2010–2019
Бидний хэлдэг үгс
Дөрөвдүгээр сар 2013


Бидний хэлдэг үгс

Хүүхдүүдтэйгээ ярьж байгаа бидний хандлага болон хэрэглэдэг үгс маань тэднийг зоригжуулж, урамшуулан, итгэлийг нь хүчирхэгжүүлж чадна.

Нэгэн залуухан аав саяхан хоёрдугаар ангийнх нь гайхалтай багшийгаа өнгөрснийг мэджээ. Тэрээр багшаа дурсаж ийн бичжээ: “Түүний талаар миний санаж байгаа бүх мэдрэмж, туршлагуудаас хамгийн тод томруун сэтгэлд минь үлдсэн нь ‘тайтгарал’ байлаа. Тэр надад зөв бичиг, хэлзүйн дүрэм, математик заасан байж болох ч түүний надад заасан зүйлүүдээс хамгийн чухал нь хүүхэд насаа хайрлах явдал байсан юм. Түүний заримдаа хичээл дээр алдаатай бичих нь байж болох асуудал байлаа. ‘Бид үүн дээр ажиллах болно’ гэж тэр хэлдэг байж билээ. Бид юм асгаж, урж тасдаж, эсвэл заваартуулж бохирдуулах нь ч бас асуудал биш байв. ‘Бид үүнийг засаж, цэвэрлэж болно шүү дээ’ гэж тэр хариулдаг байсан. Мөн бид хичээнгүйлэн оролдож, өөрсдийгөө сорьж, мөрөөдөж, зөвхөн хүүхдүүд л олж хараад сэтгэл нь хөдөлдөг өчүүхэн тэдгээр зүйлүүдэд баясаж, зугаацан тоглох нь асуудал биш байв.

Дэлхий дээр бидний хамгийн их нөлөөлж зүйлүүдийн нэг бол хүүхэд юм. Хүүхдийн итгэл үнэмшил болон өөрийгөө үнэлэх үнэлэмж нь тэдний амьдралын эхэн үед бий болдог. Миний хэлэхийг сонсож байгаа хүн бүр өөрсдийнхөө хэлдэг үгсээр дамжуулан хүүхдийнхээ өөртөө итгэлтэй байдлыг болон Тэнгэрлэг Эцэг мөн Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлж чадах хүч чадалтай билээ.

Хиламан 5-р бүлгээс бид “мөн эдүгээ хөвгүүд минь, санагтун, Бурханы Хүү, Христ болох, Гэтэлгэгчийн маань хадан дээр та нар сууриа тавих ёстойг санагтун”1 хэмээн уншдаг билээ.

Хиламаны хөвгүүддээ заасан тэр үгс нь эдгээр байсан болой. Бид үргэлжлүүлэн ийнхүү уншдаг: “Тэд түүний үгсийг санаж; ...Бурханы үгийг бүх хүмүүсийн дунд заахаар одсон.”2

Хэдийгээр Хиламаны хөвгүүд хавчигдаж, шоронд хаягдсан ч тэдний сонссон тэдгээр үгс хэзээ ч тэднийг зогсоогоогүй билээ. Тэд хамгаалагдаж, галан баганаар хүрээлэгдсэн. Дараа нь дуу хоолой тэднийг олзлогчид дээр ирж ийн өгүүлсэн:

“Наманчлагтун та нар, миний та нарт илгээсэн тэр зарц нарыг минь устгахыг цаашид бүү эрэлхийлэгтүн…

“…Энэ нь аянгын дуу бус, бас агуу их хөл үймээний нүргээнт чимээ бус гэдгийг болгоож, гэвч болгоогтун, энэ нь шивнээн байсан мэт төгс зөөлөн дуу хоолой байж, мөн энэ нь сэтгэлийн угт хүртэл нэвтрэх ажгуу.”3

Бид энэ тэнгэрээс ирсэн дуу хоолойноос сурч болно. Энэ нь чанга, хахир хатуу, доргиосон дуу хоолой биш байсан. Энэ бол итгэл найдвар өгөхийн сацуу баттай чиглүүлэлт өгсөн төгс зөөлөн дуу хоолой байсан юм.

Хүүхдүүдтэйгээ ярьж байгаа бидний хандлага болон бидний хэрэглэдэг үгс нь тэднийг зоригжуулж, урамшуулан Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих зам дээрээ үлдэхэд тэдний итгэлийг хүчирхэгжүүлж чадна. Тэд энэ дэлхий дээр сонсоход бэлэн ирдэг.

