2010–2019
Аврагч өршөөхийг хүсдэг
Дөрөвдүгээр сар 2013


Аврагч өршөөхийг хүсдэг

Их Эзэн бидэнд хайртай бөгөөд биднийг өршөөх Түүний хүслийг нь ойлгоосой хэмээн хүсдэг.

Аврагчийн мөнх бус дэлхий дээрх тохинууллын үед “Иерусалим, Иудей, Галилын бүх тосгодоос”1 Фарисайчууд болон хуулийн багш нар Түүнийг дагацгаасан юм. Хэвтэрт орсон, саа өвчтэй нэгэн эр эдгэрэхийг хүсэн олон хүн цугласан газар авчрагдсан боловч Аврагч руу ойртох боломжгүй байлаа. Найз нар нь түүнийг өргөж Аврагчийн байсан байшингийн дээврээр оруулав. Аврагчийг сонсож буй хүмүүсээс ийм агуу зорилготой, итгэлтэй үйлдэл өмнө нь хараагүй тул Аврагч, “Анд минь, нүгэл чинь уучлагдсан”2 хэмээн хэлжээ.

Энэ нь мэдээж өнөө эрд гэнэтийн зүйл болсон байх хэдий ч судрууд дээр түүний хариу үйлдлийн талаар дурдаагүй байдаг юм. Аврагч түүний яагаад ирснийг үнэхээр ойлгосон эсэхэд тэр гайхаж байсан байх.

Өөрийнх нь хийсэн агуу гайхамшгуудийн учир олон хүн Түүнийг дагаж байгааг Аврагч мэдэж байсан. Тэрээр хэдийнээ усыг дарс болгож,3 муу ёрын сүнснүүдийг зайлуулж,4 язгууртны хүү,5 уяман өвтэй хүн,6 Петрийн хадам эх7 болон бусад олон хүмүүсийг8 эдгээсэн.

Харин энэ саа өвчтэй эрийг Их Эзэн дэлхийн Аврагчийн хувиар Түүний ер бусын онцгой үүргийг дагалдагч болон эсэргүүцэгчдийн аль алинд нь нотолгоо болгон үзүүлэхээр сонгосон юм. Аврагчийн үгсийг сонсож байсан хуулийн багш нар болон Фарисайчууд гагцхүү Бурхан л нүглийг өршөөж чадна хэмээн Түүнийг доромжлон ярьж өөр хоорондоо учирлаж эхлэв. Аврагч тэдний бодлыг мэдээд тэдэнд хандаж ийн хэлжээ:

“Та нар яагаад ингэж бодов?

“‘Нүгэл чинь уучлагдлаа’ гэж хэлэх, эсвэл ‘Босоод алх’ гэж хэлэхийн аль нь амархан бэ?” 9

Тэдний хариултыг хүлээлгүйгээр Аврагч үргэлжлүүлэн: “Харин Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд [гээд саа өвчтэй хүнд] Би чамд хэлж байна. Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэв.”10 Өнөө хүн ч хэлснээр нь хийжээ!

Энэхүү гайхамшигт эдгээлтээр дамжуулан Аврагч бид бүгдэд Хүний Хүү нүглүүдийг өршөөдөг! гэсэн хамаагүй илүү хүчирхэг сүнслэг үнэнийг баталж өгсөн юм.

Бүх итгэгчид энэхүү үнэнийг хүлээн зөвшөөрсөн ч Аврагч зөвхөн Эцсийн Шүүлт дээр бус “дэлхий дээр” нүглүүдийг өршөөдөг гэсэн энэхүү чухал дагалдах үнэнийг тийм ч амар хүлээн зөвшөөрдөггүй юм. Тэрээр биднийг нүглүүдэд маань өршөөдөггүй.11 Тэрээр биднийг өмнөх нүглүүдээ дахин үйлдэхийг өөгшүүлдэггүй.12 Харин биднийг наманчилж Түүний сайн мэдээг дагах үед Тэрээр биднийг өршөөдөг.13

Түүний энэ өршөөлөөс бид Цагаатгалын авралын мөн гэтэлгэлийн хүч энэрэнгүйгээр мөн зохицолтойгоор хэрэгжиж байгааг харж байна. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр Түүний Цагаатгалын авралын хүч нь хэрэгтэй үед14 биднийг хүчирхэгжүүлдэг ба бид “эгэл хүмүүнээ орхисноор”15 Түүний гэтэлгэлийн хүч биднийг цэвэр ариун болгодог. Энэ нь ялангуяа, зуршил болсон сул талаа аврах болон туслах Аврагчийн хүслээс гадуур гэж боддог бүх хүмүүст найдвар авчирдаг.

