Бид нэгдмэл билээ

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх

Ерөнхийлөгч Хэнри Б.Аиринг


Бид хаана ч байсан, Бурханы санваарын ямар ч үүрэг хариуцлагатай байсан, сайн мэдээг бүх дэлхийд авчрах ажилд нэгдмэл байх болтугай хэмээн би залбирч байна.

Бид сайн мэдээг бүх дэлхий даяар номлох ёстой гэсэн зарлигийг Их Эзэн энэхүү эцсийн эрин үеийн эхээр тод томруунаар тунхагласан билээ. Тэрбээр 1831 онд хуруу дарам цөөн хэдэн санваартнуудад захин хэлж байсан тэр зүйлээ өнөөгийн олон санваартанд мөн захин хэлж байна. Бид хэдэн настай, Сүмийн ямар дуудлагатай эсвэл хаана амьдардгаас үл хамааран, Их Эзэнийг дахин ирэхээс өмнө бодгалиудын ургацаа хураахад нь Түүнд туслах зорилгоор нэг хүн мэт нэгдмэл байдлаар ажиллахын тулд дуудагдсан юм. Тэрбээр жимсний цэцэрлэгт анх түрүүн хөдөлмөрлөгчдөд хандан ийн хэлсэн билээ:

“Мөн дахин, би та нарт хэлнэ, хүн бүр, ахлагч, санваартан, багш мөн тэрчлэн гишүүн, аль аль нь миний зарлигласан зүйлүүдэд бэлтгэж мөн биелүүлэхийн тулд өөрийн чадалтайгаар, өөрийн гарын хөдөлмөртэйгөөр явагтун хэмээх зарлигийг би өгье.

“Мөн та нарын номлол хүн болгон хөршдөө эвтэй зөөлөн хийгээд номхон дөлгөөн байдалд сэрэмжлүүлэх дуу хоолой байг.

“Мөн та нар ёс бусчуудын дундаас гарч явагтун. Өөрсдийгөө аврагтун. Их Эзэний сав тээгчид та нар цэвэр ариун байгтун.”1

Их Эзэн энэхүү зарлигаа Аароны санваартан гишүүд та нарт бас өгсөн гэдгийг та нар мэддэг билээ. Их Эзэн Түүний зарлигуудыг биелүүлэх арга замыг ямагт бэлтгэж байдгийг та нар мэднэ. Тиймээс Тэрбээр та нарын хүн нэг бүрт замыг бэлтгэж өгөх болно гэдгийг та бүхэн хүсэн хүлээж болно.

Их Эзэн Аароны санваарын пристийн албан тушаалтай нэгэн хөвгүүнд зарлигийг биелүүлэх арга замыг хэрхэн бэлтгэсэн тухай би та нарт ярья. Тэр 16 настай. Түүний амьдардаг улс оронд номлогчид дөнгөж нэг жилийн өмнө ирсэн байлаа. Номлогчид хоёр хотод хуваарилагдсан ч тэр хөвгүүний амьдардаг хот тэдний хуваарьт ороогүй байжээ.

Түүнийг бүр бага байх үед нь нь эцэг эх хоёр нь гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодож, хүүгээ Ютад авчирчээ. Тэдний гэр бүл сайн мэдээг заалгаж, номлогчид тэдэнд баптисм хүртээсэн ч харин энэ хөвгүүн найман нас хүрээгүй учир Сүмд баптисм хүртэж чадсангүй.

Эцэг эх хоёр нь ослоор нас барахад эмээ нь далайн чанадаас ирж, ач хүүгээ төрсөн хотод нь буцааж аваачсан гэнэ.

Тэрээр 3-р сард яг жилийн өмнөх шигээ гудамжаар алхаж явахдаа танихгүй нэгэн эмэгтэйтэй ярилцах хэрэгтэй болж гэдгээ мэдэрчээ. Тэр хараахан мартаагүй байгаа цөөн англи үгээ ашиглан, мөнөөх эмэгтэйтэй ярилцав. Тэр эмэгтэй бол хөвгүүний амьдардаг хот руу удахгүй номлогчдыг илгээвэл, тэднийг орон байр, эмнэлгийн үйлчилгээгээр хангах боломжтой эсэхийг судлуулахаар номлолын ерөнхийлөгчийн явуулсан сувилагч байжээ. Тэр хоёр ярилцсаар найз нөхөд болсон гэнэ. Сувилагч эмэгтэй номлолын албанд буцаж очоод хөвгүүний талаар номлогчдод ярьжээ.

