Бид Тэнгэрлэг Эцэгийн охид

Илэин С.Далтон

Саяхан чөлөөлөгдсөн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч


Бурханы охидын хувьд бид нөхцөл байдал болон туршлагуудаараа ялгаатай бөгөөд хүн бүр өвөрмөц юм. Бид Түүнд хамаатай учраас бидний хүн нэг бүр бас хамаатай.

Дэлхий даяарх бүх залуу эмэгтэйчүүд Залуу эмэгтэйчүүдийн уриаг долоо хоног бүр давтан уншдаг. Аль ч хэл дээр байсан, “Бид Тэнгэрлэг Эцэгийн охид бөгөөд Тэр бидэнд хайртай, бид ч бас Түүнд хайртай”1 хэмээх эхний мөрийг хэлэх болгондоо би бүх л биеэрээ Сүнсийг мэдэрдэг. Эдгээр үгсийг хэлэх бүрт, Сүнс миний сүнсэнд энэ бүхэн үнэн гэдгийг баталж байдаг. Энэ нь бидний хэн гэдгийг нотлохоос гадна бид хэний охид болохыг, мөн бид хэн гэдгээ мэддэгээ батлан харуулдаг. Бид өргөмжлөгдсөн нэгний охид билээ!

Би очсон улс орон, тив бүрт шаргуу хөдөлмөрлөн сорилт бэрхшээлийг туулж цэвэршигдсэн, гэрэл гэгээтэй, энгийн бөгөөд цэвэр ариун итгэл өвөрлөсөн, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар бүхий залуу эмэгтэйчүүдтэй уулздаг. Тэд ариун журамтай. Тэд “ямар ч цагт, мөн бүх зүйлд, мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсдог”2 гэрээг сахигчид юм. Тэд хэн болохоо мөн тэд Бурханы хаант улсыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой болохоо мэддэг.

Би коллежид байхдаа Бригам Янгийн Их Сургуулийн Олон Улсын үндэсний бүжгийн хамтлагийн гишүүн байлаа. Нэг зун манай хамтлагт Европын номлолуудаар аялан тоглох онцгой боломж олдсон юм. Тэр зун миний хувьд тун хүнд үе байв. Хэдхэн сарын өмнө аав маань зуурдаар нас барсан байлаа. Биднийг Шотландад байх тэр үед би маш их ганцаардаж, сэтгэл санаагаар унасан байдалтай байв. Бид тэр орой сүмийн цуглааны байранд бүжиглээд тоглолтын дараа бид дэргэд нь байдаг номлолын байр руу явав. Тэр байр руу зүглэн алхаж байхдаа арчилж тордсон цэцэгсийн дунд, хашааны хаалганы хажууд нэгэн чулуу байрлуулсныг харлаа. Чулуун дээр бичигдсэн “та хэн ч байсан гэсэн өөрт оногдсоноо л сайн үйлд” гэсэн үгсийг би уншив. Тэдгээр үгс миний зүрх сэтгэлийг гүн гүнзгийгээр хөндсөн ба тэнгэрийн хүч надад уг захиасыг хүргэхээр тэмүүлэхийг би мэдэрч билээ. Би хайрт Тэнгэрлэг Эцэг минь намайг мэддэг гэдгийг мэдсэн. Би ганцаараа биш гэдгээ мэдэрсэн. Би тэрхүү цэцэрлэгт нүд дүүрэн нулимстай зогсож байсан юм. “Та хэн ч байсан гэсэн, өөрт оногдсоноо л сайн үйлд.” Энэ энгийн мэдэгдэл Тэнгэрлэг Эцэг намайг мэддэг бөгөөд Түүнд надад зориулсан төлөвлөгөө байдаг гэдэг үзэл бодлыг надад дахин төрүүлсэн юм. Мөн миний мэдэрсэн сүнс би Түүнд хамаатай гэдгийг ойлгоход минь тусалсан билээ.