Бидний ойлголтыг тэлэх боломжийг Аврагчид олгон16 Петр нэгэн удаа өөрийн ах дүүгээ хичнээн удаа өршөөх талаар мэдэхийг хүсч, “Долоон удаа юу?” гэж асуужээ. Мэдээж энэ нь хэрээс хэтэрсэн хэрэг байсан. Гэвч Аврагчийн хариулт нь Түүний нигүүлсэнгүй сэтгэлийг ойлгох замыг бидэнд нээж өгсөн юм: “Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье”17 гэжээ.

Их Эзэн бидэнд хайртай бөгөөд биднийг өршөөх Түүний хүслийг нь ойлгоосой хэмээн хүсдэг. Их Эзэн Сургаал ба Гэрээнд 20 гаруй удаа “Нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой” эсвэл өөр төстэй үгсийг18 Өөрийн ярьж байсан хүмүүст хэлсэн байдаг. Тэдгээрийн бараг тал хувьд нь Их Эзэний үгс Бошиглогч Иосеф Смитэд шууд хандсан, заримдаа бусад хүмүүстэй хамтад нь, зарим үед зөвхөн түүнд хандсан байдаг.19 Эдгээрийн анхных нь 1830 онд, харин сүүлчийнх нь 1843 онд бичигдсэн байна. Тэгэхээр энэ олон жилийн хугацаанд Их Эзэн Иосефт хандан, “Нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой” хэмээн давтан хэлж байжээ.

Хэдийгээр Иосеф “аливаа их, эсвээс хор хөнөөлтэй нүгэл”20 үйлдэж байгаагүй ч Их Эзэний “дал дахин долоон удаа” гэдэг үг нь маш цөөн онцгой тохиолдлоос бусад нөхцөлд өршөөлийг тухайн нүглийн хэр ноцтойгоос хамааран тоогоор хязгаарладаггүй гэдгийг бид санах хэрэгтэй.

Көртландад цугласан ахлагчдад хандан, Их Эзэн “дэлхийг та нар дийлэх ёстой хэмээн би хүсдэг; иймийн тул Би та нарт өрөвч сэтгэлээр хандана”21 гэжээ. Их Эзэн бидний сул дорой болон “дэлхийн” мөнхийн үр дагавар нь төгс бус эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дээр оршдог гэдгийг мэддэг.22 Энэ судрын хэсэг дээрх иймийн тул гэдэг үг нь зөвхөн Түүний өрөвч сэтгэлийн ариун журмаар л бид эцсийн бүлэгтээ “дэлхийг ялан дийлж болох юм” гэдгийг баталж байгаа юм. Тэрээр өрөвч сэтгэлийг хэрхэн үзүүлсэн бэ? Көртландад цугласан тэдгээр ахлагчдад Тэрээр “та нарт нүглүүдийг чинь өршөөсөн билээ би”23 гэж хэлсэн байдаг. Аврагч өршөөхийг хүсдэг.

Хэн ч гэсэн энэ өршөөл нь нүглээ наманчлахгүйгээр ирнэ гэж санах хэрэггүй. Үнэхээр Их Эзэн тунхаглахдаа “Нүглүүдээ миний өмнө хүлээж мөн өршөөлийг хүсдэг тэдэнд Их Эзэн бибээр нүглүүдийг нь өршөөдөг билээ” гээд анхааруулга болгож “үхэлд хүргэх нүгэл үйлдээгүй тэдэнд”24 хэмээн тодотгосон байдаг. Хэдийгээр Их Эзэн “нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй”25 ч Тэрээр зарим нүглийг хэр ноцтой байдлаас нь хамааран ялгаж авч үздэг. Тэрээр “Ариун Сүнсний эсрэг доромжлолд”26 өршөөл байхгүй хэмээн хэлдэг билээ. Тэрээр хүний амь хөнөөх27 болон завхайрал зэрэг бэлгийн харьцааны гэм нүглийг ноцтой гэм нүгэл хэмээн онцолдог.28 Бэлгийн харьцааны ноцтой нүглийг дахин үйлдсэнээс болж Түүний өршөөлийг хүлээн авахад маш хүнд байх болно гэдгийг Тэрээр бидэнд мөн мэдүүлсэн.29 Мөн Тэрээр “агуу гэрлийн эсрэг нүгэл үйлддэг тэрээр илүү агуу буруушаалтыг хүлээж авах болно”30 хэмээн хэлсэн байдаг. Гэсэн хэдий ч Өөрийн нигүүлсэлд, Тэрээр шууд төгс төгөлдөр болохыг шаардахаас илүүтэйгээр аажмаар өсч хөгжих боломжийг бидэнд олгодог юм. Хэдийгээр мөнх бус байдал дахь сул дорой байдлын улмаас олон нүгэл үйлдсэн ч биднийг Түүнээс өршөөл эрэн нүглээ наманчлах тусам Тэрээр биднийг дахин дахин уучилж, өршөөсөөр л байдаг.31

