2010–2019
Залуу эрэгтэйд өгөгдсөн санваарын хүч
Дөрөвдүгээр сар 2013


Залуу эрэгтэйд өгөгдсөн санваарын хүч

Залуу эрэгтэйд өгөгдсөн санваар нь түүнийг зөв шударга байдалд ашиглах үед насанд хүрсэн эрэгтэй хүнд өгөгдсөнтэй яг адил хүчтэй.

1878 онд ээжийн минь өвөө болох Жорж Ф.Ричардс 17 настай байжээ. Тухайн үеийн нөхцөл байдлаар тэрбээр Мелкизедек санваарын ахлагчийн албан тушаалд аль хэдийнээ томилогдсон байлаа. Нэгэн ням гарагийн өглөө ээж нь хүчтэй өвдөлтөөс болж ёолон хэвтэж байв. Аав нь адислал өгөх боломжгүй байсан учраас бишоп нь хэдэн ах нартай ирж адислал өгсөн ч өвдөлт намдсангүй. Тиймээс ээж нь Жорж руу хараад түүнээс адислал өгөхийг хүсчээ. Тэрээр өдрийн тэмдэглэлдээ энэ тухай ингэж бичжээ: “Ээжийнхээ өвдөн зовж байгаагаас болоод би уйлж байсан хэдий ч урьд өмнө нь санваарын адислал өгч байгаагүй учраас би түүнд үйлчлэхийн тулд өөр өрөөнд ороод тусламж эрэн уйлж залбирлаа.”

Тэрээр тайвширсныхаа дараа ээжийнхээ толгой дээр гараа тавиад маш энгийн адислал өгчээ. Дараа нь тэр ингэж хэлжээ: “Ээж маань, намайг толгой дээр нь гараа тавиад адислал өгч дуусаагүй байхад ёолохоо больж, өвдөлтөөсөө ангижирсан.” Тэгээд Жорж тэмдэглэлдээ хамгийн гярхай ажиглалтыг бичсэн байна. Бишопыг адислахад ээж нь яагаад эдгэрээгүй вэ гэхээр Их Эзэн бишопыг хүндлээгүйдээ биш харин энэ адислалыг залуу хүнд хичээл заахын тулд үлдээсэн байж. Залуу эрэгтэйд өгөгдсөн санваар нь түүнийг зөв шударга байдалд ашиглавал насанд хүрсэн эрэгтэй хүнд өгөгдсөнтэй яг адил хүчтэй үйлчилнэ.

Энэ үдэш би тэр хүчний талаар ярих гэсэн юм. Хэдийгээр би диконуудын чуулгын ерөнхийлөгчдөд хандаж ярих ч гэсэн зарчим нь бүх Аароны санваартан өсвөр үеийнхэн болон тэдний удирдагчдад хамаатай. Мөн багш нарын чуулгын ерөнхийлөгчид болон пристүүдийн чуулгын ерөнхийлөгчийн туслахууд үүнд багтана.

Би номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа залуу эрэгтэйчүүдийн сүнслэг байдал, удирдах чадвар нь номлолынх нь турш илт нэмэгдэхийг ажигласан юм. Хэрэв бид ямар нэг байдлаар тэдний Аароны санваартай байсан хугацаа болон номлолынх нь хугацааны сүнслэг байдал, удирдах чадварын түвшинг тооцоолбол энэ нь дараах жишиг зураг дээрх шугам шиг харагдах байх (1 дүгээр дүрсийг хар). Номлолын хугацаанд гардаг огцом өсөлтөнд наад зах нь 3 хүчин зүйл нөлөөлдөг гэж би итгэдэг: (1) бид тэдэнд өмнөхөөсөө илүү; бүр итгэхийн дээдээр итгэдэг; (2) бид тэдэнд өндөр найдлага тавьдаг; (3) бид тэднийг дахин дахин сайн бэлтгэснээр тэд эдгээр итгэл найдлагыг маш сайн биелүүлдэг.