Анхны хоёр ахлагч 2012 оны 9-р сард ирж, өнчин хөвгүүнд баптисм хүртээснээр тэр төрсөн хотдоо Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд анхны баптисм хүртэгч болжээ. Тэр сүмийн гишүүн болсноос хойш энэ оны 3-р сар гэхэд дөрвөн сар болоод байна. Тэр Аароны санваарын пристийн албан тушаалд томилогдож, Сүмийнхээ хоёр дахь хөрвөгчид баптисм хүртээжээ. Тэр ийнхүү 130,000 орчим хүнтэй нэгэн хотод Сүмийг үндэслэн байгуулж, Тэнгэрлэг Эцэгийн бусад хүүхдүүдийг цуглуулах анхдагч санваартан болсон байна.

2013 оны гуравдугаар сарын 31-ний ням гараг буюу Христийн Амилалтын өдөр тус хотод Сүмийн гишүүдийн тоо 6 хүнээр нэмэгдэж, асар том өсөлт гарсан байна. Тэр бол энэ ням гарагт сүмийн цуглаанд ирсэн орон нутгийн цорын ганц гишүүн байлаа. Өмнөх өдөр нь тэр өвдгөө гэмтээсэн ч цуглаанд ирэхээр шийдсэн гэнэ. Тэр сүм рүү явган явах хүч чадлын төлөө залбирчээ. Тэрээр сүмдээ ч ирж, нийт цугласан гишүүд болох дөрвөн залуу ахлагч, ахмад хос номлогчидтой хамт ариун ёслолоос хүртсэн ажээ.

Хэрэв та энэ түүхэнд Бурханы хаант улсыг байгуулахад Түүний гар хэрхэн оролцдог загварыг олж харахгүй бол уг түүх тийм ч гайхамшигтай санагдахгүй. Би уг загварыг олон удаа харсан.

Би үүнийг Нью Мексикт залуу байхдаа харсан. Бид ү зүрх сэтгэлдээ үнэнч хүмүүсийг олж, заахад нь номлогчдод туслан хаант улсад нь ирж байгаа тэдгээр хүмүүсийг хайрлах ёстой гэдгийг бошиглогчид бидэнд хандан, үе үеийнхэнд сануулсаар байгаа билээ.

Итгэлтэй санваартны удирдагчид болон гишүүд юу хийж чаддагийг би өөрийн нүдээр харсан хүн. Би 1955 онд Нэгдсэн Улсын Агаарын Цэргийн Хүчний офицер болсон бөгөөд анхныхаа нислэгийг Нью Мексикийн Албюквирк руу хийхээр явахын өмнөхөн манай бишоп гэрт маань ирж, надад адислал өгсөн юм.

Тэр надад өгсөн адислалдаа агаарын цэргийн хүчинд ажиллах хугацаа нь номлолын үйлчлэл байх болно гэж хэлж билээ. Би Албюквиркийн Нэгдүгээр салбарт анхныхаа ням гарагт сүм дээр ирлээ. Нэг хүн над руу хүрч ирэн өөрийгөө дүүргийн ерөнхийлөгч гэж танилцуулаад намайг дүүргийн номлогчоор үйлчлүүлэхээр дуудах гэж байгаагаа хэллээ.

Би энд сургалтад суухын тулд хэдхэн долоо хоног байна, дараа нь дэлхийн хаа нэгтээ өөр газарт томилогдох болно гэдгээ түүнд хэлэхэд, тэр, “Би энэ тухай мэдэхгүй, гэвч бид таныг үйлчлүүлэхээр дуудах болно” гэв. Штабын байранд явагдаж байсан цэргийн сургалтын дундуур, тэнд зуурдаар нас барсан нэг офицерын оронд сургалтанд суулгахаар намайг хэдэн зуун офицероос сонгож авсан юм.

