Асар хаана байна вэ?

Ерөнхийлөгч Хенри  Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх


Тэнгэрлэг тусламжийг хааж байгаа мэт санагдах тэрхүү асар Бурханыг бүрхэн далдалдаггүй, харин энэ нь заримдаа биднийг бүрхэн далдалдаг. Бурхан хэзээ ч нуугддаггүй, харин бид заримдаа нуугддаг.

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд зовон шаналж байхдаа: “Ай Бурхан минь Та хаана байна вэ? Мөн Таны байгаа газрыг бүрхэгч тэрхүү асар хаана байна вэ?” 1 хэмээн чанга хашгирчээ. Биднээс олон нь хувийн зовлон зүдгүүр тохиолдсон үед Бурхан биднээс даан ч хол байна даа гэж боддог. Тэнгэрлэг тусламжийг хааж байгаа мэт санагдах тэрхүү асар Бурханыг бүрхэн далдалдаггүй, харин энэ нь заримдаа биднийг бүрхэн далдалдаг. Бурхан хэзээ ч нуугддаггүй, гэтэл бид заримдаа Бурханаас биднийг холдуулах учир шалтгаануудын асраар өөрсдийгөө бүрхэснээр, Түүнийг хол хүршгүй гэж боддог. “Таны хүсэл биелэгдэх болно” 2 гэсэн бодол биш, харин бидний хүсэл мөрөөдлөөс үүссэн асар Бурханыг халхалдаг. Бурхан биднийг харж байдаг бөгөөд бидэнтэй харилцахад үргэлж бэлэн байдаг. Харин бид заримдаа Түүнийг сонсож, Түүний хүсэл болон Түүний цагт захирагдах хүсэлгүй байдаг.

Бид Түүний өмнө хүүхэд шиг хүлцэнгүй болсон үед Бурханаас хол хөндий байгаа мэт санагдах нь багасах болно. Өөр хүмүүсийн бодол санал бидний сонголтод ихээр нөлөөлж байгаа дэлхийд энэ нь амаргүй юм. Гэвч энэ нь Бурхан бидэнд ойр байдаг, биднийг мэддэг бөгөөд Тэр хэзээ ч итгэлтэй хүүхдүүдээсээ нуугддаггүй хэмээх энэ үнэнийг мэдэхэд бидэнд туслах болно.

Миний гурван настай зээ охин гэм зэмгүй, даруу байдлын хүч биднийг Бурхантай хэрхэн холбодгийг харуулсан юм. Зээ охин маань Юта дахь Бригам хотын ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд гэр бүлтэйгээ хамт явсан юм. Тэрхүү үзэсгэлэнт байшингийн нэг өрөөнд тэр зогсож байхдаа эргэн тойрноо харснаа, “Ээж ээ, Есүс хаана байгаа юм бэ?” гэж асуужээ. Ээж нь охиндоо ариун сүмд Есүсийг харах боломжгүй харин Түүний нөлөөг зүрх сэтгэлдээ мэдэрч чадна гэж хариулсан аж. Элиза ээжийнхээ хариултыг анхааралтай бодож үзээд сэтгэл хангалуун болжээ. “Есүс хэн нэгэнд туслахаар явчихсан юм байна” гэж охин дүгнэн хэлсэн.

Элизагийн ойлголтыг асар халхлаагүй эсвээс үнэн байдлыг харахад нь түүнд саад болоогүй юм. Бурхан түүнд ойрхон байсан бөгөөд охин ч Түүнд ойрхон байгаагаа мэдэрчээ. Тэрээр ариун сүм бол Их Эзэний өргөө гэдгийг мэдэж байлаа. Харин амилж, алдар сууг олсон Есүс Христ бие махбодтой бөгөөд нэг удаа нэг л газарт байж чадна гэж ойлгосон ажээ. 3 Есүс өргөөндөө байхгүй байгаа болохоор өөр хаа нэгтээ байх ёстой гэж Элиза ойлгосон байлаа. Мөн Аврагч хаа нэгтээ өөр газар Эцэгийнхээ хүүхдүүдийн төлөө сайныг үйлдэж яваа гэсэн ойлголт Аврагчийн тухай түүний мэдлэгээс үүдэлтэй байлаа. Элиза, Есүсийн бодит оршихуйн гайхамшгийг батлах гэсэндээ биш, харин Түүнд хайртай учраас л Түүнийг харна гэж найдаж байсан нь илт байлаа.

