Миний мэддэг зүйлс

Ерөнхийлөгч Боид К.Паикр

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч


Уншсан, заасан, сурсан зүйлээсээ миний санал болгох хэрэгтэй хамгийн үнэ цэнэ бүхий ариун нандин үнэн бол Есүс Христийн талаарх онцгой гэрчлэл билээ.

Арванхоёрын Чуулгын туслахаар 9 жил үйлчлээд 1992 онд 68 нас хүрснээсээ хойш би Арванхоёрын Чуулгын гишүүнээр хорин хоёр жил үйлчилсэн билээ. Тэр үед би “Дуусаагүй зохиол” гэсэн нэгэн зохиол бичихээр өдөөгдсөн юм. Уг зохиол ингэж эхэлдэг:

Хэд хоногийн өмнө нэг орой надад нэгэн бодол төрсөн юм.
Гүн болоод гүнзгий бодол байсан.
Би хэт ядарсан байлаа.
Ядарч сульдсан үед минь тэр бодол ирлээ.
Маш завгүй өдөр байлаа.
Төөрөг тавилангаа тунгаан бодлоо.
Тэрхүү бодол нь ийм байлаа:
Би залуу байхдаа 68-тай байгаагүй юм шүү.
Доголж хазганахгүйгээр явдаг байлаа.
Мөр минь өвддөггүй байлаа.
Өгүүлбэрийг хоёр удаа уншаад
Цээжээр хэлдэг байлаа.
Зогсолтгүйгээр удаан ажиллаж чаддаг байлаа.
Аливаад бараг амсхийдэггүй байлаа.
Одоо хийж чаддаггүй зүйлсээ
Тун хялбар хийдэг байж билээ.
Хэрэв тэр үед буцаад очиж чаддагсан бол
Би тэгж сонгож чаддаг байсан бол
Энэ насаа залуу насаар солихгүй байх байсан
Тэгвэл би хэчнээн ихийг алдах билээ
Одоо би урагш зүтгэхдээ сэтгэл хангалуун байна
Хэчнээн гайхалтай байсан ч гэсэн залуу насаа орхиход сэтгэл минь дүүрэн байна.
Хэрвээ би буцаж явбал миний алдах зүйл гэвэл
Миний ойлголт мэдлэг юм.

10 жилийн дараа би дахиад хэдэн мөр энэхүү шүлэгтээ нэмэхээр шийдсэн:

10 жил асар хурдан өнгөрч,
Олон ч өвчинг үзэж өнгөрүүлэв.
Төмөр сүүж хазганахыг минь зогсоож
Дахин цэх шулуун алхдаг болов.
Өөр нэгэн төмөр ялтас хүзүүний минь ясыг барьж тогтоодог нь
Хүмүүний хэчнээн гайхалтай бүтээл билээ.
Саа өвчинг минь илааршуулснаар
Гөжүүд үеийнхний эгнээнд нэгдэв.
Насан өндөр болж буйн шинж илэрнэ.
Эдгээр зүйлс маань дахин сайжрахгүй биз ээ.
Харин миний дотор өсч нэмэгдэх ганц зүйл бол
Миний энэ мартамхай зан болжээ.
Чи надаас “Би чамайг мэдэх билүү?” гэж асууна
Мэдээж, чи бараг хэвээрээ л байгаа шүү дээ
Хэрвээ би чиний нэрийг санахгүй байвал
Битгий бухимдаж уцаарлаарай
Би мэдэхийг хүсээгүй зарим зүйлээ
Сурсан гэдгээ хүлээн зөвшөөрөх байсан ч
Сүнсийг өсгөх
Тэдгээр үнэт үнэнүүдийг нас маань бидэнд авчирсан юм
Бүх адислалууд дундаас
Миний амьдрал дахь хамгийн агуу нь
Хайрт эхнэрээс минь ирэх
Тайвшрал болон халуун дотно харьцаа минь байдаг билээ.
Хүүхдүүд маань бүгд сайхан гэрлэж
Өөрсдийн гэсэн гэр бүлтэй болж
Хүүхэд, ач зээ нартай боллоо
Хэчнээн хурдан өсөж том болцгоож байна гээч.
Залуу насандаа эргэж очихгүй шийдвэрээ
Өчүүхэн төдий ч би өөрчлөхгүй
Бид бүгд энэ насыг наслахаар энд ирсэн бөгөөд
Үүнтэй л хамт үнэний мэдлэг ирдэг билээ.
Чи “Ирээдүйд юу болох бол?
Миний хувь заяа ямар байх бол?” гэж асуудаг
Би гомдоллохгүйгээр хүлээн зөвшөөрөх болно.
Намайг 88-тай байхад асуу.

