Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын

Ахлагч Л. Күинтин Л. Күүк


Амьдралд хүнд сорилтууд тохиолддог ч гэсэн Аврагчийн Цагаатгал болон Түүний нигүүлслийн ачаар зөв шударга амьдралын хариуд хувь хүнд амар амгалангийн шагнал ирэх болно

Саяхан тохиолдсон туршлагууд маань бидний хүн нэг бүрт төгсөшгүй амар амгаланг олоход тусалдаг амар амгалангийн тухай сургаалын тэр тусмаа Есүс Христийн үүргийн талаар намайг тунгаан бодоход хүргэсэн юм.

Өнгөрсөн саруудад болсон хоёр үйл явдал нь миний зүрх сэтгэлд гүн гүнзгийгээр нөлөөллөө. Нэгдүгээрт, би Коннектикутын Ньютаунд болсон алан хядлагын эмгэнэлт гэмт хэргийн үеэр 25 хүн, түүний дотор бага насны 19 хүүхдийн хамт амиа алдсан зургаахан настай хонгорхон охин Эмили Паркэрын оршуулах ёслол дээр үг хэлсэн юм. Би охины гэр бүлтэй хамт гашуудсан бөгөөд тэнд байсан олон хүн амар амгалан бус байлаа. Охины эцэг эх болох Роберт болон Алисса Паркер нарын сэтгэлийн агуу хат, итгэл бишрэлийг би харсан юм.

Хоёрдугаарт, би Зааны Ясан Эргийн Абиджан1 хот дахь сүмийн олон мянган итгэлтэй гишүүнтэй уулзсан юм. Францаар ярьдаг, баруун Африкийн энэ оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл тохиолдож, засгийн эрхийг цэргийнхэн булаан авснаар хамгийн сүүлд дэгдсэн хоёр иргэний дайн нь 2011 онд дуусчээ. Хэдийгээр дайн дуусаад нэг их удаагүй ч би тэдэнтэй хамт байхдаа онцгой амар амгаланг мэдэрч байлаа.

Биднээс амар амгаланг дээрэмдэж, биднийг ямар их эмзэг болохоо мэдрэхэд хүргэдэг үйл явдлууд олонтоо тохиосоор байна.

2001 оны 9-р сарын 11-нд Нэгдсэн Улсын өөр өөр хэсгүүдэд болсон аймшигт халдлагуудыг хэн мартах билээ? Ийм үйл явдлууд бидний амар амгалан, аюулгүй байдлын мэдрэмжийг, хэрхэн нүд ирмэхийн зуур үгүй хийж болохыг бидэнд сануулж байна.

Энэ үед анхны хүүхдээ төрөхийг хүлээж байсан ууган хүү маань эхнэрийнхээ хамт Нью Йорк хотын Дэлхийн Худалдааны Төвөөс орон сууцны гурван байшингийн цаана амьдардаг байсан юм. Эхний онгоц Хойд Цамхагийг мөргөж сүйрүүлэхэд тэд орон сууцныхаа дээвэр дээр гарч айдас түгшүүртэйгээр ажиглан харж байхдаа ямар аймшигтай гэнэтийн осол болж байна вэ гэж боджээ. Дараа нь тэд хоёр дахь онгоц Өмнөд Цамхагийг мөргөхийг харсан юм. Тэд тэр даруй энэ нь гэнэтийн осол биш гэдгийг ойлгож, доод Манхеттенийг дайран довтолж байгааг мэджээ. Өмнөд Цамхаг нуран унахад доод Манхеттенд бороо лугаа адил буусан нурангийн тоос тэдний байрыг болон ойр орчмыг нь бүрхсэн байв.

Тэд өөрсдийн харсан зүйлдээ мэл гайхаж, хойшид болох дайралтын талаар сэтгэл нь түгшин улмаар илүү аюулгүй газар руу явсан бөгөөд тэд Линкольн Төв дэх Манхеттен гадасны сүмийн байранд хүрчээ. Тэднийг ирэхэд доод Манхеттен дахь бусад гишүүдийн олонх нь гадасны төвд ирцгээсэн байлаа. Тэд, хаана байгаагаа мэдэгдэхээр бидэн рүү утасдсан юм. Би тэднийг аюулгүй байгаад сэтгэл амарсан бөгөөд яагаад гадасны төв дээрээ очсонд нь гайхаагүй юм. Сионы гадаснууд нь “шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар2 болно гэдгийг орчин үеийн илчлэлт заадаг билээ.