Бид бүгдэд хэрэгтэй байдаг, бас үүнийг бид бүгд хүсдэг тайтгарлыг Сүнс түүний балчирхан оюун ухаан, зүрх сэтгэлд илчилж чадсан юм. Есүс Христ амьд, биднийг мэддэг бөгөөд биднийг дээрээс харж, бидний төлөө санаа тавьж байдаг билээ. Сэтгэл эмзэглэн, ганцаардсан буюу төөрөлдөж будилсан үед Тэрбээр бидний байдлыг нэгд нэгэнгүй мэддэгийг, Түүний зорилго бол биднийг адислах явдал гэдгийг ойлгохын тулд Есүс Христийг заавал харах хэрэг бидэнд байхгүй.

Элизагийн туршлага, хүүхэд ахуй насаа үдээд олон жил болж байгаа бидэнд ч бас тохиолдож болно гэдгийг би өөрийнхөө амьдралаас мэдэж байна. Би ажил мэргэжлийнхээ эхний жилүүдэд, Станфордын их сургуульд багшийн ажлыг тэтгэвэрт гартлаа баталгаатай хийхийн тулд шаргуу ажилласан юм. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдралыг бий болгож өглөө гэж би бодож байсан. Бид хадмууддаа ойрхон, нэн тохилог орчинд амьдардаг байв. Дэлхийн жишгээр бол би амжилт олсон байлаа. Гэвч Калифорнийг орхиж, Айдахогийн Рексбург дахь Рикс Коллежид шилжин очих боломжийг надад Сүмээс өгсөн юм. Амьдрал дахь мэргэжилйн зорилго маань, ирээдүйнхээ талаар миний мэддэгээс илүү сайн мэддэг Тэнгэр дэх Эцэгээс минь намайг холдуулах асар байж магадгүй байсан юм. Гэвч тэр цагийг хүртэл ажил мэргэжилдээ болон гэр бүлийн амьдралдаа гаргасан амжилт маань Бурханаас ирсэн бэлэг гэдгийг мэдсэнээрээ би адислагдсан билээ. Ингээд би бяцхан хүүхэд шиг өвдөг сөгдөн залбирч яах ёстойгоо асуулаа. Тэгээд би оюун ухаанд минь намуухан дуу хоолой “Энэ бол миний сургууль” хэмээн шивнэхийг сонссон юм. Энд намайг Бурханаас халхлан далдлах асар байсангүй. Ингээд би итгэл ба даруу байдлаар өөрийн хүслээ Түүний хүсэлд захируулж, Их Эзэнд ойр байгаагаа, бас миний төлөө Тэрбээр анхаарал халамж тавьдгийг мэдэрсэн юм.

