2010–2019
“Эзэн минь, би итгэж байна“
Дөрөвдүгээр сар 2013


“Эзэн минь, би итгэж байна”

Сэтгэлийг тань шаналгаж байгаа зүйлс болон асуултуудаа олж мэд, гэхдээ эхлээд итгэлийн цогоо асааж, үүнийг мөнхөд бадраа, учир нь итгэгч хүнд бүх зүйл боломжтой юм.

Нэгэн удаа хэсэг хүмүүс дагалдагчидтай нь нэлээн ширүүн маргалдаж байхад нь Есүс хүрч очжээ. Юу болоод байгаа тухай Аврагчийг асуухад хүнд өвчинд нэрвэгдсэн нэгэн хүүгийн эцэг урагш гарч ирэн Есүсийн дагалдагчдаас хүүг нь эдгээж өгөхийг хүсэхэд тэд чадахгүй байгааг Түүнд хэлдэг. Мөнөөх хүүг шүдээ хавирч, амнаасаа хөөс цахруулан тэдний өмнө газарт тийчигнэн хэвтэж байх үед түүний эцэг цөхрөнгөө барсан хүний эцсийн найдвараа өгсөн байдалтай Есүст хандан:

“Хэрэв та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач” хэмээн гуйдаг.

Есүс түүнд – “Итгэлтэй хүнд бүх юм боломжтой” гэхэд

“хүүгийн эцэг тэр дороо хашгирч – Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач”1 хэмээн хэлдэг.

Энэ хүний итгэл нь хязгаарлагдмал байгаа бөгөөд тэр өөрөө ч үүнийг ойлгодог. Гэсэн хэдий ч түүнд цорын ганц хүүгийнхээ төлөө чадах бүхнээ даруйхан хийх хүсэл байсаар. Эхэндээ ийм хүсэл л байхад хангалттай гэж бидэнд хэлдэг. “Та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн, энэ хүслийг өөрсөддөө хөгжихийг...зөвшөөр, бүр...итгэтлээ ”2 буюу хэмээн Алма тунхагласан байдаг. Өөр найдах юу ч үгүй болсон тэрхүү эцэг өөртөө байгаа итгэлээ харуулан, дэлхийн Аврагчид хандан “хэрэв Таюуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж, бидэнд туслаач”3 хэмээн гуйж байна. Би эдгээр үгийг нулимс гаргахгүйгээр уншиж чаддаггүй юм. Биднийг гэх төлөөний үгийг зориуд хэрэглэсэн нь маш тодорхой байдаг. Үнэн хэрэгтээ энэ хүн “Гэр бүлийнхэн маань бүгдээрээ гуйж байна. Бидний зовлон ерөөсөө дуусахгүй юм аа. Бид бүр цөхрөөд байна. Хүү маань гал, усанд унаж, байнга л аюулд өртөж, бид ч үргэлжид айдастай байдаг. Бид өөр хэнд хандахаа мэдэхгүй байна. Та бидэнд тусалж чадах уу? Үр дүн нь ямар ч байсан хамаагүй – бага ч гэсэн адислал, өчүүхэн ч болов найдвар, хүүгийн эхийн өдөр бүр үүрдэг хүнд дарамтыг бага ч болов хөнгөлж л байвал - бид маш их талархах болно” хэмээн гуйж байна.

“Хэрэв Таюуг ч хийж чаддаг юм бол” гэсэн эцгийн үгсийн хариуд “хэрэв таитгэж чадвал” гэдэг үгсийг Эзэн хэлдэг.4

“Тэр дороо” гэж энэ сударт өгүүлснээр байж байгаад, эсвэл эргэлзэн тээнэгэлзсэн, эсвэл хямсганасан биш харин “тэр дороо” л энэ эцэг санаа зовсон байдлаа нуулгүй “Би итгэж байна. Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн хашгирдаг. Шинэ бөгөөд гүйцэд боловсроогүй итгэлийнх нь хариуд Есүс бараг үхсэн хүүг босгон эдгээдэг гэж Марк болсон явдлыг тодорхойлсон байдаг.5

Энэ сэтгэл хөдөлгөм судрын эшлэлийг санаандаа тээн би Сүмийн залуу хүмүүст –насаар залуу эсвэл Сүмийн гишүүн байгаа хугацаагаар залуу, эсвэл бүр итгэлээр залуу тэдэнд хандан ярихыг хүсэж байна. Магадгүй бид бүгд энэ ангилалд багтаж байгаа байх.