Тэд долоо хоног гэртээ харьж чадаагүй бөгөөд гэм зэмгүй хүмүүс амь үрэгдсэнд цочирдсон ч гарз хохиролтой удаан тулгараагүй юм.

Эдгээр явдлуудыг тунгаан бодох үед бүх нийтийн буюу дэлхий дахины амар амгалан болон хувь хүний амар амгалангийн хоорондох сургаалын ялгаа надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн билээ.3

Аврагчийг мэндлэх үед олон тооны тэнгэрлэг дайчид Бурханд магтаал өргөж, “Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай”4 хэмээн тунхаглаж байлаа.

Гэсэн хэдий ч Бурханы Хүү мэндэлснээс болж Херод хаан Бетлехемд гэм зэмгүй нялх хүүхдүүдийн амийг хөнөөсөн нь энэхүү мөнхийн ач холбогдолтой үе нь уйтгар гунигтай харагдаж байна.5

Сонгох эрх нь аз жаргалын төлөвлөгөөнд амин чухал юм. Энэ нь бидний мөнхийн өсөлт дэвшилд шаардлагатай хайр энэрэл, золиослол, хувийн өсөлт хөгжил болон туршлага хуримтлуулах боломжоор биднийг хангадаг. Мөн энэхүү сонгох эрх нь өөрсдийн ойлгохгүй зүйлсээс мөн бусдын хор хөнөөлт сонголтуудаас бий болсон өвчин зовлонг мөнх бус амьдралдаа биднийг биеэр туулахад хүргэдэг. Тэнгэр дэх дайн чухамдаа бидний сонгох эрхийн төлөө болсон бөгөөд Аврагчийн дэлхий дээрх үйлчлэлийг ойлгох нь туйлын чухал юм.

Матайн 10-р бүлэгт дурдсанаар Аврагч Арванхоёрт заавар өгч мөн бүх нийтийн амар амгаланг авчрах Түүний үүрэг зорилго энэхүү мөнх бус амьдралд гүйцэлдэхгүй гэдгийг мэдэгдсэн юм. Төлөөлөгчид өөрсдийн айлчилсан айлуудад амар амгалангийн адислалуудыг үлдээх боловч “сүрэг чонон дунд [байгаа мэт] “Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно”6 гэсэн сэрэмжлүүлгийг өгөхөд зааварлагджээ. Мөн 34-р шүлэгт: “Намайг газар дээр энх тайвныг авчрахаар ирсэн гэж бүү бод”7 гэсэн чухал ач холбогдолтой тунхаглал байдаг. Энэ нь Христийн мөнх бус номлолын үед дэлхий дээр бүх нийтийн амар амгалан байгаагүй бөгөөд одоо ч байхгүйг тодорхойлж байгаа юм.

Сургаал ба Гэрээнд, Их Эзэний өгсөн удиртгалд нэлээд хэдэн чухал зарчмууд заагдсан байдаг. Наманчилдаггүй хүмүүсийн хувьд,8 дэлхий рүү явж байгаа хүн бүрт өгөгддөг Түүний сүнс (Христийн Сүнс) нь “хүмүүний төлөө ямагт хичээн зүтгэх нь үгүй.”9 Түүнчлэн “дэлхийгээс амар амгалан нь авагдах болно.”10 Дэлхийгээс амар амгалан үнэхээр авагдсаныг бошиглогчид тунхагласан билээ.11 Люсифер хараахан хүлэгдээгүй байгаа бөгөөд энэ дэлхийд өөрийн хүчийг ашигласаар байна.11

Газар бүрийн сайн хүмүүсийн чин шударга тэнгэрлэг хүсэл ямагт энэ дэлхийн амар тайван байдлын төлөө байсаар ирсэн бөгөөд цаашид ч ийм байх болно. Бид энэхүү зорилгодоо хүрэхээс хэзээ ч ухрах ёсгүй. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит ийнхүү заасан юм: “Хүн төрөлхтөн Бурханы үнэнийг болон Бурханы захиасыг хүлээн авч , … түүний тэнгэрлэг хүч хийгээд эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх хүртэл дэлхийд амар амгалангийн болон хайрын сүнс хэзээ ч ирэхгүй.”13

Бид бүх нийтийн амар амгалангийн төлөө чин сэтгэлээсээ найдаж, мөн залбирдаг боловч хувь хүмүүс, гэр бүлүүд нь ийм амлагдсан амар амгаланг зөв шударга байдлынхаа шагналд хүлээн авдаг. Энэхүү амар амгалан нь Аврагчийн үүрэг зорилго болон цагаатгагч золиослолын амлагдсан бэлэг юм.

