2010–2019
Гэр орон дахь амар амгалангийн төлөө
Дөрөвдүгээр сар 2013


Гэр орон дахь амар амгалангийн төлөө

Сайн мэдээг заадаг, гэрээнүүдийг сахидаг мөн хайр энэрэл бялхсан, Христ дээр төвлөрсөн гэр орны хүч нөлөө нь бидний дэлхийд санал болгож чадах агуу адислалуудын нэг нь юм.

Бидний амьдарч буй дэлхий дээрх олон янзын дуу хоолой нь бидэнд яаруу, завгүй амьдрах хэрэгтэйг зөвлөж байна. Хийж, гүйцээх ажил үргэлж их байсаар байна. Гэвч бид бүгд дотоод сэтгэлдээ амар амгалан, тайван дөлгөөн байдлыг давуу байлгахыг хичээхийн сацуу ирээдүйн дарамт шахалтуудад бэлтгэх орон зайг бий болгох ёстой.

Амар амгалангийн энэхүү орон зай нь бид Их Эзэн Есүс Христэд төвлөрсөн гэр оронтой байхын тулд чадах бүхнээ хийсэн үед л оршиж чадна.

Зарим гэр бүлд зохистой санваартан эцэг нь итгэл бишрэлтэй эхийн хамт гэр орон, гэр бүлээ зөв шударга байдлаар удирддаг. Гэвч олон гэр бүл өөр өөр нөхцөл байдалд амьдарч байна. Таны нөхцөл байдлаас үл хамааран, та гэр орон, амьдрал ахуйгаа Их Эзэн Есүс Христ дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь Тэр бол энэ амьдрал дахь жинхэнэ амар амгалангийн эх сурвалж мөн.

Материаллаг эсвэл сүнслэг байхаас үл хамааран таны гаргадаг бүх шийдвэрүүд Аврагчийн танаар хийлгэхийг хүсч байгаа зүйлүүд дээр төвлөрөх хэрэгтэй гэдгийг анхаар. Таны гэр Христ дээр төвлөрсөн үед гэрт тань амар амгалан, тайван дөлгөөн байдал байх болно. Танай гэрийг дүүргэж буй гэрчлэлийн сүнс нь гэрт тань амьдардаг хүн бүрт мэдрэгдэх болно.

Удирдах нь эцэг эхчүүдийн үүрэг хэдий ч энэ зөвлөгөөг биелүүлэх нь зөвхөн тэдний хариуцлага биш юм. Хүүхдүүд гэр орондоо Христ дээр төвлөрсөн үйл ажиллагаанаас өөртөө тохирохыг хариуцаж болно. Эцэг эхчүүд хүүхдүүдийнх нь үйлдэл гэрт нь амьдардаг хүн бүрт нөлөөлдөг болохыг ойлгуулахын тулд тэдэнд заадаг байх нь чухал юм. Үйлдэл нь зөв үү, буруу юу гэдгийн төлөө хүлээх өөрийн хариуцлагыг мэдэрдэг хүүхдүүд Бурханы хаант улсад итгэмжлэл хүлээсэн иргэд болон өсч хөгждөг билээ.

Гэр орноо Аврагч дээр төвлөрүүлэх тулгуур зарчмуудыг та бүхэн мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Өдөр бүр хувиараа болон гэр бүлээрээ залбирч, судар судалж, гэр бүлийн үдшийг долоо хоног бүр хийж байх бошиглогчийн зөвлөгөө нэн чухал бөгөөд Христ дээр төвлөрсөн гэр орныг бий болгон төлөвшүүлэхэд үндсэн хүчин зүйлс болдог билээ. Эдгээр зүйлсийг байнгын хэвшил болгохгүйгээр хүсэл санаандаа нийцсэн найдвартай, амин чухал амар амгаланг дэлхийгээс олох нь амаргүй юм.

Та нарыг дагаасай хэмээн Христийн хүсдэг бошиглогчийн сургаалуудад дуулгавартай байгтун. Сайн мэдээний бат найдвартай зарчмуудыг хэрэгжүүлэхийн оронд алдаа дутагдал гаргаж ирээдүйн аз жаргалаа бүү алд. Өчүүхэн жижиг юмс том зүйлс рүү хөтөлдгийг санагтун. Ач холбогдолгүй мэт санагдах өчүүхэн жижиг болчимгүй үйлдэл эсвэл ийм үйлдлийг тоохгүй байх нь том асуудлууд руу хөтөлж мэднэ. Хамгийн чухал нь энгийн бөгөөд тогтмолжсон сайн дадал хэвшил нь арвин баялаг адислалуудаар дүүрэн амьдрал руу хөтөлдөг.

Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд, өсвөр үеийнхний хөтөлбөрт хамрагдсан залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн одоо үйлчилж буй итгэлтэй гуйвшгүй, номлогчид та нарын насан дээр миний хийж чаддаг байсан зүйлүүдээс илүү олон зүйлүүдийг та нар үр дүнтэйгээр хийж байна. Та нар мөнх бус байдлын өмнөх амьдралд итгэлтэй, дуулгавартай байдал болон цэвэр ариунаа нотлон харуулсан. Мөн та нар тэнд авьяас чадвараа хөгжүүлж, мөнх бус байдалд итгэл бишрэл, нэр төр, амжилт бүтээлтэйгээр амьдрахад өөрийгөө бэлтгэхийн төлөө шаргуу ажилласан билээ.

Та нар үүнээс хойш удалгүй бүх гайхалтай чадварууд болон үй олон боломжуудтайгаар мөнх бус амьдралд ирсэн юм. Гэвч та нарын эргэн тойронд аюул үнэхээр бодитой байгаа. Хэрэв та эргэн тойрондоо байгаа нүгэл хилэнцэт санаа бодлуудад автагдах юм бол агуу чадавхи болон асар олон боломж тань хязгаарлагдмал болох буюу бүр алга болж ч мэднэ. Гэвч Сатан Аврагчийг ялж чадахгүй. Сатаны хувь заяа нэгэнт шийдэгдсэн юм. Тэр ялагдсанаа мэддэг ч чадах чинээгээрээ олон хүнийг устгахыг хүсдэг. Тэр таны сул талуудыг ашиглан, сайн сайхан чанаруудыг тань үгүй болгохыг хичээдэг. Их Эзэний талд зогсогтун, тэгвэл та алхам тутамдаа ялах болно.

Та нар технологи гайхамшигтай хурдацтэй хөгжиж буй дэлхийд аж төрж байна. Өнөөгийн хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн алхах нь миний үеийнхний хувьд хэцүү юм. Технологийг хэрхэн ашигласнаас хамааран хөгжлийн эдгээр амжилт нь адислал эсвэл бүдрэх чулуу болж болно. Технологийг ойлгож зөв зорилгоор ашигласан үед сүнслэг харилцаанд саад тотгор учруулахгүй харин үүнийг өргөжүүлэн дэмжиж чадна.

Жишээ нь: бидний олон нь халаасанд багтах авсаархан электрон хэрэгслийг ашигладаг. Бид ийм хэрэгсэлгүйгээр явах нь ховорхон бөгөөд заримдаа өдөрт үүнийг олон удаа ашиглах нь ч байдаг. Харамсалтай нь эдгээр хэрэгслүүд бусармаг явдал хийгээд цагийг үр ашиггүйгээр үрэхэд хүргэж болно. Гэвч сахилгатайгаар хэрэглэвэл энэ технологи нийгмийн муу нөлөөнөөс хамгаалах хэрэгсэл болж чадна.

Цөөхөн хэдэн жилийн өмнө жишиг бүтээлүүд бүрнээрээ мөн дээр нь ерөнхий чуулганы захиасууд таны халаасанд багтах болно хэмээн та төсөөлж чадах байсан гэж үү? Эдгээр нь зөвхөн халаасанд багтсанаараа таныг хамгаалахгүй, харин тэдгээрийг өдрийн нам гүмхэн цагаар судалж, тунгаан бодож сонсох нь Сүнсээр дамжуулан харилцах харилцааг тань өргөжүүлэх болно.

Технологийг амьдралынхаа хэсэг болгоход ухаалаг ханд. Электрон хэрэгсэл дээрээ чухал судруудыг тэмдэглэж, үе үе эргэн харж бай. Хэрэв залуу хүмүүс та нар олон удаа мессеж илгээдэг шигээ судрын аль нэг шүлгийг олон удаа дүгнэж харах юм бол та удахгүй судрын хэдэн зуун хэсгийг цээжилж чадна. Судрын эдгээр хэсгүүд нь хэрэгтэй цаг үед сүнслэг нөлөө болон Ариун Сүнсний удирдамжийн нэн хүчтэй эх сурвалж болж чадна.