Хэн нэгэн ингэж асуух нь зүй ёсны хэрэг: “Тэгвэл яагаад дээрх зарчмууд нь диконуудын чуулгын ерөнхийлөгчдөд хэрэгжиж болохгүй гэж? Хэрэв дээрх зарчмуудыг тэдэнд хэрэгжүүлбэл тэдний сүнслэг өсөлт бүр эртнээс эхэлж, иймэрхүү харагдах боловуу (2 дугаар дүрсийг хар). Одоо би, эдгээр чанаруудыг диконуудын чуулгын ерөнхийлөгчид хэрхэн хэрэгжүүлж болох талаар ярих гэсэн юм.

Нэгдүгээрт, –итгэл. Бид диконуудын чуулгын ерөнхийлөгчиддөө агуу үүрэг хариуцлагыг итгэмжлэн даалгаж болно. Их Эзэн тэдэнд гарцаагүй итгэдэг. Үүнийг бид тэдэнд чуулгаа тэргүүлэх эрх буюу түлхүүрүүдийг өгснөөс нь харж болно. Энэхүү итгэлийн нотолгоо болгож, бид диконуудын чуулгын ерөнхийлөгчдийг хэн нь илүү туршлагатай эсвэл бусдаасаа ах гэх мэт хүчин зүйлсээр биш харин илчлэлтээр тэднийг дууддаг юм. Диконуудын чуулгын ерөнхийлөгчийг оруулаад энэ сүмийн бүх удирдагчид өөрсдийгөө илчлэлтээр дуудагдсан гэдгийг мэдэх эрхтэй; мөн мэдэх ч ёстой. Энэ баталгаа нь тэднийг Бурхан дэмжиж мөн итгэж найддаг гэдгийг мэдэхэд тусалдаг.

Хоёр болон гурав дахь чанарууд буюу өндөр найдлага болон тэдгээрийг биелүүлэх, холбогдох сургалт нь хоорондоо нарийн уялдаатай байдаг. Би номлолын талбарт нэг том сургамж авч билээ. Номлолын ерөнхийлөгчийн найдлага буюу түүний тавьдаг шаардлагын түвшинд хүрэхийн тулд номлогчдын хүчин чармайлт ерөнхийдөө ихсэх эсвэл багасдаг. Энэ нь яг л диконуудын чуулгын ерөнхийлөгчидтэй адилхан. Хэрэв тэднээс, зөвхөн чуулгын хурал хөтлөх, бишопын зөвлөлийн өсвөр насныхны хорооны хурлуудад оролцохыг л найдаж суух юм бол тэд үүнээс өөр юу ч хийхгүй. Харин удирдагч, та нар тэдэнд илүү агуу алсын хараа, Их Эзэний алсын харааг ойлгуулж чадна. Тэгвэл алсын хараа яагаад тийм чухал вэ? Учир нь алсыг харах тусам илүү их урам зориг ирдэг.

Илчлэлт хүлээн авах эрх нь энэ сүмийн дуудлага бүрийн нэг хэсэг нь байдаг. Тиймээс эдгээр диконуудын чуулгын ерөнхийлөгчид чуулгадаа хандсан илчлэлт хүлээн авах эрхтэй, зөвлөхүүддээ үүрэг даалгахын тулд илчлэлт хүлээн авах эрхтэй, түүнчлэн сүнслэг байдлын хувьд алдагдсан тэднийг аврах талаар илчлэлт хүлээн авах мөн чуулгын гишүүдийг үүргүүдэд нь сургахдаа илчлэлт хүлээн авах эрхтэй гэдгээ мэдэх шаардлагатай юм.