Өнгөрсөн жил би эдгээр хэдэн мөрийг нэмсэн юм:

Харин одоо миний 88-тай байгааг харах хэрэгтэй.
Он жилүүд маш хурдан өнгөрлөө.
Эхлээд би алхав, тэгээд доголох болов, түүний дараа би таяг тулдаг боллоо
Харин одоо тэргэнцэрт суудаг болжээ.
Ойр ойрхон унтаж нойрмоглодог болж.
Гэсэн ч Санваарын хүч хэвээр үлддэг.
Бие махбод минь хэдий олон зүйлээр дутагдаж байгаа ч
Агуу сүнслэг зүйлсийг олж авчээ.
Би дэлхийгээр аялсан бөгөөд
сая сая километр замыг туулсан.
Сансрын антенийн тусламжтайгаар
Одоо ч гэсэн миний аялал дуусаагүй байна.
Би Их Эзэнийг мэднэ, мөн түүнд хайртай гэдгийг
Бүрэн дүүрэн баттайгаар одоо ч хэлж чадна би.
Өнгөрсөн үеийн тэдний хамт
Ариун үгийг нь тунхаглан гэрчилнэ би.
Гетсеманид Түүнийг юу мэдэрснийг нь
Төсөөлөхөд дэндүү хэцүүг мэднэ би.
Тэр, бидний төлөө үүнийг хийснийг мэднэ.
Түүнээс илүү агуу найз гэж бидэнд үгүй.
Хүч болон алдар суунд Тэрээр
Дахин ирэхийг би мэднэ.
Амьдралынхаа төгсгөлд Түүнийг
Дахин харахыг би мэднэ.
Шархадсан хөлнийх нь өмнө сөхөрч
Гэрэлтэх сүнсийг нь мэдрэх болно би.
Чичирч, шивнэсэн миний хоолой ийн өгүүлэх болно:
“Миний Эзэн, Миний Бурхан, Би мэднэ.” 1

Би мэднэ!

Манай гэрийн арын цонхоор жижигхэн цэцэрлэгт хүрээлэн, жижиг булгийн хажуугаар ургасан модод харагддаг. Байшингийн нэг талаар тэрхүү цэцэрлэг байдаг бөгөөд тэнд Англи усан үзмийн ороонго дүүрэн ургасан байдаг билээ. Олон жилийн турш энэ нь жижиг шувуудын үүрлэдэг газар болж байсан үүр нь үнэг, элбэнх болон муурны аюулаас хамгаалагдсан газар байв.

Нэг өдөр уг ороонгод асар том үймээн шуугиан болж тэнд байсан бяцхан шувуудын хамт өөр бусад ойролцоох модны 8–10 бяцхан шувуу хамтдаа нэгэн аюулын сэрэмжлүүлгэнд нэгдэв. Удахгүй би тэр үймээний эх үүсвэрийг нь олж харлаа. Нэг могой ороонгоноос зүүгдэн, гараараа татаж авахад хүрэхүйц хэмжээний урттайгаар цонхны урдуур унжсан байв. Могойны биен дундуур хоёр газар товгор байсан нь шувууны үүрнээс хоёр бялзуухай залгисан нь илт байлаа. 50 жил энэ байшинд амьдрах хугацаандаа ийм юм ерөөсөө үзээгүй билээ. Энэ нь амьдралд ганц л тохиох үйл явдал байсан хэмээн бид бодоцгоосон юм.

Хэдэн өдрийн дараа дахин нэг үймээн усан үзмийн талбайд байдаг манай нохойн саравчинд боллоо. Бид өмнөхтэй адилхан сэрэмжлүүлгийн дуу чимээ сонссон бөгөөд тэр хавийн бяцхан шувууд цугласан байв. Бид тэр араатан юу болохыг мэдэж авлаа. Нэг зээ хүү маань нохойн саравч руу авирч нэг өөр могой татаж гаргахад тэр могой, үүрнээсээ зүүгдэж үхсэн шувуунаас чанга зуусан байв.