Хүүхэд хэрхэн сонсдог талаар нэгэн явдал бөс барааны дэлгүүрт болсон юм. Худалдан авагчдын хөлд дарагдсан, дүүрэн хүнтэй дэлгүүр дотор нэгэн эх бяцхан хүүгээ алга болсныг мэдээд сандарч байгааг хүн бүр олж харав. Эхлээд тэр хүүгээ нэрээр нь дуудаж байв. Тэрээр дэлгүүрийн дундуур хурдан алхалж “Коннор” хэмээн дуудаж байлаа. Хүүгээ олж чадахгүй удах тусам, дуу нь улам чангарч, бүр галзуу мэт орилж байв. Удалгүй дэлгүүрийн хамгаалалтын ажилчдад мэдэгдэж, дэлгүүр дотор байсан хүн бүр хүүг хайхад оролцов. Түүнийг олж чадалгүй хэдэн минут өнгөрлөө. Коннорын ээж цаг өнгөрөх тусам галзуурах шахам, хашгирч түүнийг нэрээр нь дахин дахин дуудаж байлаа.

Нэгэн үйлчлүүлэгч дотроо чимээгүйхэн залбирсныхаа дараа Коннор хүү ээж нь нэрийг нь чангаар хашгирахыг сонсоод айснаасаа болоод гарч ирэхгүй байж магадгүй гэсэн бодол түүнд орж иржээ. Тэр энэ талаар хүүг хамт хайлцаж байсан нөгөө эмэгтэйд хэлээд тэд маш хурдан нэг төлөвлөгөө гаргав. Тэд хамтдаа даавуутай лангуунуудын дундуур явж “Коннор, хэрвээ чи миний дууг сонсож байгаа бол ‘Би энд байна’ гэж хэлээрэй” хэмээн зөөлөн давтаж хэлсээр явав. Тэднийг энэ үгсээ давтсаар дэлгүүрийн хойд хэсэгт ирэх үед “Би энд байна” хэмээх айсан, зөөлөн дуу гарахыг тэд сонсжээ. Коннор лангууны дор байсан боодолтой даавуунуудын дунд нуугдаж байсан аж. Коннорыг хариулахад зоригжуулсан зүйл бол энэхүү төгс зөөлөн дуу хоолой байв.

Хүүхдийнхээ хэрэгцээг мэдэхийн тулд залбир.

Хүүхдийнхээ зүрх сэтгэлд нь хүрч ярихын тулд бид хүүхдийнхээ хэрэгцээг мэдэх хэрэгтэй. Хэрэв бид эдгээр хэрэгцээг мэдэхийн төлөө залбирвал, бидний хэлэх үгсэд тэдний зүрх сэтгэлд нөлөөлөх хүч байх болно. Бид Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх үед бидний хүчин чармайлтууд улам нэмэгдэн өсөх болно. Их Эзэн хэлэхдээ:

“Зүрх сэтгэлд тань миний тавих бодлуудыг яригтун, …

“Учир нь тийм ээ, та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно.”4

Бүх зүйлүүдээ унтраа, тэгээд хайраар сонс

Харамсалтай нь дэлхий дээрх бидний анхаарлыг сарниулдаг олон зүйл нь хүүхдүүдийн үзэл бодолд нөлөөлдөг урамшуулсан үгсийг сонсох боломжийг олгохгүй байна.

Лос Анжелес хот дахь Калифорнийн Их Сургуулийн “Эрүүл хүүхэд, гэр бүл, харилцаа төв“-ийн захирал, доктор Нийл Халфон “Эцэг эхчүүд хүүхдүүддээ хайнга хандаж байгаа” талаар судалгаа хийжээ. 18 сартай хүүхэдтэй нэгэн эцэг эхийн жишээг харъя:

“’Тэдний хүү нь аз жаргалтай, хөдөлгөөнтэй, идэвхтэй нэгэн бөгөөд эцэг эхтэйгээ пицца идэж цагаа сайхан өнгөрөөж байгаа нь илт байлаа.... Оройн хоолоо идэж дуусаад ээж нь юманд явах хэрэгтэй болж аавд нь хүүхдээ орхиод гадагш явав.

“Аав нь утасныхаа мессежийг уншиж эхлэхэд хүү нь пиццаныхаа үлдэгдлийг аав руугаа шидэн түүний анхаарлыг татах гэж оролдов. Тэр үед аав нь хүүдээ анхаарлаа хандуулж ба хүүтэйгээ тоглож эхэлжээ Удалгүй тэр эхнэрээ иртэл хүүхэдтэйгээ тоглохын оронд хамтдаа утсан дээрх видео киногоо үзэхээр шийдэв.