Энэ зарчмыг Сургаал ба Гэрээнд: “Гэвч зөв шударгын үйлсийг хийх тэрээр шагналаа, бүр энэ дэлхийд амар амгаланг, ирэх дэлхийд мөнх амьдралыг хүлээн авах болно гэдгийг мэдэж авагтун”14 хэмээн маш тодорхой дүрсэлсэн байдаг.

Ерөнхийлөгч Жон Тэйлор, энэхүү амар амгалан нь зөвхөн хүсүүштэй төдийгүй, харин ч “энэ нь Бурханы бэлэг мөн”15 гэж заажээ.

Миний ярьж байгаа амар амгалан бол түр зуурын амар тайван байдал биш. Энэ бол төгсөшгүй аз жаргал болон сүнслэг байдлын сэтгэл ханамж юм.16

Ерөнхийлөгч Хэбер Ж.Грант, Аврагчийн амар амгаланг дараах байдлаар дүрсэлжээ: “Түүний амар амгалан бидний зовлонг нимгэлж, сэтгэл санаа, сүнслэг байдлын хувьд зовж шаналж байгаа хүмүүст тайтгарлыг өгөн, бидний дотоод сэтгэлээс үзэн ядалтыг зайлуулж, нөхдөө хайрлах хайрыг бидэнд төлөвшүүлэн, бидний зүрх сэтгэлийг тайтгарал болон аз жаргалаар дүүргэдэг.”17 Намайг Эмили Паркерын эцэг эхтэй уулзах үед Аврагчийн амар амгалан тэдний зовлонг нимгэлж, харууссан зүрх сэтгэлийг нь тайтгаруулахад тусалж байсныг би харсан. Паркер ах гэмт халдлага болсны дараахан алан хядагчийг уучилснаа илэрхийлсэн нь онцгой явдал байсан юм. Ерөнхийлөгч Грант Аврагчийн амар амгалан нь “үзэн ядалтыг биднээс зайлуулдаг” гэж хэлжээ. Шүүлт бол Их Эзэнийх юм.

Зааны Ясан Эргийн Гэгээнтнүүд эх орондоо болж байгаа иргэний дайны үеэр Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч, ялангуяа өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүхийн болон ариун сүмийн ажил хийхэд анхаарлаа төвлөрүүлснээр амар амгаланг олсон ажээ.18

Бид бүгдээрээ амар амгаланг хүсэн мөрөөддөг. Амар амгалан гэдэг бол зөвхөн аюулгүй байдал буюу дайн дажин, хүчирхийлэл, зөрчил тэмцэлгүй байх явдал биш юм. Аврагч биднийг хэн бэ? гэдгийг мөн бид Түүнд итгэдэг, Түүнийг хайрладаг бөгөөд зарлигуудыг нь сахидгийг Тэрээр мэддэг гэдгийг бид мэдсэнээр бүх үед, ялангуяа амьдралдаа даван туулахад хүнд сорилт бэрхшээл, эмгэнэлт явдлуудын үед ч амар амгалан ирдэг. Либертийн шоронд Бошиглогч Иосеф Смитэд өгсөн Их Эзэний хариулт нь зүрх сэтгэлд тайтгарлыг авчирдаг:

“Хүү минь, сүнсэнд чинь амар амгалан байг; саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд чинь хэсэг хугацаанд байх болно;

“Мөн тэгээд хэрэв чи, үүнийг дажгүй давбал, Бурхан чамайг тэнгэрт өргөмжлөх болно.”19