Энэ судраас анхаарч үзэх эхний зүйл бол итгэл нь соригдох цагт тэр эцэг эхлээд өөрийн хүчирхэг талаа гарган, дараа нь дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. “Их Эзэн, би итгэж байна” гэх түүний анхны үгс нь баттай бөгөөд эргэлзээгүй байна. Итгэлээ нэмэхийг хүсэж буй хэн боловч энэ хүнийг бүү мартаг! Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. Энэ мөнх бус амьдралд хөгжиж дэвшихийн тулд энэ хүүд тохиолдсон зовлон эсвэл энэ эцэгийн мэдэрсэн шиг шаналлыг бид бүхэн мөн туулж, мэдрэх хэрэгтэй байдаг. Ийм зүйл тохиолдон асуудал үүсч яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа. Чухамхүү яг л энэ тохиолдол, энэхүү гайхамшгийн талаар Есүс, “Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд “Эндээс тийшээ нүү“ гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно”6 хэмээн хэлж байсан. Итгэл чинь хэр бат бөх эсвэл мэдлэг чинь хэр гүнзгий байна вэ гэдэг тань тийм чухал биш бөгөөд харин танд байгаа итгэл, олж авсан үнэнээ хэрхэн ашиглаж байгаа тань л чухал юм.

Бидний суралцах ёстой хоёр дахь зүйл бол эхний зүйлтэй адил шахуу юм. Бэрхшээл ирж, асуулт гарах үед итгэлийг олж авахын тулд өөрт байхгүй бүхнээ тоочин, “үл итгэх” байдлаар хандаж болохгүй. Энэ нь бол тэмээ зүүний сүвэгчээр орохтой адил хэцүү зүйл юм. Тодруулбал: Огт итгэлгүй байж итгэж байгаа дүр эсгэх хэрэггүй, харин зөвхөн өөрт чинь байгаа тэр л итгэлдээ найд гэж би хэлмээр байна. Заримдаа бид итгэлээ үнэнээр нь тунхаглахын оронд эргэлзэж байгаагаа үнэнээр нь тунхаглаж буйгаа илүү их зориг гаргаж байгаагийн илэрхийлэл мэт үзэн тийн үйлддэг. Энэ нь тийм биш юм шүү! Гэхдээ энэ судраас нэг л зүйлийг ойлгож авцгаая: Та нарт асуулт, эргэлзээ байгаагаа нуух шаардлагагүй; амьдрал олон зүйлсийн талаарх асуултаар дүүрэн байдаг. Харин та болон танай гэр бүлийнхэн эдгэрэхийг хүсэж байвал тэдгээр асуулт тань итгэлийн гайхамшгийг олж харахад бүү саад болог.

Үүнээс гадна Мормоны номонд тодорхойлсны дагуу “хүлээж авсан нотолгоонуудын агуу ихийн учир” 7 та нарт бодож байгаагаас тань илүү их итгэл байгаа юм. “Та нар тэднийг үр жимсээр нь танина”8 хэмээн Есүс хэлсэн бөгөөд сайн мэдээний дагуу амьдарсны үр жимс нь хаа сайгүй байгаа Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн амьдрал дээр илэрхий байна. Петр, Иохан нар эрт үеийн цугларагсдад хандан “бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй” гэж хэлсэн үгсийг би өнөөдөр бас хэлмээр байна, учир нь сая сая Сүмийн гишүүдийн амьдралд “тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь нэгэнт тодорхой” байгааг бид харж мөн сонсож байна. Үүнийг үгүйсгэхийн аргагүй юм.9

Ах эгч нар аа, эргэн тойронд нотолгоо болон адислалуудаа өгч буй тэнгэрлэг ажил өрнөөд байна, тиймээс хааяа нэг судалж, ойлгож, шийдвэрлэх ёстой асуудал гармагц хамаг анхаарлаа тийш нь бүү төвлөрүүл. Асуудлууд гардаг, тэдгээрийг судалж, ойлгож, шийдвэрлэх хэрэгтэй байх болно. Энэ Сүмд, бидний мэддэг зүйл нь бидний мэдэхгүй зүйлээс илүү чухал юм. Мөн хүн бүр энэ амьдралд бүхнийг итгэлээрээ хийх ёстой гэдгийг бид санах ёстой.

Иймээс хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сурөөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдагддаг энэ Сүмд чамтай үйлчилдэг бусад хүмүүсийн алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн. Түүнд хэцүү л байдаг байх, гэхдээ Тэрээр болгоод л байдаг. Бид ч бас ингэх хэрэгтэй. Иймээс төгс бус аливаа зүйлийг анзаарвал энэ нь тэнгэрийн энэхүү төгс ажилтай огт хамаагүй гэдгийг санаарай. “Дуусашгүй тосыг энгийн саванд хийхэд багтахгүй халин асгардаг нь тэр тосны буруу биш харин хамаг учир нь хязгаарлагдмал тэр саванд байгаа юм “ гэж нэгэн авъяастай зохиолч хэлсэн байдаг.10 Бид бүгд л энэхүү хязгаарлагдмал сав шиг учир уужуу, эелдэг бас өршөөнгүй байгтун.

Бидний суралцах ёстой дараагийн зүйл бол эргэлзээ, асуудал гарах үед тусламж гуйхаас бүү ай. Тусламжаа дээрх эцгийн адил даруухан агаад чин сэтгэлээсээ хүсэх юм бол, бид хүлээн авах болно. Чин сэтгэлийн энэхүү хүслийг сударт “үнэн санаатайгаар” “бүх зүрх сэтгэлээрээ Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн”11 эрэх явц гэж тодорхойлсон байдаг. Ингэж уйгагүй хүсэх аваас бид итгэлийг маань бэхжүүлэх тусламжийг Бурхан дээрээс болон энэ дэлхийгээс илгээх болно гэдгийг би гэрчилж байна.