Тиймээс би тэнд байсан хоёр жилийн хугацаандаа дүүргийн номлогчийнхоо дуудлагат ажлыг хийсэн. Би ихэнхдээ оройн цагаар бас долоо хоногийн амралтын өдрүүдээр бидэн дээр гишүүдийн дагуулж ирсэн хүмүүст Есүс Христийн сайн мэдээг заадаг байлаа.

Хамтрагч бид хоёр заах хүмүүсийг олох гэж хаалга тогшин явах шаардлагагүйгээр номлолын үйлчлэлдээ долоо хоногт дунджаар 40 гаруй цаг зориулдаг байлаа. Гишүүд биднийг үнэхээр завгүй байлгадаг байсан. Бид оройн цагаар ихэвчлэн хоёр гэр бүлд заадаг байв. Гишүүн бүр номлогч байх ёстой хэмээн бошиглогчдын дахин давтан уриалдаг энэхүү уриалгад хүч болон адислал байдгийг би өөрөө харсан хүн билээ.

Намайг Албюквиркээсээс явахын өмнөх сүүлчийн ням гарагт тус хотод анхны гадас зохион байгуулагдсан. Гэгээнтнүүд найзуудаа бидэн дээр авчирч, сайн мэдээг заалган, Сүнсний гэрчлэлийг мэдрэх ганцхан цуглааны байртай байсан бол тус хотод одоо Их Эзэний өргөө, ариун сүм баригдаад байна. Эдүгээ тэд Их Эзэний үнэн Сүмд гэртээ байгаа мэт ая тухтай, баяр баясгалантай байна.

Итгэлтэй санваартны удирдагчид болон гишүүд юу хийж чаддагийг би дараа нь Нью Ингландад суралцахаар очихдоо харсан. Урьд нь Сүмийг огт сонирхдоггүй байснаа сүнсний гайхалтай их хүчтэй, дүүргийн агуу ерөнхийлөгч болсон нэг хүний зөвлөхөөр үйлчлэхээр би дуудагдлаа. Гэрийн багш нь түүнийг тамхи татахаа больсоных нь төлөө, Бурханы харж чадах зүйлийг түүнээс олж харсныхаа төлөө түүнд хайртай байлаа. Дүүргийн ерөнхийлөгч бид хоёр Массачусетс болон Рөүд Арал даяар тархсан жижиг салбаруудаар очиж, Бурханы хаант улсыг байгуулан, адислахын тулд толгодыг даван, далайн эргийн дагуу машинаар явдаг байлаа.

Би тэрхүү хүчирхэг удирдагчтай хамт үйлчилсэн жилүүдэд хүмүүс Сүмээр дамжуулан өөрсдийн үлгэр жишээгээр болон номлогчдыг сонсох урилгаараа найз нөхдөө авчирдгийг бид харсан юм. Тэдгээр салбаруудын өсөлт удаан бөгөөд тогтвортой биш мэтнадад санагддаг байлаа. Гэвч таван жилийн дараа, намайг тэндээс явдаг ням гарагт манай дүүргийг Кембриж дэх Лонгфеллөү Парк гадас болгон зохион байгуулахаар хоёр Төлөөлөгч хүрч ирж билээ.

Олон жилийн дараа би энд гадасны чуулган удирдаж явуулахаар буцаж ирсэн. Гадасны ерөнхийлөгч Белмонт дахь нэгэн хадархаг гүвээг надад үзүүлэхээр дагуулж явлаа. Энэ бол Бурханы ариун сүм барихад хамгийн тохиромжтой сайхан газар гэж тэр надад хэлж билээ. Одоо тэр гүвээн дээр ариун сүм баригдсан байгааг би тэр ариун сүмийг хараад, тэртээ нэгэн цагт жижигхэн салбаруудад даруухан гишүүдтэй, тэдний урьж ирүүлсэн хөршүүдтэй бас тэдэнд заадаг байсан номлогчидтой хамт суудал зэрэгцэн сууж байснаа эргэн саналаа.