“...хүүхэд сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй болж байгааг болон эцэг эх, хүүхдийн хоорондын харилцаа багасч байгааг Халфон эмч ажиглажээ.”5

Хүүхдүүдийнхээ хэрэгцээг олж мэдэх бидний залбирлын хариулт нь электрон хэрэгсэл ашиглахаа багасгах явдал байж болох юм. Бидний хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо тогтоож, харилцан ярилцах боломжийг олгодог үнэт цаг хугацаа маань биднийг анхаарлаа сарниулагч зүйлүүдэд хандуулах үед алдагддаг. Бид яагаад өдөр бүр тодорхой хугацаанд электрон хэрэгслүүдээ унтрааж, нэг нэгэнтэйгээ харилцах цаг гаргаж болохгүй гэж? Зүгээр л бүх электрон хэрэгслүүдээ унтраачих. Таныг ингэх үед эхэндээ гэр тань нам гүм болсон мэт санагдаж магадгүй. Та юу хийж, юу хэлэх хэрэгтэйгээ мэдэхгүй байгаа мэт санагдаж болно. Дараа нь та хүүхдүүддээ анхаарлаа бүрэн хандуулсны дараа, харилцан яриа эхлэх бөгөөд та нар бие биенээ сонсож байгаа чинь таалагдах болно.

Хүүхдүүдээ ятгахын тулд бич

Бид хүүхдүүддээ хандан хэлэх үгсээ бичсэнээр тэдэнд нөлөөлж чадна. Нифай ийн бичжээ, “Бид Христэд итгэж, мөн Бурханд нийцсэн байхыг хүүхдүүддээ... ятгахын тулд бичихээр хичээнгүйлэн хөдөлмөрлөв.”6

Ерөнхийлөгч Томас С.Монсон 1960-аад онд хойд Вьетнамын дээгүүр нисч байгаад буудуулан баривчлагдсан цэргийн нисгэгч Жэй Хэссийн түүхийг бидэнтэй хуваалцсан юм: “2 жилийн турш түүний гэр бүлийнхэн түүний амьд эсэхийг мэдэхгүй байв. Ханойд түүнийг олзолсон цэргүүд сүүлдээ түүнд гэрийнхэндээ захидал бичихийг зөвшөөрсөн боловч захиагаа 25 үгэнд багтаах ёстой хэмээн хэлжээ. “Хэрэв та бид нар ийм нөхцөл байдалд орсон бол гэр бүлийнхэндээ юу гэж хэлэх байсан бол? Мөн тэднийгээ 2-оос олон жил хараагүй байх үедээ эсвэл тэднийг дахин харж чадах эсэхээ мэдэхгүй болсон үед юу бичих байсан бэ? гэж Ерөнхийлөгч Монсон асуусан. Түүнээс ирсэн гэж танигдах ямар нэгэн зүйлийг бичих хүсэл нь түүнд гэр бүлдээ энэ үнэтэй зөвлөгөөг өгөхөд хүргэжээ. Хэсс ах дараах зүйлийг бичжээ: ‘Эдгээр зүйлс нь тун чухал юм. Ариун Сүмийн гэрлэлт, номлол, коллеж. Үргэлжлүүл, зорилго тавь, түүхээ бич, жилд 2 удаа зургаа авахуул.’”7

Хэрэв та 25 буюу үүнээс бага үгэнд багтаан бичих шаардлага гарвал хүүхдүүддээ хандан юу гэж бичих байсан бэ?

Ярианыхаа эхэнд миний дурдсан, 2-р ангийнхаа багшийн талаар дурсамжийн номондоо бичсэн, тэр залуухан аав одоо өөрөө хөөрхөн охиноо өсгөж байна. Тэрээр түүнд олгогдсон тэнгэрлэг итгэл найдварыг мэдэрдэг. Түүний охин өсч том болох үед түүний ирээдүй ямар байх бол? Тэр охиныхоо зүрх сэтгэлд нь хоногшихоор юу гэж хэлэх бол? Ямар үгс түүнийг зоригжуулж, түүнийг өргөж, түүнийг зам дээрээ үлдэхэд нь туслах бол? Хэрэв аав нь түүнд “Чи Бурханы хүүхэд” гэдгийг хэлэх цаг үргэлж гаргадаг бол энэ нь охины амьдралд өөрчлөлт гаргаж чадах уу? Тэр охин хэзээ нэгэн өдөр аавынхаа хэлдэг байсан “Би чамд хамаатай бүх зүйлд хайртай” гэсэн үгсийг санах болов уу?

Энэ нь Тэнгэрлэг Эцэг Хүүдээ болон бид бүгдэд “Энэ бол миний хайрт Хүү, Түүнд миний таалал оршдог”8 хэмээн хэлж байсан тэр зүйл биш гэж үү?

Бидний хүүхдүүддээ хэлдэг болон бичдэг үгс нь бидний Тэнгэрлэг Эцэгийн Түүний Хүү, Есүс Христ болон бидэнд зориулсан хайрыг илэрхийлэх болтугай. Энэ хайрын хариулт болгож агуу хийгээд гайхамшигт зүйлүүдийг бидэнд хандан ярих хүүхдүүдээ сонсохын тулд бид цаг гаргадаг байх болтугай. Есүс Христийн нэр дээр хэллээ, амен