Залуу хүмүүст хандан ярьж байгаа гэж би та нарт хэлсэн. Би ч гэсэн залуугаараа л байна. 14 настай нэгэн хөвгүүн надад эргэлзсэн байдалтайгаар, “Холланд ах аа, Сүм үнэн гэж би хараахан хэлж чадахгүй ч гэсэн, үнэн гэдэгт нь би итгэж байна” гэж хэлж билээ. Би тэр хөвгүүнийг бараг нүдийг нь бүлтэртэл чангаар тэвэрч итгэх гэдэг үг, үйлдэл нь хэчнээн нандин болох талаар бас тэр хэзээ ч “зөвхөн итгэж” байгаадаа уучлал хүсэх ёсгүйг зүрх сэтгэлийнхээ угаас түүнд зөвлөн хэлсэн юм. Христ хүртэл, “Бүү ай. Зөвхөн итгэ”12 гэж хэлсэн бөгөөд энэ үгс нь залуу Гордон Б.Хинклид номлолынх нь турш тусалж байсан13 гэж би түүнд хэлсэн. Мөн би тэр хүүд итгэл нь бүрэн үнэмшил рүү хөтөлдөг бөгөөд бид бүгдийн нэгдмэл итгэл ч ялгаагүй “Бид итгэдэг”14 гэдэг үгийг хүчтэйгээр дахин давтдаг гэж бас хэлсэн юм. Өөрийнхөө итгэлийн эрэлд үнэн сэтгэлээсээ хандаж байгаад нь би хэчнээн их бахдаж байгаагаа ч бас тэр хөвгүүнд хэлсэн билээ.

Тэгэхээр,14-хөн настай шинэ итгэгч болсноос хойш 60 жилийн хугацаанд олж авсан мэддэг зүйлсээ би тунхаглаж байна. Бурхан ямар ч цаг үе, газар мөн нөхцөл байдалд биднийг хайрлагч, биднийг өршөөгч Тэнгэр дэх Эцэг гэдгийг би мэддэг. Эцэг ба Хүүгийн хүслийн дагуу төгс бус биднийг аврахаар сайн дураараа харамгүйгээр амиа өгсөн Есүс бол Бурханы цорын ганц төгс хүү байсан гэдгийг би мэднэ.Би Тэрээр үхээд дахин амьдрахын тулд амилсан бөгөөд Тэр үүнийг хийсэн учраас та, бид дахин амилах болно гэдгийг мэднэ. Иосеф Смит өөрийгөө төгс биш гэдгийг ойлгож байсан15 хэдий ч Бурхан түүнийг үүрдийн сайн мэдээг дэлхий дээр дахин авчрахад зэмсэг болгон ашигласан гэдгийг би мэднэ. Би бас үүнийг хийхдээ нэнялангуяа Мормоны номыг орчуулснаар-амьдралдаа миний уншиж, сонсож, мэдэж байсан бүх бошиглогчдын дундаас Бурханы хайр, Христийн тэнгэрлэг заяа мөн санваарын хүчийг хамгийн ихээр надад ойлгуулсан нэгэн байсан юм гэдгийг мэддэг. Төлөөлөгчөөр дуудагдаад үнэнч мөн дайчин байдалтайгаар урагшилж өдгөө 50 дахь жилдээ орж буй бошиглогч Томас С.Монсон бол тэрхүү бошиглолын эрх мэдлийн залгамжлагч гарцаагүй мөн гэдгийг би мэднэ. Бид энэхүү чуулганаар үүнийг дахин харлаа. Бошиглогч, үзмэрч, эш үзүүлэгч хэмээн та бүхний дэмжин баталдаг бусад 14 ах түүнийг гараараа, бүх сэтгэл зүрхээрээ болон төлөөлөгчийн түлхүүрүүдээрээ бас дэмжин баталдаг гэдгийг би мэднэ.

Эдгээр зүйлийг би Петрийн “илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үг”16 хэмээн тодорхойлсон бат итгэлийн дагуу тунхаглаж байна. Нэгэн цагт бяцхан байсан итгэлийн үр маань амьдралын мод болон ургасан юм. Иймээс хэрэв та нарын итгэл одоо эсвэл хэзээ нэгэн цагт соригдох аваас миний итгэлийг ашиглаж болно шүү. Би энэ ажил Бурханы гарцаагүй үнэн гэдгийг мэднэ. Эргэлзээ, чөтгөрүүдэд боломж олгох нь биднийг энэхүү үнэний замаас ганхуулах аюултай байх болно. Найдвараа бүү алд. Үргэлжлүүлэн аял. Сэтгэлийг тань шаналгаж байгаа зүйлс болон асуултуудаа олж мэд, гэхдээ эхлээд итгэлийн цогоо асааж, үүнийг мөнхөд бадраа, учир нь итгэгч хүнд бүх зүйл боломжтой юм. Есүс Христийн нэрээр, амен.