Өнөө оройн энэ цуглаан дээр нэг шинэ дикон байгаа. Орон нутгийн ганцхан гишүүнтэй цуглаанд явган хүрч ирсэн, миний өмнө нь ярьсан мөнөөх пристээс гадна би Христийн Амилалтын ням гарагт бас энэ диконтой хамт байсан юм. Аав нь өнөө орой санваартны энэхүү цуглаанд түүнтэй хамт оролцоно гэж хэлэхэд дикон баяртайгаар инээмсэглэж билээ. Тэр диконы аав, эцгийнхээ ерөнхийлөгч нь байсан номлолд агуу номлогч байжээ. Түүний элэнц өвөөгийн 1937 оны Номлогчийн гарын авлага-аас уншсан юм. Түүний гэр бүл олон үеийнхээ туршид хүмүүсийг Сүмд авчирсан уламжлалтай юм байна.

Би энэ диконы бишоптой тэр хөвгүүн Их Эзэнд бодгалиудыг цуглуулах ажилд санваартнууд үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлдэг болон тэд энэ талаар юу хүлээж байхыг мэдэхийн тулд ярилцсан юм. Тойргийн номлолын удирдагч сонирхогчдын өсөлт хөгжилтөд хэрхэн хяналт тавьдаг тухай ярихдаа бишоп их урамтай байлаа. Тэр номлогчидтой байнга холбоотой байж, тэднээс энэ мэдээллийг авдаг ажээ.

Бишоп болон түүний тойргийн зөвлөл сонирхогч бүрийн өсөлт хөгжилтийн тухай ярилцдаг байна. Баптисмаас нь өмнө тэд хүн бүртэй найз нөхөд болж, тэднийг үйл ажиллагаануудад оролцуулахын тулд мөн баптисм хүртсэн хүмүүсийн итгэлийг хөгжүүлэхийн тулд хүн бүрийн төлөө тэд юу хийж болохыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна. Номлогчид хүмүүст заах цаг олонтоо товлодог учир тус тусдаа заах үедээ Аароны санваартнуудыг түр хамтрагчаа болгон авч явдаг гэж бишоп ярилаа.

Чуулгуудын гишүүд өөрсдийн таньдаг хүмүүсийг номлогчидтой уулзуулахаар урих зорилго дэвшүүлж, уг зорилгоо тойргийн номлолын төлөвлөгөөнд оруулдаг ажээ. Бүр диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг хүртэл чуулгынхаа гишүүдийг таньдаг хүмүүсээ Бурханы хаант улсад урих зорилго дэвшүүлж, төлөвлөгөөндөө оруулахыг урьдаг ажээ.

Хүчирхэг тойрог дахь дикон ба хуруу дарам цөөхөн гишүүнтэй бүлэг дэх шинэхэн хөрвөгдсөн прист хоёр хоорондоо эсвэл та нартай адил нийтлэг зүйл бага юм шиг санагдаж болох юм. Нью Мексик болон Нью Ингландад миний гайхамшиг хэмээн харсан зүйл Бурханы хаант улсыг байгуулж байгаа та нарын туршлагатай төдийлөн адил төстэй биш юм шиг та нарт санагдаж мэднэ.

Гэвч бид санваартны үүргээ биелүүлэхэд нэгдмэл байх нэг арга зам бий. Бид өөрсдийгөө ариусгаж, Тэнгэрлэг Эцэгийнхээ бүх хүүхдүүдэд сайн мэдээг хүргэх зарлигийг биелүүлэх талаар хүлээсэн хувийн үүрэг хариуцлагаа биелүүлдэг.

Их Эзэн Өөрийн хаант улсыг дэлхий дээр байгуулж байгаа арга замын талаар бид бүгдэд нийтлэг нэг туршлага байдаг. Түүний Сүмд бүхий л гайхамшигтай арга хэрэгсэл болон зохион байгуулалтыг бидэнд өгсөн юм. Бид номлолын ажлын талаарх санваарын үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх талаар бошиглогчдын заасаар ирсэн тулгуур үнэн Түүний Сүмд байдаг.