Би өөртөө ийн хэлэв: “Юу болоод байна даа? Едений Цэцэрлэг рүү дахин довтлоо юу даа?”

Тэгээд бошиглогчдын хэлсэн сэрэмжлүүлгийн үгсээс миний санаанд орж ирэв. Бид гэртээ байсан ч гэсэн чөтгөрийн нөлөөнөөс үргэлж аюулгүйгээр үлдэж чадахгүй. Бид бяцхан үрсээ хамгаалах ёстой.

Бид сүнслэг тэдгээр зүйлс рүү дайран довтлох маш аюултай дэлхийд амьдарч байгаа билээ. Бүх цаг үеийн болон үүрд мөнхийн үндсэн байгууллага болох гэр бүл нь үзэгдэх хийгээд үл үзэгдэх тэдгээр хүчинд өртөж байна. Чөтгөр хүчээ авсаар байна. Түүний зорилго нь гэмтээж хохироох явдал юм. Хэрэв гэр бүлийг сулруулж улмаар устгаж чадвал тэр ялалтад хүрнэ.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд гэр бүл хэчнээн чухал үнэ цэнэтэйг мэддэг учир бидний гэр бүл рүү чөтгөрийн хүч орохооргүй тийм байдлаар амьдрахыг хичээдэг билээ. Бид бүхэн байгуулсан гэрээгээ хүндэтгэн, Христийн дагалдагчдын хувьд шаардлагатай тэрхүү дуулгавартай байдлын энгийн үйлсийг үйлдэж амьдарснаар өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ хамгаалалт болон аюулгүй байдлыг хангаж чадах юм.

Исаиа хэлэхдээ: “Үнэн зөвийн үйлс нь амар тайван байж, үнэн зөвийн үйлчлэл нь үүрдийн амар амгалан, аюулгүй байдал болох юм”2 гэжээ.

Энэ амар амгаланг Их Эзэн илчлэлтээрээ: “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй”3 хэмээн тунхагласан юм.

Санваарын жинхэнэ хүч чадал нь гэр орон болон түүнд оршин суух тэднийг хамгаалахын тулд өгөгдсөн юм. Эцэг нь хүүхдүүддээ зааж, тэднийг адислан, сайн мэдээний ёслолуудаар хангаж мөн санваарын өөр бусад бүхий л шаардлагатай хамгаалалтаар хангах эрх мэдэл хийгээд үүрэг хариуцлагатай байдаг. Тэрээр хайр, үнэнч байдал, хүндлэлийг ээжид нь үзүүлснээр хүүхдүүд нь тэрхүү хайрыг харах боломжтой байна.

Би итгэл бол зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөн эсвэл итгэл үнэмшил биш харин бодит хүч гэдгийг мэддэг болсон билээ. Зөв шударга эх хүний итгэлтэй залбирлаас илүү хүчтэй байж чадах цөөхөн зүйл бий.

Өөртөө болон гэр бүлийн гишүүддээ Ариун Сүнсний бэлэг болон Есүс Христийн Цагаатгалын талаар заа. Та гэрийнхээ ханан доторх ажлаас илүү агуу мөнхийн ажлыг хийхгүй.

Бид бүгд тэнгэрлэг эцэг эхийн сүнсэн хүүхдүүд бөгөөд мөнх бус бие махбод хүлээн авч соригдохоор энэ дэлхийд байгаа билээ. Мөнх бус бие махбодтой бид, тэдгээр бие махбодгүй зүйлсийг захирах хүчийг агуулдаг. 4 Бид юу хүссэнээ мөн юу хийхээ сонгох эрх чөлөөтэй хэдий ч бид тэдгээрийн үр дагаврыг нь сонгож чадахгүй. Тэдгээр нь ирдгээрээ л ирэх болно.

Судруудад сонголтыг ёс суртахууны сонгох эрх буюу бид сайн муугийн хооронд сонгох эрхтэй хэмээн тодорхойлдог. Чөтгөр биднийг сонгох эрхээ буруу ашиглаасай хэмээн эрэлхийлж уруу татдаг.

Судрууд бидэнд “Миний өгсөн ёс суртахууны сонгох эрхийн дагуу хүн болгон ирээдүйд хамаарах сургаал хийгээд зарчимд үйлдэж болохын тулд, шүүлтийн өдөр хүн болгон нүглүүдийнхээ төлөө хариуцаж болохын тулд буюу”5 хэмээн заадаг.

