2010–2019
Ариун газруудад бат зогсоцгооё
Дөрөвдүгээр сар 2013


Ариун газруудад бат зогсоцгооё

Бурханыхаа сургаалд дуулгавартай, бат зогсох нь бид ариун газруудад зогсож байгаа хэрэг бөгөөд Түүний сургаал ариун бөгөөд өөрчлөгдөх нь үгүй.

Ах нар аа, Бурханы сүр хүчит санваарыг атгагч та бүхэнтэй хамт байгаадаа би баяртай байна. Бид эцсийн өдрүүдэд буюу “аюултай цаг үед”1 амьдарч байна. Санваарыг атгагчдын хувьд бид итгэлийн бамбайтайгаар дайсны галт сумны эсрэг бат сөрөн зогсох үүрэг хариуцлагатай. Бид дэлхий дахинд үлгэр жишээ болж, Бурханы өгсөн халдашгүй эрх болон эрх чөлөөг хамгаалдаг. Мөн бид өөрсдийн гэр бүл, орон гэрээ хамгаалан зогсдог.

Би есдүгээр ангид байхдаа анх удаа хотоос гадуур болсон тэмцээнд ахлах сургуулийн бэйсболын шигшээ багийнхантай хамт оролцоод ирсэн юм. Автобусаар гэртээ буцаж ирэх урт замын турш намайг сайн мэдээний жишигт нийцэхгүй үг хэллэг, үйл хөдлөл үйлдэж байсныг аав маань ажиглаж мэдсэн байлаа. Мэргэжлийн зураачийн хувьд тэр надтай хамт сууж орд харш, хаант улсыг хамгаалах чадалтай хуягт баатрын зургийг зурж өгч билээ.

Түүнийг зураг зурангаа судраас уншихад нь Бурханы хаант улсыг хамгаалахын тулд хэрхэн итгэлтэй санваартан байх талаар би түүнээс сурсан юм. Төлөөлөгч Паулын хэлсэн дараах үгс замыг минь зааж өгсөн юм:

“Тиймээс бүхнийг хийсний дараа, бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн зэвсгийг ав.

Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмсөөд,

амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс;

Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,

авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав”.2

Ах нар аа, хэрвээ бид санваарт итгэлтэй байвал энэхүү хуяг дуулга нь Бурханаас ирсэн бэлэг болж бидэнд өгөгдөх юм. Энэ хуяг дуулга бидэнд ямар их хэрэгтэй билээ!

Залуу эрэгтэйчүүд ээ, та нарын аав, өвөө нар та бүхний өдөр бүр нүүр тулж байдаг уруу таталтуудтай хэзээ ч учирч байгаагүй. Та нар эцсийн өдрүүдэд амьдарч байна. Хэрэв аав чинь хэрэг тарьж сахилгагүйтэхийг хүсч байсан бол тэрээр асуудлаа өөрөө хайж олох хэрэгтэй байдаг. Одоо тийм байхаа больжээ. Өнөөдөр уруу таталт та нарыг өөрөө олох болж. Та нар үүнийг санаж яваарай. Сатан та нарыг эзэмдэхийг хүсч байгаа бөгөөд “нүгэл хаалган дээр хэвтэж”3 байх болсон байна. Та нар түүний түрэмгий арга мэхийг хэрхэн сөрөн зогсож чадах вэ? Та нар Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөх ёстой.

Би үүнийг өөрт тохиолдсон бас нэгэн үйл явдлаар заая:

Би 1982 оны нэгдүгээр сард Ютагийн Прово дах Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт дээр үг хэлж билээ. Сүм яг энд, индрийн нэг талд байхад, дэлхий ганц хоёр алхмын зайтай эсрэг талд нь байна гэж төсөөлөхийг би оюутнуудаас хүссэн юм. Энэ нь намайг коллежид байхад дэлхий ба сүмийн жишгийн хоорондох зай маш богино байсныг илтгэж байлаа. Тэр цагаас хойш 30 жилийн дараа, оюутнуудын өмнө зогсоод, гараа урьдын адил өргөж “Дэлхий биднээс асар хол зайтай болжээ. [Бүр барааг нь харахын аргагүй холдсон байна], одоо бүр цаашаа холдож, [бүүр энэ барилгаас тэр чигээрээ хальж гаран дэлхий тойрох хэмжээнд] алс хол одсон” болохыг би тайлбарласан юм. Бид болон бидний хүүхдүүд, ач зээ нар маань Сүм хэзээд ч хөдлөшгүй бат хэвээр байхад дэлхий хөдөлсөөр байх бөгөөд тэрхүү хоорондын зай нь улам холдсоор байх болно гэдгийг санаж байх ёстой. Тийм учраас маш болгоомжтой байцгаа. Хэрвээ та нар өөрийн үйлдэл болон Сүмийн жишгийг дэлхий хаана байгаа болон хаашаа явж байгаагаар нь хэмжвэл та нар өөрсдийнхөө байх ёстой газраа байхгүй байгааг олж харах болно.4