Ерөнхийлөгч Дэвид О.МаКей 1959 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр бошиглогчдын заасаар ирсэн энэхүү тулгуур үнэнийг заасан бөгөөд түүнээс хойш бүх бошиглогчид түүний дотор Ерөнхийлөгч Томас С.Монсон үүнийг байнга заасаар байгаа билээ. Энэ нь сүмийг эсэргүүцдэг хүмүүст зөв ойлголт өгөх зорилгоор зар сурталчилгаа хийхэд мөнгө зарахгүй байхыг уриалсан захиас байсан юм. Ерөнхийлөгч МаКей чуулганыг хааж хэлсэн үгэндээ, 1923 онд Британийн Номлолоос тус номлол дахь Сүмийн гишүүдэд ерөнхий заавар илгээсэн тухай түүхийг дурджээ. Ерөнхийлөгч МкКей уг шийдвэрийн талаар ийн өгүүлжээ: “Ирж байгаа 1923 онд гишүүн бүр номлогч байх үүргийг Сүмийн гишүүн болгонд өг. Гишүүн бүр номлогч шүү! Та ээжийгээ эсвэл аавыгаа Сүмд авчирч болно. Эсвэл үйлдвэрийн цехэд хамт ажилладаг нөхрөө авчирч болно. Хэн нэгэн нь танаар дамжуулан үнэний тухай сайн захиасыг сонсох болно.”

Ерөнхийлөгч МаКей цааш нь үргэлжлүүлэн ингэж хэлсэн ажээ: Энэ бол өнөө үеийн захиас юм. Гишүүн бүр—номлогч 1,5 сая—номлогч!2

Номлолын ажил нь бишопуудын үүрэг байх болно гэж 2002 онд зарлахад би бишоп ийм олон ажлыг яаж амжуулах юм бол гэж гайхаж билээ. Би ч гэсэн бишоп байсан. Гишүүдэд үйлчлэх болон тойргийнхоо бүлгүүдийг удирдах гээд бараг бүх ажлыг бишоп хийдэг юм шиг надад санагддаг байлаа.

Миний таньдаг нэг бишоп гишүүн бүр номлогч байх агуу зорилгыг хэрэгжүүлэхэд номлолын ажил нь нэмэлт ачаа дарамт биш, харин тойргийнхоо эв нэгдлийг бэхжүүлэх нэг боломж гэж үзсэнийг би мэддэг. Тэрээр шинэ тойргийн номлолын удирдагчийг дуудсанаас гадна номлогчдын ажлын тухай мэдээлэл авч, тэдэнд урам хайрлаж мөн сонирхогчдынх нь талаар мэдэж авахын тулд бямба гараг бүр номлогчидтой өөрөө уулздаг байлаа. Номлогч болохоор бэлтгэхэд нь гишүүдэд туслахын тулд ашиглаж болох үйлчлэлийн туршлагуудыг тойргийн зөвлөл байгууллагууд болон чуулгуудад олж өгдөг байв. Тэрээр Израилын шүүгчийн хувьд залуу хүмүүст Цагаатгалын адислалуудыг мэдэж, өөрсдийгөө цэвэр ариун байлгахад нь тусалдаг байлаа.

Саяхан би түүнээс тойрогтоо хөрвөгчдийн баптисмын тоо болон Есүс Христийн сайн мэдээг дэлхийд хүргэх хүсэлтэй, энэхүү үйлсэд бэлэн байгаа залуу хүмүүсийн тоог хэрхэн ийм хурдан нэмэгдүүлж чадсанаа тайлбарлахыг хүслээ. Энэхүү өсөлт нь тэд зөвхөн үүргээ биелүүлснийх биш, харин энэ нь хүмүүсийг Гэгээнтнүүдийн хамт олны дунд авчирч, тэдэнд аз жаргалыг бэлэглэн, урам хайрлах үйлсдээ нэг хүн мэт нэгдмэл байсных байх гэж тэр хэллээ.