Мөн Алма “Их Эзэн нүглийг хамгийн бага хэмжээгээр байлаа ч гэсэн хүлээн зөвшөөрч чаддаггүй”6 хэмээн заасан. Үүнийг ойлгохын тулд бид нүглийг нүгэл үйлдэгчээс салгаж ойлгох ёстой.

Жишээ нь тэд Их Эзэний өмнө садар самуун үйлдэж байсан гэмт эмэгтэйг авчрахад Тэрээр цөөхөн хэдэн үг хэлж уг хэргийг хаасан. “Явж мөн нүгэл дахин бүү үйлд” 7 гэсэн нь Түүний тохинууллын мөн чанар байсан юм.

Хүлцэнгүй байдал нь ариун журам хэдий ч яг л бусад ариун журмууд шиг хэтрүүлсэн тохиолдолд энэ нь сул тал болон хувирна. Тиймээс бид “хүлцлийн урхинд” живэхгүй байж болохын тулд түүнээс болгоомжлох хэрэгтэй. Ёс суртахуунгүй үйлдлүүдийг хууль ёсны болгон хүлээн зөвшөөрөх иргэний хуулийг сулруулснаас үүссэн олон нийтийн хүлцэл нь Бурханы ариун явдлын хуулийг зөрчсөнөөс үүсэх сүнслэг байдлын ноцтой үр дагавруудыг багасгадаггүй юм.

Бид бүгд, хүн бүр зөвийг буруугаас ялган таних боломжийг олгож удирдан чиглүүлэх нөлөө болох Христийн Гэрэлтэйгээр төрсөн. Тэрхүү гэрлийг хэрхэн ашиглах, зөв шударга амьдрахад нөлөөлөх тэдгээр өдөөлтүүдэд яаж хариу үзүүлэх зэрэг нь энэхүү мөнх бус байдал дахь шалгуурын нэг хэсэг нь билээ.

“Учир нь болгоогтун, Христийн Сүнс хүн бүрт тэрбээр сайныг хилэнцээс ялган мэдэж болохын тулд өгөгдсөн байдаг, иймийн тул, би та нарт дүгнэх аргыг үзүүлье: учир нь Христэд итгүүлэхээр ятгахыг, мөн сайныг хийхийг урьдаг юм болгон нь, Христийн хүч болон бэлгээр илгээгдсэн байдаг, иймийн тул та нар энэ нь Бурханаас гэдгийг төгс мэдлэгээр мэдэж болно.”8

Хүн бүр сүнслэг удирдамж болон Ариун Сүнсний өдөөлтүүдэд хариулахад бэлэн байх ёстой. Бидний оюунд цэвэр оюун билгийг илгээснээр бидэнд нөлөөлөх, зааварлах, заах, урьдчилан сэргийлэх арга зам Их Эзэнд байдаг билээ. Бурханы хүү, охин бүр өөрсдийн мэдэх хэрэгтэй зүйлсээ тэр дор нь мэдэж авч чадна. Сүнслэг нөлөө болон илчлэлт хүлээн авч мөн түүний дагуу үйлдэж сур.

Уншсан, заасан, сурсан бүх зүйлээсээ миний санал болгох хамгийн үнэтэй хийгээд ариун нандин үнэн бол Есүс Христийн талаарх миний онцгой гэрчлэл юм. Тэр амьд. Тэр амьд гэдгийг би мэднэ. Би бол Түүний гэрч. Түүний талаар би гэрчилж чадна. Тэр бол бидний Аврагч, бидний Гэтэлгэгч. Энэ талаар би баттай байдаг. Мөн үүний талаар би гэрчлэлээ Есүс Христийн нэрээр үлдээж байна, амен.

Show References

  1.  

    1. Боид К.Пайкр “Unfinished Composition,” 2012

  2.  

    2. Исаиа 32:17.

  3.  

    3. Сургаал ба Гэрээ 38:30.

  4.  

    4. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Жозеф Смит (2007), 211-ийг үзнэ үү

  5.  

    5. Сургаал ба Гэрээ 101:78

  6.  

    6. Алма 45:16

  7.  

    7. Иохан 8:11

  8.  

    8. Моронай 7:16