Тэр үед дэлхий Бурханы өгсөн сургаал, зарчим, тушаалуудаас хичнээн хол бөгөөд хурдан холдохыг би төсөөлж ч чадахгүй байх байсан. Харин Христийн жишиг болон Түүний сүм байрнаасаа хөдлөөгүй хэвээр байна. Түүний хэлснээр “Үнэн үүрд мөн үргэлж оршино.”5 Үүнийг бид ойлгож, хүлээн зөвшөөрөх үед бид дэлхий болон өөрсдийгөө найз нөхөд хэмээн нэрлэх тэдний зүгээс ирэх нийгмийн дарамт, доог тохуу, тэр байтугай ялгаварлан гадуурхах байдалтай нүүр тулахад бэлэн болдог.

Бидний ихэнх нь “Хэрвээ чи миний найз байхыг хүсэж байвал миний үзэл бодлыг хүндэтгэх ёстой” гэж ярьдаг хэн нэгнийг танина. Жинхэнэ найз нөхөд хэзээ ч “сайн мэдээ болон тэдний найз нөхөрлөлийн аль нэгийг сонго” гэж тулгадаггүй. Би Паулын үгсийг ашиглан та бүхэнд “Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв”6 гэж хариулья. Жинхэнэ найз бол биднийг давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэхэд хүчирхэгжүүлдэг юм.

Сайн мэдээний гэрээ, тушаал, ёслолуудын зам дээр тууштай урагшлах нь биднийг хамгаалах бөгөөд энэ дэлхий дээр Бурханы үйл хэргийг хийхэд бэлтгэдэг. Мэргэн ухааны үгийг дагах нь бидний сонгох эрхийг архи, мансууруулах бодис, тамхины донтолтоос хамгаалдаг. Бид зөвхөн аравны нэгийн өргөлөө төлж, судраас суралцаж, Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгох арга замаар амьдарч, зохистойгоор ариун ёслолоос хүртэж, ариун явдлын хуулийг дагаж, бэлтгэлээ хангаснаар Мелкизедек санваарыг хүлээн авч, мөн ариун сүмийн нандин ёслолуудыг гүйцэтгэсэн үед үйлчлэхэд бэлэн болдог.

Бид Ариун сүмд бүхнээ зориулах хуульд бэлтгэгдэж, түүнийг дагах амлалт өгдөг. Боломжтой залуучууд энэ хуулийг амьдралынхаа эхний жилүүдийг Их Эзэнд өргөл болгон өгч, бүрэн цагаар үйлчлэх номлолын дуудлагыг эрэлхийлснээрээ дагаж эхэлж байгаа юм. Тэрхүү золиослол нь ихэнх хүмүүсийн хувьд, тэднийг амьдралынхаа хамгийн дээд түвшний гэрээ болох ариун сүмд лацдуулан, мөнхийн гэр бүлийг бий болгохоор хүчин зүтгэхэд нь хүчирхэгжүүлдэг юм.

Энэхүү давчуу бөгөөд нарийн замаар шаргуу урагшлан явахдаа бид үргэлжлэн нэмэгдэх сүнслэг хүч болох сонгох эрхээ ашиглан өөрсдийнхөө төлөө үйлдэх хүчээ нэмэгдүүлдэг. Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувьд Ирээд, Намайг Дага нэртэй интернет дэх шинэ суралцах материалаар дамжуулан сургаалыг сурч, өөрсдийн гэрчлэлээ хуваалцсанаар энэхүү сүнслэг өсөлт нь нэмэгдэх юм.

