2010–2019
Чуулганд тавтай морилно уу
Аравдугаар сар 2012


Чуулганд тавтай морилно уу

Бид Их Эзэний сүнсийг мэдэрч, биднийг мэдээсэй хэмээн түүний хүсч байгаа тэдгээр мэдлэгүүдийг хүлээн авч болохын тулд захиасуудыг анхааралтайгаар сонсоцгооё.

Миний харж байгаагаар арын хэдэн суудлаас бусад нь бүгд дүүрсэн байна. Энэ нь үлдсэн хүмүүст зориулсан суудал бөгөөд замын түгжрэлээс болж бага зэрэг хоцорч ирэх тэдэнд суудлаа олох сайхан боломж юм.

Энэ бол гайхамшигтай - чуулганы өдөр билээ. Бид гайхамшигтай найрал дуу дуулахыг мөн сүр жавхлантай хөгжмийг сонслоо. Би найрал дуу, үлээвэр хөгжим эсвэл төгөлдөр хуур сонсох болгондоо, ээжийнхээ надад хэлсэн “чамд өгөгдсөн бүх зүйлд, чиний эзэмшсэн мэдлэгт болоод чиний хийсэн бүх ажилд би хайртай. Гэвч миний харамсдаг ганц зүйл бол чиний төгөлдөр хуураа орхисон явдал юм” гэж хэлдэг байсныг би санадаг. Баярлалаа ээжээ, Би төгөлдөр хуураа орхиогүй ч байсан болоосой.

Ах эгч нараа та бүхнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хагас жил тутмын 182 дахь ерөнхий чуулганд тавтай морилно уу гэж урихдаа би баяртай байна.

Зургаан сарын өмнө биднийг уулзсанаас хойш гурван ариун сүм онцгойлон адислагдаж, нэг ариун сүмийг дахин онцгойлон адисаллаа. Тавдугаар сард Канзас хот дахь Миссурийн үзэсгэлэнт Ариун сүмийг онцгойлон адисалж, энэ үйл явдлыг тэмдэглэсэн соёлын үйл ажиллагаанд оролцох онцгой аз завшаан надад тохиосон билээ. Энэхүү соёлын үйл ажиллагааны тухай би маргаашийн хэлэх үгэндээ маш дэлгэрэнгүй ярих болно.

Бразилчуудын удаан хүлээсэн Манаусын ариун сүмийг Ерөнхийлөгч Диетер  Ф.Угдорф зургадугаар сард онцгойлон адисалсан бол, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг 9-р сарын эхээр Аргентины Буэнос Айрес дахь шинэчлэн засварласан ариун сүмийг дахин онцгойлон адисаллаа. Энэ ариун сүмийг 27 жилийн өмнө онцгойлон адислах аз завшаан надад тохиосон билээ. Ердөө хоёрхон долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Боид К.Пакер өөрийнхөө төрж, өссөн Бригам хотод үзэсгэлэнт сайхан ариун сүмийг онцгойлон адисалсан.

Сүмийн барилга байгууламжуудаас хамгийн чухал, хамгийн агуу ач холбогдолтой нь ариун сүм юм гэдгийг миний бие өмнө нь мэдэгдэж байсан. Өнөөдөр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа 139 ариун сүм бидэнд байна. Зарлагдсан буюу баригдаж байгаа ариун сүм 27 байна. Эдгээр ариун барилга байгууламжуудын төлөө, бидний амьдралд эдгээрийн авчирдаг адислалуудын төлөө бид баярлан талархаж явдаг.

Өнөөдөр өглөө би ирэх жил саруудад баригдах хоёр шинэ ариун сүмийг зарлаж байгаадаа таатай байна; эдгээр нь Аризона мужийн Тюсон хотод мөн Перү улсын Арикюпа хотод баригдана. Шаардлагатай зөвшөөрлүүдийг авсны дараа тодорхой нарийвчилсан мэдээллийг хойшид гаргах болно.

Ах эгч нар аа, би одоо номлолын үйлчлэлд анхаарлаа хандуулан, тэр талаар ярья.