“Бурхан төөрөгдөл самуурлыг бүтээгч биш, харин амар амгалангийн [бүтээгч]” 20 гэдгийг санагтун. Бурханыг үл хүлээн авах тэдэнд амар амгалан байхгүй. Бид бүгд тэнгэр дэх зөвлөгөөнд оролцож, ёс суртахууны сонгох эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү сонгох эрхийг буруу ашигласнаас мөнх бус байдлын өвчин зовлон, аймшигт, эмгэнэлт явдал бидэнд тохиолдож болно гэдгийг мэдэж байсан. Энэ нь бас биднийг уурлан бухимдах, будилж төөрөлдөх, хамгаалалтгүй эмзэг болоход хүргэж болно гэдгийг ойлгосон байжээ. Гэвч Аврагчийн Цагаатгал эдгээр мөнх бус амьдралын бүх шударга бус явдлыг даван гарч, амар амгалан болно гэдгийг бидэнд мэдүүлсэн юм. Ахлагч Maрион Д.Ханкст ханан дээрээ жаазлан өлгөсөн Уго Беттийн дараах үгс байсан ажээ: “Бурханд итгэнэ гэдэг нь бүх дүрэм шударга байх ёстойг, амьдралд хүсэн хүлээгээгүй үйл явдлууд тохиолдоно гэдгийг мэдэх явдал мөн.”21

Амар амгалангийн эх сурвалжууд юу вэ? Амар амгаланг дэлхийн арга замаар эрж хайсан олон эрэл мухардаж, хэзээ ч амжилт олоогүй юм. Амар амгаланг агуу эд баялаг, эрх мэдэл, хүч, алдар нэрээр олдоггүй.22 Амар амгаланг баяр наадам, зугаа цэнгэл хөөж, амралт чөлөөт цаг ихтэй байснаар олж авдаггүй. Эдгээр зүйлсийн алинд нь ч хамаг цагаа зориулаад төгсөшгүй аз жаргал болох амар амгаланг олж чадахгүй.

Эмма Лау Таянины нэгэн сайхан дуулал нь тохирох асуултуудыг асуудаг. “Амар амгаланг би хаанаас олох вэ? Амар амгалангийн бусад эх сурвалж намайг сэтгэл санааны хувьд эдгээхгүй байхад би тайтгарлыг хаанаас олох вэ?”23 гэсэн үгс байдаг. Үүний хариулт нь Аврагч юм. Тэр бол амар амгалангийн эх сурвалж бөгөөд бүтээгч нь юм. Тэр бол “Энхийн Жонон.”24

Бид хэрхэн Аврагчид ойр дотно байх вэ? Бурханы өмнө өөрийгөө даруусган, үргэлж залбирч, нүглээ наманчлан, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр баптисм хүртэж, Есүс Христийн жинхэнэ шавь болох нь зөв шударга амьдралын дээд үлгэр жишээ бөгөөд төгсөшгүй амар амгалангаар шагнагдах болно.25 Хаан Бенжамины, Христийн Цагаатгалын талаарх хүчтэй нөлөө бүхий үгсийг сонссон олон түмэн газарт унасан билээ. “Их Эзэний Сүнс тэдний дээр ирж, мөн тэд нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, улмаар тэд ухамсрын амар амгаланг хүлээн авсан учир, мөн тэд баяр хөөрөөр дүүргэгдсэн байв, Есүс Христэд итгэх үлэмж итгэл тэдэнд байсны учир бөлгөө.”26 Наманчлал болон зөв шударга амьдрал нь ухамсрын амар амгаланг олгодог бөгөөд энэ нь сэтгэл ханамжид амин чухал юм.27 Томоохон нүгэл үйлдсэн үед амар амгаланг мэдрэхийн тулд нүглээ хүлээх шаардлагатай. 28 Нүглийнхээ хүндэд зовон шаналж байгаа хүн, ачаа дарамтаа Их Эзэнд үүрүүлж, Цагаатгалын адислалуудыг хүртэх боломжтой болдгоос ирдэг амар амгаланг юутай ч харьцуулах аргагүй юм. Бидний дуртай, Сүмийн өөр нэгэн дуулалд: “Ачаа дарамтаа би Түүний хөлд тавиад, аялгуу сайхан дуугаа дуулна”29 хэмээн өгүүлдэг билээ.

Одоо үед хэдэн арван мянган залуу эрэгтэй, эмэгтэйчүүд, ахмад номлогчид бидний Их Эзэн, Аврагч, Есүс Христийн элч төлөөлөгчид байх дуудлагыг хүлээн авсаар байгаад би чин сэтгэлээсээ баярладаг. Тэд амар амгалангийн сэргээгдсэн сайн мэдээг дэлхийд, нэг удаа нэг хүнд эсвэл нэг гэр бүлд хүргэснээр зөв шударгын энэхүү ажил нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд амар амгаланг авчирч байна.