Хожим нь би бошиглогч Дэвид О.Маккэйг Шотландад залуу номлогч байхдаа номлолд үйлчилж байх үед нь эдгээр үгс түүнд урам зориг өгч байсан гэдгийг мэдэж авсан юм. Тэр өөрийн амьдралдаа болон номлолынхоо турш сэтгэл санаагаар унасан үедээ тэр байшингийн чулуун дээр уг үгс байхыг хардаг байсан ба тэрхүү үгс түүний сэтгэлийг өөдрөг болгодог байжээ. Хэдэн жилийн дараа тэр байшинг нураасан бөгөөд бошиглогчийн хүсэлтээр уг үгстэй чулууг авч, номлолын байрны дэргэдэх цэцэрлэгт байрлуулсан аж3.

Бурханы охидын хувьд бид нөхцөл байдал болон туршлагуудаараа ялгаатай бөгөөд хүн бүр өвөрмөц юм. Бид Түүнд хамаатай учраас бидний хүн нэг бүр бас хамаатай. Бид өдөр бүр бусдыг дэмжин тэтгэж, заан, асран халамжилж байгаа маань залхмаар, үл тоомсорлогдсон, хүнд хэцүү, зарим үед гутаагдсан мэт санагдаж болох ч Залуу эмэгтэйчүүдийн урианы -“Бид Тэнгэрлэг Эцэгийн охид бөгөөд Тэр бидэнд хайртай, бид ч бас Түүнд хайртай”- хэмээх эхний мөрийг бид санах үед энэ нь бидний хандлага ба харилцаанд маань нөлөөлөх болно.

Саяхан миний эрхэм хүн, 92 настай ээж минь насан өөд болсон юм. Тэр нам гүм амьдарч байсан шигээ энэ мөнх бус амьдралыг чимээгүйхнээр орхин одсон. Түүний амьдрал төлөвлөж байснаар нь болоогүй юм. Түүний нөхөр, миний аав 45 настай байхдаа 3 хүүхдээ буюу намайг хоёр дүүтэй минь хамт ээжид үлдээгээд хорвоог орхисон билээ. Ээж минь 47 жил бэлэвсэн эмэгтэйн амьдралаар амьдарсан юм. Тэр өдрөөр сургуульд хичээл, оройдоо төгөлдөр хуурын хичээл зааж, гэр бүлээ тэтгэдэг байлаа. Тэр бидэнтэй зэргэлдээ амьдардаг байсан өөрийнхөө өндөр настай аав болох өвөөг маань мөн асран халамжилдаг байв. Тэр биднийг бүгдийг нь коллежийн боловсролтой болгоход ихэд санаа тавьсан билээ. Үнэндээ “тус нэмэр бологчид” байж болохын тулд ээж минь биднийг коллежид сургахыг зорьдог байв. Тэр хэзээ ч гомдоллож байгаагүй. Тэр гэрээгээ сахидаг байсан, мөн тэр гэрээгээ сахидаг байсан учраас л гэр оронг маань адислах болон зарим үед гайхамшгийг илгээх тэнгэрийн хүчнүүдийг хүлээн авдаг байсан юм. Тэр залбирал, санваар ба гэрээний амлалтуудын хүчинд найдлага тавьж, Их Эзэнд үйлчлэх үйлчлэлдээ итгэлтэй байсан. Түүний гуйвшгүй итгэл бишрэл нь биднийг, түүний хүүхдүүдийг дэмжин хүчирхэгжүүлдэг байсан билээ. Тэр судрын “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй”4 хэмээх үгсийг бидэнд байнга давтан хэлж өгдөг байсан. Энэ нь түүний уриа байсан бөгөөд тэр үүнийг үнэн гэдгийг мэддэг байв. Тэр гэрээгээ сахигч байна гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгож байсан юм. Түүнийг дэлхийнхэн таньж мэддэг байгаагүй. Тэр ч үүнийг хүсээгүй. Тэр хэн гэдгээ, хэнийх гэдгээ –Бурханы охин гэдгээ ойлгож байсан.Үнэндээ, миний ээжийг өөрт оногдсоноо сайн үйлдсэн хүн гэж хэлж болно.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли, эмэгтэйчүүд, ээжүүдийн талаар нэгэн удаа:

“Бид хэзээ ч эмэгтэйчүүдийн хүч чадлыг мартах ёсгүй. ... Эхчүүд л хүүхдүүдийнхээ амьдралд шууд нөлөөлдөг. ... Эхчүүд л тэднийг асран, Их Эзэний арга замаар өсгөн хүмүүжүүлдэг. Тэдний нөлөө бол юутай ч харьцуулшгүй юм.