Бид Ариун Сүнсний намуун зөөлөн, удирдан чиглүүлэгч нөлөөг амьдралдаа урихын төлөө чадах бүхнээ хийх нь гэр орноо Аврагч дээр төвлөрүүлэх бидний хүч чармайлтад чухал ач холбогдолтой юм. Сүнсний өдөөлтүүдийг дуулгавартайгаар дагаж үйлдэх нь биднийг улам хүчирхэгжүүлдэг.

Хэрэв та эргэн тойрныхоо хүмүүст үйлчлэхдээ дуулгавартай байдал болон хүч чармайлтаа нэгдмэл байлгаж чадвал танд агуу амар амгалан ирэх болно. Өөрийнхөө авьяас чадварыг өчүүхэн хэмээн чамладаг ч энэхүү авьяас чадвараа эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг адислахын тулд сэтгэл харамгүйгээр ашигладаг хүмүүс олон байдаг. Аминч үзэл бол нүгэл хилэнцийн үндэс юм. Аврагчийн амьдрал хэрхэн гэм нүглээс өөрсдийгөө хамгаалахыг бидэнд харуулсан. Тэр бусдад үйлчлэхийн тулд хувиа бодолгүйгээр, өөрсдийнхөө амьдралыг зориулахыг бидэнд заасан билээ.

Миний амьдралд олон удаа давтагдсан нэгэн үнэн нь үнэмлэхүй хууль болохыг би мэдсэн юм. Энэ нь дуулгавартай байдал, үйлчлэлийн арга замыг тодорхойлдог Бурханы хүч юм. Бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагаж Түүний хүүхдүүдэд амь бие хайргүй үйлчилсний зүй ёсны үр дагавар нь Бурханаас ирдэг хүч бөгөөд бид өөрсдөө хийж чадахаас илүү ихийг хийж чадах хүч юм. Бид хүч чадал ба хүчийг Их Эзэнээс хүлээн авдаг учраас бидний ойлголт, авьяас чадвар өргөжин тэлдэг. Түүний хүч бол амар амгалангаар бялхсан гэр орныг төлөвшүүлэх тулгуур хүчин зүйл мөн.

Та гэр орноо Аврагч дээр төвлөрүүлснээр, таны гэр орон зөвхөн гэр бүлийн гишүүдэд тань амар амгалан хоргодох газар болоод зогсохгүй бас илүү хүнд нөхцөлд амьдарч байгаа найз нөхдөд тань ч бас хоргодох газар болдог билээ. Тэд танай гэр оронд амар амгаланг мэдэрч ийм байдалдаа дасдаг. Найз нараа гэр орондоо урьж бай. Тэд Христэд төвлөрсөн орчинд өсч хөгжих болно. Хүүхдүүдийнхээ найз нөхдийн анд найз нь бай. Тэдэнд зохистой үлгэр дууриал үзүүл.

Сайн мэдээг заадаг, гэрээнүүдийг сахидаг мөн хайр энэрэл бялхсан, Христ дээр төвлөрсөн гэр орны хүч нөлөө нь бидний дэлхийд санал болгож чадах агуу адислалуудын нэг нь юм.

Миний эхнэр Жинийн олон жилийн өмнө нэг номлолд зочилсны дараа өөрийнхөө танилцсан нэгэн ахлагчийн тухай надад ярьж билээ. Жинийн тэр ахлагчаас гэр бүлийнх нь тухай асуужээ. Ахлагч гэр бүлгүй гэж хариулахад тэр их гайхсан аж. Түүнийг төрөхөд ээж нь засгийн газрын асрамжинд хүлээлгэн өгснийг тэр тайлбарлажээ. Тэрээр хүүхэд ахуй насаа хүүхэд асрах нэг газраас нөгөөд шилжсээр өнгөрүүлжээ. Тэр өсвөр насандаа сайн мэдээг олж адислагдсан аж. Хайраар дүүрэн өнөр гэр бүл болох тойрог нь түүнд номлолд үйлчлэх боломжийг олгосон байна.

Жинийн хожим нь энэхүү нүдэнд дулаахан ахлагчийн тухай номлолын ерөнхийлөгчийнх нь эхнэрээс асуусан гэнэ. Ахлагч өвчний улмаас номлолын гэрт хэдэн сарын өмнө ирснийг тэр мэджээ. Тэр үед ахлагч гэр бүлийн үдэшт тэдэнтэй хамт оролцдог байж. Тэр номлолын талбар руу буцаж явахынхаа өмнө “Номлолоо дуусах үедээ хоёр гурван хоног дахин номлолын гэртээ байж болох уу?” хэмээн номлолын ерөнхийлөгчөөс асуужээ. Тэр ахлагч Христ дээр төвлөрсөн гэр бүл ямархуу байдгийг ажиглахыг хүссэн байжээ. Тэрбээр номлолын ерөнхийлөгчийн гэр бүлийн загвараар өөрийн гэр бүлийг бүтээхийг хүссэн аж.