Би Рикс коллежид ажиллах хугацаандаа Бурханы хүслийг эрэлхийлж, түүнийг биелүүлэхийн төлөө хичээж, амьдралд минь гүйцэтгэх Бурханы идэвхтэй үүргээс намайг салгах буюу Түүнийг халхлан хаах асраас хол байж чадсан. Түүний ажлыг хийхээр хичээсэн үед би Түүнд ойр байгаагаа, бас Тэр миний байдлыг сайн мэдэж, миний аз жаргалын төлөө үлэмж санаа тавьж байгааг нь мэдэрдэг байлаа. Гэтэл Станфордод байхад маань надад тохиолдсон шиг, дэлхийн хүсэлт, саналууд надад ирж эхэлсэн. Намайг Рикс коллежийн ерөнхийлөгч болсноос хойш тав дахь жилийн сүүлчээр надад нэг онцгой сайхан ажлын санал ирлээ. Би энэ саналын талаар тал талаас нь бодож, залбирч үзсэнээ, бүр Тэргүүн Зөвлөлтэй зөвшилцлөө. Тэд надад элэгсэг дотно хандаж, бяцхан хошигнол хэлсэн ч, тэг ингэ гэж шууд чиглэл өгсөнгүй. Ерөнхийлөгч Спенсер  В.Кимбалл намайг, нэг том корпорациас надад олгохыг хүсч байгаа ажлын тухай тайлбарлахыг маань анхааралтай сонссоноо, “За Хал аа, маш сайхан боломж шиг сонсогдож байна! Хэрэв та бидэнд хэрэгтэй болбол, бид таныг хаанаас олохоо мэднэ шүү дээ” гэв. Тэд намайг хаанаас олохыг мэддэг юм аа гэхэд мэргэжлийн ажлаараа амжилт олох гэсэн миний хүсэл Бурханыг олоход саад болж, бас Түүний урилгыг сонсож дагахад саад тээг учруулах асар болж мэдэхээр байв.

Эхнэр минь үүнийг мэдэрч Рикс коллежоос явах хэрэг бидэнд байхгүй гэсэн хүчтэй сэтгэгдэл түүнд төрсөн юм. Би тэгэхэд нь “Тэгвэл тэр чинь миний хувьд хангалттай хариулт” гэж хэлсэн. Гэвч тэр намайг хувийн илчлэлт авах хэрэгтэй гэж шаргуу хүссэн нь ухаалаг зөвлөгөө байлаа. Тиймээс би дахин залбирав. Энэ удаа би удирдамж хүлээн авлаа. Оюун ухаанд минь нэгэн дуу хоолой сонсогдож, “Би таныг Рикс коллежид дахиад багахан хугацаагаар байхыг зөвшөөрч байна” хэмээн хэлж билээ. Миний хувийн хүсэл эрмэлзэл үнэнийг мэдэхэд саад тээг болж, илчлэлт хүлээн авахыг хүндрүүлсэн байж болох юм.

Нөгөөх ажлын саналаас татгалзаж, Рикс коллеждоо үлдэх сүнсээр нөлөөлөгдсөн шийдвэрээр адислагдсанаас хойш нэг сарын дараа ойрхон байдаг Тетоны далан эвдэрсэн юм. Тэр далан эвдэрч, зуу зуун хүмүүст тусламж хэрэгтэй болно гэдгийг Бурхан мэдэж байжээ. Зөвлөгөө хүсч, Рикс коллежид үлдэх Түүний зөвшөөрлийг авах боломжийг Тэр надад олгосон. Рексбургийн коллеж дахь миний ажил үнэ цэнэтэй хэвээр байхын учир шалтгааныг Бурхан мэдэж байсан юм. Өмч хөрөнгө болон амьдрал нь эвдэрч сүйдсэн хүмүүст туслах Түүний хүссэн зүйлсийг хийхийн тулд Тэнгэрлэг Эцэгт хандан үе үе залбирахаар би тэнд байж байсан. Би бусад хүмүүстэй хамт олон цагийг гэр байшин дотроос шавар ус зөөн өнгөрөөсөн билээ. Түүний тааллыг мэдэж мөн биелүүлэх хүсэл маань надад өөрийн дотоод сэтгэлээ тэлэх боломжийг олгосон юм.

Энэ явдал, Бид Бурханы хүслийг мэдэх буюу биднийг хайрладаг Түүний хайрыг мэдрэхэд саад тотгор болж болох өөр нэгэн арга замыг харуулж байна; энэ нь юу вэ гэвэл, Их Эзэн өөрийн цаг хугацаатай байтал бид өөрсдийн цагийн хуваариар болгохыг шавдуулж болдоггүй. Рексбургт хангалттай удаан хугацаагаар үйлчиллээ гэж бодоод, өөр зүйлсийг цаашид хийхээр би шавдаж байсан. Зарим үед бид өөрсдийн цагийн хуваарийн дагуу үйлдэхээр зөрөх нь Түүний хүслийг олж харахад маань садаа болдог.