Ухаалаг удирдагч нь диконуудын чуулгын ерөнхийлөгчдөө илчлэлт хүлээн авахад нь тустай зарчмуудыг заана. Тэрээр Их Эзэний тодорхой амлалтыг зааж болох юм: “Хэрэв чи асуух аваас илчлэлт дээр илчлэлт хүлээн авах болно” (С ба Г 42:61). Их Эзэн илчлэлтийг маш өгөөмрөөр өгдөг. Тэрээр Иосеф Смит, Оливер Каудери хоёрт “Чи асуух тоолондоо, чи миний Сүнснээс заавар хүлээж авсан бөлгөө” (С ба Г 6:14) хэмээн сануулаагүй гэж үү? Диконуудын чуулгын ерөнхийлөгчид өө, та нарт энэ нь адилхан байж болно. Их Эзэн та нарт хайртай, мөн Тэр Өөрийн хүсэл, бодлыг та нарт илчлэхийг хүсдэг. Та нар, Их Эзэнд шийдэж чадахгүй асуудал гарч байна хэмээн төсөөлж чадах уу? Би л лав чадахгүй. Чи илчлэлт хүлээн авахаар дуудагдсан учраас хэрэв Түүний тусламжийг эрэлхийлбэл чуулгынхаа ерөнхийлөгчийн хувьд аливаа асуудлыг шийдвэрлэхэд Тэр чамд тусалж чадна.

Гайхалтай удирдагч та нар, диконуудын чуулгын ерөнхийлөгчдөө илчлэлт нь шаргуу хөдөлмөр болон гэрийн даалгавар буюу хувийн хичээл зүтгэлийг орлодоггүй гэдгийг бас зааж болно. Нэг удаа ерөнхийлөгч Хэнри Б.Аиринг ерөнхийлөгч Харолд Б.Лийгээс ингэж асуужээ: “Би хэрхэн илчлэлт хүлээн авах вэ?” Ерөнхийлөгч Лий хариуд нь: “Хэрэв чи илчлэлт хүлээн авахыг хүсвэл гэрийн даалгавраа хий”1 гэжээ. Ухаалаг удирдагч нь диконуудын чуулгын ерөнхийлөгч, зөвлөхүүддээ үүрэг даалгахаар бэлтгэхдээ хийж болох зарим сүнслэг гэрийн даалгаврын талаар ярилцаж болно. Магадгүй тэр иймэрхүү асуултууд асуух хэрэгтэй. Жишээ нь: Хэн, бусад хөвгүүдийг уриалж чадах сайн үлгэр жишээ байж болох вэ? Эсвэл хэн, хэцүү зүйлс тохиолдож байгаа хүмүүсийн хэрэгцээг илүү сайн таньж чаддаг байж болох вэ? Эсвэл хэн, ерөнхийлөгчийн зөвлөлд нэгдмэл байдлын сүнсийг авчирч болох вэ?

Тэгээд эцэст нь ухаалаг удирдагч диконуудын чуулгын ерөнхийлөгчдөө илчлэлт ирсэн үед үүнийг хэрхэн таньж, үйлдэл хийх вэ гэдгийг зааж болно. Бид өнөөдөр сатааруулах хурц гэрэл, чанга дуу чимээ нь хэвийн үзэгдэл болсон хурдан бөгөөд баясгасан үйлдлээр дүүрэн дэлхийд амьдарч байна. Харин энэ залуу эрэгтэй үүнийг дэлхийн зам бөгөөд Их Эзэний зам биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Аврагч маань, хүнгүй шахуу зэлүүд газар төрсөн. Тэрээр, бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай, юутай ч зүйрлэшгүй үйл хэргийг нам гүм цэцэрлэгт гүйцэлдүүлсэн юм; тэгээд Иосеф эзгүй төгөлд Анхны үзэгдлээ хүлээн авсан билээ. Бурханы хариултууд намуухан зөөлөн дуу хоолойгоор буюу амар амгалан, тайтгарлын мэдрэмжүүд, сайныг үйлдэх сэтгэгдэл, гэгээрлээр, заримдаа арчилж тордсоноор ургаж агуу том модод болдог бодол санааны бяцхан үр хэлбэрээр ирдэг. Заримдаа эдгээр сэтгэгдэл болон бодлууд нь бүр диконуудын чуулгын ерөнхийлөгч та бүхнийг зөвлөхийн хувиар санал гаргах эсвэл одоогоор идэвх султай байгаа залуу эрэгтэйд үүрэг даалгах зэрэг үйлдэлд хүргэж болох юм.