Сүм бол Христийн дагалдагчдын хувьд амар амгаланг олох хоргодох газар мөн. Дэлхий дээрх зарим хүмүүс өөрсдийгөө сүнслэг боловч шашин шүтдэггүй хэмээн хэлж байна. Сүнслэг мэдрэмж бол анхны зөв алхам юм. Гэвч бид зөвхөн Сүм дээр бие биетэйгээ нөхөрлөж, сургаалыг заалган, Бурханы сайн үгээр тэжээгддэг. Хамгийн чухал нь гэр бүлүүдийг лацдан холбож, бидний хүн нэг бүрийг селестиел хаант улсад Бурхан Эцэг, Есүс Христ хоёрт эргэж очиход тэнцэхээр болгодог ариун ёслолуудыг гүйцэтгэх болон гэрээнүүдийг хийх санваарын эрх мэдэл Сүмд байдаг. Эдгээр ёслолууд нь Их Эзэнтэй хийдэг гэрээнүүдтэй холбоотой учраас амар амгаланг авчирдаг.

Ариун сүм бол эдгээр эрхэм ариун ёслолуудаас олныг нь гүйцэтгэдэг газар бөгөөд дэлхийгээс хамгаалах амар амгалан хоргодох газрын эх булаг мөн. Ариун сүмийн газар дээр очиж үзэн, ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог хүмүүс энэхүү амар амгаланг мэдэрдэг. Миний маш сайн санадаг нэгэн туршлага бол Сува Фижигийн ариун сүмийн нээлтийн буюу адислах үйл ажиллагаа юм. Улс төрийн үймээн самуун нь бослого хөдөлгөөн гарахад хүргэж, Сува хотод дээрэм тонуул газар аван, босогчид парламентын ордонг эзэлж, хууль тогтоогчдыг барьцаанд авсан байв. Тус улсын засгийн эрхийг цэргийнхэн захирч байлаа. Фижигийн цэргийн эрх баригчид, ариун сүмийг нээж, адислах үйл ажиллагаанд цөөхөн хүмүүс оролцуулах зөвшөөрөл өгсөн учраас нийт гишүүдийг тэдний аюулгүй байдлыг харгалзан уг нээлтэд уриагүй юм. Энэ бол Наувугийн анхны ариун сүм маш хүнд байдалд адислагдсанаас хойш ийм нөхцөл байдалд адислагдсан цорын ганц ариун сүм байлаа.

Тус ариун сүмийн нээлтийн үйл ажиллагаанд уригдсан нэг хүн бол Индианчуудын үр удам болох хинду үндэстэн, Парламентын гишүүн, нэгэн сайхан эмэгтэй байсан бөгөөд босогчид эхлээд түүнийг барьцаанд авсан ч эмэгтэй хүн учраас сулласан байлаа.

Дэлхийн үймээн самуунаас ангид селестиел өрөөнд тэр эмэгтэй сэтгэл санаа нь бүрэн автагдсан амар амгаланг мэдэрснээ илэрхийлж, баярын нулимс асгаруулсан юм. Тэрээр өөрийг нь тайтгаруулсан Ариун Сүнсийг мэдэрч, ариун сүмийн эрхэм нандин байдлын тухай гэрчлэлээ хэлсэн билээ.

Аврагч бол жинхэнэ амар амгалангийн эх сурвалж мөн. Амьдралд хүнд сорилтууд тохиолддог ч гэсэн Аврагчийн Цагаатгал болон Түүний нигүүлслийн ачаар зөв шударга амьдралын хариуд хувь хүнд амар амгалангийн шагнал ирэх болно. Тэд Дээгүүр Өнгөрөх баярыг цөөхүүлээ нэн элэгсэг дотно байдалд тэмдэглэх үеэр Аврагч Өөрийн Төлөөлөгчдөд тэднийг “Ариун Сүнс болох Тайтгаруулагчаар” адислагдах болно гэдгийг амлаад дараах чухал үгсийг хэлсэн билээ: “Амар амгаланг би та нарт үлдээнэ. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг би та нарт өгч байна.” 30 Тэрээр бусдын төлөө хийсэн залбирлынхаа өмнөхөн: “Миний дотор та нарыг амар амгалан байг гэж Би та нарт эдгээр зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлджээ.”31