Бошиглогч Иосеф Либерти шоронд байхдаа Миссури дэх Сүмийн гишүүдийг мөшгөн хавчигчдыг шийтгэж өгөхийг Их Эзэнээс гуйсан юм. Тэр тэднийг хурднаар баттайгаар цээрлүүлэхийн төлөө залбирсан. Гэвч Их Эзэн “үүнээс хойш олон биш жил өнгөрөхөд” 4 Сүмийн дайснуудын учрыг олох болно хэмээн хариулсан ажээ. Сургаал ба Гэрээний 121-р хэсгийн 24 болон 25-р шүлэгт Тэрбээр:

“Болгоогтун, миний мэлмий бүх ажлыг хардаг мөн мэддэг авай, мөн үүний зохих цагт, тэд бүгдэд зориулсан шуурхай шүүлт надад нөөцөд буй;;

“Учир нь ажлуудынх нь дагуу хүн болгонд цаг нь өгөгдсөн болой” 5 гэжээ.

Бид “Таны цагт” мөн “Таны хүсэл биелэгдэх болно” хэмээн бодож, залбирсан үед халхлагч асрыг зайлуулж чадна. Их Эзэн зөвхөн хамгийн сайн зүйлсийг хүсдэгийг бид мэддэг учраас, Түүний цаг хугацаагаар болох нь бидэнд хангалттай байх ёстой.

Манай бэрүүдийн нэг нь Бурхан түүний дээр халхлагч асар байрлуулсан хэмээн олон жил бодож явсан юм. Тэр гурван хүүхэдтэй залуу эх байсан ч илүү олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Хоёр удаа үр зулбасны дараа тэр шаналан залбиран гуйж эхэлсэн. Хүүхэд гаргалгүй олон жил өнгөрөх тусам уурлах уруу таталтанд автагдаж байгаагаа бэр маань мэдэрсэн юм. Отгон хүүхэд нь сургуульд ороход эзгүй үлдсэн гэр орон нь ээж болох хүслийг нь шоолж байгаа мэт санагдаж байсан. Бас танилуудынх нь төлөвлөөгүй, хүсээгүй жирэмслэлтүүд ч тэгж санагдаж байлаа. Тэрээр ерөөгдсөн Мариатай өөрийгөө зүйрлэн бодож, “Эзэний шивэгчнийг харагтун” 6 хэмээн түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хэлсэн ч хариуд нь юу ч сонссонгүй.

Hөхөр нь түүний санаа сэтгэлийг өргөхийг хүсэн Калифорни руу ажлаар явахдаа дагуулж явжээ. Нөхрөө хуралд сууж байх үеэр тэр нэг ч хүнгүй үзэсгэлэнт далайн эргээр алхалж явахдаа зүрх нь түг түг дэлсэн, сэтгэл нь догдлоход чангаар залбирчээ. Тэрбээр анх удаа дахиад хүүхэдтэй болохыг биш, харин бурханлаг зорилготой үйлчлэлийг гуйн залбирсан байна. “Тэнгэрлэг Эцэг минь ээ, би Танд өөрийнхөө бүх цаг завыг зориулах болно. Үүнийг яаж дүүргэхийг надад харуулна уу?” хэмээн чанга дуугаар хэлж, хаашаа ч явах шаардлагатай болсон гэр бүлээ авч тийшээ явахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ залбирал нь амар амгалангийн ер бусын мэдрэмжийг түүнд төрүүлжээ. Энэ нь түүний зүрх сэтгэлийн тодорхой хүслийг биелүүлээгүй ч анх удаа зүрх сэтгэлдээ тайтгарлыг олсон ажээ.