Үүнээс гадна сонгох эрхээ ашиглан өөрийгөө хувь хүн талаасаа хөгжүүл. Та нарыг өөрсдийн авьяас болон өгөгдсөн бэлгээ нээхэд эцэг эх болон багш нар тань тусалж болох ч та нар Ариун Сүнсээр хөтлөгдөх ёстой. Өөрсдийнхөө төлөө үйлдэж, сонголтоо хийцгээ. Өөрсдийгөө дотроосоо зоригжуулан урамшуул. Боловсрол, мэргэжил олгох сургалт зэргээр ирээдүйн амьдралаа төлөвлө. Авьяас чадвар, сонирхлоо хөгжүүлэх зүйлсийг эрэлхийл. Ажиллаж хөдөлмөрлөн, бие дааж амьдар. Зорилт тавьж, алдаагаа засч залруулан, туршлага хуримтлуулж, эхэлсэн зүйлсээ дуусга.

Энэ бүхний зэрэгцээ гэр бүл, чуулга, анги болон нийтийн үйл ажиллагаануудад оролцож байхаа мартуузай. Хамтдаа цагийг эерэгээр, зугаатай сайхан өнгөрөө. Эдгээр зүйлсийг хийснээр та бүхэн нэг нэгнийхээ сүнслэг бэлэг, Бурханы охид хөвгүүдийн мөнхийн болон мөн чанарын давууг хүндэлж, үнэлж сурна.

Эдгээр бүгдийн тэргүүнд, Аврагчид итгэлтэй бай! Бүү ай! Сайн мэдээний дагуу хичээнгүйлэн амьдарснаар бид бүхэн Их Эзэн дотор хүчирхэг болдог.“Ид, уу, мөн баяс,” учир нь Бурхан “[чамайг] бяцхан нүгэл үйлдсэнийг зөвтгөнө; ... үүнд хор хөнөөл гэж үгүй..., учир нь маргааш бид үхнэ”7 гэж хэлэх Христийн эсрэг зогсогчдыг Түүний хүч чадлаар бид сөрж чадах юм. Аврагчийг үгүйсгэх хүмүүний гүн ухаан эсвэл итгэл үнэмшил болон Бурханы бүх хүүхдүүдэд зориулагдсан агуу бөгөөд аз жаргалын мөнхийн төлөвлөгөөтэй зөрчилдөх ямар ч зүйлийн эсрэг Их Эзэний хүчээр бид сөрөн зогсож чадна.

Бид тэрхүү мөнхийн төлөвлөгөөний нөхцлийг зөвшилцөх эрхгүй. Иерусалимыг хамгаалах хана босгох тушаал авсан Нехемиаг санацгаа. Зарим хүмүүс түүнийг бууж ирээд ярилцья гэхэд Нехемиа татгалзсан юм. Тэр бусдыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн байгаагүй, тэр зүгээр л “Би агуу ажил хийж байгаа бөгөөд очиж чадахгүй: ...энэ ажлыг зогсоох хэрэг юу байна?”8 гэж энгийн тайлбар өгчээ.

Заримдаа бид Бурханы жишгийг үнэнчээр дагаж, Түүний ажлыг хийснийхээ төлөө бусдын амны бай болж, тэдний доог тохууг сонсох хэрэгтэй болдог. Түүний сургаал дээр бат зогссон бол айх хэрэггүй гэдгийг би гэрчилж байна. Биднийг буруу ойлгож, шүүмжилж, тэр бүү хэл гүтгэж болох ч бид хэзээ ч ганцаардаж хоцрохгүй. Бидний Аврагч “хүмүүнээр гадуурхагдаж мөн үл тоомсорлогдсон”9 нэгэн байсан. Түүнтэй хамт зогсох нь бидний ариун нандин онцгой боломж юм шүү!

Хачирхалтай нь зарим үед баттай зогсох гэдэг нь дэлхийгээс зайлсхийх, тэр ч байтугай зугтах гэсэн утгыг илэрхийлдэг. Аврагч маань “Миний араас зайл, Сатан аа!”10 хэмээн хэлсэн. Египетийн Иосеф Потифарын эхнэрийн11 уруу таталтаас зугтсан, мөн Лихай Иерусалимыг орхиж, гэр бүлээ аглаг буйд руу авч явсан.12

Бидний өмнөх бошиглогчид өөрсдийн амьдарч байсан цаг үедээ Аврагчийн талд бат зогсож байсан гэдгийг сайн санаарай.

