2010–2019
Эцэг мөн Хүү
Дөрөвдүгээр сар 2013


Эцэг мөн Хүү

Есүс Христийн сайн мэдээний гол цөм болон үүний аврах хүч нь Эцэг мөн Хүүгийн тухай зөв ойлголт юм.

Хайрт ах эгч нар аа! Өнөөдөр би энэхүү сүнслэг нөлөө бүхий ерөнхий чуулганаар та нарт хандан үг хэлж байгаадаа талархалтай байна.

Миний хувьд хамгийн ариун нандин сэдвийг ярихынхаа өмнө би үе үеийн маш олон Христэд итгэгчдэд мөн түүний дунд байсан миний өвөг дээдэс болох Франц Простестантууд, Ирланд Католик шашинтнуудын сүсэг бишрэлтэй байдалд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бурханд итгэх итгэл, сүсэг бишрэлийнхээ улмаас тэдний маш олон нь байр суурь, эд зүйлс, өөрсдийн амиа хүртэл золиослож байсан бөгөөд энэ нь тэд Бурханаа болон итгэлээ хамгаалахын тулд байлаа. 1

Хожмын үеийн гэгээнтэн мөн Христэд итгэгчдийнхээ хувьд бид мөн адил Бурхан, Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христэд итгэх хүчтэй мөн гүн гүнзгий итгэлтэй билээ. Бурханд бүхнээ зориулах нь бидний хүн нэг бүр болон бидний Бүтээгчийн хоорондох ариун хийгээд хувийн хамаарлыг үргэлж харуулдаг.

Бидний мөнх амьдралын эрэл нь Бурханы хэн болохыг ойлгон, Түүнтэй хамт амьдрахаар эргэн очих энгийн эрэл юм. Аврагч Эцэгтээ хандан залбирахдаа “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” 2хэмээжээ.

Аврагчийн Өөрийнх нь энэхүү мэдэгдлийг ойлгосноор Бурхан Эцэг болон Есүс Христийн мөн чанарын талаар хүн төрөлхтний ихэнхэд нь олон зууны туршид байсан нийтлэг ойлголт нь ариун судруудын заалтуудтай тодорхойгоор зөрчилдөж байгааг хардаг.

Есүс Христийн сайн мэдээний гол цөм болон үүний аврах хүч нь Эцэг мөн Хүүгийн тухай зөв ойлголт юм гэдгийг бид хүндэтгэлтэйгээр мэдэгдэж байна.3

Есүс Христийн сайн мэдээний хамгийн үндсэн зарчмын чухлыг 1820 онд бошиглогч Иосеф Смитэд тохиолдсон анхны үзэгдэл баталдаг. Бошиглогч бичихдээ: “Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв “Энэ бол миний Хайртай Хүү., Түүнийг сонс!4

Залуу хөвгүүн Иосефын энэхүү туршлагын дараа Бурхан үнэхээр оршдог; Эцэг мөн Түүний Хүү, Есүс Христ бол хоёр тусдаа хүмүүс; мөн хүмүүн нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн; Тэнгэрлэг Эцэг бол үнэхээр Есүс Христийн Эцэг; гэдгийг мөн Бурхан өөрийгөө хүмүүнд илчилсээр байгаа; Бурхан үргэлж бидэнтэй ойр байж, анхаарал хандуулдаг бөгөөд Тэрээр бидний залбирлуудад хариулдаг гэдгийг илчилсэн бусад олон үзэгдэл, илчлэлтүүд ирсэн юм.

Ариун судруудад Эцэг, Хүү хоёр адилхан дүр төрхтэй гэж байдаг нь үнэхээр онцгой боловч Анхны үзэгдлийн тэмдэглүүштэй үйл явдал нь ариун судруудад цэдэглэгдсэн бусад үйл явдлуудтай маш сайн нийцдэг.

Жишээ нь, Шинэ Гэрээнд бид Стефаны зовлон шаналлынхаа үед хэлсэн үгсийг ийн уншдаг: “Харагтун, Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна.”5

Патмосын арал дээр төлөөлөгч Иохан хүчит үзэгдлийнхээ үеэр “Төгс хүчит Эзэн Бурхан”6 мөн “[Өөрийн] цусаар биднийг гэтэлгэсэн” 7тэрхүү Хургыг хардаг.

Мормоны Номон дахь Эцэг мөн Хүүгийн сургаал нь Ариун Библитэй хамт аугаа гэрчлэл болон зогсдог. Мормоны Ном нь Аврагчийн Нифайчууд дээр ирсэн айлчлалыг цэдэглэдэг ба тэрхүү цэдэгт Эцэгийн дуу хоолой 2500 орчим нифайчуудад ирж, амилсан Христийг танилцуулахдаа: “Миний Хайрт Хүүг, миний ихэд таалсан түүнийг, би өөрийнхөө нэрийг алдаршуулсан түүнийг болгоогтун. Та нар түүнийг анхааран сонсогтун”8гэжээ.