Тэр залбирал халхлагч асрыг зайлуулж, тэнгэрийн цонхыг түүнд нээж өгсөн юм. Хоёр долоо хоногийн дараа тэр хөл хүндтэй болсноо мэджээ. Хүү, бэр хоёрт номлолын дуудлага ирэхэд шинээр төрсөн хүүхэд нь яг ойдоо хүрсэн байлаа. Хаашаа ч хамаагүй явж, даалгасан ямар ч ажлыг хийх амлалт өгсөн учраас бэр маань айдсаа хойш тавьж, гадаадад хүүхдүүдээ авч явсан юм. Номлолын талбарт байхдаа, номлогчдыг шилжүүлдэг өдөр тэр дахиад нэг хүүхэд төрүүлсэн.

Энэ залуу эх шиг тэнгэрийн хүсэлд бүрэн захирагдах нь заримдаа бидний толгой дээрээ бий болгодог сүнсний халхлагч асрыг зайлуулахад туйлын чухал юм. Гэвч энэ нь бидний залбиралд тэр дороо хариу ирэхийг баталгаатай болгодоггүй.

Сара хөл хүндтэй болж, Исаакийг хэвлийдээ олохоос өмнө, мөн тэд амлагдсан нутгаа хүлээн авахаас бүр өмнө Aбрахамын зүрх сэтгэл зөв шударга байсан юм. Хамгийн түрүүнд биелүүлэх ёстой өөр зорилгууд тэнгэрт байсан юм. Тэдгээр зорилгуудад зөвхөн Абрахам, Сара хоёрын итгэлийг төлөвшүүлэх төдийгүй, тэдэнд бэлтгэсэн нутагт хүрэх урт удаан, тойруу аян замд бусадтай хуваалцах мөнхийн үнэнүүдийг тэдэнд заах нь орж байсан юм. Их Эзэн хариугаа урт удаан хугацаагаар, заримдаа бүр хэн нэгний бүх амьдралын төгсгөл хүртэл хойшлуулах нь олонтоо тохиолддог. Гэвч ийнхүү алгуурлах нь үргэлж адислалыг дагуулдаг бөгөөд хэзээ ч ганцаардмал, уй гашуудалтай, тэвчээргүй байх хэрэггүй.

Түүний цаг хугацаа үргэлж биднийх биш байдаг ч, Их Эзэн амлалтандаа хүрэх болно гэдэгт бид итгэлтэй байж болно. Бурханд хүрэх нь дэндүү хэцүү гэж боддог та нарын дундах хүмүүст, Түүнийг нүүр нүүрээрээ тулан харах өдөр бид бүгдэд ирэх болно гэдгийг би гэрчилж байна. Одоо биднийг харахад нь Түүнд юу ч саад болдоггүй шиг, Түүнийг харахад нь бидэнд юу ч саад болохгүй байх болно. Бид бүгд Түүний өмнө өөрийн биеэр хүрч очин зогсох болно. Бид бүгд миний зээ охин шиг Есүс Христийг яг одоо харахыг хүсдэг ч, Тэр биднийг мэддэг шиг бид өөрсдөө Түүнийг мэдэхэд хүргэх зүйлсийг эхлээд хийвэл Түүний шүүлтийн тавцангийн өмнө бид дахин уулзах нь илүү баяртай үйл явдал байх болно. Бид түүнд үйлчилснээр Түүнтэй адилхан болж, бидний нүдийг юу ч халхлахгүй тэр өдөр ойртох үед бид Түүнд ойрхон байгаагаа мэдрэх болно.

Бурхан өөд чиглэсэн уг хөдөлгөөн урт удаан үргэлжилж болно. “Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай” 7 хэмээн Аврагч заасан билээ. Тэгээд Тэрбээр хэрхэн гэдгийг бидэнд ийн хэлсэн юм:

“Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад идэх юм өгсөн. Намайг цангаж байхад уух юм өгсөн. Намайг харь хүн байтал урьж оруулсан.

“нүцгэн байхад минь Намайг хувцасласан, өвчтэй байхад минь Намайг эргэж байсан, шоронд байхад минь Над уруу ирсэн билээ” гэхэд,

“зөвт хүмүүс Түүнд “Эзэн, бид хэзээ Таныг өлсөж байхыг тань хараад хооллож, цангаж байхыг тань хараад уух юм өгсөн бэ?”