Нифай Сатаны цохилт болон өөрийн ах нар болох Лемен, Лемүелийн гадуурхлыг үл харгалзан Их Эзэний заавраар уран нарийн хийцийг гүйцэтгэсэн.13

Хэдийгээр бусад хүмүүс Абинадайг сэрдэж, доог тохуу хийн, үхлийн ял тулгасан ч, тэрээр Христийг гэрчилж бат зогссон билээ.14

Хиламаны 2000 залуу дайчид сайн мэдээний үнэт зүйлсийг басамжлагчдын эсрэг сөрөн зогсож өөрсдийн гэр бүлийг хамгаалсан.15

Моронай эрх чөлөөний тугийг өөрийн ард түмний гэр бүл, шашин шүтэх эрх чөлөөг хамгаалахын тулд өргөсөн.16

Самуелыг чулуу, сумаар харваж байсан ч, тэрээр хотын хэрэм дээрээс Есүсийн ирэлтийн талаар бошиглож байсан.17

Бошиглогч Иосеф Смит Аврагчийн сайн мэдээг сэргээсэн бөгөөд өөрийн гэрчлэлийг цусаараа лацадсан юм.18

Мормон анхдагчид эсэргүүцэл болон хүнд хэцүүг сөрж баттай зогсон бошиглогчийг дагаж гар тэргээ түрсээр Өрнөд рүү явж суурьшсан юм.

Эдгээр агуу үйлчлэгчид болон Бурханы гэгээнтнүүд Аврагчтай хамт байсан учраас шантралгүйгээр баттай зогсож чадсан юм. Одоо бүгдээрээ Аврагч маань хэрхэн бидэнд үлгэр жишээ үзүүлснийг авч үзье:

Есүс хөвгүүн байхдаа Өөрийн Эцэгийн үйл хэргийг итгэлтэйгээр гүйцэлдүүлэхээр ариун сүмд очин мэдлэг чадвартай хүмүүст сайн мэдээг номлож явсан.19 Өөрийн тохинууллын турш тэрээр номлож, өвчнийг эдгээн, үйлчлэл үзүүлж, мөн бусдыг өргөж, адисалснаар санваарын үйл хэргийг гүйцэлдүүлсэн юм. Шаардлагатай үед Тэрээр хилэнцтийн эсрэг аймшиггүйгээр сөрөн зогсож, ариун сүмийг хүртэл ариусгаж байсан.20 Мөн Тэрээр үргэлж өөрийн үг хэлээр эсвэл дуугүй байснаараа үнэний талд зогсож байсан. Ахлах тахилчид Каиафын өмнө түүнийг гүтгэхэд Есүс мэргэн ухаан зааж, зоригтойгоор Түүнд тулгасан худал хуурмаг зүйлсэд хариу өгөлгүй татгалзаж, Өөрийн амар тайвныг хадгалсан юм.21

Гетсеманий цэцэрлэгт Аврагч, бидний Гэтэлгэгч Цагаатгалын гашуун аягыг уухаас ухарч няцаагүй.22 Мөн Тэрээр Эцэгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд хамгийн эцэст “Гүйцэлдлээ”23 гэж хэлэх хүртлээ загалмай дээр дахин зовсон юм. Тэр эцсийг хүртэл тэвчсэн билээ. Аврагчийн бат зогсож байсан төгс дуулгавартай байдлын хариуд Тэнгэрлэг Эцэг маань Түүнийг “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун”24 хэмээн тунхагласан.

Миний хайрт ах нар аа, Аароны болон Мелкизедек санваартан бүгдээрээ, Аврагч, Есүс Христтэй хамт бат зогсож Бурханы нэрийг алдаршуулцгаая. Тэр амьд мөн бид бүхэн Түүний үйл хэрэгт оролцохоор “ариун дуудлагаар дуудагдсан”25 гэдгийг би онцгойлон гэрчилж байна. “Иймийн тул ариун газруудад зогсогтун та нар... мөн бүү шилжин нүүлгэгд”.26 Бид өөрсдийн Бурханы сургаалд дуулгавартай, бат зогссоноор ариун газруудад зогсож байгаа юм. Учир нь түүний сургаал ариун бөгөөд өнөө үеийн нийгмийн болон улс төрийн ямар ч шуурганд өөрчлөгдөхгүй хэвээр байх болно. Би төлөөлөгч Паулын тунхагласны адилаар та бүхэнд “Сэрэмжтэй бай. Итгэл дотроо баттай зогс, эр хүн шиг [бай], [мөн] Хүчтэй байгтун”27 хэмээн тунхаглаж байна. Энэ бол миний та бүхний төлөө өргөх чин сэтгэлийн залбирал, Есүс Христийн нэрээр, амен.