Олон жилийн өмнө намайг гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байх үед бид, нэгэн сайн залууг гадасны бичиг хэргийн ажилтнаар дуудах мэдрэмж хүлээн авсан юм. Хэдийгээр тэр амжилттай бизнесмен байсан ч сүмдээ тогтмол ирж чадахгүй байлаа. Гэсэн ч хэрэв тэр, дуудлагыг хүлээж авбал дуудлагаа гайхалтай сайн хийнэ гэдгийг нь бид мэдэж байсан юм.

Бид дуудлагыг санал болгосон боловч тэрээр: “Үгүй ээ, би хийж чадахгүй байх аа” гэж хариуллаа.

Тэгтэл надад нэг мэдрэмж төрлөө. Би түүнд ингэж хэлсэн юм: “За за, тэгэхээр Глэндэил гадас маань ч бичиг хэргийн ажилтангүй л байх нь дээ.”

Тэрээр цочирдсон байдалтайгаар: “Та чинь юу ярьж байна аа? Гадас заавал бичиг хэргийн ажилтантай байх ёстой шүү дээ” гэж хариулав.

Би хариуд нь: “Тэгэхээр Их Эзэн, бидэнд чамайг гадасны бичиг хэргийн ажилтнаар дууд гэсэн мэдрэмж өгөөд байхад чи биднийг одоо өөр хүн дууд гэж байгаа юм уу?” гэлээ.

“За за, би хийе” гэж тэр хариулсан юм.

Тэр үнэхээр дуудлагаа хийсэн шүү. Их Эзэнд хэрэгтэй, мөн Тэр дуудаж байгаа гэдгийг нь мэдээд дуудлагаа хүлээн авах эрэгтэйчүүд болон хөвгүүд байдаг билээ.

Дараа та нар, диконуудын чуулгын ерөнхийлөгчдөө, Их Эзэний түүнээс хүсдэг зүйлсийн нэг нь идэвх султай, гишүүн биш бүгдийг нь аврах юм гэдгийг хэлээрэй. Их Эзэн Өөрийн гол даалгавраа дараах хэлбэрээр тунхагласан юм: “Учир нь Хүний Хүү алдагдсаныг аврахаар ирсэн юм” (Матай 18:11). Хэрэв алдагдсаныг аврах нь Аврагчийн хувьд нэн чухал зүйл юм бол; мөн Ерөнхийлөгч Томас С.Монсоны хувьд нэн чухал зүйл нь юм бол; энэ нь сүмийн удирдагч бүрийн хувьд диконуудын чуулгын ерөнхийлөгч бүрийн хувьд нэн чухал зүйл байх ёсгүй гэж үү? Бидний үйлчлэлийн гол хэсгийн хувьд алдагдсаныг олоод эргүүлэн авчрах хүсэл, тэмүүлэл, тууштай шийдвэр нь манай удирдлагын гол цөм байх ёстой.

Нэгэн залуу эрэгтэй, чуулгынх нь гишүүд зочлоод явсны дараа ингэж хэлжээ: “Өнөөдөр манайд 30 хүн ирэхэд надад их гэнэтийн зүйл болсон. Би одоо сүмдээ явмаар байна.” Өсвөр үеийнхэн ийм хайр халамжийг яаж эсэргүүцэж чадах билээ дээ?