Элиза Р.Снөү энэ утга санааг нэн сайхнаар нэрлэжээ:

Бурханд зүрх сэтгэлээрээ магтаал өргөн,
Өөрсдийн баяр баяслаа хадгалж үлд
Дэлхий даяар гай зовлон тархавч,
Христ ийн хэлдэг: “Миний дотор та нар амар амгаланг олох болно.”32

Би үүнийг Есүс Христийн нэрээр гэрчиллээ, амен.

Show References

  1.  

    1. 2013 оны Хоёрдугаар сарын 10-ны ням гарагт Абиджанд хоёр чуулган болж, нийт 9,693 хүн оролцсоноос 619 нь сүмийн гишүүн бус хүмүүс байв. Зааны Ясан Эрэг дэх сүмийн гишүүнчлэлийн тоо ойролцоогоор 19,000 болоод байна.

  2.  

    2. Сургаал ба Гэрээ 115:6.

  3.  

    3. Амар амгалан гэдэг үг нь өөр өөр утгатай. Эртний Грек хэлэнд энэ нь эсрэг талууд хоорондын дайралтуудыг зогсоох, завсарлах, эсвэл эзгүйдүүлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Еврей хэлэнд энэ үг нь илүү өргөн хүрээтэй утгатай бөгөөд заримдаа мэндчилгээний хэлбэрээр ашиглагддаг. Мөн амар амгалан нь “зөвхөн Бурханаар өгөгдсөн цаг үе, нөхцөл байдлаар хүнд ирсэн амьдралын нөхцөл юм.” (Ховард В. Хантэр, “Where Is Peace?” in Conference Report, 1966 оны 10-р сар, 14–17.

  4.  

    4. Лук 2:14 ; тодотгол нэмэгдсэн.

  5.  

    5 Матай 2:16; мөн Росс Даутат, “The Loss of the Innocents,” New York Times, 16, 2012 оны 12-р сарын 16, 12-ыг үзнэ үү.

  6.  

    6. Матай 10:16, 22.

  7.  

    7. Матай 10:34.

  8.  

    8. Сургаал ба Гэрээ 84:46-г үзнэ үү.

  9.  

    9. Сургаал ба Гэрээ 1:33.

  10.  

    10. Сургаал ба Гэрээ 1:35.

  11.  

    11. Ерөнхийлөгч Вүүдраф үүнийг 1894 онд дараа нь 1896 онд дахин тунхаглажээ. The Discourses of Wilford Woodruff, ed. G. Homer Durham(1946), 251–52; мөн Марион Г.Ромни, in Conference Report, 1967 оны 4-р сар, 79–82-ыг үзнэ үү.

  12.  

    12. Жозеф Филдинг Смит,The Predicted Judgments, Brigham Young University Speeches of the Year (1967 оны 3-р сарын 21), 5–6-г үзнэ үү. Харин Ахлагч Нийл А.Максвелл, “дэлхийгээс амар тайван нь авагдсан ч, бидний дотоод сэтгэлд амар амгалан байх болно … [харин] ‘бүх зүйлс үймээн хөдөлгөөнд [байдаг]’” гэж мэдэгджээ (“Behold, the Enemy Is Combined,” Ensign, 1993 оны 5-р сар, 79).

  13.  

    13. Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Жосеф Ф. Смит (1998), 400-г үзнэ үү.

  14.  

    14. Сургаал ба Гэрээ 59:23.

  15.  

    15. Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Жон Тэйлор (2001), 151.

  16.  

    16. Эртний грекчүүдээс өнөө үеийг хүртэл, —аз жаргал ба сэтгэл хангалуун байдал—гэдэг үгсийн утгыг задлан шинжилж, тал бүрээс нь судлан, олон янзаар тайлбарлаж ирсэн төдийгүй эдгээр үгс бидний амьдралд удирдамж болсоор ирсэн юм. Дэвид Maлауф, The Happy Life: The Search for Contentment in the Modern World (2011)-ийг үзнэ үү. Мөн бага Р. Жэй Магилл дахь Ноён Maлауфын номын дүгнэлтийг үз, “How to Live Well,” Wall Street Journal, 2013 оны 1-р сарын 26–27, C6.