Дөрвөн Сайн мэдээнд Христ нифайчуудын дундах гурав хоногийн товчхон тохинууллынхаа үед Тэрбээр Тэнгэр дэх Эцэгтээ 160 удаа ханддаг, Мормоны Номонд цэдэглэгдсэнээр Тэрээр Эцгийнхээ талаар 122 удаа дурддаг.

Жишээ нь, Матайн номонд Есүс “Намайг ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно”9 хэмээдэг.

Иоханы номонд; Тэр “Эцэгийнхээ хийдгийг Хүү нь үзэхгүй бол Хүү өөрөөсөө юуг ч хийж чадахгүй”10 хэмээн гэрчилдэг.

Мөн Лук номонд; Тэрээр “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая”11гэжээ.

Их Эзэн маань Тэнгэрлэг Эцэгтээ хандах бүртээ хамгийн дээд хүндэтгэл, номхон даруу байдалтайгаар үйлддэг.

Миний хэлэх үгсийг буруугаар ойлгохгүй байх аа гэж би найдаж байна. Есүс Христ бол агуу Жэхова, Израилын Бурхан, амлагдсан Мессиа, мөн хязгааргүй Цагаатгалыг хийсэн учраас Тэр бол бидний Аврагч мөн дэлхийн Гэтэлгэгч билээ. Түүний тухай Төлөөлөгч Паул тунхаглахдаа: “[Христ] бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ”12гэжээ.

Аврагч Цагаатгалынхаа өмнөх орой Эцэгтээ хандан бусдын төлөөх агуу залбирлаа хэлдэг. Тэрээр ийн залбирдаг:

“Би зөвхөн [өөрийн дагалдагчид болох] тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна;

“Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж Таны Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.

“Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Таны Надад өгсөн сүр жавхланг Би тэдэнд өгсөн билээ.” 13

Эцэг, Хүү хоёр тусдаа бие хүмүүс гэдэг нь тодорхой боловч Тэд хүч болон зорилгоороо төгс нэгдсэн байдаг. Тэдний нэгдэл нь зөвхөн Тэдэнд хамааралтай бус харин Тэдний зарлигуудыг үнэн сүсэг бишрэлтэйгээр дагаж, дуулгавартай байдаг бүгдийг энэхүү нэгдэлд нэгтгэхийг хүсдэг.

Бурханыг үнэн сэтгэлээсээ эрэлхийлэгч нь Эцэг мөн Хүүгийн талаар хэрхэн мэдэх боломжтой вэ? Аврагч ийн амладаг, “Харин туслагч буюу ... Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах ... болно.” 14

Мормоны Номонд, Нифай Христийн сургаалын талаар ярихдаа Ариун Сүнс нь “Эцэг мөн Хүүг гэрчилдэг”15 хэмээн тунхаглажээ.

Ариун Сүнсний хүч эсвэл нөлөө нь Бурханы хүслийн дагуу хүний шашин шүтлэгийн байдлыг үл харгалзан ямар ч хүнд мэдрэмжээр ирж болдог нь үнэн боловч Ариун Сүнсний байнгын нөхөрлөл эсвэл бэлэг нь хүнд зөвхөн “харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэйгээр”16 баптисмын болон гар тавилтаар өгөгдөх Ариун сүнсний 17 бэлгийн ёслолыг хүлээн авсны дараа ирдэг. Эдгээр болон бусад ариун ёслолууд нь зөвхөн Бурханы санваарын хүч болон удирдамжин дор хийгддэг. Энэ талаар бид ийн заалгагдсан:

“Мөн энэхүү дээд санваар нь сайн мэдээг удирдаж мөн хаант улсын нууцуудын түлхүүрийг, бүр Бурханы мэдлэгийн түлхүүрийг атгадаг болой.

“Тиймийн тул, үүний ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг.” 18

Үүгээр бид Эцэг мөн Хүүгийн сургаал бол мөнхийн гэр бүлийн сургаал юм гэдгийг ойлгодог ... Хүн төрөлхтний хүн нэг бүр тэнгэрлэг эцэг, эхтэйгээ хамт сүнсэн хүүхдүүд нь болон амьдарч байсан 19 бөгөөд Христ бол Эцэгийн тэнгэрлэг гэр бүлийн Ууган Хүү нь байв.20

Тиймээс энэ нь бид бүгдэд хамааралтай юм. Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүд.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон бошиглолын гүн гүнзгий ойлголттойгоор ийн хэлжээ “Бид хөшигний нөгөө тал руу нэвтрэн ороход бид [Тэнгэр дэх] Эцэгээ хэр сайн мэддэгээ болон Түүний царай төрх бидэнд ямар танил байгааг мэдэхээс илүү ямар ч зүйл биднийг гайхшруулахгүй.”21

Бурханы хүч болон Ариун Сүнсээр мэдсэн эдгээр зүйлсийг хүний хэлээр дамжуулах боломжгүй гэдгийг би сурсан. Энэхүү Ариун сүнсэнд бидний Мөнхийн Эцэг болон Түүний Хүү, Есүс Христийн бодит хийгээд ойр байдал, сайн сайхныг би гэрчилж байна. Есүс Христийн нэрээр, амен.