Дээрх өсөлт нь тойргийн зарим хүмүүсийн хувьд урам хайрлахаас гадна бас өөр ямар нэгэн зүйлээс ирсэн ажээ. Тэд Moзаягийн хөвгүүдийн адил өөрсдийн амьдрал дахь нүглийн үр дагавруудыг болон Бурханы Сүм дэх Цагаатгалын гайхамшигтай эдгээгч хүчийг мэдэрсэн ажээ. Тэд өөрсдөд нь өгсөн Аврагчийн бэлгийн төлөө Түүнийг хайрлах хайр, талархлын учир шалтгаанаар, гэм нүглийн уйтгар гунигаас хагацан, өршөөлийн баяр баясгаланг мэдэрч, Бурханы хаант улс дахь аюулгүй байдал руу өөрсөдтэйгөө хамт цуглаж чадах хүн бүрт туслахыг хүсдэг байжээ.

Хүмүүст үйлчлэхэд тэднийг нэгтгэсэн зүйл бол Бурханы хайр мөн найз нөхдөө болон хөршүүдээ хайрлах тэдний хайр байлаа. Тэд сайн мэдээг дэлхийн өнцөг булан бүрт, хүн болгонд хүргэхийг хүсдэг байлаа. Тэд бас хүүхдүүддээ заах, гэрчлэх, Их Эзэний жимсний цэцэрлэгийн бусад хэсгүүдэд үйлчлэхийн тулд дуудагдахаар зохистой байхад нь бэлтгэдэг байв.

Шинээр томилогдсон дикон том тойрогтоо сайн мэдээг хуваалцаж, хаант улсыг байгуулах үүргээ биелүүлэх эсвэл алс холын оронд хуруу дарам цөөхөн хүнтэй бүлэгт шинээр томилогдсон прист үйлчлэх боллоо гэхэд тэд ялгаагүй зорилгоороо нэг нэгдмэл байх болно. Тэр дикон Бурханыг хайрлах хайраараа сүнслэгээр нөлөөлөгдөж, гишүүн биш найздаа туслах болно. Тэр найзыгаа Сүм дэх аль нэг үйлчлэл буюу үйл ажиллагаанд оролцуулж, дараа нь түүнийг гэр бүлтэйгээ хамт номлогчдоор заалгахад урьж болно. Тэрээр баптисм хүртэж байгаа хүмүүст чухал хэрэгтэй найз нь байх болно.

Мөгөөх прист Бурханы хайрыг болон Цагаатгалын адислагдсан амар амгаланг мэдэрсэн цөөхөн гэгээнтнүүдтэй бүлэгтээ өөртэйгөө нэгдэхэд бусдыг урих болно.

Хэрэв тэр санваарын үүрэгтээ итгэлтэй хэвээр байвал цөөн хүнтэй бүлэг нь төрөлх хотод нь эхлээд салбар, дараа нь Сионы гадас болж өргөжихийг харах болно. Халамжлан санаа тавьдаг бишоптой тойрог бий болно. Хожмын нэгэн өдөр түүний хөвгүүдийн эсвэл ач зээ нарын нэг нь Бурханы үйлчлэгчийг ойролцоох өндөр толгой дээр дагуулж очин, “Энэ бол ариун сүм барихад хамгийн тохиромжтой сайхан газар” хэмээн хэлэх болно.

Бид хаана ч байлаа гэсэн, Бурханы санваараар ямар ч ажил үүргийг гүйцэтгэдэг байлаа гэсэн, сайн мэдээг бүх дэлхийд дэлгэрүүлэх зорилгод нэгдмэл байж, хайртай хүмүүсээ гэм нүглээс цэвэршигдэн, Бурханы хаант улсад бидэнтэй хамт аз жаргалтай байхад нь урамшуулан дэмжихийн төлөө байгаасай хэмээн би залбирч байна. Энэ Сүм бол Есүс Христийн Сүм. Есүс Христийн нэрээр, амен.

Show References

  1.  

    1. Сургаал ба Гэрээ 38:40–42.

  2.  

    2. Дэвид O.МаКей, Conference Report, 1959 оны 4-р сар, 122.