Ийм учраас Их Эзэн бидний зөв шударга хүчин чармайлтыг ойлгож, наманчлал бүрэн гүйцэд болсон цагт “дал дахин долоон удаа” хайраар өршөөх болно гэдгийг бид бүхэн мэдэж болно. Үүнд мансууруулах бодис, порнограф зэрэг донтуулагч зуршлаасаа салах гэж зүдэрч яваа хүмүүс болон тэдэнтэй ойр байдаг хүмүүс багтана. Гэхдээ энэ нь хэн нэгэн нүглийнхээ үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй үлдэнэ гэсэн үг биш юм.32

Их Эзэн үргэлж бидний зүрх сэтгэлийг33 хардаг ба үндэслэлтэй хуурамч итгэл нь нүглийг зөвтгөдөггүй.34 Энэ эрин үед Их Эзэн нэгэн үйлчлэгчдээ иймэрхүү үндэслэлийн эсрэг анхааруулан ингэж хэлжээ: “николайчуудын бүлэглэлээс, мөн тэдний бүхий л нууц жигшүүрт хэргүүдээс ичиг.”35 Николайчууд нь Их Эзэний ач ивээлийн ариун журмаар бэлгийн харьцааны нүгэл үйлдэх нь зөвшөөрөгдсөн гэж үздэг эртний шашны бүлэг байсан юм.36 Энэ нь Их Эзэний таалалд нийцэхгүй.37 “[Бидний] зүрх сэтгэл үл ханан... [мөн бид] үнэнийг дуулгавартай дагах нь үгүй, харин зөв шударга бус байдалд баяр хөөртэй байдаг бол Түүний өрөвч сэтгэл, ач ивээл биднийг өршөөхгүй.”38 Харин үүний оронд, бидний хийж чадах бүхний дараа39 Түүний өрөвч сэтгэл, ач ивээлийн тусламжтайгаар “цаг хугацааны явцад”40 бид Цагаатгалын авралын хүчээр дамжуулан дэлхийг ялан дийлдэг юм. Биднийг энэхүү үнэт бэлгийг даруухнаар эрэлхийлэх үед “[бидний] сул дорой зүйлсийг хүчирхэг болгож,”41Түүний хүчээр, хэзээ ч ганцаараа хийж чадахгүй зүйлсээ бид хийж чадахаар болгогддог.

Их Эзэн бидний хүлээн авсан гэрэл,42 зүрх сэтгэлийн хүслүүд43 хийгээд үйлдлүүдийг44 маань хардаг бөгөөд биднийг наманчилж, Түүнээс өршөөл эрэлхийлэх үед Тэрээр өршөөдөг юм. Бид өөрсдийн болон найз нөхөд, хайртай мөн таньдаг хүмүүсийнхээ амьдралыг бодож үзэх үедээ бид бүгд өөрсдийгөө болон бусдыг адил тэгш уучлах хүсэлтэй байх хэрэгтэй.45

Миний Сайн Мэдээг Номло ном донтуулагч зуршлаа даван туулахад тулгардаг бэрхшээлүүдийн талаар өгүүлдэг бөгөөд хэрэв сонирхогч эсвэл шинэ гишүүд нь тиймэрхүү асуудлуудаасаа салж чадахгүй байвал “гайхан цочирдож, урам хугарахгүй” байхыг санваарын удирдагч, гишүүдэд уриалсан байдаг. Харин бид “шүүмжлэлтэй хандах бус харин хувь хүнд итгэж байгаа гэдгээ үзүүлж..., энэ нь ойлгож болохуйц, түр зуурын саад гэж [хандахыг]”46 бидэнд зөвлөдөг билээ. Зөв шударга байдлын замаасаа түр хазайж, иймэрхүү төрлийн асуудал бэрхшээлтэй тулгаран, яах учраа олохгүй байгаа гэр бүлийн гишүүд эсвэл үр хүүхдүүдээ бид үүнээс дутуу хайрлаж болно гэж үү? Мэдээж хэрэг, тэд бидний найдвар, тэсвэр тэвчээр, хайр –тийм ээ бидний уучлалыг хүртэх эрхтэй.