Тэд амьдралыг бүтээгчид. Тэд бол хүүхдүүдийнхээ сурган хүмүүжүүлэгчид. Тэд залуу эмэгтэйчүүдийн багш нар. Тэд бол бидний юугаар ч сольшгүй хамтрагчид. Тэд Их Эзэний хаант улсыг барихаар хамтран хөдөлмөрлөгсөд юм. Тэдний үүргүүд ямар агуу вэ, тэдний хувь нэмэр ямар гайхамшигтай вэ. Тэд амьдралд ямар их гэрэл гэгээ нэмдэг билээ” 5 хэмээжээ.

Эцэг эх нь хайртай охиндоо тэр бол Бурханы охин гэсэн мөнхийн бөгөөд биднийг байгаагаас минь илүү дээр болгох үнэнийг хэрхэн ойлгуулах вэ? Бид түүнд дэлхийг орхин, Их Эзэний хаант улс руу алхан ороход нь хэрхэн туслах вэ?

Ёс суртахууны үнэ цэнэ буурсан энэ дэлхийд залуу эмэгтэйчүүдэд “ямар ч цагт, мөн бүх зүйлд, мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж зогсох” эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрэгтэй. Энэ нь урьд өмнө хэзээ ч одоогийнх шиг чухал байгаагүй. Залуу эмэгтэйчүүдэд мөн тэдэнд ариун журамтай эмэгтэй хүний жишээг үзүүлэх эхчүүд мөн багш нар хэрэгтэй. Эхчүүд ээ, та нарын охинтойгоо харьцах харилцаа, мөн та нарын үлгэр жишээ агуу ач холбогдолтой юм. Эцгийг нь, түүний санваарыг нь, түүний бурханлаг үүргийг нь хэрхэн хайрлаж, хүндэлж байгаа тань таны охины хандлага, биеэ авч явах байдалд тусгагдан, магадгүй илүү тод томруунаар харагдах болно.

Бид бүгдийн “сайн үйлдэх” ёстой тэр хэсэг юу вэ? Гэр бүлийн тунхагт :

“Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой. ...

“Ариун явдлын гэрээгээ зөрчин, хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хувь хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг бид анхааруулж байна”6 хэмээн тодорхойгоор хэлсэн байдаг.

Мормоны үеийн ёс суртхуунгүй нийгэмд бүхнээс илүү, хамгийн эрхэм, мөн үнэ цэнэтэй, ариун явдал хийгээд онгон байдлаас нь эмэгтэйчүүдийг дээрэмдсэнээс тэр ихэд гашууддаг.7

Ахин, би ариун журамд буцаж ирэх уриагаа дахин хэлж байна. Ариун журам бол Бурханы охидын давуу тал ба хүч чадал юм. Ариун явдлыг агуулсан ёс суртахууны өндөр жишигт8 тэнцэх бодол санаа, зан төлөв бүхий ариун журмыг нийгмийнхээ хамгийн үнэт эрхэм зүйл болгон авч үздэг болох юм бол дэлхий ямархуу байхсан бол? Ёс суртахуунгүй байдал, порнограф, мөн хүчирхийлэл багасах юм бол гэр бүл салалт, сүйрсэн амьдрал, шархалсан зүрх цөөн болох болов уу? Хэвлэл мэдээллийнхэн Бурханы эрхэм үнэт охидыг эсэргүүцэн доромжлохынхоо оронд илүү сайн сайхан болгон, туслан, дэмжих байсан болов уу? Бүх хүмүүн төрөлхтөн “бид Тэнгэрлэг Эцэгийн хайртай охид” хэмээх мэдэгдлийн учир утгыг үнэхээр ойлгодог байсан бол эмэгтэйчүүдэд хэрхэн хүндэтгэлтэй хандах байсан бол?

