Биднийг дахин уулзтал

Ерөнхийлөгч Томас С.Монсон


Ах эгч нар минь ээ! Их Эзэн та нарыг адисалж хамгаалаасай хэмээн би залбирч байна. Түүний амлагдсан амар амгалан одоо мөн үргэлж та нартай хамт байх болтугай.

Ах эгч нар аа, ямар гайхамшигтай чуулган болж өнгөрөв өө. Захиасууд нь биднийг Сүнслэгээр өдөөсөн гэдэгт та бүхэн надтай санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Бид Их Эзэний Сүнсийг мэдрэхэд захиасууд бидний зүрх сэтгэлд хүрч, энэхүү бурханлаг ажлын талаарх бидний гэрчлэлүүд хүчирхэгжсэн. Та бүхэн энэ хоёр өдрийн турш сонссон зүйлсээ удаан санах болтугай. Би та нарыг Ensign ба Лиахона сэтгүүлүүд удахгүй хэвлэгдэн гарахад эдгээр захиасуудыг цаашид судлахыг уриалж байна.

Бидэнд хандан үг хэлсэн ба залбирал хэлсэн хүн бүрт бид талархлаа илэрхийлж байна. Түүнчлэн бидний сэтгэлийг өргөж сүнслэгээр нөлөөлсөн дуу хөгжим байгаад талархаж байна. Бид гайхамшигтай Табернеклийн найрал дуучиддаа хайртай бөгөөд хөгжим эгшиглэх боломжтой болгож өгсөн бүх хүмүүст талархаж байна.

Өчигдөр дуудлагаасаа чөлөөлөгдсөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөл ба ерөнхий албаны бүх гишүүдэд бид бүгд талархлаа илэрхийлж байна. Эгч нарын үйлчлэл нь онцгой байсан ба тэд үйлчлэлдээ өөрсдийгөө бүрэн зориулсан юм.

Энэ чуулганы үеэр бид шинээр дуудагдсан ах, эгч нарыг гар өргөн дэмжин баталсан. Бид тэднийг бүгдээрээ Эзэний үйл хэрэгт хамтдаа үйлчлэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэдгийг мэдээсэй хэмээн хүсэж байна.

Ах эгч нар аа, манай сүм дэлхий дахины сүм билээ. Манай гишүүд дэлхийн бөмбөрцгөөр нэг тархсан байна. Би та бүхэнд өөр итгэл үнэмшилтэй болон энэ сүмийн гишүүн тэдгээр хүмүүст гараа сунган, амьдарч буй улсынхаа сайн иргэд, хамт олныхоо сайн хөрш байхыг сануулж байна. Бид өөр итгэл үнэмшил ба жишгүүдтэй тэдгээр хүмүүст сайхан сэтгэлээр хандаж хайрлан, тэвчээртэй байх болтугай. Аврагч энэ дэлхийд хайр болон сайн сайхны захиасыг бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүст авчирсан. Бид бүхэн Түүний жишээг хэзээд дагах болтугай.

Бид эргэн тойрондоо байгаа хүмүүсийн хэрэгцээг ойлгодог байхын төлөө би залбирч байна. Зарим хүмүүс ялангуяа өсвөр үеийнхэн мансууруулах бодис, ёс суртхуунгүй байдал, порнограф гэх мэт зүйлд эмгэнэлтэйгээр татагдан орж байна. Мөн бусдаас халамж, хайр хүсэн хүлээж, ганцаардаж байгаа бэлэвсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс олон байна. Бид бүгд тэдэнд хайрын зүрх сэтгэл, тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байх болтугай.

Бид олон сорилт бэрхшээлийн зэрэгцээ баясах агуу боломж, шалтгаануудтай дэлхийн түүхийн цаг үед амьдарч байна. Мэдээж урам хугарах, уй гашууд автах тэр бүү хэл эмгэнэлт явдлууд бидний амьдралд тохиолдох цаг үе байдаг. Гэсэн хэдий ч бид Их Эзэнд итгэл найдвараа тавибал ямар ч хүнд хэцүү нөхцөлд байсан тэр бидэнд туслах болно. Дуулал номон дээр энэхүү баталгааг өгсөн: “Шөнөжин уйлаан байж болно, Харин өглөөд баярын хашхираан ирдэг.”1

Ах эгч нар аа, би Иосеф Смитээр дамжуулан энэ хожмын өдрүүдэд сэргээгдсэн Есүс Христийн сайн мэдээнд хэчнээн их талархалтай байдгийг минь та нарыг мэдээсэй хэмээн хүсэж байна. Энэ бол бидний аз жаргалд хүрэх цорын ганц түлхүүр. Бид Тэнгэрлэг Эцэг бидний амьдралыг удирдаж, адислана гэдэг итгэлтэй байж даруухан мөн залбиралтай байх болтугай.

Бурхан амьд, Тэрээр даруухан зүрх сэтгэлийн залбирлуудыг сонсдог хэмээх хувийн гэрчлэлээ би та нартай хуваалцаж байна. Түүний Хүү, бидний Аврагч мөн Гэтэлгэгч маань бидний хүн нэг бүрт: “Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь Миний дууг сонсоод хаалгаа нээвэл, Би түүний дотор орно”2 хэмээн хэлдэг. Бид эдгээр үгэнд итгэж энэхүү амлалтын ашиг тусыг хүртэх болтугай.

Чуулганыг өндөрлөх гэж буй энэ үед би тэнгэрийн адислалуудыг та нарын хүн нэг бүрт өгч байна. Гэр бүлүүд тань амар амгалан, эв эе, хүндэтгэл мөн хайраар дүүрэн байх болтугай. Гэр орон тань Их Эзэний Сүнсээр дүүрэх болтугай. Та бүхэн Сатаны тамлалын эсрэг хамгаалагдаж болохын тулд сайн мэдээний гэрчлэлүүдээ тэжээн тэтгэх болтугай.

Ах эгч нар аа, зургаан сарын дараа биднийг дахин уулзтал Их Эзэн та нарыг адисалж хамгаалаасай хэмээн би залбирч байна. Түүний амлагдсан амар амгалан одоо мөн үргэлж та нартай хамт байх болтугай. Миний төлөө болон Ерөнхий бүх эрх мэдэлтнүүдийн төлөөх та нарын залбиралд баярлалаа. Бид та нарт маш их талархаж байна. Бидний үйлчилдэг Аврагч, Гэтэлгэгч мөн Их Эзэн Есүс Христийн нэрээр, амен.