Тэргүүн Зөвлөл болон Арван Хоёр Төлөөлөгчийн Чуулгаас хэсэг хугацааны туршид, 18 нас хүрсэн, дунд сургуулиа төгссөн, зохистой, чадвартай, мөн үйлчлэх чин хүслээ илэрхийлсэн залуу эрэгтэйчүүдэд номлолд үйлчлэхийг нь тодорхой хэдэн оронд зөвшөөрсөөр ирсэн билээ. Энэ нь тухайн улс орны нөхцөл байдлаас үндэслэсэн бодлого бөгөөд мянга мянган залуу эрэгтэйчүүдийг номлолдоо хүндэтгэлтэйгээр үйлчилж мөн цэрэгт үйлчлэх шаардлагат үүрэг хариуцлага болон боловсрол олох боломжийг нь гүйцээж өгч байсан.

18 настай номлогч нарын талаарх сэтгэгдэл маань өөдрөг байлаа. Тэд нарын номлолын ерөнхийлөгч нар нь тэднийг дуулгавартай, итгэлтэй, төлөвшсөн мөн адилхан номлолд үйлчилж байгаа өөрсдөөс нь арай ах номлогч нартай л адилхан үүрэг гүйцэтгэх чадвартай гэж бидэнд мэдэгддэг. Тэдний итгэлтэй байдал, дуулгавартай байдал болон төлөвшсөн байдал нь, аль ч улс орных байсан хамаагүй, бүх залуу эрэгтэйчүүдэд илүү эрт номлолд үйлчлэх тэрхүү боломжийг өгөх хүслийг бидэнд төрүүлсэн юм.

Яг одооноос эхлэн, бүх зохистой мөн чадвартай залуу эрэгтэйчүүд, дунд сургууль юм уу түүнтэй тэнцэх сургуулиас төгссөн бол, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, 19 настайгаасаа биш, харин 18 настайгаасаа эхлэн номлолын үйлчлэлд үйлчлэх боломжтой болж байгааг би зарлан мэдэгдэхдээ баяртай байна. Бүх залуу эрэгтэйчүүд энэ илүү залуухан насандаа үйлчлэх ёстой гэж би хэлж байгаа юм биш. Харин, өөр өөрсдийн хувийн нөхцөл байдал дээр үндэслэн, мөн санваартны удирдагч нарын шийдвэр дээр үндэслэн, энэ боломжийг бүгдэд олгож эхэлж байгаа юм.

Залуу эрэгтэйчүүд хэдэн насандаа номлолд үйлчилж эхэлж болох талаар залбиралтайгаар эргэцүүлэн бодож байх зуураа, түүнчлэн бид залуу эмэгтэйн үйлчилж болох насын талаар мөн эргэцүүлэн бодож үзсэн билээ. Өнөөдөр, үйлчлэх хүсэлтэй, зохистой, чадвартай залуу эмэгтэйчүүдийн номлолын үйлчлэлд үйлчилж болох насыг 21 нас биш, харин 19 нас болгон өөрчилж байгааг зарлан мэдэгдэж байгаадаа баяртай байна.

Номлогчийн ажил бол санваартны үүрэг хариуцлага бөгөөд би зохистой, бие махбодийн болон оюун ухааны чадвартай бүх залуу эрэгтэйчүүдийг үйлчлэх дуудлагад хариулаач хэмээн бид урамшуулж байна. Олон залуу эмэгтэйчүүд мөн үйлчилдэг хэдий ч, тэд нар залуу эрэгтэйчүүдийн адил тэгэх шаардлагатай биш юм. Гэхдээ, Сүмийн залуу эгч нар номлогчийн ажлаараа маш үнэтэй хувь нэмэр оруулдаг болохоор бид тэдний үйлчлэлийг дуртайгаар хүлээн авах болно гэдгийг бид баттайгаар хэлж байна.

Бидэнд гэр бүлийн улам олон ахмад номлогчид хэрэгтэй байна. Та бүхнийг тэтгэвэрт гарсныхаа дараа амьдралын нөхцөл, боломж, эрүүл мэндийн байдлаа харгалзан бүрэн цагийн номлолын үйлчлэл хийхэд би уриалан дуудаж байна. Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдэд хамтдаа үйлчилснээр нөхөр, эхнэр хоёул агуу баяр баяслыг олох болно.

Ах эгч нар аа, ирэх хоёр өдөр бидэнд өгөгдөх захиасуудыг бүгдээрээ анхааралтай сонсож, Их Эзэний Сүнсийг мэдрэн, бидэнд эзэмшүүлэхийг Түүний хүсдэг мэдлэгийг эзэмшихийн төлөө шамдан хичээцгээе. Үүний төлөө би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.