Та нар ийм гэр бүлтэй болохын тулд чадах бүхнээ хий. Хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүст тусал. Жинхэнэ анд найз бай. Удаан жилийн иймэрхүү нөхөрлөл нь амьдралын бүдрүүлэх нүхүүдийг бөглөдөг замын хар тос лугаа адил бөгөөд бидний аяллыг саад тотгоргүй, илүү аятайхан болгодог. Энэ нь хувь хүнд давуу талыг бий болгоход ашиглах хөшүүрэг байх төдийгүй эрхэмлэн дээдэлж хуваалцах ёстой үнэт эрдэнэ байх ёстой. Ийм туршлагаар хүчирхэгжих шаардлагатай бусад хүмүүсийг гэр орондоо урь.

Зөв сонголтууд хийдэггүй гэр бүлийн гишүүнээ хайрладаг хүмүүсийн талаар сүүлчийн зарим санаа бодлоо илэрхийлье. Энэ нь бидний тэвчээр хатуужлыг сорьдог байж болно. Бид Их Эзэнд болон бидний залбирал ба авралын хүч чармайлтуудад нааштайгаар хариулах Түүний цаг хугацаанд итгэл найдвараа тавих хэрэгтэй. Бид бусдад үйчлэх, тэднийг адислах, бүх зүйлд Бурханы хүсэл тааллыг даруухнаар хүлээн авдаг байхын тулд чадах бүхнээ хийдэг билээ. Бид итгэлийг ашигладаг бөгөөд зарим зүйлийг Их Эзэнд үлдээх ёстойг санагтун. Тэр биднээс ачаагаа Түүний хөлд буулгахад урьдаг билээ. Хайртай хэн нэгэн нь дуулгаваргүй байгаа бол тэр бүрмөсөн алдагдаж байгаа хэрэг биш, харин тэрээр хайраар бялхам Аврагчийн хараа хяналтанд байдаг билээ.

Бусад хүмүүсээс алдаа дутагдал, гэм нүглийг нь биш харин сайн зүйлсийг нь олж хар. Алдаа дутагдлыг нь залруулахын тулд зохих байдлаар анхаарал хандуулах хэрэгтэй ч, түүний сайн сайхан тал дээр тулгуурлаж, түүнийг урамшуулан дэмж.

Багаахан ч гэсэн найдвар байгаа л бол тийм найдвар хэзээ ч багаддаггүй бөгөөд өөрийг тань хүчирхэгжүүлж, санаа сэтгэлийг тань өргөх найдвартай арга хэрэгсэл, бусадтай холбох чухал холбоос болж чадна. Энэ нь таныг тайтгарлаар хангах учир та айхаа болино. Зохистой амьдрахыг хичээж, итгэл найдвараа Их Эзэнд тавигтун.

Их Эзэн бидэнд хий хэмээн зөвлөсөн бүх зүйлийг бид нэгэн зэрэг хийж чадахгүй бол үүнд санаа зовох хэрэггүй. Тэрбээр бүх зүйлийн цаг хугацааг тогтоосноо бидэнд хэлсэн билээ. Тэрбээр удирдамж хүсч залбирсан бидний чин сэтгэлийн залбирлын хариуд амьдралынхаа тал бүрт юун дээр онцгой анхаарах ёстой талаар биднийг удирдан чиглүүлдэг. Бид нэг удаа зохих алхмыг хийснээр өсч хөгжин Түүнтэй адилхан болж чадна.

Есүс Христийн сайн мэдээн дээр бат бөх үндэслэгдсэн дуулгавартай амьдрал нь бидний гэр орон дахь амар амгалан ба найдвартайгаар хоргодох газрын төлөөх хамгийн агуу итгэл үнэмшлээр хангана гэдгийг би гэрчилж байна. Үй олон хүнд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр тохиолддог ч бүр гай зовлонгийн үед ч бид дотоод сэтгэлийн амар амгалан, агуу аз жаргалыг эдэлж чадна. Есүс Христийн Цагаатгал бол агуу амар амгалангийн эх ундарга мөн гэдгийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.