч бид живэхгүй, тэвдэж сандрахгүй. Хэрэв бид Бурханд итгэж, Түүний зарлигуудыг сахих юм бол бүх хүнд сорилтууд, хүндрэл бэрхшээлээс улам сайжран, ариусан гарч ирэх болно” (“Freedom of the Saints,” эмхтгэсэн Брайн Х.Стаи, Collected Discourses, Ерөнхийлөгч Вилфорд Воодраф, Түүний Хоёр Зөвлөхүүд, Арванхоёр Төлөөлөгчид, болон Бусад Хүмүүсээр хүргэгдэв 5 боть [1987–92], 2:185); мөн Жеффри Р.Холланд, “Come unto Me,”Ensign,, 1998 оны 4-р сар, 16–23-ыг үзнэ үү.