“Хэзээ бид Таныг харь газрынх байхыг тань хараад урьж оруулан, нүцгэн байхыг тань хараад хувцасласан юм бэ?”

“Хэзээ бид Таныг өвчтэй байхыг тань хараад эргэж, шоронд байхыг тань хараад очсон юм бэ?” гэх болно.

“Тэгэхэд Хаан тэдэнд, “Үнэнээр би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод ньтийнхүү хандсан бол, Надад хийсэн хэрэг” 8 гэж хэлжээ.

Тэрбээр Эцэгийнхээ хүүхдүүдийн төлөө биднээр хийлгэхийг хүсч байгаа зүйлийг бид хийвэл Их Эзэн үүнийг Өөртөө хандсан нинжин сэтгэл хэмээн үзэх бөгөөд бид Түүний хайр, сайшаал магтаалыг мэдэрснээр Түүнд улам ойр байгаагаа мэдэх болно. Тодорхой цаг хугацаа өнгөрөхөд бид Түүнтэй адилхан болж, Шүүлтийн өдрийг баяртайгаар хүлээх болно.

Таныг Бурханаас халхлан далдалж байгаа мэт санагдах асар нь бусдад үйлчлэх хүсэл биш, харин хүнээс айх айдас байж мэднэ. Аврагчийн цорын ганц хүсэл бол хүмүүст туслах явдал мөн. Та нараас олон нь миний нэгэн адил өөрийнхөө гомдоосон хэн нэгэнтэй эсвэл өөрийг тань гомдоосон хүнтэй ойртон дотносохоос гэрэвшдэг биз ээ. Гэвч Их Эзэн хүмүүсийн зүрх сэтгэлийг, мөн минийхийг ч бас, цагаас цагт уяруулан зөөлрүүлдэг билээ. Иймээс би та нарт өөртөө байж болох ямар нэг айдсыг эс хайхран, Их Эзэнийг төлөөлж, хэн нэгэн рүү очиж, хайр, уучлалаа илэрхийлэх даалгаврыг өгч байна. Хэрэв та ингэх юм бол, тэр хүнийг хайрлах Аврагчийн хайрыг бас өөрийг тань хайрлах Түүний хайрыг мэдрэх болно. Энэхүү мэдрэмж их холоос ирэхгүй. Таны хувьд энэ даалгавар гэр бүл, нийгэм, хамт олонд чинь байж болно.

Хэрэв та бусдыг адислахаар Их Эзэнд үйлчлэх юм бол, Тэр таныг харж, шагнах болно. Хэрэв та үйлчлэлээ хангалттай олон удаа, хангалттай урт хугацаанд хийвэл Есүс Христийн Цагаатгалаар дамжин зүрх сэтгэлд тань өөрчлөлт гарч байгааг мэдрэх болно. Та Түүнд ойрхон байгаагаа төдийгүй бас Түүнтэй улам илүү адилхан болж байгаагаа түүнчлэн мэдрэх болно. Тэгээд бид бүгд Түүнтэй учран золгохоор явах үед, та Моронайн хэлсний адил байх болно: “Мөн эдүгээ би та нарт сайныг ерөөе. Миний сүнс болон махбод дахин нэгдэж, мөн амьд үхсний аль алиных нь Мөнхийн Шүүгч агуу Иеховагийн таалалт тавцангийн өмнө та нартай уулзахаар би ялгуусан байдалтайгаар хүргэгдэх хүртэл Бурханы диваажинд амрахаар удахгүй явах болно би. Aмен.” 9

Хэрэв бид Бурханы хүслийг биелүүлэхийн тулд итгэл, даруу байдал, хүсэл эрмэлзэлтэйгээр үйлчлэх юм бол, агуу Иеховагийн шүүлтийн индэр бидний хувьд баярт үйл явдал байх болно гэдгийг би гэрчилж байна. Хайрт Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс хоёр одоо биднийг төгс тодорхой байдлаар, төгс хайраар харж байгаа шиг бид тэр үед Тэднийг харах болно. Есүс Христийн ариун нэрээр, амен.