Диконуудын чуулгын ерөнхийлөгчид зорилгоо ухаараад хааяа чуулгын цуглаандаа бүх хичээлийг эсвэл хэсгийг нь зааж байгаа талаар олон түүх сонсох үед би маш их баярладаг. Хэдэн долоо хоногийн өмнө би нэг диконуудын чуулгын ангид очсон юм. 12 настай нэгэн хөвгүүн Цагаатгалын талаар 25 минутын хичээл заасан. Тэрээр Цагаатгалыг юу гэж боддог талаар бусад дикон найзуудаасаа асууснаар хичээлээ эхлэв. Тэгээд тэдний өгсөн хариултанд хэдэн холбогдох судар хуваалцаад, бодол төрүүлсэн асуулт асуулаа. Үлдсэн хичээлийн материалаас илүү хугацаа байгааг мэдээд тун ухаалгаар, магадгүй аав нь зааж өгсөн байх л даа, ангид байгаа удирдагчдаас номлолдоо Цагаатгалын талаар хүмүүс ямар асуулт асууж, тэд юу гэж хариулж байсныг тэр асуув. Би түүнийг сонсож суухдаа гайхширч хоцорсон. Тэгээд би: “Би Аароны санваартай байхдаа хэзээ ч, хичээлийн ийм чухал хэсгийг зааж байснаа санахгүй юм байна.” гэж бодсон. Бид эдгээр залуу эрэгтэйчүүдээс илүү зүйлийг хүсэн хүлээж, алсын хараа, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд тэд эргээд хариулах болно.

Удирдагчид та нар, өөрсөд дээрээ ангийн анхаарлыг хандуулахаа зогсоож эдгээр диконуудын чуулгын ерөнхийлөгчдөөр, өөрсдөөр нь удирдуулснаар тэднийг дэмжиж тусалдаг. Та нар, өөрсдөө сайхан хичээл заасан үед биш харин тэднийг сайхан хичээл заахад нь тусалсан үед та нар дуудлагаа сайн хийдэг бөгөөд та нар нэг хүнийг аврахад биш харин тэдэнд бусдыг аврахад нь тусалсан үед дуудлагаа сайн хийдэг.

Хуучны зүйр үгэнд ингэж хэлдэг: Дуу хөгжмийг өөртөө бүү хадгалаад үх.Үүнтэй адилаар би насанд хүрсэн удирдагч та нарт хандаж, удирдах ур чадвараа зөвхөн өөртөө хадгалаад дуудлагаасаа бууж болохгүй шүү гэж хэлье. Өсвөр үеийнхэндээ заах боломж гарах бүрт зааж бай; хэрхэн хөтөлбөр бэлтгэхийг, цуглааныг хэрхэн эелдэг бөгөөд жавхаатайгаар хөтлөх, хэрхэн бусдыг аврах, хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн хичээл бэлтгэж заах болон хэрхэн илчлэлт хүлээж авахыг тэдэнд зааж өг. Эдгээр залуу эрэгтэйчүүдийн хувьд, удирдлага болон сүнслэг байдал тэдний дотоод бодол, мэдрэмжийн нэг хэсэг болоход туслах нь та бүхний амжилтын хэмжүүр байх болно.

Залуу эрэгтэйд өгөгдсөн санваар нь түүнийг зөв шударгаар ашиглахад насанд хүрсэн эрэгтэй хүнд өгөгдсөнтэй яг адил хүчтэй учраас, хэрэв диконуудын чуулгын ерөнхийлөгч та нар дуудлагаа илүү хичээнгүйлэн хийвэл та бүхэн одоо ч гэсэн Бурханы мутар дахь зэмсэг байх болно. Тэгээд та нар ариун сүмд гэрээнүүд хийж, номлогч болж, ирээдүйн сүмийн удирдагчид болох үед та бүхэн, хэрхэн илчлэлт хүлээн авах, хэрхэн бусдыг аврах, хэрхэн хаант улсын сургаалыг хүч мөн эрх мэдэлтэйгээр заахаа мэдэх болно. Улмаар та бүхэн нэр төртэй Ууган хүүгийн эрх бүхий өсвөр үеийнхэн болох болно. Би энэ бүгдийг, бидний үнэнхүү Аврагч, дэлхийн Гэтэлгэгч, Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эшлэлүүд

  1. Хэнри Б.Айринг, “Waiting upon the Lord” (БЯИС онцгой цугларалт ба Галын дэргэдэх дээрх захиасууд 1991), speeches.byu.edu.