  17.  

    17. Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Хебер Ж. Грант (2002), 226.

  18.  

    18. Ариун сүмийн ёслолууд хийлгэхээр гэр бүлийн гишүүдийн нэрсээ [илгээж буй] насанд хүрэгчдийн хувь хэмжээгээрээ Сүмд эхний 25-д байгаа гадаснуудын тоонд Зааны Ясан Эргийн таван гадаснаас гурав нь орж байгаа” бөгөөд Кокоду Көүтэд’Айвори гадас нь тэргүүлж байна (R. Scott Lloyd, "Elder Cook 'Impressed with Exceptional Spirit' in Ivory Coast," Church News, Mar. 3, 2013, 4, 14). Иргэний дайн дэгдсэн ч, хамгийн ойрхон ариун сүм болох Ганын Аккрагийн ариун сүм нь автобусаар 12 цаг явж хүрэх газарт байгаа нь гишүүдийн итгэлийг хүчирхэгжүүлж, хувь хүний болон гэр бүлийн амар амгаланд гайхалтай нөлөө үзүүлж байна.

  19.  

    19. Сургаал ба Гэрээ 121:7–8. Ерөнхийлөгч Харолд Б.Лий, “Иймээс бид төгөлдөржиж, өөртөө байдаг хүч чадлыг нотлон харуулахын тулд соригдох ёстой” гэжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас: Харолд Б. Лий [2000], 208).

  20.  

    20. 1 Коринт 14:33-ыг үзнэ үү.

  21.  

    21. Maрион Д.Ханкс, “A Loving, Communicating God,” Ensign, 1992 оны 11-р сар, 63.

  22.  

    22. Жеффри Р.Холланд, For Times of Trouble (2012), 79-ийг үзнэ үү. Ахлагч Жэффри Р.Холланд “Ядуу зүдүү байдал гэм нүглийн бусад нөхцлөөс илүүгээр хүний сүнсийг устгаж чадахгүй” хэмээн сургажээ. Гэвч мөнгийг зөв ашиглах нь амар амгаланг өргөжүүлж чадна.

  23.  

    23. “Where Can I Turn for Peace?” Hymns, no. 129.

  24.  

    24. Исаиа 9:6.

  25.  

    25. Жон Гринлийф Виттер үүнийг энгийнээр тодорхойлохдоо: “Хэрхэн амьдарч байгаадаа анхаарал хандуул. Шөнө болоход амар амгаланг тань холдуулж үгүй болгох зүйлийг өдөр нь бүү хий” хэмээн хэлжээ (“Conduct [From the Mahabharata],” in The Complete Poetical Works of John Greenleaf Whittier [1802], 484).

  26.  

    26. Мозая 4:3; тодотгол нэмэгдсэн; мөн Марион Г.Ромни, Conference Report, 1967 оны 4-р сар, 79–82-ыг үзнэ үү.

  27.  

    27. Ухамсар нь биднийг амар амгалан руу чиглүүлдэг ёс суртахууны луужин юм. Энэ нь дор хаяж хоёр эх сурвалжаас, нэгдүгээрт, Христийн Гэрэл буюу бидний Тэнгэрлэг Эцэгээс ирдэг гайхамшигт бэлгээр (Сургаал ба Гэрээ 88:6–13; 93:2-ыг үз) хоёрдугаарт, Ариун Сүнсний бэлгээр идэвхждэг (Сургаал ба Гэрээ 39:6-г үзнэ үү).

  28.  

    28. “Гэм бурууг үйлдэгчдэд амар амгаланг авчрахад хоёр төрлийн уучлал шаардагддаг-нэг нь Их Эзэний сүмийн зохих эрх мэдэлтнүүдээс, нөгөө нь Их Эзэнээс өөрөөс нь ирдэг. [Moзая 26:29]” (Сүмийн Ерөнхийлөгчдийн Сургаалаас Спэнсэр В. Кимбалл [2006], 41).

  29.  

    29. “How Gentle God’s Commands,” Hymns, no. 125.

  30.  

    30. Иохан 14:26–27.

  31.  

    31. Иохан 16:33.

  32.  

    32. “Though Deepening Trials,” Hymns, no. 122.