Өнгөрсөн 10-р сарын ерөнхий чуулган дээр Ерөнхийлөгч Монсон дараах зөвлөгөөг өгсөн юм:

“Хүмүүс өөрчлөгдөж чадна гэдгийг бид оюун санаандаа ямагт санаж байх хэрэгтэй. Тэд өөрсдийн муу зуршлаа орхиж чадна. Тэд өөрсдийн гэм нүглээ наманчилж чадна...

“...Бид дутагдлаа засахад нь тэдэнд тусалж чадна. Бид хүмүүсийг одоо ямар байгаагаар нь биш харин ирээдүйд ямар болж болох вэ гэдгээр нь харах чадвараа хөгжүүлэх ёстой.”47

Энэ чуулгантай төстэй Сүмийн эхэн үеийн нэгэн чуулган дээр, Их Эзэн гишүүдэд хандан ийн хэлжээ:

“Үнэнээр би та нарт хэлнэ, цэвэр ариун болой та нар, гэвч бүгдээрээ биш.

“Учир нь бүх махбод миний өмнө ялзарчээ.

“....учир нь үнэхээр та нарын зарим нь миний өмнө гэмтэй бөлгөө, гэвч та нарын сул дорой байдалд би нигүүлсэнгүй байх болно.”48

Түүний сургаал нь өнөөдөр ч адил хэвээр байна.

Бидний Тэнгэрлэг Эцэг бидэнд тулгарч буй зүйлсийг болон бид бүгдийг дахин дахин нүгэл үйлдэж, “Бурханы алдарт хүрдэггүй”49 гэдгийг мэддэг. Тэрээр “хүмүүний сул талыг хийгээд уруу татагдсан тэдэнд хэрхэн туслахыг мэддэг Өөрийн Хүүгээ илгээсэн.”50 Түүний Хүү бидэнд ийнхүү заасан: “уруу таталтанд орохгүйн тулд ямагт залбир”51, “нигүүлслийн тулд Бурханаас гуйцгаа, учир нь тэр аврах хүчтэй билээ.”52 Аврагч биднийг нүглээ наманчилж,”53 бусдыг уучил54 хэмээн тушаадаг. Хэдийгээр нүглээ наманчлах нь амаргүй ч гэлээ бид Түүний сайн мэдээг бүх зүрх сэтгэлээрээ дагахаар чармайхад Тэрээр бидэнд дараах амлалтыг өгдөг: “Үнэнээр би та нарт хэлж байна, [та нарын] нүглүүдийг үл харгалзан, миний дотор [та нарыг] өрөвдөх сэтгэлээр дүүрдэг билээ. Би [та нарыг] ерөөсөө зайлуулахгүй байх болно; мөн хилэгнэлийн өдөр бибээр нигүүлслийг санах болно.”55 Аврагч өршөөхийг хүсдэг.

Долоо хоног бүр Мормон Табернеклын Найрал дуучид сүнслэгээр урамшуулсан үгстэй Виллъям В.Фелпсийн “Ариун чанарыг минь намуухан өргөөч” хэмээх сүмийн дууллаар нэвтрүүлгээ эхэлдэг. Уг дууллын дөрөвдүгээр бадгийн үгс биднийг тайтгаруулдаг юм.

Ариун, ариун тэрээр Их Эзэн билээ

Түүний үг эрхэм нандин билээ: ...

Нүглээ наманчилж, амьдар;

Нүглүүд чинь час улаан байсан ч,

Өө, тэгвэл нүглээ наманчил, тэр таныг өршөөх болно.56

Би та бүхнийг Их Эзэний үгсийг санаж тэдгээрт итгэж, Түүнд наманчлалд хүргэх итгэлийг бодитой болгоосой хэмээн урьж байна.57 Аврагч танд хайртай. Тэрээр өршөөхийг хүсдэг. Би Есүс Христийн ариун нэрээр ийн гэрчилж байна, амен.