Хэдэн жилийн өмнө чуулганы төв баригдаж дуусах дөхөж байх үед би энэ ариун нандин байшингийн тагтны хэсэг рүү хамгаалалтын нүдний шил, малгайтай, нөхрийнхээ дэвсэж байсан хивсний тоосыг соруулахаар орж ирсэн юм. Одоо индэр байгаа газарт, барилгын ажлын үеэр, бага оврын трактор шороо зөөн зайлуулж байсан ба түүнээс болж, энэ байр зузаан тоосонд дарагдаж, тоос нь бужигнан, шинэ хивсэн дээр унаж байв. Би тоос соруулах үүрэгтэй байсан. Тиймээс би тоосыг соруулж гарлаа, соруулаад л, соруулаад л байлаа. Гурав хоногийн дараа миний гэрээсээ авчирсан жижиг тоос соруулагч ажиллахаа больж билээ!

Энэ үзэсгэлэнтэй шинэ байранд, анхны ерөнхий чуулган эхлэхийн өмнөх өдөр, үдээс хойш нөхөр минь над руу утсаар ярьсан юм. Тэр энэ түүхэн ач холбогдолтой индрийн доогуур хивсний сүүлийн хэсгийг дэвсэх гэж байжээ.

Тэр: “Энэ хивсний ар тал дээр нь ямар судар бичих вэ?” гэж асуусан юм.

Тэгэхэд нь би: “Мозая 18:9 ‘ямар ч цагт, мөн бүх зүйлд, мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч [болж] зогс’гэсэн судрыг л дээр нь бичээрэй” гэж хэлсэн юм.

Туйлын хэцүү сорилтын дэлхийд энэ бол залуу эмэгтэйчүүд болон энэ сүмийн эмэгтэйчүүд хийж байгаа зүйл. Тэд энэ дэлхийн сайн сайхны нөлөөлөл юм. Тэд ариун журамтай бөгөөд үлгэр дууриалтай, ухаантай, бас хөдөлмөрч хүмүүс. Тэд өөр учраас л, тэд өөрчлөлт гаргаж чадаж байна. Тэд өөрсдийнхөө үүргийг сайн биелүүлж байна.

Хэдэн жилийн өмнө би энэ хивсний тоосыг соруулж байхдаа өөрт оногдсон багахан хэсгээ сайн үйлдэхийг хичээж байхдаа, нэгэн өдөр, энэ индрийн өмнө, энэ хивсэн дээр хөл тавин зогсох болно гэдгээ мэдээгүй байсан юм.

Өнөөдөр, Бурханы охины хувьд би зогсон, Бурхан амьд гэсэн гэрчлэлээ хуваалцаж байна. Есүс бол Христ. Тэрээр бидний Гэтэлгэгч. Түүний хязгааргүй, цагаатгах хүчээр л дамжуулан би нэгэн өдөр Түүнтэй хамт амьдрахын тулд шалгуурыг давсан, цэвэр ариун, мөнхийн гэр бүлд лацдагдсанаар буцан очих болно. Түүнд би эмэгтэй хүн, эхнэр, эх хүн байх эрхэм боломжийнхоо төлөө үргэлж магтаалаа өргөх болно. Бид Их Эзэний бошиглогч, Ерөнхийлөгч Томас С. Монсоноор удирдагддаг хэмээн гэрчилж байна. Мөн би санваарынхаа хүчээр амьдралыг минь адисладаг зөв шударга эрэгтэйчүүдийн төлөө талархалтай байдаг. Би “[оногдсон] хэсгээ сайн үйлдэх”-ээр хичээж байхдаа Аврагчийн хязгааргүй Цагаатгалын эрх олгосон хүчээр дамжуулан, хүлээн авдаг хүч чадлын төлөө үргэлж талархалтай байх болно. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (товхимол, 2009), 3.

  2.  

    2. Moзая 18:9.

  3.  

    3. Матай О.Ричардсон, “‘What E‘er Thou Art, Act Well Thy Part’: Иохон Алланс Албани Крэскэнт Стони” Journal of Mormon History, vol. 33 (Fall 2007), 31–61; Францис Гиббонс, David O. McKay: Apostle to the World, Prophet of God (1986), 45- ыг үзнэ үү.

  4.  

    4. Сургаал ба Гэрээ 82:10.

  5.  

    5. Гордон Б.Хинкли, “Standing Strong and Immovable,” Дэлхий даяарх удирдагчдын сургалт, 2004 оны 1-р сарын 10, 21.

  6.  

    6. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 он, 11-р сар, 129.

  7.  

    7. Moронай 9:9-ийг үзнэ үү.

  8.  

    8. Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 70.